Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Уг хуулий төсөлд Ерөнхийлөгчийн үгээс хэд хэдэн санал хүргүүлсэн. Тиймээс уг саналтай холбогдуулан Төсвийн байнгын хороог хуралдуулж, дахин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр буцааж, чуулганы хуралдааныг түр завсарлаад байна. Төсвийн байнгын хорооны хуралдааны дараагаар чуулганы хуралдаан үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

​МАХН-ын дарга Н. Энхбаяр цагдаад дуудагджээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сарын 18-ны өдөр C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйлсийнх нь төлөө цагдаагийн байгууллагад түүнийг дуудаж, дарамталсан байна. Уг асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Эрдэнэт”-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах. Эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах болсон тул илчлэх нь зөв гэж үзсэн. Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг хэлмэгдүүлж, манай нам руу дайрч байна гэж болгоомжилж байна” хэмээн хэлсэн юм. “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханчилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж, З.Баянсэлэнгэ буруутан болсон. Иймээс үнэнийг хэлэх тогтолцоог хааж байгааг МАХН-ын дарга Н.Энхбаяр ярилаа. “Эрдэнэт”-ийн 51%-ийг яагаад одоо болтод цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг тухайн үед С.Баярын захиа даалгавраар хийсэн байж магадгүй гэж хардаж байгаа. 51%-ийг барьцаанд тавьснаас болж 100 гаруй сая долларын өрөнд унаад байгааг ярьсны төлөө цагдаа намайг дуудах ёсгүй. “Ждүчид”-ээ шалгах хэрэгтэй. УИХ-ын 40 гаруй хүн холбогдсон бол гишүүдийн 50 гаруй хувь нь ямар нэг асуудалтай болчихоод байна. Тэд шалгуулаагүй байж хууль батлах эрхтэй юу?” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг шүүх суллатал эмнэлэгт хэвтүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ С.Зориг агсныг амь насыг хороосон хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Тэрээр “Би С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгтэй холбоотой асуудлаар жич мэдээлэл хийнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан хүмүүсийг яллахдаа 1937 онд ашиглаж байсан эрүүдэн шүүх ажиллагааг ашигласан. Би энэ асуудлыг анхнаас нь ярьж байсан. Ингэхдээ хаврын синдром тусчихаад яриагүй юм шүү дээ. Айлын хашаанд хүний цогцос авч ирээд хаячихсан байхаар нь хүний нүдэнд ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далд үүнээс ч аюултай юм хийж байгаа гэж мэргэжлийнхээ үүднээс мэдэрсэн юм.

Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. ҮАБЗ мэдээллийг нь сонсох байх. Тагнуулын хоёр ажилтныг цагдан хорьсон. ТЕГ-аас ШШГЕГ-т томилогдож очоод энэ ажиллагааг зохион байгуулахад оролцсон нэг хүнийг хорьсон. Би сайдаар томилогдоод “ТЕГ-т ажиллаж байсан ахлах дэслэгч цолтой хүн хурандаа цол авчихаад яахаараа ШШГЕГ-т удирдах алба хашдаг юм бэ” гээд ажлаас нь чөлөөлснийг санаж байгаа байх. Энэ хүнийг шалгаж байгаа. Цаашаа шалгалт үргэлжилнэ. Би энэ хэргээр ял сонсоод байгаа хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гэж би очсон юм. Аль аль нь 40 гаруй насны хүмүүс 20-25 жилийн ял авсан. Ийм хэмжээний ял авсан хүмүүс шоронд тэснэ гэж байдаггүй юм. Ялангуяа чанга дэглэмд хоригдож байгаа хүн. Би тэр эмэгтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашдаа шүүх суллатал эмнэлэгт байлгаж байгаа гаргана гэж бодож байгаа. Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо харин уучлалт гуйж байна. Тэдэнд энэ хэргийг тохохын тулд аймшигтай аргуудыг хэрэглэсэн. Би энэ хэргийн төлөө тултал нь явна. Цаашдаа энэ хэрэгт хариуцлагагүй хандсан хүмүүс, шүүгчдийн асуудал сөхөгдөнө. Ер нь энэ хэрэг цаашдаа их хол явна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын зам, тээврийг удирдах газарт (RTA) байрлуулсан “ухаалаг” камеруудад тус байгууллагаар үйлчлүүлэгсдийн аз жаргалыг хэмжих ажил оноолоо. Дубайн зам, тээврийг удирдах газар нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг юм.Тус байгууллагад гуравдугаар сарын 11-ний даваа гарагаас ажиллаж эхэлсэн хяналтын систем хиймэл оюун ухаан бүхий өндөр нарийвчлалтай камеруудад суурилж байна. Сүлжээнд Wi-Fi юм уу Bluetooth-ээр холбогдож, ажилладаг камерууд долоон метрийн зайнаас секундэд 30 кадрын хурдтайгаар үйлчлүүлэгчдийн нүүр царайн зураг авдаг.

