Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан

Б.Цэнддоо “Г.Бадамдорж: Шар хүний “хар” түүх” ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг”(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын “Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан” бүлгээс толилуулж байна.


НЭГ. “ЭРХЭНДЭЭ ХАТСАН” АЛТАН УРАГ

Арай гэж нэгдэн улсаа тунхагласан монголчууд ердөө маргаашаас нь л мянганы уламжлалт аюул болох дотоодын хагарал нүүрлэв. Гадаад Монголын тусгаар тогтнол нь хоёр зуугаад жилийн тэртээ унтарсан, Чингис хааны залгамжлагчийн төлөөх хан нарын тэмцээнийг сэрээжээ. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхдээ оюун санааны удирдагчаа тойрон хүрээлж, Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөн нь хаан ширээний төлөөх хан нарын тэмцлийг тойрсон ухаалаг алхам байлаа. Гэвч ухаалаг алхмын араас ухаалаг гишгэдэл дагалдсангүй.

Богд Жавзандамба нь Чингисийн удмынхны гэр бүлд Г.Занабазарт хувилан анх мэндэлж, цаашдаа сүнс шилжиж, эргэн төрөх байдлаар найман үе дамжжээ. Хэдийгээр төвд мах цустай боловч Ламайзмын утгаараа “алтан ургийн сүнс”-тэн ажгуу. Дээр нь Жавзандамба болон бусад хутагтын хойд дүрийг язгууртны гэрээс тодруулахгүй байхаар журамласан Манжийн хааны зарлиг ёсоор “харц гаралтан, хар ястан” болж таарч байв.

Харин эзэн Чингис хааны алтан ургийн хан нар бол тэнгэрээс заяат эрх баригчид байв. Гэтэл эхэндээ төрийн тэргүүний ч, Ерөнхий сайдын ч суудал ногдсонгүй. Анхнаасаа л Түшээт хан Дашнямаас эхлээд, алтан ургийн хамгийн ахмад ханы хувьд өөрийгөө тусгаар Монголын төрийг тэргүүлэх үүрэгтэй хэмээн үзэгсэд байжээ.

Алтан ургийнхан төр барих амбицтай төдийгүй, сайн үүлдэр угсааны тэтгэлэг мялаалгад амташсан бүлэг болчихсон байв. Цаашдаа, Монгол Улс тусгаар тогтнон өөрийгөө санхүүжүүлэхийн зэрэгцээ тэдгээр ван, гүнгүүдийг өндөр албанд томилж, цалин пүнлүүгээр таслахгүй байх учиртай ажээ. Манжууд Гадаад Монголыг тогтоон барихдаа үлдээсэн хорлонт өв бол дээрх “эрхийн тэнэг” хүүхэд шиг болчихсон дээд ангийнхан байсан бололтой. Тэдний сор болсон хэсэг нь хувийн ашиг сонирхол, амь биеэ үл хайхран тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж явсан ч нэлэнхүй хэсэг нь цалин пүнлүүгээ хүртээд зүгээр хэвтэж явсан “Чингийн үеийн сайхан байдал” юугаа сэм мөрөөдөгсөд байсан шиг байна. Тиймдээ ч Халхын дөрвөн ханы өмнөөс 1911 онд Оросын хаанд илгээсэн захидалд сүүлийн хэдэн жил цалин өгөөгүй Бээжинд гомдлоо илэрхийлж байх билээ. Улмаар, Дилов хутагт Жамсранжавын дурсснаар бол Автономийн үед зөвхөн төрийн яамдад алба хашсан язгууртнуудад цалин өгөөд бусдыг нь орхисонд маш гомдож “Автономийг байгуулснаас Яамны албан хаагч бус ноёдын цалин тасалдсан зэргээс…таарамжгүй” үлдэж автономийг устгахад харамсахааргүй болж. Болсон төдийгүй Бээжин явсан ноёдод маш их бэлэг өгсөнд санаа нь ихээхэн хувьсч “Сайн ноён хан (Намнансүрэн), Дайчин жонон ван (Цогбадрах), Сартуул цэцэн ван (Жалчингомбодорж) нараас бусад нь Хятадад их бишрэлтэй”i болоод эхэлжээ.

1911 онд тусгаар тогтнолоо эргэн сэргээснээр тал нутгийн улс төрийн нөхцөл байдал тэртээ хоёр зууны урьд, Манжийн Вассал болохоос өмнөх үетэй төстэй байдалд орлоо. Монголчууд нийтээрээ шарын шашинд орохоос өмнөх үеийн уур амьсгал эргэн сэргэсэн мэт. Сэргэсэн мэт гэж юу хэлэх гээд байна гэхээр, тал нутгийн хаан ширээний төлөө тэмцэлд жинхэнэ болон хуурамч хан нар “орондоо унтах завгүй” үзэж тарж байсан цаг үеийн мэдрэмж эргэн ирснийг хэлж байна.

Тал нутагтаа оройлохын төлөө ус буцалж ирсэн Чингисийн удмынхны цөс хэзээ хөөрч болох вэ гэхээр, монголчуудын аархлыг базаж байсан харийнхны хяналт алдагдаж, хааны ширээ эзгүйрсэн үетэй давхцаж таарна.

Ийм тэмцэлд татагдсан тал нутгийн баатрууд ёс ярьдаггүй, ёс суртахуун баримталдаггүй. Ван хаан “булган дах”-гүй чичирсээр, Жамух “алтан бүс”-гүй нөмгөлсөөр нэгэн цагт зүйрлэшгүй ачилсан хүнийхээ гараар орж, орон зайгаа тавьж өгснийг “Нууц товчоо” нууж хаалгүй сургасаар ирсэн.

Гадаад Монголын язгуурт-нуудын өмнө Хутагт хувилгаадын намын өрсөлдөгч нараас гадна, Өвөр Монголоос ирэгсэд хөндөлдөн зогсож байлаа. Хайсан гүн, Манлайбаатар Дамдинсүрэн нараас эхлээд Монголын тусгаар тогтнолыг мандуулах үйлсийг санаачлагчид. Хэдийгээр тэд сүнс талаасаа ч, бие махбод талаасаа ч алтан урагт хамаарах юмгүй боловч дутуу үнэлэх аргагүй. Алтан ургийн сүнснүүдийг нэмж тодруулаад эхэлбэл яах вэ?

Манлай баатар Дамдинсүрэнгийн хамтаар Ховдыг чөлөөлсөн Хатанбаатар Магсаржаваас нэг айлтгал Богдод өргөж зарлиг гаргуулахыг хүссэн нь тэднийг бүр илүү сандаргаж, сэжиг тааврыг батлах мэт.

Хатанбаатар Магсаржаваас Ховдын тулаанд шалгарсан таван хүнийг алтан урагт зэрэг дэвшүүлж, тайж цол олгох санал гаргажээ. Энэ бол газар дэлхийд хүний биеийг олж төрсөн Будда болох Богд Жавзандамба хутагтын шийдлээр цоо шинэ “алтан ураг” төрж эхлэх гарц байлаа. Хойд дүр тодрох үзэгдэл шашны салбараас халиад төр лүү орж ирэх оролдлого.

Элдэв шид үзүүлэх чадамжтай төрөх нь хутагт хувилгаадын хойт дүрийг батлах шинж болдог. Тэгвэл, Монголын төрийн төлөө онцгойлон зүтгэж гавьяа байгуулах нь Чингис хааны удмынхны хойд дүрийн шинж байж яагаад болохгүй билээ. Хатанбаатар Магсаржав ийм үндэслэл гаргаж, Монгол төрийн шинэ маягийн элит анги төрүүлэн гаргахаар бодсон ч байж магадгүй.

Ван гүн нарын хувьд энэ нь тэвчишгүй зүйл байлаа. Алтан ураг “сүнс”-ээр дамжсан төрөл болох Өндөр гэгээний хойт дүрүүдээр өргөжиж явснаа бүр больчихоод одоо “зарлигаар төрдөг” болох нь байна. Эрх сүр, ургийн хэлхээгээ лам нартай тэсээд хуваалцаж ирсэн Чингисийн удмынхны хувьд энэ бол тэсэхэд бэрх зүйл байлаа. Тэр ч байтугай Чингисийн дүү Хасарын удмынхныг “төрөл тайж” гэхчлэнгээр ялгаварлаж, “ерөнхийдөө сайн үүлдрийнх боловч элит бус” хэмээн гадуурхсаар ирсэн байхад.

Ингээд толгойд нь түймэр ассан Монголын ван гүнгүүдийнхээ эв эеийг бодон, тэдний саналыг нь хүндэтгэсэн зарлигийг Богд хаан гаргажээ. Уг зарлигаар “…Тайж гэдэг нь Чингисийн угсааны нэр болох ба Сэргэлэнгийн зэргийн таван цэрэг бол угаас харц хуягийн ард мөн тул…зохиолдохгүй” гэдгийг тайлбарлаад, цаашдаа харц хүнд тайж гэдэг нэр өгөхийг “цаазлан хориглосон”ii байна.

ХОЁР. ШАШИН ДАГАСАН СЭХЭЭТНИЙ ДАВХАРГА

Богдоор удирдуулсан шарын шашны бүлэглэлийг зөвхөн эрх мэдэлд дурласан хуврагуудын нийтлэг байдлаар харах нь учир дутагдалтай. Тэдний ихэнх нь жирийн ардын дундаас хичээл зүтгэл, шашны боловсролынхоо чадвараар карьер хөөсөн хүмүүс байлаа. Шашны зүтгэлтнүүд нь хувь заяаны буянаар язгууртны гэрт төрөөд эрхлэн ямбалж өссөн, өөрийгөө төрөлхийн дээд зиндааных гэж үнэмшсэн алтан ургийн салаа мөчрүүдээс эрс ялгаатай. Тэрийгээ ч мэддэг байв.

Да лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзавын яамны бичээчээс эхлэн дэвшсэн бол Бадамдорж шанзав ч ядуу ардын гэр бүлээс өөрийн эрдэм чадлаар өндөрлөгт гарсан нэгэн аж. Язгууртны гэр бүлд төрөөд эрх танхи өссөн, удам угсаандаа найдан өсч өндийсөн ван, гүнгүүдийг бодвол ламын намынхан өөр өөрийгөө хүмүүжүүлж босгосон “Self-Made Mаn” хэмээн бардамнах үндэстэй. Шарын талын лидерүүд өөрсдийнхөө хувь заяаг эзэгнэн босгож чадсан шигээ улс үндэстнийхээ хувь заяаг үүрэх үүрэгт бэлэн гэж үзэж байлаа.

