Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаантай.

Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.

– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

– Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2019.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2019.02.02- ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

– Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.02.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

Categories
мэдээ улс-төр

Сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Москва мужийн “Московский конный завод №1” адуу үржүүлгийн аж ахуй, “Наро-Осановский” сүүний аж ахуйд тус тус зочиллоо.

“Московский конный завод” үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг үржүүлгийн газрын үйл ажиллагаа, барилга байгууламжтай дэлгэрэнгүй танилцуулж, өөрсдийн үржүүлж буй зарим цэвэр цусны адууг үзүүлж сонирхуулав.

“Московский конный завод №1” адуу үржүүлгийн газар анх 1924 онд байгуулагдсан бөгөөд Москва мужийн хамгийн том, цэвэр үүлдрийн адуу үржүүлгийн газар юм. Тус үржүүлгийн газарт Орлов, Орос болон Тракенен үүлдрийн адууг үржүүлэхээс гадна жилийн дөрвөн улиралд морь сонирхогчдын морьдыг зүчээний болон тордох үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнээс гадна хүүхэд багачуудыг багаас нь адуунд элэгтэй, морь унах, асрах ур чадвар эзэмшүүлэх зорилгоор төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар дугуйланд 60 хүүхэд суралцаж байгаагийн 55 нь эмэгтэй хэмээн үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров сонирхуулав.

“Московский конный завод №1” аж ахуйтай танилцсаны дараа “Наро-Осановский” сүүний аж ахуйд зочлов. Тус сүүний аж ахуй нь өөрийн эзэмшлийн 4000 га газарт үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хийсэн уулзалтаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Аж үйлдвэр худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтой хийсэн уулзалтаар манай улсын “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, ОХУ руу хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн чухал айлчлал боллоо.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Мал, эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-өөс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авах гэрээ байгуулав.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтын оффшор данстай холбоотой бусад эзэн холбогдогчийг шалгаж магадгүй гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр саяхан УИХ-ыг даргыг Швейцарьт айлчлах бүрэлдэхүүнд багтсан билээ. Уг айлчлалын хүрээнд Швейцарийн банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний дансыг авснаа мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэлдээ:

-Би УИХ-ын гишүүн, Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд Швейцарт хийсэн айлчлалын хүрээнд мэдээлэл хийсэн. Зарим гишүүд энэ мэдээллийг үгүйсгэж байна. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй.

Бусад мэдээллийг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх хориотой хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултда хариулав.

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд үгүйсгээд байхад та яагаад дахин мэдээлээд байна вэ? Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн.

-ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан.

Categories
мэдээ улс-төр

ГУУХҮ-ийн салбарын нийгмийн зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээр байгууллаа

УУХҮЯ, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ, Уул уурхайн үндэсний ассоциаци, Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциацийн төлөөллүүд энэ сарын 15-ны өдөр “Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нийгмийн зөвшлийн 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн уулзалтыг зохион байгуулсан юм.

Хэлэлцээрийн үеэр холбогдох салбарын төлөөллүүд санал солилцож, гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Мөн хэлэлцээр батлагдсантай холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурлыг УУХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулaв.

Энэхүү хэлэлцээрээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангах , цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын хөдөлмөрийн хөлсний доолд хэмжээг шинэчлэн тогтоох хангахад оршино.

Хамтын хэлэлцээр хийхэд хүрсэн түвшингээс бууруулахгүй байх зарчим баримталж Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос гаргасан хэлэлцээрийн дагуу улсын цалингийн доод хэмжээгээр баримтлан салбарын хэмжээнд 2 дахин нэмэгдүүлэн баталлаа.

Мөн анх удаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахыг зүйлчилж өгсөний зэрэгцээ насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдөн ажиллахаар болсон юм.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO-45001 стандарт болон нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллагчдыг албан журмын даатгалд хамруулах асуудлыг талууд хамтран хэрэгжүүлнэ гэх мэтчилэн олон заалтууд тусгагджээ.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​МХЕГ-аас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт эцэслэн гарчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарчээ.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн хэмжээнд “KFC”-ийн 12 сүлжээ үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бусад 11 салбар болон Зайсан салбарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүллээ. Тухайлбал зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны хугацаа дууссан. Мөн нийт 410 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байтал 9 хүн үзлэгт хамрагдаагүй байсан. Энэ мэт 64 зөрчлийг илрүүлсэн. Улмаар дөрвөн салбарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол долоон газарт хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Харин хоолны хордлого гарсан Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авч ажиллаа.

Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5969 ширхэг 31.1 кг амталсан болон амтлааггүй тахианы мах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хурааж, устгуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн тухайн KFC салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL” компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр ус түгээж байсныг илрүүлж тухайн хэрэг дээр Зөрчлийн хэрэг нээж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж ажилласан.

Хордлогын шалтгааныг:

МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын төв лаборатори

НМХГ-ын төв лаборатори

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори

АШУҮИС-ийн лаборатори зэрэгт тухайн эд бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлсэн

Шинжилгээний дүнд үндэслэн ХӨСҮТ-тэй хамтран дүгнэлт гаргалаа. Дүгнэлтээр хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр, хохирогч холбогдогчоос авсан мэдүүлгээр тогтоогдсон” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын орлогчийг санал болгоогүй байна

Ерөнхийлөгч хүчний зарим байгууллагын удирдлагыг томилох эсэх асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Эл асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд дарга, ЗХЖШ-ын даргын нэрийг зөвшилцөх саналаа хүргүүлсэн бол Улсын ерөнхий прокурорын орлогчийг санал болгоогүй байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа энэ оны нэгдүгээр сард дуусгавар болсон. Тиймээс орных нь хүнийг Ерөнхийлөгч мэдүүлж, УИХ-тай зөвшилцөх ёстой. Тэрээр АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нарыг дэвшүүлээд байгаа юм.

Албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ долоо хоногтоо багтаан УЕП-ын орлогчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх байх. Хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Эцэслэн тохироогүй байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дизель түлшний импорт 13.8 сая ам.доллараар өсжээ

Он гарснаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 1.9 тэрбум ам.доллар болсон. Үүнээс импорт 837.5 сая ам.доллар байгаа юм. Ингэснээр манай улсын импорт өнгөрсөн оны мөн үеэс 111.5 сая ам.доллараар нэмэгджээ. Импортын барааны өсөлтөд хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, авто машин зэрэг нь голлох байр эзэлдэг. Түүнчлэн шатахууны импорт ч нөлөөдөг юм. Энэ оны импортод эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бүтээгдэхүүн 74 хувийг эзэлжээ. Тэгвэл өсөлтөд дизелийн түлш 13.8 сая, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 19.8 сая, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 82.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах улсын албадын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулж байна.

Улсын албадын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус сургалтад Гамшгаас хамгаалах улсын 12, нийслэлийн 15 албаны 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өглөө.

Сургалтаар Онцгой байдлын албаны шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөхөөс гадна нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр гүйцэтгэх үүрэг чиглэлийг тодорхойлох юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлиг гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан, тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, эмч, сувилагч, офицерүүдийн хичээл зүтгэлийг үнэлж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах хүндэтгэлийн ёслол өнөөдөр тус эмнэлгийн “А” байранд болж, эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа Л.Баттөр арга хэмжээг нээж үг хэлэв.

Тэрбээр “…Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэрийг найман удаа өөрчилж, гурван удаа татан буулгаж байсан ч эмнэлгийн залгамж халаа нь тасалдаж байгаагүй. Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа, ажилласаар ирсэн эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагч, эмч, сувилагч нарын нөр их хөдөлмөрийн үнэ цэнээр энэхүү шагнал ирж байгаа…” хэмээгээд ёслолын ажиллагааг албан ёсоор нээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор зүүж, эмнэлгийн үе үеийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эмч, сувилагч, албан хаагчид та бүхэнд Монгол цэргийн өдрийн халуун мэнд дэвшүүлье!

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 86 жилийн ойг тохиолдуулж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулахаар хүрэлцэн ирсэндээ таатай байна.

Анх 1933 онд Дотоодыг хамгаалах газрын эмнэлгийн тасаг нэртэйгээр 24 ажилтантай байгуулагдаж байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2018 онд Австри улсын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэгдэн ажиллах болсноор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын болон бусад төрийн тусгай албан хаагчид, Чингэлтэй дүүргийн иргэд гээд жилдээ 130 мянга гаруй хүнд яаралтай мэс засал, гэмтлийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил гэхэд 127 мянга гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 8 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн үзүүлэлт гарчээ.

Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологиудаар хангагдсан, эмч мэргэжилтнүүдийг Австри улсад давтан сургалтад хамруулснаас гадна олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001” батламж авсан анхны эмнэлэг болсон байна.

86 жилийн түүхтэй эмнэлэг цаашид ч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсолтгүй, цуцалтгүй зүтгэж, хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа тууштай ажиллана гэдэгт итгэж байна.

Ингээд та бүхэнд Монгол цэргийн өдрийн барын мэндийг дахин хүргээд албандаа өндөр амжилттай, амьдралдаа дүүрэн жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Баярлалаа” гэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 70116004