Categories
гадаад мэдээ

Саудын Арабд амиа алдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд нөхөн олговор олгожээ

Саудын Арабын Засгийн газраас амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн хүүхдүүдэд сая ам.долларын үнэ бүхий хаус, сар бүр таван удаа нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус улсын Засгийн газрын болон сэтгүүлчийн ар гэрийн эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн гэмт этгээдүүд Хашоггийн хоёр хүү, хоёр охинд их хэмжээний мөнгө өгч, шүүх ажиллагаа эхлэхээс өмнө сэтгүүлчийн амиа алдсан хэргийг ойрын хугацаанд дуусгавар болгохыг оролдож буй аж. Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд өнгөрсөн 2018 оны сүүлээр Хашоггийн охид, хөвгүүдэд мөн сар бүр 10 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Улмаар хаант улсын эдийн засгийн хоёр дахь том хот болох Жиддэд дөрвөн сая ам.долларын үнэтэй байрууд олгожээ. Сэтгүүлчид “Энэ нь алдаагаа засах оролдлого боловч маш шударга бус үйлдэл” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын эрх баригчид Хашоггийн гэр бүлийнхнийг дуугүй байлгахыг хүсэж байгаа аж. Сэтгүүлч Жамал Хашоггийн ууган хүү Жидде хотын банкинд банкир хийдэг, бусад хүүхдүүд нь Их Британид амьдарч буй бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдээ зарахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Washington Post

Categories
мэдээ соёл-урлаг

ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ СИНГАПУР ХОТНОО БОЛОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав. Хилийн чанадад өсөн торниж буй Монгол хүүхдүүдэд Монгол соёл уламжлал, түүхийг танин мэдүүлэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Ю-гийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцов. Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчныг бүрдүүлсэн өргөөнд Монгол төдийгүй гадаад хүүхдүүд тухлан саатаж, Монгол соёл уламжлал, түүхийг хичээлийн бус хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулсан. 2019 оны 1-3 дугаар сард цуврал хэлбэрээр нийтдээ гурван удаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээг зохион байгуулах бүрд илүү их хүүхэд багачууд цугларч, хүүхдүүд ч илүү нааштайгаар хүлээн авч, сонирхол нь нэмэгдэж байсан.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.
Энэхүү арга хэмжээгээр “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар хилийн чанадад дахь Монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг сурталчилан таниулахыг зорьсон. Элчин сайдын яам болон “Номадик комик” байгууллагын дэмжлэгтэйгээр “Бумбардай” нэртэй нүүдлийн өв соёлыг сурталчилсан хүүхдийн цуврал комик номыг хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэглэсэн. Элчин сайдын яам Сингапур хотноо амьдарч буй Монгол иргэд, тэдгээрийн гэр бүлд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахыг зорин ажилладаг нь гадаадад буй монгол иргэдийнхээ дунд эв нэгдэл, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилготой.

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм”-ын сүлжээнд элсэж хохирсон иргэдийг хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ

“Жи тайм” гэх пирамид тогтолцоотой сүлжээний бизнес эрхлэн 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Уг хэргийг Казахстан улсын иргэн М.Марат зохион байгуулалттайгаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдож, улмаар яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд оргон зайлсан байдаг. Иймд түүнийг манай улстай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улс орнуудад хамтран ажиллах санал хүргүүлж, интерполын чиглэлээр эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байгаа юм.

Мөрдөн байцаах албанаас М.Маратын “Хаан” банкны дансан дахь 6.9 тэрбум төгрөг, Монгол Улсын хилээр орж ирсэн 400 сая төгрөгийн зургаан автомашин, 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 76 329 ширхэг бараа хураан авч, битүүмжилсэн байгаа тухай мэдээлсэн.

Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд, нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, Улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газар руу санал хүргүүлсэн аж.

Хэргийн холбогдогч оргон зайлсан учраас битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа тул Ж.Мараттай хамт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн А.Н-ыг эзэмшигчээр тогтоон, битүүмжилсэн хөрөнгөөр хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Аравт” морин цэргийн уралдааны олон улсын төлөвлөлтийн бага хурал болж байна

Цэргийнхэн дайны талбарт биш тэмцээн уралдааны талбарт мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа сорих ёстой гэсэн эгэл уриан дор анх удаа зохион байгуулагдаж байсан “Цэргийн наадам” энэ онд 5 дахь удаагаа илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдахаар бэлтгэлээ базааж байна.

“Олон улсын цэргийн наадам-2019”-ийн хүрээнд 10 улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах 32 уралдаанд одоогийн байдлаар 13 улсын 104 баг оролцож өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Жилээс жилд нэр хүнд, агуулга, ач холбогдол, хамрах хүрээ нь улам бүр өссөөр цэргийн наадмыг хамтран зохион байгуулагч улсын тоо Монгол Улс тэргүүтэй 3 улсаар нэмэгдэж байна. Өмнөх наадмуудад манай цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” уралдаануудад амжилттай оролцож, амжилтаа тасралтгүй ахиулсаар ирсэн бол анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулахаар болсон юм. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын /Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг/ газар нутагт 16 уралдаан явагдана.

Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотод олон улсын цэргийн наадмын анхан шатны төлөвлөлтийн хурал зохион байгуулагдаж олон орны зочид төлөөлөгчид оролцсон. Энэ хурлын бодлого, шийдвэр, хэлэлцэж тохиролцсон ёсоор ирэх 8 дугаарын эхээр “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан манай улсад зохион байгуулагдана. Төлөвлөлтийн бага хуралд 8 улсын (Монгол, ОХУ, Казахстан болон БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон) зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Аравт” морин цэргийн уралдааны ерөнхий зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, харилцан санал, мэдээлэл, солилцох, түүнчлэн морин цэргийн уралдаан зохион байгуулагдах газар орон болон зохион байгуулалтын бэлтгэл ажилтай зочид, төлөөлөгчид биечлэн танилцах юм.

Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа Монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэж байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулагдах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулагдах “Цэлмэг тэнгэр” уралдаануудад баг бэлтгэн оролцуулахаар төлөвлөж бэлтгэлээ хангаж байна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Categories
мэдээ спорт

Гар бөмбөгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын Гар бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг идэрчүүдийн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 02-09-ний өдөр Ховд аймагт болж байна.

Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор, Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд өнөөдөр эрэгтэй багуудын тоглолт Хэнтий-Ховд аймаг, эмэгтэй багуудын тоглолт Говь-Алтай-Хөвсгөл аймгаар тус тус эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган, Дархан-Уул, Орхон, Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин спорт хороо, Эрчим-38 клуб зэрэг 31 багийн 370 гаруй тамирчин, багш дасгалжуулагчийн хамтаар оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч А.Дорж ажиллаж байна. Мөн Азийн Гар бөмбөгийн холбооны Олон улсын шүүгч Г.Золбаяр, Монголын Гар бөмбөгийн холбооны шүүгч Э.Галхүү, О.Золбоо, Г.Болд-Эрдэнэ, Э.Энхмөрөн Т.Уранчимэг зэрэг 12 шүүгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй газруудын зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлэв

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй газруудад хяналт шалгалт хийжээ. Уг асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Шалгалтаар газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй, зориулалтын бусаар ашиглаж байгаа 116 газар байгааг илрүүлжээ. “Энэ газруудыг иргэн, ААН нь ашиглаагүй, зарим газрыг ухаад олон жил орхисноос хог үүссэн, бороо, хөрсний ус хуримтлагдаж ойр орчмын ая тухтай байдлыг алдагдуулсан байдалтайгаас гадна хүүхэд унаж гэмтэх эрсдэл байна. Мөн зарим газрыг хашаалаад олон жил ашиглаагүйгээс хашаа нь эвдрэх, хүн гэмтээх эрсдэл үүссэн.

Иймд бид хуулийн дагуу иргэн, ААН-үүдийг дуудаж, сонсох ажиллагаа явуулсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан нөхцөлөөр хоёр жил ашиглаагүй бол тухай газрыг цуцлах тухай заасанчлан нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн. 15 жил хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж байхгүй” гэлээ.

Газрын тухай хуулийн

35.3.1 газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;

35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;

40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг үндэслэн зөрчил илэрсэн 116 газрын газар эзэмших эрхийг цуцлах, зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

​Р.Амаржаргал: Бид дүр эсгэсэн ардчиллыг ярих биш агуулга руу нь орох ёстой

Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчилсан цуглаан зохион байгуулсан. Энэ цаг мөччийг ардчилсан хувьсгалын эхлэл гэж үздэг. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд бидний хүлээж байсан, хүсч байсан үндсэн зорилтууд зохих хэмжэээнд биелсэн гэж бид дүгнэж байгаа. Энэ 30 жилийн ойн арга хэмжээнд ардчилсан нам тодорхой хэмжээнд манлайлан удирдаж тодорхой арга хэмжээнүүдийн зохион байгуулах ёстой гэж бодсон. Үүний хүрээнд өнгөрсөн жил ардчилсан намын даргын шийдвэр гарч дотогшоо, гадагшаа чиглэсэн олон арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Дөнгөж саяхан Монголын ардчилал ба оролцоотой холбоотой асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулсан. Энэ бүх арга хэмжэний оргил цэг нь болж энэ оны ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Ардчилсан нам олон улсын хурал зохион байгуулах гэж байна. Үүнд бид нэг жилийн хугацаанд бэлдсэн”.

Олон улсын хурлын агуулга, ямар улсыг хэн оролцох талаар АН-ын гишүүн Ц.СүхбаатарОлон улсын ардчилсан холбоотой хамтран олон улсын хурлыг зохион байгуулна. Ардчиллын өргөн хүрээтэй зорилт хэрэгжсэн. Өнөөдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орон гэж тооцогдож явсаар ирсэн. Энэ хурлыг зохион байгуулах шаардлага гарч ирж байна. Ардчиллын зөв зам руу орохын тулд аюул учраад байгаа асуудлуудаа ярина. Өнөөдөр олон улсын ардчилсан холбоонд 80 гаруй улс нэгдсэн байдаг” гэв.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан хувьсгалын ой тэмдэглэнэ гэж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүү шүүлт явууллаа гэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр бид 30 жилийн дараа ардчиллыг ярихдаа юу гэж ойлгож байна. Бид хэлбэр гэхээсээ агуулга тал руу нь түлхүү орсон. Ард түмний оролцоо, механизмыг хангаж байна уу. Төрийн механизм хэр зэрэг ажиллаж байна вэ.

Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Өнөөдөр бид сонгуулийг хэр шударга явуулж байгаа билээ. Эрх мэдлийн үүрэг ямар янзтай байна вэ. Бид өнөөдөр дүр эсгэсэн ардчиллыг ярих биш агуулга руу нь орох ёстой. Гэхдээ чамлалтай зүйл их байна. Ардчилалд зохих хэмжээний аюул учраад байгаа. Тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлэлцэх хэрэгтэй.

Талийгаачийн хэрэгтэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг шившиг. 30 жил үүний төлөө явсан болоод байна. Манай Монголд асуудал үүсвэл эзэн нь олдоггүй. Асуудал хариуцсан сайд нь юугаа хийж байсан юм бэ гэдгийг ухаж, эзнийг олж тогтоох ёстой.

-Та 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу? Яагаад гэвэл та АН-ын бодлогын зөвлөлд орсон байна.

АН-ын дэд дарга Р.Амаржаргал:

-Надад тийм амбиц байхгүй.

-АН-ын дотоод ардчилал муу байгааг юу гэж харж байна вэ?

-Манайд дотоод ардчилал муу байгаа нь үнэн. Бусад улс оронд жишээ болоод байна гэдэг чинь сайн хэрэг. Хэзээ, хаана, ямар түвшинд байх вэ гэдэг чинь дотоод ардчилал. Нэг хэсэг манай намд дотоод бодлого явагдахаа байсан байлаа. Харин одоо ротаци, хурал дүрмийн дагуу явагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Конвенинс сүлжээ дэлгүүр бидэнд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ?

Жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Монголд “Circle K” үүдээ нээж байлаа. Энэ нь олон улсын конвенинс дэлгүүрийн сүлжээ анх удаа Монголд нэвтэрч, манай улс шинэ салбарт дэлхийн сүлжээнд хөл нийлүүлсэн түүхэн үе ч гэж ойлгож болно. Дэлхийн хэмжээнд конвенинс дэлгүүрийн тоо хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн байдаг. Яагаад гэвэл хэрэглэгчдэд хамгийн ойр, хамгийн олон төрлийн бараатай, үнэ боломжийн, хоногийн аль ч цагт үйлчлүүлэх боломжтой, шинэ, шинэхэн хоол, хүнс тэнд л байдаг учраас хүмүүст таалагддаг. Ийм л шалтгаануудын улмаас ертөнцийн хэрэглэгчдэд хамгийн ойр газар нь конвенинс дэлгүүр болжээ. Японд, 1974 онд 1000 ийм төрлийн дэлгүүр байсан бол 1996 онд 47 000 болж өссөн байх юм. Жилд 1500 орчим дэлгүүр шинээр үүд хаалгаа нээж байж. АНУ-д, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 153 237 конвенинс дэлгүүр байна гэсэн судалгаа байна. Хамгийн анхны ийм дэлгүүр 1927 онд нээгдэж, 1960 онд уг төрлийн дэлгүүрүүдийн худалдааны эргэлт нэг тэрбум ам.долларт хүрсэн нь тухайн үедээ гайхагдаж байжээ.

Соёлт ертөнцөд сүүлийн нэгэн жаранд хамгийн ойрын хэрэглээ болсон конвенинс дэлгүүрийн сүлжээ Монголд орж ирж, бид бас ойрын хэрэглэгчид нь болоод эхэлжээ. Өнгөрсөн жилийн хугацаанд “Circle K”-ийн хорь гаруй салбар дэлгүүр нээгдэж, “Circle chain” ХХК ууган шанг татаж, булган сүүлтэй байснаар ийм дэлгүүрүүд араас нь орж ирэв. Тэгвэл олон улсын сүлжээ конвенинс дэлгүүрийн түүх Монголд бичигдэж эхэлсэн жилийн хугацаанд бидэнд юуг авчирсан талаар хамтдаа нэг харцгаая.

