Categories
мэдээ нийгэм

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай боловсон хүчнээ олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилготой юм.

Арван нэг дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус хөдөлмөрийн яармаг 03 дугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд “ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-ийн үеэр 10:00-17:00 цагийн хооронд Мишээл экспод болно.

Хөдөлмөрийн яармагийн үеэр бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлан мөн нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид ажилд бүртгэж авна. Тус арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ хамтран зохион байгуулж байна

Categories
мэдээ нийгэм

Нүүрс түлдэггүй “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, Наян зургаан мянга дөрвөн зуу ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төслийн нээлтэд хэлсэн үгэндээ “Улаанбаатарчууд бидэнд олон асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудлуудын ард гарах хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл нийслэлчүүдэд бий. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр орон нутаг, нийслэл, засгийн газрын түвшинд бодлогын нэгдмэл байдлыг хангах нь бидний хамгийн чухал асуудал. Хүндрэл бэрхшээлийн ард гарахын тулд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн тус тусдаа зүтгээд шийдэгдэхгүй, ажил хариуцсан хүн бүхний үг үйлдэл, бодлого шийдлийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголт, дээрээс нь иргэн бүхний оролцоо хариуцлага, оролдлого чухал үүрэгтэй. Энэ гудамжнаас, энэ газраас, энэ хорооноос сайн жишиг бүх газар түгэх ёстой. Иргэн бүхэн амьдарч байгаа орчиндоо эзэн нь байж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд дор бүрдээ хариуцлагатай ажиллавал богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх бололцоо бидэнд дүүрэн байна. Урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал” гэж хэлэв.

“Шинэ гэр” төслийн тухайд энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Бригам Янгийн их сургуулийн инженерийн тэнхмийн багш, зөвлөх оюутнууд өнгөрсөн жилээс судалгаа хийж, Монголын нөхцөлд тохирсон инженерийн, дэвшилтэт шийдлийг олохоор ажиллажээ. Ингэснээр гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьж өгөх, нэг айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлаа үр дүнтэй гүйцэтгэж ийнхүү нээлтээ хийсэн байна. Цаашдаа 100 айлд гэрийн дулаалга хийх, халаалт тавих, 20 айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлыг эхлүүлэхэр төлөвлөжээ. Нэг гэрийг халаах дулаан зарцуулалтын төлбөр нь хайруулын тавгыг нэг цаг ажиллуулахаас бага зардалтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгч дурьдав. Түүнчлэн хүн бүр ашиглахад хялбар байхаар тооцож ханын эсгий давхаргуудын хооронд дулаан хадгалагч, тусгаарлагч нэмэх болон шалны модон дор дулаалга суурилуулах, нүүрс шатаадаг зуухнуудын оронд цахилгаан халаагуур тавих ажлыг далайцтай хийхээр төлөвлөжээ

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, боксын дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Берлин хотод ажлаад ирлээ.

Энэ үеэр “Аврагч” БТТСХ-ны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, Берлин хотын боксын холбооны ерөнхийлөгч Ханс Петер Мейснертэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.

Мөн тус хотод ажиллаж, амьдардаг монголчуудын “Цог” клубын үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцаж, нөхөрсөг тоглолтыг хийн, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбаттай уулзан, тус улсын Онцгой байдлын албатай хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгосын иргэн “каннабис”-ын төрлийн ургамал хадгалж байсныг илрүүлжээ

Энэ сарын 22-н буюу өнгөрөгч баасан гарагийн 23.00 цагийн үед БНСУ-ын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалж байна гэсэн дуудлагын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Хэргийн газарт шалгалт явуулахад БНСУ-ын иргэн өөрийн оршин суудаг байрандаа “каннабис”-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрчээ. Хэрэгт холбогдох нотлох баримтыг цагдаагийн байгууллага хураан авч шалгалт явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: С.Зориг агсны хэрэгт буруутгагдан шалгагдсан этгээдүүдийн эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхээр боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Эрүүдэн шүүсэн асуудлаар санал хэлэлцэж, С.Зориг агсны хэрэгт буруутгагдан шалгагдсан этгээдүүдийн эрүүдэн шүүсэн бичлэгийг одоо үзэх үү гэсэн санал хураалт явуулав. Гишүүдийн ирц 76-аас 46 61,3 хувьтай байлаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 78,3 хувийн саналаар бичлэгийг одоо үзэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримт бүрт гүүлэхэд дараах өөрчлөлт оржээ

Татвар төлөгчтэй харилцах газраас 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон байна. Тиймээс та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

1. Гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр ebarimt.mn-д шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон

-Өмнө нь тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болжээ.

2. Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313-т баримт бүртгэгдэхгүй

-Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.

3. Гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчлөх шаардлагатай

-Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах чанарын өдөрлөг боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах” нь сэдэвт чанарын өдөрлөгийг энэ сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч, чанарын албаны дарга, менежер, сувилахуйн албаны дарга, арга зүйч, хавдар, хөнгөвчлөх, хими эмчилгээний эмч, эм зүйч нарын төлөөлөл бүхий нийт 53 хүн оролцсон юм.

Энэ хүрээнд нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн дүнг танилцуулж, хавдар, хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээг сайжруулах зөвлөмжийн талаар ажлын хэсэг мэдээлэл хийж, цаашид хийх ажлынхаа талаар санал солилцлоо.

Мөн тусламж, үйлчилгээнд ахиц гаргаж байгаа Багануур эрүүл мэндийн төвийн хавдрын кабинетийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт, Налайх эрүүл мэндийн төвийн хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд мөрдөж буй журмууд, Сүхбаатар эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд эрвээхэй зүү хэрэглэсэн үр дүн, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн өдрийн хими эмчилгээний өрөөний зохион байгуулалт, анхан шатны бичиг баримтын хөтлөлт, химийн бодис асгарч цацарсан үед авах арга хэмжээ, өвчтөний ар гэр болон асран хамгаалагч нарт зориулсан хими эмчилгээний талаарх зөвлөмж, сурталчилгааны гарын авлага зэргийг танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцлаа.

Хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн сайн туршлагатай газар дээр нь танилцаж, бие биеэсээ суралцах нөхцлийг бүрдүүлсэн энэхүү өдөрлөг нь хавдар, хими, хөнгөчлөх тусламж, үйлчилгээнд багийн ажиллагаа, үүрэг оролцоо тун чухал гэдгийг ойлгуулсан үр дүнтэй ажил боллоо.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатааж гал алдан, ой хээрийн түймэр гарсан байна

Хуурайшилт их байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, амралт зугаалгаар явахдаа гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Ойрын өдрүүдэд шар өвс шатааж, гал алдсаны улмаас ой, хээрийн түймэр энэ сард хоёр удаа гарчээ. Энэ сарын 18-нд Толгойтын зүүн салаа Богинын ам буюу “Төгөл” амралтын газрын орчимд дөрвөн га газар хамарсан хээрийн түймэр гарсан бол мөн хоёр хоногийн өмнө Шадивланд хээрийн түймэр гарч, 10 га газар шатсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 26-ны өдрийн 02:30 цагийн орчимд Онцгой байдлын албанд иржээ. Гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 58 настай эмэгтэй, ой 6 сартай хүүхэд угаартаж нас баржээ. Одоогоор холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Онцгой байдлын албанд өдөр ирж буй нийт дуудлагын 90 хувийг объектын гал түймэр эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны солонгосын хэсгийн дарга Жу Хён-ыг хүлээн авч уулзав. Талууд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нарын ярьж тохирсон зүйлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцов. Тухайлбал, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, салбар тус бүрээр зорилтыг тодорхойлох, ГХЯ-д хоорондын яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, олон талт стратегийн яриа хэлэлцээний сувгийг бий болгох, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд үр дүнтэй зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тогтов.

Сайд Д.Цогтбаатар залуу дипломатчдыг дэмжих зорилгоор дэвшүүлж буй санал, санаачилгын талаар танилцуулж, соёл урлаг, мэдээллийн технологийн чиглэлд хамтран ажиллах, “М-К Pop” фестиваль зохион байгуулах, “Korea IT Camp” байгуулах асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн ар гэрийнхэнд виз олгох асуудлыг хөнгөвчлөх зэрэг чиглэлд солонгосын талын дэмжлэгийг хүсэв.

Түүнчлэн, Зүүн хойд Азийн Эрчим хүчний супер сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцов. Мөн Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхлэв

Image result for УИХ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.