Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 3 дугаар сарын 20-нд болов. Хурлаар Монголбанкны 2018 оны төсөв, түүний ашиглалт, төсвийн удирдлагын талаарх мэдээллийг сонсоод Монголбанк төсөвт зардал, түүний хуваарилтыг өөрийн үндсэн зорилт, чиг үүрэгтэй холбон авч үзэж дүгнэж байх, суурь, урсгал зардлыг нормчлох, өсөлтийг хязгаарлах боломжийг судлах, захиалгаар авч буй гадаад хэл дээрх мэдээ, судалгааг орчуулж, олон нийтийн хүртээл болгож байхыг зөвлөв. Мэдээллийн технологийн байдалтай холбогдуулан Монголбанкны нийт системд хэрэглэж буй мэдээллийн технологи, мэдээллийн багцыг арилжааны зарим банкны тэргүүн туршлагатай зэрэгцүүлэн үзэх, технологийн шийдэл, программ хангамжийн банк, санхүүгийн үзүүлэлтүүд, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн өндөр ур чадварыг үнэлж контракт байгуулах боломж зэргийг ашиглахыг Хяналтын зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа. Татан буугдсан Хадгаламж банк, Зоос банк дахь Банкны эрх хүлээн авагчийн тайлан, мэдээллийг Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монголбанк, түүний хяналт шалгалтын газраас эдгээр эрх хүлээн авагчдын ажилд өгсөн мэргэжлийн дүгнэлттэй танилцсаны дараа дахин ярилцахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Статистикийн анхдагч мэдээллийг гаргагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газар хамтран Статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалтыг Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд вэб технологид суурилсан цахим системээр статистикийн мэдээ, тайланг хэрхэн гаргах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах нь сургалтын үндсэн зорилго юм.

Энэ удаагийн сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, нийгмийн 14 салбарын 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудыг хамрууллаа.

Сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж, албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн Улаанбаатар буян ХХК-ний нягтлан бодогч Б.Нэргүй, Алтаннаран трейд ХХК-ний нягтлан бодогч Л.Бурмаа нарыг Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Монсуль ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэг, Өлзий иш ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Цагаанаа нарыг “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшууллаа

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Германы эрдэмтэн Доктор Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд дэлхий дээр жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна. Нас баралт өндөр байгаа нь өрх гэрүүд, улс оронд эдийн засгийн хувьд маш том дарамт учруулж байгаа юм.

Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт орж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд гол утга нь дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, тэмцлийн үйл ажиллагаагаа түргэсгэн хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж байна. Идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22% -иар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35%, 2035 онд 95%-иар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.
Өнгөрсөн 9-р сард НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, олон сая хүний амийг аврахын тулд алдах цаг мөч байхгүй болохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анхааруулав. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход улс орнуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа талаар онцлон тэмдэглэсэн билээ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд бүх салбарын оролцоо, үүнд засгийн газар, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг Монгол улсын засгийн газар болон ДЭМБ-аас онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлэх зорилгоор ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Эмнэлгийн Тусламж Үйлчилгээ Хариуцсан Дэд захирал О.Хишигсүрэн болон ГССҮТөвийн эмч нар тус эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцаж эмч, сувилагч нарт сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
ГССҮТөвийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13,5 хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.
2019 оны 1 сараас Өвөрхангай аймгийн БОЭТ-д хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн үр дүн эхнээсээ гарч байна. БОЭТ-ийн амбулаториор 850 үзлэг, 57 хагалгаа, Сумдад /Богд, Гучин-ус, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан / нийт 486 хүнд газар дээр рентген зураг авч оношлогоо хийж, зөвөлгөө өгсөн. Одоо 3-р ээлжийн баг ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаан настай хүүхэд өндрөөс унаж нас барсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Гуравдугаар сарын 21-ний өдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн 13 хороонд ”Офицер захын хажууд нэг хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэнээс цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ мэдээллийн дагуу Баянзүрх дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад, эрэгтэй зургаан настай А гэрийнхээ давхрын цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа.
Урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс золгүй байдал гарсан гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Та ‘’Нэг хором’’ хүлээгээрэй

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором” хөдөлгөөн аяны хүрээнд иргэд, олон нийт рүү чиглэсэн багагүй ажлыг зохион байгуулаад байна.

