Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтжээ. Мөн Монгол Улс, Азийн хөгжлийн банк болон Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт эхэлж, дээр дурдсан хоёр зээлийн хэлэлцээрийн төсөл, хоёр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Харин 12.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Академич Ч.Дугаржав: Манай орон ой мод муутайд орно

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Ойн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, ой судлаач, академич Ч.Дугаржавтай уулзаж хөөрөлдлөө.


-Олон улсын ойн өдрийг тохиолдуулан оюутнууд “Ойн боловсрол” сэдэвт нийтлэлээ сая танилцууллаа. Ойн боловсролын талаарх сэдэв өргөн хүрээг хамарна биз?
-БОАЖЯ, МУИС хамтраад олон улсын ойн өдрийг улсын хэмжээнд “Ой ба боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Бүх нийтийн боловсролоос эхлээд дунд сургуулийн боловсрол цаашлаад коллеж болон их, дээд сургуулийн боловсролын хэмжээнд “ойн боловсрол” гэдгийг авч үздэг юм. Энэ удаагийн арга хэмжээг их, дээд сургуулиудын хэмжээнд явуулж байна. Ингэхдээ боловсролыг хэрхэн яаж дээшлүүлж, чанартай болгох вэ гэсэн чиглэлтэйгээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.

-Ой гэснээс манай оронд хэдэн төрлийн мод ургадаг вэ?

-Ойн судалгаа шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг гэсэн дүн гарсан. Ялангуяа ойг бүрдүүлэгч гол мод болох шилмүүст болон навчит моддыг голлон авч үздэг. Манай орны ойг 10 гаруй төрлийн шилмүүст мод бүрдүүлдэг. Энэ дотроос зонхилох нь шинэс мод. Үүнийг хүмүүс хар мод гэж ярих нь бий. Хар мод буюу шинэс ойн сангийн нөөцөөрөө 70 орчим хувийг бүрдүүлдэг. Дараагаар нь хуш мод орно. Харин гуравдугаарт, нарс мод зонхилж ойг бүрдүүлнэ.Үлдсэн багахан хувийг бусад мод эзэлнэ.
-Монгол орон уур амьсгалын хувьд эрс тэс. Манайх шиг уур амьсгалтай оронд ямар мод ургуулбал тохиромжтой байдаг юм бол?
-Судалгаа шинжилгээгээр авч үзсэн ч, практик талаас нь үзсэн ч Монгол оронд ургуулах модыг сонгохдоо бүс нутгийнх нь онцлогт тохируулах нь чухал. Өөрөөр хэлбэл, бүс нутагт нь элбэг өргөн тархсан модыг тарилт, ойжуулалт, ойн үржүүлэгт ашиглах нь тодорхой харагдсан. Иймээс манай оронд эхний ээлжинд хойт бүс нутагтаа хар мод, нарсыг илүү ургуулах хэрэгтэй байна. Ойт хээрийн бүсэд шинэснээс гадна навчит мод, хус болон хайлаас зэрэг модыг тарьж ургуулахад тохиромжтой. Харин говийн бүсэд заг, тоорой, хайлаас зэрэг модыг илүү тарьж ургуулах нь үр дүнтэй болох нь туршилт, судалгааны явцад нотлогдоод байгаа.
-Нийслэлд мод тарихаар дорхноо хагдарч, ус чийгээ алдах нь элбэг байх шиг. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Улаанбаатар хот газар зүйн ландшафтын хувьд голын хөндий татмын мод ургамал цөөтэй, хуурай газар. Мөн уулархаг, уулын урд талын энгэр тал нь зонхилсон газарт нийслэл маань байгуулагдсан. Ой мод ургах байгаль экологийн нөхцөл гэж бий. Хур тунадасын болон чийгийн хэмжээ, хөрсний үржил шим, усан хангамж зэрэг үзүүлэлтээрээ мод ургамал ургахад тохиромжгүй гэж хэлж болохуйц нөхцөлтэй. Иймээс мод ургамал муу ургадаг. Тиймээс тарьсан модыг арчилж тордон ургуулах болон ургах тохиромжтой нөхцөлийг нь бүрдүүлэх нь чухал асуудал болоод байна. Тэр нөхцөлийг бүрдүүлсэн үед л мод ургамал ургана.
-Мод ургамал ургах нөхцөл гэхээр яалт ч үгүй хөрс чухал даа?
-Мод тарихад юуны урьд ямар мод тарих вэ гэдгээс их юм хамаарна. Тарих модныхоо байгаль дээр байдаг хөрстэй нь аль болох ойр болгосон хөрсийг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт баригдсан байшин барилга, талбайн газруудад ерөөсөө ойн хөрс байхгүй. Голдуу Туул голын өндөрлөг дэнж бүхий сайрлаг хайр чулуун үржил шим багатай хар шороон нимгэн хөрстэй. Тэр нь үсрээд л 10 см-ээс хэтэрдэггүй. Тэгээд доошоогоо чулуу, хайрга чулуу болоод явчихдаг. Энийг л их тооцоолж, хөрсийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрсийг зохиомлоор бий болгоно. Зохиомол хөрсийг бий болгож байж дараа нь модоо тарих ёстой гэсэн үг.
-Хөрсийг зохиомлоор яаж бий болгох вэ?
-Хөрсийг зохиомлоор бий болгож болно. Манайхан өөрсдөө зохиомлоор бий болгохгүйгээр олон жил ашигласан практик байна. Энэ бол уулнаас авч ирсэн модыг тэр уулынх нь хар шороон хөрстэй хамт ухаж ирдэг арга. Нөгөөтэйгүүр мөн л тэр уул орчмынх нь хөрсийг зөөж, тээвэрлэж авчраад модныхоо дор дэвсдэг арга байсан. Нэг талаар энэ арга болж байгаа. Орчин үед зохиомол үржил шимтэй хөрсийг бий болгож байна. Энэ нь янз бүрийн био бордоо, органик бордоо, зарим тохиолдолд химийн бордоог ашиглаад хөрсөө бий болгох юм. Тухайн хөрсөө тарьж байгаа модныхоо дор хийж өгдөг арга л даа. Энэ манайд арай өргөн дэлгэр хийгдэхгүй байгаа ч тодорхой хэмжээгээр хийж байгаа.
-Нийслэлд хөрсийг зохиомлоор бий болгоод мод тарихаас гадна хүнсний ногоо ч тарьж болох нь ээ?
-Ийм жишээ бий. Өөрийн хашаа, хувийн аж ахуйдаа жимс, жимсгэний мод тарьж ургуулахад хөрсийг зохиомлоор бий болгож байгаа. Үүнийг хотын ногоон байгууламжид тарьж, турших хэрэгтэй. Мод ургамал өөрөө маш их хэмжээний био бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, намар навч шилмүүс асар их унадаг. Энэхүү унасан навч шилмүүс, боргоцой зэрэг үлдэгдлийг дахин боловсруулж, хөрс үүсгэхэд давхар ашиглах хэрэгтэй. Тэгтэл манайхан хог шиг л навч шилмүүсийг нь түүгээд шатаачихдаг. Байгалиас заяасан асар их бордоог бид ашиглахгүй хаяж байгаа жишээ энэ.
-Европын болон Азийн улс орнуудад мод ургамал нь жигдрээд сэтгэл татам сайхан байдаг. Тэгэхэд манай уур амьсгалаас ч болдог сон уу олигтой мод ургамал ч байдаггүй. Тиймээс ч Монголын гэх алдартай шар түйрэн дэгдэж далайн чинад хүрлээ гэх юм. Нэгэн үе энэ шар шороон шуургыг хазаарлан тогтоочихно гээд “Ногоон хэрэм” гээд шуугиад байсан маань цаасан дээр л төсөл төдий болчихсон уу, яасан бэ?
-Ногоон хэрэм гэх ойлголт төв Азийн хуурай эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй газар л анх үүссэн. Манай өмнөд хөрш Хятадад “Ногоон хэрэм”, “Ногоон хана” гэдгийг олон жилийн өмнөөс бий олгосон. Манай оронд 1996 оноос эхлээд БНСУ-ын хөрөнгө санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр “Ногоон хэрэм” байгуулах хөтөлбөр боловсруулж, сан байгуулж ажил эхэлсэн л дээ. Энэ ажлыг Төв аймгийн Заамар, Өмнөговь аймгийн төв болон Ховд аймгийн Булган сум зэрэг газруудад сүүлийн хориод жилд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ногоон хэрмийг хэрвээ байгуулж чадвал энэ нь олон талын ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр цөлжилтийг зогсоох үүрэгтэй. Хоёрдугаарт хүрээлэн буй орчны цаг уур, уур амьсгал, усны горимыг зохицуулахад ногоон хэрэм эерэг сайн нөлөөтэй. Хүний амьдрах орчныг хүртэл зөөллөх, таатай нөхцөлийг бүрдүүлэх гэх мэтийн экологийн өндөр ач холбогдолтой.
-Цөлжилтийг хөрсний доройтол гэж ойлгож болох уу?
-Цөлжилтийн конвенц гэж олон улсын тодорхойлолт байдаг. Ургамал мод нь үгүй болж ор мөргүй устах, хөрсний доройтолд орох нэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр бас агаарын нэмэх хэм хэвийн хэмжээнээс хоёр гурав дахин ихэсч агаар хуурайших, байгалийн хур тунадас орохгүй болох, хөрсний гүний ус доошлох зэрэг олон үзүүлэлтээр цөлжилтийн процессыг тодорхойлдог. Манайхан голдуу ойлгохдоо ер нь хөрс нь ургамалгүй улаан халцгай болоод шороо шуурах, салхи их босохыг л цөлжилт гэж хэлдэг. Тэр нь яахав илэрч байгаа процессоор нь хэлж байгаа болохоос биш цаанаа цөлжилт бол байгаль экологийн уур амьсгалын иж бүрэн нөхцөлүүдээр тодорхойлогддог ойлголт л доо.
-Хавар болохоор модны цагаан хөвөн хийсч эхэлнэ. Үүнийг эрүүл мэндэд хортой, хоргүй гээд ярьцгаадаг даа?
-Улаанбаатар хотод ногоон байгууламж бий болгохдоо модны төрөл зүйлд нэг их анхаараагүй. Хурдан ургадаг гэдгийг нь бодоод улиас модыг их тарьж ургуулсан. Улиас мод өөрөө хоёр гэрт ургамал байгаа юм. Эр, эм нь тус тусдаа байдаг. Энэ цагаан хөвөн тардаг нь эм улиасан дээр боловсорсон үр гадуураа хөвөнцөр зүйтэй. Хөвөн дотор үр нь байдаг. Тэр үрээ салхиар тараадаг зохицолгоотой мод л доо. Тэр эм модыг нь одоо эм модны мөчрөөр ургуулсан тарьц, суулгацыг их тарьснаас болоод нийслэлд долдугаар сарын эхээс эхлээд хөвөн их тарж хийсч байгаа юм. Үүнээс сэргийлэх бүрэн бололцоотой.
-Яаж сэргийлэх билээ?
-Цаашдаа энэ эм модны мөчрөөр мод ургуулж эм модны суулгац тарихыг болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр энэ хавар тавдугаар сарын сүүлчээс эхлээд навч, шилмүүс гараад эхлэх, гарахаас нь өмнөхөн тэр модны титмийг тайрах хэрэгтэй. Хөвөнтэй, ялангуяа залуу мөчрүүдийг нь тайрчих хэрэгтэй. Тэгэхэд эрс багасна. Хөвөн тарахын өмнөхөн тэр задраад унахад бэлэн болчихсон байдаг. Тэр үед нь хүчтэй даралттай усаар шүршээд тэрийг дор нь буулгаад авчихаж болно. Үгүй бол тодорхой доргиох машин техник багажаар хөвөн тарахаас нь өмнө хөвөнг нь сэгсрээд буулгаад авчих гэх мэтийн механик тэмцэх аргууд байдаг. Тэрийг хэрэглэж болно. Манай ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэй улсууд тийм арга хэмжээ авахгүй байгальд нь орхичихоод байдаг. Тиймээс ингэж их тараад байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаас “Улиасны хөвөн хүний амьсгалын замаар орж алергин янз бүрийн өвчин үүсгэдэг, амьсгалын замын өвчний эх сурвалж нь болдог. Ийм мод тарихгүй байх хэрэгтэй” гэж санал хүсэлт их тавьж байгаа л даа.
-Ингэхэд манай орны хэдэн хувь ой модтой юм бэ?
-Монгол орон бол дэлхийн бусад улстай харьцуулахад ой модоор бага орны тоонд ордог. Нийт газар нутгийн хэмжээг ойгоор бүрхсэн талбайд нь харьцуулж, процентоор илэрхийлдэг юм. Тэр үзүүлэлтээр ойрхог чанар Монгол оронд долоо найман хувь гэсэн тоо гарч байгаа. Ой багатай л орны тоонд орно. Ер нь Олон улсын стандарт хэмжээгээр тооцож үзвэл нутаг дэвсгэрийнх нь 30 орчим хувь нь ойтой байвал ерөнхийдөө тэр орон зохимжтой ойтой байна гэж үздэг. Зарим орны 80-90 хувь нь битүү ойтой байна шүү дээ. Ой мод багатайгаас гарч байгаа сөрөг нөлөө ялангуяа экологи, уур амьсгалд илэрч байна. Өөрөөр хэлбэл, цөлжих, хуурайших, ган гачиг гарах, хур тунадас багасах. Эд цөм сөрөг нөлөө. Хэдийгээр манай орон ой модоор бага ч гэсэн энэ байгаа ойгоо хамгаалаад явбал сайн. Айл болгон, хүн болгоны экологийн боловсролыг дээшлүүлээд мод ургамлаа хайрлан нэг ширхэг мод ч гэсэн таривал манай орны ойн талбай ихэснэ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шийр, Христофер, түгжрэл ба бусад…