“CIRCLE K”-ИЙН ТУХАЙ ТОВЧХОН…

Канадад анх үүсч Хойд Америкт төвөө байгуулсан энэ салбарын тэргүүлэгч сүлжээний нэг “Circle K” конвенинс дэлгүүр 1951 онд анх үүсгэн байгуулагджээ. АНУ-ын муж улсуудад хамгийн их тархсан сүлжээ гэгддэгээс гадна Латин Америк, Азийн орнууд мөн Канад, Дани, Норвеги, Швед, Балтийн орнууд, ОХУ, Польш, Ирланд, Англид бий. Дэлхийн 25 оронд 14 мянга гаруй салбар дэлгүүртэй. Дашрамд дурдахад, япон эзэмшигчтэй Америкийн 7 Eleven дэлгүүр дэлхийн 17 оронд 67,000 салбартай билээ. Ерөнхийдөө дэлхийн олонхи конвенинс дэлгүүрүүд шатахуун түгээх компаниудын дэргэд байдаг. Тэр жишгээр “Circle K” ийм төрлийн компаниудтай хамтарч ажиллаж байсан удаа ч байдаг ажээ. Унаж босч явсан түүх нь улам хүчтэй болгож байсан биз ээ. Сүүлийн жилүүдэд ребрэндинг хийх чиглэлд хүч гаргаж ажиллах болсон бөгөөд Монголын “Circle chain” ХХК-ийн мастер франчайз эрхтэйгээр монголчууд олон улсын “Circle K”-тэй танилцах болсон юм. Мастер франчайз эрх гэдэг нь заагдсан нутаг дэвсгэрийн хүрээнд буюу Монгол улсад дэлгүүрүүд нээх болон энэхүү брэндийн стандартын дагуу, нэрийн дэлгүүрүүдийг нээх хувь хүн болон байгууллагуудад сабфранчайз эрх олгох эрхтэй байхыг хэлдэг. “Circle K” өдөр тутамд хамгийн хэрэгцээтэй байдаг барааг нэн өргөн сонголттойгоор санал болгохоос гадна халуун, хүйтэн кофе, цай, ундаа, зайрмагийг хүссэн үедээ, цаг нар үл хамааран авах боломжийг олгосон. Манайхан дунд франчайз эрхтэй бол гадагшаа мөнгө урсаад байдаг гэсэн ойлголт байдаг юм билээ. Гадныхны стандарт, туршлага, ноу хауг авах гэж эхлээд нэг удаа мөнгө төлдөг ч монголчууд 100 хувь хөрөнгө оруулсан гэдэг бол алдаа нь ч монголчуудынх, оноо нь ч монголчуудынх. Тиймээс үндэсний энэ компанийнхан үндэсний бусад компаниудаа дэмжиж, хамтран дэм дэмэндээ гэсэн том давалгааг оруулж ирж байгаа нь сайхан санагдсан.


ШИНЭ СТАНДАРТ ТОГТООВ

Хүмүүс тэр бүрий томоохон хүнсний дэлгүүр, супермаркетуудаас худалдан авалтаа хийгээд байдаггүй. Долоо хоногийн хүнсээ тэндээс авлаа гэхэд өдөр тутамдаа гэр, ажлынхаа хамгийн ойр байх жижиг дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Ялангуяа хүүхэд, залуусын хувьд ийм жижиг дэлгүүрүүд байнгын хэрэглээ нь байдаг. Гэхдээ найман нэрийн гэж бидний хэлж заншсан тийм дэлгүүрүүдийн дийлэнх нь саяхныг болтол амархан халж, хөрдөг сендвичин барилгад байдаг байлаа. Хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд хадгалах горим энэ тэр хэнд ч падгүй. Ёстой хэрэглээг ойртуулж байгаад нь талархахаас аргагүй. Бас тэнд худалддаг кимбаб, нарийн боов, бялууг яг ямар нөхцөлд хийж авчирсан нь мэдэгдэхгүй. Хувь хүмүүс авчраад дэлгүүрүүдээр өгнө, өдөр тутамдаа гүйж харайсандаа өлсч цангасан хүүхдүүд маань тэдгээрээр хооллоно. Бусад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горим ч яаж алдагддагийг бид мэдэхгүй. Шоколадны набор аваад задлахад хайлаад наалдчихсан, өнгө нь хувирчихсан байх тохиолдол зөндөө л байсан. Энэ бол одоо ч үргэлжилж байгаа дүр зураг. Харин хүмүүсийн амьдралд хамгийн ойр атлаа хөргүүр, агааржуулалт, бие засах газар гээд бүх зүйл нь нарийн стандарттай олон улсын сүлжээ манайд орж ирснээр маш олон зүйл өөрчлөгдсөн. Бид зөвхөн өөрчлөлтийг ая тухтай орчин, үнэ хямд байх зэрэг өнгөц талаас нь хараад байдаг. Гэтэл бидний анзаарагдахгүй олон давуу тал цаана нь байдаг. Үдийн хоолоо идэж амжихгүй яваа нэгэн замын дэлгүүрээс юм аваад идэх, “Circle K”-гээс аваад идэх хооронд ихээхэн ялгаа бий. Эдний стандартыг давж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх амаргүй. Дагаад үндэсний үйлдвэрлэгчид ч шинэ соёл, стандартад суралцаж байгаа юм. Үргэлж сайн түнш нь байхыг хүсвэл бүтээгдэхүүнээ дандаа сайжруулах л хэрэгтэй болно. Бас шинэ байлгахын тулд өдөр бүр үйлдвэрээс нь тодорхой цагуудад нийлүүлдэг стандарт ч конвенинс дэлгүүрүүдэд бий. Манайд гэхэд өглөө бүр шинэ бүтээгдэхүүнээ татан авдаг байна.

ТЭНГЭРИЙН ҮНИЙГ ГАЗАРДУУЛСАН НЬ…

Өглөө ажилдаа явахдаа, үдийн алдад гээд, кофешопуудаас кофе авч уудаг гадныхны соёл манайд бас ч гэж нэвтэрчээ. Хуучны найруулдаг кофеноосоо татгалзаж, бас ч өөр жишгээр өөрчлөгдөж байна гэх хүмүүс бий. Гэхдээ дундаж кофе 6000 төгрөгөөс дээш байдаг. Хэмжээ, найрлагаасаа шалтгаалаад бүр үнэтэй ч нь бий. Харин тэртээд байсан тэнгэрийн үнэ “Circle K” нээгдсэнээр бууж ирсэн гэх хүмүүстэй олонтой таарч байв. Эндээс бусад газраас дутахгүй амт чанартай кофег 2500 төгрөгөөр авч ууж болно. Эдний кофе итали үрээр хийдэг, харшил өгөхгүй сайн чанарын кофе гэгддэг. Мөн хот дог буюу халуун зайдсыг “Circle K” бидэнтэй шинээр танилцуулсан юм. Мэдээж, өмнө нь, бэйкери, жижиг цехүүдийн халуун зайдсыг бид хэрэглэдэг байсан ч “Circle K” жинхэнэ утгаар нь чанар амтны цогц байдлыг таниулсан гэж болно. Үнэ нь 3.000-4.000 төгрөг. Ийм хямд атлаа үхрийн махан зайдас нь “Мах Импекс”, тахианы махан зайдас нь “Оргио тахиа”-ных. Харин талх нь “Монбэкери”-ийнх. Аль аль нь салбартаа тэргүүлэгч, хамгийн чанартай бас үнэ дээгүүрт тооцогддог үйлдвэрлэгчийнх. Гэтэл тийм компанийн бүтээгдэхүүнүүд ийм үнээр хүмүүст ирнэ гэдэг нь үнэхээр олон хүнд таалагдсан. Бас Азийн орнуудын конвенинс дэлгүүрт ихэвчлэн байдаг мантуун бууз энд бий. Гэхдээ монгол амттай, мах ихтэй, сайхан бууз. Тэд буузаа “Мах Импекс”-ээс тусгайлан захиалж хийлгэдэг стандарт, зөвхөн “Circle K эзэмшдэг найрлага , патентийн дагуу захиалж авдаг юм билээ.


ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ГОЛ ХАМТРАГЧ

“Circle K” хэдийгээр олон улсын сүлжээ дэлгүүр ч Монголд нээх фрайнчайз эрхийг авч, өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж нээсэн “Сиркл Чэйн” компани үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хатуу барьдаг. Тийм гэдэг нь бүтээгдэхүүнүүдийн сонголтоос шууд харагдаж байгаа биз ээ. Зайрмагаа “Сүү ХК”-ийн “Миний Монголын сүү”-гээр, чацарганаа “Шар доктор”-оор, архи пивоны гол нийлүүлэлтийг АПУ, ундааг МСS, “Витафит”-аас авна. Хамгийн чанартай, хамгийн сайнтай хамтран ажиллах тэдний бодлого эргээд хэрэглэгчдэдээ хамгийн дөмгийг хүртээх гэсэн зорилготой холбоотой. Хэдийгээр энэ газрууд олон жилийн түүхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн газрууд ч Монголын зах зээл нэг талаасаа хязгаарлагдмал гэж бизнесийнхэн ярьдаг. Үнэхээр ч “Circle K” шинэ залуухан ч хоногийн 24 цаг иргэдтэй ойр байж, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг нь үндэсний бусад компаниудад ч томоохон дэмжлэг болж байгааг дурдахаас аргагүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Circle K”-тэй хамтран ажиллах болсноор үндэсний компаниудын борлуулалтын хэмжээ 30-50 хувь өсчээ. Энэ бол анзаарч харах тоо шүү. “Circle K” орж ирснээр импортын барааны борлуулалт нэмэгдэх бус үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгдэж байгаа нь үнэхээр олзуурхууштай. Өнгөц харахад конвиненс сүлжээ дэлгүүр Монголд нээгдсэн мэт боловч хэрэглэгчтэйгээ үргэлж ойр байж, тэдний хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг газар болж чадсанаар том компаниудад хүртэл борлуулалт нь ингэж нэмэгддэг байна. Мэдээж хүмүүсийн сайн мэдэж байгаагаар зайдас, зайдасны талхны эрэлт огцом нэмэгдсэн байж таарна. Магадгүй манай үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн 25 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсдаа тэргүүлэгч жижиглэн худалдааны энэхүү сүлжээ дэлгүүрийн Монгол дахь франчайз компаниар дамжин олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх ч юм бил үү. Боломж их бий.

ОЮУТАН ЗАЛУУСЫН ТУХЛАХ ОРЧИН

“Circle K”-д орж ирэхэд “Сайн байна уу, танд юугаар туслах вэ” гэж эелдэг тосон авах ажилтнуудаас гадна энгийн атлаа тав тухтай орчин нь хүмүүст ихээр таалагддаг билээ. Ширээ бүр залгууртай, тэнд утсаа цэнэглээд, компьютерээ ашиглаад эсвэл ном уншаад сууж болно. Аль нэг үнэтэй кафед тэгж суух эрх олж авахын тулд багагүй мөнгөө гарлагаддаг байсан залуус одоо “Circle K” рүү шилжжээ. Угаасаа конвиненс дэлгүүрүүдийн энэ эрх чөлөөт орчин залуучуудад хамгийн их таалагддаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Тэгээд ч манайхны залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй гэдэг сул талыг тэс өөр чиглэлийн боловч конвиненс дэлгүүрүүд нөхөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Олон улсын судалгаагаар миленалууд буюу 1980-2000 оны хооронд төрсөн үеийнхний хамгийн суух дуртай газар ийм конвиненс дэлгүүрүүд гэдэг юм билээ. Тэдний үеийнхэн жилийн хоол хүнсний төсвийнхөө багагүй хувийг ийм сүлжээ дэлгүүрт зарцуулдаг байна. Энэ байдал 2000 оноос хойш төрсөн Z үеийнхэнд ч хамааралтай болох нь тодорхой. Өөрсдийн орлого байхгүй, ээж аавынхаа гарыг хардаг залуу үеийнхэнд халуун хоол цайтай, бас хүссэнээрээ сууж, цагаа өнгөрүүлж болох ийм газар хамгийн чухал. Тэр ч утгаараа оюутан залуусын хамгийн гол хөдөлгөөнтэй газруудад “Circle K” нээгддэг. Гэхдээ тэр орчинд нээсэн бол борлуулах зарим нэг бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийх нь бий. Тухайлбал, АШУҮИС-ийн багш, ажилтнуудын хүсэлтээр тэнд нээсэн шинэ салбартаа бэлэн хоол, архи пиво, тамхи, ахуйн газ зэрэг бүтээгдэхүүнийг борлуулахгүй болсон жишээтэй. Оюутан залуус гэснээс “Circle K” залуучуудад ажлын таатай нөхцөл санал болгодог. Оюутнуудыг ажлын байраар хангах тухай ярьдаг ч манайд шийдэл болох нь ховор. Харин эднийх тэднийг авч ажиллуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч ажиллуулж байна. “Circle K” нээгдсэн өнгөрсөн хугацаанд 400 гаруй хүн ажлын байраар хангагджээ.

“CIRCLE K”-ГИЙН НЭРИЙН ШӨЛ НАРИЙН ЖОРООР БҮТСЭН

Залуу үеийнхэн суух дуртай газрын болохын хэрээр нэг асуудал дагуулсан нь конвиненс дэлгүүрт залуучууд бэлэн гоймон их идэж байгаа шүүмжлэл. Хэдийгээр дэлгүүрт зарж л байгаа бол тухайн хүн өөрийнхөө сонголтоор юугаа авч идэхийг дэлгүүрийн зүгээс зохицуулаад байх хэцүү л дээ. Аливаа хүн өөрийнхөө сонголтоор эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй ч олон нийтийн зүгээс шүүмжлэл сонссон. Тиймээс ийм дэлгүүрүүд сонголтдоо эзэн болж чадахааргүй хүүхдүүдэд бэлэн гоймон зарахыг хориглосон нь цөөнгүй ээж, аавуудад таалагдсан байх. “Circle K”-ийнхэн хэрэглэгчдийн хямд үнэтэй тэгсэн атлаа хоолших, шөл устай зүйл хүсч байгаа эрэлтийг эртнээс анзаарч, өөрийн нэрийн халуун шөл гаргах төсөл дээрээ нэлээд удаан ажиллаж иржээ. Цэвэр гурилаар хийгдсэн, борцтой, махтай шөлийг гаргаж авах гэж хэд хэдэн удаагийн буцаалт тэр тооны сайжруулалт хийснээр хүссэн амт жороо гаргаж авсан байдаг. “Хэрэглэгчдийн хамгийн их санаа зовдог бэлэн гоймонгийн хэрэглээг байхгүй болгож, цэвэр гурилаар хийгдсэн борцтой, махтай шөлийг бид хэрэглэгчдэдээ тун удахгүй хүргэх гэж байна” гэж пэйж хуудсаараа зарлаж, хүмүүс ч хуруу тоолон хүлээсээр “Circle K” нэрийн шөл ийнхүү мэндэлж байна. Үндэсний олон тооны үйлдвэрлэгчдийн оролцоотой учраас эрүүл ахуйн стандартын шаардлагыг маш чанд хангаж, эрсдлүүдээс сэргийлж байгаа учраас хэсэг хүлээгдэж энэ сард худалдаанд гарах гэж байна.


НИЙТИЙН ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ГОЛЛОХ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАГ

Хавар болоод ирэхээр элдэв үнэр танар гарч, агаар хөрсний бохирдлын асуудал яригдаад эхэлдгийг бид мэднэ. Харин “Circle K” нээгдсэн өнгөрсөн жилийн хугацаанд гудамж талбайд замбараагүй бие засдаг байдал эрс багассан гэдэгтэй санал нийлэх хүн олон гарна гэдэгт итгэлтэй байна. Угаасаа Улаанбаатар хотод нийтийн бие засах газрын асуудал шийдэгдээгүй. Нийтийн бие засах газар хорь ч хүрэхгүй түүнийгээ түрээслэх үү, ажилтны цалин тэдний нийгмийн даатгалын асуудлыг хэрхэх билээ гээд үргэлж толгойн өвчин болсоор ирсэн. Нийтийн бие засах газар олдохгүй байхад гудамжинд морь харлаа гээд барьж аваад шийтгээд байх ч хэцүү. Гэтэл нийслэлээс нэг бие засах газрыг ажиллуулах зардал 2.5 сая төгрөг, жилдээ 30 сая төгрөгболдог гэсэн зовлонг үе, үеийн тохижилт үйлчилгээнийхэн ярьдаг билээ. Тэгвэл конвиненс дэлгүүрүүд нийслэлчүүдийн толгойны энэ өвчнийг шийдэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэхээс аргагүй. Өдөр, шөнө, хоногийн аль ч цагт ороход цэвэрхэн тохилог бие засах газар байхад хэн заавал гудамжинд бие засах гээд байхав дээ. Тэгээд төлбөр авахгүй. Хэдийгээр хувийн байгууллага ч нийтийн эрх ашгийг хангахад ийм үүрэгтэй оролцож буйг хаа хаанаа санаж байх нь зөв биз ээ. “Circle K”-ийн нэг салбараар гэхэд өдөрт 650 хүн үйлчлүүлдэг гэдэг судалгаа бий. Тэгвэл худалдан авалтаас гадна сандарч бачимдсан хичнээн хүнд чухал тусламжийн газар болж, улмаар нийслэл хотыг цэвэр байлгахад бодит дэм үзүүлж байгаа талаар төсөөлөл бууж буй биз ээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАГЧ “CIRCLE K

“Circle K” нээгдсэнээр гадны хэн ч ирсэн олон улсын сүлжээ дэлгүүртэй гэдгийг нэг талаас мэдэж авна. Хотын өнгө үзэмж ч нэмэгдэнэ. Бас нэг гол учир шалтгааны улмаас “Circle K” аюулгүй байдлын гол дэмжлэг үзүүлдэг газар болчихоод байгаа юм. Мэдээж, 24 цаг ажилладаг учраас харанхуй гудамд эвгүйтсэн хэн ч гүйгээд орчихож болно. Бас бүтэн гэрэлтүүлэг, камержсан учраас цагдаагийнхантай хамтран ажилладаг болжээ.

Нийслэлийн хэмжээнд камер хяналтын тогтолцоо сул гэдгийг бид мэднэ. Харин “Circle K” нээгдсэнээр дэлгүүр байгаа газрын ойр орчимд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн амар болжээ. Байнга л камерын бичлэгээ цагдаагийнханд өгөхөд хүрдэг. Монголд конвиненс дэлгүүр орж ирснээр юу авчирч, байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гээд харахад маш олон зүйл өөрчлөгджээ. Дам ач тусаа өгсөн зүйлс ч олон байна. Хотын соёл, метрополитан хотын өнгө төрхийг бүрдүүлэхэд ч томоохон тус дэмээ өгчээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань ч өснө, стандартад нийцэж чадваржина. Хэрэглэгчид хэзээ ч очсон нээлттэй угтах дэлгүүртэй, тэнд нь амттай бас тааламжтай үнэтэй бүтээгдэхүүнүүд байна. Дурдаад байвал дурдагдаад л байхаар байна. Ер нь л, иргэншин дэвжиж буй хотын маань нэгэн тод гэрэл гэгээ, дулаан эерэг дүр төрхийг “Circle K” нэгэнт дархлаажуулж байна бус уу. Та ч бас бодоод үзээрэй.

Э.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Цэрэнсодном: Хэн ч нэр дэвшсэн, түүнийг дэвсэлж, магадгүй бичлэг цацаж, зохиомол хэрэг үүсгээд өнөөх шударга бусын хонгилоороо чирэх л байж

Прокурор А.Цэрэнсодномыг Улсын прокурорын орлогчоор ажиллуулахаар санал болгосон билээ. Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр гарахтай зэрэгцэн түүний дуу хоолой бүхий нэгэн бичлэгийг зарим сайт цацаж, олон нийтийн сүлжээгээр баахан шуугив. Энэ талаар А.Цэрэнсодном прокурортой ярилцлаа.


-Ерөнхийлөгч таныг Улсын прокурорын орлогч болгохоор санал оруулсан. Өмнө нь нэг их өндөр албан тушаал хашиж байгаагүй таныг нэр дэвшүүлсэн нь анхаарал татсан л даа. Ингэхэд та өмнө нь хаана, ямар алба хашиж байв?

-Ажилласан түүх маань Сонгинохайрхан дүүргийн прокурор, Төв, Хэнтий аймгийн, Улсын, Тээврийн, Нийслэлийн, Сүхбаатар дүүргийн прокурорын газар гээд анхан шатнаас дээд шатны байгууллагуудад нарийн бичгээс нь эхлүүлээд хяналтын прокурор, ахлах прокурор, хэлтсийн даргаар ажиллаж ирлээ. Төгссөн сургууль гэвэл одоогийн Хууль сахиулах их сургуулийг төгссөн. Дараа нь Хууль зүйн мастерыг Их засаг их сургуульд хамгаалаад энийгээ бататгахын тулд Английн Оксфорд трэнд гээд Америкт төвтэй, Лондонд салбартай сургуульд суралцан 2013 онд төгссөн. Товчхондоо ийм л түүх намтартай.

-Улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлэх тухай танд анх хэн хэлсэн юм?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудсан. Очсон. Очиход миний тухайн үеийн төрийн албан хаагчийн анкеттай танилцаад надаас зарим зүйлийн талаар асууж тодруулсан. Миний анкетан дээр дурдагдсан бүгд үнэн үү, ийм газар ажиллаж байсан уу, одоо байгаа хууль тогтоомжийн хэрэглээ нь ямар байгаа. Хэрэгжилт нь хэр байгаа гэдэг талаас нь асуулт асууж, ярилцсан. Тэр хүрээнд өөрийнхөө тайлбарыг хэллээ. Ингээд хэд хоногийн дараа намайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дуудлаа. Яваад очсон чинь “Өөрийн чинь нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлэхээр боллоо. Шат шатандаа хэлэлцэгдэх байх” гэсэн. Арав гаруй жил эрүүгийн хууль тогтоомжийн чиглэлээр, Захиргааны болон олон улсын эрх зүйн чиглэлээр ажилласан нь бодлогын түвшинд ажиллахад шаардлагыг сайн хангаж байна гэв.

-Сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагыг цагдаагийн хүмүүс удирдаж ирсэн санагдах юм.

-2011 оноос эхтэй юм. Эхлээд улс төрийн хамаарал, харьяалалтай хүн удирдсан. Дараа нь 2015 оноос хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс манай байгууллагын удирдлагаар томилогдсон.

-Таныг Улсын прокурорын орлогчоор нэр дэвшүүлж байна гэсэн мэдээллийн маргааш нь л нэг бичлэг цацагдсан. Та таван зуун саяыг нэг хүнээс нэхээд, загнаад байгаа тэр бичлэг ямар учиртай юм бэ?

– Ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлэх санал оруулсан гэдгийг дуулсны маргааш буюу гурвдугаар сарын 26-ны өдөр зарим хэвлэлээр гарч ирсэн л дээ. Зарим сайт, болон пэйжээр гарсан. Энэ бол гүтгэлэг. Ийм бичлэгийг хэн ч хийчихдэг болсон цаг. Хэрвээ ийм зүйл байсан бол намайг нэр дэвшүүлэх гэж дуудсан Ерөнхийлөгчийн Тамгын газарт шууд л мэдэгдэнэ шүү дээ. Энэ зэргийн албан тушаал томилогдох нэр дэвшигчийг битгий хэл ердийн төрийн албан хаагчийг хүртэл судалж байж томилдог болсон үед амьдарч байна. Лавлагаа тодорхойлолтыг АТГ, Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас авдаг хуультай. Тэр хариуцсан газрууд нь зөрчилгүй л гэсэн бичгээ өгсөн юм билээ.

-Гэхдээ тийм барим тавим бичлэг байхад яагаад тэр байгууллагууд тийм хариу өгдөг байна аа. Аль нэг байгууллагад нь энэ бичлэг очсон л байлгүй дээ….

-Тийм бичлэг бол мэдээж хэн нэгэн эвлүүлсэн байж таарна. Хийхдээ хууль бусаар хүн гүтгэх зорилгоор. Тэр бичлэгийг манай прокурорын байгууллагаас гарсан гэж хүмүүс хэлээд байгаа. Би ч гэсэн тэгж хардаж байна. Прокурорын байгууллага чинь мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлийг өгдөг. Тэр утгаараа прокурорын байгууллага дотроосоо хийсэн эвлүүлэг байх.

-Бичлэгт яригдаж байгаа зүйл хэр үнэн юм бэ?

-Захын хүн сонсоод монтажилж засварласныг нь мэдэх байх. Энэ бичлэг тавигдсаны дараа хувийн талаас ч судалж, холбогдох мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авч, асууж үзлээ. Ялангуяа тоонуудыг хүч оруулах гэж хийсэн юм шиг байгаа юм.

-Ингэхэд таны дуу хоолой мөн биз дээ?

-Тэр ярьж байгаа нь миний дууг сайн хуулсан байна лээ. Яг л мөн юм шиг. Би өөрөө хүртэл андуурмаар. Гэхдээ яг тэр тооны асуудал дээр миний хоолойг алдсан байсан. Тэрүүгээр нь эвлүүлэг гэдгийг нь мэргэжлийн хүмүүс, компьютерт оруулж хэлж өгсөн. Тэгээд үзэхээр ялгаа нь мэдэгдэнэ. Тэр тоо чинь хүн сонсоход гол юм болно шүү дээ. Яасан их мөнгө вэ, 500 сая асар их мөнгө гээд л, цаашлаад хуулийнхан ингэж хүнээс мөнгө нэхэж, дарамталдаг юм байна гэж ойлгуулах гэсэн зорилго бас байх шиг. Мөн 461 гэдэг тоо дээрээ ч нотлогдсон эвлүүлэг гэдэг нь.

-Ямар нэг бичлэг гарахаар л эвлүүлэг гэж нэр холбогдсон хүн бүр л хэлэх болж. Одоо бол хүмүүс эвлүүлэг гэдэгт итгэх үү?

-Миний хувьд бодит байдал тийм байна гэдгээ л хэлэхгүй бол зохиож хэлэлтэй нь биш.

-Та болсон явдлыг яг үнэнээр нь хэлж өгч болох уу. Яагаад тэр хүнтэй маргах болсон юм бэ, үнэхээр мөнгө төгрөг хүнээс нэхэж дарамталсан уу?

-Би Гүрсэдийн Наранхүү гэдэг хүнийг 2010 оноос таних болсон. Таних болсон шалтгаанаа ч хэлье. Надтай тэр хүнийг манай найз Ч.Отгонжаргал гэдэг залуу танилцуулж байсан юм. Тухайн үед танилцаад их ойрхон найз нөхөд болцгоолоо. Ч.Отгонжаргал нэг удаа “Наранхүү ах мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэсэн. Тэр ахад минь туслах арга байна уу” гэсэн. Надад мөнгө төгрөг ийм тийм юм байсангүй. Манай аавд үе дамжиж ирсэн хөөрөг, охин дүүд маань ланд круйзер 200 маркийн машин байсан. Тэр машин, хөөрөг дээр нь ах дүү нараасаа жаал жуул мөнгийг нь өсгөж өгнө гээд аваад, нэг үгээр байгаа бүхнийг нь л аваад нөгөө Наранхүүд өгсөн. Гэтэл гэнэт мөнгө машин, хөөрөг аваад хэсэг хугацааны дараа таг чиг алга болчихлоо. Асууж сураглаад байсан чинь ноцтой хэрэгт холбогдсон гэж Ч.Отгонжаргал надад хэлсэн юм.

-Тэр нь ямар хэрэг вэ?

-Тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэдэг хэрэгт холбогдсон байсан юм билээ. Би энэ талаар найз Ч.Отгонжаргалаас асууж мэдсэн. Санаж байгаа бол тухайн үед УИХ-ын гишүүн адил нэртэй хүнтэй андуурагдаж баахан шуугьсан даа. Ингээд нөгөө хүн маань ийм асуудалд ормогцоо оргоод Сингапур гараад явчихсан юм билээ. Энэ хооронд би асууж сураад л байлаа. Тэгээд би ч Англид сургуульд сурах гээд явлаа. 2014 онд төгсч ирээд Эрдэнэтэд ажилласан. Дараа нь Улаанбаатарт ирж ажилласан. 2017 оны хавьцаа нөгөө Г.Наранхүүгийн сургийг гаргалаа. Ингээд Ч.Отгонжаргалаар дамжуулж уулзах гэж оролдоод бүтсэнгүй. Аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэллээ. “Ер нь өргөдөл гаргаж, цагдаад шалгуулъя. Тэгэхгүй бол энэ арай л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Тэгтэл тэрийг Ч.Отгонжаргал, мөн түүний найз Бат-Амгалан нар цааш дамжуулж хэлсэн бололтой. Г.Наранхүү нэг өдөр над руу уулзахаар хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий өгөөч” гээд л гуйж байна.

-Монголд ирчихсэн байжээ дээ?

– Тийм ингээд уулзсан. Удчихсан асуудал дээр хүн тайван хандахгүй. Би ч нэлээд ширүүн дориун ч ярилаа. “Чи залилан хийсэн, чамайг цагдаад өгнө. Шалгуулна” гэлээ. “Би чиний мөнгийг өгнө. Би нэг бизнес хийж байгаа. Тэрнийхээ ашиг орлогыг орохоор чамд өгье” гэж Г.Наранхүү аргадаж, гуйгаад явлаа. Бас л байдаггүй. Алдсан хүн арван тамтай. Авсан хүн нэг тамтай л гэдэг болсон доо. Ингэж байгаад нэг өдөр утсаар ярьсан юм. “Би чиний мөнгийг өгч чадахгүй нь ээ. Тэгэхдээ дөрвөн сард нэг мөнгө орж ирвэл өгнө” л гэнэ. “Чи энэ олон жил алга болчихоод…” гээд л би мэдээж уурлаж бухимдана шүү дээ. Тэр яриаг л утсан дээрээ бичиж дээ гэж бодсон.

-Та энэ талаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Энэ бичлэг гарсны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Машин тэрэг А.Ариунаа гээд миний дүүгийн нэр дээрх машин байсан. Г.Наранхүүд шилжүүлсэн холбогдох материал лавлагаа тодорхойлолтыг аваад өгсөн. Миний мөнгийг буцааж өгөхгүй хэрнээ, тэр хооронд арав гаруй сая доллартай болсон байгаа юм. Тэгсэн мөртлөө миний мөнгийг өгөөгүй. Ах нь тийм хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхавтар хэргээ нуун дарагдуулахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан гэж хэлсэн. Цагдаагийн хурандаа нарт өгсөн гэдэг. Бусад мөнгөө бас нэг хүнд залилуулчихсан байгаа. Тэр мөнгөө аваад чиний мөнгийг өгчихнө гэдэг. Иймэрхүү л яриа болсон. Тэгээд л салсан. Дараа нь өгөхгүй удаад утсаар маргаж байгаа асуудал одоо цацагдаад байгаа өнөөх бичлэг дээрх ярианы суурь болжээ. Дээр нь хэдхэн засвар хийгээд л хүнийг дарамтлагч болгочихож байгаа юм. Зарим хүний хэлээд байдаг айхавтар хараалын үгсийг би огт хэрэглэдэггүй хүн. Ямар нэгэн байдлаар ашиглана гэж бэлтгэсэн юм шиг байгаа юм. Дараа нь шүүх цагдаад ашиглана гээд. Даанч одоо хуурамч бичлэгийн ялгааг таньдаг болсныг мэдээгүй байх.

-Та тэр нийтэд цацагдсан бичлэгийг прокурорын байгууллагын хүмүүс зориуд хийсэн байж магадгүй гэж үзээд байгаа юм аа даа… Таныг албан тушаалд очуулахгүй байх ямар сонирхол тэдэнд байгаа юм?

-Г.Наранхүү гэдэг хүн дээр дурдсан өнөөх ноцтой хэргээ хаацайлуулах гэж авлигад олон сая доллар өгсөн талаараа надад хэлчихсэн учраас тэр асуудал сөхөгдөхөөс эмээж, болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй. Би тэр асуудлыг нь сонсчихсон байдаг. Г.Наранхүү ч өөрөө олон цагдаагийн хурандаа таньдагаараа гайхуулж явдаг хүн. Тэр хүний гайхуулахыг харах дургүй цаад эзэд нь байгаа шүү дээ. Тэр хүмүүс л хонгил, хана, эрүүдэн шүүлтийн сүлжээний эзэд болсон гэж яригддаг. Үүний тод жишээ бол Г.Наранхүүгийн гэмт хэрэг. Олон охидоор оролдсон гэгддэг хэрэг замхарсан. Цаг хугацаа нь 2010 оноос эхтэй. Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г.Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн. Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм. Үүнийг Г.Наранхүү надад хэлсэн, мэдэж байгаа гэж үзээд л тэр ашиг сонирхол хэн дээр тулж очиж байна.

-Тэр үед цагдаад ажиллаж байсан хүмүүс тэгэхээр прокурорт оччихсон юм байна?

-Тийм ээ, тэр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байгаа. Иймд надаас болгоомжлох, нэр дэвшихэд дургүйлхэх хүмүүс байгаа.

-Монголоор дүүрэн бичлэг цацдаг нэг тийм жишиг тогтлоо шүү. Ерөнхийлөгч танаас өөр хүн нэр дэвшүүлсэн бол яах байсан бол….

-Хэн ч дэвшсэн, тэр хүнийг сошиалаар дэвсэж, аль болох дэвшүүлэхгүй байх сонирхол байна. Зөвхөн миний мэдээд байгаа асуудал төдий биш, өөр асар том ашиг сонирхол цаана нь байгаа юм. Би прокурорын байгууллагын одоогийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн баг фракцын хүн биш, тэр хүний ашиг сонирхлыг хамгаалж чадах хүн л гарч ирэхгүй бол зүгээр нэг энгийн жирийн хуульч ч юмуу гараад ирлээ гэхэд ялгаагүй л дэвсэж, магадгүй бичлэг, зохиомол хэрэг үүсгээд, гадуур яригдаад байгаа шударга бусын хонгилоор чирэх байж. Ямар ч арга хэрэглэхийг хэлж мэдэх арга алга.

-Хэрэв тэр Г.Наранхүү гэдэг хүн нэр бүхий хүмүүст тийм олон сая доллар өгч, хэргээ замхруулсан юм бол хуулийн зарим хүн өөр олон хэрэг дээр ингэж зохицуулж ирсэн байж таарах нь ээ. Өөрөөр хэлбэл зарим хүнийг хэргээс мулталж, заримыг нь хэрэгт оруулж байсан гэсэн үг үү?

-Би бас тэгж л хардаж байна. “Гурван сая долларыг өгсөн” гэж ноцтой хэрэгт орсон Г.Наранхүү яриад байна гэдэг чинь өөр олон л юм байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгө өгч авалцдаг гэж жирийн, ажлаа хийгээд яваа хүний толгойд буухгүй шүү дээ. Олон том хэргийг ийм замаар замхаруулан шийдсэн байдаг болов уу гэж хардаж байна.

-Та шударга ёсны хонгил гэж ярилаа. Тийм хонгил бий юу. Анх бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л тийм хонгилын талаар ярьж эхэлсэн байдаг. Та үнэн гэж бодож байна уу?

-Улс төр, бизнесийнхнийг бол нарийн сайн мэдэх юм алга. Зохион байгуулалттай хуулийн бүлэг бий гэж нэр нөлөө бүхий хүмүүс, хууль судлаачид ч хэлж байгаа. Тухайлбал Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, хууль судлаач Эрхэмбаатар, уул уурхайн бизнес эрхэлдэг Т.Ганболд нар энэ талаар хэлж байсан. Ийм хонгил байна. Бүх салбарын хүмүүс нэгдэж нийлж, зохион байгуулалтын хэлбэрт орж, өөрсдийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж, нарийн зохион байгуулалттайгаар шат шатандаа үүргээ биелүүлээд суудаг хонгил байна гэж үзэж байгаа. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ. Магадгүй би шударга бусын хонгилоор чирэгдсэн сүүлчийн хүн болох дөхлөө. Хууль өөрчлөгдөж байдал өөрчлөгдлөө.

-Та тэгэхээр шударга бусын хонгилоор өөрийгөө чирүүлчихлээ гэж үзээд байна аа даа?

-Тийм ээ, Хуулийн бүлэглэлийнхэн эхлээд зарим хэвлэлд өнөөх хонгилоор чирэх хүнийхээ талаар мэдээлэл өгөөд цааш нь сошиал орчноор цацаж, ийм гэмт хэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаа муу муухай хүн байна шүү гэж хэн нэг хүний талаар зориудаар зохион байгуулсан зүйлээ явуулдаг. Тэр сургаар л нийгмээрээ үнэн, худлыг нь шүүхээр шийдээгүй байхад л аль хэдийнэ үзэн ядаж, гэмт хэрэгтэн болгож буруутгаж эхэлдэг юм байна. Өнөөх хонгилынхон хэвлэлд гармагц нь эрүүгийн хэрэг үүсгээд нөгөө хэргээ тохохын тулд янз бүрийн арга хэрэглэдэг жишиг байна. Эхнээсээ эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэж байгаа талаар олон нийт мэдэж авч байна. Зохиомол хэрэг хүлээлгэх гэх мэтээр тийм л юм хийдэг юм байна. 461, 500 сая гэж эвлүүлж, монтажлаад танил сэтгүүлчдээ аваачаад өгчихдөг юм байна.

-Таныг улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн асуудал тэгээд юу болж хувирав аа, Ерөнхийлөгч тэр бичлэгээс болоод таны нэрийг буцаагаад татчихсан уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотой нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг татсан. Миний талаар гарсан бичлэгийн үнэн мөнийг тогтоох ч шаардлага бас байсан байх. Нэгэнт ийм бичлэг цацагдсан учраас арга ч үгүй биз. Үнэн, худлыг, яг тэр бичлэгт юу бичсэнийг шалгаж тогтоохоор учир нь олдох байх. Өөрт чинь ярилцлага өгөхийг зөвшөөрсөн маань зөвхөн надад хамаатай юм биш, нийт хуульчдад хамаатай асуудал учраас хэн ч гарч ирсэн, мэргэжил ур чадвараараа гараад ирж байгаа хүнийг гүтгэж доромжилдог, дарах агнах ажиллагаа явуулдаг болчихоод байгаа учраас л дуугаръя гэж шийдсэн юм.

-Хуульчид гэснээс сүүлийн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хуульчид чинь их баян, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс байдаг юм биш үү?

– Хөрөнгөжсөн хурандаа гэж нэг хэсэг ярьдаг байсан, сүүлдээ, хөрөнгөжсөн шүүгч гээд л, одоо бүр хөрөнгөжсөн хуульчид гэж нийтийг хамруулж ярих болж. Олны үг ортой гэдэг. Нийтэд ил тод байхыг би зөв л гэж үздэг. Харин ч хөрөнгө орлогын мэдүүлэг бол олон зүйлийг хэлж өгч байгаа.

-Таны хувьд?

Миний хувьд тийм их мөнгө олж бизнес хийж байсан зүйл байхгүй. 13 дугаар хорооллын дөрвөн өрөө байрандаа эхнэр, хүүхэдтэйгээ жирийн л сайхан амьдардаг. Жижиг суудлын тэрэгтэй, банкинд хадгаламж энэ тэрээ ч байхгүй.

-Үнэн биз?

-Тэгэлгүй яахав. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа гаргавал харин жинхэнэ хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү дээ.

-Хуулийнхан хэргийг буруу шийддэг гэхээр аймшигтай санагддаг л даа. Хичнээн энгийн иргэд, бизнес эрхлэгчид хохирдог бол. Хичнээн гэмт хэрэгтэн гэмгүй болоод явж байгаа бол…..

-Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Энэ бол бүх хуульчид буруутай, бүх хуульчид хэргийг ийм маягаар шийддэг гэсэн үг биш л дээ. Шүүх, прокурорын байгууллагад алдаа гарч байсан тохиолдол байсныг бол хүмүүс мэдэж л байгаа. “Үнэний эрэлд” гээд л нэвтрүүлэг байлаа. Ийм алдаа завхралыг жирийн хуульчид гэхээсээ эрх мэдэл бүхий хүмүүс, хуулийн байгууллагын толгойд байсан хүмүүс л хийж байсан байх. Жирийн хуульчдын амьдрал жирийн иргэдтэй л адил шүү дээ. Тэр жирийн нэг хуульчдын нэг нь би. Энгийн амьдралтай, ажилчин гэр бүлээс гаралтай, тийм л нэг хүн. Тэрнээс биш улс төр бизнесийн бүлэглэлийн, нутаг усны бүлэглэлийн хүмүүсийг би танихгүй.

-Тэр олон зуун мянган хуульчдаас чухам яагаад таныг сонгож дэвшүүлье гэсэн юм бол. Та Ерөнхийлөгчийг таньдаг юм уу?

-Би танихгүй. Түрүүнд би Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үгийг хэлсэн дээ. Бодлогын түвшинд ажиллах бололцоотой юм байна гэж хэлсэн тухай. Тэр нь стратеги, төлөвлөлт, боловсон хүчний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн эрүүгийн эрх зүй дагнасан хүн байх боломжгүй. Захиргааны эрх зүй мэддэг, олон улсын эрх зүй мэддэг, одоо нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа уул уурхайн эрх зүй мэддэг хүнээ тавьж байж бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн гэмт хэргийн хойноос хөөцөлдсөн хүнийг Прокурорын толгой дээр тавьчихаар нөгөө хүн ч ямар ч хэрэг байсан хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэн болгох гэдэг хэт мэргэшсэн тал руугаа явчих гээд байдаг. Тэр бодлогын түвшинд ажиллахад ажилласан байгууллага, ажилласан түүх нь нийцэж байна гэдэг утгаараа нэрийг минь дэвшүүлсэн юм билээ.

Намайг ямар нэг асуудалтай байна гэж үзсэн бол албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах эрх Монгол Улсын ерөнхий прокурорт байсан.

-Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол?

– Үнэн олдоно. Нэр дэвшигч болгоныг гүтгэж, нийгэмд нэр хүндийг нь унагаах, тэрний хүн, энэний хүн гэж цоллон балбаад эхэлдэг юм байна. Үүндээ технологийн дэвшил ашиглаад гаршчихсан байна. Дэвшсэн болгоныг дэвслэнэ. Хонгилдоо чирнэ. Аягүй бол золиос болгоно. Юм болгонтой холбож, аргагүй байдалд оруулах замаар эцсийн зорилго болох өөрийн ашиг сонирхолд нийцэх хүнийг гаргаж ирэх сонирхолтой юм шиг байгаа юм.

– Та түрүүн прокурор мэргэшсэн гээд хэлчихэв үү дээ?

Тиим ээ. 2003 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнийг хэлнэ гээд заачихсан байгаа. Ийм зөвшөөрөлтэй хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж болно. Тэгэхээр прокурор нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн хүн байдаг. Харин цагдаагийн байгууллагын албан хаагч нарт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Гэтэл цагдаа нар мэргэшсэн хуулийн байгуулагыг удирдаад байхаар “Хонгил үүсэх” нөхцөл бүрдээд байна. Хуульчийн мэргэшсэн эрхийг авах амаргүй. Яг л эмч шиг нарийн мэргэжил. Шаардлага ч өндөр. Прокурор нь өөрөө их онцлогтой. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг, тэрэнд хяналт тавьж хянадаг. Хуулийг төгс хэрэгжүүлдэг субьект байх ёстой.

Categories
гадаад мэдээ

Марк Цукерберг интернэт орчинд дэг журам тогтоохыг уриаллаа

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнгөрсөн бямба гаригт Вашингтон Пост сонинд нийтлэлээ гаргажээ. Түүнд дурдсанаар интернэт орчинд дэг журам тогтооход дэлхийн улс орнуудын засгийн газруудыг идэвхитэй оролцохыг уриалсан байна. Тэрбээр бичихдээ “Интернэтийн дүрмийг шинэчилснээр бид хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, шинийг санаачлах бикнес сэтгэлгээг хамгийн сайн хангахаас гадна нийгмийг хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж чадах” юм гэжээ. Төн тэрээр засгийн газрын хяналт зохицуулалт шаардлагатайг онцлохдоо дэлхийн улс орнуудыг Европын холбооны жишгээр интернэтэд хатуу хяналт тавих зохицуулалт хийж эхлэхийг уриалсан байна. Тухайлбал, хор хөнөөлтэй контентоос сэргийлэх, сонгуулийг хамгаалах, хувь хүний нууцлалыг хамгаалах, мэдээллийг дамжуулж ашиглахад хязгаар тавих талаар дурджээ. Учир нь түүний үүсгэн байгуулсан Фэйсбүүк сүлжээ дээрх дөрвөн сөрөг үзэгдэлд хамгийн их нэрвэгдээд байгаа гэнэ.