Categories
мэдээ улс-төр

Словени улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Премозаг үүрэгт ажлаа дуусган бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны хооронд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг онцоллоо. Ялангуяа хоёр талаасаа бизнес эрхлэгчдийг харилцан солилцож, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжоо бүрэн ашиглах нь зүйтэй гэв.

Элчин сайд Я.Премоза Гадаад харилцааны сайдын дэвшүүлсэн саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уулзалтын төгсгөлд өөрийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Peacebook” фэйсбүүк форумын талаар товч танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Төв талбай орчмын автозамаас өөр замыг сонгон зорчихыг зөвлөлөө

Ардчилсан намаас өнөөдөр ЖДҮ болон 60 тэрбумын асуудлыг эсэргүүцэн бүх нийтийн жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Жагсаал болж буй төв талбайн орчмын замын хөдөлгөөн удааширчээ. Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг өөр замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг болон АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамгийн идэвхтэй, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр тэргүүлдэг талаар дурдаад Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлсэн юм.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэд бүтэц, тэр дотроо төмөр замын төслүүд, эрчим хүч, барилга хот байгуулалтын зарим төслүүдийн талаар мэдээлэл өгч, АХБ-ны төлөөлөгчидтэй санал солилцлоо.

АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Ерөнхий захирал Эйми Леунг төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсныхаа дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бэхжүүлэх асуудалд санаачилга гарган ажиллаж байгаад онцгойлон талархал илэрхийлж, энэ нь Монгол Улсын хөгжилд алсын хараатай бодлого болохыг цохон тэмдэглэлээ.

Мөн хатагтай Эйми Леунг АХБ-ыг төлөөлөн цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратегийг дэмжиж ажиллахаа бүрэн дүүрэн илэрхийлж, олон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, ярилцах завшаан олгосон явдалд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг товлосон байна. ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна.

Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.

Хэлэлцэх асуудлуудыг 3 бүлэгт хувааж товч танилцуулъя.

Нэгдүгээрт. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах тогтолцоо гажуудаж, шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна.

Ардчилал, хүний эрхийн баталгааг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад бий болсон алдаа завхрал нь монгол хүний язгуур эрх ашиг, улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болтлоо даамжирсан байна.

Иймд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний ёсноос гадуур доромжлон харилцаж, шийтгэх асуудлыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно.

Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүх шатны шүүгчийг Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлж болох зохицуулалтад нийцүүлж энэ өөрчлөлтийг хийсэн.

Монгол хүн, Монгол Улсын язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой илэрхий буруу үйлдэл, тухайлбал хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, зөвлөмж гаргах эрхийг л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгосон. Шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь баримт нотолгоог үндэслэн эцсийн шийдвэр гаргах зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ мөрдөгдөж байна.

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлж, огцруулдаг боллоо гэдэг буруу ташаа, зориуд гуйвуулсан мэдээллийг нийгэмд төдийгүй олон улсад түгээж байгааг үүгээр залруулах ёстой гэж үзэж байна.

Хаврын чуулганы эхэнд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавина гэж төлөвлөж байна.

Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөж,Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлуудыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

Эдгээр асуудалтай холбогдуулан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг ч холбогдох Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг давтахгүй, өөрчилж, илүү ажил хэрэгч болгоно

Энэ хаврын чуулганаас эхлээд дээрх илтгэлийг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлцэх зарчмаар Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи илтгэл, хүний эрх, хууль, шүүх засаглалын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд даалгаж байна.

Хоёрдугаарт. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бүрдүүлснийг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байна.

Монголчууд бид “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” хэмээн хэлэлцдэг. Тиймээс шударга ёс, хуулийн засаглал тогтоох, буруу бусармагийг өөрчлөн халах зорилтыг засаглалын дээд түвшнээс, удирдлагын дээд хүрээнээс эхлэх нь зөв гэж үзэж байна.

Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

Улсын дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Тиймээс ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсье.

Гуравдугаарт. Хуулийн хугацаатай, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна.

Тухайлбал, ирэх 3 жилд баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх болно.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгад 29 арга хэмжээ 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний хэрэгжилт 76.7 хувьтай байгаа тухай дурджээ.

Иргэд, сонгогчдод өгсөн амлалт хэрхэн биелж байгаа вэ гэдэгт бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, дутуугаа гүйцээх чиглэлээр тодорхой санал, санаачилгатай ажиллах нь сонгогч олны өмнө та бидний хүлээсэн хамтын үүрэг хариуцлага юм.

Гишүүд энэ өнцгөөс асуудалд хандаж, мөрийн хөтөлбөрийн 5 багц асуудлаар ажлын хэсэг байгуулж, тус бүр нэг багц сэдэв, асуудал хариуцан авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэн дүгнэж үзвэл, нэгдүгээрт, шүүх засаглалаа цэгцлэх, хоёрдугаарт Улсын Их Хурлын унасан нэр хүндийг сэргээх, шинэчлэл хийх, гуравдугаарт Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 чиглэлд төвлөрч байна.

Түмэн олноо төлөөлөх онцгой эрхтэй гишүүдийнхээ ард олныхоо төлөө гэсэн шударга, зөв ажил үйлсийг бүх талаар дэмжиж ажиллахыг Улсын Их Хурал үүргээ гэж үзэх болно.

Улсын Их Хурлын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийнёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай.Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна.

Төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаа бол бидэнд ногдсон онцгой хариуцлага, хүндэт үүрэг мөнийг санаж, олон түмнийхээ итгэлийг бүрэн даахын төлөө хичээж ажиллацгаая

Бид Монгол Улсынхаа төлөө, монгол түмнийхээ тусын тулд гэсэн нэгдмэл нэг л зорилготой.

Улс эх орон, монгол хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд туслах зөөлөн хэрнээ том хүч нь монгол хүний хөгжлийн төлөө, Монгол Улсын төлөө эв нэгдэл юм.

Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтраад бүгдээрээ бурууг засах, зөвийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна.

Засгийн газрын сайд тус бүр ард түмэндээ өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зуны сар зургаа биш ээ. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдал экспортыг эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна.

Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, шахаж шаардаж, хяналт тавьж ажиллахыг үүргээ гэж үзэх болно.

Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтэнд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэдэг билээ.

Энэ хаврын чуулганаас эхлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу гишүүд ирцээ бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээ ашигладаг болж байна.

Ингэснээр гишүүд бусдын өмнөөс ирцэд бүртгүүлдэг, санал өгдөг байдал бүрэн арилна.

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсын парламентын жишиг түвшинд хүргэх, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэстэй мэтгэлцээн өрнүүлдэг хууль тогтоох танхим болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.

Эцэст нь, зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Энэ бол Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал юм. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж, холбогдох яам, тусгай байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно.

Болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.

Эрхэм гишүүд ээ,

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно.

Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн М.Билэгт, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн болон газрын дарга нар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ажлын албаны хүмүүс Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. Зочдыг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан болон захиргааны зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзлаа. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд нэн тулгамдаж буй асуудлуудын тухай танилцуулсны дараа Д.Оюунхорол гишүүн хэлсэн үгэндээ нийгмийн бодлогын байнгын хорооны даргын ажлыг хүлээж авсны дараах хамгийн эхний анхаарал хандуулж буй ажил бол хавдрын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд ХСҮТ-ийн хажууд баригдаад дуусч буй эмнэлэгийн зориулалттай шинэ байрыг ХСҮТ-д шилжүүлэн авах ажил болохыг онцгойлон хэлсэн.


Мөн байр байшин хүрэлцээгүй, орц гарц хязгаарлагдмал, төсвийн дутагдлаас болж тусламж үйлчилгээнд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлүүдийн талаар дэд захирал Л.Баярсайхан, дэд захирал С.Хүрэлсүх, толгой хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч, МУ-ын хүний гавъяат эмч Г.Пүрэвдорж, ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, зөвлөх эмч Г.Одонтуяа, хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг, клиник эм зүйн албаны дарга Ж.Жавхлан, сэтгэл зүйч Ч.Аззаяа, физикч инженер Б.Лхагвасүрэн нар үг хэлж хамт олны саналыг шийдвэр гаргагч нарт уламжиллаа.

Уулзалт ярилцлагын төгсгөлд зочид ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээ, шугаман хурдасгуурт туяа эмчилгээний аппаратын суурилуулалтын явц, яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа болон шинээр баригдаад дуусч буй эмнэлэгийн байртай танилцлаа. ХСҮТ-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан УИХ-ын НББСШУБХ-ны дарга, гишүүд болон эрүүл мэндийн дэд сайд бидний санал хүсэлтийг зүгээр сонсоод өнгөрөхгүй шинэ эмнэлэгийн байрыг төрд шилжүүлэн авах, ХСҮТ-ийн орц гарцын асуудлыг нэн даруй шийдэх, хими туяа эмчилгээний өртөг, төсвийг эрүүл мэндийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, эмч ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг ажил хэрэг болгохоо хамт олны өмнө илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргалаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, тус намаас мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа.

Мэдэгдэлд,

Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрхзүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч,Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн. УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьлаа.

Энэ хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
  2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
  3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
  4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
  5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.

Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна. Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг нийт иргэддээ уриалж байна гэжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцох уу?

-Ардчилсан намын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцоод явна.

-Ардчилсан нам хаврын чуулганаас эхлэн УИХ-д бүлэггүй болно гэж байсан?

-УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн бүлгээс гишүүн гарсан эсэх асуудлаар УИХ-ын даргад албан мэдэгдэл хүргүүлсний дараа чуулганаар сонсгол болгодог. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг эрх зүйн чадамжтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ-ын даргад ямар нэг бичиг хүргүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд бид эрх баригчдад дарамтлуулсаар ирсэн. Бид өнөөдөр эрх зүйн чадамжийн хувьд бүлэг хэвээрээ байгаа ч бүлгээс гарахаа илэрхийлсэн гишүүдийн асуудлыг даваа гаригт бүлгээрээ хэлэлцэнэ.

-Ардчилсан нам талбай дээр жагсч байна. Яг ямар шаардлага тавьж байна вэ?

-Бид сая бүлгийн шаардлагаа хүргүүллээ. Харин Сүхбаатарын талбайд ЖДҮ-г эсэргүүцэх, МАН-ын өнгөрсөн гурван жил хийгээгүй асуудлыг нэхэмжлэх, эрх зүйн чадамжгүй төр ажиллаж байгаа гэдгийг сануулж байгаа

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан захирал Мартин Рейзер, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон тус банкны Монгол дахь зарим удирдлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Мартин Рейзер Дэлхийн банк гишүүн улсуудаа ядуурлаас гаргах үндсэн зорилготой, Монгол Улсын ядуурлыг бууруулахад Дэлхийн банк тодорхой хэмжээнд амжилт гарган ажиллаж байгаа талаар дурдаад өнөөг хэр зарим сорилтууд Монгол Улсын өмнө тулгарч байгаа зэргээр санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын ядуурлын түвшин 30 орчим хувь /29.6 хувь буюу нийт хүн амын 907.5 мянга/ байгаа нь ядуурлын түвшин өндөр байгааг илтгэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарахыг хүсээд цаашид ядуурлыг бууруулахад эдийн засгийг солонгоруулах шаардлагатай талаар ноён Мартин Рейзертэй санал бодлоо солилцлоо.

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар дахь арьс, шир зэрэг түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох төсөл хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр энэ салбарын 170 мянга гаруй өрхийн орлого бодитоор нэмэгдэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд ноён Мартин Рейзер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан тодорхой гарц гаргалгаатай санал хэлсэнд талархал илэрхийлээд энэ уулзалт нь Дэлхийн банк Монгол Улстай стратегийн санал нэгтгэхэд үнэтэй зөвлөгөө болж буйг онцолж, цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт болно

“Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор Улсын физикийн 32 дугаар олимпиадыг 4-р сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид есдүгээр анги,12 дугаар анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх бөгөөд Өмнөговь аймагт болж буй УЛСЫН ЧАНАРТАЙ АНХ УДААГИЙН ОЛИМПИАД юм.

Олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран 5 удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ШШҮХ-ийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлсэн байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн 2017 онд хүчингийн хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгуулсан байдаг. Хохирогч эмэгтэй “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн прокурорын газарт гомдол гаргаснаар энэ хэрэг АТГ-т шилжүүлсэн. Тодруулбал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн/ШШҮХ/ Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир, ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нар нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан хэрэгт буруутгагдсан юм.