Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Швейцарийн тал хулгай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ж.Батзандан гишүүний хамтаар шинэ нам байгуулсан. Шударга ёсны төлөө амиа ч өгөхөд бэлэн хэн ч бай шинэ намд элсэж болно гэж та хэлсэн. Үнэхээр амь эрсдэхээр тийм зүйл болох гээд байгаа хэрэг үү. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Энэ цаг үе хувьсгалын цаг үе юм. Маш их мөнгөтэй, баялгийг эрхшээлдээ оруулчихсан, баялгийн төлөө яахаас ч буцахаа байчихсан, дуртай хүнээ ялалдаг хүмүүсийн өмнөөс сэтгэлийн хөөрлөөр тэмцэхгүй л дээ. Тийм учраас бид намаа хоёр төрлийн гишүүнчлэлтэй болгож байгаа. Нэг хэсэг нь дэмжигчид байх бол нөгөөх нь идэвхтэй гишүүдээс бүрдэх юм. Идэвхтэй гишүүд татвар төлж, сонгуульд оролцож, ёстой л амиа золиослоход ч бэлэн байна гэсэн үг. Учир нь манай намын зорилго тун том юм. Л.Болд, Ж.Батзандан хувь улстөрчийн хувийн сонирхлыг гүйцэлдүүлсэн компанийн нам биш байна. Бид ард түмэндээ өртэй. Талбай дээр 30 гаруй мянган хүн идэр есийн хүйтэнд цуглаж, бид бүхний тэмцэлд итгэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Одоо бол зэвсэг барьж тулалддаг цаг өнгөрсөн. Халхын голын дайн болох орон зай байхгүй. Харин өнөөдөр бид нойр хоолоо умартан, амь амьдралаа зориулан тэмцэх ёстой. Эх орныхоо баялгийг гадагш нь ачаад яваад, тэр мөнгөөрөө энэ улсыг хүчгүйдүүлж, сулруулж байгаад мөхөөх гэсэн хүчинтэй бид тэмцэнэ. Энэ утгаараа амь эрсэдсэн асуудал шүү гэдгийг хэлсэн. Харин хүмүүс их мушгин гуйвуулж байх шиг байна лээ.

-Шинэ нам 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж таарах байх. Намын цаашдын үйл ажиллагааны талаар тодруулаач?

-Одоо бол нам 801 гишүүнтэй байна. Л.Болдын, эсвэл Ж.Батзандангийн нам гэж бүртгэгдээд явж болно л доо. Гэхдээ ингэмээргүй байгаа юм. Энэ бол хувьсгалаар гарч ирж байгаа нам юм. 1990 онд Ардчилсан нам ингэж гарч ирсэн. Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн буухиа нь болж гарч ирэн, олон намын систем бий болсон. Энэ удаад ч гэсэн шударга ёсны том хувьсал бий боллоо. Гэхдээ баялгийн төлөө тэмцэл хийж гарч ирж байна. Тэр утгаараа энэ намын хийх ажил нь тодорхой юм. Үүнд олон түмэн өөрсдөө нэгдэж дор хаяж 20, 30 мянган гишүүн, дэмжигчидтэй нам бүрэлдэх хэрэгтэй. Улмаар дараа нь бусадтай хамтарч эсвэл дангаараа явсан ч, сонгуульд өрсөлдсөн ч энэ зорилгынхоо төлөө урвахгүй явах, элдэв давхар бодолгүй хүмүүсээ ард түмэн өөрсдөө шилж гаргаж ирэх ёстой юм. Бид дээрээс нэг ч асуудлыг зохион байгуулахгүй. Өөрсдийн сонирхлыг бүлэг зэргийг гаргаж ирэхгүй. Өнөөдрийн нийгэмд хулгай хийж байгаагаа бизнес, худлаа ярьж байгаагаа улс төр гэж ойлгодог болчихжээ. Энэ бүхнийг Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн салбараас алга болгоно. Энэ бүхнийг эцэс болгохын тулд дээр нь гарсан хэдэн хүний хүслийг тулгах биш, ард түмний дуу хоолойг хүргэх бололцоог нь олгоно. Одоогийн байгаа намууд бүгд хаалттай байна. Том хоёр нам нь мафийн тогтолцоонд орчихсон. Үнэхээрийн мэдлэг боловсрол, ур чадвартай, шударга, төрд хэрэгтэй хүн байсан ч дээш гарах ямар ч бололцоо байхгүй. Дүүргийн түвшинд ч гарч ирэхгүй. Дээр нь байгаа хэдэн хүн үр хүүхэд, ах дүү хамаатан садан, найз нөхөд, өөрсдийнхөө бүлэглэлээсээ л оруулдаг. Ард түмний дэмжлэгтэйгээр сонгуульд ялалт байгуулсан бол тэдний хүсэл бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл дуртай зүйлээ зүйлээ хийж, хүссэн өмчөө хулгайлдаг дээрмийн багаж, хуйвалдааны нууц өрөө болгож хувиргачихаад байна.

-АН-ын дарга С.Эрдэнэ таныг намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй байгаа гэж ярьсан. Та одоог хүртэл гишүүнчлэлээсээ гараагүй байгаа хэрэг үү?

-Хуулиа унших ёстой л доо. Тэд нар ингэж чаргууцалдахыг л хүсч байгаа байх. Гэхдээ бүх хуулиар намын гишүүн байх эсэхийг иргэн өөрөө мэднэ. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Би арванхоёрдугаар сарын 4-нд АН-аас гарсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн мандатыг намаас бус ард түмнээс авсан. Ямар бүлэгт харьяалагдах эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Үүнд хэн ч халдах эрхгүй. Ингэж ярьж байгаа нь ганц сар ч болтугай бүлэгтэйгээ байх гэсэн С.Эрдэнэ даргын явуургүй арга. Тэртэй тэргүй би АН-д байхгүй. Хаана ч очиж Л.Болд АН-д байгаа гэж хашгираад нэмэргүй. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдана гэдэг ноцтой шүү. Уг нь би бүлгээс гарсан тухай өргөдлөө М.Энхболдод өгсөн юм. Тэр үед АН-ын бүлэг найман гишүүнтэй боллоо гэж зарлаагүй. Нэгдүгээр сарын 17-нд АН Ж.Батзанданг бүлгээсээ гаргасан. Энэ үед ч М.Энхболд дарга АН албан ёсоор бүлгээ тараалаа гэж зарлах ёстой байсан. Энэ тухай зарлаагүй учир би М.Энхболд даргыг Цэцэд өгье гэж бодож байсан ч төд удалгүй огцорсон юм. Одоо Г.Занданшатар дарга хуулиа биелүүлж энэ талаар УИХ дээр зарлах ёстой. Хэрэв зарлахгүй бол би Цэцэд өгөх болно. АН хууль ноцтой зөрчиж, УИХ-ын гишүүнийг боогоод богтлоод, ширээнийхээ булан руу чихчихсэн юм шиг байж болохгүй.

Мөн тарчихсан бүлгийн нэрээр төрөөс цалинжиж байгаа Д.Золжаргал гэж нөхөр өдөр болгон намайг твиттерээр доромжилж байна. Хатсан навч, зайл, ямар шаар ч гэнэ үү янз бүрээр л доромжилж байгаа харагдана. Намайг байх үед АН-ын бүлэг байгуулагдаж тэр хүн өнөөдрийн энэ ажлын байран дээр очсон. УИХ-ын гишүүн хүнийг төрийн алба хашиж байгаа хүн ийм байдал гаргах нь хэр ёс зүйтэй эсэхийг мэдэхгүй юм. Тэгэхээр ядаж энэ хүнд яаралтайгаар намайг доромжлох эрхийг нь өг. Хурдхан шиг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Гудамжинд гарчихсан хойноо хүнийг доромжилдог үндсэн ажлаа хийг.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан иргэн С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ авчирсан гэдгээ мэдэгдсэн. Энэ нь боломжтой юу?

-Т.Аюурсайхан гишүүн маш ойлгомжтойгоор тайлбаруудаа өгсөн байна лээ. Айлчлалд УИХ-ын даргаас гадна долоон гишүүн явсан. Бүгд өөр, өөрийн шугамаар уулзалтууд хийсэн юм. Би Монгол Швейцарийн бүлгийн дарга байсан хүний хувьд өмнө нь эхлүүлж байсан болоод хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээр хийсэн. Мөн УИХ-ын даргын үндсэн хөтөлбөр хэрэгжээд явсан. Т.Аюурсайхан гишүүн өөрөө Оффшорын эсрэг лобби бүлгийн дарга хүн. Тэр хүрээндээ энэ айлчлалд бэлдээд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлэл өгч байна лээ.

-С.Баярцогт дээрх мэдээллийг үгүйсгэж Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан байж болзошгүй хэмээн ярьсан. Дипломат шууданг ямар шугамаар ирэх ёстой байдаг вэ. Тийм хялбархнаар задлаад уншчихаж болдог эд үү?

-Дипломат шуудан задарсан гэж ойлгохгүй байгаа. Тийм бололцоо ч байхгүй. Хэрэв дипломат шуудан задалсан бол хууль зөрчсөн зүйл болно шүү дээ. Угаасаа Швейцарийн холбооны улсад УИХ-ын даргын түвшний айлчлал хийж, энэ олон гишүүд хамт оролцож байгаа нь маш их ач холбогдолтой хэрэг. Монгол Улс Швейцарийн холбооны улсад ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Учир нь Швейцарь бол манай улсын хөгжлийн загвар. Бид Азийн Швейцарь болох ёстой. Бид үүнийгээ хүлээн зөвшөөрч Швейцарьтай хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаа шинэ шатанд гаргах эсэхийг шийдчихээд ирж байгаа юм. Дээрээс нь Швейцарь Монгол Улсад хамгийн их тусламж үзүүлж буй орны нэг. Одоогоор 150 сая ам.доллар бэлэглэчихээд байгаа. Дахиад 52 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр ярьж байна. Маш олон чухал хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүнийг Монголын парламент үнэлэх ёстой биз дээ. Тиймдээ ч бүх нам, хүчнээс бүрдсэн төлөөлөл очиж Швейцарийн гавьяаг үнэлж байгаа юм.

Нөгөө талаар Швейцарь дэлхийн санхүүгийн төв учраас олон орны хууль бус, татвараас зугтаалгасан мөнгөнүүд тийшээ орж байдаг. Швейцарийн холбооны улсад хулгайн мөнгөн дээр амьдрах шаардлага байхгүй. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон учраас энэ байдлаасаа салж байгаа юм билээ. Монгол Улсын зүгээс танай улсад манай маш их хууль бус мөнгө байна, тэдгээрийн мэдээллийг олохгүй байна гэхэд “Танай улстай эрх зүйн харьцааны гэрээг байгуулъя. Одоо ч хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг бид өгье” гэсэн. Энэ айлчлал цаг алдаад байсан асуудлыг түргэвчилж, ажил хэрэг болгох эхлэлийг тавьж өгч байгаа юм. Ер нь ийм том айлчлалаар л аливаа том ажил хөдөлдөг. Гадаад харилцааны яаманд байх үед бид төрийн тэргүүнүүдийн өндөр дээд айлчлалаар л томоохон ажлаа бүтээдэг байлаа шүү дээ. Тиймдээ ч УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалаар бид олон сар жил хөөцөлдсөн ажлаа бүтээсэн. Үүнийг л олон нийтэд мэдэгдлээ гэж харж байгаа.

-Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүнд тэрхүү мэдээллийг Швейцарийн тал шууд өгчихсөн хэрэг үү. Эсвэл банкнаас авчихсан юм уу?

-Түүнийг АТГ-аас л асуух хэрэгтэй. Хуулийн байгууллагуудын шугамаар явдаг л даа. Гадаад яамаараа дамжуулж мэдээлэл өгдөг. Банк нь ч гэсэн хуулийн байгууллагадаа өгдөг, хуулийн байгууллага гадаад яамандаа өгнө. Гадаад яам нь мөн манай яаманд өгснөөр хуулийн байгууллагад очно. Ийм л процесс. Үүн дээр УИХ-ын гишүүдийн үүрэг нь энэ үйл явцыг хэрэгжих, бүтэх тал дээр нь тус нэмэр болох юм.

-Т.Аюурсайхан гишүүн би энэ мэдээллийг авчирлаа гэж яриад байгаа л даа.

-Яахав цаг хугацаа нь таараад дипломат шуудан авчирсан юм байна л даа. Ирж байгаа дипломат паспорттой хэнээр ч хамаагүй мэдээллээ дамжуулдаг юм. Энэ айлчлалд шахагдаад мэдээллүүд нь бэлэн болоод дипломат паспорттой гишүүдээр дамжуулсан юм байлгүй. Надаар дамжуулаагүй учраас би түүнийг мэдэхгүй.

