Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 19, Ангараг гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6:57 цагт мандан, 19:01 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Ардчилсан Монголд урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ардчилсан Монголд урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ” хэмээн бичив.

“УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцдог, үүрэг даалгавар өгдөг механизм алга болчихжээ” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн: Хүмүүс антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж сайн нянгуудаа устгадаг хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

“Т.Аюурсайхан Швейцарийн банкнаас С.Баярцогтын оффшор бүс дэх таван дансны талаарх нотлох баримтыг авчирсан гэж худлаа ярив уу” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Соёл урлаг” нүүрт “Б.Явуухулангийн ач хүү Э.Чинзориг: Өвөөгийнхөө олонд хүрч амжаагүй бүтээлүүдээр ном гаргана” хэмээн ярилаа.

“Халх голын дайнд онцгой гавъяа байгуулсан С.Баянбилэгийн хүү Б.Дүгэржав: Дандар баатар манайд очоод аавыг минь жинхэнэ баатар болох хүн энэ гэсэн” хэмээн “Хүмүүс, хувь тавилан” нүүрт ярьсан байна.

“Академич Ч.Дугаржав: Манай орон ой мод муутайд орно” хэмээн “Экологи” нүүрт ярьжээ.

“Спорт” нүүрт “Үндэсний бөхөд шоо шидэж, хурууддаг болсон нь хөгжил үү, мөхөл үү” хэмээн өгүүлэв.

“Япончууд тавдугаар сард шинэ хаантай болно” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Энэ өдөр” нүүрт “NO ENTRY MONGOLIA & DOG” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болно

Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор гаргасан. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Мөн жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах аж. Үүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах боломж бүрдэж байгаа байна.

Харин гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой ажээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааны байранд гарсан галыг унтраалаа

Нийслэлийн төр захиргааны төв байрны урд талд өнөөдөр 17.45 цагийн орчимд гал гарлаа.Гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид галыг бүрэн унтраажээ.Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёрдугаар давхараас эхэлж гал гарсан бололтой. Барилгын хөргөлтийн том сэнснээс гал алдаж, модон эдлэлийг шатаасан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Галын үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй ч харалдаа байрлалтай өрөөнд гал орж зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатжээ.Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс гал гарсан шалтгааныг шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо. энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.

Мөн зан заншил,соёл, газар нутаг ойр улсын хувьд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь түүх, археологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Тус яам Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Наурызын баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, эрдэнэт хүний амийг аварсан хүмүүсийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зарлиг гаргаж Төрийн дээд одон медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.

Алтан гадас одонгоор Хөдөө аж ахуйн их сургуулийн ректорын зөвлөх Дамдинбазарын Батмагнай, “Хамба фильм” студийн ерөнхий найруулагч Бямбаагийн Ганболд нар шагнагдлаа.

Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан БСШУСЯны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Загаржавын Баянзул “Шударга журам” медалиар, тус яамны Биеийн тамир спортын бодлогын газрын мэргэжилтэн Соотонгоогийн Мөнх-Эрдэнэ “Стандарт хэмжил зүйн газрын хүндэт жуух”-аар тус тус шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзул “Шударга журам” медалиар шагнууллаа

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзул эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнууллаа.

Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.

Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа усанд унаж аюултай байдал үүсчээ. Ойр хавьд сэлж чаддаг хүн байгаагүй ч З.Баянзул самбаачлан ойр байсан автомашины хийлсэн дотуур хаймрыг хүзүүндээ углаж түрүүлэн ус руу орон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Улаанбаатар төмөр замын 20 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Солонгоогийн алтан амийг аварчээ.

Хоёр дахь хүүхэд болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Улаанбаатар төмөр замын 20-р сургуулийн 9-р ангийн сурагч Халиунаа нь нэлээн удаан хугацаанд усанд амь тэмцэн самардаж байгаад мөн л живж эхлэх үед Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны дарга, Үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү уснаас гаргасан байна.

Ш.Даваахүү, З.Баянзул нар нь өөрийн амь насыг үл хайхран дээрх хоёр охины амийг аварч иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ойн өдрийг тохиолдуулан мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

“Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдад ойн мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Ойн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд уг тэмдэглэлт өдрийг ”Ой ба боловсрол” сэдвийн хүрээнд хийж, сурагчдын дунд нийтлэлийн уралдаан зарласан юм. ЕБС-ийн сурагчдын оролцсон уг уралдааны дүн мэдээг өчигдөр болсон өдөрлөгийн үеэр танилцуулсан. Түүнчлэн ойн өдрийг тохиолдуулан ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилго тавьсан байна. Тодруулбал, “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний хурлын “Шилдэг илтгэл”, залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжин “Шилдэг ханын илтгэл”-ийг шалгаруулж буй онцлогтой юм.

П. Сайнжаргал

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд дүүргүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийнхээ эхэнд Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь нь оршин суудаг.

Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт 2019 онд 123 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгджээ. Мөн энэ онд 61 төсөл арга хэмжээ эрх шилжин хэрэгжих аж. Энэ жил тус дүүрэгт 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга, өртгөтгөл ашиглалтад орох юм байна.

Сонгинохайрхан дүүрэг нь төсвийн орлогын хүрээнд 2018 онд улсын төсөвт 28.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 39.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.3 хувь, нийслэлийн төсөвт 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 95 хувь, орон нутгийн төсөвт 9.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.4 хувь, нийт 74,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 87,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 117,3 хувиар биелүүлжээ.

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой- хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн А/104 дүгээр тогтоолоор “Иргэдийн оролцоог дэмжих-Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” жил болгон зарласан байна.

Тус дүүрэгт 3 ээлжээр хичээллэдэг 5 сургууль байгаа аж. Боловсролын салбарт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаас тус дүүрэгт улс, олон улсын тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр 9 сургууль, 6 сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэх юм байна. Эдгээр сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал 8920 хүүхдээр нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 12 дугаар сургуулиас бусад сургууль 2 ээлжээр хичээллэх боломжоор хангагдана гэдгийг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээллийнхээ төгсгөлд “Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10.000-аас дээш хүн амтай хороог хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах замаар шинээр 9 хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох юм” гээд уг асуудлыг шийдэж өгөхийн хотын даргаас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

KFC-д сүлжээ ресторанд хийсэн шалгалтын дүнг маргааш танилцуулна

KFC сүлжээ рестораны Зайсан дахь салбарт иргэд хордсон хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Тэгвэл шалгалтын эцсийн дүгнэлтийг маргааш буюу гуравдугаар сарын 19-ны өдөр танилцуулахаар болжээ. Одоогоор KFC сүлжээ рестораны бусад салбаруудад хийсэн хяналт шалгалтын дүнг албан ёсоор мэдэгдээгүй байгаа бөгөөд үйл ажиллагаагаа нь хэвийн үргэлжилж буй юм. Харин Зайсан дахь KFC сүлжээ ресторанд Зөрчлийн тухай хуулиар есөн сая төгрөгийн торгууль оногдуулахаар болсон тухай мэдээлэл цацагдаад байна.

М.САЙНЗАЯА