Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хавар тариа тарьж, намар ургац хураадгийг сануулдаг хүн байдаг л байгаа даа, энэ засагт!

Попууд эрх мэдэлд хүрэхээрээ яадгийг яруу тод харуулж байна, энэ засаг. Наадам хүртэл манийгаа ямар ч гэсэн уйдаахгүй нь бололтой. Уул уурхайн бизнесийг төрд хурааж авна л гэнэ. С.Зоригийн алуурчныг суллана л гэнэ. Сүүлдээ бүр Их тэнгэрээс алга болсон зурагны эрэлд мордоцгоосноо сүр дуулиантайгаар зарлав. Попуудын дэмийрэл ингээд зогссон бол яахав гэхсэн. Гэтэл улам л ахих янзтай. Одоо бүр эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайнхантай ахиад ч үзэлцэнэ гэж баатрын дүр эсгэцгээж сууна. Хатуухан хэлэхэд суусан мөчрөө хөрөөдөх гэж яарах муйхар тэнэгээс ялгаа алга, дээр суугаа хэд маань. Дахиад буу шийдэм агсаж “Тусгай ажиллагаа-3, “Тусгай ажиллагаа-4” гэх мэтээр үргэлжлүүлэх юм байх. Эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг том салбартаа дайн зарлах нь хэнд хохиролтой болоод ямар хүмүүст ашиг өгөх вэ? Асуултын хариу тов тодорхой. Уул уурхайн компаниудын өгсөн татварын мөнгөөр хүүхэд нь сургууль цэцэрлэгт явж, өөрсдөө цалин хөлсөө авч, эмнэлэг, сувиллаар үйлчлүүлж яваа энгийн иргэд хамгийн том хохирогчид болно. Сургуулиуд цалингаа тавихаа больж, эмнэлэг хаалгаа баривал иргэн Бат, Дулмаа л хохирно.Уул уурхайн бизнесийг төр булааж авснаар хожих хүмүүс нь цөөхөн. Товчхондоо төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа цөөхөн хүний л халаас түнтийнэ.

Попуудын элийрэл “Өмч хувьчлалыг дахин шалгана” гэх балайрлаар үргэлжилж байна. Нэгдлийн малыг буцааж төлүүлнэ л гэнэ. Энэ хадуурлыг нь алга ташиж дөгөөгөөд байвал хувьчилсан орон сууцнуудыг хураана гэж дөвчигнөж ч мэднэ. Тэглээ гэхэд гайхах юм үнэндээ алга. 7000 ам.долларын өртэй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэнгүүт нь хилээр гаргахгүй л гэнэ. Өнөө хөрөнгө оруулагчид нь байсхийгээд өөрчлөгддөг хууль, бодлогын тогтворгүй орчин, поп голдуу улстөрчдөөс залхаад аль хэдийнэ гараад явчихаад байхад шүү дээ. Том мөнгө хийж, их бүтээн байгуулалт өрнүүлчихсэн тулдаа Оюу толгой л тэсч үлдээд байгаа. “Рио”-гоос өөр гар сунгах том хөрөнгө оруулагчгүй өчнөөн оныг үдэж байж “Хөрөнгө оруулагчдыг ингэж, тэгж шийтгэнэ” гэж хөмсөг зангидсан шигээ суугаа нь бас л том муйхарлал шүү.

Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд, Т.Аюурсайхан тэргүүтнүүд сүргийн манлай болж попорч давхилдаад, Хүүк араас нь гуугалж дөгөөсөн зураг сүүлийн хэдэн сар үргэлжиллээ. Харамсалтай нь энэ дүр зураг цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой байна. Улстөрчдийн попролтыг фэйсбүүк, сошиалын хар масс давалгаалж түрээд өнгөн талдаа бол жигтэйхэн сүртэй харагдаж байна л даа. Цаад шалтгааныг нь ухаад харвал хөгжилд дэм болохоосоо тээг тарьсан хандлага. Товчхондоо орондоо ч орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна, манай попууд.

Гэхдээ улс орон зөвхөн попролтын давлагаагаар амьдардаггүй гэдгийг шаргал ордонд тухалсан хэдээс ойлгож ухаарсан нь хэд бол. Өнөө ид өрнөж буй популизмын халуурлаас анзаарахад лав улс орныхоо амьдралд санаа зовж суугаа хүн алга. Улс орны эдийн засаг гэж том ойлголт бий. Бүтээн байгуулалт өрнөж байж эдийн засаг өнгөтэй өөдтэй, амьтай сэхээтэй урагшилдаг. Том төслүүд хөдөлж, хэрэгжиж гэмээнэ иргэд ажилтай, орлоготой, амьжиргаа дажгүй аж төрдөг. Ингэж байж улс орны тусгаар тогтнол амь бөхтэй оршдог. Манай попчдоос энэ үнэнийг ойлгож, сэхээрч суугаа хүн өнөөхөндөө харагдахгүй байна. Ядахдаа хавар тариа тарьж, намар хурааж авна гэдгийг сануулж хэлэх хүн энэ засагт байдаг л байгаа даа.

Бидний авсан мэдээллээр бол өнөө жил 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм билээ. 10 мянган тонн үр дутагдана гэсэн мэдээллийг ХХААХҮЯ-наас өгөөд хэд хонолоо. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэх яриа хөөрөө өрнөж байгаа дуулдсан.

Улстөрчдийн дунд лав хаврын тариалалтын тухай сөхөж ярих сөхөөтэй хүн алга. Жилийн жилд тариалалтад ашиглах техник хэрэгслийн засварын асуудал яригддаг. Энэ хавар ч техник хэрэгслийн засварт шаардагдах мөнгөний хэмжээ яригдаад эхэлчихэж. Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 24.5 сая ам долларын үнэ өртөгтэй текникүүдийг 10 хувийн урьдчилгаатайгаар олгож эхлэх яриа хөөрөө яамны хүрээнд өрнөж байна. За тэгээд хаврын тариалалтын үеэр хэрэглэх шатахууныг халаас нимгэн, бэлэн мөнгөөр дутмаг тариаланчдад яаж, ямар нөхцөлөөр, хэдэн төгрөгөөр олгох вэ гэдэг том асуудал бий. УИХ-ын гишүүд, Засгийн сайд нар, үгүй ядах нь ээ салбарын сайд нь өнөөдөр ийм зүйл яриад суух учиртай.

Ч.Улаан сайдын хувьд өдийд ягаарсхийгээд попорч яваа нь тодорхой. Хэтээсээ ч поп улстөрчдийн жагсаалтад дээгүүр давхидаг нөхөр л дөө. Попорч яваа ч гэлээ насаараа сайд хийсэн юм байна, эрхбиш дутуу үрийн будаагаа яаж нөхөх тухай бодож суугаа байлгүй дээ. Ядаж попроод завгүй яваа өнөөдүүлдээ “Та минь ээ, энэ улс орны чинь ажил хэцүүдлээ. Хаврын тариалалтаа яах тухай ярья” гэж сануулах байгаа.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 02-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Мал эмнэлгийн байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно.