-Мэдээлэл нь ил болчихсон байхыг бодоход задлаад уншчихсан хэрэг биш үү?

-Дипломат шууданг задлах бололцоо байхгүй. Лац, тэмдэгтэй байдаг. Гадаад харилцааны яам тусгай протоколтой л задалдаг юм.

-Айлчлалын үеэр Швейцарийн холбооны улсаас “Оффшорын бүсэд манай улсыг багтаалаа” хэмээн сэтгэл дундуур байгаагаа хэдэнтээ илэрхийлсэн гэсэн. Энэ асуудал дээр та бүхэн ямар тайлбар өгсөн бэ?

-Оффшор нь Европын холбооны хар жагсаалттай адилхан буруу ойлголттой байсан юм билээ. Бид нарын зүгээс албан тушаалтнууд мөнгө хулгайлж, нууж далдалж болохгүй, ингэсэн тохиолдолд Швейцарийн холбооны улсад тайлан мэдээллээ өгч байх ёстой гэсэн зүйлийг ярьдаг. Гэтэл үүнийг “Манай улсыг та нар хар жагсаалтад оруулчихсан” гэж яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Швейцарийн хөрөнгө оруулалт Монголд орж болохгүй, Монголынх Швейцарь луу орохгүй, хувийн секторуудыг бүгдийг нь хязгаарлачихсан гэсэн буруу ойлголттой болчихсон байсан юм билээ. Саяын айлчлалаар энэ ойлголтуудыг залруулсан. Швейцарийн талаас “Та бүхнийг зовлонг ойлгож байна. Хулгайтай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх нь зөв. Бид үүнийг дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Тэр талаасаа маш амжилттай айлчлал болсон. Ер нь бол бид Швейцарь улсад онцгой ач холбогдол өгөх ёстой. Энэ бол бидний ирээдүйн хөгжлийн загвар мөнөөс мөн.


Categories
мэдээ нийгэм

Илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгуулахаар шийдвэрлэв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэв. Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд хоол хүнсний гаралтай хордлого, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилготойгоор төлөвлөгөөт шалгалт хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэв: Ашиглалтын талбайг шаталж ухах нь хана нурах аюулаас сэргийлдэг

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, профессор, доктор Л.Пүрэвтэй ярилцлаа.


-Уул уурхайн компанийн осол аваарууд ар араасаа гарах боллоо. Саяхан л гэхэд “Эко-Алтан заамар” компанийн ашиглалтын талбайд нуралт үүсч дөрвөн залуу амь алдсан харамсалтай осол гарлаа. Осол юунаас болж гарсан гэж та үзэж байна вэ?

-Энэ ноцтой асуудал шүү. Осол аваар нь ажиллаж буй хүмүүсийн хариуцлага, удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүйгээс шалтгаалж гардаг шүү дээ. Бидэнд Засгийн газраас баталж гаргасан уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм хангалттай байгаа. Үүнийг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж осол гарч хүний амь эрсдэж байгаа юм. Удирдлага, хувь хүн шаардлагын дагуу ажиллаагүйгээс л осол гарч байна. Аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөөд ажилласан бол осол гарахгүй. Мэргэжлийн хяналтын газар гэж байгууллага бий. Тэд цаг тутам өдөр бүр уурхайд очиж хяналт тавих боломжгүй. Нэг шалгаад алдаа дутагдаж байвал торгууль тавиад яваад өгнө. Үүний дараа гарсан осол аваарыг үйлдвэр хариуцна. Уурхайд ажиллаж буй иргэдэд зөвлөхөд эхний ээлжинд аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал биелүүлэх ёстой. Сүүлийн үед “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг уурхайнууд аюулгүй ажиллагаан дээр ач холбогдол өгдөг болсон нь сайшаалтай. Машин техник нь ухрах болгондоо дуут дохио өгнө. Уурхай руу ороход сайд дарга ч байна уу, жирийн ажилтан ч байна уу хамаагүй шалгадаг болж. Аюулгүй ажиллагааны дүрмийг гүйцэд танилцуулаад гарын үсэг зуруулаад оруулдаг болсон байна лээ. Том жижиг бүх уурхай энэ жишгийн дагах ёстой. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна.

-Ил уурхайн олборлолтын үед газар ухахад шаталсан байдаг юм билээ. Сая осол гарсан “Эко-Алтан заамар” компанийн олборлолтын газар ухахдаа шатлаагүй байгаа харагдсан. Энэ нь осол гарсан шалтгаан байж болох уу?

-Хавтгай газрыг ухахдаа эгц доош нь биш шаталж явна шүү дээ. Гарсан доголууд дээр нь тоног төхөөрөмжүүд байрлаад, шат шатаар ахиж доошоо гүнзгийрдэг. Ингэж явах нь нэг талаар ажлын тавцан, нөгөө талаас хана нурах аюулаас сэргийлж өгдөг. Уурхайн нөхцөлд дээд зэргээс сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Ус гэнэт гарахад яаралтай шүүж авч газрыг хатаах ёстой. Технологийн горим зөрчиж болохгүй. Технологийн горим зөрчих нь аваар гарах эрсдэл дагуулдаг. Тэр усыг тухайн үед нь шүүрүүлээд, газрыг хуурай байлгахад нуралт үүсэхгүй шүү дээ. Гэхдээ өнөөдөр л ийм осол гарч байгаа юм биш. Үе үеийн уурхай ажиллаж байх үед ийм осол аваар гарч л байсан.

-Уурхайд нуралт үүсэх өөр ямар шалтгаанууд байдаг вэ?

-Уурхай ашиглалт явуулж усыг зайлуулаад нэг газар цуглуулдаг. Манайхан үүнийг хаягдлын нуур гэж нэрлэдэг шүү дээ. Хаягдлын нуур ашиглалтын талбайтай ойрхон байхад уурхай руу эргэж орохдоо ямар нөлөө үзүүлж байгааг ерөөсөө судалдаггүй. Тухайн ус газар доогуур ашиглалтын талбай руу нэвтэрснээр хөрс сэндийлж нуралт үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Жижиг уурхайнууд зардлаа хэмнэж ойр газар хаягдлын нуураа байгуулснаар нуралт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт цөөхөн уурхай л энэ төрлийн ослоос сэргийлж хаягдлын нуурын ус хаашаа очиж буйг судалдаг. Хаягдлын нуураа ч ашиглалтын талбайгаас зайтай байршуулдаг. Энэ нь нуралт үүсэх аюулаас сэргийлж өгдөг сайн талтай.

-Уул уурхай гэдэг манай улсын эдийн засагт чухал үр нөлөөтэй салбар. Энэ салбарын инженерүүдийг та бүхэн хэрхэн бэлтгэж байна вэ?

-Дэлхийн томоохон их, дээд сургуулиудын жишгээр инженерүүдийг бэлтгэж байгаа. ШУТИС-ийн дипломтой төгссөн оюутныг өнөөдөр олон улсын ямар ч их сургууль хүлээн зөвшөөрдөг болсон байна. Дээрээс нь дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Мөн зарим хичээлийн хөтөлбөрөө олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. Иймээс ШУТИС-ийн дипломыг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа юм. Мэдээж бүх хөтөлбөрийг магадлан итгэмжлэхүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарна. Нэг хөтөлбөр итгэмжлүүлэхэд 100 гаруй сая төгрөг шаардлагатай. Дээд сургуулийн санхүүгийн 90 хувь нь л оюутнуудын төлбөр дээр тогтдог. Үлдсэн 10 хувь нь багш нарын эрдэм шинжилгээний ажил зэргээс бүрдэнэ. Бид багш ажилчдынхаа цалинг нэмсэн ч, оюутны сургалтын төлбөрийг нэмээгүй. Инфляцитай уялдуулж бага зэрэг өөрчилсөн. Дадлага давамгайлсан сургалт явуулдаг нь сургалтын онцлог юм уу даа.

-Уул уурхайн инженерийн мэргэжлийг сонгох залуусын тоо сүүлийн үед буурч байгаа нь ажиглагддаг. Үүнд юу нөлөөлж байна?

-Геологи, уул уурхайн чиглэлд элсэлт муугүй байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед инженер, технологийн чиглэлээр элсэх оюутнуудын тоо цөөрсөн нь ажиглагдаж байна. Дунд сургуулийн физик, математикийн сургалт, шалгалтын хүндрэлтэй энэ бүхэн холбоотой л доо. Өөр нэг шалтгаан нь геологи, уул уурхайн мэргэжлээр 10 гаруй хувийн их, дээд сургуулиуд мэргэжилтэн бэлтгээд байна. Мөн ажлын байрнаас шалтгаалж элсэлт цөөрөх хандлага байна л даа. Гадаадын хөрөнгө оруулалтууд зогсож, уул уурхайн талаар сайн, муу мэдээ цаг тутам цацагдаад байхаар хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж байх шиг.

-Уул уурхайн томоохон компаниудтай танайх хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Инженер бэлтгэх үйл ажиллагааг яаж дэмжиж байна?

-Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоо гэх мэт уурхайтай гэрээ байгуулж үйлдвэрийн технологи ажиллагаанд саад хийхгүйгээр оюутнуудаа дадлагад гаргадаг. Оюутан дадлагын үеийн хэрэглэх хоол хүнс, байраа өөрөө хариуцдаг. Дээхнэ үед ажлын байраар хангаад цалин олгодог үе одоо ард хоцорсон. Дийлэнх үйлдвэрийн дадлага удирдагчид нь манай төгсөгчид учраас татгалзалгүй оюутнуудыг дадлагад гаргадаг юм.


Categories
мэдээ цаг-үе

Дэ Ван Дэмчигдонровыг Улаанбаатарт авчрах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?

Гүйцэтгэх ажиллагаанд гар бие оролцсон Д.Жамъян

Дотоод явдлын яам хязгаарын болон Цэрийн дээд командын тушаалаар хилийн цэргийн гүйцэтгэх тавдугаар хэлтсийн дарга дэд хурандаа Д.Данзан, сургагч И.В.Вычков, төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Жамъян нарын дөрвөн офицер, шуурхай албаны тусгай групп болон томилогдож чөлөөлөх дайны фронтын зүг 1945 оны наймдугаар сарын 12-ны өдөр Өмнөд Монголын Шилийн голын чуулганы Баруун Сөнөд хошуунд ажиллахаар эх орны дархан хилийн Замын-Үүдийн чиглэлээр нэвтрэн гарчээ. Энэ тусгай ажиллагааны даалгавар нь тухайн үеийн Өмнөд Монголын удирдагч Дэмчигдонровыг Японы удирдлагуудтай холбоотой гэж үзэж баривчилж ирэх байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Даалгавар гүйцэтгэх Өмнөд Монголын Шилийн голын чуулганы Баруун сөнөд хошууны төвд Японы тагнуулын салбар, Өмнөд Монголын цэргийн анги, салбар байрлаж байжээ. Гурван сарын хугацаанд гүйцэтгэсэн тагнуулын багийн ажил үүргийн талаар ахлах дэслэгч Д.Жамъян дэлгэрэнгүй бичиж үр хүүхдэдээ үлдээсэн байна. Улсын нууцаас гарсан энэхүү 20 орчим хуудас материалыг Д.Жамъяны бага хүү Буянтөгс бидэнд авч ирсэн юм. Тусгай группын гүйцэтгэсэн ажил, тухайн үед Япон болон Хятадын эрхшээлд байсан Өмнөд Монголын нөхцөл байдлын талаар онцолсныг хүргэж байна.

Уг ажиллагаанд гар бие оролцсон Доржийн Жамъян 1919 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум алдарт гурван аваргын төрөн нутаг Уйлган голын хөвөөнд төржээ. Эцэг эхийн хамт хувийн аж ахуй эрхэлж байгаад 19 настайдаа цэргийн албанд татагдаж Дотоод явдлын яамны цэргийн төв сургуулийг дүүргэжээ. 1941-1951 онуудад Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газрын төлөөлөгчөөр ажиллаж, Дорнодын хязгаарын Тамсаг булаг дахь 27 дугаар отрядаас авахуулаад баруун хязгаар Ховд аймгийн Булган сум дахь 24 дүгээр отрядуудад төлөөлөгч болон даргаар ажиллажээ. Тэрбээр байлдааны медалиар хоёр удаа, Зөвлөлт Монголын “Бид ялав” ба ойн медалиуд болон чекист, онц хилчний тэмдгээр шагнагдаж байсан юм.

ДЭ ВАН ДЭМЧИГДОНРОВ ГЭЖ ХЭН БЭ?

Дэ ван буюу Дэмчигдонров 1902 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цахар аймгийн Шилийн гол чуулган дарга, Сөнөд Баруун хошууны засаг ноён, жун ван Намжилваанчигийн ганц хүү болон мэндэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход зургаан настай Дэмчигдонров угсаа залгамжилжээ. Тэрбээр хоёр хатнаас таван хүү, нэг охинтой хүн юм. 1924 онд 22 настай Жун ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалд очсоноор олон хошуу отгийг захирах болж, улмаар аймгийн чуулган дарга болонгуутаа олон газар орноор явж монгол үндэстний сэхээтэн залуучууд,сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн байдаг. Монголын удирдлагууд Дэмчигдонровыг тухайн үед Япон болон Хятадын талд ажиллаж байсан гэж үзсэн байдаг ч сүүлд өмнөд болон ар Монголыг нэгтгэхээр ажиллаж байсан нь батлагдсан байдаг билээ.

1945 онд гүйцэтгэсэн тусгай үүргийнхээ талаар Д.Жамъян гуай “Бид байлдааны бүрэн зэвсэг хэрэглэлээ авч, ЗИС машинд зориулалтын эд бараа, майхан зэргийг ачиж өөрсдөө сууцгаасан. Хил давж дайсан этгээд Японы колон Өмнөд Монголын нутагт 200 орчим км яваад Дээд командлалын удирдлагын дагуу, Баруун Сөнөд хошууны төв сууринд хүрч майнхнаа босгож түр байрласан юм” гэж тэмдэглэж үлдээжээ. Тухайн үеийн Өмнөд Монголд сүм хийд, хөл нүцгэн, ноорхой хувцастай өвгөн лам нараар дүүрсэн нөхцөл байдал хүнд байжээ. Гүйцэтгэх ажиллагаанд Дотоод явдлын яамны холбооны хэлтсийн мэргэжлийн родиост (холбоочин) ажиллаж группын ажлын явц байдлын талаар өдөр бүр илтгэж, хариу удирдамж авч байнгын харилцаа холбоотой ажиллаж байжээ. Тэд бэлэн байдалд байж, Дэмчигдонровын гэр бүл, төлөл садан болон хошууны төвийн чухал объектуудыг харуул хамгаалалттай болгожээ. Тус группын хамт олон дээд удирдлагаас ирүүлсэн даалгаврыг биелүүлэхдээ хэрэгцээтэй үед амь насаа хайрлахгүй дайсан этгээдүүдтэй зэвсэг хэрэглэж байлдаж байжээ. Боломжтой нөхцөлд уян зөөлөн тактик хэрэглэж баривчлах ба олзолж байсан гэнэ.

ДЭ ВАН ДЭМЧИГДОНРОВЫГ МОНГОЛД ХЭРХЭН
АВЧРАВ?

Дэ Ван Дэмчигдонровын том хүү Ван Дугарсүрэнг “Дээд удирдлагын шийдвэрээр зочлуулах” нэрийдлээр хуурч зөөлөн аргаар олзолж Улаанбаатар хотод авчирчээ. Дугарсүрэнд цэргийн сүр үзүүлэх байдлаар угтаж, хэд хэдэн уулзалтын дараа ярилцаж ойлголцож хэрэгцээтэй мэдээллүүдийг авсан байна. Энэ нь гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлэхэд хэрэг болжээ. Дугарсүрэнг байр сууриа ашиглан аавтай нь болон түүний шадар этгээдүүдтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоох боломжгүй болгож гэр бүлээс нь тусгаарласан байна. Улмаар Дэ Ван Дэмчигдонровын хатан болон Дугарсүрэнгийн эхнэр хүүхдэд нь “Танай хүү Дугарсүрэн манай Монгол Улсад зочилж очсон. Та нарыг ч хүрэлцэн ирэхийг урилаа” гэж худал зохиомол арга хэрэглэж ойлгуулж, итгэл төрүүлж чаджээ. Улмаар Улаанбаатарт авчирч зориулагдсан байр сууцанд оруулжээ. Дугарсүрэнгийн эхнэр Сэржмядаг, охин Уртнасан, Хатны 19 настай хүү Галсанжигмид нар багшийн сургуульд орцгоожээ. Монголд ирсэн гэр бүл үр хүүхдээ дагаж ирэхээс өөр сонголт Дэв Ван Дэмчигдонровт үлдээгүй байна. Тэрбээр сүүлд араас нь Улаанбаатар ирсэн байдаг. Дэмчигдонров, Дугарсүрэн нарын орд, харш эд хогшил, 10 гаруй мянган толгой мал зэргийг нутагт нь үлдээжээ.

Тухайн үеийн дайсан Японд эзлэгдсэн Өмнөд Монголын нутагт гурван сар орчим ажиллагаа явуулахад Д.Жамъян тэргүүн шугамд гар бие оролцсон байна. Тус ажлын групп Японы түрэмгийлэн эзлэгчдийн гар хөл гэж үзэж байсан Дэмчигдонровын ар гэр ам бүлийн 20 гаруй хүн, Монголын эсрэг тагнуул хийж байсан 20 орчим иргэн, генерал Дамдинсүрэн, Өлзий-Очир тэргүүтэй урвагч 100 гаруй цэргийг олзолж авчирсан байна.

Тагнуулч хүний байгуулсан гавьяа бусад аврагч, цагдаагийн албан хаагч нар шиг ч үнэлэгдэлгүй үлддэг. Гүйцэтгэсэн ажил, байгуулсан гавьяа нь нүднээс далд хөшигний ард байдаг болохоор тэр л дээ. Гүйцэтгэсэн ажиллагаа нь улсын нууцаас гарсан тохиолдолд гүйцэтгэсэн ажиллагаанд оролцсон дайчдыг алдаршуулж, шагнаж баймаар. Эх орон тусгаар тогтнолын төлөө өөрийн амь насаар дэнчин тавьж дайсны газар нутагт эрэлхэгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан улс шүү дээ.

О.ДАШ

Categories
мэдээ улс-төр

Татварын багц хуулиуд батлагдлаа

УИХ өчигдөр шөнө дөл хүртэл хуралдаж, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эергээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томъёолохыг дэмжжээ.

Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн Татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

Дээрх асуудлаас гадна

Татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төсөлд туссаныг хасаж, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихдээ нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ. Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон найруулгын шинжтэй засвар өөрчлөлтийг нэмж тусгасан байна.

Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг хөнгөлөх саналыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ. Түүний дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөх гэсэн санал гаргасан байна. Дээрх саналыг нэмж тусгахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Wearable буюу өмсдөг төхөөрөмжийн эрин

Өмсөх, зүүх болон хүний биед имплантаар суулгах боломжтой ухаалаг төхөөрөмжүүдийг ерөнхийд нь Wearable tech гэдэг. Wearable төхөөрөмжүүдийг спорт, эрүүл мэнд, хувцас загвар, энтертайнмент, ахуй хэрэгцээ гэсэн чиглэлээр хөгжүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдлүүд нь улам өргөжиж, олон талын үйлчилгээ үзүүлэх болжээ. Технологийн том компаниуд ухаалаг төхөөрөмжийг хүний биед ойртуулсан маягаар бүтээж, өмсөх зүүх төхөөрөмжийн ашиглалт, зориулалтыг улам ихэсгээд байна. Технологийн эрин зуун гэж байгаа боловч түүн дотроо wearable төхөөрөмж илүү хүч авна, тиймээс энэ зууныг өмсдөг төхөөрөмжийн зуун ч болно гэж энэ чиглэлийн судлаачид онцолсоор байгаа юм. Үүнийг “Juniper Research” агентлагийн гаргасан судалгаа ч нотолж байна. Өмсөж, зүүх боломжтой ухаалаг төхөөрөмжийн зах зээл ирэх таван жилийн дотор 14 дахин тэлж, 19 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай байгаа аж.


ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААЛАГ ХУВЦАС

Энэ хувцсыг бие дээрээ шууд өмсөж болно. Эсвэл хувцсан дээрээ давхарлаж өмссөн ч ажиллах чадвартай. Эзнийхээ бухимдлын түвшин, зүрхний цохилт, даралт зэргийг байнга хянаж, мэдээлж байх тохируулгатай. Энэ хувцсыг зүрхний шигдээс болон уналт, таталт өгдөг өвчтөнүүд, өндөр настнуудад тохиромжтой гэжээ.

УХААЛАГ ХИЙМЭЛ ҮС

“Sony” корпорацийн “SmartWig” ухаалаг хиймэл үс нь замын чиглэл заах, цусны даралт хэмжих үйлдлүүдийг хийх бөгөөд загвараасаа хамаарч камер, лазер тусгагч, GPS төхөөрөмжтэй байх аж.

ХҮНИЙ БИЕД ХҮРЭХГҮЙГЭЭР САХАР ТОДОРХОЙЛОГЧ БАГАЖ

Өвчтөний арьсыг цоолж, цусыг нь авахгүйгээр буюу хүний биед хүрэхгүйгээр цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэмжигч төхөөрөмж бүтээх санааг анх 2011 онд Apple-ийн тэргүүн асан Стив Жобс гаргаж байжээ. Уг төхөөрөмжийн оптик мэдрэгч хүний арьсыг гаднаас нь гэрэлтүүлэн сахарын хэмжээг нь тодорхойлно. Энэхүү шинэ төхөөрөмжийг “Apple Watch”-той хослуулах нь ойлгомжтой бөгөөд ингэснээр уг цахим төхөөрөмж зах зээл дээр хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болох юм.

Хэрвээ шинэ төхөөрөмж зохион бүтээх ажил амжилттай болбол энэ нь чихрийн шижинтэй олон сая хүний амьдралыг хөнгөвчилж, эмчилгээний шинэ аргыг нээхэд түлхэц болох төдийгүй цусан дахь сахарын хэмжээг биед хүрэхгүйгээр тодорхойлдог төхөөрөмж үйлдвэрлэн борлуулах томоохон зах зээл бий болно.

ӨНДӨР НАСТНУУДАД ЗОРИУЛСАН УХААЛАГ ГУТАЛ “B-SHOE”

Дэлхийн 65-аас дээш настай ахмадуудын гуравны нэг нь ямар нэгэн байдлаар газар унадаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэ гутал өндөр настнуудын тэнцвэрийг олж, унахаас сэргийлнэ. “B-Shoe” нэртэй эл ухаалаг тусгай гутал нь уландаа мэдрэгч бүхий төхөөрөмжтэй. Өмссөн хүний биеийн тэнцвэрийг хадгалахын тулд автоматаар гутлыг хөдөлгөдөг юм байна. Гэхдээ тэр хөдөлгөөн нь өмссөн хүндээ бараг мэдрэгдэхгүй.

УНТЛАГЫН УХААЛАГ ХУВЦАС

“Smart PJ” нэртэй компанийн зохион бүтээсэн энэхүү унтлагын хувцас нь өөр дээрээ бөөрөнхий хээнүүдтэй. Хэнүүдэд QR код бий. Та эдгээр цэгэн хээнүүдийг ухаалаг гар утас юмуу, таблетаараа уншуулахад өөр өөр үлгэрүүд, амьтдын зураг зэрэг зүйлс таны төхөөрөмжүүд дээр гарч ирнэ. Энэхүү ухаалаг унтлагын хувцасыг 25 ам.доллараар авах боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр уншиж унтуулах завгүй үедээ энэ хувцсыг хүүхдэдээ өмсүүлэхэд хангалттай. Энэ хувцас таны ажлыг хөнгөвчлөх болно.

ЗАМ ЗААДАГ ЖИНСЭН ӨМД

Усны хамгаалалттай хүрэм, халаасандаа цэнэглэгчтэй цамц, биеийн халууны хэмийг тогтвортой барьдаг жинс гээд ухаалаг хувцасны дэвшлүүдийг Парист болсон олон улсын загварын үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр загвар зохион бүтээгчид өмнө нь зөвхөн гоё сайхан загвар гаргах гэж хичээдэг байсан бол одоо өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй үйлдлийг хувцсаараа дамжуулан гүйцэтгэхэд технологийн давуу талыг давхар шингээхийг эрмэлздэг болсон нь анзаарагдсан байна.

Францын “Spinal Design” хэмээх загварын компани ухаалаг жинсэн өмд зохион бүтээсэн байна. Bluetooth мэдрэгчтэй энэ өмд эзнээ гадуур явах үед зам заана. Өмдөндөө хаана очихоо заахад замдаа хаагуур яаж явахыг, хаашаа эргэхийг өмд чичирч мэдэгддэг юм байна. Хэрэв баруун тийш эргэх ёстой бол баруун талын хөлөнд чичирч мэдэгдэх жишээтэй. Энэ ухаалаг өмд 150 еврогийн үнэтэй.

