Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн байгаль орчны хамгаалах агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК болон тус төслийн мэргэжилтнүүд уул уурхайн үйл ажиллагаатай танилцах, байгаль орчны нөлөөлөл, нийгэм болон байгаль орчны асуудлыг тодорхойлох, бодит байдалд тулгуурлан шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн Заамар суманд энэ сарын 25-ны өдөр ажиллав. Энэ үеэр тус суманд үйл ажиллагаа явуулж буй “МонПолимет” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд уурхайн олборлолт, нөхөн сэргээлт болон орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авсан юм. Тус компани нийт 710 га-д нөхөн сэргээлт хийснээс 560 га-д нь биологийн нөхөн сэргээлт хийн 70 мянга гаруй мод суулгаж, амжилттай ургуулж байгаа аж.
Мөн төслийнхөн Заамар сумын Хайлааст багийн иргэдтэй уулзаж, уул уурхай дахь орон нутгийн иргэдийн оролцоо, нөлөөллийн талаар ярилцсан. Орон нутгийн иргэдийн хувьд уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй тоосжилт, ундны усны бохирдол их байгаа талаар хөндөж байлаа. Мөн уул уурхайн компаниуд орон нутгаас ажиллах хүч авах сонирхолгүй байдаг гэв. Хайлааст баг 800 орчим өрх айлтайгаас 140 гаруй нь малчин өрх байдаг бөгөөд бэлчээр, өвөлжөөний газар зэрэг асуудлууд тулгардаг байна. Багийн иргэд хууль бусаар алт олборлож амьжиргаагаа залгуулдаг талаар ч мөн яригдаж байв.
“Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төсөл нь БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК-той түлхүү хамтран ажилласан бөгөөд байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг удаа дараагийн сургалт хэлэлцүүлгээр сайжруулах, салбарын хууль дээдлэх зарчим, хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, холбогдох судалгаа, үнэлгээг хийх, уул уурхайгаас үүдсэн эвдэрсэн газрыг тоолох, тоолох аргачлалыг сайжруулах,хариуцлагатай уул уурхайн жишгийг нэвтрүүлэх, уул уурхайтай холбоотой хүний эрхийн асуудалд анхаарч, орчин нөхцлийг сайжруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.
Тус төслөөс энэ сарын 26-27-ны өдрүүдэд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ” сэдэвт семинарийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Монгол Улсад төсөл хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд хийсэн ажлууд, байгаль орчинд ээлтэй уул уурхайн засаглалд тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв, зорилгыг энэ үеэр хэлэлцэх юм. Семинарт малчид, байгаль орчны хамгаалагчид, төрийн болон орон нутгийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зэрэг байгаль орчны засаглалын оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, олон нийтийн 100 гаруй төлөөлөл хамрагдаж байна.