Тус албан газарт үйлчлүүлэхээс өмнө болон үйлчлүүлсний дараах хүмүүсийн нүүр царайн илрэлд хиймэл оюун ухаан дүн шинжилгээ хийж харьцуулна. Хиймэл оюун ухаан нүүр царайн илрэлд хийсэн судалгаандаа тулгуурлан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлж дүгнээд “аз жаргалын индекс” заасан хязгаараас доошилсон тохиолдолд төрийн ажилтнуудад тэр даруй дамжуулж анхааруулна. Мэдээллийн дагуу төрийн ажилтнууд сэтгэл дурамжхан байгаа үйлчлүүлэгчийн итгэлийг сэргээхэд шаардлагатай арга хэмжээ авах юм.Зам, тээврийг удирдах газарт үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг зөрчихгүйн тулд хяналтын систем хүмүүсийн зөвхөн нүүр царайн илрэлд дүн шинжилгээ хийдэг бөгөөд авсан гэрэл зургаа хадгалдаггүй.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн аварга Улаанбаатарт болж байна

“Буянт-Ухаа” спортын ордонд Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорих аж.

Харин манай орноос гурван төрөлд 30 тамирчин хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнд ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн нар багтсан байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Өдрийн сонин”-ы найрагчид

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулан “Өдрийн сонин”-ы хамт олон өөрсдийн сэтгүүлч, яруу найрагчдын дээжээс та бүхэнд хүргэж байна.

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч, нэрт нийтлэлч Бямбажавын Цэнддоо

Хайр

Чамд би хайртай гэж хэлэхгүй

Чиний төлөө үхэхгүй

Чин хайрын төлөө үг ч багадна

Чиний төлөө үхэх ч багадна

Гагцхүү би чамд

Гарцаагүй надад олдсон

Ганцхан хувь тавилангаа л өгнө

Тэгээд

Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж

Тэнгэрийг өргөн, нарыг аргамжиж

Чиний төлөө амьд явна.

Эрхчөлөө

Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь

Нисч үзэж байгаа нь тэр

Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр

Нэг л мөчирт уясан

Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан

Хүлээс алдуурч байгаа нь тэр

…Эрх чөлөө

l l l

Өвөг дээдсийнхээ гээж орхисон зүүг

Өнөө би өвсөн дундаас эрж явнам

Үзэгдэхгүй мөртлөө

Үгүй болохгүй өргөс

Нүцгэн хөлийг минь шивэхэд

Нүгэлтэй ихээр өвдөнө

l l l

Амьд насан туршдаа чамайг би хайрлана

Амьд насан туршдаа чамайг би…

Амьд насан туршдаа…

Амьд нас…

Амь…

Чингис хааны хээр талд

Чимээгээ барсан мэт дүнсийх

Чингис хааны хээр талд

Өчүүхэн навчин дээр

Өчүүхэн хорхой суужээ.

Үйрүүлээд хаясан ч үгүйлэгдэхгүй

Үржиж өслөө ч илүүдэхгүй

Навч хорхой хоёрыг

Намрын хөгшин нар

Яг л Чингис хааныг гийгүүлснээсээ

Ялгал үгүй гийгүүлнээ…

l l l

Гэргий өвдөхөд

Гэр өвдөнө

Авдар сав шаналж

Аяга ааш гаргана.

Гэрийн сүүдэр, зайлуул.

Гэмтэй юм шиг хулгаж

Гэрэлд ч хамаагүй гараад

Гэнэтхэн арилахаас ч сийхгүй.

Айсан салхи гадуур

Аяархан мөлхөж өнгөрөөд

Араас хангинах вий гэх шиг

Атирч мярааж холдоно.

Гүжирт унахаас мэгдсэн

Гүйдэл, албин, юмс

Гүйцээгүй ажлаа хаяад

Гүй газартаа одно.

Гэргий минь өвдөхөд…

l l l

Яах ч үгүй суух яасан сайхан юм бэ!

Ялаа хүртэл амсхийж, өвс хүртэл сэгхийж

Яг л энэ агшинд цаг хугацааг зогсоож

Яаран урвах орчлонд мөнхийн хутгийг олгох мэт

Зүв зүгээр суух зүйтэй сайхан юм бэ!

Зөрөх байсан учрал зөнгөөрөө зогсож эргээд

Зөрөг замын салаанууд зөвдөө нийтгэгдээд тосоод

Зөв буруу хоёрт зөрөө үгүй нь танигдах мэт.

Аль хэдийнээс хөөцөлдсөн ч бараа сураггүй нэгэн

Араас гүйцэхгүй явсныг анзаарч сая л харна.

Аз жаргал заавал, чамтай уулзъя гэхдээ

Амдаж тосох албагүйг анх удаагаа л үзнэ

Яах ч үгүй суухад

Зүв зүгээр суухад

Явах байснууд болино

Яваандаа тэгээд болно

МЗЭ-ийн болон “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын ГАНТУЛГА


Тархин доторх орон зай хагарна

Нарны сэрвээн дээрээс цахлай нисэж, салхины орон зайд хамаарна

Намрын өдрүүд үүл шиг хөвж, саруул тал чулуу шиг шидэгдэнэ

Тавилангийн цаана улилдсан чоно сэтгэл рүү минь шуурч орон

Тархин доторх орон зайд бэлтрэг гийнаж босно

Согооноос үргэсэн хөх үдэш цээжин дотор хуйларч

Солонголог чимээнд уусах төдий эргэж задарна

Ягаан долгис доторх орон зайд уран шувуу ер бусаар жиргэж

Янаг хайртын минь хөмсөг тэнгэрийн эрхшээлт навчисын сэрчигнээ болно

Зүрхэн чинаддаа голын чулуу дэрлэн чимээгүй уйлах агшин

Зуун жилийн өмнө жаал хүү үхрээ тууж явсан нуга байсан

Газрын зэрлэг урсгалаар гэгээрлийг олсон хөндүүр хором минь

Галав юүлсний дараа огторгуйг базаж, эр хүн хүүхэд төрүүлэх мөч болно

Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч

Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ

Гэнэт цагийн зүү хурдаа аван эрчлэхэд бүх зүйл өөрөөр урсаж

Гэзгээ самнаж суусан ижий минь алга болон багын нөхөр минь буурал сахалтай ирнэ

Дэлхийд гэрэлтэхийн хязгаараас оч үсэргэн туулай дэгдэж

Дэмийрэл мэт санагдах омголон эрх чөлөөг минь бүргэд тасчиж хаяна

Цэнхэр өнгөнд ууссан аялгуугаар зоримог салхин дэл хийсгэж

Чиний зүгт нисгэсэн хүлэг болгон эмзэглэлийн цагаан саранд минь янцгааж хүрнэ

Цас хаялах гэнэтийн агшин улаан шугамны цаана будраана гэмшивч

Цахилгаан үүсгүүрт тархины уурхай тэнгэрийг соронздон татаж надад уусгана

Гол мөрөн цочирдон урсаж ангир шувууд нь үлгэрийн бороо болон мянган жилийн цаана зүсрэх

Гоо сайхны мөнхийн зогсоол оюун санааны хавар болохыг анзаарч тэнд би шувуу шиг газардана

Тархин доторх орон зай хагарна

Бор цонжийн говийн хүн чулуу

Холын замд улдаж, эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь

Хорвоогийн бүх л өнгийг өөртөө шингээж гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь

Дотоод ахуйдаа уусч, мянган жил дүрээ харуулаагүй нууцлаг ертөнц хүн чулуу минь

Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж, талын салхинд зүлгэгдэн уулсаа түших хүн чулуу минь

Цээжин цаана чинь намуухан уянгалах аялгууг сонсох гэж зорьж ирлээ чамайг

Цэх шулуун бус сэтгэлгээг таталцах хүч олдоогүйд арга барахдаа зорьж ирлээ чамайг

Эмзэг сэтгэлийн минь үл сонстох эгшиг яруу найрагчийн дотоод шаналал юм гэдгийг

Эмзэг сэтгэлийн чинь хүчит давалгаа яруу найргийн зуун жилийн тэсрэлт юм гэдгийг надад хэн хэллээ, хүн чулуу минь

Ганцаардлын дээд хэмнэлээр туурвисан гэрэл гэгээний нандин судрыг чинь дэлгэн уншмаар байна

Газар дээр өнө мөнхөд оршиж чадах юунд ч ялагдашгүй эр зоригийг чинь бахдан дуулмаар байна

Мянган жил өөрийг чинь хулдсан нарны энергийг

Мянган жил өөрийг чинь зүлгэсэн салхины эрчим хүчийг надад одоо л хайрла, хүн чулуу минь

Морины уруулаас орон зай тасран, ертөнцийн бүх уулс шувуу шиг нисч

Монголын их хээр тал үлгэр домгийн удиртгал болон номын хуудас адил сэрчигнэх тэр цагт

Бор цонжийн говийн хүн чулуу чи төгс гэгээрсэн Будда болно

Бодол оюунаа чамд шингээсэн хөх тэнгэр төгөлдөр ариун ертөнц болно

МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл


Ертөнцийн тухай бодол

Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл

Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ!

Хундага дарснаас үнэгүй энэхэн амьдралаа бодохоор

Хувхай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий еэ.

Цэцгийн сүрчиг анхилуулсан хаврын цэнхэр салхи

Цээжний амрагийг эзгүйчилж санчиг илбэн эрхлэхэд

Элдвийн ялдам аалинд нь сэтгэл хөлчүү суув чиг

Илбийн хоосон чамайгаа үнсэж чадашгүй минь хөөрхий дөө.

Нууцхан амрагийн зовлонт бүсгүй цэнхэр салхи минь

Нулимсан бөгжөө хүү чинь навчсан хуруунд чинь зүүе дээ.

Живаа живаа жилийн ариун гунигийг минь мэдрээд

Диваажин цэцэгсийн шүүдэрт намиранхан мансуурснаа мартнаа, чи.

Уйлж үзээгүй хүн нулимсны амтыг мэддэггүй

Уяхан цэнхэр эгчийн минь нууцхан шивнээг сонсдоггүй.

“Усан хүйтэн бороо” л гэж чулуун хүмүүс жихүүцдэг

Уйсхан хүний хорвоо ганцхан балга дарс аа!

l l l

Бүсгүй! таны цаг яваад эхэлчихсэн

Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан

Та жаахан ухаалаг төрсөн сөн бол

Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа

Бүсэлхийн чинь туяхан найгах гэрэл

Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж

Бүжиглэх шиг уяхан намуун айзамд

Бүхий л орчлон хорвоог мартлаа, би

Тачаал дурлалын бэлэг тэмдэг барьчихаад

Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн

Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа

Та, одоо, шуламын гүнж боллоо.

Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг

Бурхдын сургаалд бишрэн сүслэхдээ би ойлгоогүй

Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь

Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй.

Гэвч, таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн.

Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ.

Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид

Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!

Лев Толстойн “Сэхээрэлт”-ийг уншаад…

Таалал төгсөх өнчин лааны

Хайлан урсах нулимс царцаж

Уншсан номын хуудас бүхэнд

Улаан амиа хавчуулж одов.

Мөр даран гэтэх араатан шиг

Мөхлийн харанхуй орчлонг нөмрөхөд

Сэтгэлийн ариун сүмдээн залбирч

Сэрүүн гэгээ цацруулж хэвтэв, би.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Давхардаваагийн Гансаруул


l l l

Цуврал алуурчин баригдаж

Цуутай биеэ үнэлэгч

Ор сураггүй болж

Модод нүцгэрч

Цөөрөм зайрмагтаж

Оргодлууд банк дээрэмдэж

Онгоц сүйрсэн мэдээ

Оройн мэдээгээр гарч

Цонх цантаж

Өрөө сэрүүсч

Данх шүгэлдэж

Хонх жингэнэж

Харилцуур хангинаж

Цорго чимээлж

Цонх савчиж

Хөшиг хийснэ.

Үдшийн мэдээгээр

Тахал дэгдэж

Уурхай дэлбэрч

Улстөрч хорлогдож

Төв талбайд жагсч

Тээврийн хэрэгсэл зогсч

Эмийн сангууд хаагдаж

Эмх замбараагүй байгааг

Эрэгтэй нэвтрүүлэгч ярьж

Араас нь

Цаг агаарын мэдээ уншиж

Нарлаг өдрүүд айсуй гэв.

Маргааш төрөлх тосгон руугаа

Төрж өссөн гэртээ очиж

Алимны хоёр модноосоо

Дүүжин ор уяад

Аргалын май дунд

Ааруул идэж хэвтье байз.

Хөршийн эмгэчүүл ирээд

Хотын сонин асууж

Хоргоож шалаад суучихвал

Хэлгүй болж жүжиглээд

Хэвтээд л байя.

Одоо унтъя даа

Ондоо юм бодолгүй

Өглөө эртийн галт тэргээр

Төрсөн гэрээ зорьё!

2018.08.22-24

l l l

Явуулын циркчид

Ятгатай дуучид

Гудамжны жүжигчид

Хэрмэл болгон

Энд ирнэ.

Буурчийн газар

Шар айрагны мухлаг

Шарсан махны саравч

Янжуурын дэлгүүр

Ямбууны худалдаачин

Бүгд тэднийг угтана.

Тосгоны эрчүүд

Тоосон дунд суугаад

Гараараа саравчлаад

Тоглолт юуг нь үзэхдээ

Гудасныхаа доор нуусан

Гуч, дөчин зоосоо үл хайрлана.

Гутал ч үгүй

Цамц ч үгүй байж

Гуяа гаргасан

Гунхсан бүжигчдийг харж

Гунигаа үргээнэ.

Шанааг нь дагасан хөлсөн дээр нь

Ялаа эргэлдэнэ

Шарваар өмдний дороос

Шаахайгүй эвэршсэн хөл нь цухуйна.

Жүжиг дуусахад

Хэрмэл бүхэн

Ачаагаа баглаад

Морин тэргэндээ сууна.

Түрүүхэн л инээмсэглэн бүжиж байсан

Сайхан бүсгүйчүүд

Хөмсгөө зангидан

Дараагийн тосгон руу

Яаран тэмүүлнэ.

Тосгоны хэдэн тоостой эрчүүд

Толгойгоо гудайлгаад

Гунигаа үүрсээр харина.

Тор авч гарснаа

Зах орж төмс авах байснаа

Сая л санацгаана.

2018.08.24

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах багаж, хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төсөл хэрэгжиж буй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр сумын Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгүүдэд 9 нэр төрлийн гал түймэр унтраах багаж, хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Австрали улсын тусламжийн хөтөлбөр хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн Маккен нар гардуулан өгсөн юм.

“Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл” нь дээрх аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулж, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, дадлагажуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар эрээн хотын дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллана

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрээн хотноо гарын үсэг зурав. Хамтран ажиллах төлөвлөгөөнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр Монгол иргэдийн паспорт, бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулган хуралдаж байна

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 63 дугаар чуулган “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахыг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой дэд бүтэц” сэдвийн дор энэ 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Н.Хүрэлбаатар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэхийн сацуу Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг баталж, нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхийг зорьж байгааг дурдаж, Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлаж, төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь Комиссын энэ чуулганы сэдэв, зорилготой нийцэж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах талаарх 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2018 оны 6 дугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилт: Жендэр ба хөгжил” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” баталсныг мэдээлэв.

Монгол Улс Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр 2015 оноос сонгогдон ажиллаж байна.