Вакцин дархлаажуулалтын “Глобал Алянс” сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна.
Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах зорилтыг тавьж ажилласны дүнд 1988 оныг 2008 онтой харьцуулахад өвчлөлийг 99 хувь бууруулсан ч зэрлэг омгийн полиовирүс Афганистан, Пакистан гэсэн 2 оронд нутагшмал хэвээр үлдсэн тул зөөвөрлөгдөн дэгдэлт үүсгэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс 2013 онд ДЭМБ-аас “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
Дэлхий дахинд 2008-2013 онд бүртгэгдсэн вакцинаас үүдэлтэй омгоор үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөлийн 500 гаруй тохиолдлын 98 хувь нь 2-р хэв шинжээр үүсгэгдсэн байжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн улс орнууд 2016 оны дөрөвдүгээр сард халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэн аж.
Шилжилтийн дараа Монгол Улсад шинээр төрсөн 100 гаруй мянган хүүхдэд халдварт саагийн 2-р хэв шинжийн эсрэг дархлаа байхгүй тул тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөл бусад орноос зөөвөрлөгдөн орж ирэх үед өвчлөх эрсдэл тулгарч байгаа юм. Иймд халдварт саагийн 1, 2, 3-р хэв шинжийг агуулсан идэвхигүйжүүлсэн вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна