Categories
мэдээ улс-төр

Баянзүрх дүүргийн дахин сонгууль Бямба гаригт болно

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийг гуравдугаар сарын 23-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2016 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль болсон юм. Тухайн үед аравдугаар тойрогт нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Х.Өлзийхорол нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Улсын дээд шүүхээс тухайн тойргуудад дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Тиймээс дахин сонгууль явуулахаар болсон билээ.

Дахин сонгуульд дөрвөн намын найман төлөөлөл нэрээ дэвшүүлсэн байна. Мөн дөрвөн хүн бие даан нэр дэвшиж буй аж. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт зургаан нэр дэвшигч өрсөлдөх юм байна. Хоёр тойрогт санал авах таван байр байгаа бөгөөд нэр дэвшигчид энэ Пүрэв гарагийн 00.00 цагт сурталчилгаагаа зогсоох ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гарамжав гишүүний газрын дээрэм ба 5 тэрбумын хөрөнгийг 500 саяар авах ухаан

Уг нь Ц.Гарамжав уул уурхайн бизнес хийдэг хатагтай байгаа юм. Түүнийг “Монполимет”-ийн Ц.Гарамжав гэдэг байлаа. Одоо эрхэм гишүүн Ц.Гарамжав болчихсон. Тэрээр Уул уурхайн дэд сайд байж байгаад улс төрд гүнзгий орж, улмаар УИХ-ын гишүүн болсон байдаг.

2016 оны сонгуульд МАН маш олуулаа УИХ-д орж ирэхэд Ц.Гарамжав тэдний нэг болсон хэрэг.

Түүнийг гишүүн болсон ч зөвхөн уул уурхайн бизнесээ эрхлээд явдаг хүн гэж сурвалжлагч миний бие саяхныг болтол боддог байлаа.

Ер нь бол түүний УИХ-ын гишүүний ажлыг санасандаа хүрч, сарвайснаа авдаг хэмжээгүй эрхт албан тушаал гэж эндүүрсэн бололтой.

Учир нь Ц.Гарамжавын хийдэг үйлдэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ихэд түрэмгий болж, тэр хэмжээгээр бусдад халтай хүн болжээ.

Ц.Гарамжавын уул уурхайн бизнесийн талаар таагүй мэдээлэл зөндөө л сонсогддог. Заримдаа дуулиан шуугиан болно. Мань хүн тэгсгээд чимээгүй болгочихдог.

Бас Засгийн газраар өөрийнхөө компанид ашигтай шийдвэр гаргуулчихсан гээд хоёрхон жилийн өмнө яригдаж л байлаа. Бас л сураг алдарсан.

Тэгвэл Ц.Гарамжав, түүний охин, одоо “Монполимет”-оор овоглодог болсон Н.Мөнхнасан нарын нэгэн явдлын талаар энд бичихээс аргагүйд хүрэв.

Хэрэв үүнийг ил болгохгүй бол олон бизнесмэн, хувь хүмүүс, байгууллага компаниуд ч Ц.Гарамжавын иймэрхүү аргад унаж, дарамтад орсон байх магадлалтай бөгөөд бусдыг сэрэмжлүүлж буй юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний нэр хүндээр хууль шүүхийн байгууллагад ч нөлөөлөөд байж болзошгүй юм. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл, олон жил бугласан явдлууд дэлбэ үсэрч байгаа энэ цаг үед эрхэм гишүүний бодлогогүй үйл ажиллагааны золиос болж, “цэвэрлэгээ”-нд өртөх вий гэсэн сэрэмжлүүлгийг ч бас хүргэж байгаа хэрэг.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар хорооллын Автозамчдын гудамжинд Монполимет буюу МПМ тауэр гэж бий. “Монполимет” компанийн оффисын барилга гэсэн үг. Энэ тауэр “Буян” компанийн дэргэдүүр урагш яваад Нарны замтай нийлдэг уулзвар хавьд байдгийг хүмүүс мэднэ.

Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар 2016 оноос энэхүү МПМ тауэрынхаа дэргэд нэгэн шинэ барилга эхлүүлэхээр газар хайгаад эхэлжээ. Тэдний хайж байгаатай байршил, хэмжээ нь яг тохирсон 1240 мкв хэмжээтэй газар МПМ тауэрынх нь зэргэлдээ байж таарав. Гэтэл уг газрын үнэлгээ нь 5 тэрбум төгрөг гэж байж.

Тэр газрын үнэлгээ Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт өндөр санагдсан тул газрын эзний хэн болохыг, хэн хэнтэй ойр дотно холбоотой болохыг судалсан байгаа юм. Ингээд “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяртай ойр гэдгийг олж мэджээ.

Тэд Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг Ж.Ганзориг гэдэг хүнээр дамжуулан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай холбогдож, учир байдлаа хэлсэн байна. Ингэхдээ “Бид энэ газрыг худалдаж авах гэсэн юм. Гэтэл үнэ нь их өндөр болоод байна. Эзэмшигч нь тантай танил хүн юм байна. Тийм болохоор танаар дамжуулаад энэ газрыг худалдаж авах бодолтой байгаа юм. Та газрыг шилжүүлээд авчихвал бид 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахад бэлэн байна” гэжээ.

Тухайн газрын эзэн нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарын судалж мэдсэнчлэн “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай их ойр, сайн танил, бизнесийн олон гэрээ хэлцэл хийж хамтарч ажиллаж байсан хүн байж таарав.

Бас хоорондоо зарим нэг өгөө авааны тооцоотой байв. Нэг үгээр бизнес л бол бизнес учраас газрын эзэнтэй зарим нэг тооцоо дуусгахад Ц.Гарамжав, Н.Мөнхнасан хоёрын санал боломжийн гэ үзсэн байна. Тиймээс “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяр газрын эзэнтэй яриа хэлцэл хийж 2017 онд дээрх 1240 мкв газрыг “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэн авчээ.

Гэтэл яг энэ үед Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар дээрх 1240 мкв газар, хажууд нь байсан хувь хүн, байгууллагын нэр дээр байдаг газруудыг хамруулан барилгын ажил эхлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлаас 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон ярьснаа хэрэгжүүлэлгүйгээр газрыг нь дамнуулан оролцуулаад барилга бариаад эхэлжээ.

Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхдээ урьд нь тус 1240 мкв газар дээр байсан барилгын суурийг өөр барилгын хогоор булж дүүргээд, газрыг нь хашиж аваад өөрийн эд хөрөнгийг байршуулан ашиглаад эхэлсэн байгаа юм.

Ингэхээр нь “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал анх энэ талаар хэлж ирсэн, Ц.Гарамжав нартай холбож өгсөн Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ганзоригтой холбогдож, “Энэ юу болоод байна вэ” гэхэд нөгөөх нь “Би Гарамжав, Мөнхнасан нартай холбоогүй болсон. Юу болоод байгааг мэдэхгүй” гэж хариулсан байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ганзориг гэгч нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт ийм ашигтай холбоос хийсний шанд “Лексус-570” автомшин авсан гэх мэдээлэл сонсогдоод алга болсон байна.

Улмаар “Ярьсан яриагаа хэрэгжүүлээч” гэж шаардлага тавихад Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаярыг “Уулзъя” гэж дуудаад “Газрыг худалдаж авна. Гэхдээ бэлэн мөнгөөр биш” гэх зэргээр хэлснээсээ буцаж эхэлсэн байна.

Түүгээр ч үл барам Н.Мөнхнасан нь “…“Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал намайг мөнгө өг гэж дарамталж сүрдүүлсэн” гэж цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч, хэрэг бүртгэлтийн хэрэг хүртэл нээлгэчихсэн байгаа юм. Гэвч удалгүй үнэн мөн нь олдож цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ.

Энэ мэтээр ээж, охин хоёрын үйлдэл цайрах шинжтэй болж, “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал өөрийн компанийн нэр дээрх газрыг ашиглах боломжгүй болсон тул шүүхэд хандсан байна.

Ингэсэн ч Ц.Гарамжав зогсолгүй, зөвшөөрөлгүй барилгынхаа суурийг бариад амжчихав.

Бас болоогүй, сууриа дуусгаж авчихаад “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралд “Газрыг чинь 500 сая төгрөгөөр авъя” гэдэг санал тавьжээ.

2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дээрх 1240 мкв газрыг 500 сая төгрөгөөр худалдаж авах саналыг албан бичгээр хүргүүлсэн байна.

Харин эрхэм гишүүнд ингэж “муриулсан” талаараа хандсан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн гомдлыг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга хэт нэг талыг барьж, эрхэм гишүүнд илтэд үйлчилсэн гэж хардахаар шийдэж орхижээ.

Шүүгч Ө.Уянга нь явсаар “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшлийн газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ийм нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ. Улмаар “Энэ үндэслэлээр Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарыг шударга бус эзэмшигч гэж үзэх үндэсэлэлгүй болно” гэсэн агуулгатай шийдвэрийг гаргачихсан байна.

Уг нь газар эзмшилтэй холбоотой шийдвэрийг Нийслэл, дүүргийн Засаг дарга, бүр шүүх дээр очлоо гэхэд Захиргааны шүүх шийдвэрлэх хууль номтой байдаг билээ.

Ер нь тэгээд хувийн ашиг сонирхол төрийн бодлоготой хэзээ ч нийлдэггүйг энэ жишээ тодоос тод харуулж байгаа юм. Тиймээс ч тун удахгүй эрх баригчид УИХ-д бизнесмэнүүдийн орж ирдэг байдлыг таслан зогсоохоор томоохон арга хэмжээ авах гэж байгаа.

Яг энэ асуудал дээр л гэхэд Ц.Гарамжавын УИХ-ын гишүүний нэр хүнд нэгэн бизнесмэний үйл ажиллагаа, санхүүд эрсдэл хохирол учруулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, цаашлаад тэдэнд үйлчилсэн эсэхээ шалгуулах эрсдэлтэй тулчихаад байгаа юм.

“Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлын нэхэмжлэлтэй энэ хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ. Доод шатны шүүхүүдийн захирамж, шийдвэрийг залруулж, зөвийг гаргаж ирдэг Дээд шүүх бол үнэн зөвөөр шийдээд явах нь мэдээж биз.

Гэвч, дахин хэлэхэд Ц.Гарамжав гишүүн л гэхэд ингэж газрын дээрэм хийж, таван тэрбумын өртөгтэй хөрөнгийг 500 сая төгрөгөөр худалдан авах шахалт дарамтыг жирийн нэг бизнесмэнд учруулжээ.

Иймд энэ мэтийн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар онцгой анхаарал хандуулах ёстой юм.

“Балинчаа аваач ээ” гэдэг шиг төрийн өндөр сэнтийд заларсан, түүгээрээ бусдыг далайлган сүрдүүлж, хүссэндээ хүрдэг түшээд та бүхний дэргэд нэг биш байж мэднэ шүү.

Дээд шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлье.

Categories
мэдээ нийгэм

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед Та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй юм.

Иймд гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулганыг дөнгөж сая нээсний дараагаар УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуваарийн дагуу хуралдах гэж байна.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн хэд хэдэн томилгоо хийгдэх тул УИХ-ын гишүүдийн анхаарлын төвд байна. Дээрх асуудалтай холбогдуулж намын бүлгүүд саналаа нэгтгэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна

УИХ энэ сарын 18-29-нд ээлжит бусаар хуралдахаар болсон. Чуулганаар татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Хөдөлмөрийн тухай, Тендерийн тухай хуулийг өөрчлөхөөр зорьж буй.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, АТГ-ын дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байна. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр “Парламентын засаглалыг төгөлдөршүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах түүхэн үүрэг энэ УИХ-д бий. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг эрдэмтэн судлаачидтай уулзаж, 11 удаа хуралдаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгийн эрхэм хэрэглэгч

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах. Нийт иргэд, хэрэглэгчид, хүүхэд багачууд Та бүхэндээ баярын өдрийн мэнд хүргэе.

2019 оны гуравдугаар сарын 15-ны энэ өдөр Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд “Ухаалаг, итгэлтэй бараа, бүтээгдэхүүн” уриан дор Олон улсын хэрэглэгчийн өдрийг 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд гуравдугаар сарын 01- 15-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Үүнд:
– Хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн талаар мэдлэг олгох үүднээс “Хүүхэд хэрэглэгч” теле хичээлийг бэлтгэн түгээв.
– Сургуулийн орчинд худалдан борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийлээ.
– Нийслэлийн Ерөнхий боловсролын 150 гаруй сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад “Хүүхэд хэрэглэгч” сургалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга, “Хэрэглэгч гэж хэн бэ?”, “Аюулгүй ухаалаг бүтээгдэхүүн” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав.
– Хэрэглэгчийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээлэл хийлээ.

