Categories
мэдээ цаг-үе

“Comedy lab” клубийг үүсгэн байгуулагч Б.Гантулга: Reborn буюу дахин төрөх гэсэн утгаар нүцгэн зураг даруулсан

Хошин урлагийн нэгэн төрөл болох “Стэнд ап” буюу тайзны ярианы урлаг манайд анх таван жилийн өмнө үзэгчдэд хүрч эхэлсэн. Хэдий энэ урлаг манайд төдийлөн хөгжөөгүй ч үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа. Тэгвэл саяхан энэ урлагийг үзэгчдэд хүргэдэг “Ub comedy” клуб хоёр хуваагдсанаа албан ёсоор мэдэгдсэн. “Ub comedy” клубээс өрх тусгаарлан гарсан “Comedy lab” клубийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Гантулгатай ярилцлаа.


-Стэнд ап гэх энэ урлаг анх хаанаас үүссэн юм бэ?

-Анх энэ урлаг 1800-гаад оны үеэс эхлэн Англи, Францын орнуудад дуурь, жүжгийн үзэгдэл, завсарлага дундуур үзэгчдийг уйдаахгүйн тулд тухайн театрын хэн нэгэн гарч ирж элдэв хөгжилтэй онигоо, элэглэл зэрэг зүйлсийн тухай ярьдаг байснаас стэнд ап-ыг үүссэн гэж үздэг. Тэр нь зөвхөн элэглэл ярих төдий байхаа больж нийгэм рүү хандсан, амьдралд байдаг зүйлсийг өөр өнцгөөс нь харж ярьдаг болж өргөжсөн байгаа юм. Английн театруудаас үүсээд Америк руу салбарласан байдаг. Одоо Америк, Европ, Азийн орнуудад эрчимтэй хөгжиж байна. Америкт энэ урлаг нэлээн өндөр түвшинд хөгжсөн гэж хэлж болно. Одоо Ази руу голлон орж ирж байна. Манайд анх Батбилэг маань 2014 онд ганцаараа Стэнд ап урлагийг эхэлж байсан. Ганцаараа “Open mic” төрлөөр эхлүүлсэн. Энэ төрөл нь яг цэвэр стэнд ап биш. “Нээлттэй микрофон”-ы үдэш буюу үзэгчдээс ярих сонирхолтой хүн байвал тайз нээлттэй байсан. Тухайн үед Батбилэгийн хийж байсан арга хэмжээнүүдийг үздэг байсан зарим залуус хамтарч энэ бүхнийг хөгжүүлцгээе, хамтаръя гэсэн санал тавьж өргөжих эхлэл тавигдсан.

-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Стэнд ап чиглэлээр гадаадад сургууль байдаг юм уу?

– Би 2008 онд Хэл шинжлэл, орчуулагчийн анги төгссөн. Харин дараа нь 2016 онд Барилгын инженер мэргэжил эзэмшсэн. Яг энэ чиглэлийн сургуульд сураагүй. Сургууль бол байдаг. Амраа бид сүүлд Америкт явж байхад Лос Анжелес хотод энэ чиглэлээр хүмүүс бэлддэг сургуульд очиж үзсэн. Тэр нь цэвэр стэнд ап гэхээсээ илүү хэрхэн илтгэх, хэрхэн индэр дээрээс ярьж сурах, яаж хөгжилтэй байлгах зэргийг гол болгон хичээллэдэг сургууль байдаг юм билээ.

-Комэди, хошин урлагийн ялгаа нь юу гэж хардаг вэ?

-Яг онол талаас нь гэхээс илүү өөрийн өнцгөөс харахад хошин урлаг бол нийгэмд болж байгаа зүйлийг хүмүүст элэглэх, жүжигчлэх, дүрүүдийг нь бүтээх маягаар үзүүлж байгаа юм. Харин стэнд ап төрөл бол нэг хүн тухайн нийгэмд байгаа зүйлийг үзэгчдэд хөгжилтэй байдлаар хүргэх, тэднийг инээлгэхэд гол санаа нь оршиж байдаг гэж боддог.

-Та хэд санаануудаа хэрхэн олдог вэ. Ихэнх урлагийн төрлүүд нийгэм рүү чиглэсэн санааг хөндсөн байдаг шүү дээ.

-Ерөөсөө санаа бол хаа сайгүй л байдаг. Гудамж талбай, ажил, найз нөхөдтэйгөө уулзаж байхад гэх мэт. Янз бүр. Хаанаас ч сэдлээ олж харах үе бий. Бүх л төрлийн сэдвүүдийг олж харж явдаг. Боломжийн санаагаа ч тэмдэглэж авна.

-Тайзан дээр яригдаж байгаа зүйлс ихэнх нь бодит байх юм уу?

-Энэ урлаг манайд таван жил болж байна. Энэ хугацаанд бид гадны комэдигээс сургалтууд ч авлаа. Нийгэмд байгаа хэд хэдэн дүрүүд байна л даа. Хэтэрхий гэнэн цайлган юу ч бодолгүй ярьдаг хүний дүр эсвэл тэнэг, маш ухаантай логик гаргалгаатай ярьдаг хүмүүс зэрэг хэд хэдэн дүрийн өмнөөс ярьдаг. Зарим хүмүүс өөрт нь тохиолдсон зүйлсээ ярина. Зарим нь бүр гэр бүлийн түүхүүдээ ч ярьдаг. Сүүлийн үед шинэ техник технологи орж ирснээр хүмүүс яаж өөрчлөгдөж, нийгэмшин амьдарч байгаа энэ үе бидэнд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьж байна.

-Тайзан дээр алдаа гарах зүйл байх юм уу?

-Стэнд ап комиди бэлдсэн зүйлээ шууд цээжлээд ярьж болно. Шууд тайзнаас зохиогоод ч ярьж болдог. Алдах зүйл байлгүй яахав. Үгээ мартах, буруу ярих, түгдрэх, гацах зэрэг асуудлууд байна.

-Манайхны энэ урлагийн талаар хүлээж авах байдал ямархуу байдаг вэ. Залууст хэр зөв үлгэр дуурайл болж байдаг юм бол?

-Таван жилийн өмнөх байдлаас одоо хүмүүсийн хүлээж авах байдал өөр болсон л доо. Тэр үеийг бодоход хүмүүс зорьж ирж үздэг болсон байна. Мөн юуны талаар ярьж, юуг өгүүлэх гээд байгааг ойлгож үздэг болчихжээ. Бага ч болов хүний ухамсарт эерэг хандлага суулгаж байвал болох нь тэр. Бид өөрсдийн чадах хэмжээндээ залууст үлгэр дуурайл болох гэж хичээж байгаа. Бидний хийгээд байгаа зүйл ямарваа нэгэн зүйл болохгүй байна шүү гэдгийг л сануулж, харуулж байдаг. Басхүү хүмүүсийг хөгжилтэй байлгахад бүхнээ зориулж байгаа юм л даа. Мэдээж шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Ямарваа нэгэн зүйл хөгжихийнхөө хэрээр нийгэмд сайн муу хэлэгдэж л байдаг шүү дээ.

-“UB comedy” клубээс өрх тусгаарлаж “Come­dy lab” клубийг үүсгэн байгуулаад удаагүй байна. Яагаад өрх тусгаарлах болов?

-“Ub comedy” клуб маань нэг эзэнтэй байсан. Таван жилийн турш хамтдаа тоглолтуудаа хийж, бүх зүйлд хамтдаа байсан. Нэг хүний удирдлагатай учраас бусдын санал ордоггүй хувийн компанийн шинжтэй болж эхэлсэн л дээ. Ингээд Амраа, Төөгөө, Хану, Ганга, Амаржин, Мөнхжин, бид долоо өрх тусгаарлаж “Com­edy Lab” клубээ нээчихсэн байна.

-Та хэд Reborn гэх нэртэй нүцгэн зургаа сошиалд тавьсан. Энэ талаар хүмүүс маш их шуугьж байна л даа?

-Цэвэр маркетингийн ажил байсан. Клубээсээ тусдаа гарч reborn буюу дахин төрсөн гэдэг утгаар бодож зургаа даруулсан. Гол санаа нь 1990-ээд оны Америкийн “Next top model” тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн ийм зураг байдаг. Түүний араас Америкийн хэдэн залуучууд үүнтэй адил зургаа авахуулсан байдаг. Ерөөсөө л энэ санаа. Хүмүүс янз янзаар хүлээж авч байна. Миний харж байгаагаар хүмүүс ямар мэдээллийг яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байх шиг санагдсан. Мэдлэгийн жин гэж байдаг бол жин дээр тавьж энэ мэдээлэл иймэрхүү жинтэй байна гээд шүүлтүүрээрээ оруулж чадахгүй байна. Хэрэгтэй зүйлээ сошиалаас авч чадахгүй байна. Монгол эр хүний хийморь сүлдийг унагаалаа, үлгэр дуурайл алга гэх мэт их шүүмжлэл ирж байгаа. Нэг зурагнаас болж Монгол эр хүний сүр сүлд унадаг, буруу үлгэр дуурайл болчихдог зүйл байхгүй шүү дээ. Аливаа муу зүйлийг цааш нь муу байна гээд түгээж байна гэдэг чинь муу болгож байна л гэсэн үг. Муу гэж бодож байгаа бол өөртөө л үлдээчих л дээ. Бид хэд ярилцаж байгаад инээдтэй байх болов уу гэдэг үүднээс зургаа даруулсан. Зөв зүйл дээр бид ерөөсөө дугардаггүй хэрнээ ганц зураг хараад энэ хэдийг буудъя гэж байх жишээтэй. Нийгмийн сэтгэхүй, хүмүүсийн мэдлэг нимгэн байгаагийн л илрэл гэж бодож байна. Хүний мэдлэг зузаан байх тусмаа аливаа зүйлийг өөрийн зөв өнцгөөс харна. Хүмүүсийн сэтгэхүй их сонин байна л даа. Манайхан хамгийн түрүүнд шүүмжлэх, алдааг нь олж харах гэж хичээдэг. Гар утас, сошиал ертөнцийг амьдралаа гээд ойлгочихсон. Сошиал бол зөвхөн мэдээлэл авах хэрэгсэл. Сошиалыг маш буруу ашигладаг. Хар мэдээг масст, нийгэмд цацдаг. Хүн аливаа мэдээлэлд дүгнэлт хийж, ойлгож гаргах ухаантай байх хэрэгтэй.

-Танай клуб инээдмийн баярт зориулж тоглолт хийх гэж байгаа, шинэлэг зүйл юу байна?

-Монголд хамгийн залуу хошин урлагийн продакшн болох “Comedy lab” клуб маань инээдмийн баярт зориулж энэ сарын 30,31-нд “Big show” хийхээр ажиллаж байна. Бид зөвхөн стэнд ап биш, арай өөр тайзны, театрын жүжиглэлтэй холбосон маягаар тоглолт үзүүлэхээр зорьж байна. Манай энгийн тоглолт буюу долоо хоногийн лхагва, пүрэв, баасан, бямба гаригийн тоглолт гэж байдаг. Лхагва, пүрэв гаригийн тоглолт 11000 төгрөг, баасан, бямба гаригийн тоглолт 22000 төгрөгийн үнэтэй. Инээдмийн баярт зориулсан 31-ний өдрийн тоглолтын билет маань ширээгээрээ зарагдаж байгаа. 120, 160, 200 мянган төгрөгийн үнэтэй. Ширээндээ дөрвөн хүн суухаар, уух зүйл багтсан байгаа.

-Танай клубынхан өөр ямар чиглэлээр ажилладаг вэ?

-Бүгд өөр өөр салбарт ажилладаг. Багш, маркетинг, хувийн бизнес эрхлэх зэргээр ажиллаж байна. Манай Ганга lend.mn маркетингийн менежер хийдэг. Төгөлдөр маань Чингис хаан банкинд валютын дилерээр ажиллаж байсан. Одоо контент реклам бэлтгэдэг компанитай. Хану Японы хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг компанитай. Амаржин “Universal” англи хэлний төвтэй. Өөрөө багшилдаг. Мөнхжин Тээвэр зуучлалтын компанид мэргэжилтэн хийдэг. Амраа Австрийн ардчиллын үзлийг сургадаг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Энэ чиглэлээрээ хэд хэдэн ном гаргасан. Би инженерийн компанид төслийн менежерээр ажилладаг.

-Гадаад хэл дээр комэдигоо явуулах уу?

-Энэ чиглэлээр явуулаад эхэлсэн. “Ub comedy” клубт “English comedy night” зохион байгуулж байсан. Монголд маш олон гадаадын багш, оюутнууд, сайн дурын ажилчид байдаг. Энэ хүмүүс мэдээж өөрсдийн эх хэл дээрээ хөгжөөнтэй зүйл сонсож нэг үдшийг инээж өнгөрүүлэхийг хүснэ шүү дээ.

-Стэнд ап чиглэлийг сонирхож байгаа залуус олон байгаа байх?

-Бидэнд маш их хандаж байгаа. Яг одоогоор бид тусдаа клубээ байгуулаад өөрсдийн гэсэн тайзгүй байна.

Яваандаа өөрсдийн тайзтай болоод ирэхээр шинэ залуучуудыг бэлдэх бодол бий. Зөвхөн хүмүүсийг дооглох биш, ухаалаг байдлаар хүргэе гэж бодож байгаа. Хийж байгаа зүйлээрээ хүмүүст нөлөөлье гэж зорьж байна. Одоо үеийн залуучууд 10 жилийн өмнөх залуучуудтай харьцуулахад тэс өөр болчихсон. Хаана хүрэхээ мэдчихсэн. Дэлхийд гарах залуучууд олон байна. Бид хүн инээлгэх талыг зөв олж харж, зөв илэрхийлэхийг зорьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өнгөрүүлсэн Өвөр Монгол оюутнуудын нэг жил

Олон улсын Улаанбаатар их сургуулийн утга зохиол судлалын магистрын энэ жилийн төгсөлтийнхнийг “Нэг ангийнхан” буландаа оролцууллаа. Эл ангийг 13 оюутан төгсөж байгаагаас 12 нь Өвөр Монгол. Нэг угшил гаралтай ч Өвөр Монгол, Монголчуудын хооронд соёлын бага, сага ялгаа үүсчээ гэдгийг тэд дурдаж байлаа. Улаанбаатар хотод 1.5 жил сурсан эл ангийнхан манай орны шинэ үеийн соёл, ялангуяа Монголын утга зохиолын талаар арвин их мэдлэгийг хүртээд буцаж байна. Тэгвэл тэдний Улаанбаатар хотод өнгөрүүлсэн жил гаруй хугацааны талаар ангийн оюутан С.Цоморлиг, Э.Шижирцэцэг нартай уулзаж ярилцав.

Өвөр Монголын Шилийн гол аймгын харьяат С.Цоморлиг Улаанбаатрын их сургуулдьд бакалавраар төгсөөд үргэлжлүүлэн магистраар сурчээ. Тэрээр “Манай ангийн 13 сурагчийн ердөө хоёр нь л эрэгтэй. Ихэнх нь Өвөр Монголд их сургуулиа төгсөнгүүтээ Улаанбаатард хотод ирсэн. Ихэнх оюутнууд маань Улаанбаатарын их сургуультай хамтын ажиллагаатай байдаг Өвөр Монголын Төвийн үндэсний их сургууль, Өвөр Монголын их сургуулиас ирсэн. Цөөхөн хэд нь ажлын байран дээрээсээ багшийн танилцуулгаар энд ирсэн. Манай ангид Төвийн үндэсний сургуулийн дөрвөн оюутан, Өвөр Монголын их сургуулийн гурван оюутан бий. Газар бүр л сайн муу талтай. Өөрийнхөө ертөнцөд өөрийгөө яаж, зөвөөр харах вэ гэдгээ шийдэж чадвал, бүх зүйлийг сайхнаар харна гэж би төсөөлдөг. Одоо надад Улаанбаатараас явъя гэсэн бодол байдаггүй. Үргэлжлүүлээд доктороор Улаанбаатар их сургуульдаа суралцана” гэсэн юм. Эл ангид үргэлжлүүлж докторын зэрэгт суралцах хүсэлтэй гурван оюутан байгаа аж. Мөн эдний ангийнхны дээд ангиасаа ялгагдах гол онцлог нь ихэнх оюутнууд нь яруу найраг оролддог, утга зохиолын чиглэлээр бичдэг аж. Ангийн оюутан Дасал гэхэд Өвөр Монголын хамгийн том “Өнөрцэцэг” сэтгүүлд өгүүллэгүүдээ нийтлүүлдэг байна.

Харин Э.Шижирцэцэгийн хувьд Өвөр Монголын Улаанхад хотын уугуул Төвийн үндэсний их сургуулийг төгсөж, Улаанхад хотын “Өдрийн сонин”-ы газар зургаан жил сэтгүүлч хийсэн гэнэ. Их сургуулийнхаа багштай уулзаж, Монголд сурмаар байна гэж шалгаасаар Улаанбаатар их сургуулийн магистрын ангид элсчээ. Тэрээр “Би утга зохиолын талаар мэдлэгээ дээшүүлье гэсэн бодолтой Улаанбаатарт ирсэн. Халхын утга зохиолыг илүү мэдэрч, сурах хэрэгтэй гэсэн бодлоор цэнэглэгдэж, ирсэн. Өвөр Монголчуудын сэтгэхүй Хятадын нөлөөлөлд автаж байгаа. Жинхэнэ утга зохиол халхад байдаг гэж бид боддог. Тиймээс халхыг зорьж ирсэн юм. Их сургуулиа төгсөөд Өвөр Монгол руугаа буцаж “Өдрийн сонин”-доо ажиллана” гэсэн юм. Ангийн багш нь доктор, профессор Х.Сүглэгмаа. Түүний талаар Э.Шижирцэцэг “Эртний уран зохиол болон түүний түүх, Төвд хэлт уран зохиол, Судалгааны арга зүй гэх мэт хичээлүүд ордог байсан. Төвд хэлд гарамгай. Заримдаа маш ширүүн зантай. Багшдаа загнуулсны хүчинд утга зохиолын талаарх ойлголт маань түвшин ахисан даа” гэсэн юм.

Эл ангийнхан 2018 оны зургадугаар сарын 28нд сургуульдаа өргөдөл гаргаж Хархорин хотыг зорин очиж үзсэн байна. Энэ талаар С.Цоморлиг “Зуны налгар цагт бид Хархорин хот руу автобусаар явсан. Бүтэн өдөржин яваад дуусдаггүй тал юм билээ. Оройдоо орхоны хөндийд хоносон. Манай Өвөр Монгол хэдий тал газар ч ихэнхдээ торон хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Харин Монголын тал нутгаар явахад ямар ч торгүй байсан. Зэрлэг ан амьтдын дуу, царцааны исгэрээнийг сонсоод Монголын уудам талын үзэсгэлэнг мэдэрсэн дээ. Манай Өвөр Монгол жилээс жилд унаган байгалиа алдаж байгаа. Харин Монголд онгон тал нутаг яг л хэвээрээ байгаа юм билээ. Тороор хүрээлэгдсэн хязгаарлагдмал орчинд биш хязгааргүй үргэлжлэх тал нутагт эрх чөлөө байдаг. Малын бэлчээр, ус ч арвин юм билээ” гэлээ. Мөн тэрээр “Харин бидний хамгийн анхны аялал тэрэлж рүү байсан. Тэгэхэд манай ангийнхан Өвөр Монголоос ирээд сар гаруй хугацаа л болж байсан. Тэр үед хоорондоо тулж танилцах боломж гарч, нэгнээ улам их таньж нэгдмэл нэг ангийнхан болох эхлэлээ тавьсан даа” гэв. Эл анги нь ангийн даргагүй ч гол зохион байгуулагч нь С.Цоморлиг аж. Энэ талаар тэрээр “Урьдчилсан хамгаалалт дөхөхөд багш ангийн даргаар намайг томилсон. Шууд тулгаад л Цомирлогоо чи ангийн дарга шүү гэж хэлсэн. Ангид ямар нэг сонгууль болоогүй тэгээд л ангийн дарга болчихсон (инээв). Ангийнхныгаа Улаанбаатарт ирэхээс нь өмнө би нэг жил илүү энд амьдарчихсан байсан. Тиймээс Монголын талаар бүгдийг биш юм аа гэхэд тавин хувь ойлгочихсон байсан л даа. Тухайлбал, Өвөр Монголд шинэ жил гэж болдоггүй. Арванхоёрдугаар сарын 31 жирийн нэгэн өдөр шиг л өнгөрдөг. Гэтэл Монголд арванхоёрдугаар сар эхлэв үү, үгүй юу шинэ жилүүд ар араасаа болоод эхэлдэг. Өмнө нь бакалаврын ангийнхантайгаа шинэ жилд ороод үзчихсэн туршлагатай байсан учраас магистрийн ангийнхныгаа уриалж, шинэ жил, мартын найман, халловений гээд бүх л баярыг хамт тэмдэглэсэн. Монголд өдөр алгасахгүй л баяр болдог шүү дээ. Өвөр Монголоос ирсэн оюутнуудад тийм ойлголт байдаггүй. Бараг баяр тэмдэглэдэггүй. Сургууль дээрээ хичээлээс өөр зүйл хийдэггүй. Өвлийн амралтаараа харихдаа Цагаан сараа тэмдэглэчихдэг. Ер нь тэнд оюутнууд баяр ёслолд барагтаа яваад байдаггүй. Ангийнхныгаа хамгийн анх удирдахдаа шинэ жил он гарах гэж байна ангиараа шинэ жил тэмдэглэх үү гэхэд бүгд дэмжсэн. Тэгээд дээд курсынхныгаа дуудаж хамт тэмдэглэж байлаа” гэлээ.

Ангийн даргынхаа талаар Э.Шижирцэцэг “С.Цоморлиг их хөгжилтэй хүн л дээ. Бид бүгдийг дайчилж чаддаг. Ямар нэг гаргасан саналыг нь бид ангиараа дэмжиж хүлээн авдаг. Бид бүгдийг удирдаж, авч явж чаддаг авьяастай даа” гэлээ.

Магистрын ангид долоо хоногт цөөхөн хичээл ордог учир ангийнхан хамт байх хугацаа цөөхөн байсныг тэд дурдаж байлаа. Хичээлтэй үедээ хоорондоо таарчихаад л салдаг аж. Харин хичээлгүй үедээ ихэвчлэн МУИС-ийн номын сан руу зүглэдэг байна. С.Цомирлогоос Монголын утга зохиолын талаар асуухад “Анх Монголд ирэхдээ яруу найрагчдыг нь таньдаггүй байсан. Олдсон монгол яруу найрагчдын шүлгийн номуудыг л уншдаг байлаа. Удалгүй яруу найрагчдынх нь зах зухыг гадарлаж эхэлсэн. Би өөрөө уянгын шүлэг бичдэг. Тиймээс нэг мэдэхэд л Арлааны Эрдэнэ-Очирын шүлгийн номыг эрэн хайж, уншдаг хоббитой болчихсон байсан даа. Мөн Базарсадын Баттулга, Пэрэнлэйн Нямлхагва нарын номыг ирж, хайж уншдаг даа. “Өдрийн сонин”-ний найрагчдаас Норовын Гантулгын “Голын цаана” шүлэг их таалагддаг. Мөн яруу найрагч Л.Батцэнгэл байна. Ер нь одоо эргээд харахад Монголын утга зохиолын мастер яруу найрагчдын бүтээлийн 100-ны 90 хувийг нь уншчихжээ гэж боддог” гэлээ.

Тэдний ярьж байгаагаар Өвөр Монголд Ренчиний Чойном, Бавуугийн Лхагвасүрэн нарын шүлгүүд их дэлгэрсэн гэнэ. Энд ирээд олон мундаг найрагчдын шүлгийг уншиж мэдрэх болсон гэж бахархалтай ярьсан юм. Өвөр Монголд барууны уран зохиолуудыг хятад хэлээр бичсэн байдаг аж. Харин Монголд гайхалтай уран зохиолын дээжсүүдийг эх хэлээрээ унших боломжтой болсон байна. Монсудар хэвлэлээс гаргадаг Гадаадын уран зохиолын цувралуудыг унших нь эл ангийнханд өсч дэвжих боломжийг нээж өгчээ. Гэвч босоо монгол бичгээр уншдаг тэдэнд кирилл үсгээр ном унших нь хамгийн том сорилт болсон байна. Анхандаа тэд нэг номыг нэг сар гаруй хугацаанд уншдаг байж. Одоо бол босоо монгол бичгээр уншиж байгаа мэт уншдаг болсон гэнэ. Ном уншиж нүдээ дасгаж л кирилл үсэг сурсан даа гэж Э.Шижирцэцэг ярьсан юм.

Ангийн оюутнуудын талаар сийрүүлэхэд ангийн хөвгүүн Б.Мөнх-Эрдэнэ бол цорын ганц монгол оюутан. Тэрээр хичээлдээ бараг суудаггүй байсан талаар ангийнхан нь ярилаа. Утга зохиолын хүрээлэнд томоохон ажил хашдаг учир хичээлд суух завгүй байсан байх гэлээ. Энэ учир битүүлэг залуугийн талаар тэд “Төгсөлтөөр нэг барааг нь харж, уулзсан. Нэг хөөрхөн залуу байсан. Фэйсбүүкийг нь харахад мундаг яруу найрагч бололтой байсан” гэв.

Өвөр Монголын Улаанхад хотын уугуул С.Аяс ангийн хамгийн үзэсгэлэнтэй, хичээмтгий охин байж. Э.Шижирцэцэгтэй нэг нутгийнх болоод ч тэр үү бие биенийгээ ойлгож, хамгийн сайн найзууд болж, чадсан байна. Өвөр Монголын их сургуулиас шинэ крилл бичгийн ангиас шууд Улаанбаатарт ирж магистрантаар сурсан байна.

Хөлөнбуйр аймгийн Төвийн үндэсний их сургуулиас ирсэн Чилгэр ангийн хамгийн мундаг яруу найрагч. Ви чат дээрээ “Нэг л мэдэхэд өвөл болчихож, Нимгэхэн сэтгэлтэй найрагчдын гунигийн хураалт эхлэх нь ээ” гэж бичихээр нь зөрүүлээд С.Цоморлиг “Намрын өнгө шаргалтанхан, навчис унаж сэтгэл уйтгарлуулна, нар гарсан атлаа цаанаа жигүүхэн, найгах өвсний толгой гунигланхан бөхөлзөнө” гэж тоглоомоор найз руугаа явуулсан байна. Нэг нэгнээрээ тоглоом шоглоом хийхдээ хүртэл яруу найраг ашигладаг нь тэдний мэргэжлийн онцлог юм даа.

Шилийн гол аймгийн Төвийн үндэсний их сургуулиас солилцоогоор ирсэн С.Дасал Хятадын Засгийн газрын тэтгэлгээр иржээ. Ангийнхнаасаа илүү номын хорхойтой аж.

Хөлөнбуйр аймгийн уугуул Э.Оюунт Төвийн үндэсний их сургуулиас солилцоогоор ирсэн гэнэ. Эхэлсэн ажлаа дуусгаж байж, санаа нь амардаг зантай.

Өвөр Монголын Алшаа аймагт халх үндэстэн ихэвчлэн амьдардаг. Энэ нутгийн охин Ж.Энхтуяа Лио Нингийн их сургуулийг дизайны чиглэлээр төгссөн ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн утга зохиолоор сурчээ. Ангийнхандаа санаа тавьдаг оюутан гэж Э.Шижирцэцэг дүгнэсэн юм.

Г.Саруул ангийнхан дундаа насаар хамгийн эгч. Өвөр Монголын Хянган аймгийн уугуул. Нутагтаа утга зохиолын багш хийдэг аж. Хянган аймаг Монголтой хил залгаа оршдог учир халх аялгаа сайжруулахаар Улаанбаатарыг зорьжээ. Хамгийн гол зан чанар нь өөрийнхөөрөө байдаг нь гэж С.Цоморлиг хэлэв.

Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Б.Урьхан даруу төлөв зангаараа бусдаасаа ялгардаг аж. Мөн А.Цэлгэр, Ч.Анир, М.Замбага, С.Дархангэрэл нар ангийнхан дундаа хамгийн нэр хүндтэй, хөдөлмөрч зангаараа бусдын хүндлэлийг хүлээж чаддаг ажээ.

Монголчуудын талаар Э.Шижирцэцэг “Бидний хэлийг монголчууд ойлгохгүй байх тохиолдол их бий. Тиймээс шууд хятад гэж хэлэх тохиолдол ч бий. Үүнийг бид маш эмзгээр хүлээж авдаг” гэсэн юм. Өвөрмонгол оюутнууд Монголд сурахад тэдний үгийг ойлгохгүй байх нь хамгийн хэцүү байдаг аж. Хамгийн хүнд асуудал нь замын түгжрээ гэж тэд дуу нэгтэйгээр хэлсэн юм. Мөн тэд монголчуудын хамгийн хэцүү занг цаг барьдаггүй гэж тодорхойллоо. Харин сайн тал нь бүх зүйлс нь монголоор байдаг нь гайхалтай гэсэн юм. Гэхдээ Монголын хэл шинжлэлийг тэд шүүмжлээд авсан. Гадаад үг хэрэглэж байгаа нь Монголын үгийн санг багасгаж байна гэж уцаарлангуй хэлэв. Монголын өвөл маш хүйтэн болдгоос өвөрмонгол оюутнууд байрнаасаа ч гарч чадахгүй тохиолдол байдаг гэнэ. Ийм л нэг ангийнхан энэ жил төгсөж, төгсөлтийн баяраа дөрөвдүгээр сарын 12-нд тэмдэглэх юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Бүгдээрээ бүүдийж явахаар багаасаа тодрох нэг нь тодорч байг л дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бүгдээрээ бүүдийж явахаар багаасаа тодрох нэг нь тодорч байг л дээ” хэмээн өгүүлжээ.

“Ардчиллыг аврах эцсийн үүрэг АН-д ногдож байна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа” хэмээн бичжээ.

“УИХ-ын гишүүн, АН- ын дарга С.Эрдэнэ: ҮАБЗ-ийн гурван хүнд УИХ-ын эрх мэдэл шилжчихлээ” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Олон улсын харилцааны судлаач-проф. Дашдоржийн Баярхүү: Назарбаев эрх мэдэлтэй гол хүн хэвээрээ байх болов уу хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“ОХУ-ын ардын жүжигчин А.И.Булдаков зуурдаар таалал төгсчээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батзориг: Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лханаагийн Мөнхтөр: Цэндийн Чимиддорж анхны номыг минь редакторлож, хавтасных нь зургийг өөрөө зурж байлаа хэмээн “Хүмүүс” нүүрт ярьсан байна.

Эдийн засагч Г.Ганзориг: Эдийн засгийн өсөлт иргэдэд огт наалдахгүй байна хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Орос багш нараар үсэг заалгасан 10б-гийнхэнОрос багш нараар үсэг заалгасан 10б-гийнхэн” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Михиал Булгаковын “Нохойн зүрх” ном хийгээд яг жинхэнэдээ “оркууд” гэж хэн бэ” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зээлийн хүүг бууруулахыг шаардлаа

Төрийн ордныг тойрон автомашинтай жагсагчид арилжааны банкны ээлийн хүүг бууруулахыг шаардан жагслаа.

Тэд “УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй авч байхад жирийн иргэдэд барьцаатай 30 гаруй хувийн хүүтэй зээл авч байна. Иймээс цалин, тэтгэврийн зээлийн хүүг есөн хувьд болгон бууруул” хэмээн шаардлага тавив.

Categories
мэдээ улс-төр

Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ахмадууд хандивын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ

Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос иргэдийнхээ амь нас, өмч хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж яваад амь эрсэдсэн эрэлхэг гал сөнөөгч, аврагч дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачлагыг гаргажээ.

Ахмадын зөвлөлөөс цогцолбор барихад дэмжлэг үзүүлэх хандивын аянг албаны хэмжээнд эхлүүлж, аяны талаарх танилцуулгыг хийж орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад тус аймгийн Онцгой байдлын газрын Ахмадын хорооны 37 ажилтан оролцож, 100 хувийн саналаар уриалгыг дэмжин нэг өдрийн тэтгэврийн мөнгийг хандивлахаа илэрхийллээ.

Тус цогцолборыг ахмад буурлуудаа байнга санан дурсах, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ахмад үеийнхээ дайчин уламжлалыг өвлүүлэх, иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө тангараг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг төв болгохоор зорьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЖДҮХС-гаас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 15 иргэн, аж ахуйн нэгж асуудалгүй болох нь батлагдав

Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулсан. Энэхүү хамтарсан ажлын хэсэг нь олны анхаарал татсан авлига албан тушаалын хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэн үр дүнг нь тооцож ажиллах үүрэг хүлээж байсан билээ. Хамтарсан ажлын хэсгийн шалгаж шийдвэрлэх үүргийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал багтсан. Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс ямар нь жинхэнэ ждүчин, ямар зээлээ зориулалтын дагуу ашигласан, ямар нь албан тушаалтны нөлөө орсон, хууль бус зарцуулагдсан гэх мэтийг ялгаж салгаж тодруулж шийдвэрлэнэ гэсэн үг.

Энэ дагуу хийсэн ажлын тайлан гарч, жинхэнэ ждүчин, албан тушаалтны ЖДҮ гэдэг нь ялгаж салгагдан шийдэгдэж эхэлжээ. Жинхэнэ ЖДҮ-чин гэдэг нь батлагдаж, хууль дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан иргэн аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь баталж, нотолсон байна. Үүнд иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр нар болон “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “А төгөлдөр”, “Органик хүнс трейд” ХХК нар багтсан байна. Эдгээр иргэн болон аж ахуйн нэгж нь 10 саяас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан аж. Хууль зөрчсөн зөрчөөгүйг ялгаж салгасан ийм жагсаалт цаашид үргэлжлэн гарах юм байна.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийн ажлын тайлан эхнээсээ гарч байгаа бөгөөд дээрх шиг асуудалгүй нь батлагдаад хаагдаж байгаагаас гадна гэмт хэргийн гэж тодотгох үйлдлүүд нь ч ялгагдаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Хамаарал бүхий этгээддээ их хэмжээний зээл олгуулсан, хамаарал бүхий этгээддээ олгосон зээлээсээ ямар нэгэн байдлаар өөрсдөө авсан албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шийдэгдэх аж.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилох эсэхийг хэлэлцэнэ

Маргааш Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилно

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, өчигдөр материалыг АТГ-т хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Б.Жаргалсайхан нь өдгөө Улсын ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг. Маргааш 10.00 цагаас хаврын чуулганыг нээх бөгөөд үргэлжлүүлэн тус томилгоотой холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо хуралдахаар хуваарь гарчээ. Харин 15.00 цагаас чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР:

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг ажлаас нь огцруулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн шилдэг шатарчдын бүсийн тэмцээн Улаанбаатарт болно

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 6-16-нд зохион байгуулна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах талаар өнөөдөр Монголын шатрын холбооноос мэдээлэл хийлээ. Энэхүү тэмцээн “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний есөн өргийн дараах жагсаалтын шилдэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин нь эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авна. Энэ эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонконгийн 100 орчим чансаа өндөртэй шатарчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тухайлбал, Олон улсаас Филиппин улсын тамирчин Азийн анхны Их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин Их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин Олон улсын мастер Novendra Priasmo, Вьетнам улсын Олон улсын мастер Tran Tuan Minh, Монгол улсаас их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнхтуул тэргүүтэй шилдэг, олон улсын мастерууд оролцоно. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг, орлогч шүүгчээр олон улсын шүүгч Jamie Kenmure нарын тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Энэ тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчийн сургалт, олон улсын шүүгчийн сургалт, “Монгол шатар” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулах юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн банк, Premium Palace, Улаанбаатар чуулга, Гэрэлт дизайн хэвлэлийн компани оролцож байна. Мөн хэвлэл мэдээллийн дэмжигчээр МҮОНРТ, MNC телевиз, МОНЦАМЭ агентлаг зэрэг байгууллага ажиллах юм. Тэд тэмцээнийг 3 төрлийн шууд дамжуулалтаар улс, тивийн хэмжээнд сурталчилна.

Categories
мэдээ эдийн-засаг

ХЗХ-дын Бүх гишүүдийн ээлжит хурлаа хуралдуулах хугацаа дууслаа

Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д ээлжит Бүх гишүүдийн хурал (БГХ) -аа зарлан хуралдуулах хуулийн хугацаа энэ сарын 01-нээр дуусгавар боллоо. ХЗХ-д БГХ-аар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр болон бусад холбогдох мэдээллийг тусгасан дэлгэрэнгүй тэмдэглэлийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх хугацаа нь тавдугаар сарын 01-нээр дуусгавар болох юм. БГХ-ын ирцийг хуульд, “100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд ирц хүрээгүй бол ажлын 20 өдрийн дотор дахин зарлах ёстой. Ингэхдээ, БГХ-ыг дахин хуралдуулахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ. Хороонд ирүүлэх БГХ-ын дэлгэрэнгүй тэмдэглэлд хурал болсон огноо, байршил, үргэлжилсэн хугацаа, хэлэлцсэн асуудлууд, ирцийн мэдээлэл, нарийн бичгийн дарга, тоологын комиссын гишүүдийн нэрс, санал хураалтын арга, хэлбэр, дүнг заавал тусгасан байхаар хуульд заасан байдаг.