Ийнхүү Монголын “шашны нам” болон тусгаар тогтнолын хэрэгт оролцсон элит лам нар өөртөө нэн итгэлтэй төдийгүй, “эрхэндээ хатсан” алтан ургийнхнаас ч илүү Монголын оюун санааны удирдагчид болсон гэдэгтээ эргэлзэхгүй байсан бололтой. Анх шарын шашныг залахдаа, юуны өмнө хаан ширээний төлөөх алтан ургийнхны дуусашгүй тэмцлийг цэглэх, улмаар нийт монгол үндэстний үнэт зүйлийн нийтлэг үүсгэхийг зорьж байсан гээд бодохоор тэднийг бас буруутгах аргагүй юм. Анхдугаар дүрийн Богд Өндөр гэгээнээс хойш наймдугаар Богдыг хүртэлх шашны тэргүүнүүд хаана, хэний гэрт төрснөөсөө үл хамааран Гадаад Монголын оюуны удирдагч байж ирсэн түүх ч тэднийг зоригжуулсан байх.

Түүнийгээ ажил хэргээр ч баталгаажуулж, зөвхөн хан нарт олддог байсан цолуудыг харц гаралтай лам нартаа олгох болов. Ван гүнгүүд буюу алтан ургийнхан багтдаг эгнээг лам нараар тэлж, Да лам Цэрэнчимэдэд Чин ван, Да лам Дашзэвэгт гүн цол гэхчлэнгээр эхэллээ.

Олон улсын хууль эрх зүй ба Орос-Японы нууц тохиролцооны талаар ямар ч ойлголтгүй, хоёр том хөрштэйгөө тусаар тогтнолын хөзөр тоглох гээд харин ч өөрөө тэдний тоглоомын хөзөр болчихсон үед ламын талынхны хурц ухаан, логик дүгнэлтүүд онцгой ялгарч байв.

1911 оны сүүлчээр Оросын бодлого империализмын шинжтэй байгааг анх олж харж, яриа үүсгэсэн төдийгүй Хааны элчин Коростовичийн эгдүүг хөдөлгөсөн этгээд бол Да лам Цэрэнчимидiii байлаа. Тэрээр, Хаант орос улс Ар, өвөр Монголыг нийлүүлэн Монгол Улс байгуулахын эсрэг төдийгүй, Халхыг ч дангаар нь тусгаар тогтнуулах сонирхолгүй болохыг анхлан олж харсан юм. Хаант Оросын төлөөнийхний нэг сонин чанар бол өөрийнх нь хүсснээр гэнэн хонгор байгаагүй явдалд ихээхэн эгдүүцдэг зан юм. Да лам Цэрэнчимэдийн хэрсүү занд эгдүүцсэн Коростович 1912 оны Орос-Монголын гэрээний төслийг урж шидэх зэргээр авирлаж байв.

Улмаар, юмыг логикоор нь хөөж ойлгох гээд байдаг Да лам улс төрийн тавцангаас зайлуулагдан баруун хязгаарт томилолтоор явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Энэ явдал, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг татан буулгаж, Хятадын автономи болгосон 1915 оны “Гурван этгээдийн гэрээ”-ний өмнөхөн болжээ. Лам нарын төлөөлөл болох Да лам Дашжав ч “Гурван этгээдийн гэрээ”-нд Монголын талыг тэргүүлэн оролцож эхэлсэн боловч Орос-Хятадын ашиг сонирхлын нэгдлийг хэтэрхий анзаарч байснаас болоод эргүүлэн татагджээ.

Шашны сэхээтнүүдийн логиктой хурц сэтгэлгээ жирийн маргаан, хэрүүл дундаас ч гоц ялгарч харагдаж байв. Дилов хутагтын дурссанаар, Жалханз хутагт бээр Бээжин явж ирээд Сю Шүжаныг Богдод муулсан хэрэгт холбогджээ. Түүнийг Сийлэнбуугийн яамнаа дуудан учрыг лавлахад, миний бие дуулсан бүгдээ сайн мууг ялгалгүй Богдод айлтгах үүрэгтэй. Түүнийгээ л биелүүлсэн. Харин уламжилсан сайн мэдээг дараад, зөвхөн мууг нь дамжуулсан. Гэтэл миний ярианаас сайныг нь хасаад мууг дамжуулсан этгээдтэй танай яаман дээр нүүрэлдье хэмээн зөрүүлж тонгороод хэргээс эвтэйхэн мултарсан байх юм.

Хаант Оросын дипломатчид ч гэсэн ухаалаг хэрсүү лам нартай зууралдахын оронд арай гэнэн цайлган ван гүнгүүдтэй харилцахыг дээрд тооцсон бололтой. Энэ талаарх тайлангаа консул Любагаас Гадаад яамандаа илгээхдээ,

“Миний бие засаг төрийн төвд ард иргэдэд ойр байгаа Халхын ван гүнг тавимаар байна гэсэн манай улсын Засгийн газрын хүсэл эрмэлзлийг хутагтад уламжилж, хутагт нь түүнийг зөвшөөрснөө илэрхийлэв”iv гэжээ.

Эрмэлзээд зогсохгүй ламын талын төлөөлөлт оролцсон бол цаашдаа яриа хэлцээ хийхгүй гэдгээ ойлгуулах болжээ. Японы эрдэмтэн Тачибана Макатогийн үзсэнээр,

Монголчуудтай шууд хэлэлцээнд орохын өмнө Да ламын оронд “Оросын итгэл найдварыг хүлээх ван гүн бэлтгэж” хэлэлцээрийг үр ашигтай явуулах бэлтгэлийг хангаж байсан хэмээн таамаглагдахаар байна”v

Сүүлдээ лам нар ба ван гүнгүүдийн энэ ялгарал нь Монголын хамгийн сул цэг болохыг хол ойргүй анзаарсан бололтой. Хятадууд төдийгүй Нармай Монголыг байгуулагсад хүртэл энэ зөрчил ялгаан дээр тоглолт хийхийг санаархах аж. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен И-гээс төвдөө явуулсан мэдээлэлд “Семеновчууд хар, шар феодалуудын дотоод зөрчлийг ашиглан Богд гэгээнийг түлхэн унагаад засгийн эрхийг ван гүнгүүдэд шилжүүлэн өгөх санаа”vi-тай байгааг дурдсанаас харахад.

Шарын талынхан ч өөрсдийгөө бэхжүүлэхэд хэтэрхий анхаарч ирсэн нь Монголын өрийг удирдах ангийн дотор үүссэн ангалыг улам ч өргөсгөжээ. Тэд татвар төлөгч энгийн ардууд, тайж нараас ялангуяа чинээлэг баян этгээдүүдийг хэтэрхий олноор нь, бүр дургүй хүрмээр ихээр нь шавьд элсүүлэн авчээ. Тухайлбал,

“…шавь ардын тоо 1909 он ба Чин улсын сүүлчийн Хэвт ёсны тэргүүн онд хүрээний сайдад мэдүүлэхэд таван түм таван мянга дөрвөн зуун далан ес (55479) байсан бол автономит засгийн 11 онд (1921?) тоолсон Их шавийн тоонд…найман түм есөн мянга гурван зуун ер (89390)хэмээсэн лүгээ нийлүүлэн үзвээс даруй гурван түмэн (30.000)хүн ам нэмэгдэж”vii

татвараас чөлөөт бүсийг зузаалжээ.

Нөгөө талд байсан алтан ургийнхан буюу ван, гүн нар нь Чингис хааны үеэс уламжлалтай алтан ургийнхны ноёрхол дээр л Монголын тусгаар тогтнол оршино гэсэн бат үнэмшилтэй хэвээрээ ажгуу.

I Дилов хутагт Жамсранжав. Ар Монголын улс төрийн дуртгал. 1949. Завхан судлал. VIII. Завхан судлал төв ТББ.2018. тал 74.

II Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 113.

III Баабар. Монгол түүх. Дэд боть. Нэпко. 2017. Тал 371.

IV 1912.6.7 нд Оросын ГХсайд С.Д.Сазановт Өргөөгийн консул В.Ф.Любагаас явуулсан илтгэлээс. Тачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал71.

VТачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал 75.

VI Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 172.

VII Г.Наваанннамжил. Автономитийн үеийн гадаад Монгол Улсын түүх.Г.Навааннамжилийн бүтээлийн дээжис. Улаанбаатар. 2011. Тал 129

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 28-нд болох үйл явдaл

08.30 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал болно. Утас: 88109945, 88081693

09.00 цагт “Формаса төв”-д “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт болно. Утас: 99089666, 99209315, 99160069

09.00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааны танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн арга зүйч нарт зориулсан сургалт болно. Утас: 88013705, 96635753, 99285651

09.00 цагт АШУҮИС-д Эрдмийн сургуулийн нээлт, “Агаарын бохирдол ба Эрүүл мэнд” зөвлөгөөн болно.

09.00 цагт Монголын хөдөө аж ахуйн хохшоологчдын үндэсний холбоонд “Бэлчээрийн зохистой менежмент” хэлэлцүүлэг болно. Утас: 99051208, 99287297

09.30 цагт Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Шинжлэх ухаан, технологийн санд “Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл” цуврал хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Засгийн газрын XI байранд ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Пума” зочид буудалд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно. Утас: 91915340, 99047423, 99903808

11.30 цагт Соёл, урлагийн газарт ОХУ-ын гавъяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, алдарт хөгжимчин Сергей Судзиловский мэдээлэл хийнэ. Утас: 99849000

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.00 цагт БХЯ-ны Их танхимд Баянмонгол чуулгын нэгдсэн тоглолт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Гэр хороолол хөдөлгөөнөөс ирэх сарын 05-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.00 цагт Ардчилсан намын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Б.Булганы эрхийг ноцтой зөрчиж, маш хүнд хэцүү нөхцөлд цагдан хорьж байсан

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн билээ. Хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар бүлэглэн үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээр 20-24 жилийн хорих ял оноосон. Тэгвэл дээрх хэргийг илрүүлэхдээ хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож тарчлааж байгаа бичлэгийг Тагнуулын ерөнхий газраас АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Дээрх хэрэгт холбогдуулан Тагнуулын хоёр мөрдөн байцаагч, ШШГЕГ-ын хоёр алба хаагч нарыг цагдан хориод буй. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аван, хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан албан тушаалтнууд яллагдагч нарыг эрүүдэн шүүж, ноцтой гэмт хэрэг үүрүүлсэн гэх асуудал нийгэмд тархаад байна. Тэгвэл 2016 онд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар талийгаач С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож байсан Төв аймгийн хорих ангид очиж уулзаж байсан. Тухайн үед Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдэл хийж байсан юм.

Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх ноцтой асуудал сүүлийн үед яригдах боллоо. 2016 онд та Төв аймгийн хорих ангид саатуулагдаад байсан Б.Булганыг эргэж очсон. Түүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар та мэдэгдэл хийж байсан. Түүний эрх хэрхэн зөрчигдөж байсан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Төв аймгийн хорих ангид саатуулагдан шалгагдаж байсан Б.Булганы ээж УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргаж байсан юм. Дээрх өргөдөлтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан миний бие УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болдын хамт Төв аймгийн хорих ангид очсон. Тухайн үед хорих ангид саатуулагдан хоригдож байгаа олон хүнээс өргөдөл ирсэн байсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байсан гэсэн үг. Төв аймгийн хорих анги руу ганцхан Б.Булгантай уулзахаар яваагүй. Өөр олон хүнтэй уулзсан. Тус хорих ангид очих үед биднийг маш сонин нөхцөл байдал угтсан. Хорих ангийн хаалгаар УИХ-ын гишүүдийн автомашин орж ирэнгүүт тусгай албаны ажилтнууд камер бариад хүрээд ирсэн. Камераа асаагаад биднийг дагачихсан. Өмнө нь сэжигтэн, яллагдагч дээр очиж, уулзаж байхад ийм асуудал огт болж байгаагүй. Бид Б.Булганаас өөр хүмүүстэй уулзаж байхад камер араас огт дагаагүй. Харин Б.Булганы хоригдож байгаа жигүүр рүү очих үед камераа асаагаад эхэлж байгаа юм. Хорих ангийн дэд дарга Б.Булган тэнд хоригдож байгаа гээд заасан. Тэгээд бидний ард үлдчихсэн. Миний бие түрүүлж алхаад Б.Булган хоригдож байгаа гэх камерын үүдэнд очсон. Тэгсэн том биетэй, тусгай албаны хувцастай гурван залуу нуруундаа гараа үүрээд, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихсон байсан. Биднийг энэ хэсэг рүү оруулж болохгүй гээд хашаад зогссон. Ингээд “УИХ-ын гишүүн өргөдлийн дагуу ажлаа хийгээд явж байна. Та бүхэн ажилд саад учруулж болохгүй” гэж хэлсэн. Мөн “Та нарын мөрдөж байгаа хэрэг нууц байж болно. Би хэргийн материалтай танилцах гэсэнгүй. Хүнтэй уулзах гэж явна. Та нар хэргийн материалыг нууцад авч болно. Хүнийг нууцад авч болохгүй. Монгол Улсын иргэнийг нууцад авч болохгүй. Иргэн нууцын объект биш” гэдгийг ч хэлсэн. Гэвч уулзуулахгүй гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр нь “Биднийг уулзуулахгүй гээд байгаа даргатайгаа ярь. Би та нарыг даргатайгаа ярьж дуустал энд хүлээж байя” гээд шалан дээр хоёр хөлөө жийгээд суусан.

-Тухайн үед хорих ангийн коридорт хоёр хөлөө жийгээд сууж байгаа таны зураг шуугиан болж байсныг санаж байна. Тэгээд юу болсон бэ?

-Газар 10 гаруй минут суусан. Тэгсэн нөгөө тусгай албаныхан холбоо, хэрэгслээр ярьж байснаа “Таныг орж уулзаж болно гэж үүрэг өгсөн” гэж хэлсэн. Ингээд Б.Булгантай хорих ангид нүүр тулж уулзсан. Хэний зөвшөөрлөөр орж уулзсан гэдгээ одоо хүртэл мэдээгүй.Миний алхам бүрийг камераар бичлэг хийж баримтжуулж авсан байсан. Б.Булганыг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байгаа нь харахад л мэдрэгдсэн. Хорих ангийн хамгаалагчаас эхлээд эргэн тойронд нь дан эрчүүд байсан. Хийж байгаа бүх зүйл нь маш тод харагдах торон хаалгатай орчинд хоригдож байсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байсан. Мөн тэнд хоригдогсод бүгд төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байсан. Б.Булган надад “Анх олон эрчүүдийн нүдэн дээр бие засах гэхээр ичиж зовдог байсан. Сүүлдээ тоохоо болиод байна. Дандаа хүн харж байхад бие засдаг” гэж хэлсэн. Би хорих ангиас гарч ирээд “Залхаан цээрлүүлэлт маш их байна. Б.Булганыг өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй юм байна. Холбогдох газруудад өргөдөл гаргаж өгөхөөр хуулийн дагуу шийдэж өгдөггүй. Захиаг нь хэнд ч өгөхгүй хадгалчихдаг. Харанхуйд унтах эрх байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг хорьж цагдаж байгаа байдал нь хүний эрхийн наад захын дүрэм, журмыг зөрчиж байна. Залхаан цээрлүүлж байна. Хамгийн ноцтой нь Б.Булганы өмгөөлөгч олон нийтэд үг хэлэх ямар ч эрхгүй болчихсон байсан. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий хуулиар эрх нь тодорхой тогтоогдчихсон өмгөөлөгч ажлаа хийж чадахгүй, үйлчлүүлэгчээ өмгөөлж чадахгүй байгаа хүний эрхийн хамгийн том зөрчил ажиглагдсан. Хохирогч нь дуугарах эрхгүй, өмгөөлөгч нь дуугарч болохгүй байгаа байдал нь хүний эрхийн маш гүнзгий зөрчил” гэж би харсан, бас ярьсан. Өмгөөлөгч өмгөөллөө хийж чадахгүй байгаа юм чинь өмгөөлүүлж байгаа хүн ямар байх нь тодорхой биз дээ. Энэ талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Зөвхөн мэдэгдэл хийгээд энэ асуудал зогсоогүй. Олон улсын парламентын холбооныхон ирчихээд С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар судалгаа хийгээд явж байсан. Би тэдэнд нөхцөл байдлын талаар танилцуулж, Б.Булганы эрх зөрчигдөж байгааг хэлсэн. Европын холбооны хүний эрхийн байдлыг судалж ирсэн судлаачид энэ асуудлыг бас хэлж, танилцуулсан. Б.Булган дээр олон улсад мөрдөгдөж байгаа хүний эрхийн наад захын журам, эрх зөрчигдөж байна гэдгийг маш тодорхой байдлаар олон нийтэд хүргэсэн. Тухайн үед миний бие шалан дээр суугаагүй бол Б.Булгантай уулзаж чадахгүй гарах байсан. Тагнуулынхан камераар бичлэг хийгээд Ц.Оюунгэрэл гуай янз бүрийн асуудал яривал та ч гэсэн энэ хэрэгт холбогдоно гэсэн байдлаар хандсан.

