Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байдаг аж.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй гэсэн судалгааг гаргажээ. Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5 хувь нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ.
“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “Давсыг хоолны цэснээс хасъя” гэсэн уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр (11,5 гр) байгаа. Түүнчлэн түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.
Монголчууд “Давсгүй хоол хоолойгоор давахгүй” гэж ярьдаг. Харин давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хоолоо амтлах боломжтой талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:“Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж болох хоногт 5 граммаас хоёр дахин их байдаг нь тогтоогдоод байгаа. Насанд хүрэгсдийн хоногт хэрэглэх давсны хэрэглээг 5 грамм хүртэл болгож бууруулах нь хувь хүн болоод улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц эерэг үр дүнг авчирдаг. НҮБ-ын шинжээчдийн баг Монгол Улс дахь зүрх судасны өвчлөлийн хүчин зүйлийг бууруулах арга замын талаарх судалгаа явуулахад давсны хэрэглээг буруулах нь хамгийн үр дүнтэй арга зам гэсэн дүгнэлтэд хүрээд буйг онцлон тэмдэглэмээр байна. Түүнчлэн давсны хэрэглээ бууруулахад зарцуулсан нэг төгрөг тутам 15 жилийн дараа 16.9 төгрөгийн эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг эргэн авчирдаг гэсэн судалгаа ч байдаг” хэмээлээ.
Иргэд давсыг хоолны цэснээс хасах хамгийн эхний алхамд цайнаасаа давсны агууламжаа бууруулахыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна. Учир нь давстай болон давсгүй цай уудаг хүмүүсийн сүүлийн 24 цагийн шээснээс шинжилгээ авахад давстай цай уудаг хүмүүсийн давсны хэрэглээ хоёр граммаар их буй нь тогтоогджээ. Тийм учраас эхний ээлжид цайгаа давсгүй ууж заншсанаар давсны хэрэглээгээ хоёр граммаар бууруулах боломжтойг хэвлэлийн бага хурлын үеэр дурдлаа.