Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилт нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

Гамшгийн аюулын дохио өнөөдөр 16:00 цагт дуугарсны дараа Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын алба хаагчид цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулж Д.Сүхбаатарын талбайд цугларлаа.

Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм

Categories
мэдээ улс-төр

Налайх, Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг ирэх сараас эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.

Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх юм.

Замын барилгын ажлыг богино хугацаанд хийх зорилгоор тоо хэмжээ, цар хүрээгээр нь багц болгон хувааж, гүйцэтгэгч, зөвлөхийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыгсайд Б.Энх-Амгаланд даалгав.

Түгээмэл тархацтай ашигт малтал хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, замын зурваст орсон шугам сүлжээ, кабель зэргийг шилжүүлэх, хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмч хөрөнгийг шилжүүлж газар чөлөөлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд ирэх сараас дөрвөн эгнээ болгон өргөтгөж эхлэхээр төлөвлөөд байна.

Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Б.Энх-Амгалан танилцуулав.

Үүнтэй холбогдуулан замын зурваст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд оруулах, түр замын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд гүйцэтгэхийг холбогдох сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад үүрэг болгов. Мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл, Захирагчийн ажлын албыг 55 хүртэл, БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.

Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ.

Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна.

Товч мэдээ

– Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.

– Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.

– Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгана. Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барина. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байна.

– Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.

– Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.

– Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.

– Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам Улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр иргэн энд ял эдэлж байна. Вьетнамд манай 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцаж байна.

– Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.

– ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчид компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээлэл технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд энэ сарын 5-21-ний өдрүүдэд 22 байгаль хамгаалагч нарт компьютерийн анхан шатны мэдлэг олгох, хэрэглээний программууд болон цахим орчинд ажиллах ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилгоор түргэвчилсэн сургалтыг зохион байгуулав.

“Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн нийт 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mkit.mn хаягаар болон 7012-2999, 9812-5557, 97125557 дугааруудаас авах боломтой

Categories
мэдээ нийгэм

Фотошоп программын төлбөргүй сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА (KOICA)-гийн санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулсан юм.

Тус сургалтын төвд сар бүр фотошоп программын сургалтыг төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд 2019 оны 2 дугаар ээлжийн сургалтыг энэ сарын 19-ний өдөр эхлүүлээ. Энэхүү мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж, залуучуудын хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн удирдлагын бүтэц орон тоотой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байхаар өөрчилжээ. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм байна. Харьяа 33 агентлагийн хоёрыг нь нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтжээ. Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129, Захирагчийн ажлын албыг 55, БЗД, СХД тус бүрт 68, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39, Багахангай дүүрэгт 25 хүртэл байхаар тогтоожээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй. Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөшигийн хөндийн нисэх буудал нарны цахилгаан станцаар ажиллана

Хөшигийн хөндийд нарны цахилгаан станц баригдах гэж байна. Тус цахилгаан станц улсын нийт эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. Тодруулж хэлбэл энэхүү цахилгаан станц Улаанбаатар хот болон шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах гэнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), “Тэнүүн гэрэл констракшн” ХХК, “Сермсанг пауэр корпорейшн паблик” компанийн төлөөллүүд өчигдөр гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, тус банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын ерөнхий захирал Майкл Баррау, “Тэнүүнгэрэл констранкшн” компани болон “Сермсанг Пауэр Корпорейшн Паблик” компани “Лимитед” компанийн удирдлагууд оролцлоо.
Уг ёслолыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нээж, үг хэлсэн. Тэрбээр “Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Монгол Улсын засгийн газартай 1991 оноос хойш хамтран ажилласаар ирсэн. Энэ хүртэлх хугацаанд 2.4 тэрбум америк долларын туслалцаа дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн юм. АХБ нь гол төлөв томоохон эрчим хүчний төслүүдэд санхүүжилт хийж, бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн.
Жишээлбэл, эрчим хүчний салбарт шинэтгэлийг хэрэгжүүлэх, тарифыг зохицуулах
орчныг бүрдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлсэн билээ. Сүүлийн үед АХБ-аас Монгол Улсын эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг гол төлөв сэргээгдэх эрчим хүчний салбар руу чиглүүлж байна. Нарны сэргээгдэх эрчим хүчнээс гадна бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчний салбаруудыг бид нар судалж байгаа. Цаашилбал, Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчээ хадгалах хураагуурын төсөлд санхүүжилт олгох тал дээр судалгаа хийгээд явж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухайд АХБ-ны гол анхаарлын төв бол нарны эрчим хүч юм. Мөн газрын гүний дулааныг үйлдвэрлэж боловсруулах арга болоод үүнд ямар төсөл хэрэгжүүлэх талаар судалж байна.
Гэхдээ эрчим хүчний салбарт бидний үзүүлж байгаа туслалцаа дэмжлэг зөвхөн ийм станцууд барихад төвлөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Монгол орны өөрийнх нь эрчим хүчний салбараас үйлдвэрлэгдэж байгаа нүүрсэд тулгуурласан. Өрхийн түвшинд дандаа түүхий нүүрс шатааж гэрээ дулаацуулж байна. Иймд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй утаа багатай бусад эрүүл түлшний хэлбэрүүдийг өрхийн түвшинд илүү ашигладаг болох тал дээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид санхүүжилт оруулна.Монгол Улсад анх удаа эрчим хүчний салбарт Тайланд улс хөрөнгө оруулснаараа уг ажлын онцлог оршино. Мөн АХБ-тай хувийн хэвшилд анх удаагаа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа. Бидний хэрэгжүүлж эхэлсэн төсөл дөрвөн жилийн хугацаатайгаар явагдлаа. Бид төслийг яаж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох вэ гэдэг асуудал дээр хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Мөн Тайланд улсын “Серпсан” компанитай хамтарсан. Манай төсөл нь Монгол Улсын төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын дагуу 2020 онд 20 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн төлөвлөгөөг биелүүлж чадсандаа баяртай байна. Хөшигийн хөндийг ирээдүйд 100 мянган хүн амтай хот болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Мөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Юуны өмнө энэ төслийн онцлог нь Монгол орны хувьд их чухал. Учир нь одоог хүртэл Монгол оронд үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүч, цахилгаан дулаан аль аль нь түүхий нүүрс их шатааж боловсруулсан эрчим хүч байгаа. Тэгэхээр энэ бол цэвэр эрчим хүч биш. Тийм болохоор бид сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний төрөл дотроос нарны эрчим хүч яагаад онцлогтой вэ гэхээр Монгол орон уур амьсгалын хувьд нарны маш их нөөцтэй. Өөрөөр хэлбэл, нартай өдрийн тоо жилд их байдаг. Тийм учраас энэ нөөцөө дайчлаад эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд хувь нэмрээ оруулах боломж бололцоог бүрдүүлсэн төсөл учраас бид үүнд санхүүжилт оруулсан.
Хоёрдугаарт, төслийн хүрээнд Олон улсын их туршлагатай томоохон компаниудыг татан оролцуулж чадсан. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлэх болсон нь Олон улсын түншлэлийн нэг хэлбэрийг шинээр бий болгож байгаагаар онцлогтой” хэмээн онцолж хэллээ.
“Тэнүүн гэрэл констракшн” компанийн Гүйцэтгэх захирал С.Одбаатартай ярилцлаа.
-Сэргээгдэх эрчим хүч гэхээр нар, салхи , ус байна л даа. Яагаад заавал нарны эрчим хүчийг хэрэглэж, үүнд төвлөрч ажиллах болсон бэ?
-Монголд яг хөгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бол салхи, нар хоёр л байгаа. Усан дээр юу болж байгааг бид нар мэдэж байгаа шүү дээ. Усан цахилгаан станцын хувьд Оростой ямар асуудалтай байгаа билээ. Ус уг нь үр ашиг өндөртэй, 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Гэхдээ өртөг зардал асар өндөр байдаг. Олон жилийн судалгаа шаарддаг. Миний хувийн бодлоор салхитай газарт олон судалгаа шаардагддаг. Харин нар бол ерөөсөө л нарны тусгал. Их амархан. Технологи нь ч өөрөө барьж, байгуулах угсрах ажил нь их амархан байдаг.
-Нарны цахилгаан станцын технологийн хувьд?
-Нарны панелууд байгаа. За мөн хувиргагч төхөөрөмж байгаа. Сүүлийн үед асар хурдтайгаар хөгжиж байгаа нарны технологи юм. Манайх жишээ нь панел. Ашигт үйлийн коэффициент нь өндөр панелийг тавьсан. Үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ ч гэсэн өссөн. Одоо панелийн технологи байна. Мөн хувиргагч бий. Барьж угсрах асуудал амархан байдаг юм. Жишээ нь, 15 MBT-ын цахилгаан станцыг бид нар зургаан сарын хугацаанд бариад дуусгасан.
-Хөшигийн хөндийд нарны цахилгаан станцыг барьж байгууллаа. Ямар учраас энэ газрыг сонгож барих болсон бэ?
-Хөшигийн хөндий маань Монгол Улсдаа Олон улсын чанартай нисэх онгоцны буудлыг байгуулагдаж байна. Та бүхний мэдэж байгаачлан тэнд баригдаад дууссан. Энэ долоон сард ашиглалтад орно гэж байгаа. Мөн Монголд анх удаа олон улсын чанартай хурдны зам тавигдсан, холбогдсон байгаа. Энэ нь ирээдүйд юу гэсэн үг вэ гэхээр тэр хавиар суурьшлын бүс үүснэ гэж байгаа. Одоо бол трэнд нилээн олон байгууллагууд газраа авсан. Мөн төмөр зам явна гэж би сүүлд сонссон. Төмөр замын бас нэг замыг тавиад тэндээ ложистик төв барихаар. Энэ юу вэ гэхээр суурьшлын бүс их болохоор эрчим хүчний хэрэглээ өснө гэсэн үг. Тэрний жижигхэн ч гэсэн хэрэглээг хангачих эх үүсвэр яагаад байж болохгүй гэж бид, нар үзээд тэнд буюу Хөшигийн хөндийд цахилгаан станцаа барьсан.
-ОУ-ын байгууллагуудтай
гар нийлж ажиллахад ямар байв?
-Нарны цахилгаан станцын сүүлийн үеийн технологийг заавал Олон улсын байгууллагатай хамтарна. Монгол Улсад тийм үйлдвэр нь ч байхгүй. Яахав нарны панел үйлдвэрлэдэг. Ганц хоёр станц байгаа л даа. Гэхдээ технологи нь бидэнд байхгүй. Шарп корпораци нь технологитой орж ирсэн. Тэгэхээр бид заавал хамтрах ёстой.
-Бүтээн байгуулалт хийж, хамтарч ажилласан тухайгаа яриач?
-Бүтээн байгуулалтын ажил өндөр зохион байгуулалтын дор явах ёстой. Энэ ажлын гол онцлогийг дурдвал нарны цахилгаан станцыг яг монгол инженерүүд нэг ч гадаад хүний оролцоогүйгээр барьж байгуулсан. Дандаа монгол хүмүүс, монгол инженерүүд гүйцэтгэлийг нь бүгдийг хийсэн. Зураг төслийг нь гаргасан байгаа. Мэдээж барих хугацаанд ажил зогссон. Мөн хэсэг хугацаанд завсардана. Гэхдээ бид хуваариасаа гажаагүй. Мэдээж АХБ-тай хамтарч ажиллахын тулд компанийн бичиг баримтын бүрдэл гэж асуудал байдаг. Төслийн санхүүжилт авах гэж байгаа бол тухайн төслийн бичиг баримтыг өндөр түвшинд хангах ёстой.Энэ дээр манай баг хамт олон болон Олон улсын баг ажилласан. Тэгж байж өнөөдрийн түвшинд хүрсэн.
-Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Экологийн цэвэр эрчим хүчийг улсдаа нийлүүлэх зорилготой. Ямар ч утаа гардаггүй, ямар ч ус , нүүрс ашигладаггүй. Энийг л удаан хугацааны турш ногоон эрчим хүч буюу экологийн цэвэр эрчим хүчийг улсдаа нийлүүлэх. Ер нь дэлхийн чиг хандлага тийм болсон. Хаа ч явсан нар салхины эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой. Жишээ дурдвал Герман байна. Цахилгаанаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Нүүрсний болон атомын цахилгаан станцыг хааж эхэлж байна. Монгол Улсдаа бас энийг хөгжүүлэх зорилгод хүрэх үүргээ биелүүлээд явж байна.
-Нисэх онгоцны буудлыг цахилгаанаар хангана гэж ойлгох нь зөв үү?
-Зөвхөн онгоцны буудлыг хангах биш. Тэнд байгаа ганц холбогдох дэд станц гэж байдаг. Тэр нь онгоцны буудлын хажууд байгаа. Тийм учраас тэнд л очиж холбогдох ёстой. Тэр маань нэгдсэн сүлжээний нэг ёсондоо тойрог тор сүлжээ. Тэнд байдаг холбогддог дэд станц юм. Жишээ нь, нэг разетик шиг л юм шүү дээ. Тийшээ л бид очиж холбогдож байгаа. Бидний хувьд нэгдсэн сүлжээндээ эрчим хүчээ нийлүүлэх юм.
-Доголдол үүсэх гэх ойлголт бий юу?
-Доголдол үүсэхгүй, эрчим хүчний үйлдвэр буурна гэж байдаг. Нар хурц тусаж байгаа өдөр үүл гараад бороо орвол үйлдвэрлэл явагдана. Гэхдээ бага хэмжээгээр үйлдвэрлэнэ гэсэн үг. Үйлдвэрлэл гэдэг нь панел дээр тусч байгаа нарны гэрлийн тусгал гэж шууд ойлгож болно. Тусгалаас хамаарч байгаа. Гэвч зөвхөн тусгал биш, агаарын температур нөлөөлдөг. Сэрүүн байх тусмаа сайн байдаг. Архангай аймгийн Өгийнууран дээр станц барилаа гээд яваад байсан. Яагаад усан дээр тавьж байна гэхээр усны хөргөлтийг нь авч байгаа юм. Нарны панел нартай, хүйтэн сэрүүн байх тусмаа эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хэмжээ их байдаг. Тиймээс ч усан дээр барих технологийн шийдлүүд байдаг л даа.

Б.НОМИН-ЭРДЭНЭ, П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

ЖДҮ сангийн журамд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг өөрчлөхөөр санал авч байна. ХХААХҮЯ-наас уг журмын талаар хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журамд ямар өөрчлөлт оруулж байгаагаа танилцуулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авах тул хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой байгууллага, иргэд тус яамны 62-263028, 51-262913 дугаарын утсаар бүртгүүлж болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр гуай шоронд ороод огт хүмүүжээгүй байх юм

Н.Энхбаяр гуай шорон оронд орж түмэн олныг багагүй хугацаанд шуугиулж, эцэст нь төрийн өршөөлөөр суллагдсан байх. Одоо бол тэтгэврийн насны хүн. Өнөөх олны анхаарлын төвд орчихоод буй Е.Сагсай гэх прокурор мөн л тэтгэврийн насны хүн шиг байгаа юм. Товчхондоо эд нар ач, зээтэй өвөө нар болов уу. Гэтэл Н.Энхбаяр телевизээр “Сагсай прокурор шалгаж байгаа хүнийхээ эхнэрийг зүй бус бэлгийн харьцаанд оруулж, нөхрийг нь хэргээс мулталдаг” гэж жишим ч үгүй ярьж суух юм. Нөгөө хүн нь энэ яриаг сонсоод дуугүй өнгөрнө гэж үү. Хэн ч байсан өрвөлзөж л таарна. Тэр бүү хэл онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ гэж шүүх, цагдаад тулах байлгүй. Хэрэг нээн

Н.Энхбаяр гуай шоронд ороод огт хүмүүжээгүй байх юмсэжигтэн, яллагдагч болоод явчихвал “Адгийн зарга арван хоног” гэгчээр дор хаяж хоёр жилийн зарга үүснэ. Дахиад яллагдчаар татагдсан хүн УИХ-д нэр дэвшихгүй болно. Энэ хугацаанд бүх сонгуулиуд болоод өнгөрөх нь мэдээж. Үгүй ээ мөн ч засрахгүй хүн юм даа. Өдий насны хүн зарим үгээ залгиж сурсан баймаар юм гэж халагламаар санагдах юм.
Ер нь манай улс төрийн ийм ахмадууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа үгээ бодож, цэнэж, тунгааж байж унагаж баймаар сан. Болдоггүй л юм байх даа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Буянгийн Жагаа, шударга Ц.Нямдорж нар бүгд л хамаа замбараагүй ярьцгааж харагддаг. Угтаа бол 60 хол давчихсан, тэтгэвэртээ сууж байгаа, тэтгэврийн насны хүмүүс л санагдах юм. Ядахдаа ач, зээ нар нь “Өвөө би танаас ичиж байна. Та телевизрээр тэгж хэлсэн гэнэ. Манай найз нар намайг шоолоод байна” гэж зэмлэдэггүй л юм байх даа.
Н.Энхбаяр гуай шоронд ороод бүр эвдэрчихжээ. Өөрөө ч энэ тухайгаа телевизээр “Намайг шоронд хүмүүжээгүй, хүмүүжилгүй хүн гээд сонгуульд нэр дэвшүүлээгүй” хэмээн ярьж байна лээ. Үнэхээр ч хүмүүжээгүй байна. Ярьж хэлж байгаагаас нь эрүүгийн том гэмт хэрэгтэн өс хонзонгоо зарлаж байгаа мэт л дүр зураг харагдах болсон гэхэд хилсдэхгүй болов уу.