Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-аас буюу өнөөдрөөс нэвтрүүллээ. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэр сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг болох үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим болгох зорилго тавин ажиллаж байгаа аж.
Month: March 2019
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр БНЭУ-ын шинээр томилогдсон Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд “Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэлээ.
Элчин сайд М.П.Сингх сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авсанд талархал илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах тул төслийн үйл ажиллагаа хугацаандаа хэрэгжихэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа хэлэв. Энэхүү төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихэд БНЭУ-ын Газрын тосны яам анхаарч ажиллаж байгааг мөн уламжиллаа.
Мөн уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд БНЭУ-ын элчин сайдтай энэ оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Петротек-2019” арга хэмжээний үеэр хийсэн уулзалт болон Газрын тосны чиглэлээр Монголоос оюутан, мэргэжилтэн сургах, бэлтгэхэд Энэтхэгийн талтай хамтран ажиллах, Монгол Улсад Энэтхэгийн аж үйлдвэрийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар санал солилцсон юм.
– ЭНЭ АЖИЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ УЯГДАЖ БАЙНА –
“Эмээлт” түүхий эдийн захын хашаануудад адууны шир, хонины нэхий овоолоостой байна. 2017 оноос хойш нэг ч адууны шир хилээр гаргаагүй байгаа гэнэ. Үүнээс болж хоёр жил гаруйн хугацаанд ойролцоогоор 600 гаруй мянган шир хуримтлагдсан нь энэ аж. Ченжүүд адууны ширийг 10-15 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан гэнэ. Хилээр гаргачихвал 30 гаруй мянган төгрөгөөр худалдаж, дундаас нь ашиг хүртэх аж. Гэвч Засгийн газар, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилээр арьс, шир гаргахгүй байгаагаас болж,барагцаалбал 14 тэрбум төгрөг салхинд хийсэх дээрээ тулаад байна. Энэ талаар сурвалжлахаар өчигдөр “Эмээлт” түүхий эдийн захыг зорилоо. Тус зах дээр нэхий ширхэг нь 1500, ямааны арьс 25 мянга, үхрийн шир 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол адууны ширийг хэн ч авахгүй байлаа.
Хашаа болгонд адууны шир овоолжээ. Хоёр давхар байшинтай тэнцэх өндөртэйгөөр хэд хэдэн эгнээ болгоод хураажээ. Энэ жил цаг агаар дулаахан, тогтуун байгаагаас болж хураалгаатай хөлдүү шир эхнээсээ наранд уядаж, гэсэж эхэлжээ. Хэрэв энэ янзаараа таван сартай золгочихвол ширнүүд өмхийрч, өт батганадаа баригдаад хэнд ч хэрэггүй хог болохоос гадна байгаль орчинд хор хөнөөлтэй. Хогийн цэг рүү зөөхөөс өөр арга байхгүй болох юм байна. Ченжүүд “Хэнд ч хэрэггүй хог новш болохыг нь мэдсэн бол адууны шир, хонины нэхий дэмий авлаа. Хашаагаар дүүрэн адууны шир, хонины нэхий байна.Одоо хилээр гаргахгүй гэвэл хогийн цэг рүү аваачиж хаядаг юм билүү” гэж аргаа барсан янзтай сууж байв.
Өнгөрсөн өвөл худалдаж авсан тэмээнийхээ ширний үс ноосыг нь хяргаж эхэлжээ. “Эмээлт” захын хашаа болгонд арав гаруй хүн хайч барьчихсан тэмээний ширний үс, ноосыг хяргаж байлаа. Нэг ширийг ноосноос нь салгахад ажлын хөлс таван мянган төгрөг гэнэ. Өнгөрсөн жил 400 гаруй мянган ширхэг адууны ширийг давсалжээ. Давсалсан ширний 50 гаруй мянга нь муудаж хаясан гэнэ. “Эмээлт” захад адууны шир ийнхүү олноороо хураагдах болсон нь малын арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосонтой холбоотой аж. Засгийн газраас 2013 онд түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал шийдвэр гаргаж байсан. Гэвч дотоодын үйлдвэрүүд малын гаралтай түүхий эдийг хагас ч боловсруулж дийлдэггүй аж. Үүнээс болж жил бүр адууны шир “Эмээлт” захад ийн хуримтлагдах болжээ.
Ш.ЭНХСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Энэ талаар “Эмээлт” захын ченж Ш.Энхсайхантай уулзаж ярилцлаа.
-600 гаруй мянган адууны шир хураагдчихаад байгаа юм байна. Арьс, ширний үйлдвэрүүдэд боловсруулаад хилээр гаргачихаж болдоггүй юм уу?
-Болдог бол бид адууныхаа ширийг өтөнд идүүлж, муутгахгүйн тулд давслах гээд л үйл тамаа эдэлж суухгүй байсан юм. Засгийн газар үнэхээр судалгаагүй, амьдрал дээр хэрэгжих боломжгүй зүйлийг цаасан дээр буулгачихсан. 330 дугаар тогтоолыг арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж, эдийн засгийн цар хүрээг нь тэлж, гадаадын улс орнуудад хагас боловсруулсан арьс, шир, нэхийгээ нийлүүлдэг болчихоод гаргах ёстой байсан юм. Гэтэл юу юунд ч хүрэлгүй арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал, шийдвэр гаргачихсан.Ингээд асуудал үүсээд байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэр сард бүх хүчин чадлаараа ажиллахад таван мянга гаруй шир боловсруулах хүчин чадалтай байна. Жилдээ 50-70 мянган ширхэг арьс, шир боловсруулна гэсэн үг. Тэгсэн жилдээ 240 гаруй ширхэг адууны шир ченжүүдийн гар дээр хураагддаг. Өөрөөр хэлбэл, 200 орчим мянган адууны шир хог дээр хаягдана гэж ойлгож болно. Бид арьс, шир хилээр гаргахгүй болохоор боловсруулах үйлдвэрүүдийг шахдаг.Та нар хүчин чадлаа нэмэгдүүлээд арьс, ширээ хэдэн мянгаар нь боловсруул. Ажлаа хий гэж хэлдэг. Тэд өөдөөс Монголд хэдэн мянгаар нь боловсрууллаа гэхэд худалдан авалт хийх, борлуулах зах зээл алга. Бид та нараас болоод ашиггүй ажиллах болж байна уу. Одоохондоо боловсруулсан арьс, ширээр цүнх, гутал хийж байна шүү дээ гэдэг. Үүнээс гадна нэмүү өртөг шингээх гэж бөөн асуудал байна. Нэг хонины нэхийг 1500 төгрөгөөр худалдаж авч байгаа. Тэгвэл арьс, ширний үйлдвэрт боловсруулах гэхээр баахан химийн бодис орж байна гээд дөрвөн мянган төгрөг болчихдог. Түүнийг нь хилээр гаргаж хятад ченжүүдэд өгөх гэхээр үнэтэй байна гээд авдаггүй. Ингээд л нэхий хог болчихож байна шүү дээ. Адууны ширийг 10-15 мянгаар худалдан авдаг. Тэгвэл үйлдвэрт боловсруулахад 15 мянган төгрөгөөр авсан үнэ дээрээ 20 мянган төгрөг нэмж өгч байж боловсруулах болдог. Тэгэхээр ямар ч ашиггүй болчихоод байна шүү дээ. Өөрсдөө боловсруулах үйлдвэр барих гэхээр зөвшөөрөл, тоног төхөөрөмж, хилээр оруулж ирэх химийн бодис гээд л бөөн асуудал болох юм байна лээ.
-Энэ асуудлаа салбарын яам, Засгийн газарт та бүхэн мэдэгдсэн үү?
-Одоогоос гурван жилийн өмнө 2016 онд адууны шир хэдэн мянгаараа цугларч, бөөн хэл ам дагуулж байсныг санаж байгаа байх. Тэр үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг яах вэ гэдэг асуудал гарч, Аж үйлдвэрийн яамнаас санал гаргаснаар хоригийг түр хугацаагаар буюу нэг сарын хугацаанд цуцалж байсан. Бид энэ жил мөн л салбарын яам, Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байна. Удахгүй шийдвэр гарах байх гээд л хүлээж сууна даа.
