Categories
мэдээ нийгэм

burtgel.mn сайтаар иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.

ҮЗУБЕГ-ын дарга Б.БаасандоржУБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.

Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой болж байгаа. Иргэний үнэмлэхээ захиаллаа, төлбөр тооцоогоо хийлээ. Ингээд үнэмлэхийг өөрөө эсвэл түүний гэр бүлийн гишүүн авах боломжтой.

Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм. Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна.

Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй.Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй.Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.

Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.

Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг,

  • Иргэний байнгын оршин суугаа хаяг
  • Төрсөн газрын мэдээлэл
  • Хурууны хээ
  • Цахим гарын үсэг
  • Иргэний үнэмлэхийн дугаар

Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.

Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой.Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгээс сэргийлье-Цаг нь болсон

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган бямба гарагт хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон. Энэ дагуу ээлжит бус чуулган эхэлж, Татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, Ардчилсан намаас уг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж завсарлага авсан. Үүнээс гадна ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудал их байгаа ч хугацаа бага байгааг харгалзан үзэж амралтын өдөр ч үргэлжлүүлэн хуралдана гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Энэ дагуу бямба гаригийн гуравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулган хуралдана.

Categories
мэдээ улс-төр

Татварын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.
Гэвч Төсвийн байнгын хорооны дарга дарга Б.Чойжилсүрэн “Байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна” гэснээр холбогдох байнгын хороо руу буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа

Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн.

Дүүрэгтээ ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлсэн.Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан байна.

Энэ хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 77 дугаар тушаалын дагуу “Хонгор-Налайх чиглэлийн салбар төмөр замыг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах” ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.
Хонхор-Налайх хоорондын зам нь анх 1938 онд ашиглалтад оржээ. Их уурхай хаагдан, ачаа тээврийн хэмжээ багассан, уурхайн хууль бус олборлолтоос үүдэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж магадгүй учраас уг замыг 2008 онд хаасан байна.

Хонхор-Налайх чиглэлийн төмөр замын үйл ажиллагааг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, 10.4 км орчим замыг сэргээх шаардлагатай гэж үзсэн байна. Тус бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Газрын албаны дарга М.Давааням нар багтаж ажиллалаа.
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гарган, Зам, тээвэр хөгжлийн сайдад 03 дугаар сарын 29-ны өдөр танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” сэдэвт сургалт боллоо

Давс хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэлт, цус харвалт, чихрийн шижин, яс сийрэгжилт, шалтгаан тодорхойгүй хаван, таргалалт зэрэг олон өвчний шалтгаан болдог. Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын халдварт бус өвчний нас баралтаас 7 пунктээр өндөр байна. Түүнчлэн давсны хэрэглээг бууруулахад зарцуулсан зардал нь бусад нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас хамгийн өндөр буюу давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг 16 төгрөг болж өсдөг. ДЭМБ-ын шинжээчдийн баг Монгол Улс халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлжээ. Тиймээс ДЭМБ-аас 2030 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар, Монгол Улс 2025 он гэхэд 30 хувиар бууруулсан байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд МХЕГ ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчид болон “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээнд оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр 1-р шатны арга хэмжээний Гран при шагналт, СХД-ийн 112-р цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн сайн туршлагаасаа хуваалцсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг зохион байгуулав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ”М-Си- Эс Кока -Кола” ХХК хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, 28 хорооны Засаг дарга, Зохион байгуулагчид оролцсон юм.

Энэ үеэр ”Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-67342018 стандарт”-ыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалт MBR технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцсан юм

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа. Цаашдаа “Эрдэнэт” үйлдвэр улсын үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллахаар болж байна. Энэ үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газраас томилно. Мөн Монросцеветментийн захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилж байх шийдвэр гаргасан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна

Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио өнөөдөр 16.00 цагт дуугарна. Энэ үеэр иргэдийг гамшгийн үеийн бэлэн байдлын дадлага сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриалав.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах бөгөөд иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Энэхүү сургууль нь газар хөдлөх, болон томоохон хэмжээний аюулын үзэгдэл, осол тохиолдоход гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө турших, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Гамшгийн дохио дуугарах үед иргэн та дараах дүрмийг баримтлан дадлага сургуульд оролцоно:

Эхний дохио дуугарахад, иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраана.

Дараагийн дохио дуугарахад, анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан, яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Сүүлийн дохио дуугарахад, та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг аж.