– БСШУСЯамтай хамтран “Хүүхэд хэрэглэгч” гарын авлагыг боловсруулан гаргалаа.
– Мөн яамд, аймаг, сум, дүүргийн орон тооны бус хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлүүд нутаг дэвсгэр, салбар, чиглэлийн хүрээнд “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон.
Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” өдөрлөг арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг нар үг хэлж илтгэл тавьлаа.
Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч бөгөөд тэдний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал бол хүн бүрийн оролцоог чухалчилсан өргөн хүрээний ажил юм. Арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүүхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн хүрээнд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хүүхэд хэрэглэгчийн асуудлыг анхааран үзэж хамтран ажиллах уриалга гаргалаа.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
УТАС: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн тэмдэглэл (III)

Түрүүч нь № 051, 052(6152, 6153) дугаарт


БИХАР МУЖ

Бурханы шашинт монголчуудын зорьж очдог ариун дагшин газруудын нэг бол Энэтхэгийн Бихар мужид орших Бодьгаяа юм. Тийш очихын тулд нийслэл хотоос онгоцоор Патна хот хүрэх бөгөөд Бодьгаяа хүртэл автобусаар дахин 6-8 цаг явна. Энхэл донхол бүхий замаар дэржигнүүлэн давхих зуур энэ нутгийн хүмүүсийн ахуй амьдрал алган дээр тавьсан мэт тодхон харагдаж байв. Арга ч үгүй юм, замын хажуунаас залгаад л түжигнэж бужигнасан амьдрал эхэлж, хотоос хот хүртэл огтхон ч тасрахгүй үргэлжилнэ. Энэтхэг кастын систем буюу баян ядуугаараа ангилагдан тусгаарлагдсан орон. Баян, хоосны ялгаа үлэмж. 200 шахам сая хүн үгээгүй ядуу амьдарч байхад дэлхийн тэргүүн баячуудын тоонд 90 гаруй энэтхэг хүн багтдаг.

Бихар муж бол хөгжил буурай, хүмүүсийнх нь амьдрал ч ядруу. Төв замынхаа хоёр талаар тасралтгүй ил задгай зах үргэлжлэх бөгөөд чихэр жимс, хувцас хэрэглэл, түргэн хоол гээд байхгүй юмгүй. Түргэн хоолны тогооч нь хоолны хачир энэ тэрээ гараараа атган таваглана, өнөөдүүл нь ч хуруугаараа сэрээдэн идэж харагдана. Замын тоос шороо, эргэн тойрон хөглөрөх хог новш, нааш цааш сүлжилдэх олон хүмүүсийн алхаа гишгээ гээд залхмаар адилхан дүр төрх эрээлжилнэ. Хэсэг яваад энэ байдал арай өөрчлөгдөн, орон сууцны хороололд ороод ирэв. Хоёр давхар навсгар байрыхаа нэг давхарт өнөө л худалдаа арилжаагаа хийж байгаа хүмүүс. Хүний олноор арилжаа наймаа нь давгүй явдаг биз. Зарж борлуулж буй бараа нь тоос шороонд дарагдсан ч тоох юм алга. Ийм л дүр зураг бүтэн зургаа долоон цаг нүдний өмнүүр жирэлзэнэ. Багахан чөлөөнд ногооны талбайнууд харагдана. Харин хаа сайгүй үнээгээ хөтөлсөн харчууд харагдах бөгөөд зарим нь сааж сууна. Үхэр бол энэтхэгчүүдийн бахархал, сахиус нь гэсэн үг. Тэд энэ оноос үхрийг нь хэн нэг нь хөнөөх, хохироохоос сэргийлэх зорилгоор паспорт олгох аж. Паспортод тухайн үхэрний нас хүйснээс гадна цусны шинжилгээ ч байх тул хуурамчаар хийхэд тун хэцүү болсон байна. Энэтхэгт лалын шашинт үндэстэн цөөнгүй бий. Тэдний хувьд үхэр бол мал, мах. Гахайн мах хориотой тул лалын шашинт энэтхэгчүүдийн гол хүнс үхэр. Харин хүн амын ихэнх болох индусүүд сүүг нь ашигладаг ч үхрийг хүнсэнд хэрэглэх, арьсыг нь зарж борлуулахыг эрс хориглодог. Үндэстэн хоорондын зөрчилдөөний нэгэн гол асуудал болсон үхрийн асуудлыг ийнхүү паспортоор шийдэхээр болжээ. Энэтхэг 40 сая үхэртэй. Тэднийг паспортжуулах ажилд найман сая доллар зарцуулна гэсэн мэдээлэл байна. Энэ улсад үхрийг хамгаалаад зогсохгүй бүх талаар нь судлан шинжилдэг. Энэтхэгийн Засгийн газарт үхэр сүргийн асуудлыг шийдэх, судлах тусгай хороо байдаг нь 19 хүнтэй. Тийм болохоор үхэр нь бараг л хүнээсээ дутуугүй хангамжтай. Өвс, усыг нь бэлдээд тавьчихсан, гоёмсог хүзүүвч хийчихсэн байв.

Патна хотоос биднийг буутай цагдаа нар замчилж Бодьгаяа хүргэсэн бөгөөд зам зуур зогсож зурах авах төдийд нутгийнхан эвэртэй туулай үзсэн мэт нүд салгалгүй ширтэх нь эвгүйцэм. Оройхон гудамж талбайд гэрэл анивчан, хөнгөн хөгжмийн ая үсчин, саари өмссөн бүсгүйчүүд, хүдэр борог эрчүүдтэйгээ диско бүжиглэх нь мэр сэр тааралдах болов. “Хурим болж байна” гэж хөтөч маань товчхон сонирхууллаа. Маш цомхон хүрээнд, тэрүүхэн хавьдаа цөөхүүлээ бүжиглэх бөгөөд гудамжны нөгөө талд худалдаа наймаа үргэлжилсээр байсан. Энэтхэгийн заншлаар хуримын ёслолоор эхнэр нөхөр хоёр дараагийн долоон үеийн амьдралаа холбож байгаа гэж итгэдэг тул ёслолыг маш өндөр зэрэглэлд зохион байгуулахыг хичээнэ. Хэрэв эхнэр нь нөхрийнхөө ирээдүйг тодорхойлдог хэмээн үздэг. Эхнэр нь нөхрийнхөө эрүүл мэнд, сэтгэл хангалуун байлгах нөхцөлийг хангах үүрэгтэй. Эхнэр хүн нөхөртөө муу хандах, сэтгэл дундуур байгаагаа харуулж нөхрийнхөө сэтгэлийг зовоож болохгүй. Хэрвээ нөхөр нь өвчнөөр эхнэрээсээ өмнө нас барвал эхнэр хүн бүх гоёл чимэглэлээ авч, үхэн үхтлээ гашуудал зарладаг. Бэлэвсэн эхнэрүүдийг ямар нэг арга хэмжээнд хэн ч урихгүй, нийгмийн байр суурь хамгийн доод түвшинд тооцогддог гэдэг. Ингэж явсаар бид Бодьгаяад ирлээ.

БОДЬГАЯА

Гэгээ орох төдий үнэгэн харанхуйгаар бид Махабоди сүм руу хөдөллөө. Бурхан багш одоогоос 2500 жилийн өмнө Бодьгаяа буюу Очирт сууринд Бодь модны дор суун, 35 настайдаа төгс гэгээрлийн хутгийг олжээ. Бурхан багшийг гэгээрэлд хүрэх үеэр биеэс нь их гэрэл цацарч, түшин суусан Бодь модноос бусад бүх мод шатсан домогтой. Энэхүү газрыг тэмдэглэн Их бодь суварга буюу Махабоди суваргыг эрдэмт Ашока хаан босгосон гэдэг.

Үүр дөнгөж хаяарахаас эхлээд Бурхан багшийн гэгээрсэн энэхүү Бодь мод, ариун суварганы зүг сүсэгтэн олны хөл тасралтгүй урсана. Үүд хавиар зарах цэцгэн мандлыг олон хүн гартаа барж, суварганд өргөж байлаа. Махабати суварганы гол хаалгаар оруут Бурхан багшийн алтадсан дүр угтана. Чанга яригчаар бурханы номыг нэгэн жигдээр тасралтгүй унших бөгөөд анхилам хүжийн үнэр хаа сайгүй тархжээ. Түүнээс гараад суваргыг нар зөв гороолон тойрвол лам нар хэсэг хэсгээрээ газарт завилан сууж уншлага номоо эхэлсэн байв. Үнэн сүсэг бишрэлтэй хүмүүс сунаж мөргөн урагшилна. Тэнд бүх хүн гутлаа тайлж орох ёстой.

Махабоди сүм нь 10 мянган ламтай. Сүмийн дэргэд түмэн зүйлийн шувуу жиргэсэн том нуурыг хашаалсан байх бөгөөд нуурын дунд Бурхан багшийн дүрийг могой ороосон байдлаар залжээ. Учир нь Бурхан багш бясалгал хийж байх үеэр айхавтар үер болсон бөгөөд тэр үеэр түүнийг могой хамгаалж байсан гэдэг.

Сүмээс гарч ирэгсдийг гараа тоссон сарвайсан хүмүүс, юухан хээхнээ үнэд хүргэх гэсэн наймаачид хуйлран тосно.

Ариун дагшин байдал, итгэл, шүншиг илтэд нэвт шингэсэн Бодь мод, Махабоди суваргад мөргөх нь дэлхийн бурханы шашинтнуудын туйлын хүсэл байдаг. Тиймдээ ч сүсэг нэгт олон түмнээ цагийн цагт мөнхөд соронздон далласаар байдаг биз ээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхий сайд болсноосоо хойш Азийн Бурханы шашинтай орнуудад түлхүү айлчлал хийж байгаа бөгөөд үүнийгэээ “Будда дипломаси” гэж нэрлэдэг. Бурхны шашнаар дамжуулан Бурхан багшийн ариун дагшин газрууд байралдаг Энэтхэгийн хамгийн буурай хөгжилтэй газруудад хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа аж.

Монголчуудын хувьд ч Энэтхэг орныг бурханы шашны өлгий нутаг хэмээн хэдийнээсээ сүсэглэсээр ирсэн. Өдгөө шашин номын үйл хэргээс гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам л өргөжин тэлсээр байна. 2015 оны тавдугаар сард хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хэмээн зарлажээ.

Хамтын ажиллагааны заримаас нь дурдвал, хоёр улсын Засгийн газар “Дипломат, албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-ийг 2005 онд байгуулсан байна. Монгол, Энэтхэгийн соёлоор харилцах нийгэмлэг 1959 онд байгуулагдаж, 1990 онд Монгол, Энэтхэгийн найрамдлын нийгэмлэг болон шинэчлэгджээ. Энэтхэгийн соёлын төв Улаанбаатарт 1992 оноос үйл ажиллагаа явуулж, энэтхэгийн соёл, урлагийг монголчуудад сурталчилж, хүүхэд залуучуудад хинди хэл сургаж байна. Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 150 төрийн албан хаагчийг Энэтхэгт төрөл бүрийн богино хэмжээний сургалтад хамруулдаг. Энэтхэгийн соёлын харилцааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 хүртэлх оюутныг бакалавр, магистр, докторын сургалтанд хамруулах боломжтой ажээ.

Цаашид хоёр орны улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбар, олон нийтийн байгууллага болон эдийн засгийн харилцааны цар хүрээ улам нэмэгдэн гүнзгийрэх нь дамжиггүй юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдлийн малыг үнэгүй авсан малчдаас төлбөрийг нь авах цаг болжээ

1991 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг судалж, дүгнэх ёстой гэж үзэн Засгийн газар ажлын хэсэг байгуулж, шалгуулахаар боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 28 жил явуулсан өмч хувьчлалаа цогцоор нь дүгнэж дараагийн хувьчлалаа явуулах ёстой гэж үзсэн гэж үүнийг тайлбарласан. Энэ ажлын хэсэг Төрийн өмчөөс хувьчилсан 928 объектыг бүгдийг нь судалж хоёр сарын дараа УИХ-д тайлагнах аж. Үүнийг цахим орчинд ихэнх нь дэмжээд сүйд байна. Нэг ёсондоо дахин хуваарилалт хийх нь зүйтэй гэлцэх юм.