Явган зорчигчдыг хайрлагтун! Тэд замаас шахагдаад хананд авирахдаа тулж байна.

Алтан тугал

(И.Ильф, Е.Петров)

НЭГ. ШИЭР БОЛ ШИЙР ЮМ

Саяхан, миний фээсбүүк андын нэг Enkhbold An­jim сонирхолтой өгүүлэл шийрлэснээс бүх юм эхлэв. Фээст өргөн ашигладаг Шиэр (share) буюу бусадтай мэдээлэл, контент хуваалцах үйлдлийг нэгмөсөн “шийрлэх” гээд тогтчихвол болмоор ч юм шиг. Мал амьтны шийр гэдэг үгээс гаралтай “Хаяа нийлүүлж, хана шийрлэх”, “Буугаа шийрлэх” гэхчлэнгийн хэллэг нь нэг зүйлийг тодорхой орон зайд аваачиж байрлуулах утгатай билээ. Тодорхой бичвэрийг бусдынхаа орон зайд хөлийг нь гишгүүлээд орхиж байгаа үйлдэл биз дээ, “шиэр” хийх гэдэг бол.

Дашрамд дурдахад, өдгөө “бууны хөл”, “бууны тулгуур” гэж нэрлээд байгаа зүйлийг монголоор “бууны шийр” гэдэг билээ. Нэгэнтээ дашрамд дурьдсаных нэмээд дашрамдуулчихад, “тонгорог” гэж сайхан үг байсаар байтал “Швейцарийн эвхдэг хутга” гэхчлэн чамирхаад байгаа нь илүүц шүү. Швейцарийнх л юм байгаа биз, тонгорохоо болиод эвхэгддэг нь ч юу билээ. Бөхчүүд нэгнээ тонгороод хаячих мэт эвхэгддэг хутганд анх монголчууд өгсөн нэр. Монгол хэлнээ “наймын тонгорог”, “арвын тонгорог”(борлуулдаг үнээр нь ялгасан), “үсний тонгорог”, “хэл гэж тонгорог шиг (хурц үгтэй) хүү” зэрэг үгс аль хэдийнэ суурьшжээ. Өнөөдөр олон сайхан бөхчүүд өрсөлдөгчөө тонгорсоор улс төрд ирээд, төрийн хэмжээнд тонгоролцож байхад ийм чухал үгийг мартвал нүгэл гэм.

Одоо эргээд “фээс” рүүгээ орно оо. Гэснээс, фээсбүүкийг заримдаа “нүүр ном” гэж орчуулж байгаа нь бүтэмж муутай байх аа. Үг нь оносон, оноогүйдээ биш юм. Хүмүүс үгийн сонголт хийхдээ хамгийн товч бөгөөд хэлэхэд амархныг нь авч үлддэг гэдгийг судлаачид хэлдэг. Ухаандаа компьютерийг анх “Тооцоолон бодох электрон машин” гэж дөрвөн үгээр нэрлэж байснаа хураангуйлж, “Цахим тооцоолуур” болгож нэг үзээд бараагүй. Оносон оноогүй гэхээсээ илүү уртадсан хэрэг. Иймээс Фээсбүүкийг орчуулах гэвэл Фээс гэдгээс товч, хэлэхэд амархан үг авах ёстой. Ухаандаа, “нүүр ном” гэдгээ хураангуйлаад “Нүүм” болгодог ч юм уу.

За даа, фээс-ээрээ явсан нь ч зөв байх даа. Гадны шинэ үгийг өөриймшүүлэн үрчилж авснаар хэл бусдад уусах биш, харин ч хүчирхэг болдог гэдэг. Та нар англиар “Зуд”-ыг юу гэж орчуулдгийг мэдэх үү, “zud” гэдэг юм билээ.

Ер нь бол хэл сөнөх тухай мангар ойлголтоосоо ч бид бас салууштай. Нэг өглөө бостол монгол хэл алга болчихоод, өөр хэл мэдэхгүй учраас хоорондоо ойлголцож чадахгүй болчихно гэж байхгүй л дээ. Монгол хүн алга болчихвол хэл нь алга болох л байх. Харин хэл нь алга болчихсон, хэдэн монгол үлдчихээд дохио зангаагаар “татаа тунгаадаад” сууж байх нь юу л бол.

ХОЁР. МАШИНЫ ТӨЛӨӨ ХОТ

Гол нь манай А.Энхболдын шийрлэсэн ярилцлагад, Христофер де Грубэн гээч хүн манай хот төлөвлөлтийн тухай өгүүлсэн байна. Цаад хүнийг нь танихгүй ч гэсэн “шийрлэгч” нь манай эрдэм боловсролтой сэхээтний нэг, танин мэдэхүйн хорхойтон, улмаар уншсандаа төөрөөд давхичихын оронд өөрийнхөөрөө анализ хийх оролдоготон гэдгийг мэдэх юм. Ингээд гүйлгэж харлаа.

Эхлээд нэлээн поп гарчигаас болоод жийрхсэн юм. Шинэ гүүрийг нураана гэж мөрийцнө ч гэх шиг. Мөнөөх “Швейцарийн банкнаас хуулга авдагууд”-ын нэг л биз гэмээр гарчиг. Гэвч “шийр”-чин маань доор нь өрнүүлсэн хэлэлцүүлгийг хальт хараад сонирхол төрлөө.

Гэтэл Христофер гуай, тэнэг мангуу нүүдэлчдийн өмнө ухаантай царайлах ч гээгүй болтой. Харин бидний урд яваа үндэстний төлөөллийн хувьд туулаад өнгөрсөн зовлон сургамжаасаа хуваалцсан байна лээ. Гол санаа нь хотоо юунд зориулж шинэчилнэ, түүний төлөөх хот болно гэсэн философи юм. Хэрвээ Улаанбаатарт машин явахад амархан байхаар бодоод, зам гүүр, зогсоол нэмж бариад л байвал машин улам нэмэгдээд, шинэ шинэ зам гүүр зогсоол нэхээд явна гэж.

Ийм шинэчлэл, ийм философитой хот төлөвлөлт нь машиныг дэмжсэн хотыг бүтээн байгуулах тул явган явах, оршин амьдрах хэрэгцээг алхам алхмаар дарангуйлдаг юм байна. Машины түрэмгийлэл нь олгосон боломж бүрийг дүүртэл ашиглаад, шинэ шийдэл нэхэж эхэлнэ. Ямар ч том гүүр гарцыг дүүргэн чихэлдэж, ямар ч уужим орон зайг бөглөрүүлж авдаг аж. Иргэд машинтайгаа байгаадаа урамшин, машингүйгээ уриалан хөтөлдөг гэмээр ч юм уу.

Монгол айл түүхэндээ гэртээ нэг машинтай болж байгаа бөгөөд цаашдаа хүн тус бүр машинтай болохоос нааш буцахгүй. Лав л миний үеийнхэн бол хааяа нэг албан бус мэдээнээс “хөрөнгөтөн оронд авгай нөхөр хоёр тус тусдаа машинтай байдаг” гэж дуулаад сэмхэн сүүрс алдаж өссөн гэдгийг ч тооцоолууштай. Угаасаа нүүдэлчин монголчууд хүн тус бүрдээ буюу аавын, ээжийн, хүүхдийн гэхчлэн унаатай ирсэн уламжлалтай. Морьгүй нүүдэлчнийг онцгойлон дорд үзсэн “явган”, “явгарсан”, “Хөл залгах унаагүй” гэхчлэнгийн хэллэг байдаг.

Машин нь нүүн шилжих хэрэгслийн хувьд орчин үед морийг орлох болсон юм. Нүүдэлчин хүн сайн гэрээс илүү нүүдэл хийх унаатай байхыг эрхэмлэж ирсэн зөнгөөрөө өнөөгийнхөн сайн орон сууц, тогтмол орлогоос илүү “сайн унаа”-тай байхыг эрхэмлэсээр байнам. Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” болчихоод байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнөөс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.

Цаашдаа бөглөрөл, түгжрэлийг арилгахын тулд замаа өргөсгөж, нэвтрэх чадварыг сайжруулах арга хэмжээ авах нь машинжилтыг дэмжсэн, урамшуулсан алхам болох аж. Яваандаа боломжтой бүхий л зай завсар нь зам, зогсоол болоод орон сууц, барилга нь томоохон “боржуур”-ын үүрэгтэй үлдэж таарах нь. Яваандаа Улаанбаатар маань “машин замын хавсарга хотхон” болохоор шулуудаад өгснийг тэр хүн өрнөдийн хот балгадын сургамжтай холбон ярьсан байх юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд ногоон байгууламж, явган хүний зам бус, харин авто зогсоол, зам гүүрээр хот маань тэлсэн байдаг. Манайхны сайн мэдэх “Алтан тугал” дээр гардагчлан “явган зорчигчид хананд авирахдаа тулж” байгаа нь үнэн шүү.

Бидэнд шинэ хандлага хэрэгтэй юм байна. Хот төлөвлөлт муу явж ирсэн, тэрний энэний үед бодлого алдагдсан гэж цэцэрхээд бол хэрэггүй. Угаасаа монголчууд хот нурааж явснаас байгуулсан туршлагагүй, нүүдэл төлөвлөж ирснээс хотшил төлөвлөсөн практик гэхээр юмгүй. Социализмын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн санаагаар Улаанбаатарыг төлөвлөж байсан ч гэсэн тэр нь хатуу дэглэмтэй хуаран-хотхон, сайтар тоноглогдсон лагерь маягийн бүтээн байгуулалтын үзэл санаа зонхилсон. Үгүйдээ л хувийн өмчгүй нийгэм байгуулах тул хувь хүний санаачилга, хөрөнгөжих эрмэлзлээс ангид төсөөлөгдсөн хот. Газрын наймаа, замбараагүй барилгажилт гээд олон асуудал гарч ирэхийг хэн ч төсөөлөөгүй байсан хэрэг. Товчдоо бол Улаанбаатарыг тэлэх хөгжүүлэх хувийн санаачилгыг огт бодолцоогүй явсан. Тэгэхээр өнгөрсөн үеийг тэр чигээр нь орхиод шинээр харах цаг ирж.

Бид хотоо жинхэнэ утгаар нь төлөвлөх, тэлэх, түгжрээнээс салах, машины хэт өсөлтийг зохицуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх бүгд зэрэгцээд байгаа нь энэ. Мэдээж Улаанбаатарт сайхан машин тэрэг хөлөглөх боломжтой, хэн бугай ч болов гэрээсээ машин унаж гараад Монголын хаана ч хүрдэг байх эрхтэй. Гэхдээ л энэ хот машинаар давхихад биш, харин оршин амьдрахад, эрүүл жаргалтай суухад зориулагдах нь лав. Чингис хаан нэгэнтээ “Мориноос буулгүй улс байгуулах амархан, харин мориноос буугаад төрийг төвхнүүлэх амаргүй” гэж сургасан гэдэг. Харин өнөөдөр тэр байсан бол “Машинаар яваад очих амархан, машинаасаа буугаад ажиллах, амьдрах хэцүү” хэмээн сануулах байсан буй за.

Гэхдээ “Чи машинаасаа буу” гэж шаардахын өмнө “Ийшээ суу” гэхэд өөр саналтай, тэр нь түгжрээнд явснаас хурдан бөгөөд найдвартай байх нигууртай. Лав хотын төв хэсгээр зорчиход хамгийн найдвартай унаа автобус болоод байгаа нь том дэвшил. Шүүмжлэлийн бай болсон олон мянган машин хотын тээврийн том орон зайг бөглөж байгаа нь үнэн. Нийслэлийн иргэд аюулгүй найдвартай таксигаар үйлчлүүлэх эрхтэй нь үнэн боловч түүнийгээ хүлээж цөхрөөд харанхуй гудамжаар алхдаг байх ёсгүй. Эхлээд энэ орон зайг найдвартай хангах нийтийн тээврийн тогтоц бий болгохгүйгээр хувийн такси үйлчилгээг хязгаарлах боломжгүй.

ГУРАВ. МАЛ, МАШИН ХОЁР ТЭГШЭРХТЭЙ

Өнөөдрийнхтэй зарим талаар төстэй нэгэн сургамж Улаанбаатарын түүхэнд бий. Тэр бол хотын малын асуудал байлаа. ХХ зууны дунд үе хүртэл монгол хүний амьдрал малтайгаа салшгүй холбоотой явж иржээ. Ингээд маш олон айл үнээ, малтайгаа нийслэлд бууж. Үнээ малаа хашаандаа байлгах ч яахав. Хамгийн түвэгтэй нь тэд хотын ногоон байгууламжид малаа хариулаад байх болов. Ингээд 1950-иад оны дундуур хотын ногоон байгууламжид мал бэлчээхийг хориглосон шийдвэр гаргасан удаатай. Улмаар, Ардын их хурлын тэргүүлэгчдээс зарлиг гаргаж, аливаа хотын хүн амынх нь гуравны хоёроос дээш хэсэг аж ахуйн бус орлогоор амьдарч байхаар зохицуулж. Аж ахуйн бус гэдэг нь мал аж ахуйн бус гэсэн утгатай билээ.

Хэрвээ тэр үед “монгол хүний малтай байх эрх” энээ тэрээг яриад л, хотдоо сайхан сайхан бэлчээр гаргаад явсан бол өдийд бол малын өтөг, шавхайтай л хутгалдаад нь, дарга нар маань мөрийн хөтөлбөртөө “Хотын төвд шинэ сайхан бэлчээр гаргах” заалт оруулах нигууртай байжээ. Хот тохижуулахынхны гол ажил үхрийн баас, хонины шавхай арилгах явдал болоод шинийг санаачлагч нар нь “шавхай арилгах цахилгаан машин”-ыг Хятадад хийдгээс 50 дахин үнэтэйгээр бүтээгээд л, тэрийгээ худалдан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”-ийг шахаад л явах байж, мөн үү? “Шавхайны үнэр дарагч нийлүүлэх тэндэр” гэж нэг сайхан шахаа гараад…гэсгээд орхиё, бусдыг нь нөхөөд бодчих.

Ямар ч байсан хотын ногоон байгууламжаа малаас амжилттай хамгаалж, Улаанбаатарт мал бэлчээхийг хязгаарлаж чадсан байдаг. Гэхдээ хотын захаар бэлчээрийн малтайгаа амьдрахыг бүрмөсөн хорьж дийлээгүй хэвээр. Сүүлчийнхийн өмнөх Су дарга нэлээн сайн хөөж, хотын зах руу шинэ газар олгох, малыг нь худалдан авах зэрэг механизм хэрэглэсэн байх. Ямар ч байсан бидэнд асуудал шийдсэн туршлага үлдэж.

Монгол хүн малтай байх эрхтэй. Малтай байх эрхтэй гээд гудамжаар үхрээ бэлчээж, хүүхдийн паркад хонио оторлох эрхгүй. Учир нь нийтээрээ хотшин амьдрах дэг ёсонд харшилна. Хэрвээ чи хоньтой байх эрхээ эдэлмээр байвал уудам цэлгэр хээр талдаа очих ёстой.

Яг түүн шиг бүх л монгол хүн машинтай байх эрхтэй. Гэхдээ, харсан газраараа нэвтрээд, хавтгай болгон дээр зогсож болохгүй. Нийтийн тээвэрт садаа болохгүй, хотын түгжрэлийг нэрмэхгүй байх үүрэгтэй. Төр машинтай байхыг хориглох эрхгүй боловч машинаа хэрхэн ашиглахыг зохих хязгаарын дотор зохицуулах үүрэгтэй.

