Categories
мэдээ нийгэм

Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаварын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдье.

Нийслэлийн Байгаль орчны газар

Categories
мэдээ нийгэм

26784 хүн үерт өртөж болзошгүй байна

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан хяналт хийлээ. Хяналтаар нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн судлагаа гарчээ. Мөн 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа аж. Харин үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын, 26784 хүн өртөж болзошгүй байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байдаг ажээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын гуравдугаар ээлжийн сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан 18 албан хаагч хамрагдсан ба цаашид сургалт үргэлжлэн явагдана.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дэд даргын жолооч иргэний амь насыг хохироолоо

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчийн машин, хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг өнөө өглөө 07 цагийн үед гарлаа.

Тухайлбал Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) авто баазийн харьяанд байдаг, шуурхай албаны үйлчилгээнд явдаг автомашин ажил үүргээ гүйцэтгэж байхдаа энэхүү зам тээврийн ослыг гаргажээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Яг одоо тээврийн цагдаагийн албанаас хэргийн газар үзлэг, мөрдөн шалгалт хийгдэж байгаа. Одоогийн байдлаар 52 настай иргэн хохирсон гэх мэдээлэл ирсэн. Мөн ЦЕГ-аас ямар нэг байдлаар цагдаагийн ажилтан гэж хамгаалж хаацайлж, нуусан зүйл байхгүй. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шалгалтын ажлыг хийх болно. Тухайн нас барсан иргэний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна” гэв.

Харин албан бус эх сурвалжийн хэлж буйгаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн дарга Д.Ядамдоржийн жолооч даргыгаа гэрээс нь авчрах гэж яваад уг осол гарсныг хэлж буй юм.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 11 мянган ширхэг дуслын систем, нэг удаагийн тариур нэвтрүүлэхийг завдав

Хаяг шошгын зөрчилтэй нийт 11000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох эрхтэй бөгөөд хувь хүн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж импортлохыг хуулиар хориглодог.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21311 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 907 нэгж буюу 4.4 хувиар өссөн. Урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй 20754 дуудлага мэдээлэл шалгаж шийдвэрлэв. Нийслэлийн хэмжээнд “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 597 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагийн хуваарь хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нийт 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлж хяналт шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2695 дуудлага мэдээлэл хүлээн авч 839 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 937 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогооны клиникүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 123 эмнэлэг хамрагдаж, эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, эмчилгээний үр дүнг тооцож ажилладаггүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг 37 эмнэлэгт хүргүүлсэн. Мөн гахай, тахиа, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, агуулах, хоол үйлдвэрлэл, худалдааны газруудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хамтарсан хяналт хийсэн. Улаанбаатар хотод нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна. Мөн 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаагаас гадна үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын, 26784 хүн өртөж болзошгүй байна” хэмээн танилцуулав.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ оны эхний 2 сарын өвчлөл, эндэгдлийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Нийслэлийн хэмжээнд 6133 эх амаржиж, 6175 хүүхэд төрсөн байна. Төрөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 төрөлтөөр буюу 1.1 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 1340.3 мянган үзлэг хийгдсэн ба нийт үзлэгийн 49.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Нийт үзлэгийн 33.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44 хувийг өвчний учир амбулатори, 13 хувийг гэрийн идэвхтэй хяналт, 8.9 хувийг диспансерийн хяналтын үзлэг, 0.6 хувийг гэрийн дуудлага тус тус эзэлж байна. Оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчний 3489 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 24.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 0.6 хувиар буурчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4.5 байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр дүүрэгчилсэн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж, 102 эмч, мэргэжилтнийг хамрууллаа” гэж ярив.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн “Цэргийн хүндэт медаль”-иар шагнагдлаа. Нийслэлийн Засаг даргын захирамж нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир тэргүүтэй 6 хүн, нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахмад дайчин, хурандаа Ж.Энхбат тэргүүтэй 13 хүн шагнал авлаа.

Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Энхболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагчийн 1 орлогч штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар нарын 16 хүн шагнууллаа.

Нийт шагнал авсан тэргүүний офицер ахлагч, албан хаагчдад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хандаж үг хэллээ. Тэрээр “Төрийн дээд одон медаль, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Та бүхний ажиллаж, зүтгэж буй энэ салбар амжилт бүтээлээр дүүрэн байвал, улс орны амьдрал өнгөлөг, өөдрөг байх боломж бүрддэг. Хариуцсан ажилдаа амжилт гаргаж, хамт олноо хөдөлмөр бүтээлээрээ өргөж, цол нэмж шагнагдсан цэргийн нийт бие бүрэлдэхүүнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярын мэнд хүргэе” гэлээ. Батлан хамгаалах сайдын тушаал “Дайчин алдар-1” медаль, “Дайчин алдар – 2”, “Дайчин алдар – 3”, “Эх оны төлөө 2” хүндэт тэмдэг, “Эх орны төлөө 3” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух” бичгээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй зарим тэргүүний офицер ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулаа.