АДУУНЫ ШИРЭЭР БУЙДАН, ПҮҮЗ ХИЙДЭГ
“Эмээлт” түүхий эдийн захын ченжүүд Монголд адууны шир боловсруулаад бүтээгдэхүүн болгочихдог олигтой компани байдаггүй гэдгийг онцлон хэлж байв. Урд хөршийн ченжүүд ирээд “Танайхан өөрсдөө боловсруулж чадахгүй байж мөнгө болгох хэрэгтэй. Монгол адууны шир үйлдвэрүүдэд очоод ихэвчлэн үнэтэй арьсан буйдан болдог. Сүүлийн үед хийгдэж байгаа чанартай пүүзийг дандаа адууны ширээр хийж байна. Хэрэв хилээр гаргахгүй гэж бодож байгаа бол арьсан буйдан, пүүзний үйлдвэр оруулаад ирэх хэрэгтэй” гээд л толгой сэгсрээд байдаг гэнэ. Ченжүүд адууны шир худалдаж авснаас болж мөнгөний эргэлт нь зогсчихжээ. “Ирэх жил адууны шир ёстой авахгүй. Ноолуур авах мөнгөө эргэлтэд оруулж чадахгүй түгжээд баларч байна” гэцгээж байв. Тэд Засгийн газраас нааштай хариу өгөхийг хүлээж ядаж байна лээ. Манай улс жилд арван сая мал нядалгаанд оруулдаг байна. Үүнээс адуу 300 мянга орчим байдаг гэнэ. Манай улсад арьс, шир үйлдвэрлэн борлуулдаг 35 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Жилд бод, бог нийлсэн 10.3 сая ширхэг арьс бэлтгэдэг байна. Үүний 25 хувийг дотооддоо боловсруулдаг аж. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг юм байна. Монголын үйлдвэрүүд нийт арьс, ширний ердөө 25 хувийг боловсруулах хүчин чадалтай гэнэ.
НООЛУУР КИЛОГРАММ НЬ 115 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
“Эмээлт” түүхий эдийн зах дээр ноолуурын ченжүүд гарчээ. Тэд килограмм ноолуурыг 115 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Одоогоор ноолуур маш бага хэмжээтэй орж ирж байгаа гэдгийг хэлж байлаа. Тэд “Өнөө жил ноолуур 115 мянгаас дээш үнэ нь нэмэгдэхгүй байх. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд үнэ нь буурах байх” хэмээн таамаглаж байна лээ. БНХаУ-ын ноолуурын ченжүүд ирцгээчихсэн байгаа гэнэ. Ченжүүдтэй хэдэн килограмм ноолуур авах гэрээ хэлэлцээр хийж, санхүүжилтээ шийдэж өгчээ. Тэгэхээр ноолуурын үнэ буурахгүй байх. Сүүлийн хоёр жил ноолуур килограмм нь 100 мянган төгрөгөөс доош буугаагүй гэнэ. Өнтэй өвөл болсонтой холбоотойгоор ноолуур оройтож гарч байгаа ажээ. Ченжүүд “Малчид үхсэн ямааны тарзаа өдийд самнаад ноолуур зараад эхэлдэг. Өнөө жил Шинэ Жинстийн үүлдэрийн цагаан ямааны ноолуур килограмм нь 140 мянган төгрөгт хүрэхээр байгаа. Мөн Дорнодын цагаан ямааны ноолуур ч үнэтэй байхаар байна” гэж байлаа.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Манай наймдугаар сар шиг налгар халуун өдрүүд Энэтхэгт үргэлжилж байна. Өдөртөө 20-25 градус халуун. Шөнөдөө +10 гаруй градус болохоор оройхондоо цамц давхарлаж өмсөх ч хэрэг гарна. Нэг, хоёрдугаар сар бол тэндээ сэрүүний улирал нь. Хамгийн халуун үе нь тавдугаар сард 50 градус хүрч халдаг гэж байгаа. Харин Гималайн нурууны нутгаар жилийн турш сэрүүн, өвөлдөө хүйтэрч цас ордог. Цаг агаар нь ийм сайхан тааламжтай цагаар Шинэ Делид ирлээ. Хэт халууны улиралд нь ирвэл бие хямарч тавгүйтдэг гэсэн. Тийм зовлон алга. Дели бол Мумбайг бодоход хавьгүй цэвэр тансаг хот юм. Замын түгжрэл бага. Өнөө гурван дугуйтын өнгө нь ногоон болж өөрчлөгдсөн болохоос хамгийн өргөн, хүртээмжтэй унаа хэвээрээ. Хаа сайгүй сүлжин давхилдах тэрхүү унааг хүлэглэж үзэх хүсэл байсан болохоор жаахан зав гаруут дөрвүүлээ нийлж аваад суув аа. Үнэ хөлсийг нь жолоочтойгоо тохиролцоно. Бидэнд тун найрсаг жолооч таарав уу яав, хаана ч хүрсэн 20 рупийгээр хүргээд өгье гэв. Энэ нь монгол мөнгөөр 800 төгрөгөөр чамгүй хол давхилаа. Гэтэл буруу замаар явж байсан уу яасан, жолооч маань хотын төвийн өргөн урсгалыг сөрөөд давхидаг байна шүү. Өмнөөс дөрөв таван эгнээгээр машинууд юу юугүй тулаад ирдгийн даваан дээр амжиж нөгөө урсгал руугаа оров. Бид л сандраад байсан болохоос байдаг л үзэгдэл бололтой, жолооч залуу салхи сэнгэнүүлэн тоох ч үгүй давхина. Тэгж тэгж очих гэсэн газраа хүрлээ. “Та нарыг хүлээж байх уу” гэж байна. “Өөрөө мэд” гэчихээд хоёр цаг гаруйн дараа гарч ирэхэд өнөөх маань арилаад өгчээ. Дахин гурван дугуйтад сууж аваад түрүүчийнхийг бодвол маш ойрхон газар явахад 80 рупи авлаа. Энэтхэгтгадныхан андашгүй тод гэгээтэй харагдана. Жуулчдын автобус хараад хүүхдүүд замын голд ч хамаагүй гүйлдэн ирж нугарч, гар хөлөө эргүүлэн бүжиглэж байгаад гараа тосно. Тэдний гунигтай гэмээр гүн хар нүд хэн хүнийг халаасаа тэмтрэхэд хүргэнэ. Орой үдэш бол хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд улаан цайм татаж чангаан мөнгө нэхэн хоргоох юм билээ. Энэтхэг эмэгтэйчүүдийг би кинонд гардаг шигээр нь, ганган хээнцэр, хачин царайлгууд байгаа даа гэж бодож байв. Харин гудамж талбайгаар тийм хүнээ хайгаад олоогүй ээ. Эрчүүд голдуу л харагдана. Боровтор царайтай, сааритай бүсгүйчүүд бол байсаан байсан. Саари гэснээс Энэтхэг даавуугаараа алдартай. Бүр Даавууны яам хүртэл байдаг. Тиймдээ ч тэрбум гаруй хүн амтай энэ улсад эмэгтэйчүүд нь бүгд үндэсний хувцас саари өмслөө гэхэд ижил өнгө, ижил загвар давтагддаггүй гэсэн яриа бий. Монголын сэтгүүлчдийн баг Энэтхэгийн Уул уурхайн яаманд зочиллоо . Ба с л баахан буутай цэрэг цагдаагаар шалгуулан дотогш нэвтэрсэн бид коридороор нь зөөлөн хивс дэвссэн тав тухтай орчинд орчих юм бодож явсан нь талаар болов. Яамны барилга маш том бөгөөд эртнийх бололтой. Гаднах өнгө төрх нь бороонд угаагдсаар байгаад тийм болсон уу гандаж онгосон харагдана. Дотор тал нь мөн адил, олон хүний орж гарсан хөлийн мөрөөр элэгдэж хуучирчээ. Адилтгавал манай Урт цагааны байртай тун төстэй. Энд ч нэг халцархай, тэнд ч цахилгааны утас орооцолдон бөөгнөрч хэвтэнэ. Гэхдээ энэ байранд дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тавдугаар байрт ордог хүчирхэг улсын уул уурхайн бодлого зангилагдаж, тэр чигийн шийдвэрүүд гарч байдаг. Ямартаа л бид “юунд суух нь гол биш юу хийх нь чухал юм байна” гэж ярилцаж байхав. Манай яам тамгын газрын дарга нар өөрсдийнхөө тав тухыг бодож өрөөгөө тансаг тавилга, хэрэглэлээр өвч бүрж, өөрийгөө л бодож амьдардаг. Гэтэл тэнд ёстой эсрэгээрээ, юун тав тух, хүмүүс бужигнаж, зав чөлөөгүй л ажиллаж байх юм. Энэтхэг бол уул уурхайн баялаг ихтэй орон юм. Ер гаруй төрлийн газрын баялаг боловсруулдаг. Дотооддоо нүүрс, цемент, төмрийн хүдэр, мангани, боксит, хром, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Нефтийн хэрэгцээний 40 орчим хувийг дотооддоо олборлодог. Томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй нь ган болон төмрийн хүдрийг боловсруулахад хэрэглэгдэх коксжих нүүрсний хэрэглээг эрс өсгөх, дээрх түүхий эдийг импортлох хэмжээ нэмэгдэхээр байна. Түүнчлэн цэвэр эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 1000 мегаваттын станц барих , энхийн зориулалтаар буюу цөмийн цахилгаан станцуудын тоог нэмэх, мөн АНУ-тай цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах, Австрали улсаас уран авах гэх мэт ажлуудыг эрчимтэй явуулж байна. Тэд өөрт нөөц багатай түүхий эдээ гаднаас авдаг. 2015 оноос энэ салбарт бодит утгаар нь шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд уул уурхайн яамны үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болжээ. Тухайлбал, ашигт малтмалын лиценз авах гэвэл хамгийн түрүүнд өргөдлөө өгч чадсан бол асуудалгүй. Хэн түрүүлж хандсанд нь өгдөг болж. Гэхдээ лиценз авах компаниуд нөхөн сэргээлтээ ингэж хийнэ гэх мэтээр хамгийн сүүлд хийх ажлаа хамгийн түрүүнд тайлагнах учиртай. Тэрийг нь төрийн байгууллага болон олон нийт хараад хяналт тавих боломж бүрджээ. Лизенз шинээр авах гэж байгаа хүнд 45 хоногийн дотор олгодог гэнэ. Хүнд суртал, авлига хээл хахуулийн эсрэг ч дорвитой ажиллаж байгаа гэлээ. Уул уурхайн компаниудад Засгийн газар нь 1-5 од өгдөг, таван одтой компаниудаа шагнаж урамшуулдаг ажээ. Уул уурхайн яаманд танилцуулга хийж байх үеэр “Энэтхэг улс Монгол Улсаас лити авах сонирхолтой байдаг” гэдгээ уламжилж б а й в . Засгийн газар нь манайд энэ хүсэлтээ илгээж байсан ч дахин шинэ Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ дашрамд сонирхуулахад Лити нь металлууд дундаас хамгийн хөнгөн, өвөрмөц металл. Энерги хуримтлуулах чадвараараа бусад металлаас хамгийн сайндаа ордог. Орчин үеийн ухаалаг гар утас, электрон багажнууд дахь бүх цэнэглэгддэг батарейн үндсэн түүхий эд нь лити байдаг. Сүүлийн үед Америкийн алдартай “Тесла” групп цахилгаан машин ихээр үйлдвэрлэж байна. Тус цахилгаан машины батарейд литийн металл чухал хэрэгтэй элемент болж байгаа. Литийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа учраас ойрын жилүүдэд эрэлт нь огцом өсөх төлөвтэй байгаа ховор баялаг юм. Нэг тонн литийн карбонатын үнэ 6-9 мянган ам.долларын үнэтэй байгаа. Эрэлт өсч байгаа учраас үнэ нь илүү нэмэгдэх магадлал өндөр юм. Уул уурхайн яаманд эмэгтэй ажилтнууд тун цөөн юм. Ер нь төрийн яам, албан газар төдийгүй хувийн хэвшилд эмэгтэй хүн цөөн харагдах нь эмэгтэйчүүд гэртээ үр хүүхдээ өсгөн, хань нөхрөө халамжлах ёстой гэсэн уламжлалт ойлголттой нь холбоотой. Яаманд цай, кофе зөөх туслахууд хүртэл нь дандаа л нас тогтсон харчууд байх. Эрчүүд нь жинхэнэ утгаараа бүх салбарт ноёлон ажилладаг юм байна. Энэтхэг бол том зах зээл. Харин Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, чөлөөт худалдааны гэрээ байгуулахад болохгүй юмгүй гэсэн үгийг албаны хүмүүс ярих юм билээ. Ховор ашигт малтмалаас гадна нэг төрлийн хүнсний буурагт ургамлыг Монголд тариалах боломжтой гэж байсан. Тэр нь сэрүүн газар илүү сайн ургадаг гэж байсан. Яамны гадаах модон дээр сармагчингууд дээш доош харайж, зүүгдэж тоглоно. Ганц нэг нь дотор коридорт гүйж яваа харагдсан. Тэд өөрсдийг нь сонирхон, ойртож очвол хазаж ноцож ч мэдэх муухай ааштай амьтад гэнэ. Зөвхөн сармагчинд хазуулсан хүмүүс очдог эмнэлэг бий гэхээр ийм хэрэг чамгүй их гардаг нь тодорхой. Энэтхэгийн хэвлэл мэдээллийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол бааз болох Мэдээлэл харилцааны институтээр орлоо. Тус сургуулийг 1965 онд ЮНЕСКО-той хамтарч олон нийтэд мэдээлэл түгээх ажилтан бэлтгэх зорилготой байгуулагджээ.1969 оноос гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургадаг болжээ. Өдгөө дэлхийн 128 орны хэвлэл мэдээлийн ажилтнууд суралцаж байгаагийн дотор Монголын сэтгүүлчид ч сурч төгссөн гэв. Энэтхэгийн алдартай сэтгүүлчдийн дийлэнх нь энэ сургуулийн төгсөгчид. Сургуулийн захирал нь нь алдартай сэтгүүлч хүн аж. Сүүлийн үед энэтхэгчүүд контент зурган мэдээлэл маш их сонирхдог болжээ. Камераар биш, ухаалаг утас ашиглаж мэдээлэл хүргэдэг сэтгүүл зүйн шинэ төрөл түрэн орж ирсэн. Үүнтэй уялдаад “Мобайл сэтгүүл зүйн” шинэ төрлийн сургалтыг явуулж эхэлсэн гэж захирал танилцууллаа. Засгийн газраас хоёр телевиз, нэг агентлагийг санхүүжүүлдэг. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Засгийн газраас реклам зар сурталчилгаа олж өгдөг гэсэн нь их содон сонсогдож байв. Энэ нь мэдээж хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш том хөрөнгө оруулалт болдог аж. Энд нэг зүйл сонирхуулахад, ирэх наймдугаар сараас Энэтхэгийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр гадаадын хэвлэл мэдээллийн ажилтан , сэтгүүлчдэд зориулан гурван сарын сургалт хийхээр төлөвлөжээ. Хэрэв энэ сургалтад хамрагдахыг хүсвэл Монгол дахь Энэтхэгийн ЭСЯ- аар дамжуулан онлайнаар холбогдож бүртгүүлэх хэрэгтэйг зөвлөв. Гагцхүү англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг байна. Орчин үед нийгмийн сүлжээ болон цахим хэвлэл хүчтэй хөгжиж, энэ талын мэдээлэл түлхүү орж ирж байгаа. Тэгвэл энэтхэгчүүд цаасан хэвлэлийг илүүтэйд үзэж сонгож байгаа гэв. Өөрөөр хэлбэл, олон хэлээр хэвлэгддэг өдөр тутмын сонингууд эрэлт ихтэй байдаг ажээ. Бяцхан статистик дуулгахад, эндхийн кино болон хэвлэл мэдээллийн салбарт 4.5 сая хүн ажилладаг. Долоон мянга гаруй сонин хэвлэлтэй, есөн мянга гаруй телевизтэй, үүний 440 гаруй нь зөвхөн мэдээллийн суваг аж. Зөвхөн өдөр тутам гардаг мянга гаруй хэвлэл бий гэнэ. Хэвлэл мэдээллийн яамтай бөгөөд яамны харьяа хоёр телевиз нь Засгийн газрын мэдээллийг гол болгож олон нийтэд түгээдэг байна. Гудамжны түргэн хоолны үйлчилгээ Энэтхэгт нэлээн сайн дэлгэрчээ. Жижигхэн лангуу байхад л хангалттай. Тэнд махны машинаар элдэв төрлийн жимс машиндаж, шинэхэн жүүс гаргаад өгнө. Гамбир дээр нэг халбага карритай сүмс дусаагаад ч өгч байх шиг. Юу л бол юу тэндээс авч идэх боломжтой. Дэргэдээ томоо түмпэнтэй ус тавьчихсан аяга тавгаа угааж харагдана. Усны байдлаас харахад ойрын хэдэн цагт солиогүй бололтой булингартана. Тэглээ гээд үйлчлүүлэгчид хэл ам гаргахгүй, бүр тоох ч үгүй захиалга өгнө. Биднийг гудамжнаас ил залгай зарж байгаа зүйл авч идэж болохгүй гэж захиж байв. Учир нь биед дасаж дадаагүй хоол хүнс хэрэглэхээр амархан хордлого авдаг гэнэ. Гудамжнаас нь аяга ус авч уугаад эмнэлэгт хэвттэлээ хордлого авсан хүн нэлээн байдаг болохоор ийн сэрэмжлүүлж байгаа хэрэг. Тэндхийн эрчүүд оройн хоолныхоо өмнө өөрийн улсын хийдэг вискийгээ хүртэнэ. Пиво нь гойд сайн гэх юм билээ. Мөн манайхаар бол шимийн архи гэмээр идээ нь их алдартай. Тамир тэнхээ суулгаж, ядаргаа тайлдаг идтэй тэр умдаа 40 хувийн алькохолтой гэхээр нэлээн чанга эд аж. Бүсгүйчүүд нь архи дарс хэрэглэдэггүй гэх ч нас тогтсон сэтгүүлч эмэгтэй вискийг дажгүй сайн залж, бидэнтэй нэгэн оройг өнгөрүүлсэн билээ.
Эхнэрийн өнгө зүс, нүдний гал цогоор нөхрийнх нь хэр халамж анхааралтайг мэддэг шиг улс орны хөгжлийг эмэгтэйчүүдээр нь тодорхойлж болно. Гудамжинд тааралдах бүсгүйн өнгө төрхнөөс эхлээд тухайн улсын нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага зэргээс нь хараад ямархуу хөгжилтэй орон бэ гэдгийг хөнгөхөөн дүгнэчихэж болдог.
Үндэсний статистикийн хүрээлэнгээс гаргасан монгол эмэгтэйчүүдийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад өнөөдөр Монголд нэг сая 646 мянга гаруй эмэгтэй хүн амьдарч байна. Тэднээс 330 шахам мянга нь дээд боловсролтой аж. Монгол бүсгүйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд гаргаж, 76 насалдаг. Товчхон бөгөөд тодорхой мэдээлэл. Бас эмэгтэйчүүдийн дундаж цалин 910 мянган төгрөг гэж байгаа нь нийт улсын дунджаас арай бага харагдаж байна. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд нийт бүсгүйчүүдийн 4,4 хувь буюу 70 гаруй мянга. Гэтэл 2002 оны статистикийн мэдээллээр өрх толгойлсон эмэгтэйчүүд 61.8 мянган байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцэж байжээ. Өөрөөр хэлбэл, турьхан биедээ даамааргүй их ачааг үүрч өрх гэр, үр хүүхдүүдээ ганцаараа хариуцан амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тоо өссөн гэсэн үг.
Үүнээс гадна их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудын 57 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй байна. Жендер буюу хүйсийн тэгш эрхийн талаар сүүлийн үед дэлхий нийтээр анхаарч, бид ч бас дутахгүй ярьж бичиж, гадна дотныхонтой уулзаж зөвлөлдөж байна. Нийгэмд ч хүйсийн ялгаатай байдлын тухай ойлголт мэдлэгтэй болж, амьдралд энэ талын өрөөсгөл хандлагууд багасч байна. Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын индекс анх 2006 онд гарч байжээ. Манай улс хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээрээ өнгөрсөн оны байдлаар дэлхийд 53-т бичигддэг бол Азийн бүс нутагтаа гуравдугаар байрт ордог.
Гудамжинд гунхах эмэгтэйчүүд нь ч гоолиг, үс зүс сайтай. Өмссөн хувцас нь ч өнгөлөг. Монголчууд хэдийнээсээ ганган хээнцэр улс болохоор өмсөж зүүхдээ санаа тавьж, хүнээс дор орохгүйг хичээдэг нь бүсгүйчүүдийн донж төрхийг илүү тодотгодог юм. Дээрх мэдээллээр бол монгол эмэгтэйчүүд дажгүй сайхан амьдардаг. Монголд хүйсийн тэгш эрх алдагдаагүй, амгалан тайван орон бөгөөд бүсгүйчүүд нь бүхий л салбарт эрчүүдтэйгээ эн тэнцүү ажилладаг. Энэ бүхнээс харахад Монгол маань дажгүй хөгжиж байгаа, хүн бүхэн өөрийн эрх чөлөөгөөрөө тайван сайхан амьдарч байна.
Хөшигний наана амьдрал ингэж өрнөж, үргэлжилж байна. Өнгөлөг дэгжин, өрнүүн давилуун. Гэхдээ хөшиг нээгээд үзэхэд амьдрал арай өөр өнгөтэй юм аа. Хөөрхий, бүсгүйчүүд маань хормойгоо шуугаад хөлсөө дуслуулан ажилд зүтгэж байна. Архичин нөхрийнхөө гарын чилээг гарган, нулимстай суугаа хичнээн эмэгтэй буйг хэн ч хэлж мэдэхгүй. Бүсгүйчүүд маань гудамжинд хог шүүрдэж, гуанзанд аяга угааж, таксинд явж, бүр зарим нь тамхи ширхэглэн зарж, амь амьдралаа залгуулах гэж нойр хоолоо умартан явна. Урд хөршөөс ирж буй галт тэргийг хэрэг болгон анзаарч хараарай. Өнөө л бүсгүйчүүд маань, том том шуудайтай бараагаа чирч гулдран бууж байна. 20 жилийн өмнө ч ийм байсан, одоо ч хэвээрээ. Үр хүүхэд, эр нөхрөө арчилж, хоол ундыг нь таслахгүй гэж зүтгэх эмэгтэйчүүдийн нуруун дээр хичнээн өрх гэр тогтож явна вэ. Гэр бүлийн амьдралаа ил гаргаад яваад байх хэцүү, ил гаргалаа ч асуудлыг шийдэх боломжгүй учраас тэд шөнө хагаслан нулимс дуслуулан уйлж суудаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж олон жилийг өнгөрүүлж, харин сүүлийн жилүүдэд зориг гарган нөхрөөсөө салсан ч дандаа нуугдаж амьдарч байгаа нэгэн ч бий. Амиа алдсан гашуун түүх ч бий. Гэр бүлийн хүчирхийлэл, айдас дарамт гэдэг хүний амьдралд арилашгүй сүүдрээ унагадаг.
Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэдэг. Гэхдээ чухам түүнийгээ хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгож байна уу, чухам юуг хэлээд байгаа талаар охид бүсгүйчүүд, олон нийтийг мэдээлэлжүүлж, зөв ойлголтыг түгээж байх нь хүчирхийллийг улам гааруулж, төгсгөл нь үхэл эсвэл гэмт үйлдлээр дуусгахгүй байхад тун чухал. Харин үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агуулга дээрээ энэ чиглэлд анхаардаг, сэтгүүлчид нь жендерийн мэдрэмжтэй байх ёстой юм билээ. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хохирогчид шиг мэдрэхгүй юм гэхэд зах зухыг нь гадарлаж мэдээлэх ёстой юм байна гэдгийг сүүлийн үед илүүтэй ойлгох цаг нь болсон. Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүүхэд хамгаалал, хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар олон нийтэд мэдээлэхдээ сэтгүүлч бид нар өөрсдөө тун мэдрэмжтэй, мэдээлэлтэй байхгүй бол энэ хамгийн эмзэг сэдэв. Хүчирхийллийн улмаас амь насаа алдсан, нөхөртөө зодуулсан, эсвэл найз залуугийнхаа гэрт хэдэн өдрөөр хориулж зодуулсан гээд элдэв хэргүүд байнга гардаг. Сард 70 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн судалгаа байдаг бөгөөд ноцтой гэмтсэн, эсвэл амь нас нь хохирсон тохиолдлоос бусдад тэгтэл олны анхааралд хүрдэггүй.
Ил болон далд ийм л амьдрал өрнөж байна. Тэглээ гээд бүсгүйчүүд маань амьдралд өнгө нэмж, уяхан гоёхон гунхаж л явна.
Нийтээрээ нийгмийн хандлага өөрчлөгдөж байж улс орон маань хөгжинө. Нийгмээрээ өөрчлөгдөж байж бид бүсгүйн доголон нулимсгүйгээр аз жаргалтай сайхан гэр бүлдээ үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдардаг болно.
Тэр цагт л бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг утга төгөлдөр тэмдэглэж буй за.
О.ТУЯА
Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоох тухай Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хуульч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Энэ талаар “Веритас партнерс” хуулийн фирмийн хуульч Э.Хашчулуунтай ярилцлаа.
-Та бүхэн яагаад Цэцэд гомдол гаргах болов?
-Үндсэн хуулийн Цэцэд бид Эрдэнэтийн 49 хувийг өмгөөлж хамгаалах үүднээс хандаагүй. 1992 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хууль гэж бий. Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоолыг гаргасан байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмэнт ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн нэртэй тогтоол юм. Тиймээс уг хууль болон Засгийн газрын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Өөрөөр хэлбэл хувийн өмч рүү Засгийн газар халдаж байгаа энэ үйлдлийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэс-лэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн Цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.
-Үндсэн хуулийн хавсралт хуульд энэ хууль байдаг байх аа?
-1992 онд Үндсэн хууль батлагдахдаа хавсралт хууль баталсан. БНМАУ-ын Ардын их хурлаас 1992 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын үндсэн хуулиас Монгол Улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан.
Энэ хавсралтад 1988 онд батлагдсан нэг хууль, 1991 онд батлагдсан долоон хууль байгаа. засгийн газарт эрх олгох тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль гэх мэт найман хуулиуд бий. Яагаад засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчин төгөлдөр гэж үзсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж бид үзээд үндсэн хуулийн Цэцэд өгч байгаа юм. Тэрнээс энэ хуулийг үндсэн хууль зөрчсөн эсэх талаар өмнө нь ямар нэг дүгнэлт гараагүй. Гэхдээ энэ хуулийг хүчингүй болгоогүй байхыг бодоход тухайн үедээ Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байж магадгүй. Нэг бол санамсаргүйгээр орхигдуулсан ч байх магадлалтай. Яагаад гэвэл тухайн үед засгийн газрын хууль гэж байгаагүй. энэ тогтоолоор зөвхөн онц байдал тогтоохоос гадна, гоц халдварт өвчин зэрэг бусад асуудлуудыг энэ хуулиар зохицуулж байсан учраас үлдээсэн байж магадгүй гэж хараад байгаа.
-Үндсэн хуулийн аль заалтад харшилж байгаа вэ?
-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр “тусгай журам” баталж, дараахь арга хэмжээг авах эрхийг засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. ингэснээр засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын үндсэн хуульд дараахь үндэслэлээр харшилж байна. үүнд: нэгдүгээрт, үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “….эрх чөлөө, тэгш байдал…., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. хоёрдугаарт, үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллагууд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчит эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор төлнө” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөнд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлагыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиас гадуур ямар нэгэн үндсэн хуулийн үзэл санааны эсрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтан, эрх мэдэлтэн, иргэн, байгууллага хууль бус шийдвэр гаргахыг хориглосон ийм зохицуулалт байгаа. Гэтэл дурдсан хуульд зааснаар засгийн газрын шийдвэр нь үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.
-Уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?
-Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хууль өөрөө хүчингүй болно. засгийн газрын тогтоол мөн хүчингүй болно. Тэрийг дараа нь Уи х хүлээж авах эсэх нь Уи х дээр шийдэгдэнэ. Тэгээд дунд суудлын хуралдаан, их суудлын хуралдаан гээд дарааллаараа явна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд юм уу, эсвэл Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарч мэдээллийг үндэслэлтэй байна аа гэсэн тохиолдолд хууль, тогтоол хоёр хүчингүй болно. ингэснээр тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид зургаан сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдлүүд үгүй болох юм.
-Уг хуулийг өмнө нь ашиглаж байсан уу?
-Энэ хуулийг гурав дахь удаагаа хэрэглэж байна гэж тайлбарлаад байгаа. Өмнө нь МИАТ дээр нэг удаа хэрэглэсэн. Засгийн газрын тухай хууль гэж байгаа. энэ хуулийн 12-15 дугаар зүйлүүдэд ямар бүрэн эрхтэй байх вэ гэдгийг хуульчилчихсан. засгийн газар онцгой байдлын үеэр зөвхөн гоц халдварт өвчин гарсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүрэн эрхээ хэрэгжүүлэх л зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл бүс нутаг дээр хорио цээр тогтоох эрх хэмжээ л бий. Түүнээс хувь компани дээр ямар нэгэн хуулийн шийдвэргүйгээр онц байдал зарлаад өмч хөрөнгийг нь хурааж, ажил албан тушаалтнуудыг нь солих асуудал шүүх эрх мэдэлтэй холбогдсон буюу гэм буруутай хэсэг нь тухайн байгууллага эд хөрөнгөө өмчлөх эрх нь хууль ёсны юу, үгүй юу гэдгийг шийдсэн шүүхийн шийдвэр байхгүй үед дур зоргоороо авирлан ийм шийдвэр гаргаж байна гэж ойлгохоос өөр арга байхгүй. Яваандаа энэ хуулиар хэн нэгэн компани дээр, хаана ч онц дэглэм тогтоож болохоор харагдаж байна. Манай үндсэн хуулийн Цэц санаачилгаараа засгийн газрын тогтоол, Уих-ын шийдвэрийг хянадаггүй юм. Харин эрх зүй өндөр хөгжсөн улсуудад үндсэн хуулийн Цэц нь өөрөө энэ байдлуудаа харж дүгнэлт хийдэг.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгстэй ярилцлаа.
-Таны “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан тавигдсан. Нээлтийнх нь өдөр та харагдаагүй дээ?
-Гуравдугаар сарын 1-нд Монголд байгаагүй учир нээлтэд очиж чадаагүй ээ. 12 дахь өдрийн тоглолтоор нь л анх үзлээ.
-За, жүжиг чинь ямар санагдав?
-Их өөрчлөгджээ. Би засаагүй. Хэнээр засуулсныг мэдсэнгүй. Энэ зохиолыг 2002 онд бичсэн л дээ. Тэгээд 2004 оны нэгдүгээр сард хэвлүүлсэн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номдоо багтаан уншигчдадаа хүргэсэн. 17 жилийн өмнө бичсэн, 15 жилийн өмнөх номд минь хэвлэгдсэн жүжиг. Тиймээс уншсан хүмүүс нь сая үзээд зохиолоосоо тэс өөр болсныг анзаарсан байх л даа.
-Бичсэнээсээ хойш бүтэн арван жилийн дараа, 2012 оны жүжгийн зохиолын уралдаанд өгсөн юм аа даа?
-Үгүй, үгүй. Эхнээс нь ярья. Бүр 2003 онд Драмын театраас зохиолчдод зориулсан сургалт зохион байгуулсан юм аа. Шинэ, залуу бүх зохиолчид урилга явуулсан байх. Намайг ч, нөхрийг минь ч дуудсан. (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана. сур) Хүүхдүүд нялх байсан учир зав муу, бүтэн сууж чадаагүй л дээ, ердөө ганц өдөр эл сургалтад очсон юм. Миний суусан тэр өдөр “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Лхасүрэн гуай, Болд-Эрдэнэ жүжигчний аав Сугар гуай, мөн Намсрайн Сувдаа эгч нар жүжигчний амьдралын зовлон жаргалын тухай зохиолчдод сонирхуулан олон сайхан зүйлийг ярьсан. Дараахан нь Драмын театраас жүжигчин Сарантуяа эгч утасдаж “Бид жүжгийн уралдаан зарлаж байгаа. Сургалтад суусан та нар маань жүжиг өгөөч ээ. Ялангуяа Аюурзана та хоёроос жүжиг хүлээж байна шүү” гэсэн. Ингээд л сургалтад хамрагдсаны өрөө цайруулах гэж нэгэнт биччихсэн байсан “Ярилцлага” жүжгээ өгчихгүй юу. (инээв. сур) Бүр 2003 онд шүү дээ. Тиймээс “2012 оны уралдаанд ирсэн жүжиг” гэж найруулагч маань ярьсан нь андуурал. Н.Наранбаатар олон зохиолтой ажилладаг учир эндүүрээ биз.
-Чухам Н.Наранбаатарт зөвшөөрөл өгсөн нь утга учиртай сонголт байсан уу?
-Юун тийм гүнзгий утга учир байх билээ. (инээв.сур) Санаандгүй явдал болсон л доо. Аюур Наранбаатартай нэг өдөр тааралджээ. Ингээд “Наранбаатар чиний зохиолыг тавья, зөвшөөрөл асуугаад өгөөч гэхээр нь би өмнөөс чинь зөвшөөрчихсөн шүү. Адилхан залуу хүмүүс байж нэг нь юм хийе гэж байхад нөгөө нь “Үгүй үгүй” гээд гэдийгээд байх муухай биз дээ” гэсээр ирсэн. Маргааш нь Наранбаатар ч залгасан. Тэгээд л “Нэгэнт Аюур миний өмнөөс зөвшөөрөл өгчихсөн хойно, тэг ээ, тэг. Гэхдээ ганцхан болзолтой. Хэрэв жүжгийнхээ сурталчилгааны ажлыг эхлүүлбэл би оролцож амжихгүй шүү. Зурагт, сонин болгоноор яриа өгөөд “Энэ жүжиг болбоос” гээд л сурталчлаад сууж чадахгүй ээ. Зав муутай байдаг шүү” гэсэн. Бид хоёрын бүх тохироо ердөө энэ. Ингэтлээ өөрчилнө гэж тохироогүй.
-Нэрийг нь яагаад өөрчилчихөв. “Ярилцлага” нь илүү зохимжтой байсан бус уу?
-Миний санаа биш. Наранбаатартай анх тэгж утсаар ярьснаас хойш бид дахиж холбогдоогүй. Зөвшөөрөл авмагцаа л найруулахаар яг шийдсэн бололтой, бүр сонин хэвлэлээр хүртэл мэдээ гараад байсан. Гэвч хөрөнгө мөнгө, энэ тэрийн асуудлаас шалтгаалсан уу, бүтээгүй л дээ.
Би ч эргэж асуугаагүй. Бас л тав зургаан жилийн өмнө шүү дээ. Харин энэ онд яг тавигдах болоод, санхүүжилт шийдэгдтэл би Голландад байж таарахгүй юу. Тиймээс “Ярилцлага” маань ингэтлээ өөрчлөгдөхөд санаа оноогоо хэлэх, найруулагчтайгаа ярилцах боломж олдсонгүй. Хол байгаа хүн яалтай билээ. Нэр үнэхээр таалагдаагүй. Эх зохиол дээрээ ийм хайрын, гэр бүлийн асуудлыг харуулсан үзэгдлүүд огт байхгүй л дээ. Мартын 8-нд зориулаад л ийм нэмэлтүүд бодож олцгоосон юм болов уу, сайн ойлгосонгүй.
-Өөр таалагдаагүй зүйл байна уу?
-Нэг бүрчлэн энд ярих боломж алга. Найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь л шударга бус санагдлаа. “Өлзийтөгсийн зохиол” л гээд зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна. Архай яг ч муу хүний дүр биш л дээ. “Улс төрч л бол хүний адаг” гэсэн улигт, түгээмэл санааны яг эсрэг бичсэн юм сан. Харин найруулагч түүнийг 100 хувь муу хүн болгон үзүүлж.
-Жүжгийг үзээд таны л зохиол юм байна гэж итгэсэн буруу болж дээ?
-Тийм ээ, өчнөөн үйл явдал, миний хэзээ ч сонгож хэрэглэхгүй үгс, харилцан яриа нэмжээ. Эхнэр нь нөхөртөө захиа бичиж байгаа, хүү нь гадаадаас ирж байгаа, аав хүү муудалцаж байгаа, улстөрчид нийлээд архидаж залуу хосоор тоглоом наадам хийж байгаа, Архай залуу амрагтайгаа хамт байгаа гэх мэт үзэгдлүүд миний зохиолд огт гардаггүй. Хүү, охин, нууц амраг бүсгүйн дүр ч байгаагүй.
Харамсалтай нь, нэмсэн хэсгүүд үнэмшилгүй, сая өрнөөд дууссан үзэгдлээ тайлбарласан, ухуулсан, лоозогносон, илт хоцрогдсон сэтгэлгээгээр бичигдсэн байх юм. Зарим нь хошин үзэгдэл ч юм шиг (инээв). “Зун болохоор халуун болдог”, “Яасан олон асуулт тавьдаг юм бэ!” гэх мэт, дөнгөж саяхан сошиалд шуугиан тарьсан, нэр бүхий хүмүүсийн олонд “алдаршсан” үг, өгүүлбэрүүд 17 жилийн өмнөх зохиолд бичигдээгүй нь тодорхой.
-За за, ёстой сонин л юм болж дээ?
-Бид уулзаж амжаагүй л байна. Намайг иртэл Наранбаатар Солонгос явчихаж. Театрын сургалтад нэг хоног сууснаа дээр дурдсан даа. Тэр үед Сувдаа эгч ингэж ярьж байсан. “Манай театр хэдэн арван жүжигчинтэй. Тиймээс та бүхэн ганц хоёрхон дүртэй зохиол биш, энэ театрын хүн бүрийг оролцуулсан, түүхэн ч юм уу, тийм нэг олон дүртэй жүжиг бичиж өгвөл сайн сан. Гол болон туслах дүр оногдоогүй, бусад жүжигчин ч бас ажилтай байх хэрэгтэй шүү дээ, ядаж л арын, байлдаан тулалдааны хэсэгт нь ч болов тэд гарах хэрэгтэй” гэж учирлаж байсан. Том театрын шаардлага, хэрэгцээ ерөнхийдөө иймэрхүү байдаг бололтой. Найруулагч Баатар гуайгаас нэг удаа “Годо орчуулагдчихсан байна билээ, танай театр тавихгүй юм уу” гэж асуухгүй юу. Тэгэхэд “Академик театрт хоёрхон дүртэй, абсурд жүжиг тавьдаггүй. Манайд хэдэн жүжигчин ажиллаж байгаа гэж чи бодно” гэсэн. Ерөнхий найруулагчийн зовлон их бололтой юм билээ. Энэ талаас нь эргэцүүлж бодоод Наранбаатарыг ойлгохыг хичээж л сууна. Дээрх шалтгааны улмаас л хоёр гуравхан дүртэй зохиолыг минь хориод дүртэй, танигдахааргүй болтол өөрчилсөн юм болов уу даа. Мэдээж, нэмэгдсэн дүр болгон миний биш үгээр л ярина шүү дээ.
-Нэлээн улстөржсөн санагдсан. Гэхдээ үзэгчид их таашааж байгаа бололтой, дундуур нь хүртэл алга ташаад л байна билээ.
-Би бол таашаагаагүй ээ. Хэт массын, “мөнгөний” санагдсан. “Ярилцлага” гэж нэрлэсэн минь учиртай байсан л даа. Гол санаа нь улстөрчид рүү биш сэтгүүлчид рүү, цаашлаад, хүний дотоод, өрөвдөм, зөрчилтэй зан чанар руу хандсан ухаантай. Гэвч найруулагч маань өөрийнхөө хүссэнээр өөрчилчихөж. Тиймээс л “Бүсгүйн зурвас” үнэндээ миний зохиол биш болжээ гээд байгаа хэрэг.
-Дүрүүд ямар санагдсан бэ?
-Зохиолчоос нь тэс өөр хүнээр засвар хийлгэхээр ямар байх вэ? Жишээлбэл, сэтгүүлчийн дүрийг, “эрэлхэг Бор” маягийн, гэнэн цагаан нь хэтэрсэн “цэнхэр дүр” болгочихож. “Гүйцэтгэе!” ч гэж байх шиг (инээв). Жүжигчин охиныг хэлээгүй шүү, харин зохиолыг зассан хүнийг шүүмжилж байна.
-Та дахин жүжиг бичих үү?
-Мэдэхгүй ээ. “Ярилцлага”-ыг бичээд ийм их хугацаа өнгөрсөн гээд бодохоор өөрөө ч гайхаж байна. Тэр үед театрт их татагддаг, жүжиг бичих асар их хүсэл, тэмүүлэлтэй явжээ. Даанч тэгэхэд Драмын театраас хамтарч ажиллах хүн олдоогүй. Анхны энэ жүжгээ бичсэнээс хойш дэндүү их хугацаа өнгөрлөө. Бүтэн 17 жил шүү (инээв) Гашуун ч гэлээ гарцаагүй үнэн тэгэхээр харагдаж байгаа биз дээ. Бидний хурд нэг иймэрхүү л байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 23-нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач ямар учраас амь насаа алдсаныг тогтоох хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд “Миний ээж амиа хорлох хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан. АТГ хууль зөрчин баривчилгаа хийсэн” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Мөн өмгөөлөгчид АТГ хууль зөрчиж баривчилгаа хийж, талийгаачийг илүү цагаар цагдан хорьсон. АТГ хууль зөрчөөгүй байсан бол Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа хорих ангид амь насаа алдахгүй байсан хэмээн мэдэгдсэн. Энэ талаар өмгөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.
-Та цагдан хорих 461 дүгээр хорих ангид амь насаа алдсан шүүгч асан Л.Бямбаагийн ар гэрийнхний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгдэж байна вэ?
-Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар хорьж, шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, цагдан хорьж амь насыг нь хохироосон харамсалтай үйл явдал 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон. Дээрх харамсалтай хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч би, гавьяат хуульч, талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхнийх нь хүсэлтээр өмгөөлөгчөөр нь ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Тиймээс хэргийн талаар дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин өмгөөлөгчдийн зүгээс талийгаач Л.Бямбааг АТГ-аас цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулахдаа л хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Энэ асуулдалтай холбоотойгоор Хүний эрхий үндэсний комисс, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, УИХ-ын Хүний эрхий дэд хороонд тус тус гомдол гаргасан. Удахгүй хариу нь ирэх байх. Мөн хэрэг мөрдөн шалгах асуудалтай холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газарт хэрэгтэй холбоотой хэд хэдэн үндэслэл бүхий хүсэлтийг өгөөд байна.
-АТГ талийгаач Л.Бямбааг баривчлахдаа ямар хуулийн заалт зөрчсөн гэж үзээд байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
– АТГ нь талийгаач Л.Бямбааг баривчлахдаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзэж байна. Энэ тохиолдолд Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 31.5-р зүйлд заасан журмын дагуу ажиллах үүрэгтэй байсан. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдолд дээрх хуулийн 31.5.3-д заасны дагуу шүүхээр 24 цагийн дотор баривчлах шийдвэр гаргуулах үүрэгтэй байсан юм. Энэ нь шүүх 24 цагийн дотор шүүх баривчлах шийдвэр гаргаагүй бол суллах ёстой гэсэн үг юм. Талийгаач Л.Бямбааг 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00.40 цагийн орчим баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Энэ цагийг 22-ны 00.40 цаг гэж үзэж болно. Ингээд 22-ны өдрийн өглөө талийгаачийг АТГ-т авчраад өдөржин нэг өрөөнд ганцаарчлан байлгаж байгаад орой нь дахин аваачиж үргэлжлүүлэн хорьсон байдаг. ЭХХШТХ-ийн 31.5.3-т заасан 24 цагийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны 00.40 цагт дуусах бөгөөд энэ цагт шүүгчийн баривчлах шийдвэр ирээгүй бол АТГ, ШШГЕГ суллах үүрэгтэй байсан. Гэтэл суллаагүй үргэлжлүүлэн хорьсоор талийгаач 2019.2.23-ны өдрийн 21.40 цагийн үед амь насаа алдсан байдаг. Цагдаагийн байгууллагад 2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00.15 цагийн үед дуудлага ирсэн байдаг. Тэгэхээр талийгаачийг амь насаа алдах хүртэл хуулинд заасан хугацаанаас 21 цаг илүү хорьсон гэсэн үг юм. Хуулийн 31.5.3-д “…сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэсэн заалт нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, өөрт нь баривчилсан шийдвэрийг танилцуулснаас хойш 24 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн агуулгатай болох нь хэн ч ойлгомжтой. Гэтэл АТГ нь хэвлэлийн хурал хийхдээ дээрх заалтыг “…манай байгууллага баривчилсныхаа дараа 24 цагийн дотор саналаа прокурорт гаргаж, прокурор шүүхэд хүргүүлнэ гэсэн утгатай”гэж буруу тайлбарладаг. Мөн АТГ ЭХХШТХ-ийн 31.12.2-т “…Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана” гэж заасан учир манай байгууллага 48 цаг саатуулах эрхтэй гэсэн үг гэж мөн тайлбарладаг. Энэ заалтанд 48 цаг саатуулах зохицуулалт байгаа ч энэ нь шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр баривчилсан тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж сэжигтнийг 24-өөс илүү цаг хорьж, талийгаачийн амь насыг нь хохироосон хууль бус үйлдлээ зөвтгөхийн тулд хуулинд тодорхой заасан заалтын агуулгыг өөрсдөдөө ашигтай байдлаар буруу тайлбарлах гэж оролдож байгаа юм. Дараагийн ноцтой асуудал нь АТГ нь 2019 оны хоёругаар сарын 23-ны орой талийгаач Л.Бямбааг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хорих ангид үргэлжлүүлэн хорихоор аваачих эрхгүй байсан. Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр АТГ нь ЭХХШТХ-ийн 31.5.4-т “…мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлтэй бол шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ”, 31.5.5-д “…прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш зургаан цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ ”гэж заасны дагуу талийгаач Л.Бямбааг Эрүүгийн хуулийн 22.5-д заасан Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргаж, прокурор саналыг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байдаг. Яллагдагчаар татсан тохиолдолд сэжигтнээр баривчлах боломжгүй. Учир нь ЭХХШТХ 31.4, 31.5-д баривчлах ажиллагаа нь сэжигтний хувьд авдаг албадлагын арга хэмжээ юм. Сэжигтэнг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан тохиолдолд ЭХХШТХ-ийн 31.3.5-д “…Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Мөн яллагдагчаар татагдсан яллагдагчийг үргэлжлүүлэх баривчлах гэдэг ойлголт ЭХХШТХ-нд байхгүй. Иймд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ нь талийгаач Л.Бямбааг яллагдагчаар татсаныхаа дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхийн цагдан хорих шийдвэргүйгээр аваачиж саатуулсан нь хүнийг хууль бусаар хорьсон, эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги нь яллагдагчийг цагдан хорих үед цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг шаардаж, шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хорихоос татгалзах үүрэгтэй ч хууль зөрчин шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар хорьсон.
-Л.Бямбааг өдөржин нэг өрөөнд ганцааранг нь байлгасан гэсэн. Энэ үнэхээр бодит мэдээлэл юм уу?
-Үнэн. АТГ нь талийгаачийг эрүүдэн шүүсэн. 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 12:00 цагийн үед ажлаас нь дагуулан гарч өдөржин хоол, ундгүй байцаалт, нэгжлэг явуулж, орой 22:00 цагийн үед АТГ дээр авчирч байлгаж байгаад 00.40 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан Хорих 461 дүгээр анги руу аваачиж хорьсон. Хоёрдугаар сарын 22-ны өглөө Цагдан хорих 461 дүгээр ангиас АТГ-д авчран 68 настай эмэгтэй хүнийг өдөржин ганцааранг нь нэг өрөөнд байлгаж байгаад орой дахин Цагдан Хорих руу дээр дурдсан шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар аваачиж хорьсон. Ийнхүү ганцаарчлан хорьж байхдаа АТГ-ын мөрдөгч нар ээлж дараалан орж сэтгэл санаагаар нь дарамтлан, хорино, шоронд хийнэ гэж сурдүүлсэн гэх мэдээлэл байдаг. 68 настай эмэгтэй хүнийг өдөржин нэг бүгчим өрөөнд ганцаарчлан байлгаж, дарамтлах үйлдэл нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. АТГ нь МУ-ын Үндсэн Хууль, МУ-ын нэгдэн орсон Олон Улсын Гэрээ, Конвенц, ЭХХШТХ-нд заасан талийгаач Л.Бямбаагийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талийгаачийн өмгөөлөгчийн өөрийн үйлчлүүлэгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг ноцтой зөрчсөн. 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт АТГ-ын мөрдөгчид талийгаачийг ажлаас нь авч явснаас нас барах хүртэл түүний өмгөөлөгчтэй нэг ч удаа уулзуулаагүй. Өмгөөлөгч нь 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн өдөр 00.40 цаг хүртэл өөрийн үйлчлүүлэгч Л.Бямбаатай уулзах гэж АТГ-ын үүдэнд хүлээсэн боловч уулзуулаагүй. ЭХХШТХ-нд зааснаар өмгөөлөгч нь АТГ-ын зөвшөөрөлгүйгээр өөрийн үйлчлүүлэгчтэй чөлөөтэй саадгүй уулзах эрхтэй, АТГ нь өмгөөлөгчийн өөрийн үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг хязгаарлах эрх хэмжээ байхгүй, байх ч боломжгүй. Мөн 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүхэл өдөржингээ АТГ-ын үүдэнд өөрийн үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн боловч бас л уулзуулаагүй. Талийгаач Л.Бямбаа нь баривчлагдсанаасаа хойш 48 гаран цагийн хугацаанд хууль зүйн туслалцаа авч чадалгүй нас барсан. Тэгэхээр АТГ, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийнхан МУ-ын Үндсэн Хууль, Монгол Улсын Нэгдэн Орсон Олон Улсын Гэрээ, Конвенц, ЭХХШТХ-ийг ноцтой зөрчин шүүхийн шийдвэргүйгээр, хууль бусаар, хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар гавьяат хуульч Л.Бямбааг хорьж, эрх чөлөөг нь хязгаарлаж амь насыг нь хохироож, хүний амьд явах эрхийг ноцтой зөрчлөө. Иймд хүний амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчиж, амь насыг нь хохироосон АТГ, ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнуудыг хууль бус үйл ажиллагааг авч хэлэлцэн, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцуулах ёстой.
-Баянгол дүүргийн прокурорт ямар хүсэлт гаргасан юм бэ. АТГ, ШШГЕГ-ын алба хаагч нарт эрүүгийн хэрэгт шалгуулахаар болсон гэсэн үү?
-Хэд хэдэн үндэслэлээр прокурорын байгууллагад хандаад байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь албан тушаалын байдлаа ашиглан нотлох баримтыг нөхөн болон хуурамчаар бүрдүүлэх, сонирхлын зөрчил үүсэх эрх бүхий албан тушаалтан бөгөөд олон нийтэд хэргийн талаар буруу ташаа мэдээ түгээх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, задруулах, нөлөөлж болзошгүй тул Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн албан тушаалыг түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгөх. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хорихоос татгалзах үүрэгтэй байтал хууль зөрчин шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар хорьсон үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4-т заасан Хүнийг хүчээр алга болгох, 22.1-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 21.12-т заасан Эрүү, шүүлт тулгах гэсэн гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулсан байх тул Авлигатай тэмцэх газрын болон Шүүхийн шийдвэрх гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр ангийн холбогдох албан тушаалтангуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаад байна.
Дараа нь Талийгаач Л.Бямбааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай АТГ-ын мөрдөгчийн тогтоол, АТГ-ын мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал, прокурорын тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүхэд гаргасан прокурорын санал, саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг АТГ, Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргуулж нотлох баримтаар тооцуулах хүсэлтийг гаргасан. Мөн Талийгаач Л.Бямбааг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-22-ны өдрийг дуустлах хугацааны Авлигатай тэмцэх газар руу орсон, гарсан, мэдүүлэг өгсөн үеүдийн хяналтын камерын дуу дүрсний бичлэгүүдэд бүхэлд нь үзлэг хийн бэхжүүлж хураан авч хэрэгт хавсаргах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид талийгаач Л.Бямбаагийн хоёрдугаар сарын 22-24-ний хоорондох орсон, гарсан, амь насаа алдсан цаг үеүдийн хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлж хэрэгт хавсаргах арга хэмжээнүүдийг тус тус авч өгөх талаар бид хүсэлт өгсөн гэв.
Аргын тооллын гуравдугаар сарын 15, Сугар гариг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7:05 цагт мандан, 18:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Венесуэль тамыг Уго Чавес, Мадуро нар биш, Венесуэлийн ард түмэн бүтээсэн” хэмээн өгүүлжээ.
“Өдрийн сонин”-д Худалдаа Хөгжлийн
банкны ТУЗ-ийн дарга
Д.Эрдэнэбилэг хэвлэлд
анх удаа дэлгэрэнгүй
ярилцлага өгч “Хатуу цагийн
шалгуурыг давсан бүхэн Баатрууд” гэж ярилаа.
“Улс төр” нүүрт УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ гэв.
НИТХ-ын даргад өрсөлдсөн Ц.Байгалмаа: Санал хураалтад намын удирдлагууд нөлөөлөх байсан учраас би нэрээ татсан хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.
“Шинжлэх ухаан” нүүрээсДавтагдашгүй, хязгааргүйг илэрхийлэгч ПИ тооны талаарх мэдлэгийг нэмэх мэдээлийг уншаарай.
“Баримт, үйл явдал” нүүрт Хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт оноох ял нь энэ гэмт хэргийг хүрээгээ тэлэхэд түлхэц болдог хэмээв.
Бригадын генерал Б.Батбаяр: Хамт олонч чанар, эх оронч хүмүүжлийг цэргийн албанаас л олж авдаг хэмээн “Генералууд” нүүрт ярив.
“Цаг үе” нүүрт Хару башёг Хакухо, Ичиножёо нар унаагүй үргэлжлүүлж байна зэрэг мэдээ мэдээллүүдийг хүргэлээ.
“Нэг ангийнхан” нүүрт МУБИС-ийн анхны дасгалжуулагчийн ангийнхан оржээ.
Дэндэвийн Мижиддорж: Буур Жамъян аварга чинь манай Мөрөнгийн хүн юм хэмээн “Эх орон сумаас эхэлнэ” нүүрт бичсэн байна.
“Дэлхийн мэдээ” нүүрээс Фэйсбүүк сүлжээнд доголдол үүсчээ хэмээх мэдээллийг уншина уу.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