09.00 цагт ГХЯ-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD – ЭЗХАХБ), БНПУ-ын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” семинар зохион байгуулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум болно. Утас: 89114787

09.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг эх орондоо ирнэ.

10.00 цагт “One Event Hall”-д “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно. Утас: 88077809

10.00 цагт Барилгачдын талбайд “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны нээлт болно. Утас:91989890, 88000098

11.00 цагт НМХГ-аас эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ. Утас:91887887

11.00 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

11.00 цагт БСШУСЯ-нд багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилтот нэвтрүүлэг бэлтгэх санамж бичигт БСШУСЯ, “Боловсрол” телевизийн удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99012549

14.00 цагт “Мишээл экспо” төвд “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл – 2019” үзэсгэлэн, худалдааны нээлт болно.

14.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Хавдар судлалын үндэсний төвийн ажилтай танилцана. Утас: 86885060

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжид нэг хувийн татвар төлөх боломж олгож байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Татварын багц хууль батлагдлаа. Гадны жишгийг тусгасан гэдгийг Сангийн сайд онцолж байгаа. Манай хөрсөнд буухаар хууль болж чадсан уу?

-Татварын багц хууль олон парламент дамжсан, хүлээлт үүсгээд байсан хуулийн нэг. Татварын багц хууль батлагдах ёстой юу гэвэл тийм гэж хэлнэ. Учир нь энэ хуулийг нийгэм өөрөө хүлээж байгаа. Тэр дундаа бизнесийн салбарынхан энэ хуулийг их хүлээж байсан. Ойлгомжгүй зүйлүүдийг ойлгомжтой болгож чадснаараа давуу талтай гэж харж байна. Яахав миний хувьд хуулийн 80 гаруй хувьтай санал нийлж байсан. Харин санал нийлэхгүй байгаа зүйлүүд дээрээ өөрөө ажлын хэсэгт орж ажиллан өөрчлөлт оруулсан.

Миний хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин нийгмийг донсолгосон ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаас болоод уг хууль гацчихсан байгаа. Хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдчихсэн, эцсийн хэлэлцүүлэгтээ орох ёстой. Эцсийн хэлэлцүүлэг дээр аливаа санал гарвал гишүүдийн гуравны хоёроор шийдэгддэг. Хэлэлцэх эсэх болоод эхний хэлэлцүүлэг дээр гишүүдийн 50 хувийн саналаар явдаг. Эцсийн хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх байх гэдэгт итгэлтэй байна.

Татварын хууль Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуультай нийцэх асуудал дээр маш сул байсан. Анх боловсруулахдаа Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль бусад хуулиас дээр гэсэн өнгө аястай байсан. Өмнө нь гарсан хуулиуд Татварын багц хуулинд нийцэх ёстой гэсэн зарчмыг барьж боловсруулсан байсан гэсэн үг. Үүн дээр нь би тодорхой саналууд гаргаж өөрчлөлт оруулсан юм.

-Та ямар өөрчлөлтүүдийг тусгасан юм бэ. Тэдгээр нь татвар төлөгчдөд ямар давуу талыг бий болгоно гэж харж байгаа вэ?

-Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаж, нэг хувиар орлогын татвар төлөхөөр болж байгаа. Хувь хүн бус аж ахуйн нэгж шүү. Ер нь аж ахуйн нэгж байгуулах нь хувь хүнд маш их давуу тал үүсгэдэг, олон хаалга нээж өгдөг. Зээл авах, тендерт оролцох, бараа бүтээгдэхүүнээ импортлох, төртэй харьцах гэх мэт боломжийг олгодог гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Түүнчлэн шинэ Татварын багц хуулиар жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хоёр удаа тайлан гаргахаар болж байна. Нэг хувийн татвар төлнө. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргана. 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна. Зургаан тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгж жилд дөрвөн удаа тайлан гаргаж өгөхөөр хуульд туссан. Эдгээр зохицуулалт нь маш их давуу талтай. Жижиг аж ахуйн нэгж жилд дөрвөн тайлан гаргана гэдэг тун бэрхшээлтэй байдаг. Тайлан гаргахын тулд нягтлан бодогч долоо хоног сууж л таарна. Улирал бүхэн тайлан гаргахаас гадна цалингаа тавих шаардлага тулгарна. Энэ нь жижиг аж ахуй нэгжийг нягтлан бодогчтой байхаас аргагүйд хүргэж таарна. Хууль батлагдснаар нягтлан бодогчийн цалин хөлсөөс авхуулаад олон зүйл хөнгөрч байгаа. Эдгээр өөрчлөлтийг миний зүгээс оруулсан. Өөрөөр хэлбэл, тайлан, нэг хувийн татвартай холбоотой асуудлуудаар санал гарган өөрийн албан бланкдаа тусгаж Сангийн сайдад өгсөн юм. Мөн миний санаачилсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулинд энэ талаар заачихсан байгаа.

-Хуульд 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй гадаадын иргэнд өрөө барагдуулах хөрөнгө, бусдаас авах авлага байхгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байхаар заасан. Энэ заалт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Аж ахуй нэгж дээр хяналт ороод акт тавиад, түүнийг нь өнөөх хүн төлөх боломжгүй гэдэг нь тогтоогдчихсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй болж байгаа юм. Түүнээс зүгээр л нэг гадны хөрөнгө оруулагч зээл авсан эсвэл аж ахуйн нэгжид өгөх өглөг нь 20 сая төгрөгөөр дутуу тохиолдолд хил гаалиар нэвтрүүлэхгүй гэсэн үг биш. 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх эрх бүхий байгууллагад нь хандаж болох тухай хуулинд заасан юм. Татварын өр гэдэг нь маш олон процессын дараа бий болдог зүйл. Шалгалт хийнгүүт шууд акт тавьчихдаг юм биш шүү дээ. Би бол нэг их эмзэглэхээр заалт болсон гэж бодохгүй байгаа. Гадны хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд энэ заалтыг байх ёстой зүйл л гэж бодож байгаа байх. Гадныхан ирээд манай улсын хуулинд үл хүндэтгэсэн байдлаар хандах вий гэдэг асуудлаас л сэргийлсэн заалт.

-Найдваргүй гэсэн татварын өрийн хэмжээ 265 тэрбумд хүрсний 45 хувийг гадаадын иргэд үүсгэчихээд гараад явчихжээ гэдгийг Сангийн сайд хэлж байсан. Тэгэхээр өмнө нь энэ мэт асуудлыг шийдэх заалт байгаагүй хэрэг үү?