Жолооч нарын соёлгүй бүдүүлэг байдлаас гардаг осол аваар, дүрэмгүй үйлдлийг манайхан жолооны сургуулийн чанартай холбож ярьдаг нь өрөөсгөл. Түүгээр ч барахгүй жолооны сургуулийн хугацааг сунгаж бараг л их дээд сургууль, коллеж болгох юм ярьдаг нь бүүр төөрөгдөл. Тэнд машин жолоодох техник, замын хөдөлгөөний дүрэм заадаг болохоос биш монгол хүнийг ёс суртахуунжуулдаг газар огоот биш. Манайхан жолооны курст нь сайн ойлгуулаагүй учраас хурд хэтрүүлж, улаан гэрлээр дайрч, боржуур дээр машинаа зогсоож, согтуугаар жолоо бариад байгаа юм бүүр биш. Энэ бүхэн буруу гэдгийг жолооны үнэмлэхгүй хүмүүс ч хэлээд өгнө. Хамгийн гол нь гүйцэд нийгэмшээгүй нүүдэлчдийн хамтран амьдрах соёл суртахууны дутагдал. Социалист дэглэмд хүчирхийллийн дор хууль сахисан дүр үзүүлж яваад суллагдангуутаа бүхнийг мартсан дутуу хүмүүжилтэй марксистуудын зовлон.

Бидэнд Соёлын шинэ довтолгоо, гэхдээ 1960-аад оны шиг төрийн албадлага дээр суурилаагүй, харин бүх нийтийн урам зориг, иргэний эрмэлзэл, шинэ үеийнхний бахархал дээр тулгуурласан “Соёлын довтолгоо XXI” үнэхээр хэрэгтэй. ХХ зууны соёлын довтолгооноор ариун цэврийн хувьсгал хийсэн бол энэ удаагийнхаар ёс суртахууны хувьсгал хийх боломжтой санагддаг.

Бидэнд хамтдаа хүмүүжих, хамтдаа ёс суртахуунжих, хамтдаа хотоо төлөвлөх, хамтдаа машинтай байж сурах гээд мөн ч олон хамтын зорилго өмнө маань байна. Гол нь бид хаана байгаагаа мэдээд байх боллоо. Одоо хандах чиглэл эндээс өөрөө тодорно. Хэдэн жилийн өмнөөс өрнөсөн “Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн”-ын тухай өгүүлэхдээ “Хаана очихоо мэдэхгүйдээ биш, хаана байгаагаа мэдэхгүйдээ төөрдөг” гэж хэлээд л байсны учир ч энэ. Хандах чиглэлийн маань нэгэн “Хэрвээ хотоо машин саадгүй явуулах чиглэлээр л төлөвлөөд байвал машин л саадгүй явдаг хот болно. Хүн саадгүй амьдрах талыг нь бодоод явбал хүн л саадгүй амьдардаг орчин бүрдэнэ” хэмээн өгүүлж байнам.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Туршлага судлахын тулд айлчлалд оролцсон, өөрөө гүйж яваагүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан иргэн С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ авчирсан гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр “Энэ асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар бид хоёроос бусад нь мэдэхгүй. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан” гэсэн юм. Энэ талаарУИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг авсан гэж Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн. Үүн дээр бодитой мэдээлэл өгөхгүй юу?

-Би мэдэхгүй гэдгээ хэвлэлээр хэлсэн. Гэтэл намайг буруу мэдээлэл өглөө гэх юм. Т.Аюурсайхан хэвлэлийн хурлаараа “О.Баасанхүү, Б.Пүрэвдорж гишүүн буруу мэдээлэл өглөө” гэж хэллээ. Мэднэ гэж худлаа ярих ёстой байсан юм уу. Би УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ороод хурууны хээгээр санал өгдөг болох ажилд оролцож яваа. Энэ үүднээс туршлага судлах гэж Швейцарь руу айлчлах багт намайг оруулсан. Мөн МАХН гэсэн намыг төлөөлдөг учраас протоколоор ажилд нь оролцоод гадаад айлчлалд явсан. Гадаад айлчлал гэдэг протоколоор явдаг. Ямар үед уулзах, юу ярих, хэдэн цагт уулзах гээд бүгдийг протоколоор тогтоодог. Бусад цаг нь чөлөөт цаг байдаг. Би бүхэл бүтэн Швейцарь гэдэг улсаар тоглоод байгааг нь гайхаж байна. Оффшор биш улсыг оффшор гэж хэлээд Монгол Улсыг Швейцарьтай дипломат хүйтэн харилцаатай болох тал руу Т.Аюурсайханы үйлдэл орууллаа. Швейцарь оффшор бүс биш. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын дарга энэ үгийг нь тайлбарлах гэж шившигтэй байдалд орсон. Эх орондоо хүрч ирээд хууль хяналтын байгууллагын шалгаж буй ажилд чухал ач холбогдол өгөхүйц маш нууцын зэрэгт байдаг мэдээллээр шоу хийж буйд гайхаж байна. Тэр тэнэглэлдээ намайг битгий татаж оруулаач ээ. Т.Аюурсайхан авчирсан уу, яаж авчирсан бэ гээд яриад сууж байхын оронд татварын хууль, ашигт малтмалын хуульдаа анхаармаар байна. Т.Аюурсайхан чинь улайм цайм худлаа ярьдаг залуу байна лээ ш дээ. Би тэгж харж байна. Гурван машин нотлох баримт шатаасан гэж хэлсэн.

Хуулийн байгууллагад өгөөд нотолгоог гаргах хэрэгтэй. Манай гэрт чагнах аппарат байсан гэж өвчигнөсөн. Одоо энэ авчирсан цаас нь үнэн ч юмуу, худлаа ч юмуу. Үнэн байлаа гээд таван данстай байгаа л биз. Тэр мөнгө хулгайнх уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно.

-Таныг төсвийн мөнгө дэмий үрж айлчлалд явсан гэж мэдэгдсэн. Та ямар учраас Швейцарь улс руу хийх айлчлалд оролцсон юм бэ?

-Би гадаад явах дургүй. Долоо хоног болгон гадагшаа явсан ч болохоор байна. Ази, Номхон далайн парламентын холбооны дэд ерөнхийлөгч учраас гадагшаа явах урилга их ирдэг. Төрийн ажлыг гадаадад хийдэггүй шүү дээ. Сонгогчидтойгоо уулзах, чуулганы хуралдаанаа хаяад явж чадахгүй нь гээд үлддэг.

Албатай юм шиг гуйж Швейцарь явуулчихаад араас нь ингэж хошин шог хийх нь шившигтэй. Хотын даргыгаа гомо гэж шантаажилж унагаасан шигээ намайг янз бүрээр хэлэхээс чинь айхгүй. Нарийн яривал 24 дүгээр сургуулийн тендерийг шалгаад үз. МАН сонгуулиар ялагдвал асар олон хулгай илэрнэ. Өнөөдрийн од гээд байгаа нөхдүүд бүгд хулгайч болно. Өмнөх парламентаар од болоод байсан эмэгтэй одоо Ерөнхийлөгчийн хажууд байгаа. Тэр хүн ЖДҮ авчихсан байна лээ. Ирэх зургадугаар сард Швейцарийн холбооны улсын парламентын дарга манайд айлчлах гэж байна. Үүнээс нь өмнө тэднийг оффшор болгосноо эргүүлэн засахын тулд айлчлал хийсэн. Наймуулаа явсан нь ийм учиртай. Цаад протоколоороо “Бүхэл бүтэн бүлэг ирээд та нарыг оффшор гэдэг бүсээсээ гаргах гэж байгаа юм” гэсэн дипломат уучлалт гуйгаад явж байхад энэ хүн эргэж ирээд Монголыг шившигтэй хутгалаа. Сэмээрхэн очоод АТГ-т өгөөд шалгуулахгүй яасан юм. Хавар болохоор энэ тавын синдром хэрээс хэтэрлээ. Энэ тав дээр амьдрал тогтоод байгаа юм биш. Ажлаа хийе л дээ. Эрдэнэтийн 49 хувь гээд л байсан. Хэн тэднийг тогтоол баталж хэлэлцээр хий гэсэн юм бэ. Хууль гэдэг мэргэжлийн хүмүүсийн ажилладаг шинжлэх ухаан. 49 хувийн луйвар чинь АН, МАХН хоёрын хуйвалдаан шүү дээ. Тухайн үед МАН-ын хэдэн нөхдүүдийг оруулж ирсэн нь У.Хүрэлсүх тэргүүтэй улсууд юм. МАН, АН, МАХН хамтарч 49 хувийн хувьчлалыг шийдсэн. Х.Нямбаатар шүүхийн булхайг илчилсэн. Т.Аюурсайхан оффшор, Ж.Батзандан С.Зоригийн хэргийн булхайг ил болголоо. Нөгөөх нь Эрдэнэтийн булхайг илчиллээ. Эд нар бушуухан Шударга журам медалийг өгч сэтгэл санааг нь амраагаад өгөөч. Надтай тэмцэхээ боль.

-Швейцарийн холбооны улс руу туршлага судлахаар явсан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Дэгийн хуулийн асуудлаар Швейцарийн холбооны туршлагыг судлаад ирлээ. Удахгүй чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт орно. Үүн дээр онцгойлон ажиллаж байна. Хаврын чуулганаас эхлэн гишүүд саналаа хурууны хээгээрээ өгдөг болно. Үүнийг би ололт гэж үзэж байна. Учир нь бусдын саналыг хулгайлдаг, худалдаж авдаг үйлдэл нам дарагдана. Орхон аймагт нэр дэвшихдээ “УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болгоё. Ордондоо архи уучихаад чуулгандаа согтуу ирж агсам тавьдаг байж болохгүй. Үүнийг болиулахын тулд ажиллана” гэсэн юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дэгийн хуулийн ажлын хэсэгт орж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн болсон юм. Туршлага судлахын тулд айлчлалд оролцсон. Түүнээс биш өөрөө гүйж очоод яваагүй. Төрийн айлчлал гэдэг цаанаа заавал утгатай. Харахад зүгээр суугаад байгаа юм шиг хэрнээ төрийн хар хайрцагийн бодлого явж байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл өгсөн цагт явдаг. Т.Аюурсайхан өөрөө явъя гээд явчихсан. Ямар ч шаардлагагүй хүн нь Т.Аюурсайхан өөрөө байхгүй юу. Тэр бичгийг зөвхөн Т.Аюурсайханд өгнө гэсэн юм бол захиагаа олон нийтэд харуул л даа. Айчлалд гэнэтхэн явчихгүй. Бүтэн жилийн өмнө төлөвлөөд, Элчин сайд нар нь тохиролцож, Гадаад харилцааны сайд нар нь протоколоо баталгаажуулаад явдаг юм. Тэрэн дунд ганц, хоёр протоколгүй уулзалт хийж болдог. Гэхдээ протоколгүй уулзалтыг олон нийтийн өмнө зарлаад явах ёсгүй. Протоколгүй уулзалт болсон эсэх нь ч ойлгомжгүй байна. Би болоогүй гэдэгт итгэлтэй байна.

-Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “УИХ-ын дарга бид хоёроос бусад хүн оффшор дансны мэдээлэл авах гэж буйг мэдээгүй” гэсэн?

-УИХ-ын даргыг үүнд оролцуулж байгаа юм бол гадаадын байгууллагад гүйцэтгэх ажил хийсэн болж бүр шившигээ хутгана. Европын холбоо чинь Европын шүүхтэй шүү. Эд нарыг дуудаж гай болно. Учир нь зөвхөн хоёр орны эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хууль хяналтын байгууллагатай мэдээлэл солилцдог. Далд мэдээлэл хэзээ ч олон нийтийн өмнө ил болдоггүй юм. Хэрвээ дарга бид хоёр л мэдэж байсан гэж яриад байгаа бол бүр сонирхол татаад явчихлаа.

-С.Зоригийн хэрэг задарна гэж Ж.Батзандан мэдэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мөрдөн байцаалтын явцад алдаа гарсан эсэхийг би мэдэхгүй. Прокурор, шүүх рүү бичиг өгөөд эсэргүүцлээ илэрхийлээд явж байгаа. Ж.Батзандан “С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд санаатайгаар охиныг нь хороосон” гэж мэдэгдсэн. Ингэж манай тойргийн хоёр хөгшний сэтгэлээр тоглож болохгүй. Тухайн үед шалгуулаад үзэхэд авто ослоор охин нь бурхан болсон байсан. Үүнийг цааш нь шалгах хэрэгтэй. Б.Булганыг хоригдож байхад би уулзаж, ээжтэй нь хамт хөөцөлдөж явсан. Би асуудлуудыг ярьдаггүй хийдэг. Эрдэнэтийн 49, 51, С.Зоригийн хэрэг дээр ч ажилласан. Эдгээр залуучууд шиг өдөр болгон шоу хийгээд байж чадна. Гэтэл үр дүн чухал. Эргээд тойрогтоо очоод ярих үр дүн хэрэгтэй. Хурууны хээгээр санал өгүүлдэг болсон гэдэг шиг үр дүн хэрэгтэй. Ипотекийн зээлийг бууруулах боломжтой гэдгийг би гаргаж тавьсан. Үүнийг би ганцаараа ажил болгохгүй. Эрх баригчид хийх үлдсэн. “Таван хувь болгоод хүүг бууруулчихаар О.Баасанхүүгийн нэр өсчих гээд байна” гэж байна лээ. Манайд ийм солиорол хэрээс хэтэрлээ. Орхон аймгийн Засаг дарга миний хийсэн ажлыг өөрөө хийсэн болж ярьж явдаг байх жишээтэй.

-Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн төсөлтэй та танилцсан уу. Ард түмэнд хэрэгтэй зөв хууль мөн үү?

-Би одоо хараад сууж байна. НӨАТ-ын татварыг гурван хувь болгох, мөнгө орох үеийн татвар гарах үеийнхээс ялгаатай болгох хэрэгтэй. Мөнгө орж ирж байгаа бол татварыг багасга. Гадагшаа мөнгө гаргах гэж байгаа бол татвараа нэмэх ёстой. Манайх эсрэгээрээ байгаа. Энэ мэт зүйлүүдийг засах шаардлагатай. Удахгүй уг хуулийн талаар мэдэгдэл хийнэ.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Б.Батбаяр: Бид агаарын хил болон халдашгүй дархан байдлыг хянах, хамгаалах үүргээ сайн биелүүлж байгаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.


-Манай агаарын цэргийн командлалын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярихгүй юу. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө нэг зүйлийг ярья. Би “Өдрийн сонин”-ыг байнга захиалдаг уншигч байгаа юм. Бодит мэдээллийг хүргэдэг. Эх сурвалжаас нь мэдээллийг дамжуулдаг, худал мэдээлэл дамжуулдаггүй тийм сонин. Бас хүний анхаарлыг татахаар гоё нийтлэлүүд гардаг юм. Надад ялангуяа Б.Цэнддоо нийтлэлчийн бичдэг шоглосон маягтай фельетонууд нь таалагддаг. Арын нүүртээ С.Цогтбаярын шог зурагнуудаас тавьчихсан ч байх жишээтэй. Тийм болохоор нөр их ажилтай байдаг та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөж байна. Ард түмэндээ сайн сайхан мэдээллүүдийг байнга хүргэж байгаарай.

-Баярлалаа.

-2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс гэж баримт бичиг батлагдсан юм, УИХ-аар. Энэ баримт бичгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын цэрэг, агаарын цэрэг, бусад төрөл, мэргэжлийн цэргээс бүрдэнэ гээд заачихсан. Үүний дараа 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдсан юм. Зэвсэгт хүчний тухай хуульд л гэхэд Агаарын цэрэгтэй байна гээд заагаад өгчихсөн. Үүнээс хойш агаарын цэргийг бие даалгаж, Зэвсэгт хүчний нэг төрөл гээд явж байгаа. Энэ чиглэлээр манай агаарын цэрэг тусдаа гараад хууль эрхзүйн орчноо сайжруулах ажлуудыг их хийлээ. Мөн зэвсэг техникээ шинэчлэх, хүмүүсээ сургаж дадлагажуулах гэх мэтчилэнгийн олон ажлыг хийгээд явж байна. Цэргийн албаны ажил хууль эрх зүйн үндэслэлүүд дээр явагдах ёстой. Манайх агаарын цэрэг учраас Улсын нисэхийн тухай хуулийг 2017 онд анх оруулаад 2018 онд УИХ-аар батлуулсан. Энэ хуульд зааснаар манайд багц дүрмүүд гэж бий. Тэр дүрмүүдээ шинэчлэн найруулаад батлуулсан.

Энд нэг ойлголтыг өгөхөд агаарын цэрэг нисэх, пуужин, радио техникийн гэсэн гурван төрлийн цэргийг дотроо багтаадаг. Бид байлдааны дүрэм, бусад дүрэм, журам, заавруудыг бүгдийг нь боловсрууллаа. Энэ чиглэлд нэлээд ажил амжууллаа. 2017 оны нэгдүгээр сарын 7-нд бид Агаарын цэргийн командлалын дүрмээ батлуулаад Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Тухайн сарынхаа 25-нд бид тамга тэмдгүүдээ авч дөрөвдүгээр сард нь Байлдааны тугаа гардаж авсан юм. Үүнээс хойш бид нар бодлогын бүх баримтуудаа боловсруулаад ажил ерөнхийдөө жигдрээд явж байна

-Танай зэвсэг техникийг сонирхож болох уу?

-Бид гурван төрлийн зэвсэглэлтэй. Радио техникийн зэвсэг нь агаарын орон зайд хяналт тавьж байдаг. Хяналт тавьдаг радио лакацын станцууд бий. Онцгой объектуудыг халхлах үүрэг зориулалттай. Үүнийг пуужингаар гүйцэтгэнэ. Агаарын орон зайд үүссэн зөрчил, дутагдал, бусад асуудлыг арилгах, агаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах ийм үүрэгтэй. Пуужингаас гадна нисэхийн цэрэг бий. Бусад орны агаарын цэргийг харахад хяналтаа тавиад, мэдээллээ пуужин, нисэхийн цэрэгтээ өгчихөөр пуужингаараа харваад онгоцоороо амдан сөнөөх маягаар ажилладаг. Ийм гурван төрлөөр манайх үйл ажиллагаагаа жигд явуулж байна. Агаарын хил, агаарын халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах үүргээ бүгд сайн биелүүлж байгаа. Бид ОХУ-ын зэвсэг техниктэй. Манай офицерууд Орост сургууль төгсч ирдэг. Онгоц, пуужингийн офицеруудыг Орост бэлтгэдэг. Радио техникийн офицеруудын заримыг ОХУ-д, заримыг нь Монголдоо бэлтгээд эхэлчихсэн. Бага мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэнэ. Зэвсэг техникийн хувьд тухайн үед ОХУ-аас буцалтгүй тусламжаар авч байсан. Тэр техникүүдээ одоо ашиглаж байгаа. Сүүлийн үед зэвсэг техникээ шинэчилж сайжруулах, бусад оронтойгоо хөл нийлүүлдэггүй юм аа гэхэд орхигдчихгүйн тулд тэр талын ажиллагаа хийж байгаа. Энэ нь биднээс шалтгаалахгүй, Монгол Улсын эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалдаг байх. Мөнгө төгрөгийн боломжгүй болохоор жил болгон сайжруулаад байгаа юм байхгүй. Бид боломжийнхоо хэрээр зарим нэг зэвсэг техникүүдээ буцалтгүй тусламжийн хэлбэрээр, зарим нэгийг нь хамтын ажиллагаатай улс орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж авах ч байдаг юм уу гэх мэтээр сайжруулаад явж байгаа. Гурван чиглэлээс нисэхийнх нь чиглэлээр л ярихад өнөө жил шинээр нэг нисдэг тэрэг худалдаж авахаар холбогдох оронтой нь зохих яриа хэлцлүүдийг хийчихсэн байгаа. Мөн пуужин, радио техникийн чиглэлээр бас харилцан яриа өрнүүлээд хамтын ажиллагаануудаа эхэлчихсэн. Яриа бол нэлээд нааштай шатандаа орчихсон байгаа.

