ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба ноднин хийсэн ажил, гэмт хэргийн тоон үзүүлэлтийн талаар өнөөдөр танилцуулав. Тус алба 1998 онд гарсан хүн амины хэрэгтэнг олж илрүүлжээ. Харин залилангийн гэмт хэрэг хамгийн их буюу 79.3 хувиар өссөн байна.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, “Мөрдөн байцаах албанаас ноднин 23 597 гомдол шалгасан. Тэдгээрийн 15 443-д хэрэг үүсгэсэн бол, 7 810 гомдлыг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Нийт гэмт хэргийг хуулийн хугацаанд шалгасан байдал 99.8 хувьтай. 20 722 хэрэг үүсгэснээс 9 448 хэрэгт эрүү үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, хэрэг үүссэн байдал 3 877 буюу 56.5 хувь өсчээ.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар, гэмт хэргийн шинжтэй 4 069 мэдээлэл шалгаснаас, 3 783 буюу 93 хувийг шалган, шийдвэрлэв. Хэрэг үүсгэх 8 084 хэрэг хүлээн авсан. Үүний 1 938-д эрүү үүсгэсэн юм. Өнөөдрийн байдлаар 44.2 хувийг шийдвэрлэсэн байна.
Залилах гэмт хэрэг хамгийн өндөр буюу 79.3 хувиар өссөн. Бусад төрлийн гэмт хэргүүд 8-10 хувиар өсжээ. Орон нутгийн мөрдөгч сард дунждаар 35-40 хэрэг, нийслэлийн нэг мөрдөгч 70-75 хэрэг мөрдөж байна.
Олон жил илрүүлээгүй гэмт хэргийг өнгөрсөн онд илрүүлсэн. Тодруулбал, тус албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1998 оны 12 сарын 24-нд Баянгол дүүрэгт иргэн Б-г 49 удаа хутгалж, амь насанд нь хүрсэн иргэнийг илрүүлжээ. Мөн, ховор амьтдыг хууль бусаар агнасан гэмт этгээдийг илрүүлэн, шалгаж байна” хэмээв.
Тэрбээр, “Гарал үүсэл нь тодорхойгүй гар утсыг гар дээрээс авахгүй байх”-ыг сануулаад, өнгөрсөн оноос ашиглалтанд оруулсан https://smartdevicelink.com/ сайтын талаар танилцууллаа. Уг сайтад өөрийн гар утасныхаа “IMEI” кодыг хийж сануулснаар, хулгайд алдсан үед нь цагдаагийн байгууллага олж тогтооход хялбар болох юм байна. Тиймээс тус сайтаар нэвтэрч өөрийн гар утасаа бүртгэлжүүлэхийг цагдаагийн байгууллагаас сануулав.
БОАЖЯ, ЦЕГ хамтран Монгол Улсын хэмжээнд хөндөгдсөн газрыг ноднин тоолоход, 27 400 мянган хавтгай дөрвөлжин талбай ашигт малтмал олборлосноос болж, сүйдсэн байжээ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс дээрх талбайг нөхөн сэргээхийг холбогдох уул уурхайн компанид шаардлага хүргүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.
Монгол Улсад Жи-Тайм сүлжээнд хохирсон 17 434 иргэн байна. Казахстан, Монгол Улсын хоёр иргэн эл хэрэгт холбогдсон ч мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлжээ. Энэхүү хэргээр 6.9 тэрбум төгрөг, 400 орчим сая төгрөгийн автомашин, 3 тэрбумын үнэтэй барааг битүүмжилжээ. Хохирсон 11 мянга гаруй хүнээс мэдүүлэг авахад 26 орчим тэрбум төгрөгийн хохирол гарч ирсэн ч гэмт этгээдүүд оргон зайлсан учир дараагийн шатны арга хэмжээ авж болохгүй байгаа юм байна. Тиймээс энэ төрлийн залилангийн хохирогч болохоос сэрэмжлэхийг зөвлөлөө.