-Байсан гэж надад тайлбарласан. Дахиж илүү өргөн хүрээтэйгээр хөндөж гаргаж ирж байгаа байх гэж ойлгосон. Түүнчлэн Татварын багц хуульд 25 хувийн татвар төлөх босго гурван тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн зургаан тэрбум төгрөг болгосон. Энэ нь дунд хэмжээний компаниудад эерэг сонсогдож байгаа байх гэж бодож байна. Хүмүүс над руу “Та хэт жижиг, дунд руугаа анхаарчихжээ. Дунд болон дундаас дээшхи аж ахуйн нэгжээ орхичихоод байна” гэсэн шүүмжлэлийг ирүүлээд байдаг. Жижиг аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумын ашигтай ажиллахгүй. Тиймдээ ч энэхүү заалт нь дунд болон дундаас дээш аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлтийг бий болгож чадсан гэж үзэж байгаа.

Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болж байгаа. Гэхдээ энэ нь миний оруулсан санал биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун нарын саналыг оруулж баталсан. Энэ заалт нь алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид хэрэгтэй, сайн зохицуулалт болсон. Мөн илүү төлсөн татварыг буцааж олгох, гаргасан тайландаа засвар хийх боломж нь энэ хуулиар нэмэгдсэн. Энэ мэт сайн заалтууд их орж ирсэн.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Энэхүү хууль нь шүүх засаглал халдаж, Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Хувь гишүүнийхээ зүгээс та юу гэж харж байгаа вэ?

-Би байнгын хорооны хуралд ороогүй. Эцсийн хэлэлцүүлэгт нь л орсон. Ерөнхийд нь би дэмжиж байгаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Миний хувьд татвар, эдийн засаг, төсөв, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн асуудлуудаар голлож дуугардаг. Харин хууль хяналтын байгууллага, уул уурхай гэх мэт асуудлуудын талаар маш олон хүн ярьдаг учраас би сонсдог. Зөв гэж бодож байгаа зүйлээ дэмжиж, бурууг нь эсэргүүцдэг. Ер нь бүх зүйлийг мэддэг УИХ-ын гишүүн байтугай бурхан ч байхгүй болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Аавын охин

Шинийн есний үдэш. Жолоо барих ханийнхаа хажууд сарын дараа амаржих томоо гэдэстэй, их хүүгээ өвөр дээрээ суулгаад Улаанбаатар руу хөдлөх үес. Ачит аав минь духан дээр, хацар дээр дахин дахин үнэрлэн үнсээд үдсэн. Аав бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байлаа.Хэрвээ аавтайгаа дахин уулзахгүйгээ мэдсэнсэн бол би үлдэх байсан. Явлаа гэхэд, өөрөөсөө надад тасдаж өгөхдөө үрчлээ ч үлдээгээгүй ав адилхан магнайг нь хайрлан хайрлан үнсэх байсан. Нялх багад аав бид хоёрыг мотоциклтой давхин очиход алаг морьтой угтдаг байсан өвөөгийнхөө төлөөнөөс, хүү рүүгээ тэмцэх аавын энхрийллээр боргил хацар дээр нь ахин дахин үнсэх байсан. Аавыгаа үнсэж, алаг зүрхний хайраа дандаа илчилж байхгүй яав даа…

1981 оны гуравдугаар сарын 29-ний өглөө. Хичээл эхлэх цагаар тулгар биетэй миний ээж Улаанбаатар хотын II амаржих газар руу Санхүүгийн техникумын оюутны байрнаас хүргэгджээ. Аав минь “Багш аа, миний нэг эхнэр төрчихжээ. Чөлөө хүсье…” гэхэд “Хэдэн эхнэртэй хүн бэ чи?” гэж шоглосон хариултыг ангиараа сонсон инээдэм болжээ. Ингэж аав минь наддаа заяасан.Цэцэрлэгийн ёолкоор туулай болоод, тайзны араас үсрэн гарч ирэхэд үзэгч дунд хамгийн урд над руу хайр, бахархал, өхөөрдөл дүүрэн инээж суусан миний аав. Ой ухаанаасаа онгичин олсон энэ дүр төрхөөр би аавтайгаа анх учирсан.Борооны дараахь норсон газарт зуураад хөдлөхгүй дугуйнд намайг суулгаад сураар оосорлон чирч ажил руугаа явсан миний аав. Нэгдүгээр ангид орсон хичээлийн шинэ жилийн нээлтэд хонх цохих миний үсийг тайрч, хамгийн орчин үеийн охин болгож гоёсон миний аав. Төрсөн өдрөөр агентаас “Сарлаг”, “Алтан шагай” чихэр авч өгсөн миний аав. Энэ бүхэн миний аавтайгаа дурсамжийн ай савд үлдсэн хамгийн нялх багын ариун энхрийхэн “зурагнууд”.

Аав нэгэн орой ээжийн ажил дээрээс намайг аваад сургууль руугаа буцаад очлоо. Бага, дунд ангийн хичээлийн хоёр эрхлэгч суудаг өрөөнөөсөө намайг хөтлөн гараад хамгийн мухрын хаалга татсан нь ээжийн төрсөн дүү, одоогийн Улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргалын анги байв. Багш нь миний унаган багын найз Д.Баяржаргалын ээж Д.Долгорсүрэн. Ц.Цогтжаргал ах төмөр голтой сурагчийн сандал хяхтнуулан суудал дээрээ эргэлдэн, их л зүггүй. Тэдний ангийнхан аймгаас ирээд хэд хонож байгаа зурагчныг дуудсан байж. Зурагчин орж иртэл аав миний зургийг даруулав. Орос саарал цэмбэн гутал, ногоон пальтотой, одоогоор бол том хүүтэй минь их л ижилхэн царай төрхтэй охины зураг бий. Тэгэхэд аав, бид хоёр хамт зураг авахуулаагүйд аавгүй болсон өнөөдөр харамсдаг юм билээ.Тэгээд аав Д.Долгорсүрэн багшид баахан үүрэг даалгавар өгчихөөд гарсан. Сургуулийн сурагч болсны дараахан бас л аавдаа хөтлүүлэн сумын холбоонд явж байтал Д.Долгорсүрэн багштай таардаг юм. “Миний дүү шиг залуу хүн, миний дүү шиг эр хүн л сургуулийн захирал хийх ёстой. Чин сэтгэлээсээ баяр хүргэе захиралдаа.Зорьж очих гээд завдахгүй явтал харин таарчихлаа…” гэж хөл хөөрцөг болох. Дооёо багш тэтгэвэрт гарсан болохоор тэд уулзаж амжаагүй байж.Нэгэн удаа сургуулийн засвартай хэсэг рүү аав намайг дагуулаадорж явтал их муухай том улаан хамартай өвгөн будагны багсаар аавын минь нуруу руу хатгачихав. Аав минь цочсон хэр нь бөөн инээдэм ханиадам болж их л эвтэй дотно уулзацгаах. Би аавыгаа харамлан уйлчихлаа. “Миний охин битгий уйл, Дондогоо багш нь тоглож байхгүй юу…” гэж аргадсан миний аав хөгшин хөвөө, бага залуу хэнийг ч нэг л шугам дээр аваачиж харилцдаг хүн. Багш хүний “дүрмийн дагуух” зан чанар байж. 2003 онд Их сургууль төгсөөд сэтгүүл зүй хэмээх том салбарын босгонд өвдөг чичирхийлэхдээ “Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилна…” гэж аавдаа хэлэхэд “Багшийн ажлыг амархан гэж бодно уу. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжил л хүнд өгөөжтэй дөө…” гээд хорооллын эцэст байр түрээслэн тохинуулж өгөөд санд мэнд хичээлийн шинэ жилийн нээлт рүүгээ явсан. Охиноосоо харамлах хүртлээ багш мэргэжилдээ хайртай. Охиноо Улаанбаатарт орхих хүртлээ миний мэргэжилд хайртай аав. БНСУ-ын Элчин сайдын яам нээгдсэн цагаас хойш Монголд байгаад бараг монгол хүн шиг болчихсон нэгэн Солонгос түшмэл хожим “Багш хүний хүүхэд яг чам шиг л байдаг даа…” гэж билээ. 2009 оны наймдугаар сард БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван жил магистрт суралцах эрх ирэв. Аав минь шууд л “Төрийн удирлагын менежер чиглэлээр ажил бичээрэй, миний охин…” гэж билээ. Алсын харааг нь өвлөсөн байгаасай даа, ааваасаа.

Хавар болохоор аав минь Авзага хайрханы өврөөс адуугаа оруулж ирнэ. Зунжин манайх айраг ууна. Сумын шинэ хорооллын нүүрэн талын айл гэдэг бараг хөдөө л дөө. Урд дэнждээ гүү хурааж, унага татаж айраг ууна гэдэг ямар гээчийн тансаглал байж вэ дээ. Нэгэн удаа морио юүлэхээр аав хэсэг адуу хашаандаа хураав. Морио яг барьдгийн даваан дээр угз татагдан газарт салхийн унах аавын минь өтгөн хар үс сагсага гээд л явчихыг хараад би сандран уйлахдаа аавыгаа хачин их өрөвдсөн. Хамгийн сайхан, хамгийн хүчтэй аавын минь тэнхээ дутах тэр агшин хэзээ нэгэн өдөр надаас үүрд явах цагийн айдсыг анх удаа төрүүлснийг өнөөдөр танив.

Аав минь багш болоод ганцхан удаа анги даасан. Тэр ангийнхан их сайн явна аа. Яам, тамгын газраар ажилладаг бар жилтэй хүмүүс бий. Хөдөө байдаг хэд нь бүгд мянгат малчин. Нэгэн шавь нь аавын өрөө рүү сумын холбоогоор дамжуулан залгаад “Багш аа, Ерөнхийлөгчтэй таны зургийг Төв шуудангийн хажуу талын МОНЦАМЭ-гийн зурагт мэдээллийн самбараас харлаа…” гэж хэлж. Н.Багабанди Ерөнхийлөгч 1997 оны намар Хархорин уу, баруун тийшээ л ажилласан байгаа юм. Замаараа манай сумын сургуульд айлчилжээ. Ерөнхийлөгч гарахдаа гоё шар боолттой томоо хайрцагтай бэлэг аавд минь өгсөн байна. Багш нар нь, “Захирал аа, хурдан үзье, үзье. Гоё чихэр байх…” гээд сүйд болжээ. Аав хайрцагаа задалтал биеийн тамирын зааланд хэрэглүүштэй хичээлийн хэрэгсэл байсан гэдэг. Ерөнхийлөгчийн явсан зам мэдээ болоод Үндэсний телевизээр гарав аа. Инээд алдан гар барьж Ерөнхийлөгчтэй уулзах аавын минь царай одоо ч нүдэнд тов тодхон. Тэр дүрс урсан өнгөрөхөд аравдугаар ангийн, овоо торнисон ухаанд минь анх удаа сонин мэдрэмж төрсөн нь “Миний нүүр царай, төрх аавтайгаа дэндүү адилхан юм аа…” гэсэн бодол. Тийм ээ, би аавтайгаа адилхан. Хавар нь болж, төгсөгчдийн дүнг зарлатал гурван шалгалтын нэгийг би “сайн” өгчээ. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ бариад сургуулийнхаа захирлын өрөө рүү, аав руугаа харайгаад орлоо. “Дүн өчигдөр ирсэн байхад та надад юу ч хэлээгүй. Хэлээгүй болохоор чинь би “онц” авсан гэж бодсон…” гээд гэрчилгээгээ хогийн сав руу шидчихээд гарав. Гарангуутаа ямар ч гуниггүй сагс тоглоод явчихаж байгаа юм. Аавдаа л биэрэлхүү, бяралхуу, эрхийн тэнэг байсан. Аавтайгаа байхад би дуу аялсан бар явсан.

Аавын бичгийн хэв гэдэг зураг, хуар. Тэр гоё бичгээр сийлсэн шүлэг дүүрэн тэмдэглэлийн дэвтрүүдийг уншиж хүн боллоо. Хонгорхон ээжид минь илчилсэн хайрын гэрч, тэр дэвтрүүд. Хожим 2005 онд хэвлүүлсэн миний жижигхээн шүлгийн ном аавын энгэрийн халаасанд байнга явдаг сан. Шүлэг дагалдах бичил тайлбартай тэр ном ер нь бол аав бидэн хоёрын хайрын тухай. “Яруу найргийн ном эр хүний энгэрийн халаасанд, эмэгтэй хүний гоёлын цүнхэнд багтах ёстой юм…” гэж Булган нутгийн суут хүмүүн Д.Урианхай гуай надад зуны нэгэн үдэш хэлснийг шууд хуулж үйлдсэн байжээ, би. Өөрийн дэвтэрээсээ залгуулаад аав надад “Утга зохиол, урлаг”, “Ням гариг” сонин уншуулсан. Унш гэж нэг ч удаа хэлээгүй л дээ. Зүгээр л тэр сонинуудыг захиалдаг, гэртээ авчирдаг. Үг, үсэггүй бараг цээжилж уншин, хайлчилбар хийдэг хүртэлх дадал,соёл надад суулгасан нь сэтгүүлч болох зам мөрийгүгээр биш, үйлдлээр гаргажээ. Дөрөвдүгээр ангид зохион бичлэг хийлгэхэд миний сэтгүүлч болох мөрөөдлөө бичсэнийг “А” үсэг заасан С.Цэрэнпагам багш аавд хэлсэн байна. Эмээ бас хаанаас дуулчихсан юм бүү мэд, “Энэ хүүхэд сэтгүүлч болно гэдэг гэнэ. Тэр нь ямар мэргэжил юм бэ?” гэж миний дэргэд аавтай хүүрнэлдэхийг сонссон.АНУ-д олон жил амьдарсан Булганы нэгэн сэтгүүлч “Чи Болдсайхан багшийн охин уу?” гэж ирж гашуудал илэрхийлсэн. Өнөөх сэтгүүлч Л.Энэбиш агсны сонгуульд ажиллаж яваад аавтай минь учирчээ. Аав минь “Ийм залуугаараа Улаанбаатар хотын төв хэвлэлд ажиллах ч бахархал шүү…” гэж сэтгэлийнхээ угаас хэлсэн нь өнөөх залуу хүнд гялалзсан урам өгч.Сайхан үг хүнийг босгож, ирээдүйг сийлдэг болохоор хэзээ ч мартагддаггүй. Аав минь өөрөө намайг яг тэгж магтаж, үгийн сайхан, ерөөлийн ихийг хэлж өсгөсөн дөө. Олон жилийн дараа Булган аймагт боловсролын салбарын нэгэн хурал цуглааны дундуур аавтай хамт цайлж суусан хүний утас руу нөгөө Булганы сэтгүүлч ах хүү алсын АНУ-аас залгаж таарч л дээ. “Гурванбулагийн сургуулийн захиралтай цуг байна аа…” гэхээр нь утсаа дамжуулан ярьж. Тэрүүхэн хооронд таван үг солихдоо аав минь “Миний охин үндэсний өдөр тутмын том хэвлэлд алдартай сэтгүүлч болсон…” гэж ихэд бахархалтайгаар, цээл хоолойгоор хэлжээ. Цээл хоолойнх нь тухай сонсохоор дуучин аав минь бодогдоно.

Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргалаа

Унаган бие минь жаргасны учир

Ухаан бодлоо таньдаа зориулъя… гэж аавын минь дуулах чихэнд уянгалан уянгална.Аавынхаа дуулдаг байсан сумын Соёлын төвийн тайзнаа эмэгтэйчүүдийн баярт зориулсан сурагчдын концертод Төрийн соёрхолт Ц.Бавуудорж ахын тэр жилийн “Болор цом”-д сойсон “Алтанхан заадалтай хүний орчлон”-г

Зандан цэцэглүүлэм сайхан аавыг минь

Жагарын гөрөөс үзчих вий гэхдээ

Будан хөвсөлзсөн цаст Очирваанийн

Буурал хөмсөгөнд нууж явдаг юм… гээд л би уншив. Гэртээ харихад аав минь ширээний гэрэл доор ямар нэг юм бичиж суух. “Сайхан шүлэг дээ. Аавдаа одоо нэг унш даа…” гэж билээ. Шүлэг уншуулахаар намайг хүлээгээд унтаагүй байж.

Оюутан болоод Төрийн албан хаагчийн зардлаар сурдаг баатар боллоо. Хоёрдугаар дамжаанаас өнөөх төлбөр яагаад ч ордоггүй дээ. МУИС Нийгмийн ухааны факультетийн Сургалтын албанаас өдөр бүхэн мэдэгдэл ирээд долоо хонов оо. Аав минь хөдөөнөөс давхиж ирээд, намайг дагуулан тухайн үеийн Булганы тойргийн Б.Өвгөнхүү гишүүнтэй уулзав. Нутгийн гишүүн Төрийн ордонд аавтай минь их л дотнохон тэврэлдэн уулзаж, хол ойрыг хөөрөлдлөө. Хүүхэд цагтаа тэд цана, чаргаар уралдах тэмцээн наадамд оролцож явсан үе тэнгийнхэн ажээ.Эхнээсээ л нөхөн сонгуульд нэр дэвшиж ирэхэд нь “Энэ чинь сэтгүүлч хүн л дээ…” гэж их өөриймсөг байсан даа, аав.

Тэр сэтгүүлч гишүүн нь миний аавд“Сургалтын төрийн сангийн дарга Д.Ганбатад” гээд томоо цохолт хийж өглөө. Маргаашаас нь “Төлбөр төлтөл хичээлд суулгахгүй” гэдэг мэдэгдэл ирээгүй. Аавын минь улсаасаа хүртсэн сүүлчийн тэтгэмж тэр. Насны тэтгэмжээ өнөө жил авч, гавьяаныхаа амралтад гарах, эр хүний ид жагсах, жаргах насныхаа босгонд, яг нэгэн жилийн өмнөх энэ өдөр гэнэт зүрх нь хаагдаж тэнгэрийн оронд одсон доо, хайрт аав минь. Боловсролын салбарт 39 жил ажилласан миний аавд салбарын шагналууд, улс хувьсгалын ойн медалиуд хүртээжээ. Хамгийн сүүлд төрөлх сумынхаа 80 жилийн ойгоор ганцаараа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, төрдөө “үнсүүлсэн”.

“Аав руу хурдан гаръя…” гэх том дүүгийнхээ золгүй мэдээний үнэн, худлыг дэнслэх тэнхэлгүй давхин, давхин төрсөн гэртээ очиход ганц намайг л хүлээсэн шиг аавын минь бие бүлээнээрээ. “Охинтойгоо уулзахсан…” гэж яасан их тэмцэлдсэн бол, хөөрхий аав минь. Хүзүүн дээрээ суулгаснаасаа эхлээд хүй орчлонд хоёр үртэй нь ухаан бодол, уужим нуруундаа охиноо хайрлан хайрлан тээсэн, даасан аавынхаа хүчирхэг хөлөөс адис авахдаа өөртөө шингээж үлдэх гэж хичээсэн ариун дагшин үнэрийг 21 хоногийн дараа хүүгээ төрүүлчихээд үнсэхдээ дахин олж, хатуу хорвоод ялагдсанаа мэдрэх гашуун нулимсаа эмч, сувилагчийн нүднээс нууж чадалгүй асгаруулсан даа. Том хүүгээ төрүүлэн ээж болоход хамгийн анх аав минь утасны цаанаас “Сайхан хүү төрүүлж өгсөн охиндоо баярлалаа…” гэх чичирхийлсэн хоолойгоор ярьсан сан. Уг нь миний аав гурван хүүтэй. Сэтгүүлч, эрх зүйч-авто тээврийн инженер, багш-эдийн засагч, дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгийг төгссөн уул уурхайн далд олборлолтын инженер дөрвөн сэхээтнийг улсдаа хүлээлгэж өгсөөн. “Охин бол гурван дүүгээ гүүргийлнэ…” гэж бусдад ярьж, цээж тэнэгэр суудаг хэр нь миний төрүүлсэн үрд анх л хүүтэй болсон шиг баярлан хөөрснийг бодохоор их хүлээсэн юм байжээ.Охиноо ээж болохыг тэгж хүлээсэн хэр нь сүйн хадаг ирэхэд жаахан хүүхэд шиг тэс хөндлөн харж суучихаад авахгүй Отгонтэнгэр хайрханы өврөөс ирсэн худынхныгаа сандаргасан сан.

Амьдралын аюул, бэрхшээлийн хамгийн аймшигтай нь хагацал ажээ. Хэзээ ч төсөөлөөгүйгээ үзэж, хэзээ ч төсөөлж чадахааргүйгээ биеэрээ эдлээд нэгэн жил болсон байна.Нэхэж, өнчирч, гашуудсан дөрвөн үр нь намрын дунд сарын үзлэггүй 17-ны дүүрэн билэгтэй өдөр ачит аавынхаа хойдын буянд бурханы буман цагаан суварга бүтээсэн билээ. Аавын минь хойноос нурсан юм шиг говийн их найрагч бас өвөө, охин шиг явсан их аварга гээд утга зохиол, урлаг, спортод яасан гарзтай жил байв даа? Ачит аавын минь ай савын хүмүүс байж гэж ханьсуулан бодож ч үзэх… Тийм ээ, аав минь наддаа Монголын утга зохиолын салбарын хүн. Аав минь наддаа халхын их аваргын энтэй цуутай, дуутай эр хүний дээд. Өөрийгөө тайвшруулах арга зам хайж аргаа л бардаг хорвоо юм даа, хагацлын өмнө. Аавгүй амьдарч, өөрийнхөө хуурамчийг өөртөө батлахаас илүү орчлонгийн хий хоосон чанарыг атгаж мэдэрнэ гэж үү? Одоо надад юу ч аймшиг биш. Юу ч зовлон биш.

Аавынхаа ажлын өрөөний хаалгаар гүн хүндэтгэлтэйгээр орлоо. Ямар нэгэн захиас үлдээсэн байх вий гэж өөрийн эрхгүй эрж, хайдаг ажээ. Ширээн дээр дэлгээтэй үлдсэн дэвтэрт

Сүүнд умбаж өссөөн, ээж ээ

Сүүнд умбаж амьдарлаа хүү нь” гэсэн байв.Гэнэт л хань, үрсээсээ нисэн одохыгоо мэдсэн шиг уншигдах.Сүүн цагаан амьдарсан, сүүн цагаан амьдралыг дөрвөн үрдээ бэлэглэсэн таньдаа баярлалаа, аав аа. Хором мөч бүхэнд зүрх сэтгэлдээ тантайгаа амьдарна, охин нь. Таныхаа өмнөөс “Аавын охин, аавын охин…” гэж өөрийгөө өрөвдөн өмөлзөн, нулимсаа бөмбөрүүлэн бүтэн жилийн уй гашуудлаа үүрэн дүүрэн сэтгэлийн зул үзэглэлээ. Ертөнцийн хамгийн өндөр оргил юм шүү дээ хайрт аав минь та, охиндоо.

Сэтгүүлч Болдсайханы ХАЖИДМАА


Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбат: Сүрьеэ өвчтэй хүмүүс гадуурхагдаж, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг

Сүрьеэтэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбаттай ярилцлаа.


-Манай улсад сүрьеэгийн өвчлөл ямар түвшинд байна вэ. Сүүлийн үед энэхүү өвчлөл нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна?

– Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос өнөөг хүртэл явагдаж байгаа. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Нийт халдварт өвчний 12 орчим хувийг сүрьеэ өвчин дангаар эзэлдэг. Сүрьеэ бол агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин. Ихэнх тохиолдлын 60 гаруй хувь нь нийслэлд байна. Хүн амын төвлөрөл ихтэй, төмөр зам дагасан агаарын бохирдолтой амьжиргааны түвшнээс доогуур эмзэг бүлгийн хүмүүс дийлэнхийг нь эзэлж байна. Мөн дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг. Сүрьеэ нь энгийн болон эмэнд тэсвэртэй гэсэн хоёр төрөл байдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ гол үйлчилгээ үзүүлдэг үндсэн эмэнд тэсвэртэй, нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Энэ тохиолдол жилд 200 гаруй бүртгэгдэж, 80 орчим хувь нь эмчилгээнд хамрагддаг. Манай улс Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Бусад орнуудын хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүү өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг 16-44 насныхан, оюутан залуучуудын дунд тархалт хамгийн их байна. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж байгаа юм.

-Нийт хүн амын хэдэн хувь нь сүрьеэ өвчнөөр өвчилсөн байдаг вэ?

-Улсын хэмжээнд 2014-2016 оны хооронд нийт хүн амын дунд тархалтын судалгааг хийсэн. Нийт 50 гаруй иргэнийг хамруулсан. Энэ судалгаагаар уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэ жилд 12 мянга орчим бүртгэгдэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, одоо бүртгэгдэж байгаа 4000 тохиолдлоос гурав дахин их байна гэсэн тооцоо гарсан юм. Үүнээс гадна эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 2007 онд 1.4 хувь байсан бол 2016 оны судалгаагаар 5.3 болж өссөн байгаа юм.

-Эмэнд тэсвэртэй сүрьеэ эмчилгээ авдаггүй гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ?

-Сүрьеэг эмчилдэг таван төрлийн эм байдаг. Тэдгээрийн дотор сүрьеэгийн нянг устгадаг гол эмэнд тэсвэртэй гэсэн үг. Энгийн сүрьеэг бодвол илүү урт хугацаанд буюу 2-3 жилийн эмчилгээ шаарддаг. Эмч, өвчтөн хоёроос тэсвэр, тэвчээр их шаардсан эмчилгээ хийгддэг л дээ. Хэвтэн эмчлүүлдэг эрчимт шат нь 6-8 сар, үргэлжлэх шат нь 16-18 сар байдаг. Сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас богино хугацааны эмчилгээний горимыг санал болгох болсон. Шинэ горимоор сүрьеэг 9-11 сар эмчлэх боломжтой болсон. Эмчилгээний үед эмчилгээгээ орхиж байгаа хүмүүс сүүлийн үед их байна. Хамгийн түрүүнд энэ өвчинд өртөж байгаа эрхтэн уушги байдаг. Уушгинд өвчин үүсгэснээр цус болон лимпийн замаар аль ч эрхтэнд очиж эмгэг үүсгэж болно. Сүрьеэгээр өвдсөн л бол бүрэн төгс эмчилгээ хийлгэж эдгэрэх нь чухал юм.

-Сүрьеэгийн халдвар авсан бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, хөлрөх, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь нийслэлд амьдарч байна гэсэн?

-Хамгийн түрүүнд хүмүүсийн амьдралын чанартай холбоотой байна л даа. Амьдралын чанар муу байгаа нөхцөлд халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилж, 90 хувь нь өвчилдөггүй. Халдвар тээгч хэлбэрээр явдаг л гэсэн үг л дээ. Ямар хүмүүс дийлэнх нь өвдөөд байна гэхээр хоол хүнсний дутмагшилтай, сэтгэл санааны хямралтай, архины хамааралтай хүмүүс байгаа юм. Манай орны хувьд нийт хүн амын 70 хувь нь 45 наснаас доош насныхан байна. Тэр залуучууд маш идэвхтэй амьдралтай байдаг. Амьдралын идэвхтэй учраас амьсгалын замаар халдах өвчинд өртөх магадлал өндөр. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүмүүст гэр бүл , найз нөхдийн дэмжлэг чухал байдаг. Ойр дотны хүмүүс нь өвдсөн бол сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эмчилгээг нь бүрэн гүйцэт дуусгахад дэм өгөх хэрэгтэй.

-Ер нь оношлогооны хэдэн төрлийн арга байдаг юм бэ?

-Сүрьеэг оношлох хэд хэдэн арга байдаг. Түрцийн шинжилгээний арга, хатуу болон шингэн тэжээлт орчинд ургуулах арга байна. Түрцийн шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Сүүлийн үед гарсан төхөөрөмжөөр хоёр цагийн дотор хариу нь гардаг болсон.

-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн гол зүйл бол халдвар тарааж байгаа эх уурхайг илрүүлж эмчилгээнд хамруулах шаардлагатай. Халдвартай хүн эмчилгээнд хамрагдаад 14-21 хоноход тухайн өвчтөн халдвар ялгаруулахаа больдог. Эмчилгээг үргэлжлүүлэн бүрэн эмчлүүлэх ёстой. Үүнээс гадна ханиах, найтаахдаа эрүүл ахуйг мөрдөх хэрэгтэй. Олон нийтийн газар ханиаж, найтаах нь ариун цэврийн хувьд ч , эрүүл ахуйн хувьд ч анхаарах зүйл учир амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадал суулгах хэрэгтэй. Ялангуяа сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг тул гэр бүл болоод ойр орчинд байгаа хүмүүст халдвар тараах өндөр эрсдэлтэй. Гэхдээ халдвар авсан хүн бүр сүрьеэ өвчнөөр өвддөг гэж ойлгож болохгүй. Тухайн хүний дархлалын систем сайн бол өвдөхгүй байх бүрэн боломжтой. Дархлаа маш чухал учраас дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Сүрьеэ өвчин вирусээр биш, бактерээр үүсгэгддэг.

-Халдвар авснаас хойш хэр удаж шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эрсдэлт бүлгийн хүмүүс халдвар авснаас хойш хоёр хүртэлх жилийн дотор шинж тэмдэг илэрнэ. Энэ хугацаанд янз бүрийн хугацаатайгаар илэрнэ. Тогтсон хугацаа гэж байхгүй. Тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалаад өөр өөр байна. Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилнө гэж ойлгож болохгүй. Шинж тэмдэг илэрч л байвал шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой. Эрсдэлт бүлэг гэдэгт бага насны хүүхэд, ахмад настнууд, удаан хугацаагаар эм ууж байгаа, хортой, хоргүй хавдартай хүмүүс орно. Шинж тэмдэггүй хэрнээ сүрьеэгээр өвдсөн байх тохиолдлууд байдаг. Ингэснээр аль болох эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм.

-Сүрьеэгийн вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй байх бүрэн боломжтой гэж үзэж болох уу?

-Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор сүрьеэгийн БЦЖ вакциныг хийдэг. Энэ вакцин нь тухайн хүүхдийг халдвар авч, сүрьеэгээр өвдөхөөс бүрэн сэргийлж чаддаггүй. Халдвар аваад, хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс 90-ээс дээш хувь хамгаалдаг.

-Эмчилгээгээ бүрэн хийлгээгүй тохиолдолд ямар сөрөг үр дагавартай вэ?

– Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь дахин өвчлөх эрсдэлтэй байдаг. Эмэнд мэдрэг сүрьеэг зургаан сар эмчлэх ёстой байтал хүмүүс эхний гурван сарын эмчилгээнд ороод шинж тэмдэг, зовиургүй болоод ирэхэд эмчилгээгээ хаячихдаг. Хэсэг хугацааны дараа эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогддог. Эмчилгээ дутуу хийлгэснээс илүү хүнд хэлбэрийн, эмчилгээ удаан хийгддэг хэлбэрт шилждэг гэсэн үг. Ингээд тухайн хүн эрүүл хүнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар тараана. Тэгэхээр хамгийн гол нь оношлуулах, эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэх шаардлагатай. Эмнэлгийн байгууллага нийт өвчлөгсдийн 50 хувийг нь эрт илрүүлж байна. 50 хувь нь оношлогдохгүй байна л даа. Хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч эрт илрүүлэгт хамрагдах нь чухал байгаа юм. Хамгийн түрүүнд өвчнөө бүрэн төгс эмчлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Цаг тухайд нь эмчилгээгээ хийлгэдэг байх нь чухал.

-Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн нийгмийн оролцоо нь багасч, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог гэдэг.

-Нийт өвчтний 70 хувьд нь санхүүгийн дарамт ирсэн гэх судалгаа бий. Ямар хэлбэрийн сүрьеэгээсээ хамаараад зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд эмчлэгддэг учраас алдагдсан болон шууд бус зардал тооцохоор санхүүгийн маш том эрсдэлд оруулж байна. Ажил олгогч, засаг захиргааны нэгжийн зүгээс сүрьеэтэй өвчтнийг дэмжих нийгмийн олон талт бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Сүрьеэ өвчнөө илрүүлэхээс гадна санхүүгийн дарамтад орж, ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн халамж дэмжлэг, ажлын байрны тогтвортой байдал бүх зүйлүүд нөлөөлж байгаа учраас энэ чиглэлээр бусад салбарын хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Сүрьеэгээр өвдөөд орлого нь буурахаас гадна эмнэлгийн өндөр зардалтай тулгардаг. Монгол Улсад хийсэн судалгаанаас харахад сүрьеэгээр өвдөхөөс өмнө ажилгүйдэл найман хувь байсан бол, сүрьеэгээр өвдсөний дараа 30 гаруй хувь болж өссөн байгаа. Эрүүл мэндийн салбартаа сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, ойртуулах, цаг алдалгүй илрүүлдэг эмчилгээнд хамруулдаг байх шаардлагатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна бусад зардал өндөр гарч байна. Эдгээрийг хөнгөлөхөд эрүүл мэндийн салбараас арга хэмжээ авах нь зүйтэй. Тусламж үйлчилгээний загвараа өөрчлөх хэрэгтэй. Мөн олон нийтийн туслалцаа маш чухал байдаг. Манайд сүрьеэгээр өвдсөн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан үед тэтгэмж өгдөг. Тэтгэмжээ хүмүүс эмчилгээ хийлгэж байх хугацаандаа авах боломжтой. Тэтгэмжийг цаашдаа нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх сайжруулах талаас Засгийн газар арга хэмжээ авч болно. Сүрьеэгийн өвчтэй хүмүүс гадуурхагддаг, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг. Тэр хүмүүсийн ажлын байрыг хадгалах, ажилдаа орох тодорхой хугацааны акт өгөх хэрэгтэй. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд сүрьеэ өвчтөнүүдийн гуравны нэг нь ноцтой болон маш ноцтой санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг. Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Гучин айлын мөлжлөгөөс чөлөөлөх нөхөд маань гурван айлын дарлалд аваачих нь уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гучин айлын мөлжлөгөөс чөлөөлөх нөхөд маань гурван айлын дарлалд аваачих нь уу” хэмээн өгүүлжээ.

“Хуульч Э.Хашчулуун: ҮАБЗ-өөр шүүгчийн асуудлыг шийдвэрлэх нь шүүх эрх мэдэл рүү шууд халдаж буй хэрэг” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Прокурор А.Цэрэнсодном: Хэн ч нэр дэвшсэн, түүнийг дэвсэлж, магадгүй бичлэг цацаж, зохиомол хэрэг үүсгээд өнөөх шударга бусын хонгилоороо чирэх л байж хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Гэр хорооллын хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг: Цагдаа нар бүгдийнх нь нүдийг таглаж байгаад бусармаг хүчирхийллээ эхлүүлсэн хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Хуульч, өмгөөлөгч Б.Ганболд: Манай улсад хувийн мөрдөгчийн эрх зүйн орчин байхгүй” хэмээн ярьсан байна.

“Цагаан цамц, хар фрак, чамин дохиур…” хэмээн “Сонгодог урлаг” нүүрт өгүүлэв.

“АШУҮИС-ийн эмнэлэг ашиглалтад орсноор Монголд эмчилдэггүй 26 төрлийн өвчнийг анагаах боломж бүрдэж байна” хэмээн “Эмч” нүүрт өгүүлжээ.

Геологи, эрдэс баялагийн музейг үндэслэн байгуулагч Ж.Лхамсүрэн: Бадмаараг эрдэнийн чулууг орчин үед лазерийн эмчилгээнд ашиглаж байна хэмээн “Танин мэдэхүй” нүүрт ярьжээ.

“Завхан аймаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүчирхийллийн эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв” хэмээн “Завханы мэдээ” нүүрт бичжээ.

“Завханы мэдээ” нүүрт “Сонгино сумын Засаг дарга М.Баттөмөр: Манай сум 2019 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа” хэмээн ярьжээ.

“Тэлмэн сумын Засаг дарга О.Батчулуун: Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 102.2 сая төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийнэ” хэмээн “Завханы мэдээ” нүүрт ярьжээ.

““Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно” хэмээн “Завханы мэдээ” нүүрт бичив.

Япон улсын шинэ он тооллын нэр “Рэйва” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Украйны ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн товыг зарлажээ” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт бичив.

“Энэ өдөр” нүүрт “Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зээлийн хүүг бууруулахыг шаардсан автомашинтай жагсаал болов

Зээлийн хүүг бууруулахыг шаардсан иргэдийн автомашинтай жагсаал өнөөдөр Төв талбайг гурван удаа тойрлоо. Тус жагсаалыг Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооноос зохион байгуулсан юм.

Энэхүү жагсаалд оролцож буй иргэд “ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд жилийн 3 хувийн хүү төлж байхад, жинхэнэ бизнес эрхлэгчид 30 хувийн хүү төлж байна”, “Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болго”, “Цалин, тэтгэврийн зээлийн хүүг 9 хувь болго” гэх уриа лоозонг автомашин дээрээ байрлуулжээ. “Өнөөдөр монголд зээлгүй хүн алга. Цалин, тэтгэвэр, ипотекийн зээлийн хүү их байгаа нь ард түмний нуруунд ачаа, дарамт болж байна. Тиймээс тэмцлийн эхний алхамаа эхэллээ” хэмээн Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооны тэргүүн Ц. Батчулуун хэлэв.

Зөвшөөрлийн дагуу болж буй дээрх жагсаалд 20 гаруй автомашинтай иргэн оролцож байна. Жагсагчид ойрын хугацаанд илүү өргөн хүрээтэй дахин жагсахаа мэдэгдэж байв.

Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хороо өнгөрсөн оны 11 дүгээр сард шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг 300 гаруй автомашинтай жагсаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Aдууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулдаг үйлдвэртэй боллоо

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг МОН ТОРГОН ДЭЛ ХХК байгуулагдаж нээлтээ хийж байна. Монгол Улсын Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй, дэлхийн зах зээлийн 40% эзэлдэг байна. МОН ТОРГОН ДЭЛ ХХК, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран үйлдвэрт ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортод гарч эхэлж байна.

Тодруулбал адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр нь, хар цагаан бор өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

Тус үйлдвэрт одоогоор 60 гаруй ажилтан ажиллаж, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, БНХАУ-д экспортолж байна. Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах боломжтой юм. Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экспортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр 8-10 нэр төрлийн бүтээгдэхүүн /төрөл бүрийн гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдаст, уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/ үйлдвэрлэн гаргахыг зорьж байна.

Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл-100тн, сарлагийн сүүл-60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос- 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хатгалгааны вакцин хийнэ

Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм. Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 21 аймгийн хоёр сартай хүүхдийг товын дагуу 2 сартайд нь эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дах тунгаар, есөн сартайд нь 3 дах тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулахаар боллоо.

Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкын 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр вакцин нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад вакцин хамрагдсан насны хүүхдийн дунд нийт уушгины хатгалгаа 35 хувь, Рентгенээр батлагдсан уушгины хатгалгаа 40 хувь, Хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурсан байна.

Дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах зорилт, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд идэвхгүйжүүлсэн халдварт саагийн эсрэг вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхлээд байна.

Эцэг, эхчүүдээ хүүхдээ хатгалгааны эсрэг болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциндаа идэвхитэй хамруулаарай

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ойг тус тус тэмдэглэх, бүс нутгийн интеграцчлалын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Ван Чишань хэлэхдээ, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалд өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, БНХАУ-д тавтай зочлохыг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулж тусгай арга хэмжээг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл үзүүлэв.