-Та С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан байдал, шүүх хурлыг үнэн зөв шийдэгдсэн гэж үздэг үү. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх зөрчигдсөн талаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа сонсож байсан уу?

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Хэргийн хамгийн гол амьд гэрчийг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн. Тэгэхээр шүүх хурлын эрхийг тагнуулынхан булаан авсантай адилхан. Шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой. Шүүх хэргийн гэрчийг өөрсдөө оруулж байх ёстой. Хэрэгт холбогдолтой хэнийг ч өмнөө зогсоогоод асууж тодруулах эрхтэй. Тэрийг оруулна, энэ хүнийг оруулахгүй гэдгийг шүүх мэдэх ёстой. Гэтэл шүүгчийг тагнуулынхан удирдсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дээр дүгнэж хэлэхэд шүүх эрх мэдлээ алдчихсан. Шүүгч бүх талыг бүрэн сонсох үүргээ биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуулиар олгогдсон эрхээ шүүгчид эдэлж чадаагүй. Тэгэхээр энэ хэрэг үнэн шударгаар шүүгдэх ямар ч боломжгүй. Хэргийн гол гэрчийг оролцуулалгүй шүүх хурал болсон нь хэнд ч энэ хэргийг илрүүлсэн нь худлаа, жүжиг гэдэг нь шууд мэдэгдэж байгаа юм. Энэ хэрэг дээр хүний эрхийн олон улсад мөрдөгдөж ирсэн хэм хэмжээ алдагдсан. Засаглалын хэм хэмжээ алдагдлаа гэж тухайн үедээ шүүмжилж байснаа санаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Р.Батбаатар: Тогооч нарыг хариуцлагатай болгох гэж тангараг өргүүлдэг болж байгаа

Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатартай ярилцлаа.


-Тогоочийн тангараг өргөх ёслолд нийт хэдэн тогооч оролцсон бэ?

-Тогооч бол хоол үйлдэрлэдэг гэдэг утгаараа маш их хариуцлага хүлээж, эрүүл мэндийн манаанд зогсож байдаг мэргэжил. Анагаах ухаанд эмчлэгдэх гэж ярьдаг болохоос биш, хоног тутамдаа хоол хүнсээр тэжээн тэтгэгдэнэ гэж төдийлөн ярьдаггүй. Хүн эхлээд хоолоор тэжээн тэтгэгдэж байж дараа нь идсэн хоолоороо эмчлэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Биднийг томоохон шинжлэх ухаан дагаж явж байдаг.

Энэ удаагийн Тогоочийн тангараг өргөх ёслолд “Юна” рестораны таван салбарын болон “Гранд циркүс” рестораны тогооч нар гэсэн нийт 33 тогооч нар хамрагдаж “Тогоочийн тангараг”-аа өргөлөө. Энэхүү ёслол нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

-Тогооч нар тангараг өргөх болсны ач холбогдлыг та юу гэж харж байна?

– Тангараг өргөх ёслол нь тогооч нарын нэр хүндийг өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тогоочийн мэргэжлийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хоолны эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэх ач тустай. Тиймээс энэхүү ёслолд оролцож байгаа тогооч нарын ажилдаа хандах идэвх, санаачилга нэмэгдэж, урам зориг орж, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрөх болно. Түүнчлэн ажилтан, ажил олгогч хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгал үүснэ. Нэг үгээр хэлбэл итгэл бий болж байгаа юм.

-Цаашдаа тогоочийн тангараг өргөх ёслолыг уламжлал болгох уу?

-Тогооч бид эрүүл мэндийн манаанд зогсдог хүмүүс. Энэ ч утгаараа үүнийг уламжлал болгон зохион байгуулах бодолтой байна. Бид өмнө нь Монголын тогооч нарын холбооноос зохион байгуулдаг “Улсын аварга тогооч” шалгаруулах тэмцээнүүдэд шүүгчийн тангараг өргөх үйл ажиллагаагаар тэмцээнээ эхлүүлж явуулдаг байсан. Удахгүй “Чингис хааны цом” хэмээх олон улсын тогооч нарын тэмцээнийг хоёр дахь удаагаа буюу зургадугаар сарын 5-9-ний хооронд “Мишээл экспо”-д зохион байгуулагдах гэж байна.

Бид цаашдаа тогоочдын дунд тэмцээн зохиохдоо “Тогоочийн тангараг” өргөх ёслолоор тэмцээнээ эхлүүлэх болно. Манай холбооны гишүүн байгууллага болох ААН байгууллагаас “Тогоочийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгуулж хоол хүнс үйлвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тогооч нарыг энэхүү тангаргаа өргөж ажилладаг байхыг уриалж байна.

-Өмнө нь тогоочид тангараг өргөдөггүй байсан. Тангараг өргөх нь зүйтэй гэж үзсэний шалтгаан нь юу байв?

-Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсийг үйлдвэрлэлийн аргаар эхний шатнаас эцсийн шат хүртэл явагддаг үйл явцыг хэлнэ. Энэ хооронд тогооч хүн өргөсөн тангаргаа бодож эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг хангахыг зорих ёстой.

-Тогооч нарын гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

-Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоол хийнэ гэдэг бол өмнө байгаа бүтээгдэхүүнийг боловсруулаад, таван хоол хийж чаддагаа тогооч болчихлоо гэж үзэх биш. Манайд тогооч хүн өөрийгөө улам цаашаа хөгжүүлж мэргэшиж, хүнсийг судалж, хүнсий талаарх мэдлэгээ дээшлүүлэх тал дээр дутагдалтай байна гэж үздэг. Тогооч хүн гэдэг нийгмийн бас нэгэн содон бүтээгдэхүүн. Сүүлийн үед манай улсын тогооч нар олон улсын тэмцээн уралдаанд оролцож түвшин ахиж байна. Энэ бол шинэ бүтээгдэхүүнийг хүлээн авах, шинэ техник технологийг хүлээн авч нэвтрүүлэх тал дээр шаналж байгаагийн нэг хэлбэр. Энэ ажил, мэргэжлийг зарим тогооч хэрэглээний талаас нь хараад байна. Өөрөөр хэлбэл хүн бол ажил хийж мөнгө олох, орлоготой ажилтай байх ёстой гэдэг талаас нь хардаг. Одоогийн ажил олгогч нарын тавьж байгаа санал бол зөвхөн хоолоо сайн хийж чаддаг тогооч биш. Харин сайн менежер, сайн зохион байгуулагч байхыг шаарддаг болсон.

-Нийтийн хоолны газрууд юун дээр анхаарах ёстой байдаг вэ. Сүүлийн үед хоолонд хордох асуудал гараад байна?

-Нэн тэргүүнд хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандах ёстой. Энэ зарчим бол аль ч салбарт байдаг. Хоолыг урлаж хийдэг учир нэгдүгээрт бүх хоолондоо сэтгэлээ шингээж, төвлөрч хийх нь чухал. Тогооч хүн хариуцлагатай байхгүй бол хүнд хор ч хүргэнэ, хоол ч хүргэнэ. Тийм учраас маш хариуцлагатай, мэргэжилдээ эзэн нь байж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгаас чухал үүрэг юм. Зарим ресторанууд өөрсдийнхөө амтыг үйлчлүүлэгчиддээ тулгадаг. Гэтэл тухайн хоол нь хүн бүрт таарч тохирно гэж байхгүй. Өөрөөр хэлбэл нэг размерийн гутлыг хүн бүхэн өмсдөггүйтэй адил.

-Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд юун дээр голчлон анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Бидэнд стандарт гэж байдаг. Энэ нь үндсэн хууль байхгүй юу. Хоол хийнэ гэдэг ясан дотор гурил хийж өгөхийг хэлэхгүй. Хэрвээ ингэвэл тухайн хоол ямар ч технологигүй, тухайн хүнд ямар ч шим тэжээлгүй буцлаад ялзарсан мах л очно. Тэгэхээр стандарт буюу технологи байна гэдэг маханд байгаа шим тэжээл, гуриланд байгаа цавуулаг чанарт агуулагдсан минераллаг бодисыг алдагдалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх нь бидний зорьж хийх ёстой зүйл. Үүний хажуугаар ажилдаа хандах хандлага, төлөвшил гээд олон зүйл яригддаг. Тогооч хүний нэгдүгээр дүрэм бол ажилдаа сэтгэлээрээ хандах, хоёрдугаарт стандарт, дүрэм горимоо баримталдаг байхад хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад асуудалгүй.

-Ер нь тогоочийн хариуцлагагүй алдаанаас үүсэх зөрчлийг ямар хуулиар шийдвэрлэдэг юм бол?

– Хүнсний салбарт гарсан зөрчилтэй асуудлыг Хүнсний аюулгүй байдлын тухайн хуулиар зохицуулдаг. Аливаа хүнстэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагаас зөрчил илэрсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхэлж шалгаж зөрчлийн шалтгааныг тогтоодог. Үүний дараагаар ямар хариуцлага хүлээлгэхийг шийднэ гэсэн үг.

-Зөрчил гаргасан тогоочид ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Тухайн тогоочийн зөрчил гаргасан шалтгаанаас хамаараад тогоочоор ажиллах эрхийг хасах хүртэлх хариуцлага хүлээлгэдэг. Одоогоор ноцтой зөрчил гаргасан тогооч нарт хариуцлага тооцох тухай ямар нэгэн хуулийн зүйл заалт бол байхгүй гэв.

Тогоочийн тангараг

Тогооч би……

Төрийн хуулийг чандлан сахиж

Эрхэм үйлчлүүлэгч ард түмнээ

Эрүүл аюулгүй, амт чанартай хоол хүнсээр хангаж

Мэдлэг чадвар, ёс зүй, ур чадвараа харамгүй хайрлаж

Зүрх сэтгэлээ дайчлан ажиллахаа тангараглая

Тангараглая

Тангараглая

Тангараглая

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Доржгочоо: Сумынхаа клубийн жижигхэн тайзан дээр гарахдаа одоо ч сандардаг

Дуучин Л.Доржгочоотой ярилцлаа.


-Дуучин хүний хувьд цомгоо гаргаж, тоглолтоо хийнэ гэдэг бол нэг ёсны том баяр, нөгөө талдаа маш их хариуцлага юм шиг санагддаг?