-Дроныг улс орнууд батлан хамгаалахынхаа салбарт нэлээд түлхүү ашиглаж байгаа мэдээ сэлт их байна. Манайх энэ тал дээр хэр анхаардаг юм бол?

-Манайхан одоо л мэдэж байгаа. Би нисэхийн чиглэлийн мэргэжилтэй хүн л дээ. 1985 онд ЗХУ-д Нисэхийн ерөнхий сургуулийг Сөнөөгч онгоцны радио техникийн мэргэжлээр төгсч ирээд ажиллаж байгаад ОХУ-ын Нисэхийн академийг Пуужин, нисэхийн инженерийн чиглэлээр төгссөн. 2003 оноос Батлан хамгаалах яаманд Зэвсэглэл, техникийн чиглэлээр ажиллаж байсан. Би 2005 онд өөрийнхөө мэргэшсэн чиглэлээр нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроны талаар цэргийн сэтгүүлд нийтлэл тавьж байсан юм. Ийм хэрэгсэл одоо хэрэгцээтэй боллоо. Бусад орнууд үйлдвэрлээд эхэллээ гэж бичихэд тухайн үед үүнийг ойлгох хүн бараг байгаагүй л дээ. Уржнангаас энэ талаар ярих боллоо. Бусад орнуудад хөгжөөд эхлэхээр аргагүйн эрхэнд сонирхоод эхэлсэн. Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бол маш их ашигтай. Хамгийн гол зорилго нь агаарын тагнуул хийх. Камер зүүгээд тодорхой цаг өгөөд явуулчихна. Өөрийнхөө батарейгаар заасан алсад оччихоод үйлчилгээ хийчихээд буцаад ирнэ. Хүн, хүч шаардахгүй, аятайхан. Нисгэгчгүй нисэх хэрэгслийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно л доо. Цаг уур, зам, гал түймэр гээд иргэний зориулалтаар ч ашигладаг.

-Манайхан өөрсдөө дрон угсраад эхэлсэн гэж дуулдсан шүү?

-ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургууль гэж бий. Тэр сургууль дотор Аэро-гидро механикийн сургууль гэж бий. Тэр нь нисэхийн чиглэлийн инженер бэлтгэдэг. Тэр сургуульд 2006, 2007 оноос эхлээд оюутнууд нисгэгчгүй нисэх хэрэгслээр дипломын ажил хийсэн. Манайх нисэхийн ангиудад энэ чиглэлд сонирхолтой залууст заавар, зөвлөгөө өгч өөрсдөө нисгэгчгүй нисэх хэрэгсэл хийгээд эхэлчихсэн. Заримаас нь туршаад амьдралд нэвтрүүлчихсэн. Жишээ нь, Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулдаг. Тэр шалгаруулалтад нисэхийн ангийн гурван залуу гурван өөр төрлөөр оролцож гурвуулаа байр эзэлсэн. Манайхан тэр талдаа нэлээд өндөр түвшинд хүрчихсэн. Одоо бол шинээр нисэхийн ангийг түшиглээд “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бүтээх төв” нээхээр зөвшөөрлүүдээ аваад явж байна.

-Монголын Зэвсэгт хүчнийг тойрсон элдэв таамаг, яриа бий л дээ, олон нийтийн дунд. Ялангуяа зэвсэг, техникийн тухайд. Өнгөрсөн жил гэхэд шинээр 200 танкаар хүчээ зузаатгалаа гэж шуугиад өнгөрсөн?

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ярилцлагыг телевизээр үзсэн, сонин хэвлэлээс ч уншсан. УИХ-ын дэд дарга тийм юм ярьсан. Тэр бол ямар ч үндэслэлгүй. Манай Зэвсэгт хүчин 200 танк аваагүй. Тийм юм нийлүүлээгүй. Гэхдээ 2010 оны орчимд цөөн тооны хэдэн танк авсан. Буцалтгүй тусламжаар ОХУ-аас орчин үеийн гэж болох танк. Тэрнээс өмнө нэлээд хуучирсан, хоёр, гуравдугаар үеийн л танкууд байсан. Гэхдээ тэд үүргээ гүйцэтгэхээр болвол гараад үүргээ гүйцэтгэнэ. Арчилгаанд, бүх юм нь бэлэн байдалд байдаг. Хэрэгцээтэй үед ашиглахад бэлэн. Зөвхөн танкны хувьд ярихад.

-Монголын цэргүүд хуяг, дуулгатай юу. Хэр хамгаалагдсан байдаг вэ. Бүрэн зэвсэглэж чадсан уу. Барууны кинонуудаас харахад тэндхийн цэргүүд толгойноосоо хөл хүртлээ бүрэн хамгаалалт, хэрэгсэлтэй байдаг?

-Хувцас формын хувьд манайх сайжирсан. Кинон дээр гараад байдаг шиг тийм хувцас манай цэргүүдэд байна. Нүдний шилнээс эхлүүлээд шөнийн дуран хараа гээд бүх юм бий. Бууны сумнаас хамгаалдаг хантаазтай. МҮОНТ-ийн “Дуулга” студиэс бэлтгэдэг “Эх орны төлөө” нэвтрүүлгээр манай цэргүүд хувцас, хэрэглэл, дуулга, малгай, өвдөг, тохойн хамгаалалт гээд бүх юмтайгаа гардаг юм. Гутлын хувьд цөлийн шар гэдэг юм даа, тийм гуталтай. Буу зэвсгийн хувьд ерөөсөө дутах юм байхгүй. Манай Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын салшгүй нэг хэсэг учраас хувцас, формоор хангах ёстой л доо.

-Монголын армийн бэлтгэл сургуулилт хэр байдаг вэ?

-Манай Зэвсэгт хүчний хамгийн гол үндсэн зүйл бол ерөөсөө л бэлтгэл сургуулилт. Тайван цагт сургуулилт дадлага сайн байж байж л байлдааны цагт үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Манайхны сургуулилт, бэлтгэлийг сайн гэдгийг би өөрөө мэргэжлийн хүний хувьд маш сайн мэднэ. Тэрийг худлаа биш гэдгийг юугаар батлах вэ гэхээр манайхан гадны оронд очоод үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн Энхийг сахиулах хүрээнд л ойлгоод байгаа юм. Иран, Ирак, Судан, Сьерра Леонд алба хааж байгаа манай цэргүүд сургуулилт, дадлага, бэлтгэлжилт илүү болохоор тасарч илүү харагдаж байгаа байхгүй юу. Бүх орны цэрэг уралдахад эхний арван байрт нь манай цэргүүд орж байх жишээний.

-Тэр үнэн юм уу?

-Үнэн. Нүдээрээ харж, чихээрээ сонссон гадаадын дарга нар нь хүртэл үнэлдэг. Тэр нь баримт болж бичлэгээрээ хүртэл байгаа. Аргагүй л дээ. Тэсвэр хатуужил бас байна. Монголын цэргийн генд байна шүү дээ. 20 кг элс үүрээд таны асуугаад байсан бүх өвч хэрэгслээ өмсөөд гүйнэ. Тэр чинь бас нэлээд хэдэн кг болно. Тэгээд элсээ үүрээд 30 км газар гүйгээд ирэхэд монгол залуучууд л түрүүлж ирдэг. Эсвэл бүр тасарчихсан гадны цэрэг байлаа гэхэд эхний гурав дотор л орж ирэх жишээтэй. Ийм л байгаа юм, хаа ч очсон. Манай сургуулилт, бэлтгэл сайн. Та бүхэн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон хоёрын тухай сонсч л байсан байх.

-2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн хоёр биз дээ?

-Дэлбэрэлт, буудалцаан болоход манайхан “Буунд аа!” гээд дайрдаг бол бусад орныхон ширээн доогуур шургах үйлдэл хийдэг. Ажиллагаанд явуулах багаа Таван толгойн бааз дээр бэлтгэдэг. Тэндээ бэлтгэл, сургуулилтаа маш сайн базаадаг. Бүх ангиас ирж байгаа цэргүүдээ туршлагатай багш, офицерууд нь хүлээж авч сургуулилт, дадлагыг нь хийлгэдэг учраас энэ тал дээрээ илүү байдаг юм болов уу гэж боддог шүү дээ.

-Монгол эрчүүд “Чингисийн үр сад, Монгол омогшил, бид баатруудын удам” гэж ирээд л ярих болж. Гэтэл үнэндээ бодит амьдрал дээрээ тийм мундаг улс хэвээрээ юу?

-Би тэгж омогшоод онгироод байгаа цэргийн хүнийг хараагүй. Энэ тал дээр их анзаардаг. Энгийн залуучууд тийм юм яриад байдаг. Би чинь голдуу офицер, ахлагч нартайгаа хамт байдаг болохоор Монгол омогшил гээд л омогшоод, орилж хашгираад байгааг нь хараагүй. Үүргээ гүйцэтгээд явж байвал тэр чинь л омогшил. Омогшил гэдгийг үйл ажиллагаагаараа л харуулах ёстой. Түүнээс биш Монгол омогшил гээд л орилоод байж болохгүй. Бусад орнууд ч омогшино шүү дээ. Биднээс ч илүү омогшино. Бусад орны эрчүүд спортоор гэхэд илүү л байгаа биз дээ.

-Эх оронч гэдгийг манайхан мушгиад байна уу даа. Эх оронч хүн гэгдээд байгаа хүмүүсийг харахаар арай л өөр юм яриад байх боллоо. Таны хувьд эх оронч хүн ямар байх юм, эх оронч гэж хэнийг хэлэх юм?

-Үйлдлээрээ л эх орныхоо төлөө гэдгээ харуулаад гараад ирсэн хүнийг л эх оронч гэнэ. Хүн болгон л эх орондоо хайртай, эх оронч байхыг хүсдэг байх л даа. Тэрийгээ яриад л, яваад л “Би эх оронч” гээд байж болохгүй. Хувцас оёдог оёдолчин эмэгтэй байлаа гэхэд хийх ёстойгоо, оёх ёстойгоо зөв хийгээд явж чадаж байвал тэр хүн эх орныхоо төлөө зүтгэж байгаа эх оронч. Дэлгүүрт очоод олон бараанаас эх орныхоо үйлдвэрийн барааг сонгож худалдан авч байвал тэр чинь бас л эх оронч хүн байхгүй юу. Үйлдлээрээ л харуулж байгаа хүнийг эх оронч гэнэ үү гэхээс “Эх орон, эх оронч” гээд дандаа яриад яваад байгаа хүнийг эх оронч гэхэд хэцүү. Гэхдээ хүн болгон эх орондоо хайртай. Эх орноо гэсэн сэтгэл дотор нь байж л байгаа.

-1990-ээд он хүртэл Монголд буугүй айл бараг байгаагүй шүү. Ханынхаа толгойноос зүүчихсэн цахиураас эхлүүлээд калибр харагддаг л байсан. Гэтэл өнөөдөр буутай айл, буутай иргэн бага болжээ. Цөөрүүлээд ч байгаа юм шиг. Нэг тийм бодлого яваад байна уу даа ч гэж харагддаг юм. Гэтэл гадны орнуудад иргэд нь гар буу чөлөөтэй эзэмшдэг. Зарим оронд айлууд галт зэвсгийн шүүгээ, булантай байх жишээний…

-Дээр үед байсан. Айл бүхэнд нэг калибр байдаг байсан. Винтов ч байдаг байлаа. Тухайн үед аавууд нь хүүхдүүдээ дагуулж явж тарвага буудах ч юм уу, багаас нь бууны дөртэй болгож ойртуулж, дарийн утаа үнэртүүлж ирсэн. Тэр нь дээр үеэсээ уламжилж ирсэн цэргийн бэлтгэл байсан юм болов уу гэж боддог. Чингис хаан байна, түүний дараахь үе байна. Тэр үед бүх айл л нум сумтайгаа байсан. Хэзээ нэгэн цагт эх орон дуудахад тэрийгээ аваад л гардаг байсан байхгүй юу. Сүүлд буу зэвсгийг хурааж аваагүй. Буу зэвсгийг бүртгэлжүүлээд хяналт тавиад эхэлсэн. Татвар аваад эхэлсэн. Зарим хүмүүст очиж татвар төлөхөөс түвэгшээж ядаргаатай санагддаг байх. Манайх бусад орны жишиг шиг л байгаа болов уу гэж боддог. Ангийн дэлгүүрүүдэд буу зарж л байгаа. Галт зэвсгийн тухай хуультай. Тэр хуулийн дагуу бүх баримт бичгээ бүрдүүлээд буу худалдаж аваад цагдаад бүртгүүлэхэд болно. Сүүлийн үед ялангуяа залуучууд, эрэгтэй хүүхдүүд цэргийн бэлтгэл, буу, буудлага гэсэн эр хүн тал руугаа байхаа больчихоод байна. Миний харж байгаагаар солонгос кино үзсэн, нарийхан өмдтэй, үс гэзгээ мөн тийм байдлаар засчихсан, яриа хэл нь хүртэл сонсохоор ойлгомжгүй ч юм шиг.

Түс тас яриад ч юм уу, энгийн яриад ойлголцчих юман дээр олон тайлбар хэлээд ч юм уу. Эсвэл олон эмэгтэйчүүдийн дунд сурч, ажиллаад тийм болчихсон ч юм уу гэмээр харагдах болсон. Тэгэхээр тэдэнд цэрэг, буу тал руугаа сонирхол байхгүй, ерөөсөө.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална


Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяртай ярилцлаа.


-Удаан хугацааны туршид түгжээтэй байсан Бөхийн өргөөний үйл ажиллагаа жигдэрч байна уу. Бөхийн барилдааны тов, урлаг соёлын тоглолтуудын зар түгээд эхэлсэн байна?

-Бөхийн өргөө эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон. Хоёр аварга зөвшилцөж, ойлголцсоноор Бөхийн өргөөгөө нээлээ. Урлаг соёлын тоглолтууд, уламжлалт барилдаанууд хуваарийн дагуу явагдаад эхэлсэн.

-МҮБХ-оо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болоод жил орчмын нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд монгол бөхөд ямар шинэ өнгө төрх авч ирэв. Та бүхэн юу амжуулав?

-Өмнөх удирдлагууд олон жил хэрүүл тэмцэлтэй явж ирсэн л дээ. Энэ нь ч нөлөөлсөн юм уу, монгол бөхөд бодлогын чанартай зүйлс дутуу байсан. Сая шинээр сонгогдсон залуус үүнийг ойлгож хэрэгжүүлэхээр санаачилгатай ажиллаж байна. Бөхийн барилдааны шүүлтэд камерын тусламжийг нэвтрүүллээ. Тасалбарыг онлайнаар худалдаанд гаргаж байна. Бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ. Энэ бүхнийг тодорхой хэмжээний дэвшил гэж харж байгаа. Хийх олон зүйлийн эхлэл нь энэ гэж ойлгож болно. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал зөвлөгөөнөөр бөхчүүдэд хандаж хийх ажил, бөх сонирхогчдод сонин содон зүйлс, шинэчлэлийг батална.

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвөсөн бэ?

-21 аймгийн бөхийн холбооны тэргүүн, БТС-ын хороо, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нутаг, нутгийн дэвжээдэд албан бичиг хүргүүлнэ. Тэднийг МҮБХ-ны гишүүнчлэлтэй болох санал хүргүүлж байгаа юм. МҮБХ-оо маань 20 мянган гишүүнтэй, 30 мянган гишүүнтэй гээд л ярьдаг. Энэ тоог баталгаажуулахыг зорьж байна. Холбооны гишүүнчлэлтэй хүн хариуцлагатай байх ёстой. Мөн гишүүний давуу эрхийг эдлэх ёстой. Дан ганц бөхчүүд биш, бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчид, засуул цэц, сумандаа байгаа ахмад бөхчүүд зэрэг хүмүүс бөхийн холбооны гишүүн юм гэдгийг баталгаажуулах ажил явагдаж байна гэж ойлгож болно. Монгол өв уламжлалыг тээж ирсэн, авч яваа хүмүүс холбоонд нэгдэж гишүүнчлэлтэй болох юм. Энэ ажил үргэлжлээд явж байна. Гишүүнчлэлтэй болсноор МҮБХ-оо мэдээллийн сантай болно. Мэдээллийн сантай болсноор манайх хэдэн бөхтэй, хэд орчим бөх сонирхогчидтой нь гарч ирнэ. Энэ дүр зурганд тулгуурлаж цаашид явуулах бодлогоо зохицуулна. Үүнд тулгуурлаж бөхийн хөгжлийн сантай болно. Барилдаж буй бөхчүүд зодог тайлахад нь хуримтлал бий болгохоор ажиллаж байна. Одоо хэрүүл маргаан зогссон. Бөхчүүд, бөх сонирхогчдод чиглэсэн ажиллагаа явуулна.

-Монголын Үндэсний бөхийн ээлжит “Их Эе” хэзээ хуралдах вэ. Тов нь гарсан уу?

-Одоогоор тов нь гараагүй байна. Сая зохион байгуулагдсан хуралдаанаар 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг байгуулагдсан. Итгэлийн, дүрмийн, хурал зохион байгуулах хэсэг гэсэн гурван ажлын хэсэг ажиллаад явж байна. Хурал зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хэзээ ямар бүрэлдэхүүнтэй хуралдахыг шийдвэрлэнэ. Ойрын хугацаанд хуралдана гэж ойлгож болно.

-МҮБХ-ны үйл ажиллагааг босоо тогтолцоонд оруулахаар ажиллаж байгаа талаар та яриандаа дурдсан. Бөхийн барилдааны дүрмийг яаж шинэчлэх вэ?

-Бөхийн барилдааныг камераар шүүх, барьц сонгоог халах зэргээр өөрчлөх шаардлагатай дүрмүүд хэд хэд бий. Эхний ээлжинд дэвшилтэт технологийг барилдааны шүүлтэд нэвтрүүлчихлээ. Барилдааныг хүний нүдээр харж баримжаагаар шүүх боломжгүй болсон л доо. Үүнд бөх сонирхогчид ч ам сайтай байна лээ.

-Барьц сонгоогүйгээр монгол үндэсний бөхийн барилдааны цагийг яаж хянах юм бол. Та бүхэнд ямар гаргалгаа байна?

