Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр бол баярын гэхээсээ ухаарал, дүгнэлт эргэцүүллийн өдөр гэж би санадаг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийн чуулганаар “ажилтай, орлоготой” байх асуудлын хүрээнд ярилцсан юм.

Одонтой ээжүүдийн холбоо ТББ-аас энэхүү чуулганаас өмнө одонтой ээжүүдийн дунд судалгаа хийж үзэхэд:

  1. Төрийн болон хувийн хэвшилд ажилладаг боловч авч байгаа нь цалин нь хүрэлцээгүй.
  2. Хувиараа бизнес эрхэлж, ахуй амьдралаа авч явж байгаа боловч төрийн дэмжлэг хүрэлцээгүй, тэгш бус, шударга бус байна.
  3. Тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа гэж одонтой ээжүүд хариулжээ.

Тиймээс энэ жил төр засгийн удирдлагуудыг эмэгтэйчүүдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсч, чуулганыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа.

Эрхэм дотнын эхчүүд, эмэгтэйчүүд ээ

Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Өнөөдөр бол баярын гэхээсээ ухаарал, дүгнэлт эргэцүүллийн өдөр гэж би санадаг. Энэ өдрийн уламжилж ирсэн хандлага, агуулга, эх үндэс ч ийм юм.

Монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, оролцоо ямар хэмжээнд байна, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хэрхэн хэрэгжиж байгаа зэргийг бид энэ өдөр тодорхойлон ярилцаж, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх талаар санал онолоо гаргаж, шаардах ёстой чухал өдөр юм.

Өчигдөр энэ танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор дээрх асуудалд чиглэсэн “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болсныг ташрамд дурдахад таатай байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн хүрээний асуудлыг тодорхой задалж харвал:

  • Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний байдал
  • Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүний наймаанд өртөж буй эсэх
  • Эмэгтэйчүүдийн боловсрол гэсэн асуудлууд эрэмбэлэгдэж байна. Эдгээрээс боловсролын асуудалд эмэгтэйчүүдийн эрх сайн хангагдсан гэсэн үнэлгээ тавьж болохоор байгаа бөгөөд дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байна.

Харин үлдсэн асуудлуудыг дунд болон дундаас доош түвшинд байна гэсэн үнэлэлтийг өгч болохоор нөхцөлд байгаа аж.

Миний бодлоор хамгийн тулгамдсан асуудал нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлс болоод байна. Ажилгүйдэл эрэгтэйчүүдийн дунд 56 хувь, эмэгтэйчүүдийн дунд 44 хувьтай байна. 2018 оны үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин 230 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, залуу эрэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдээс 1.35 дахин илүү цалин авч байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтээрээ эрэмбэлэгдэн эхэнд жагссан 20 ажлын байрны ихэнх нь эмэгтэйчүүд хийж чадахаар ажлын байрнууд харагдаж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа эмэгтэйчүүд цөөн байгаа нь эмэгтэй хүн гэр бүлдээ цагаа зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтод ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүй байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс үүнд чадах, хүчрэх хэмжээгээрээ оролцох, нөлөөлөх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох талаар Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олон мянгаар нэмэгдэх учиртай юм.

Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг Олон улстай харьцуулсан үзүүлэлтийг харвал монгол эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийнхээ эдийн засагт оролцох түвшин харьцангуй сайн, эхний 20 улс дотор эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшилт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг үзүүлэлтээр бид харьцангуй сайнд тооцогддог юм байна.

Гэтэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс нэлээд доор буюу дэлхийн улс орнуудаас 107-д эрэмбэлэгдсэн байх юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байгаа нь эндээс харагдана.

Тийм учраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Монгол эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох тал дээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхийг улс төрийн намууд, шийдвэр гаргагчид, парламентын гишүүдэд уриалмаар байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор оролцсоноор гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж ихэсдэг нь практикаар нотлогдсон ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны золиос нь эмэгтэйчүүд болж байгаа явдал буурахгүй байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй ноцтой асуудлуудын нэг яах аргагүй мөн. Гэмт хэргийн хохирогчдын 70 хувь нь эмэгтэйчүүд болж, тэднийг хохироож буй гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд гарч байна. Гэр бүл салалтын шалтгааны 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл болж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх хэмжээ юм. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хязгаарлах тал дээр төрийн байгууллагууд нэн даруй тодорхой ажлуудыг эрх зүйн хувьд ч, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд ч нэн яаралтай хийх шаардлагатай байна.

Монголын нийгмийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, тэнүүн жаргалтай гэр бүлд, ажилтай орлоготой сайхан амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстойг сануулснаар би үгээ төгсгөе.

Энэ танхимд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд мянга мянган иргэнээр хамгийн онцгой хувь нэмрийг оруулсан Алдарт эхийн одонтой 1000 орчим ээж Монгол орны маань өнцөг булан бүрээс хуран чуулсан байна. Энэ бахархалт хүмүүстэй 2008 оноос уламжлал болгон 12 дахь жилдээ баярын энэ өдөр учран золгуулж байгаа Одонтой ээжүүдийн холбоо, түүний удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг ахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн дор Монголын үрс маш олон болж, монгол эмэгтэйчүүд сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн, эрх жаргалтай байх болтугай” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн англи хэлний багш нарын чадварыг сайжруулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард ИБУИНХЦ-д зохион байгуулах уламжлалт арга хэмжээ Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урилаа. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Мөн хос хэлний боловсролыг дэмжих, хөдөө орон нутаг багшилдаг англи хэлний багш нарын ур чадвар, заах аргыг сайжруулахад Кембриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн автобусны тасалбараа ХААНААС Ч АВАХ боломжтой боллоо

Автотээврийн үндэсний төв, Гэрэгэ системс компанитай хамтран орон нутгийн автобусны тасалбарыг Улаанбаатар хотын 32 цэгт байршсан Гэрэгэ Киоскноос эсвэл гар утсандаа Гэрэгэ аппликейшн татаад Автобус гэсэн цэснээс ямар нэгэн нэмэгдэл төлбөргүйгээр, дэлхийн хаанаас ч, хүссэн цагтаа авах боломжийг бүрдүүллээ.

Баярын өдрүүд, амралтын өдрүүдээр авто вокзалын ачаалал эрс нэмэгдэж, иргэд урт дараалалд зогсох, тасалбараа захиалж амжихгүй тасалбар дуусах, автобуснаасаа хоцрох зэрэг асуудал үүсдэг. Вэбсайтаар захиалахад суудал давхцах, суудалгүй үлдэх зэрэг асуудлууд гардаг тул иргэд урт дараалалд зогсон хүссэн суудлаа захиалах гэж цаг зав алддаг үе ийнхүү ард хоцорлоо.

Гэрэгэ аппликейшний Автобус цэс рүү орж явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж, шууд тасалбараа захиалан баталгаажуулах бөгөөд гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм.

Гэрэгэ Киоск нь Улаанбаатар хотын 32 цэгт байршсан бөгөөд өөрт хамгийн ойр Киоскноос нэмэлт төлбөргүй, шимтгэлгүйгээр үндсэн үнээр нь орон нутгийн тасалбараа хэвлэн авах боломжтой.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Хөвсгөл явах тасалбараа гар утаснаасаа захиалчихлаа. Одоо дараагийн удаа заавал энд ирж дараалалд зогсохгүй, гэрээсээ амар тайван тасалбараа захиалаад, явах цагтаа шууд ирнэ.

Хөгшин хүн болохоор хөл тулахгүй урд суудалд суумаар байдаг. Очерлож зогссоор байгаад дугуйтай суудалд суух тохиолдол гарна. Одоо хүүхдүүдээрээ шууд хамгийн урд суудлыг нь эрт захиалуулж байна.

Ажлын онцлогоос хамаараад 7 хоногт 2 удаа автобусанд суух шаардлага гардаг. Одоо ирж явахдаа л гар утаснаасаа буцах тасалбараа авч болохоор боломж бүрдсэн байна.

Дөнгөж сая Гэрэгэ Киоскноос Завхан явах автобусны тасалбараа авчихлаа. Техник технологи хөгжөөд сайхан болжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллагатай сувилахуйн чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн 4 дүгээр хурал 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөл өмнө нь 2016 оны 3 дугаар сар, 2017 оны 4 дүгээр сар, 2018 оны 12 дугаар сард тус тус хуралдаж, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа сайжруулах талаар тогтмол санал солилцож, үйл ажиллагаандаа тусган ажилласан бөгөөд энэ удаагийн хурлаар Япон Улсаас 2019 оны 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн ахлагч Ашида Тацүя төслийн үйл ажиллагааны гүйцэтггэл болон үр дүнгийн үнэлгээ, төсөл хэрэгжиж дуусах хүртэлх үйл ажилллагааны талаарх зөвлөмж, цаашид төсөл хэрэгжиж дууссаны дараа ЖАЙКА-аас үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадоржийн зүгээс ЖАЙКА болон төслийн нэгжийн хамт олонд талархлаа илэрхийлж, төслийн хугацаанд олон үйл ажиллагааг хамтдаа амжилттай хэрэгжүүлсэнийг дурдлаа. Тухайлбал:

  • “Эмнэл зүйн сургагч багшийн сургалт”-ыг монгол эмч нар маань бие даан явуулдаг болж, улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтыг албан ёсоор удирдах эрхтэй 500 гаруй эмнэл зүйн сургагч багш бэлтгэсэн.
  • “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцсэн аргачлалаар боловсруулж, орон нутагт үндсэн мэргэшлийн сургалтыг анх удаа хэрэгжүүлж эхэлсэн.
  • Сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх үнэлгээний хуудсыг хамтран боловсруулж, төгсөлтийн дараах сургалт эрхэлж буй эмнэлгүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон Улсад богино хугацааны эмнэл зүйн ажиглах сургалтад суралцуулж эхэлсэн.
  • Яаралтай тусламжийн сургалтын багц боловсруулж, яаралтай тусламжийн сургалтуудыг монгол эмч нар бие даан амжилттай явуулдаг болсон зэргийг дурдаад Япон Улсаас ирж ажилласан Судалгаа, үнэлгээний багийн тайлан, зөвлөмжид тулгуурлан цаашдын хамтын ажиллагааг улам сайжруулахаа илэрхийллээ.

Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар

1)Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг загвар байгууллага болгож нэмэх, техникийн туслалцаа үзүүлж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх

2) Сувилахуйн чиглэлээр хамтран ажиллах

3) Сургалт эрхлэх байгууллагын хяналтын үнэлгээний тогтолцоог сайжруулах, үнэлээч бэлтгэх

4) Монгол-Японы сургалтын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Хурлаас гарсан зөвшилцлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Б.Бямбадорж болон ЖАЙКА байгууллагын Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар Төслийн загвар төлөвлөгөөний 4 дүгээр хувилбарыг баталж, гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ.

Иймд нөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэхүү саатуулагдсан жолооч нарын 45 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

Иймд иргэд, бүсгүйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

МАРТ 8 өдрийг тэмдэглэх болсон түүх

“Эмэгтэйчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүд ажлын цагийг багасгаж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг шаардан жагссанаар эхэлсэн түүхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс даруй зургаан цаг илүү ажилладаг байцсан ч яг адил хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд тус онд АНУ-ын ажилчдын эрхийг хамгаалах байгууллагад эмэгтэйчүүд анх удаа эвлэлдэн гишүүнээр элссэн байдаг. Үүнээс хойш 1910 оны энэ өдөр мөн Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэлд уриалан, хөдөлмөрлөх эрхийг жигдрүүлж, нэр төрөө хамгаалж, хүндлүүлэх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэхийг уриалснаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.

ЭНЭ ӨДРИЙН ТҮҮХЭН ДАРААЛАЛ:

1857 он – Оёдлын болон гутлын үйлдвэрийн эмэгтэйчүүд үйлдвэрийн удирдлагууддаа зүй ёсны шаардлага тавив

1909 он – АНУ-д социалист намын шийдвэрийн даргаар Эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэх болов.

1910 он – Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар сонгуульд оролцох эрхийн болон бусад эрхээ хамгаалахаар “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэр гарав.

1911 он – Дэлхий нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийв. Тэд эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ажил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэв.Гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд ийн нэгдэж тэмдэглэсэн байдаг.

1913-1914 он – 1913 онд ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдсэн бол, 1914 онд гуравдугаар сарын найман орчимд Европын бусад орны эмэгтэйчүүд энхтайвны төлөө эв санаа нэгдэн жагсав.

1917 он – Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй эр цэргээ алдсан ЗХУ-ын эмэгтэйчүүд хоол хүнс, энх тайвныг шаардан хоёрдугаар сарын сүүлд ажил хаялт зарлав. Энэ нь тухайн үеийн Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-н буюу Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байсан гэдэг.

1975 он – НҮБ-ын Ерөнхий Чуулганаас албан ёсоор энэ жилийг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Энэ онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан байдаг.

2011 он – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалжээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Э.Оюунболдын ангийнхан

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургуульд боловсрол эзэмшсэн алдартнууд олон бий. Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын олон арван хүчтэнүүд өнөө хэр нь төрөлх сургуулиараа зарлуулж барилддаг.

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн 2014 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. 2010 оны намар цаг. Сум орон нутгийн наадамдаа барилдаад танигдчихсан залуус илүү том зорилго тээж “Аварга” сургуулийн чөлөөт бөхийн ангийн босгыг алхаж байжээ. Оюутны дэлхийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, боловсролын ухааны доктор Юрагийн Гандолгор багшийн дааж авсан ангийн хөдөөний хүрэн бор залуус дунд өнөөдрийн спортын мундгууд боловсорч өсч өндийж байжээ. Бөхийн сургуулийн оюутнууд өдрийн тэн хагасыг бэлтгэлийн зааланд өнгөрүүлнэ. Урт хугацааны ачаалалтай бэлтгэлийг дааж гарсан нь нэг шат ахиад, шантарсан нь өөр зам хөөдөг бичигдээгүй хуультай. Харин эдний ангийнхнаас шантарч дундаас нь орхисон нь цөөхөн юм билээ.

Шантралгүй бэлтгэлээ базааж байсан ангийнхны эхний сорил нь монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан 6000 бөхийн барилдаан байсан гэнэ лээ. Дөнгөж нэгдүгээр курсийн оюутнууд нас бие хүрсэн эрчүүдтэй барилдаад даваад байна гэдэг боломжгүй. Монгол бөх гэж энэ их өв соёлыг дэлхийн дээд амжилтад бүртгэх ажилд эдний ангийнхан гар бие оролцсондоо сэтгэл өндөр явдаг юм билээ. Барилдааны дундуур үзүүлэх тоглолт толилуулж, уран дэвээ шаваагаар олон улсын жуулчдын нүдийг хужирлаж өв соёлоо сурталчилсан нь нэгдүгээр курсийн хүүхдүүдийн хувьд том амжилт болжээ.

Оюутан цагийн эхний жил ч спортын суурь хүмүүжил авч, бөхийн дөр суух гэж явсаар л өнгөрчихөж. Бүтэн жил бэлтгэл хийснийх таарсан наадамдаа зодоглоход бас чиг дугтруулаад өнхөрчихөөргүй хэмжээнд очсон байна. Үндэсний бөхийн бэлтгэлийг нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын начин Бүдээбазарын Адьяахүү хариуцаж хийлгэдэг байсан болохоор тэр шүү дээ. Залуусын ч бие чангарч булчин шөрмөс зангираад ирж. Дал майк өмсөөд толины өмнө эргэлдэх дуртай болсон талаар хэсэг нөхөд нь хөөрөлдөнө лээ. Зуны амралт ч болж. Адьяа багш шавь нартаа сумын заан цол авч ирэх даалгавар өгсөн аж.

2011 оны намартай золгоход өнөө хүрэн бор залуус бөх болох дөрөө олчихсон байсан талаар Гандолгор багш нь хэлж байв. Аймаг, сумын цолтнуудын барилдаанд ганц нэг давдаг болоод ирж.

Доржигмэдийн Алтангэрэл гэж жижигхэн шар хүү эдний ангийнхны нэрийг анх Бөхийн өргөөнд цуурайтуулжээ. Анхдагчийн нутгийн залуу 2011 оны аравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд гялалзсаар байгаад түрүүлчих нь тэр. 20-тойдоо сурсан ганц мэхээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг бүх өрсөлдөгчийнхөө хөлд гүйгээд түрүүлж байж. Гэхдээ 18-хан л настайдаа шүү дээ. Түүний энэ амжилтыг өнөө хэр нь эвдээгүй л байна.

Алтангэрэл чөлөөт болон самбо бөхийн төрлөөр шаггүй барилдчихна. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан юм.

Энэ ангиас төрсөн чөлөөтийн шилдгүүд олон. Гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын гарын шавь Б.Бат-Эрдэнэ гэж хүү энэ ангид боловсорч эрийн цээнд хүрсэн. Ангийнхаа насаар дүү, биеэр ч давжаа тэрбээр үндэсний бөхийн бэлтгэл нэг их хийхгүй. “Бөөрөнхий дэвжээнд би барилдахгүй. Бөмбөрцгийн дэвжээнд зодоглож том бөх болно” гэж хэлдэг байсан гэнэ. Хэлсэн амандаа ч хүрч залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Удахгүй болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй базааж буй. Чөлөөт бөх сонирхогчид ч энэ залууг том болно гэж үнэлдэг юм билээ.

Отгонбатын Оюунтуяа гэж ур чадвар нь тив дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн охин энэ ангийнх. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж эх орныхоо төрийн далбаагаа Тайландын тэнгэрт мандуулаад амжжээ.

Мөн Д.Баярмаа холимог тулааны спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлж нэрээ таниулаад амжсан.

АВАРГА, АРСЛАНГУУДААС АЙДАГГҮЙ
АНГИЙНХАН

Дээхнэ үеийн аварга, арслангууд ам бөхчүүдээ шүргээд л байсан талаар ахмад бөхчүүд хуучилдаг. Одоо цагт бол өөр. Том цолтнуудын аманд гарсан хүүхдүүд шүдээ зуугаад л үздэг болсон. Эдний ангийхан ч аварга арслангуудад халгаатай барилддаг. Өвөрхангайн Тарагтын Жигжидсүрэнгийн Бямбадоньд гэж аймгийн начин цолтой залуу энэ ангид бий. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн бөхийн барилдааны хоёрын даваанд улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гүйж байсан удаатай.

Ховд аймгийн Буянт сумын Батдоржийн Сосорбарам эдний ангийнх. Улсын өндөр цолтой бөхчүүдтэй гойд сайн барилддаг бөх. Өнгөрсөн наадмын түрүү улсын аварга Н.Батсуурийг нэгэн барилдааны үеэр толгойг нь уургалж солгой талдаа тонгороод бөхийн бүх төрлөөр цэвэр дарчихсан. Өргөөнд цугласан олон ч нураад л ирэх шиг болсон.

Чөлөөтийн ангийнхнаас том цолтнуудад халгаатай барилддаг өөр нэг залуу нь Сэлэнгийн аймгийн начин Баатарболд. Аварга, арслангуудын ихэнхтэй нь барилдаж байсан. Хатан Туулын хишиг барилдаанаар улсын арслан Р.Пүрэвдагвыг залчихсан айхавтар бөх. Арсланг хөлд нь суухад нь давуулж гуядаад тархиар нь газар зоочих шахсан байх. Тэр бичлэгээ утсандаа татчихаад ангийнхандаа үзүүлэх дуртай талаар нөхөд нь ярьж байв. Шавь нарынхаа элдэвтэй барилдааныг үзээд гавьяат багш Б.Адьяахүү ч баяртай л явдаг юм билээ.

УЛСЫН АРСЛАНТАЙ БОЛОВ

Энэ ангиас онцгой хүчтэн төрсөн нь улын арслан Энхтөгсийн Оюунболд. 19-хөн насандаа төрөлх нутаг Хэнтий аймгийнхаа наадамд аймгийн арслан Б.Хадбаатартай үлдэж түрүүлэхдээ хоёрдугаар курсийн оюутан байсан гэдэг. Энэ үедээ бөх сонирхогчдын анхаарлын төвд хэдийнэ орчихсон, улсын цолны тааварт нэр нь яригдаж байсан талаар ангийнхан нь ярьж байв. Аймгийн наадмын дараахан Төв цэнгэлдэхэд ирж барилдаад улсын заан Ц.Мягмарсүрэнгээр хоёр давж байсан аж. Аймгийн цолтой ч тэгж удаан барилдсангүй. Дараа жил нь хорьж болдоггүй 20 насандаа улсын харцага болчихсон. Улсын начин Б.Сангисүрэн, улсын арслан До.Ганхуяг, улсын заан Т.Санчир нарын хүчтэнүүд 20-той залууг хазайлгах гээд дийлэлгүй өвдөглөж байсан юм. Улсын цолтонтой болсон ангийнхан ч хязгааргүй баярласан гэнэ лээ. Урам авсан нөхөд ч бэлтгэлээ илүү сайн хийж дор бүрнээ цолоо ахиулцгаасан байна. Сүхбаатарын Б.Номиндалай аймгийн хурц арслан, Архангайн Л.Жамбал аймгийн арслан, Сэлэнгийн Б.Баатарболд аймгийн начин цол хүртсэн ажээ. Цол дагаж бяр нэмдэг жишгээр Оюунболдын ур чадвар өдрөөс өдөрт ахисаар. Улмаар идэр залуу 22-хон насандаа өнөө цагийн шилдэг гэх тодотголтой бүхий л хүчтэнүүдийг орхиж төрийн наадамд түрүүлж улсын арслан болж олноо өргөгдөх нь тэр ээ. Тэрбээр дархан аварга Жигжидийн Мөнхбатын 22 насандаа түрүүлж байсан амжилтыг олон жилийн дараа давтаж түүх бүтээсэн юм.

2010-2014 оны хооронд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийг ийм л спортын шилдгүүд суралцаж төгссөн аж. Энэ ангийн хамт олон дөрвөн жилийн хугацаанд суралцахдаа бүгд спортын цол зэрэгтэй дүүргэж, зорилгодоо ямар нэгэн хэмжээгээр хүрсэн нь бахархал юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын баруунтнууд нэгдэх цаг болжээ

Монголын улстөрчид баруун, зүүнээрээ хуваагдаж зүүнтэн нь баруунтнаа яаж сүйтгэж байсан тухай бэлээхэн түүх бий.

Үндэсний уламжлал, онцлог байдлаа хадгалж, дэлхийн бусад орнуудтай харилцан ашигтай, эрх тэгш харилцаатай байхыг эрмэлздэг үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагч Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ, Н.Хаянхярваа нарыг зүүний жигүүрийнхэн нь “Баруунтан” хэмээн буруушааж 1928 онд хуралдсан МАХН-ын VII их хурлаас удирдлагаас хөөснөөр зүүнтэн, барууны тэмцэл хүчээ авсан байдаг. Түүнээс өмнө Э.Д.Ринчино нам, эвлэлийн дотор хэт зүүн үзэлтнүүдийг дэвэргэн, Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан, МХЗЭ-ийн Төв хорооны дарга С.Буяннэмэх нарыг хууль бусаар баривчлуулж, С.Данзанг хурлын үйл ажиллагаанд оролцохыг хориглож улмаар 1924 оны долдугаар сард амь насыг нь егүүтгэжээ. Ө.Бадрах, П.Гэндэн, Ц.Жигжиджав, Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, З.Шижээ, Л.Лааган нарын зүүнтнүүдийн хүч улам нэмэгдэж 1928 оноос засгийн эрхэнд гарч Коминтернээс өгсөн зөвлөгөө, шаардлагыг эрчимтэй биелүүлэх болж. “Нийгэм журмыг байгуулах” нэртэй төлөвлөгөөний дор хөрөнгө хураах, хамтрал коммун байгуулах, шашин, сүм хийдийг хавчин шахах, баруунтнуудыг буруутгах ажлыг идэвхтэй хийж эхэлсэн. Ийнхүү баруунтнууд ялагдаж зүүнтнүүд төлөвлөгөөгөө биелүүлсний үр дүнд Монгол орон элгээрээ хэвтэхэд хүрсэн гэдэг. Хүмүүсийн хөрөнгийг хурааж хамтралд өгсөнөөр малын тоо толгой эрс буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, төр засагтаа итгэх итгэлгүй болгон хувиргасныг түүхэнд тэмдэглэснийг эх сурвалжуудаас уншиж болно. Энэ үйл явдлыг зарим түүхч “Зүүнтний үед явуулж байсан бүхий л бодлого, үйл ажиллагаа нь ангийн байр сууринаас бүгдийг ядуу, доод ангийн болгоход чиглэгдэж байлаа” гэх нь бий.

Яг үүнтэй адил үйл явдал өнөөдөр Монголд өрнөж буй. Зүүнтнүүд баруунтнуудаа шахаж, буруушааж эхэлж байна. Баруунтнуудыг ерөнхийд нь 60 тэрбумынхан гэдэг нэрийн дор шахаж байгаа. Хувьсгалын үед зүүнтнүүдийн эрх мэдэлд Их хурал, Бага хурал, Засгийн газар бүрэн эрх мэдлээ алдаж харьяаны бүхий л байгууллага нь зүүнтний захиалгаар ажилладаг газар болж хувирч байсантай адил одоо МАН-д НАМЗХ(Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо) гэсэн зүүнтний байгууллага гарч ирсэн. НАМЗХ, Зүүний хүчний холбоо гэсэн эдгээр байгууллагуудын гишүүд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар юм.

Зүүнтний ийм байгууллага бий болчихсон, засаг төрд гараад ирлээ. Эд нар “60 тэрбумынхныг устгана” гэсэн нэрийн дор ард түмний тархийг угаах замаар засаг төрийн мэдэлд хүрцгээгээд байгаа нь энэ. 60 тэрбум гэж нэрлээд чичлээд байгаа хүмүүсийг нь ангилаад үзэхээр уул уурхайн баялгаар хөрөнгөжсөн 30 гэр бүл, өмч хувьчлалаар хөрөнгөтэй болсон оффшор бүсэд данстай баячууд байгаа юм. Зүүнтнүүд ийнхүү 60 тэрбумынхан гэж нийтэд нь нэрлээд байгаа энэ хэсгийг дарж аваад баялаг, хөрөнгийн дахин хуваарилалт хийх гэж байна. Баялгийн дахин хуваарилалт хийхдээ их хорлонтойгоор гүйцэтгэнэ, яаж вэ гэхээр хөрөнгө хуваагаад Монголыг Венесуэл маягийн л орон болгох гээд байгаа юм.

Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг бүгдийг нь 60 тэрбум, офшорчид, 30 гэр бүл гэсэн шошготойгоор нийгэмд муухай харагдуулаад “Хөрөнгийг нь хураан дахин хувьчилан хувьцаа тараана, хөрөнгөжсөн хүмүүсийг шалгаж үнэн зөвийг олж шударга ёс тогтооно” гэдэг юм л давтаж яриад буй. Хамгийн гол нь энэ бүгдийгээ яриад 2020 оны сонгуульд орох гэж зэхэж байгаа нь илт. Сонгуульд яг энэ уриагаараа орох нь тодорхой л доо. Эд нар энэ хугацаанд юу ч хийж чадаагүй, баялаг бүтээж чадаагүй, үлдсэн жаахан хугацаандаа ч юу ч хийж амжихгүй. Тийм болохоор л ийм уриатай орох нь мэдээж. Баялаг бүтээж чадаагүй улсууд популизм л хийдэг. Популизм хийхийн тулд сонгуулийн үеэр хэлэх үгээ одооноос бэлтгэж эхэлж байгаа юм. “Өмч хувьчлалыг шалгана”, “МАНАН дэглэм, 60 тэрбумынхан, 30 гэр бүл, олигархууд, офшорчдыг устгана” гэж хашгирсаар л эд нар сонгуульд оролцоно. Энэ уриа бол ард түмэнд үнэхээр таалагдана шүү, харин ч нэг. “Эд нарын хөрөнгийг хураагаад та нарт өгнө” гэхэд “Өө, больё, больё” гэх хүн гарахгүй л болов уу. Тэглээ ч дэлхийн хүн амын 30 гаран хувь нь социалист үзэлтэй байдаг гэх юм билээ.

Ингээд эд нар сонгуульд энэ уриатайгаа өрсөлдөж, ялаад гараад ирлээ гэхэд уриагаа л гүйцэлдүүлэхийн төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Үүний эхлэл болгож 1992 оны өмч хувьчлалыг шалгах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүн яриад уриалаад байгаа. Энэ бүхэн бол зүүнтэн нь баруунтнаа шахаж байгаа гэсэн үг.

2020 оны сонгуулиар зүүнтнүүд ялаад төрийн толгойд гарвал дахин юу ч хийж чадахгүй, байгаагаа хуваагаад нийгэмчлээд л дуусгана. Тэгээд ядраад ирэхээрээ ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-д элсэнэ. Ерөөсөө зам мөр нь ийм болчихоод байгаа нь харагдаад байна. Нөхцөл байдал ийм байгаа энэ үед баруунтнууд юугаа ч хийгээд байгаа юм. Дэлсүүлэх ээлжээ хүлээгээд хүлцэнгүй зогсоо идэшний үхэр шиг хөдөлгөөнгүй зогсох шиг. Ийм эгзэгтэй үед ирчихээд байхад баруунтнууд та нар нэгддэггүй юм уу.

Ардчилсан нам бол мэдээж барууны үзэлтэй. Барууны үзэл бодолтойгоос гадна баруун чигийн улсууд МАН-д дүүрэн байгаа. 60 тэрбумынхан гэгдээд байгаа хүмүүс тэр чигээрээ барууныхан. “Петровис”, “МАК”, Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, М.Энхболд бүгд баруун чигийн улсууд шүү дээ. Ардчилсан намд харин зүүн чигийн улсууд нь цөөхөн, хөрөнгө мөнгөөрөө ч МАН-ыг гүйцдэггүй.

Барууныхан олуулаа, хүчтэй атлаа яагаад нэгдэж зүүний үзлийн эсрэг тэмцэл өрнүүлдэггүй юм бол оо. Нам, хүчнээсээ хамаарахгүйгээр барууныхан, зүүнийхэн гэж хоёр хуваагдах хэрэгтэй болоод байна, нийгэм. Барууныхан нийлж нэгдэж, идеалиа хамгаалах цаг болсон юм биш үү. Үүнийг бичигч бивээр хөрөнгө мөнгөгүй хүн. Гэвч та нарын өмнөөс гол харлаад байх юм. Та нарын хөрөнгөнд гол харлах ч юу байхав. Хэрвээ ийм юм болвол нийгэм хямраад цаашаа явахаа больж балардаг гэдгийг, хөрөнгө хурааснаасаа эс л юм болдог гэдгийг бодохоос гол харлаад байх юм.

Ерөнхийдөө зүүнтэн бүхий л ажлаа хийгээд эхэлчихсэн. Машинаар бол мотороо асаачихсан. Салхитын мөнгөний ордыг хураалаа гэхэд ард түмэн алга ташсан, офшорчдыг устгана гэхэд нижигнэтэл алга ташиж “Ура!” гэж хашгирсан. 30 гэр бүл, МАНАН-г устгана, “МАК”-ийг хураана гэхэд ард түмэн дэмжиж “Ура!” л гэсэн. Энэ бүгд чинь тэгээд юу хэлээд байна вэ гэхээр Монгол Улс балрахын цондон. Хамгийн түрүүнд, хамгийн ихээр балрах нь баруунтан та нар шүү. Монголыг зөв замд оруулахын тулд та нар нэгдэж, тэмцэл хийгээч. Энэ талаар санаа оноо гаргаач ээ. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн л ард түмнийг гэгээрүүлэх гээд ном хэвлээд яваа. Тэрийг нь тоож уншиж байгаа ч хүн алга. Уншсан ганц хоёр нь магтаад байгаагаас биш массаараа уншдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын идеаль болсон С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хорьчихлоо, Ц.Элбэгдоржийг элдвээр хэлцгээж байна. М.Энхболдыг доромжилсоор байгаад аваад хаячихлаа. Энэ бүгдэд барууныхан хүлцэнгүй хандаж, дуугүй л суугаад байх юм. Цахим орчинд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг өдөр шөнөгүй элдэвлэж байна. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр чигтээ зүүний үзэлтэй, хөрөнгө мөнгийг, хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл санаа нэвт ханхалж байна. Энэ бүхнийг та бүхэн хараад дуугүй л суугаад байх уу, барууныхаан. Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг их шүүмжилж буруушаадаг. Гэтэл энэ чинь Орост байсан хувийг л Монголдоо авчирсан үйл явдал шүү дээ. Зүүнтнүүдийн зүгээс нийгэмд буруу ойлголт өгдөг, та бүхнийг буруушаадаг олон асуудал бий. Тэр бүгдийг няцаа. Та бүхнийг үүн дээр нэгдэхийг уриалж байна, Монголыг эрүүл саруул нийгэмтэй байлгахад уриалъя. Энэ бүхэнд хөрөнгө мөнгөө зар. Сэтгэл оюунаа төвлөрүүлээд хоорондоо нэгд. Барууны чигийн хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмж. Монголын хөрөнгөтнүүд хувиа бодоцгоож довоо шарлуулдаг нь хатуухан хэлэхэд тэнэг харагддаг. Энэ маягаар байвал бүх юм чинь цаг хугацааны асуудал болчихоод байна. Ирэх сонгуульд зүүнтнүүд дээрх уриагаа хэлээд ороод ирэхэд дараагийнх нь дөрвөн жилд та нарыг дор нь хөрөнгөгүй болгоод хаячихна. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээс өөр аргагүй гээд л зүтгэчихнэ. Ийм эмзэг, түгшүүртэй ирээдүй та нарыг хүлээж байхад юугаа хийнэ вэ, нэгд л дээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Хар тамхины хэрэгт холбогдогчид 19-35 насныхан байна

-ТЭДНИЙГ АР ГЭРИЙНХЭН НЬ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД МЭДЭЖ БАЙДАГ-

Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүтэй ярилцлаа.


-“Хэд юм бэ” хэмээх сошиал нэвтрүүлгийн үеэр хулгайн гэмт хэргийг сурталчилсан гэгдээд байгаа. Тэрхүү нэвтрүүлэгт оролцож хүмүүст хулгайн үйлдэл хийх сэдэл өгсөн этгээдийг та дуудаж уулзсан байна лээ. Ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийг сурталчилах нь нийгэмд хэрхэн нөлөөлөх бол?

-Тус бичлэг сошиалд цацагдсанаас хойш иргэд дор бүрнээ олон талын байр суурьтай байсан. Тухайлбал, бичлэг дээр гараад байгаа хүн зүгээр тоглоом хийж байна. Нэвтрүүлгийн өнгө төрхөд нь тохируулан хариуллаа гэх мэт. Тэгэхээр энэ хэрэгт цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр аливаа гэмт хэрэг сурталчилсан, нийтэлсэн тохиолдолд заавал шалгаж тогтоох учиртай шүү дээ. Энэ асуудал наргиан байсан нь тодорхой. Гэтэл цагдаагийн байгууллагаас түүнийг дуудаж сенсацилах хэрэг байсан юм уу гэдэг зүйл ярьж байна лээ.

Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлдэг бол 20 орчим хувийг нь дээрэм, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд эзэлж байдаг. Тэгэхээр ингэж сурталчилж байгаагийн цаана маш их хор хохирол байдаг гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй. Өнөөдөр халуунд халж, хүйтэнд хөрж ар гэрээ тэжээх гэж өдөр шөнөгүй зүтгэж, талхны мөнгөнийхөө төлөө махарч яваа хүмүүсийн эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хумслаад аваад явчихдаг.

Гэр хороололд амьдардаг хүний усны тэргийг хулгайлаад аваад явчихад гар мухарддагтай адилхан тухайн ажил эрхлэгчийн хөдөлмөрийг мөлжих нь их, бага хамаагүй хохирол учруулдаг. Үүнийг манай залуучууд юу ч болоогүй юм шиг тоглоом маягаар ярина гэдэг нь харамсалтай зүйл. Яах вэ тухайн нэвтрүүлэгт оролцсон залуу тоглож, наргиад ярьсан байж болно. Үүнийг нь олон нийтэд түгээнэ гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн алдаатай холбоотой асуудал юм. Мэдээж тухайн залуутай холбогдож уулзсан. Нэвтрүүлэгт орсон залуу нь өөрөө экстрим спортоор хичээллэдэг, уулын цанаар нэлээд амжилт гаргасан, үлгэр дуурайл үзүүлэхээр залуу байсан.

-Тухайн нэвтрүүлгийг бэлтгэсэн телевизэд нь хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг үү?

-Олон нийтийн сүлжээгээр “том, ноцтой гэмт хэргүүдээ шийдвэрлээч, ганц залууг дуудаж байцаах юм” гэж байсан. Магадгүй цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа гэмт хэргийг юу ч болоогүй шиг ярьж, нийтэлдэг, үүнийгээ бахархал мэтээр ярьдаг битгий байгаасай гэсэндээ дуудсан юм. Гэмт хэрэг нь залуучууд хоорондоо ярьдаг хэлц яриа, тоглоом шоглоом шиг байж хэрхэвч болохгүй. Тиймээс Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэвлэл мэдээллийнхний хүлээх үүрэг гэж байдаг. 11.4-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж хэрэгжүүлнэ” гэж үүрэгдсэн байдаг. Мөн 11.5-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл аллага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн, сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл нэвтрүүлгийг хийхийг хориглоно” гэж заасан. Үүнийх нь дагуу тус телевизэд хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

-Тухайн бичлэг нь фэйсбүүкийн хуудсууд дээр яваад байсан шүү дээ. Энэ төрлийн сошиал хуудсууд нь мөн хуулийн этгээд гэж хамаарагддаг юм уу?

-“Хэд юм бэ” нэвтрүүлгийг залуучууд мэддэг юм билээ. Энэ нь нэгэн телевизийн контент. Тэгэхээр бэлдэж нийтлэн гаргасан газарт хариуцлага тооцно.

Цагдаагийн байгууллага ийм жижигхэн зүйлтэй зууралдаж байна гэж ерөөсөө ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг нь өөрөө онцгой үүрэг хариуцлагыг хүлээн ажилладаг. Тэгэхээр үүн дээр анхааруулга өгч, цаашдын гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх л ёстой.

-Өнгөрсөн нэгдүгээр сард гэмт хэргийн гаралт буурсан гэж байсан. Тэгвэл хоёрдугаар сарын тухайд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байв?

-2019 он гарснаас хойш Монгол Улсад үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан. Мөн сар шинэ нэгдсэн арга хэмжээг зохиосонтой холбоотойгоор хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйцээр буурсан.

-Цагаан сарын дараа айл өрхүүдийн худалдан авах чадвар буурдаг. Энэ үеэр хэн нэгний эд зүйлийг хулгайлах, орон байранд нь халдаж дээрэмдэх тохиолдол нэмэгддэг үү?

-Ер нь аливаа улирлын чанартай үйлдэгддэг гэмт хэрэг гэж бий. Ялангуяа мөнгө шаардлагатай үед буюу баяр ёслолоор залилангийн гэмт хэрэг, хуурамч бараа иргэдэд худалдаалах, халаасны хулгай, дээрмийн гэмт хэрэг нэмэгддэг. Мөн согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг ихсэх тохиолдол бий. Тийм ч учраас энэ сарыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс сэргийлэх сар болгож, “Нэг минут” аянг зохиож байгаа. Энэ нь бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг санаатай болон санаандгүй байдлаар учруулахыг хэлнэ. Ийм төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 20 гаруй хувийг эзэлдэг.

-Ийм өндөр хувь эзлэх шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулан хэрэгт холбогдсон тохиолдлуудын ихэнх нь өчүүхэн зүйлээс болсон байдаг. Ялангуяа залуучууд хоорондоо үл ялиг зүйл дээрээс болоод маргалдан бие биенийхээ эрх чөлөөнд халдан, гэмтэл учруулж, нэг нь гэмтэж, нөгөөх нь эрүүгийн хариуцлага хүлээж байна. Тухайлбал, шөнийн цэнгээний газрын тамхины өрөөнд тамхилж байсан хоёр хүнээс “өвгөөн тамхилаач ” гэхэд нь “би өвгөн байна уу” гээд зодон хүнд гэмтэл учруулсан асуудал байна. Үүнийг харьяа дүүргийнх нь мөрдөгчид “Нэгнийгээ танихгүй, ямар нэгэн өс хонзонгийн сэдэл байхгүй хэрнээ халамцуу үедээ өвгөн гэснийх нь төлөө биед нь халдсан” гэдэг. Нөгөөх нь найзархаж өвгөн гэснээс болоод зодоон үүсч нэг нь хүнд гэмтэн, нөгөө нь хэрэгтний ширээний ард сууж байна. Өөрийн тань уур бухимдлыг хүргэсэн үйлдэлд нэгхэн минут хүлээцтэй хандаж, аливаа асуудалд эерэгээр хандахыг уриалж байгаа юм. Хүчирхийллийн аргаар шийдсэн бүх зүйлийн хор хохирол өндөр шүү дээ.

-Сүүлийн үед хүчингийн гэмт хэргийн гаралт их байна гэсэн. Саяхан бага насны хүүхдийг 20 гаруй настай залуу хүчиндсэн. Мөн нэг эрэгтэй дараалан хоёр эмэгтэйг хүчиндсэн гэхчлэн энэ төрлийн гэмт хэргийн үйлдлүүд чих дэлсээд байгаа. Үүний шалтгаан юундаа байна вэ. Магадгүй нийгэм нь өөрөө тогтворгүй байгаа болохоор гэмт хэрэг хүндрэх хандлагатай байна уу?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдээд байгаа нь тухайн хүнийхээ сэтгэцтэй л холбоотой асуудал. Бага насны хүүхдийг хараад бэлгийн дур хүслээ хангах сэдэл тухайн хүнд төрнө гэдэг нь сэтгэцдээ өөрчлөлттэй байна л гэсэн үг. Саяхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн зайтай 53,24 настай эмэгтэйчүүдийг хүчиндсэн байж болзошгүй 34 настай этгээдийг илрүүлэн шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Сэжигтэн хэрэг хариуцах чадвартай боловч тодорхой хэмжээнд сэтгэцийн өөрчлөлттэй байдаг. Гэсэн ч энэ нь хэргээс мултарна гэсэн үг биш юм. Ер нь эрүүл ухаанаар бодсон ч бага насны хүүхдийг хүчирхийлнэ гэдэг нь гаж үйл явдал. Мөн хүчиндэх төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхэд хохирсон тохиолдол нь өөрөө маш эмзэг асуудал. Ер нь анхаарал болгоомж хэнд ч илүүдэхгүй. Ялангуяа орой үдшийн цагаар явахдаа баталгаатай такси үйлчилгээг сонгох, хэн нэгэнтэй хамт явах зэргээр эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь чухал.

-Мөн сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэлээд газар авах боллоо. Хилээр хар тамхи нэвтрүүлэх шинэ арга бүртгэгдлээ гэгдэх болсон шүү дээ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлттэй холбоотой гэмт хэргийн статистик мэдээллийг аваад үзвэл, сүүлийн таван жилийн дотор энэ төрлийн гэмт хэргийн болон холбогдогчдын тоо гурав дахин нэмэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх газрыг байгуулан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Гэмт хэрэгт холбогдогчдын насны байдлыг аваад үзвэл 19-35 насныхан. Он гарснаас хойш хар тамхины хоёр томоохон бүлгийг их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн байхад нь илрүүлэн баривчилсан. Саяхныг хүртэл хар тамхийг кинон дээрээс л хардаг байсан бол одоо манай улс дамжин өнгөрөгч орон бус хэрэглэгч болчихоод байна.

-Олон нийт хар тамхи тээвэрлэж байгаа буюу зөвхөн өнгөн хэсгийнх нь хэрэг үйлдэгчдийг л илрүүлээд байна гэж хэлдэг шүү дээ?

-Бид зүгээр тээвэрлэгчдийг бариагүй. Манай Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг удаан хугацаанд явуулсны үр дүнд тээвэрлэгч, зуучлагч, зохион байгуулагч бүгдийг нь илрүүлэн шалгаж байгаа. Хэрэв тэр их хэмжээний /300 сая төгрөгтэй дүйцэхүйц/ хар тамхи худалдаалагдсан бол ямар хохирол учирч хичнээн гэр бүл нулимстай хоцрох байсныг тооцоолох аргагүй.

-Тухайлбал, хар тамхи зуучлагч нь голдуу ямар хүмүүс байдаг вэ?

-Монгол Улсын иргэд байна. Мөн гадаад улсаас манай улсад орж ирэн энэ төрлийн гэмт хэргийг бүлэг зохион байгуулалттай үйлдэж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Мансууруулах бодис худалдаалагчид хэрэглэгчдээ бий болгохын тулд “маш сайхан байдаг, нэг удаа хэрэглэхэд сөрөг нөлөөгүй гэхчлэн” буруу мэдээлэл залуучуудад түгээдэг. Хэрэв үүнийг хэрэглэж, үүнтэй холбогдсон л бол гэрэл гэгээтэй нэг ч зүйл байхгүй. Харин та эдийн засаг, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирч эцэстээ амиа алдана. 2017 онд хар тамхи хэрэглэгч, үүнд донтсон хоёр ч хүн амиа хорлон нас барсан байдаг. Хар тамхины цаана гэрэл гэгээтэй нэг ч зүйл байхгүй.

-Хар тамхитай холбогдсон хүмүүсийг ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг бол?

-Ер нь хар тамхи, мансууруулах төрлийн бодист холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн нь тодорхой хэмжээнд тэднийг мэдэж байдаг. Мэдээж тухайн хүний бие, сэтгэл зүй хувийн байдалд нь өөрчлөлт орж, хэрэгтний ширээний ард суусны дараа ар гэрийнхэн нь “ингээд байсан юмаа” гэхчлэн мэдсэн байдаг. Тэгэхээр хүүхдэд тань сэжигтэй тохиолдол илэрсэн бол нэн яаралтай цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

-500 болон 300 сая төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц хар тамхи Монголд орж ирээд байна гэдэг нь манай улсад нэг тэрбум орчим төгрөгийн хар тамхины нийлүүлэлт байна гэсэн үг үү?

-Тэдгээр хүмүүс үүнийг авчран борлуулах гэж л оролдож байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийг бий болгоно л гэсэн үг. Хар тамхитай тэмцэхийн тулд БНХАУ болон ӨМӨЗО-той хамтран ажиллаж байгаа. Гэтэл гуравдагч орноос оруулж ирэх оролдлого их байна. Мөн хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэх хандлага ажиглагдлаа. Тэгэхээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдаа мэргэшүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байна. Гол нь хар тамхийг хэрэглэхгүйгээр татгалзаж чадах юм бол гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө хамгаалж чадна.

-Сүүлийн үед зам тээврийн осол эндэгдэл эрс буурсан гэсэн таатай мэдээлэл байна?

-Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ явуулж байгаа. Ер нь өдөр тутмын мэдээлэлтэй танилцаж байхад зам тээврийн ослоос болж нас барсан хүн, осолд өртсөн тохиолдол тасралтгүй бүртгэгддэг байсан бол 27-28-нд шилжих шөнө Улаанбаатар хотод зам тээврийн ослоор нас барсан хүн байхгүй, гэмтсэн хүүхэд бүртгэгдээгүй. Энэ нь нэг талаараа цагдаагийн алба хаагчдын ажиллагааны үр дүн боловч нөгөө талаараа жолооч нарын сахилга бат, хариуцлага сайжирч байгааг харуулж байна. Үүнээс гадна хатуу хучилттай зам дээр хэрэглэгдэх зориулалттай мотоциклийг хөдөө орон нутгийн иргэд ихээр ашигладаг. Үүнээсээ болоод осолдож амь насаа алдах тохиолдол ихэссэн. Тухайлбал, саяхан малчин иргэн мотоциклтой явж байгаад осолдон амь насаа алдсан хоёр ч тохиолдол бүртгэгдсэн.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгор: Татварын шинэ хуулиар аж ахуйн нэгж орлого олоогүй байж татвар төлөх нь

– 50 САЯ ХҮРТЭЛХ ОРЛОГОТОЙ КОМПАНИУД ЗААВАЛ НЭГ ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ. 50 САЯАС ДЭЭШ ОРЛОГОТОЙ НЬ ШАЛГАЛТААР ТОГТООГДВОЛ ОРЛОГЫНХ НЬ АРВАН ХУВЬД ТОРГУУЛЬ НОГДУУЛНА-


Татварын багц хуулийг хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр яаравчилж байгаа билээ. Хэрэв энэ хууль батлагдвал аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт учруулна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар арбитрч, санхүүч Г.Хонгортой ярилцлаа.


-Татварын багц хуулийн төслийн гол, гол өөрчлөлтүүд нь юу байна вэ?

-Энэ хуулийн төсөлд нь хэд хэдэн эргэлзээтэй асуудал байгаа. Миний бие дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн л дээ. Татварын багц хуулийг дүүргийнхээ иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийн үүднээс уншиж, судаллаа. Манайх улсын хэмжээний хамгийн том дүүрэг. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Жижиг аж ахуйн нэгжүүдийг хөл дээр нь босгож чадсанаар дүүргийн төсөв халгиж цалгиж байх ёстой. Санхүүгийн хувьд бие даахын тулд татварын орлого өндөр байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл татварын багц хуулийн төслийг харахад татварын харилцааг шилэн, ил тод, хөнгөн биш хэлбэр рүү оруулж байна. Энэ бол хөгжил биш, ухралт.

Хууль санаачлагчид “Жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэсэн хуулийн үзэл баримтлалтай” гэж танилцуулж байгаа юм. Бодит байдал дээр асуудал өөрөөр харагдаж байна л даа. Аж ахуйн нэгжийн жилийн орлогынх нь хэмжээ 50 саяас доош тохиолдолд нэг хувийн татвар ногдуулна гэж ажлын хэсгийнхэн нь тайлбарлаж байгаа юм. Тэгсэн хэрнээ хуулийнхаа төсөлд энэ тухай огт үгчлэн тусгаагүй байж ингэж яриад байгаа нь ойлгомжгүй. Татварын ерөнхий газрын мэдээлж байгаагаар нийт бүртгэлтэй компанийн 90 гаруй хувь нь “X” тайлан илгээдэг. Үйл ажиллагаа явуулж чадаагүй, орлого олоогүй гээд тайлангаа өгдөг. Одоогийн хуулийн төслийн шинэ зохицуулалтаар бол ийм аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 320 мянган төгрөг төлөхөөр болж байна. Улирал тутамд 80 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 192 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг.

Тэднээс “Х” тайлан тушаадаг нь ойролцоогоор 50-60 мянга гэхээр нэг компани жилд 320 мянган төгрөгийн татвар төлнө. Тэгэхээр сансрын тоо гарахаар байгаа юм.

-Үйл ажиллагаа явуулаагүй байж татвар төлөх хэрэг үү?

-Үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж орлого олохгүй нь мэдээж шүү дээ. Орлого олоогүй байж татвар төлнө гэдэг чинь цэвэр аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт учруулж байна. Энэ бол иргэдийг бизнес хийх хүсэл эрмэлзлийг нь дараад зогсохгүй олон аж ахуйн нэгжүүдийг устгах гэсэн санаархал. Ерөөсөө ийм хуулийн заалт оруулж байгаа нь Үндсэн хуульд харш гэж үзэж байна. Маргааш бизнес эрхэлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй иргэн хүн Улсын бүртгэлд нь хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлээд компани байгуулсан ч аргагүйн эрхэнд “Х” тайлан тушааж байгаа. Иргэн хүн эрх цаасан дээрх компани эзэмших эрхтэй гэж үзэж байна. Гэтэл тэр эрх чөлөөг нь боомилж байна. Ингэхдээ татварын дарамт учруулж албаар жижиг бизнесүүдийг татан буулгах гэсэн асуудал юм.

-Уг нь энэ хууль тэгш шударга зарчмыг нэвтрүүлнэ гэж байгаа. Тэр утгаараа далд эдийн засгийг хумихаар татварын орчныг нэлээд чангатгасан хууль гарах юм биш үү?

-Харин ч авлигын орчны эх үүсвэрийг бүрдүүлсэн хууль гарах гэж байна. Жишээлбэл, 50 сая төгрөгөөс доош орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөхдөө татварын албанд хүсэлт гаргана. Ингээд татварын шалгалтад орж 50 саяын орлоготой гэдгээ баталгаажуулна. Тэгээд татвараа бүрэн зуун хувь төлнө. Энэ шатанд татварын нэмэлт төлбөр торгууль үүсэх эрсдэлтэй. Компани хэрэв 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байна гэж үзвэл татварын акт тавигдана. Ингэхээр нэмэлт төлбөр торгууль төлөх болчихоод байгаа юм. 50 сая төгрөгөөс доош орлоготой гэдгээ шалгалтаар нотолсныхоо дараа Сангийн яамны зөвшөөрлөөр татварын буцаалтаа авах юм шиг л зүйл харагдаад байх юм. Сангийн яам төлсөн татварынх нь 90 хувийг буцааж өгөх асуудлыг шийдэх юм байна гэсэн.

-Тэгэхээр акт тавьсан компаниас шууд арван хувийг нь Сангийн яам авчих юм байна. Үүний оронд тухайн компани татварын байцаагчтайгаа тохиролцох нөхцөл үүсч болох нь ээ?

-Тийм. Энэ бол буруу. Жижиг бизнесийг ингэж дарамтанд оруулж болохгүй. Татварын байцаагчтай тохирох ч юм уу, амьдрал дээр янз бүрийн гажуудал гарч болзошгүй. Татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдтэй ханцуйн дотроо наймаалцах үндсийг бүрдүүлээд байгаад л шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Татварын багц хуулийн төсөл тэгш шударга зарчмыг хангахгүй байгаа өөр нэг дутагдал бол гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг хөнгөлсөн зохицуулалт байна. Одоо гадаадын компаниуд гадагшаа мөнгөө гаргахдаа 20 хувийн татвар төлдөг. Үүнийг таван хувь болж бууруулахаар төсөлд заажээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад татварын таатай орчин бүрдүүлэх ёстой гэдэг л дээ?

– Дотоодын “Х” тайлантай аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр бөөн дарамт үүрүүлэх гээд байна. Тэгсэн хэрнээ гадаадын компаниудад хөнгөлөлт эдлүүлэх гэж байна шүү дээ. Гэтэл манай дотоодын аж ахуйн нэгжүүд арван хувийн татвар төлж байгаа. Харин гадны компаниуд таван хувийн татвар төлж байгаа нь шударга байдалд хэр нийцэх вэ.

-Татварын багц хуулийн шинэчлэл бол нийгэмд нэлээд хүлээлттэй байгаа. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэхдээ төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулна гэж үүрэг хүлээсэн. Энэ хүрээндээ хуулийн өөрчлөлтөөр татварын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна уу?

-Хуулийн төслийг хаврын ээлжит бус чуулганаар батлах гэж яарч байгаа нь 2019 оны төсөвтэй холбоотой. Учир нь энэ оны төсвийг батлахдаа өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хувь хэмжээг мөрдөөгүй.

Харин одоо яригдаж байгаа татварын багц хуулийн төслийн төсөөллөөр баталчихсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиндаа суурилж байж төсвийн тухай хуулийг батлах ёстой. Гэтэл шинэ татварын хуулиараа иргэддээ дарамт учруулж болохгүй. Энэ олон аж ахуйн нэгжүүд татвар төлдөг болно гэдэг чинь татварынхаа бааз суурийг бэхжүүлж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүдээ устгах юм бол татварын баазынхаа эсрэг үйл ажиллагаа болно.