Ягаан, цэнхэр тасалбар, менежмэнтийн хувьчлал зэрэг бол муу ч, сайн ч хууль, тогтоол, шийдвэр гарч, дуудлага худалдаа маягтай юм болж байж хийгдсэн байдаг. Өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Цэнхэр тасалбар буюу их хувьчлал нь хувьцаа эзэмших долоон мянган төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг. Үүнийг эзэмшигч нь хувьчилж буй аливаа үйлдвэрийн газруудын хувьцаанд өөрийн сонголтоор хөрөнгө оруулж, хувь эзэмших эрхээ баталгаажуулах боломжтой байв. Иргэдийн ихэнх нь өөрийн ажиллаж байсан үйлдвэр, байгууллагынхаа хувьцаанд хөрөнгө оруулсан байдаг. Ягаан тасалбар буюу бага хувьчлал нь эд хөрөнгө худалдан авахад төлбөрийн хэрэгсэлд тооцогдон ашиглагдаж байсан, тухайн үеийн 3000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг.

Үүнийг эзэмшигч эд хөрөнгө худалдан авахдаа бусдаас ягаан тасалбар худалдан авч тооцоо хийх, эсвэл эд хөрөнгө худалдан авах гэж байгаа этгээдэд бэлэн мөнгөөр өөрийн ягаан тасалбараа худалдах зэргээр ашиглах боломжтой байсан. Цэнхэрээс ялгаатай нь ягаан тасалбар зөвхөн нэг удаагийн төлбөрийн хэрэгсэлд тооцогдохоор гарсан.

Цэнхэр, ягаан тасалбарын нарийн учрыг ойлгоогүй, ойлгосон нэг нь боломжийг ашигласан гээд яривал их юм бий. Мөн Орон сууц хувьчлал, газар хувьчлал бол хууль тогтоомж гарч байж шийдвэрлэсэн байдаг. Харин мал хувьчлал бол албан ёсны тогтоол шийдвэргүй, тухайн үеийн МоАХ-ныхны шаардлагад дулдуйдаад л явагдсан байдаг юм. Хотынхон орон сууцаа хувьчилж авч байхад малыг малчдад хувьчлах хэрэгтэй гэсэн шаардлага л даа. Чухам энэ хувьчлал л хараа хяналтаас нэлээд хөндий, нэгдэл, аймаг, сумын удирдлагын зохицуулалтаар шийдэгдэж, өмч хувьчлалын дүйвээнд өөрсдөө дураараа авсан.

Нэгдлийн хөрөнгийг төрийн хяналт зохицуулалтгүй урсгалаар нь орхисон нь бодлогын хувьд алдаатай байсан гэж зарим баримт бичигт дурдсан байдаг. Хувьчлалын дүйвээнд ёстой л дур зоргоороо, үзэмжээрээ тараасан байгаа юм. Үүнийг л хамгийн түрүүнд шалгах ёстой. Ингэвэл шударга ёсыг тогтоох өмч хувьчлалын асуудлыг шалгаж байна гэж үзэж болох юм. Малыг малчдад өгөхдөө нэгдэлжих хөдөлгөөнд элсэхдээ авчирсан тоогоор нь өгсөн биш, зүгээр л дээрэм тонуул болсон.

1950-иад оны дундуур эхэлсэн нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд дууссан бөгөөд Лениний хоршооллын төлөвлөгөө гэдэг нь монгол хөрсөнд буусан байдаг. Нэг нэгдэл тэр үед дунджаар 43 мянган малтай болж байж. Үнэн хэрэгтээ ЗХУ-ыг махаар хангахын тулд нэгдэл байгуулагдсан, Оросын мах бэлтгэлийн малчид л байсан гэж егзөр өвөгцүүл ярьдаг. Ингэж бий болсон нэгдлийн малыг хэрхэн яаж хуваарилсан нь хуудуутай болсныг дээр өгүүлсэн. Тавыг өгсөн нь тавийг авч, таван зууг өгсөн нь тавийг авсан зэрэг бол маргаангүй. Найман зуун мал өгч байсан нэгэн наймхан хурга авсан нь ч бий. Хоосон хоцорсноос гээд өгснийг нь авсан байх. Угтаа нэгдэлжих хөдөлгөөнд нэгдэж малаа өгсөн улс аль хэдийнэ үхэж үрэгдээд дууссан. Хувьчлалын далимаар өнөөх хувийн өмчийг үзэн ядагч улаан коммунистууд маань хамгийн их хөрөнгөжсөн. Мал өмч гэдэг нь тодорхой, хувьчлагдсан нь нь тодорхой. Харин яаж, ямар замаар хувьчлагдсаныг л шалгах хэрэгтэй юм.

Тэр тусмаа нэгдлийг удирдаж байсан хүмүүс нэгдлийн гол өмчүүдийг хувааж аваад малчдыг хэл ам гаргах вий гэж ам таглах төдий хэдэн мал өгсөн. Яахав мал малладаггүй ч хөдөө ажиллаж, амьдардаг зарим нэг нь ягаан тасалбараараа цөөн тооны мал авсныг эс тооцвол бусад нь үнэгүй тараасан. Тараах ч юу байхав, өм цөм өөртөө авсан улс их бий. Аминдаа таван хоньгүй байсан нөхөр хувьчлалын дараа мянгат малчин болчихсонд учир их бий. Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил бол малчдаас малынх нь үнийг авах ёстой. Ийм л зорилгоор, энэ мэтчилэнгийн өмч хувьчлалын завхарлыг арилгах гол ажил болно гэж Засгийн газар шалгалтын ажлын хэсэг байгуулаа биз. Мал бүрээс биш байлаа гэхэд мянган малын гурван зуугаас ч татвар авдаг юм уу. Төлбөрийг цувуулж авдагсанж уу тэрийг төр өөрөө зохицуулна биз. Хувьчлахдаа хаа байсан 1950 хэдэн оны “иргэн Дорж тавин хонь өгөв” гэж монгол бичгээр гараар алаг цоог бичсэн архивын баримт гэгчийг мал хувьчлалын үед эх сурвалжаа болгосон гэж зарим нь ярьдаг. Зарим нь нэгдлийн архив гэж шальтай юм байгаагүй. Тиймдээ ч 333 сум нэгдэл түүн дээр, аймаг, сумын удирдлага, мал хувьчлах комиссынхны л гараар л энэ хувьчлалын хувь заяа шийдэгдсэн байдаг. Үндсэндээ бүхэл бүтэн далан жилийн хооронд социалист бүтээн байгуулалт нэрээр ЗХУ-аас зээлсэн олон сая рублийн /их өр/ тал илүү хувийг хөдөө аж ахуйг хөгжүүлэх нэрээр гурван зуу гаруй сум нэгдэлд л зарцуулсан. Үлдсэн хувь нь улсын үйлдвэр, аж ахуйд зориулсан байх.

Одоо энэ малчид улсад төлж байгаа татвар гэх юм алга. Өвөл, хавартаа зуд, цурханаас болж хэцүүдсэн зовлонгоо тоочиж, тусламж хүсч суудаг. Харин үлдсэн зээлээр социализмын үед боссон хэдэн үйлдвэр хувьчлагдсанаар өнөөдрийн Монголыг авч яваа, томоохон татвар төлөгч компаниуд болсон шүү. Хувьчлагдсан үйлдвэрүүд нь одоо улсаа авч явж, татвараа төлж байхад нэгдлийн малыг үнэгүй авсан малчдаас төлбөрийг нь авах цаг болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Ихрийн удамтай, ихэр үрстэй, мөрдөс зүүсэн “Алдарт эх”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ныг тохиолдуулан цагдаагийн алба хаагч, Алдарт эхийн одонгоор удахгүй энгэрээ мялаалгах цагдаагийн дэслэгч А.Сүлдмааг “Танайд өнжье” буландаа урилаа. 25 настай залуухан ахлах дэслэгч дөрвөн хүүхдийн ээж. Түүнтэй уулзахаар бид Сүхбаатарын талбайгаас холгүй байрлах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүрч очлоо. Бүсгүй багаасаа л мөрдөс зүүсэн төрийн хүн болно гэж мөрөөддөг байж. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэсний эцэст 2016 онд уг төвд ажилд орж, иргэдийнхээ амар тайван байдлыг хангахын төлөө зүтгэж яваа нь энэ аж.

Ажил руу нь ороход биднийг А.Сүлдмаа дарга удирдлагуудын хамтаар угтан авлаа. Уг төв нь 102, 103, 105-т ирсэн бүх дуудлагыг хүлээж авч харьяа дүүрэг, холбогдох газар руу нь мэдээллийг нэн даруй шуурхай хүргэх чухал үүргийг хүлээн ажилладаг байна. Энэ ч утгаараа 2010 оноос эхлэн нээгдсэн цагаасаа хойш нэг минут ч доголдож, зогсох эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулжээ. “Манай байгууллагын үйл ажиллагаанд ганцхан хором саатал гарахад улсын хэмжээнд ямар аюул тохиолдохыг ёстой тааж хэлэх аргагүй” хэмээн тус төвийн мэргэжилтэн Цагдаагийн хурандаа М.Төмөрбаатар хэлж байлаа. Түүнээс иргэдээс ирдэг яаралтай дуудлагад удаж очдог шалтгааныг лавлахад “Уг нь нийслэлийн хэмжээнд шөнөдөө 24-25 түргэн тусламжийн автомашин, алба хаагчидтайгаа бэлэн байдалд хонодог. Иргэдээс ирж буй дуудлага хамгийн түрүүнд манайд ирдэг. Түүнийг нь бид бараг секундийн ч зөрүүгүй холбогдох дүүрэгт нь мэдээлдэг юм. Гэсэн хэдий ч алба хаагчдын хүрэлцээ муу, ачаалалтай байдал нь дуудлагад шуурхай хүрч очиж чадахгүйд хүрдэг” гэсэн хариу өглөө. Мөн тэрбээр “Хэдэн жилийн өмнө Хоёрдугаар төсөл гэх зүйлийг хэрэгжүүлнэ гэж ярьж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байна. Хэрэв энэ төсөл хэрэгжээд эхэлбэл Монголын ард түмэнд маш хэрэгтэй. Тусламж хүссэн иргэний утас нэгжгүй, цэнэггүй, сим картгүй ч байсан, уулын мухарт төөрсөн, гэмтсэн тохиолдолд байршлыг нь тогтооход асуудалгүй болно. Энэ төсөл хэрэгжээд эхэлчихсэн бол өнгөрсөн жил Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд уулчид осолдоход хүний амь эрсдэхгүй өнгөрөх боломж байсан. Учир нь утас унтраатай үед ч Emergemcy call дээрээ дарахад манай төвд тухайн яаралтай дуудлага нь шууд бүртгэгдэх юм. Тэгээд хаана осолдсон байршлыг нь тодорхойлж, туслалцаа үзүүлэх боломж бүрдэх байсан. Харамсалтай нь энэ төсөл үндсэндээ зогсонги байдалд орчихлоо” хэмээсэн юм.

А.Сүлдмаа уг төвд ажилладаг 160 гаруй алба хаагчдын нэг. Техникийн бүрэн бүтэн байдал, доголдол саатлыг хариуцдаг аж. Түүний мэргэжил радио холбооны инженер юм байна. Техникийн холбогдолтой бүхий л саатал, гэмтэл А.Сүлдмаа болон ижил мэргэжилтэй ажлынхных нь гараар дамждаг гэнэ. Бид энэ мэт элдвийг ярилцаж явсаар тавдугаар давхарт гарч ирлээ. Дотогш ороход Улаанбаатар хотын төв болон туслах замууд, гэр хорооллын гудамж, албан байгууллагын урдах орчныг харж болохуйц нийслэлийн хэмжээн дэх камерын нэгдсэн хяналтын систем бүхий өргөн дэлгэц угтав. Хажуудаа хэд хэдэн утас, компьютерын дэлгэц байрлуулсан 20 гаруй алба хаагчид зогсоо чөлөөгүй “Байна уу. Ямар хэрэг гарав, тодорхой хэлээрэй, дуудлагыг тань хүлээн авлаа” гэхчлэнгээр завсар зайгүй ирэх дуудлагад хариу өгөөд тун завгүй сууцгаана. Дуудлага өгч буй хүний мэдээлэл, хэргийн учир шалтгаан, гэрийн хаяг, утасны дугаарыг системд бүртгэдэг юм байна. Харилцуураа тавихаас нь өмнө тухайн хүний өгсөн дуудлагыг харьяа дүүрэг рүү нь цохон мэдээлцгээх аж. А.Сүлдмаа “Цагдаа, эмнэлэг тус бүрдээ алба хаагч ажилладаг. Тухайлбал, түргэн тусламжийн дуудлага хүлээн авах таван алба хаагч, гэмт хэргийн дуудлага хүлээн авах ес болон онцгой байдлын таван алба хаагч одоогоор ажиллаж байна” гэв. Хоногт нөхцөл байдлаасаа шалтгаалж гэмт хэргийн шинжтэй 2500-4000 бодит дуудлага хүлээн авдаг бол түргэн тусламжийн 1700 орчим дуудлага ирдэг байна. Тэрээр яриагаа “Монгол Улсын хэмжээнд нийт 3500 гаруй камер ажилладаг. Үүний 1700 гаруй нь цагдаагийн хяналтад байдаг” хэмээн үргэлжлүүлж бидэнд Саппорогийн уулзвар дахь бүрэн эргэдэг камераар ойр орчныг нь сонирхуулав. Эдгээр камерын тусламжтайгаар гарсан бүх хэрэг зөрчил, гудамж талбайг хянах боломжтой юм байна.

Бид бүсгүйн ажлын өрөөнд ороход ширээ нь бэлэг, цэцгээр дүүрчээ. А.Сүлдмаа “Манай алба хаагчид монита зохиогоод өнөөдөр задалсан юм. Мөн удахгүй Алдарт эхийн одонгоор шагнуулах болохоор байгууллагаас бэлэг гардуулж өгсөн” гэж инээмсэглэн хэлэв. Тэрбээр хоёр удаа ихэрлэжээ. Эднийх Бат-Ирээдүй, Гэрэлтгэгээ, Мөнгөнсондор, Мөнхсондор хэмээх гурван охин нэг хүүтэй аж. Бага ихрүүдээ долоон сар хүргэчихээд л ажилдаа оржээ. Бүсгүйг дарга нь “Долоохон сартай нялх хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа орчихдог. Ийм л үнэнч хүн дээ” хэмээн магтаж байна. А.Сүлдмаа “Сайн хадам, ханийн буянд түүртэх зүйлгүй тэнхэрсэн болохоор л ажилдаа хурдхан ормоор санагддаг юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Бид А.Сүлдмаагийн ажил дээр цаг гаруй саатаад гэр рүү нь хөдөллөө. Эднийх Дөлгөөн нуурын ойролцоох шар тоосгон 12 давхар орон сууцанд амьдардаг юм байна. Гэрт нь ороход хүүхдийн шуугиан угтав. Хадам аав, ээж нь иржээ. А.Сүлдмааг гэрийнхээ хаалгаар орж ирэнгүүт том хүү нь “Ээж ээ, таныг зөндөө саналаа” гэж шулганалаа. Ихэр дүү нар нь ч ээждээ зүүгдэв. Гэрийн эзэн Ариунболд бага ихрийнхээ нэгийг тэвэрсээр биднийг ширээнд урилаа. Энэ хооронд А.Сүлдмаа аль хэдийнэ дүрэмт хувцсаа тайлж, гэргийн ажлаа хийхээр гал тогооны өрөө рүүгээ орлоо.

Гэрийн эзэн Завханых, эзэгтэй Өвөрхангайн Тарагт сумынх аж. Бүсгүй Өвөрхангайн хоёрдугаар арван жил буюу “Соёмбо” цогцолборыг дүүргэж, Батлан хамгаалахын их сургуулийн холбооны ангид оржээ. Үүнээс жил гаруйн дараа БНСУ-д мэргэжлээрээ суралцахаар болж. Хилийн чинадад гурван жил суралцах хугацаандаа нөхөртэйгөө танилцаж байжээ. Найзуудаараа дамжуулан танилцсан тэд удалгүй Facebook-тэй адилхан хэрэглээтэй Солонгост ашиглагддаг cato chat-аар харилцдаг болсноо дурсав. Танилцаад жил гаруйн дараа, Солонгост амьдрах үедээ хүүхэдтэй болж, 2014 онд А.Сүлдмаа эх орондоо түрүүлж иржээ. Удалгүй төрөх үрээ, хайртай ханиа санасан нөхөр нь араас нь ирж шинэхэн гэр бүл аав, ээжийнхээ гэрт амьдралаа эхэлжээ. Хүүхдээ төрсний дараа Салхитад өөрсдийн гэсэн хашаа байшинтай болж баярлаж явснаа дурслаа. Салхит дахь байшингаа гэрийн эзэн өөрөө барьсан аж. Хоёр дахь ихрээ олсны дараа бууриа сэлгэн энд ирсэн аж. Нүүж ирээд удаагүй гэхэд тэд аль хэдийнэ тохижоод амжжээ. Том өрөөнийх нь зүүн хананд загасны аквариум байх агаад “Манай хүний шинэ хобби. Нөхрийгөө аль болох дэмжихийг хичээдэг. Нөхөр маань ч гэсэн миний ажил мэргэжлийн онцлогийг ойлгодог. Шөнө дөлөөр унтаж байхад нь шуурхай авлаа гээд л хүүхдүүдээ орхиод гараад явахад анхандаа их гайхдаг байсан ч сүүлдээ намайг ойлгоод харин ч бүр дэмждэг болсон” гэв. Мөн тэрбээр “Бид хоёр энэ амьдралыг өдий хүртэл босгох гэж хэнээс ч, юу ч гуйж үзээгүй. Тийм болохоор өнгөрсөн аравдугаар сард нүүж энд ирэхэд хаяж болохоор олон зүйл байсан ч бүгдийг нь аваад ирсэн. Бид хоёрын хүч хөдөлмөрөө шингээж бий болгосон гэж бодохоор хаяад явж чаддаггүй юм билээ” хэмээв. Түүний хажууд ихэр хүүхдүүдийн тэрэг байлаа. Мөн эднийд модоор урласан элдэв төрлийн хээ угалз бүхий сийлбэрүүд их байсан юм. Учрыг асуухад А.Сүлдмаагийн өвөө Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуульд хөдөлмөрийн багшаар 40 жил ажиллажээ. Өнөө жилийн Сар шинийн баяраар Алтан гадас одонгоор шагнуулсан юм байна. Энэ гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлс нь ач, зээгээ сайн сайхан амьдрахыг бэлгэдэх өвөөгийнх нь урлаж өгдөг эдгээр сийлбэрүүд аж. Гэрийн үүдээр орж ирмэгц нүдэнд туссан арван хоёр жилийг нямбайлан сийлж, өнгө ялган будсан модон хүрээтэй цагийг ч мөн түүний өвөө нь урлаж өгчээ.

Тэд маргалдах ч завгүй амьдарч хөдөлмөрлөдөг нь нүднээ илхэн байв. Эл гэр бүлийн нэг өдрийн амьдрал өглөө зургаан цагаас эхэлдэг байна. Том ихрүүд нь харьцангуй биеэ даачихсан болохоор өөрсдийгөө хувцаслачихдаг аж. Ингээд аав нь хоёр хүүхдээ дагуулан цэцэрлэг рүү нь хүргэж өгчихөөд цааш ажилдаа явдаг. Харин бага ихрүүдийг гэрт нь өвөө, эмээд нь үлдээчихээд А.Сүлдмаа өдөр цайны цагаараа гэртээ ирдэг. Улсаас бага насны хүүхэдтэй хүнд “хөхүүлэх цаг” хэмээн нэг цаг өгдөг. Түүнийгээ ашиглан хүүхдүүд дээрээ ирж, сүүг нь өгдөг байна. Орой эрт тарсан үедээ 19 цагийн үед гэртээ ирж, нөхөр, хүүхдүүдийнхээ хоолыг хийдэг гэнэ. Бага ихрүүд хэзээ унтана, тэр цагт энэ гэр бүл амардаг байна. А.Сүлдмаа ажлынхаа хажуугаар хоол хийх сонирхолтой аж. Ингэж ярих зууртаа бидэнд банштай ногоотой шөл болон шинэ ногооны салат бэлтгэж өгөв. Нөхөр нь “Манай хүн их сайхан хоол хийдэг. Тэр ч утгаараа Сүлдээ маань ихэвчлэн хоол хийдэг дээ” гэв. Тэд хоёул ихрийн удамтай бөгөөд А.Сүлдмаагийн эмээгийн талынх нь хамаатнууд дунд дөрвөн ихэр байдаг гэнэ.

Чөлөөт цагаараа гэр бүлээрээ тэд кино үзэж, агаарт гарах дуртай. 2016 онд Завхан нутгаар аялсан бол өнгөрсөн жил Өмнөговь, Өвөрхангай аймгуудаар зугаалсан байна. Мөн Солонгост байхдаа найзалж байсан гэр бүлийн найзуудынхаараа зочлон өнгөрүүлдэг аж. А.Сүлдмаа “Бид Солонгост байхдаа Бусан руу явж зугаалсан юм. Гэтэл миний ажлын цаг болчихсоныг анзааралгүй байж байгаад хоцорч очоод халагдчихсан. Гэтэл хэд хоногийн дараа гэрт маань өнөөх ажилладаг газрын маань эзэн хүрч ирээд “бид сайн ажилчнаа алдмааргүй байна” гэж эргүүлэн ажилд авч байлаа” хэмээв. Харин Ариунболд “Бидний олон сайхан дурсамжууд Солонгост өрнөж байсан. Эхнэртээ анх гэрлэх санал тавьж хамгийн том гэнэтийн бэлгийг барьж байлаа. Тэр үед манай хүний төрсөн өдөр байсан юм. Тухайн үед найзуудаас маань хэн нь ч Сүлдмаа руу залгаагүй. Тэгээд би хоолонд оръё гээд дагуулж гараад нөгөө төлөвлөсөн газраа дагуулж очиход бүх найзууд нь угтаж аван, гэрлэх саналаа тавьсан. Тэгэхэд миний хань үг хэлэхгүй уйлаад л суугаад байсан. Ер нь тэмдэглэлт баярын өдрүүдээр гэр бүлдээ зав гаргахыг хичээдэг. Гэхдээ санаснаар болж өгөхгүй л юм” гэлээ.

Солонгост байхдаа эхонд харуулж ихэр хүүхэд гэдгийг нь мэдээд нөхөртөө хэлтэл “Нээрээ юм уу. Надаар тоглоогүй биз дээ” гэж итгэж ядан асуусан аж. Уг нь тэрбээр үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байсан ч жирэмсэн болсноо мэдэнгүүтээ нутаг буцжээ. Харин Монголд ирээд төрөх өдөр нь болоод нөхөртөө хэлтэл “Хань нь байшингаа бариад ажил ихтэй байна. Маргааш төрж болохгүй юм уу” гэж асууж байсан гэнэ. Ариунболд “Манай хүүхдүүд ихэр болохоор ч тэр юм уу их жаахан төрсөн. Анх тэвэрчихээд яасан жижигхэн юм бэ гэж боддог байсан. Бас миний хүү гэж хэлэхэд ам ерөөсөө эвлэж өгдөггүй юм билээ” гэв. Харин хоёр дахь хүүхдээ мөн ихэр гэдгийг нь хэлэхэд нөхөр нь өөрийнх эрхгүй уйлж байжээ. Тэд хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг гэдэгт итгэдэг. “Анхны хүүхдүүдээ төрүүлэхдээ байшинтай болсон хоёр дахь хүүхдүүдээ төрүүлэхдээ байранд орсон болохоор энэ яалт ч үгүй үнэн. Манай хамаатнууд биднийг их азтай, ажил нь аяндаа бүтээд байдаг гэлцдэг. Би арга ч үгүй байх, бурхнаас өгсөн бэлэг болох хүүхдүүдийн минь буян л гэж боддог” хэмээв. Түүнчлэн энэ гэр бүл сүүлийн үед сайн үйлсийн аянд оролцох болсон гэнэ. Үр минь үлдэх хорвоо учир зөв л амьдрах учиртай гэж өрхийн тэргүүн онцлон хэлж байлаа.

Дөрвөн хүүхэдтэй энэ гэр бүлийн цаашдын зорилго хүүхдүүдээ боловсролтой, эх орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө зүтгэх аж. Ингэхийн тулд мэдээж мөнгө хэрэгтэй. Тиймээс тэд хүүхдүүдийнхээ ирээдүйн баталгааг үүсгэхийн тулд төрснөөс нь эхлүүлээд хуримтлал бий болгосон гэдгээ хэлэв. Мөн сууж сургахаас гадна гоо зүйн мэдлэгтэй болгохын тулд хөгжим, урлагаар хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

З.МӨНХСУВД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН