Categories
мэдээ спорт

Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо (ОНБҮХ) өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд ОНБҮХ-ны дарга У.Хүрэлсүх хуралдааныг удирдлаа.

БСШУС-ын сайд, ОНБҮХ-ны орлогч дарга Ё.Баатарбилэг тус хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпийн хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийсний дараа Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргав.

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улс спортын 16 төрлөөр шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд 9-10 төрөлд нь медаль хүртэх боломжтой гэж үзэж байна. Өмнөх олимпуудад бэлтгэх хороо 6-8 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байдаг бол энэ удаад 15 сарын өмнөөс зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ. Тамирчдын бэлтгэл Булган аймгийн Хангал сум дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв”-д хийгдэнэ.

Үндэсний хорооны тооцоогоор Монгол Улс 2020 оны олимпийн наадамд амжилттай оролцоход 20 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2019 оны Улсын төсөвт 6.5 тэрбум нь суусан байна. Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх, олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахад шаардагдах төсвийг 2020 оны төсөвт тусган батлуулахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын хяналт шинжилгээний 2019 оны дэлхийн тайлангийн танилцуулга болов

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгуулав. Үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга бөгөөд суурин төлөөлөгч М.Оливэйра, Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн мэргэжилтэн Р.Оюунбилэг нар нээж үг хэлэв. Тайлангийн танилцуулгын дараа шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсролын өнөөгийн нөхцөл байдал, боловсролын салбарын бодлого, мастер төлөвлөгөө, стратеги, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

Тайлан танилцуулах арга хэмжээг боловсролын салбарын бодлогын тойм шинжилгээ хийхэд суурь мэдээлэл болох Монгол улсын Боловсролын суурь мэдээллийн тайланг баталгаажуулах хэлэлцүүлгийн хамт зохион байгуулсан бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь боловсролын мастер төлөвлөгөө боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн тоо 14.9 хувиар өсчээ

2019 оны эхний гурван сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 25,3 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 62,9 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 813 удаагийн гал түймэр гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 387удаагийн гал түймэр гарч, 1,7 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 4721 байгууллага, аж ахуйн нэгж, 47353 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 25253 зөрчил дутагдал илрүүлэн, 11452 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1295 заавал биелүүлэх албан шаардлага, 1087 мэдэгдэл, 82 танилцуулга, 136 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 14 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 48 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 528 удаа, дадлага 366 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 359 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 160зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 104 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 311 гал буюу 25,9 хувь,
  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 259 гал буюу 21,6 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 226 гал буюу 18,8 хувь,
  • Цахилгаанаас 206 гал буюу 17,1 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 93 гал буюу 7,7 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 55 гал буюу 4,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 11 гал буюу 0,9 хувь
  • Бусад шалтгаанаас 9 гал буюу 0,7 хувь,
  • Санаатай үйлдлээр 6 гал буюу 0,5 хувь,
  • Технологийн горим зөрчснөөс 5 гал буюу 0,4 хувь,
  • Архидан согтуурснаас 4 гал буюу 0,3 хувь,
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,1 хувь
  • Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0,08 хувь
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 0 гал буюу 0,0 хувь
  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Зарим нутагт салхи секундэд 18-20 метр хүрэх ба 24 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байхыг мэдээллийг өглөө.

Цаг уурын урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-д баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж мэдээлжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав. Энэ долоо хоног болон амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байхыг дэлгэрэнгүй мэдээлж байна. Тодруулбал,

-АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРЭГ ХҮЙТЭРНЭ-

Баруун аймгуудын нутгаар: 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5, 6-нд бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6, 7-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-нд бага зэрэг хүйтэрнэ.

ГОЛ МӨРНИЙ ХАВРЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ ЭХЛЭХ, МӨСНӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХУГАЦАА ЭНЭ ЖИЛ 510 ХОНОГООР ЭРТ БАЙНА

Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 10-20 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Бэлтэс Сэлэнгэ мөрний дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудад хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас харьцангуй эрт ажиглагдах төлөвтэй байгаа бол Алтай нуруунаас усжих Буянт, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа нь 5-10 хоногоор оройтож ажиглагдана. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд үеээр эхэлж, дөрөвдүгээр сарын 10-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байсан. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжтой байгаарай.

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГУУДАД ХӨРСНИЙ ЧИЙГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Тариалан бүхий нутгаар 2018 оны намар хөрс хөлдөж эхлэхээс өмнө тодорхойлсон хөрсний чийгийн явуул судалгааны мэдээ болон 2019 оны дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэн 2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээг тооцоолж гаргажээ.

Уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц Дорнодын Чойбалсангийн модон гүүр, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулагт хангалттай, Булганы Хутаг, Сэлэнгэ, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Зэлтэр, Хушаат, Зүүнбүрэн, Зүүнхараа, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Халхгол, Казакын гүүр, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Дархан-Уулын 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Борнуур, Цээл, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Яргайт, Хурх, Биндэр, Орхоны Улаантолгойд хангалтгүй байх төлөвтэй байна.

Харин гуурстай талбайн хувьд Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Номгон, Алтанбулаг, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Зэлтэр, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зүүнхараа, Төвийн Баянчандмань, Жаргалантад дунд зэрэг, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Хушаат, Дархан-Уулын 6-р бригад Алтангадас, Цайдам, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Борнуур, Цээл, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Яргайт, Хурх, Биндэр, Орхоны Улаантолгойд хангалтгүй байхаар байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд эрх баригчдаас амлалт нэхэхээ мэдэгдлээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, эрх баригчдаас амлалт нэхэхээ мэдэгдлээ.

АН-ын Онц их хуралдай гэж нэрийдсэн цуглаан маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ цуглаанд эмэгтэйчүүдийн байгууллага идэвхтэй оролцоно гэдгийг тэргүүн С.Одонтуяа хэллээ. Тэрбээр “Сонгууль болсноос хойш гурван жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эрх баригчид амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ. Амлалтаа биелүүлэхэд хангалттай урт хугацаа өнгөрлөө. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ээжүүд бид өнөөдрөөс эхлэн амлалтыг нэхэж шаардаж, тэмцэнэ” гэв.

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоно гэж заасан. Мөн хүүхэд хамгаалах, хөгжлийн төвийг аймаг дүүрэг бүрт байгуулна гэж амалсан. Гэвч мөрийн хөтөлбөрийн бүх заалт хэрэгжээгүй учраас эмэгтэйчүүдийг маргаашийн жагсаалд нэгдэж, амлалт нэхэхийг уриалав.

Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цаашид тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хот Болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт болон шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо.

Азийн хөгжлийн банк 1993 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарийн тогтолцоон өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар 84.9 сая ам.долларын 5 зээлийн төсөл, 37 сая ам. долларын 7 удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүд буюу нийт 132.55 сая ам. долларын тусламж үзүүлээд байна. Тухайлбал,
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, санхүүжилт эрүүл мэндийн даатгал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн мэдээллийн технологи, хүний нөөцийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжих Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах АХБ-ны төсөл нь Монголд анх удаа Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ-, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, өргөтгөл, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, Яаралтай тусламжийн төвийн барилга, сумын эрүүл мэндийн төвийн 6 барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 6 барилга барих үйл ажиллагаа хэрэгжинэ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Стратегийн худалдан авагчийн тогтолцоо бий болгох, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа хамтдаа хэрэгжинэ.
Төслийн нийт санхүүжилт 160.0 сая ам доллар бөгөөд олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу 3 үе шаттайгаар санхүүжинэ. Үүнд: эхний үе шатанд 80.0 сая, 2 дахь шатанд 40.0 сая, 3 дахь шатанд 40.0 сая ам доллар тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын салбарын ажилтны нэгдсэн зөвлөгөөн боллоо

Уг зөвлөгөөнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын салбарын төв, орон нутгийн нийт 130 гаруй ажилтнууд оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 онд анхаарах чиглэл” сэдвээр илтгэл тавьлаа.
Илтгэлийнхээ эхэнд эрүүл мэндийн даатгалын байгууллага байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээний зарлагын гүйцэтгэлийн талаар танилцууллаа.
Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт,эрт илрүүлэх,урьдчилан сэргийлэх үзлэг,оношилгоо шинжилгээний зардлын 2018 оны гүйцэтгэл ,2019 оны төсвийн талаар дэлгэрэнүй танилцуулж хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар нийт ажилтнуудад үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийг хангахаар 2019 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх хөтөлбөр, шинээр хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж,хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжил,арга зүйн зөвлөгөө өглөө.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2019 онд магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг батлуулах, хэрэгжилтийг хангах, “Эрүүл хүүхэд- Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд шүдний чиглэлийн хувийн эмнэлгүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Мөн элэгний В,С вирусын илрүүлэг,шинжилгээний оношлуурыг нэгдсэн худалдан авалтаар авч, ӨЭМТ-д дээрх шинжилгээний зардлыг шууд олгох, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн тарифын ялгааг үе шаттай арилгах, нийт 16 хувийн эмнэлгийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ эмнэлгийн хэрэгслийн зардлыг ЭМД-ын сангаас хариуцах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай ярилаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлыг нэг болох мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд дотор цахим системийг хяналт санхүүжилт,судалгааны чиглэлээр хөгжүүлж судалгаа,нотолгоонд суурилсан бодлогын шинжтэй шийдвэрийг гаргах,байцаагчийн болон даатгуулагчийн гар утасны аппликешнийг хөгжүүлэн нэвтрүүлэх,эрүүл мэндийн даатгалын гэрээг цахим хэлбэрээр хийж шалгах,хянах,цахим гэрээний программыг хөгжүүлэх зэрэг зорилтууд багтжээ.
Мөн иргэд,даатгуулагчдын санал,хүсэлтийг хүлээн авч,зөвлөгөө өгөх,иргэд даатгуулагчдыг хүлээн авах “Хэрэглэгчтэй харилцах төв” /Call center/-ийг байгуулан ажиллуулах зорилтыг дэвшүүлээд байна.
ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг илтгэлдээ 2019 онд эрүүл мэндийн салбарын дэвшүүлсэн 8 зорилтыг онцлон дурьдаж эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгалын салбарын хийж гүйцэтгэх ажлууд тэдгээрийг хэрэгжүүлэхэд нийт ажилтнуудын идэвх оролцоо,үүрэг хариуцлагын талаар чиглэл өглөө.
Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарын хяналт хийх аргачлал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж мэдээ мэдээлэл солилцлоо.

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд,Эрүүл мэндийн даатгалын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Ганхуяг болон холбогдох албан тушаалтнууд оролцож “Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” –ыг талаар мөн ахлах мэргэжилтэн О.Батбаяр,мэргэжилтэн Н. Оюунгэрэл нар “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлого, цаашдын чиг хандлага, санхүүжилтийн бодлогын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хүргэлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүүгийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн ажилтнуудад зориулан эрүүл мэндийн даатгалын цахим системийн хэрэгжилт одоогийн үйл явц болон “Өрх, сум, тосгоны үзүүлж буй тусламж, үйлчилгээний цахим бүртгэл болон зардлын тухай” аргачлалаар сургалт явууллаа.Энэ сургалтын үеэр цахим системмйн хөгжүүлэлт,холбоотой бусад асуудлуудаар харилцан ярилцаж,санал солилцож нэгдмэл ойлголтонд хүрсэн нь ач холбогдолтой боллоо.

2018 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгээр салбартаа тэргүүлж “Эрүүл мэндийн даатгалын шилдэг тасаг”-аар шалгарсан Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын тасгийн дарга,хяналтын эмч О.Энхчимэг,Ц,Дэлгэр,Ж.Түвшинтөс нар өөрсдийн хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд болон цаашдын үйл ажиллагааны зорилтоо танилцуулж , сайн туршлагаасаа хуваалцлаа..
ЭМДЕГ-ын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөг 7 бүлэг 28 зорилт 127 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталгаажуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ЭМД-ын тасгуудын 2019 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 4 зорилт, 37 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлуулж, тасгуудад танилцуулав.

Зөвлөгөөний үеэр “Медипас” эмнэлгийн Гастроэнтерологи, дурангийн тасгийн эрхлэгч, их эмч Т.Цэрэнтогтох монголчуудын дунд өвчлөл ихтэй ходоодны хорт хавдрын талаар тоон судалгаанд үндэслэн танилцуулж эрүүл мэндийн салбарын ажилтнуудын анхаарах,хамтран шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцлоо.
Мөн ходоодны өвчлөлийн тухай, эрт илрүүлэх,үзлэг оношилгоонд хамрагдаж хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эрүүл хооллолт,амьдралын зөв дадал хэвшил,хөдөлгөөн хүний эрүүл мэндэд ямар үр нөлөөтэй болох талаар монголчуудын амьдралын уламжлалт зан заншилтай холбон тайлбарлаж зөвлөгөө өглөө.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган маргааш нээнэ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу энэ сарын 05-ны 10.00 цагт эхэлнэ.

Хаврын ээлжит чуулганаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтаж буй юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын баг иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийсний үндсэн дээр 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд буй юм. Өнгөрсөн сарын сарын 18-29-нд хуралдсан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ УИХ-д байгаа гэж би хувьдаа үздэг. Тиймээс хаврын чуулганаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” хэмээж байв.

Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудлуудаас гадна хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн боловсруулан өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Казино тоглохыг хориглосон шийдвэрийг ТАЗ-д танилцууллаа

Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүллээ.

Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн.

ЗГ-ын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм.

Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гишүүд байгууллагынхаа бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн юм.

ЗГ-ын өнөөдрийн хурлаас төрийн албаны бүх шатны дарга, албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргасан талаар Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийнхөнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тиймээс ЗГ-аас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, улирал тутамд энэ хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, хэрэгжилтийг нь хангуулах зэрэгт ТАЗ анхаарахыг Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийн гишүүдэд чиглэл болгосон юм.

Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй бусад тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болохоос гадна хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг ч мөн тодотгосон юм. Тэрбээр, “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.

Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Гэтэл багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчид болохоор цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж 3 сараар ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч ийм шийдвэр гаргасан. Үүний хэрэгжилтийг ТАЗ хариуцаж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гэсэн юм.

Үүнээс гадна Засгийн газраас Монгол улсын өнгөрсөн 27 жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хамгийн гол алдаа нь хөгжлийн бодлогын асуудал болон хүний нөөц буюу төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон. Үүнтэй холбогдуулж Монгол улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6-р үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.

Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах вэ, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг хүмүүсийг төрийн албанд давуу эрхээр яаж татах вэ, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ гэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлоод ТАЗ-ийг санасан хэмжээнд сайн ажиллаж байна хэмээн дүгнэсэн юм.

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол улсын төрийн албан хаагчдын тоо 193,557 байгаа аж. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд анх баталж гаргаснаас хойш 2019 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг 4 үе шаттай хийгээд байгаа аж. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар, Ван И нар албан ёсны хэлэлцээ хийв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 4 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэв.

2019 онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буйг талууд онцлоод ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд хэрэгжих өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгдэв. Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, чингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцов.

Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар талууд дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хорооллыг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд хятадын талаас анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд сурталчлан таниулах зорилгоор хоёр тал хамтран экспо, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, мөн Хятадад болдог олон улсын экспо, үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах талаар холбогдох дэмжлэг үзүүлж ажиллахаа хятадын талаас илэрхийлэв.

Монгол, Хятадын хилийн боомтын зэрэглэлийг дээшлүүлэх, шинээр төмөр замын боомт байгуулах, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар талууд тохиролцов.

Түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа, тухайлбал, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов.