Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад,

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно гэж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ахисан түвшний сургалтад тэтгэлэгтэй хамрагдсан залуучууд сертификатаа гардан авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалт зохион байгуулсан бөгөөд амжилттай хамрагдсан залуучууд сертфикатаа гардан авлаа. Эдгээр 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлэгтэй суралцсан бөгөөд ажлын байранд шууд холбогдож байна.

Дээрх сургалтаас гадна компьютерийн үндсэн хэрэглээ, фотошоп программын сургалт, мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран төлбөргүй зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019”-ийн нээлт боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сантай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлсэн үгэндээ: “Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд Та бүхний өмнө өргөн боломж нээлттэй байна. Тухайлбал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн сургалтад төлбөргүй хамрагдах, хөтөлбөрийн хүрээнд жилийн туршид ажил, мэргэжлээ зөв сонгох мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, дадлагажих, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй танилцах, эерэг хандлагын болон хувь хүний хөгжлийн сургалт, гэр бүлийн боловсрол, санхүүгийн болон бизнесийн боловсрол олгох сургалтуудаас гадна, өдөрлөг, уралдаан, тэмцээнд оролцож, өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай сайн үйлс бүтээх олон ажлуудыг хамтдаа хийх болно. Мөн дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан сэтгэл зүйн болон эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм” гэлээ.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар оролцогчдод “Эерэг хандлага” сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөрт 17-21 насны 100 залуу хамрагдах бөгөөд эхний үйл ажиллагаанд хамрагдсан 250 залуучуудаас цаашид зохион байгуулах үйл ажиллагаа болон залуучуудад зориулсан хөгжим, бүжиг, уран зургийн сургалт, сайн дурын “Нобле клуб”-ын үйл ажиллагаанд оролцох талаар сонирхлын судалгаа авлаа.

Categories
мэдээ нийгэм

Могойн голын ил уурхайн нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлохыг хориглов

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөв.

Categories
мэдээ соёл-урлаг

Х.Эрхэмбаяр: Оюун санааны эрэлд мордсон хүн бүхэн энэ жүжгийг үзээсэй

Түүхч, бичгийн хүн “Чоно багш” хэмээгдэх Х.Эрхэмбаяртай ярилцлаа.


-APPLE компанийг үндэслэгч Стив Жобсын талаар мэдэхгүй хүн ховор болов уу. Энэ хүний тухай манайд анхлан оюун санааны монодрам толилуулах гэж байгаа нь содон онцгой санагдлаа. Ийм сэдэл, санаа анх хэрхэн төрөв?

-Тийм ээ, Жобсыг дэлхий ертөнцөөрөө андахгүй. Яг үнэндээ би, Жобсоор өвчилсөн хүн. Энэ өвчиндөө ч дуртай. Өвчлөхөөс ч аргагүй. “Жобс хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Хэрэв Жобс APPLE-дээ эргэж ирээгүй бол, бид урьдын уйтгарт нэгэн хэвийн амьдралдаа хэвээр байх байсан юм” гэж, Америкийн шинжээчид дүгнэсэн байдаг юм. Жобсын өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл, амьдралын философи нь маш онцлог. Тэрбээр, “хүн сүргийн” хашигдмал сэтгэлгээг задлан, хувь хүн нэг бүрийн эрх чөлөөг тунхаглана хэмээн, өөрийн амь амьдралаа зориулсан хүн. Эрдэм мэдлэгийн цар хүрээг чухалчлан гэгээрэл нирваан, бурханы эрэлд хатаж явсан нэгэн. Энэ бүхнээс нь үүдэн, Жобсын дотоод ертөнц дөх зөрчил, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл лүү нь ийнхүү өнгийж харах гэсэн оролдлогоос, энэхүү жүжиг маань бүтсэн хэрэг.

-Жобсын дотоод ертөнц рүү өнгийж харснаараа, өнөөдрийн нийгэм юуг олж үзэх бол гэдэг сонин санагдаж байна?

-Яг зөв. Бид энэ жүжгээрээ Жобсын алхаа гишгээ, авир төрхийг дуурайн жүжиглэх гэхээсээ, Жобсын амьдралын философи, оюун санааны зөрчил гээд энэ хүний дотоод мөн чанарын тэр төсөөллийг л хүмүүст хүргэх гээд байгаа юм. Чухамдаа үзэгчид маань Стив Жобсын тухай монодрамыг үзэж байгаа ч, яг үнэндээ бол Жобсоос өөрийгөө олж харцгаах юм. Тиймээс л, монодрамын хэлбэрээр зохиолоо бичсэн хэрэг. Амьдралын их ээдрээг Жобс дээрээ төвлөрөн хөөвөл амттай санагдсан. Энэ хэмээр жүжигчнээс маань ихээхэн ур чадвар шаардаж таараа. Ер нь тэгээд бүтээхийн зовлон их байх тусмаа л амттай байдаг юм даа. Магадгүй монгол хүний мартагдсан тэр ой санамжийг энэ жүжиг харуулж ч мэднэ шүү. Хүндээр тусгаж аваад байхын хэрэггүй. Тархи оюун нь “хогийн сав” болчихсон шахуу өнөөгийн нийгмийн, давчидсан цөөнх болох тэр мэдлэг оюунаар хооллогч хүмүүст энэ жүжиг маань зориулагдсан. Жүжиг маань хэдийгээр монодрам ч, моно дотор стеоро дуугарч байгааг анзаарцгаагаарай.

-Та жүжигчнээ хэрхэн сонгосон бэ?

-Дүр дээрээ сонгон шалгаруулж, сүйд болсонгүй. Гэхдээ миний дотор ёолоод байгаа тэр сэрэл мэдрэмжийг үзэгчдэд хүргэчихэж чадах юм байна гэж би, жүжигчиндээ итгэсэн байгаа.

-Манайд монодрам хэд хэдэн удаа тавигдаж байсан. Монодрамыг хүлээж авах, ойлгоход үзэгчид хэр бэлэн байдаг вэ?

-Бэлэн байлгүй яахав. Цусанд нь байгаа ойлголт шүү дээ. Монгол ардын үлгэр ярих, тууль хайлах, бүүвэйн дуу нар чинь монодрам л шүү дээ. Монодрам гэдэг чинь миний ч, таны ч амьдрал. Тэгэхдээ энд нэг зүйлийг хөндөх ёстой. Монодрамын талаар тогтсон хэвшмэл ойлголтыг эргэн хармаар. Моно дотор стерео, стерео дотор моно дуугардгийг санаж сэрмээр ч юм шиг.

-Та “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсын роман, “Мөнгө ярьж харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHI­NAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол Танаа улихану” зэрэг түүх, нийгэм, эрдэм соёлын олон ном бичиж хэвлүүлсэн. “Галайхан” хөөмэйн анхны дуурийн зохиолыг бичиж найрууллаа. Одоо “Стив Жобс” жүжгээ бичин, найруулж байна. Танд уран бүтээлийн төлөвлөлт гэж байдаг уу?

-Баруунд ХХ зууны жар, далаад онд хүчээ авч эхэлсэн “ирээдүйчлэл” гэж нэг ойлголт байдаг. Ирээдүйн дүр төрхийг тоймлон, түүн лүү хүмүүсийн оюун санааг чиглүүлэх гэсэн санаа л даа. Би бол энэ ай савын хүн. Эрэл хайгуул, бүтээл туурвил маань ч ийм. Оюуныг талхнаас хямд үнэлэх болсон өнөө цаг үед, “хар массын” сэтгэхүйд хөтлөгдөж дөрлөгдсөн кино, жүжиг, ном хийгээд л байвал хүмүүс хог новшоор хооллоцгоосон хэвээр л байна. Чин үнэнийг хэлэхэд, мэдлэг оюунаар ангаж цангаж байгаа тэр хүмүүст зориулж уран бүтээл хийх цаг нь ирсэн.

-Магадгүй нэг талаас манайд, компани удирдан зохион байгуулаад явж байгаа захирлууд ч, энэ жүжигнээс сонин зүйлийг олж харах болов уу?

-Яасан сайхан асуулт вэ. Стив Жобс өөрийн байгуулсан APPLE-ээсээ хөөгдөж, 11 жилийн дараа APPLE-дээ уригдан эргэж ирэхэд нь “Алдагдсан 11 жил арай гэж юм дууслаа. Жобс APPLE-дээ эргэн ирлээ. Одоо Америкийн эдийн засаг аврагдан сэргэх нь” хэмээн, Америкийн томоохон хэвлэлүүдэд онцлон тэмдэглэж байсан байдаг. Биширмээр байгаа биз. Асуудал үзэл санаандаа байгаа юм. Хүмүүсийг илүү сайхан ирээдүйн төлөө урам зоригтой амьдруулах гэсэн, илүү төгс төгөлдөр технологийг бүтээх гэсэн Жобсын нэхэл хатуу үзэл санаанд нь байгаа юм. Ингэж байж хөгжлийн чиг баримжаа тодорхой болж байгаа юм. Үндэсний компаниудад маань, Жобсоос, түүний APPLE-ээс суралцах юм маш их бий.

-Таныг “Галайхан” хөөмэйн дуурийг зохиож, найруулсны чинь хувьд сонирхоход Монголын хөөмэйн урлаг ямар түвшинд яваа вэ?

-Сайн дурын уран сайханчдын түвшинд явсан хөөмэйг “Галайхан” дуурилга маань, мэргэжлийн өндөр түвшинд аваачсан. Хөөмэйг нотжуулан, хөөмэйн ур чадварын доод дээд өнгийг үлгэрлэн дуугаргаж, сургалт судалгааны эргэлтэд оруулсан. Би ингэж дүгнэж байгаа юм биш шүү, хөгжмийн судлаачид докторууд нь тэгж дүгнэсэн юм.

Б.НОМИН

Categories
мэдээ нийгэм

2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийслэл дэх орон тооны бус салбар зөвлөлийн өнөөдрийн хэлэлцүүлгээр өнгөрсөн 2018 оны хийсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1021 дүгээр захирамжаар “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл”-ийг 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 онд 4326 хяналт шалгалт, 2205 зөвлөн туслах үйлчилгээ, 1066 төлөвлөгөөт бус шалгалт, 8473 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Мөн өнгөрсөн онд иргэдээс 790 өргөдөл, гомдол ирүүлснээс 772 буюу 97.7 хувийг бүрэн шийвэрлэсэн байна.

Энэ онд хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол олгох, хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний стандарт, чанар аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд нийт 24 төрлийн ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн тухай хуулиас Ажлын байрны бэлгийн дарамтын заалтыг авч хаях нь ёс зүйгүй хэрэг

МЭХ-оос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийлээ.

МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа: 2004 болон 2017 онд ажлын байрны бэлгийн дарамт хэр тархсанталаарх судалгаагаар Ерөнхий боловсролын сургуульд ажлын байрны бэлгийн дарамт хэвээрээ байна. Төрийн байгуулагуудын ажлын байрны бэлгийн дарамт хэвээрээ байна. Энэ дотроос бизнесийн байгууллага болон эмнэлгийн салбарт ажлын байрны бэлгийн дарамт 20-25 хувиар өссөн дүнтэй гарсан. Бэлгийн дарамтын кесүүд байсаар байхад ажил олгогч эздийн холбоо Хөдөлмөрийн тухай хуулиас энэ зүйл заалтыг авах тухай яриж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Зөвхөн монголд ч биш дэлхий нийтээрээ ажлын байрны бэлгийн дарамтаас болоод эмэгтэйчүүдийн ажиллах эрх цаашлаад хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Удахгүй 800 гаруй эмэгтэйчүүд УИХ-ын даргын ивээл дор Төрийн ордонд чуулна гэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ын ээлжит чуулганаар эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулна

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ.

АН-аас дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган нээхтэй холбогдуулан АН-ын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулахаар ажиллаж байна. Жагсаал цуглааны гол сэдэв бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН хоорондын тэмцэл зодооноос өөр олигтой ажил хийсэнгүй. Энэ хугацаанд улс эх орны эдийн засаг өсөлттэй байсан. Ямарваа нэгэн эдийн засгийн хориггүй байлаа. Ийм үед эдийн засгийг өсгөсөн тодорхой ажлуудыг хийхгүйгээр дотоодын зөрчил тэмцэлдээ анхаарал хандуулж удлаа. Жагсаалаар өнгөрсөн сонгуулийн үеэр амалсан амлалтаа биелүүлэхийг, нийгэмд маш их асуудал үүсгэсэн ЖДҮ-ийн асуудалд хариуцлага тооцохыг шаардана. ШХАБ-т элсэх нь бидний тусгаар тогтнол, эрх чөлөөг алдах томоохон асуудал учир үүнд элсэхийг эсэргүүцэн жагсана гэв

Categories
мэдээ нийгэм

Дахин сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх гомдол ирсэн

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болсон. Сонгуулийн үр дүнгийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрог дээр 47657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц тухайн тойрог дээр 56.8 хувьтай явагджээ. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпаламын төлөө 1460 сонгогч буюу 55.2 хувь, Монголын консерватив намаас нэр дэвшсэн О.Мөнтуяагийн төлөө 19 буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мягмардоржийн төлөө 24 буюу 0.91 хувь, Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 20 буюу 0.76, бие даагч М.Алтанзаяагийн төлөө 989 буюу 37.4 хувь, бие даагч Жаргалын төлөө 114 буюу 4.31 хувийн саналыг тус тус өгсөн байна.

Харин 19 дүгээр тойрогт нийт сонгогчийн төлөө 7154, санал өгсөн сонгогчийн тоо 3850. Хувьд харьцуулбал 53.84 хувьд хүрсэн тул сонгууль хүчин төгөлдөр болжээ. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүгийн төлөө 2029 буюу 52.7, Монголын консерватив намаас нэр дэвшсэн Долгормаагийн төлөө 15 буюу 0.35, Бүгд найрамдах намаас дэвшсэн Орхоны төлөө 30 буюу 0.64, Ногоон намаас нэр дэвшсэн Мөнхзаяагийн төлөө 47 буюу 1.21, бие даагч Уламбаярын төлөө 412 буюу 11.25, Т.Туул бие даагчийн төлөө 1277 буюу 35.94 хувийн санал өгчээ.

Сонгуулийн хорооноос хамгийн олон санал авсан нэр дэвшигчид болох Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ. Энэхүү дахин сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч Уламбаярын зүгээс мөнгө тараасан гэх гомдол ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн байгааг БЗД-ийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Хятадын дарга Си Жиньпин Европт айлчилж байна

Хятадын дарга Си Жиньпин Европт айлчилж буй. Энэ удаад тэрээр Франц, Итали, Монако гэсэн гурван оронд айлчлах гэж байгаа талаар өмнө нь мэдээлж байв. Си Жиньпинийг Итали улсад айлчлах үеэр өөрийнх нь санаачилсан Торгоны зам төсөлд тус улс нэгдэж байгаагаа мэдэгдсэн байна. “Их долоо” бүлгийн гишүүн орон болох Итали улстай Хятадын дарга 2.5 тэрбум еврогийн 29 гэрээг байгуулжээ. Тус улсад айлчилсныхаа дараа тэрээр Монаког зорьсон байна.