Тухайлбал ГХУСАЗСЗөвлөл болон Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас Нарантуул ОУХТ дээр тус арга хэмжээг зохион байгуулж иргэд олон нийтэд мэдээлэл өгч, аливаа асуудалд ‘’Нэг хором’’ хүлээцтэй байхыг уриалсан байна. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргал болон ЦЕГ, НЦГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцов

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах ажлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга нарын 2019 онд хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу Улаанбаатар хотод анх удаа ирэх 4 дүгээр сарын 24-26нд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулахаар болсон. Ажлыг зохион байгуулах хүрээнд 14 ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, ажилтнуудад сургалт зохион байгуулж 5000 орчим албан хаагчид хамрагдаж, гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг мэдээлэл олгожээ.

Гамшгийн эрсдэлийн сургалтын үеэр газар хөдлөлтийн гамшиг ослын байдалд цагийн байдал өгөгдөнө, яаралтай цуглар дохиогоор нутгийн захиргааны байгууллагууд цуглах, дадлага сургалт гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдана. Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана гэлээ.

Мөн өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам батлах тухай, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн явцын талаар хэлэлцлээ

Categories
мэдээ спорт

“U23” чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэллээ.

“Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг урьж байна. Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион явуулах эрхийг олгосон явдалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг зохион байгуулах хорооны даргын хувьд талархалтай, маш их баяртай байгаагаа илэрхийлье. Тэмцээнд оролцогч тамирчид та бүхэн эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье” гэж хэллээ.

Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцох юм. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчид хүчээ үзэх юм.

Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстан улсын тамирчин Улукбек Жолдошбеков, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Туркменистан улсын тамирчин Довлетмурат Оразгылыджов зэрэг өсч яваа шилдэг тамирчид дэвжээнээ зодоглоно.

“U23” Азийн тивийн аварга шалгаруулах бөхийн тэмцээн энэ сарын 24-ныг дуустал “Буянт Ухаа” спортын ордонд болно

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлд үүрэг чиглэл өглөө

2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга бөгөөд НЗД-ын орлогч Ш. Анхмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын зүгээс тус агентлагийн чиг үүрэг, үйл ажиллагаа, 2019 оны зорилт, чиглэлийн талаар танилцуулж дараах асуудлуудыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Үүнд:

1.Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,

2.2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх

3.Нийслэлийн төр, засгийн байгууллагуудаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээридэвх санаачлага гарган шуурхай бодит ажлуудыг зохион байгуулах

Нийслэлийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга, НЗД-ын орлогч Ш.Анхмаа хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, сурталчилан таниулах, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, биелэлтийг дүгнэж, тайлагнах ажилд онцгой анхаарч, идэвх санаачлагатай хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газраас “ОРГАНИК БОЛОН БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын 62 байцаагч танхимаар, аймгийн МХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын 68 байцаагч онлайнаар хамрагдлаа. Эдгээр 130 байцаагчид ШУТИС-ийн ҮТИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Пүрэвжав, ХҮДС-ийн багш профессор Д.Нарантуяа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар, НЭМҮТөвийн ЭША Т.Төмөрбат нар онолын мэдлэг өгөхийн зэрэгцээ олон улсын туршлагаас хуваалцав.

Мөн НМХГ-ын улсын байцаагч Х.Чимгээ худалдаа, үйлчилгээнд хэрэглэгдэж буй зарим нийлэг уутанд хийсэн хэмжилтийн дүнг танилцуулж, оролцогчдыг практик дадлагад хамруулав. Худалдааны газарт хэрэглэгдэж буй бүх төрлийн уутнууд /тасалдаг болон жижиглэн савлагаанд хэрэглэгддэг уут, том хэмжээтэй тор/, гурилан болон мах, махан бүтээгдэхүүний савлагааны уутнууд зэрэг нийт 300 гаруй нийлэг уутанд хэмжилт хийсэн ба үүнээс 64.5% нь шаардлага хангаж, 35.5% нь шаардлага хангаагүй дүн гарчээ.

Эдгээр уутуудыг байцаагч нарт болон “Бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй 50 орчим худалдаа эрхлэгчид дэлгэн үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Сургалтыг онол практик хосолсон хэлбэрээр явуулж, худалдаа эрхлэгчид болон олон нийтэд зориулсан зөвлөмж, мэдэгдэл гарган түгээсэн нь үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадахуйц үр дүнтэй арга хэмжээ болов.