-Барьц сонгоог шууд халаад шинэчлэхэд хэцүү. Гэхдээ халах ёстой. Бөх сонирхогчид уран гоё барилдааныг л бөхчүүдээс хүлээдэг. Энэ дүрэм чинь уран гоё барилдаанд харшлаад байгаа. Барьц сонгоог халах эхний шатны ажлуудыг энэ хаврын барилдаануудаас хэрэгжүүлээд эхэлнэ. Барьц сонгооноос өмнө яаж бөхчүүдийн барилдааныг шийдвэрлэж болох вэ гэдэг талаас нь ажиллана. Барьц сонгоог хүлээлгүй, наана нь шийдвэрлэх арга замыг боловсруулж барилдааны явцад туршиж үзнэ. Ид барилдаж байгаа бөхчүүд уран гоё барилдаан үзүүлэх ёстой. Үзэгчид байж л бөх оршин тогтноно шүү дээ.

-Өмнөх холбооны удирдлагуудын үед амжилттай зохион байгуулагдаж байсан дөрвөн уулын хишиг гэх мэт барилдааныг үргэлжлүүлж зохион байгуулах уу. Эсвэл шинэ менежмэнтээр үйл ажиллагаа явуулах уу?

-Бид амжилттай хэрэгжсэн юмыг уламжилж авч явах ёстой. Шинэчилж байна гээд халаад байж болохгүй. Тухайн үеийн удирдлагууд ухаанаа зарж амжилттай хэрэгжүүлж үзэгчдийн хүлээдэг барилдаан болгож байна шүү дээ, цааш нь авч явна. Бид үүнийг өөр өнцгөөс харж илүү сонирхолтой болгоно. Жишээ нь, нэг барилдааны бүх давааг оноолтоор барилдуулж болно шүү дээ. Яаж үзэгчдээ эргүүлж татах тал дээр ажиллаж байна. Туршаад үзэхэд үзэгчид сайн мууг нь тунгаах биз. Үүн дээр алдаа дутагдлаа дүгнэж цаашаа явна.

-Сумын заан цолтой бөхөөс допинг илэрсэн нь энэ хортой бодисын хэрэглээ үндэсний бөхөд хавтгайрсныг харуулж байна. Допингтой хэрхэн тэмцэх вэ?

-Тулгамдсан асуудал мөн. Зөвхөн баяр наадмын үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг байсан бол заалны барилдааны үед шинжилгээнд хамруулаад эхэллээ. Үүнийг үргэлжлүүлнэ. Монгол Улсын эрүүл чийрэг бие бялдрыг авч яваа ген цаашаа яаж оршин тогтнох уу гэдэг хэзээ нэгэн цагт яригдана шүү дээ. Энэ генийг эрүүл үргэлжлүүлэхийн тулд бид допингийг одоо таслан зогсоох ёстой. Энэ чинь улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал шүү дээ. Удмын санд нөлөөлөх хортой бодис.

-Баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хүний эрх гээд шүүхдээд маргаан үүсдэг. Баяр наадмын бус үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай хуульд заагаагүй шүү дээ?

-Ганц допинг биш. Баяр наадмын тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа. Бөхөд дуртай хүн бүр л үүнийг мэддэг ярьдаг болж. Улсын их хуралд бөхчүүдийн төлөөлөл олон байдаг шүү дээ. Монголчууд бөхөө ямар их дээдэлдгийн илрэл нь энэ. Эд маань хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Бид ч тодорхой хэмжээний саналыг гишүүддээ өгөхөөр төлөвлөсөн.

-Аваргуудын эрэмбэний асуудал одоо хэр нь маргаантай хэвээр байгаа. Үүнийг ном горимд нь оруулахын тулд ямар ажиллагаа явуулах вэ?

-Онцлогтой түүхэн жил гэж 1024 бөх барилдуулсан. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг шүү дээ. Хийгээгүй байхад хэн ч, юу ч ярихгүй. Хэрэгжсэний дараа алдаа оноог нь хэлэлцдэг. 1024 бөх барилдуулахад сайн тал бий. Гэхдээ цолыг нь эрэмбэд ороход зөрчилдөөд эхэлж байгаа юм. Жишээ нь, улсын арслан цолтой бөх наадамд 10 давж түрүүлэхэд ямар цол хүртэх нь тодорхойгүй байна. Бид ийм цол өгнө гэж заасан ч цаасан дээр бичсэн хууль байхгүй. Бид даруй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлнэ.

-Сумандаа сайхан барилдаж байгаад нас нь ахисан бөхчүүд олон бий. Өв уламжлалаа тээж ирсэн бөхчүүд маань орхигдох гээд байгаа тал ажиглагддаг. МҮБХ-ны гишүүн болсноор гавьяагаа үнэлүүлэх үү?

-Монгол бөхийн цол сумын начинаас улсын аварга хүртэл байдаг. Эднийг улсын аймаг сумын цолтой нийт бөхчүүд гэж ангилдаг. Авч байгаа хүн нь аварга, сумын заан гэж ялгаатай болохоос биш нэг л бөхийн цол. Залуу цагтаа барилдаж явсан бөхчүүдээ алдаршуулах санал сумдаас ирдэг. Энэ их өв соёлыг тээж ирсэн ахмадуудыг сум орон нутаг нь алдаршуулж, МҮБХ-ноос батламж гардуулж өгч болно. Үр хойч нь “Аав, өвөө минь ийм сайхан барилдаж явсан хүн” гээд батламжийг нь хоймортоо зална шүү дээ. Үүний тулд бид аймаг, сумын бөхийн холбоодтой хамтарч ажиллахаар санамж бичиг зурна.

– Аймаг, сумын найраа зах замбараагаа алдаад байгаа шүү дээ. Санамж бичигт энэ талаар тусгасан уу?

-Бөхийн хүрээнийхэн их ярьдаг. Энэ маргааныг таслан зогсоох нэг ажил нь санамж хүргүүлэх юм. Аймгийн бөхийн холбооны тэргүүнд МҮБХ-ноос гаргасан эрэмбийн дагуу бөхчүүдээ барилдуулах, дүрэм журмыг танилцуулна. Аймаг сумын бөхийн холбоодтой босоо, нэг удирдлагад, нэг бодлоготой явна. Найраатай тэмцэх ажлын эхний хэсэг нь гишүүнчлэлтэй болох гэж ойлгож болно. Наадам үймүүлдэг хэсэг бүлэг цөөхөн л хүн байдаг шүү. Үүнийг эмх цэгцэнд нь оруулж болно л доо. Гишүүнчлэлтэй болохоор хариуцлага тооцох механизмтай болно. Санамж бичиг зурснаар аймгийн аймгуудын наадам улсын наадам шиг болох юм. Нэг удирдлагатай, нэг бодлогоор явна. Найрааг ийм цогц бодлогоор шийдэхээс биш өнөө маргаашийг харсан асуудлаар явахгүй.

-Бөхчүүдийн жудгийн үнэлэмж нийгэмд унаад байгаа. Бөхчүүддээ ёс суртахуун суулгах ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?

-Сайхан барилдаж цол авч байгаа залуу бөхчүүд байна. Бидэнд өндөр цолтойгоо хүндэлдэг ёс жаяг бий. Гэхдээ цол эрэмбээ хүндлэхээс өмнө бөхчүүд ахмад үеэ хүндэтгэх ёстой. Ахмад бөхчүүд бидэнд энэ их өв соёлыг тээж ирсэн шүү дээ. Сумын цолтой ахмад бөх байлаа ч аварга арслан цолтнууд хүндлэх хэрэгтэй. Тэднийг тээж ирсэн зам мөрөөр энэ өндөрлөгт гарснаа ухамсарлах ёстой. Өнөөдөр сайхан барилдаж байгаа бөхчүүд хэзээ нэгэн цагт хөгширнө шүү дээ. Урьд үеэ хүндлэх нь бөхчүүдийг нийгэмд зөв үлгэр үзүүлнэ. Ард түмэндээ зөв үлгэр үзүүлж байж бид хүндлэл хүлээнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Шийр, Христофер, түгжрэл ба бусад…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Шийр, Христофер, түгжрэл ба бусад…” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/02/08-02/13-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Л.Болд манай намын гишүүнчлэлээс хасагдаагүй байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: МАН-ынхан манай намыг гүтгэсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандчихсан байгаа гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Ашигт малтмалын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ” хэмээн “Улс төр” нүүрт бичив.

“Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч тангаргаа өргөлөө” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Өдрийн сонин”-ы “Өдрийн сурвалжлага” нүүрт “Хөшигийн хөндийн нисэх буудал нарны цахилгаан станцаар ажиллана” хэмээн бичжээ.

““Өдрийн сонин”-ы найрагчид” хэмээн “Өд, бэх” нүүрт бичив.

“Өмнөд Судан явж энхийг сахиулагч хүүтэйгээ уулзсан Л.Эрдэнэцогт: Суданд эмэгтэйчүүд нь хамаг ажлаа хийгээд, эрчүүд нь гараа хумхиад сууж байдаг юм шиг санагдсан” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн Б.МЯГМАРДАШ: Төмөрлөгийн үйлдвэрийн хувьцааг Дарханы иргэн бүр эзэмших эрхтэй хэмээн “Энэ тухай” нүүртярьсан байна.

“Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар: Тогооч нарыг хариуцлагатай болгох гэж тангараг өргүүлдэг болж байгаа” хэмээн “Нийгэм” нүүрт ярилаа.

“Уран бүтээлч” нүүрт “ Дуучин Л.Доржгочоо: Сумынхаа клубийн жижигхэн тайзан дээр гарахдаа одоо ч сандардаг” хэмээн ярьжээ.

“Тэнгэрийн дор, газрын дээр тэргэл сар шиг гэрэлтэй явах сайхан” хэмээн “Багш” нүүрт өгүүлжээ.

“Тууштай бай” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлэгт ёс зүйг эрхэмлэх есөн сарын аян явагдаж байна

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Ёс зүйн хороо болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэе, эелдэг харилцаа, хандлагыг төлөвшүүлье” есөн сарын аян зохион байгуулж байна.

Аяны хугацаанд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр гарган сар бүр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний сургалтыг Чанарын албаны дарга М.Энхцэцэг эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийсэн байна.