Categories
мэдээ нийгэм

Насан туршийн боловсролын дэлхийн чиг хандлагыг судлахыг үүрэг болголоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр яамны харьяа байгууллагын нэг болох Насан туршийн боловсролын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус байгууллага нь насан туршийн боловсролын бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм. Иргэдийн насан туршийн буюу тасралтгүй боловсролыг албан бус хэлбэрээр эзэмшүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэх, насан туршийн боловсролын үйлчилгээ явуулж байгаа 355 төв болон тэнд ажиллаж байгаа боловсон хүчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй ч чиг үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчин, төсөв мөнгөний хүндрэл зэрэг олон асуудал тулгамдаж байгааг сайдад дуулгалаа.

Монгол Улсын 3.2 сая иргэнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, насан туршдаа суралцах боломжийг олгох, багш нарыг чадавхжуулах чухал чиг үүрэг байгууллага болов ч үүнд чиглэсэн санхүүжилт байхгүй гэлээ. Орон нутаг дахь насан туршийн боловсролын төвүүдэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагсдын хувьсах зардлаар санхүүждэг байна.

Цаашид хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, дэлхий нийтийн насан туршийн боловсролын чиг хандлага, бололцоог судлан танилцуулахыг тус төвийн захирал Л.Болортунгалагт үүрэг болгож, яамны зүгээс тодорхой асуудлууд дээр дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Уг нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ.

Тиймээс хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагтсанаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ийм учраас эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж,хүчээ нэгтгэж ажиллахыг Эрхэм гишүүддээ уриалж байна.

Нэгдүгээрт. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хангах нь Улсын Их Хурлын гишүүдийн эрхэм үүрэг мөн.

Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага, иргэдийн дунд Улсын Их Хурлын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгалаа.

УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар гишүүд, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг энэ асуудлаар зохион байгууллаа.

Ийнхүү олон улсын парламентын туршлагыг өөрийн орны парламентын хуралдааны дэг журамтай харьцуулан судалсны эцэст парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгууллаа. Ажлын хэсэг бусад улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судалж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна.

Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах “Цахим парламент”-ын системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсэг хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтийн санал, бодолд тулгуурлан тодорхойлох, цахим орчинд иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх, үр дүнг нэгтгэн дүгнэж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахдаа тусгах, баталсан хууль тогтоомжоо сурталчлах цахим систем бий болгох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ. “Парламент.мн”, “Төрийн эмхэтгэл.мн”, “Forum.parliament.mn” аппликэйшн, программуудыг нэвтрүүлж УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын үйл ажиллагааг дэмжих,сурталчлах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна.

Хоёрдугаарт. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг.

Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн.

Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Гуравдугаарт. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна.

Парламент төр-иргэний харилцааны “хариуцлагын гүүр” байх учиртай. Парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглалхямарч байна.

Төрд хуулийн засаглал, шударга ёс, хариуцлага ноёрхож байх ард түмний хүсэмжлэл, хүсэл зоригийг Улсын Их Хурал огоорч болохгүй.

Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хүний эрхийг дээдлэн, ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ намрын чуулганы төгсгөлд миний бие мэдэгдсэн.

Үүнийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харилцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бүрэн эрхийн хүрээнд асуудлыг судлан үзэж, тодорхой санал танилцуулах болно.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, Улсын Их Хуралд ирүүлсэн. Сая Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа.

УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төслөө чуулганаар хэлэлцэн баталж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллаж, ажлынхаа тайланг удахгүй болох ОУПХ-ны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар цөөн үг хэлье.

Эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ тэтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлийг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

Улсын Их Хурал популизм, хэрүүл хийдэг газар биш, шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоонд тулгуурласан мэтгэлцээн өрнүүлдэг танхим байх ёстой. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудал бүрд энэ зарчмаар хандаж, иргэд, олон нийтийн санал, санаачилгыг тусган, ард түмний эрх ашиг, хүсэмжлэлд нийцсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Татварын багц хуулиуд болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдээр төрийн бус байгууллагууд, иргэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг чуулганы завсарлагаагаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцож, тулгамдаж байгаа болон шийдвэрлэвэл зохих олон асуудлаар санал, бодлоо илэрхийлсэн. Гишүүд, холбогдох ажлын хэсгүүд иргэд, олон нийтийн санал, санаачилгыг холбогдох хуулийн төслүүдэд тусган, төрийн бодлого, шийдвэр болгон гаргахад анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Татварын багц хууль батлагдсанаар татвар төлөгч болон татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, аж ахуйн нэгж, иргэнд учирч байгаа чирэгдэл, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг багасгаж, татварын бааз суурийг өргөтгөн, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангах талаар холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг, гишүүд идэвхтэй ажилласныг онцлон дурдаж байна.

Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье.

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

​336-р цэргийн ангид амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Б.Алтантулга нь өнгөрсөн нэгдүгээр сард харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Батлан хамгаалах яамны гадаа хүүгийнхээ амийг нэхэж суулт хийхээр болжээ. Тодруулбал хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гарсан байна. Харин хүүхдээ бусдад зодуулж амиа алдсан буюу биедээ хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзээд байгаа ар гэрийнхэн нь энэхүү шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэж суулт зарлаад байгаа аж. Гэсэн ч Батлан хамгаалах яам талийгаачийн гэр бүлийнхийг яам руу нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд, гэр бүлийнх нь дараагийн шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.

М.САЙНЗАЯА