НАРНЫ ТОСОО ТҮРХЭХИЙГ САНУУЛДАГ УСНЫ ХУВЦАС

“Spinal Design” компанийн бүтээсэн ухаалаг усны хувцас эзэндээ нарны тосоо түрхэх сануулгыг өгдөг юм байна. Хэт ягаан туяаны мэдрэгчтэй учраас нар хэр хурц тусч байгааг мэдрэн улмаар эзэндээ нарнаас хамгаалах тосоо түрхэхийг ухаалаг утсаар нь дамжуулан мэдээлэхээс гадна хэрэглэгчийн арьсны онцлогоос шалтгаалан хэр их түрхэх ёстойг ч зөвлөдөг байна.

ДОМОГТ “LEVI’S” Ч “УХААН”-ТАЙ БОЛЖЭЭ

Жинсэн хувцасны домогт брэнд “Levi’s” Google-тэй хамтран бүтээсэн ухаалаг жинсэн хүрэмний ханцуйнд суулгасан мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгч зөвхөн гарынхаа хөдөлгөөнөөр хөгжим сонсох, газрын зураг ашиглах, гар утсандаа хүрэхгүйгээр ирсэн дуудлагыг таслах гэх мэт олон янзын үйлдлийг хийх боломжтой аж.

НЯРАЙД ЗОРИУЛСАН УХААЛАГ ОЙМС

Гүйсэн зай, хурд, зүрхний цохилт, алхааны хэмжээ гээд төрөл бүрийн мэдээллийг авч, утсаар нь дамжуулан хэрэглэгчид илгээдэг спорт хувцаснууд л ухаалаг хувцсыг төлөөлдөг байсан бол одоо хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд янз бүрийн бүлгийн хүмүүст зориулагдсан ухаалаг хувцаснууд гарч байна. “Owlet Smart Sock” компани нярай хүүхдүүдэд зориулсан оймс гаргажээ. Эмнэлгүүдэд байдаг зүрхний хэм хэмждэг аппараттай ижил технологийг ашигласан энэ оймс хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа эсэхийг хянана.

ЖИРЭМСЭН ЭХ БОЛОН УРГИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ МЭДЭЭЛЛЭДЭГ ХУВЦАС

Эхийнхээ хэвлийд бойжиж буй ураг болоод жирэмсэн эхийн биеийн байдлыг хянах хувцсыг Корнеллын их сургуулийн загварын оюутан Блэйк Урецкий зохион бүтээжээ. Жирэмсэн эхчүүдэд зориулсан биед эвтэй таатай загвар бүхий энэ хувцасны бүсэлхий хэсгийн дотуур мөнгөлөг ялтас оруулж өгснөөр хэрэглэгчийн биеийн хэм, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын замын үйл ажиллагааны талаарх мэдээллийг гар утсанд илгээснээр ээж, ураг хэвийн байгаа эсэхийг байнга хянах боломжтой болжээ.

ШӨНӨЖИН БҮҮВЭЙЛЭХ BOSE ЧИХЭВЧ

Энэ чихэвч таныг тааламжтай тайван унтахад зориулагдан бүтээгдсэн. Маш жижигхэн, чихний нүхэнд таарсан учраас илүүдэл зай гаргалгүй гаднах дуу чимээг нэвтрүүлэхгүйгээс гадна уянгалаг аялгууг эгшиглүүлдэг. Усны долгион, борооны шиврээний нам гүмхэн чимээ хажуудах хүний хурхираа, эсвэл замын хөдөлгөөний шуугианыг дарна. Гэхдээ өөр хөгжим, дуу тоглуулах боломжгүй учраас зөвхөн тайван амрахад зориулсан аязаа сонсоод шөнөжингөө бүүвэйлүүлээд унтах л зориулалттай.

УХААЛАГ ЦАГ

Ухаалаг цагны зах зээлийг эзлээд байгаа “Ap­ple” цагтай зах зээл дээр өрсөлдөж байгаа Versa цаг нь хөгжмийн сантай, bluethooth-ээр дамжуулан утастай холбогддог, мөн дасгал хөдөлгөөн хийхэд шаардагдах бүхий л эрүүл мэндийн үзүүлэлт, зааварчилгаа нь таны дасгалыг үр дүнтэй байлгахад тусална. Аpple цагтай харьцуулахад cellular data буюу утасны мэдээлэл хадгалдаггүй ч ухаалаг утастай холбогдож текст, календарийн тэмдэглэлт үйл явдал, бусад сонордуулга (notification)-г хүргэдэг.

ХҮҮХДИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖДЭГ УГЖ

Нярай, бага насны хүүхэд халуурч уйлахад халууныг нь үзнэ гэдэг тун яггүй ажил. Pacif-i нэртэй энэхүү ухаалаг угж нь хүүхдийн биеийн дулааныг байнга хянах боломжийг аав, ээжүүдэд олгоно. Bluetooth болон WiFi-гаар гар утсандаа холбосноор хүүхдийнхээ эрүүл мэндийн тухай байнгын мэдээллийг цаг тухай бүрт авах бөгөөд усны хамгаалалттай, олон хоног цэнэгээ барих хүчин чадалтай, хүүхдийн биеийн дулаан нэмэгдэх үед автоматаар таны гар утас руу дохио илгээж анхааруулах давуу талуудтай.

УЛАВЧ ХҮРТЭЛ УХААЛАГ БОЛЖЭЭ

Ямар ч загварын гутланд дэвсэж болох ухаалаг улавч нь хөлийг дулаацуулах халаагчтайгаас гадна таны хийсэн хөдөлгөөн бүрийг бүртгэн авч, алхсан замын урт, алхалтын тоо, шатаасан илчлэг гэх мэт мэдээллийг нарийвчлан гаргана. Гар утсан дээрээ аппликэйшнийг нь суулгаад хөлөө дулаацуулах хэмээ тохируулж, хэдий хэмжээний хөдөлгөөн хийгээд байгаагаа цаг тухай бүрт нь хянаад байх боломжийг олгоно.

УХААЛАГ СОЙЗ

Bluetooth-тэй ухаалаг шүдний сойзоор угаахад шүдний эрүүл ахуйг хянаж, аль шүд ямар хэмжээний бохирдолтой, цоорол ямар түвшинд явааг зааж өгнө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БУГУЙВЧ

Apple-ын анхны өмсдөг төхөөрөмж Apple Watch дэлхий даяар борлуулалт ихтэй бүтээгдэхүүн. Бугуйнд зүүдэг цаг гэхээсээ илүү эрүүл мэнд, фитнессийн хяналтын төхөөрөмж гэдэг утгаараа эрэлт ихтэй. Гараа өргөж цаг руугаа харахыг тань мэдэрч дэлгэц нь автоматаар идэвхждэг. Цагны арын мэдрэгч нь таны зүрхний цохилтыг байнга хэмжинэ. Нүүрэнд нь сафир кристал элемент ашигласан тул зурагдахгүй, бат бөх. “Taptic engine” технологийн тусламжтай мэдээлэл ирэхэд бугуйнд доргилт өгдөг ажээ. Апп хөгжүүлэгчдэд зориулсан өргөн боломжтой. Тухайлбал, Starwood зочид буудлын сүлжээ өрөөнийхөө хаалганы өмнө төхөөрөмж зүүсэн гараа нэг савахад нээгдэх апп бүтээсэн гэнэ. Түүнээс гадна эзнийхээ шатаасан илчлэг, хөдөлгөөн, өдөрт нийт зогсоогоороо байсан хугацаа, дасгал хийх үед гүйцэтгэлийн тоог хэмжих зэрэг боломжуудтай.

УХААЛАГ ПҮҮЗ

Nike компанийн ухаалаг пүүз үдээсгүй, хэрэглэгчийн үзэмжид нийцүүлж автоматаар хөлд чангарна. Чанга, сулыг нь гар утасны аппликэйшнээр тохируулж болно. Сенсор, акселерометр, гироскоп бүхий энэхүү гутал нь эзэмшигчийнхээ бүхий л хөдөлгөөн, үйлдлийг бүртгэж явах юм. Гутлыг хоёр долоо хоног тутамд цэнэглэх юм байна. Nike нь түүхэндээ хамгийн үнэтэй буюу 720 ам.долларын сникерийг 2017 онд цөөн тоогоор худалдаанд гаргаснаасаа хойш өөрөө үдэгддэг гутал үйлдвэрлэх болсон юм.

ШУМУУЛ ҮРГЭЭГЧ БУГУЙВЧ

Шумуул үргээгчтэй ухаалаг бугуйвчийг зохион бүтээж, олон нийтэд танилцуулсан юм. Хорхой шавьж, шумуул үргээх зориулалтын олон төрлийн төхөөрөмжүүдийг бүтээж, эхнээс нь үйлдвэрлэлд нэвтрүүлэн худалдаанд гаргаад байна. Мөн зарим төрлийн ханиаднаас сэргийлсэн ухаалаг зүүлтүүдийг ч худалдаанд гаргаад байгаа. Цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар шумуулыг үргээх энэ бугуйвчийг зохион бүтээсэн Курт Столл хэлэхдээ “Тус бугуйвчны ажиллах зарчим бол аадар борооны үеэр агаар мандалд үүсдэг цахилгаан долгионы нөлөөллийг ижил бүтэцтэйгээр үүсгэдэгт байгаа” хэмээн онцолсон байна. Хүний эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй гэдгийг мөн хэлжээ. Nopixgo бугуйвч нь эргэн тойрондоо хоёр метрийн зайд долгионы чичирхийллийг хүргэдэг тул хүнийг шумуулаас найдвартай хамгаалж чаддаг байна.

Энэ мэтээр хүний өмсч зүүдэг юм бүгд өнөө цагт ухаалаг болжээ. Нүдний шил, ээмэг, энгэрийн зүүлт, бөгж, тэлээ, нусны алчуур гээд ухаалаг болоогүй үлдсэн эд юмс алга.


Categories
мэдээ нийгэм

Монгол, бичгийн шалгалт өнөөдөр эхэлж байна

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.03.23/ эхэлж байна. Шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-ны хооронд http://www.eec.mn” class=”redactor-linkify-object”>www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авсан байх ёстой юм. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог ирэх сарын 1-ний дотор http://http://www.eec.mn” class=”redactor-linkify-object”>www.eec.mn цахим хаягт байршуулах бол батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах юм.

Боловсролын үнэлгээний төвөөс Их дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон билээ. Энэ удаагийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд ирэх сарын 20-нд дахин шалгалтыг зохион байгуулна.

Хэрэв хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрч чадахгүй бол Их дээд сургуульд элсэх боломжгүй. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эко алтан заамар” компанийн ослын дүгнэлт гарчээ

“Эко алтан заамар” компанийн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газрынхан хэлэхдээ “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн.

Дүгнэлтэд тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагааг явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байх параметрийн хэмжээг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа. Тус уурхайд техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд геологийн усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах уу уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй байна.

Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.

Харин хөдөлмөрийн аюулгүй байдлаар хэд хэдэн заалт зөрчигджээ. Засгийн газраас аж ахуй нэгжийн дотоод журмыг баталсны дагуу ААН дотоод хяналтыг явуулж байх ёстой. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль зөрчигдсөн. Тухайлбал, ХАБ-ын ажилтнууд эрсдэлийн үнэлгээ хийгээд 2019 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд ноцтой хоёр зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байна гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргаад ирсэн. Хоёрдугаарт, ХАБ-ын ажилчид гарах үр дагавар гэдэгт мөс хагарч уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг дурджээ. Хэрвээ уурхайн эзэд нь тухайн үед уншиж танилцаад тодорхой арга хэмжээ авсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байсан байх. Одоогоор энэ компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа учраас тэрний дараа арга хэмжээ авна” гэлээ.

Дашрамд, тус уурхайд осол гарсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Тендерийн хуульд 22 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 86 хувийн саналаар дэмжлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлснийг ажлын хэсэгт нэгтгэн чуулганаар хэлэлцүүлсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тус хуулиар худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ.

Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ.

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмжээ.

Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ хэмээн ажлын хэсгийнхэн тодотгожээ. Т

Түүнчлэн тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах аж.

Categories
мэдээ нийгэм

А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЗХШЖ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохыг УИХ-тай зөвшилцөхөөр санал хүргүүлээд байсан билээ. Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн юм.Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 90,6 хувийн саналаар түүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ.

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

  • Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
  • БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
  • Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
  • Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
  • ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
  • БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
  • ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
  • Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
  • ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
  • Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
  • Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.