-Уран бүтээлийн цомог гэдгийг би тухайн хүний бүтээж буй өв гэж ойлгодог. Хорь гаруй хүний уран тансаг аялгуу, үгийн урыг цуглуулан бүтээсэн бүтээлээ гардан авах сайхан юм билээ. Багагүй цаг хугацааны хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээ бусдад хүргэж, тоглолтоо хийнэ гэдэг ч асар их хариуцлага байдаг юм байна.

-Дуучдыг нэг тоглолт хийгээд л Соёлын тэргүүний ажилтан, гавьяат болчихдог гэж шүүмжлэх хүмүүс бий л дээ. Гэтэл тухайн уран бүтээлч анхны бие даасан тоглолтоо хийх хүртлээ асар их саад бэрхшээл, олон бартаат даваа туулсан байдгийг олонх нь мэддэггүй?

-Хүмүүс ор үндэсгүй зүйлийг шүүмжилдэггүй байх л даа. Миний бодлоор уран бүтээлч хүн үгүйдээ ядаж Монгол орныхоо хамгийн ойроос алс хязгаар хүртэлх аймаг, сумдад хүрч уран бүтээлээ хүргэсэн байж гэмээнэ улсын хэмжээний шагнал яригдах эрхтэй болов уу гэж боддог.

Амаргүй л дээ, олонд танигдаж, тоглолтоо хийнэ гэдэг балчир хүүхэд байхын хүсэл мөрөөдлөөс эхлээд үзэгчийн танхим дүүрэх хүртэл их амаргүй бартаа туулна. Уран бүтээлч байх туйлын их хүсэл тэмүүлэлдээ л хөтлөгдөнө шүү дээ.

-Таны “Хатан гоо”, “Бүсгүй намар”, “Миний сайхан аав” гээд олон сайхан дууг мэднэ. Дуу хоолойг тань сонсоход нийтийн дуунаас хальж гарсан тансаг хоолой сонсогддог юм. Их цэвэр, хүчтэй цээл дуугардаг?

-Баярлалаа. Хүний байгалиас заяасан жаахан авьяасыг мундаг багш нар л өнгөлж, зүлгэж, дуугаргаж хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэдэг юм шүү дээ. Миний багш нар ардын жүжигчин А.Долгор, Х.Уртнасан, Г.Хайдав агсан, гавьяат жүжигчин Баясгалан, Б.Дамдинсүрэн нар. Дэндүү мундаг хүмүүсээс номын дуу сонссон би маш азтай хүн шүү.

-Аливаа хүн ямар нэг чиглэлээр, ямар нэг мэргэжил эзэмшихэд өсч төрсөн нутаг ус, аав ээжийн нөлөө их байдаг. Таныг дуучин болоход юу ингэж хүчтэй нөлөөлсөн бол?

-Би Төв аймгийн Бүрэн сумын хүүхэд л дээ. Хөдөө нутагт өссөн маань дууч түмнийхээ нэгэн адил дуунд дурлахад минь нөлөөлсөн байх аа. Ээж маань ч мөн найр наадамд сайхан дуулдаг. Одоо бодох нь ээ сумын клубийн эрхлэгч Шар эгч, Баттулга ах нар маань жаахан бор хүүг их дэмждэг байжээ. Хичээлээ тараад л сумынхаа клуб руу гүйгээд очно. Тавдугаар ангиасаа анх сумынхаа тайзан дээр гарч эхэлсэн дээ. Одоо ч нутагтаа тэр жижигхэн тайзан дээрээ гарах бүртээ их сандарна аа, нутгийнхаа түмний өмнө их хариуцлага хүлээж, сайн уран бүтээлч байж, сайхан бүтээлүүд хийх сэн гэж хичээж л явна.

-Таны үеийнхэн, СУИС-ийг хамт төгссөн нөхөд тань Монголын нийтийн дууны урлагт хүч түрэн орж ирж өөрсдийн гэсэн өнгө төрх, дуу хоолойг гаргаж байна гэж харагддаг?

-Тийм шүү. Бидний үеийнхэн тун чиг хөдөлмөрч, шаргуу залуус бий. Манай үе тэнгийнхнээс дуучин Болд, Мөнгөнцэцэг, Чулуунчимэг, Нямжав, Найдандорж, Чинбаяр, Нямзагд, Хандмаа, Цогсогмаа, Билгүүнээ зэрэг олон залуус өөр өөрийн өнгө аясаараа тодорч байна.

-Таныг дуулах дуугаа сонгохдоо дууны шүлэгт нь их анхаардаг гэж сонслоо. Үг шидтэй гэдэг шүү?

-Тийм шүү, шидтэй гэдэгт би бас итгэдэг. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж монголчууд хэлдэг шүү дээ. Дуучин хүний дуу зүгээр нэг хүний чихэнд хүргээд өнгөрөх биш, үргэлжид давтан давтан, олон зуун хүмүүст дуулан хэлсээр байдаг. Иймд аль болох учрал ерөөлтэй шүлгэнд татагддаг даа.

-Анхны тоглолтоо хийхээр төлөвлөн товоо гаргаад тасалбараа худалдаанд гаргачихаар сандрах ч юм уу, яах бол гэсэн нэг тийм битүү хүлээлт үүсгэдэг болов уу гэж боддог юм. Одоо танд ямар мэдрэмж төрж байгаа вэ?

-Нойр хүрдэггүй юм байна (инээв). Маш их эрчимлэг хүчээр дүүрэн байдаг юм байна. Би ийм том ажил төлөвлөсөн учир эрч алдалгүй ард нь амжилттай гарах ёстой гэсэн бодлоор завгүй гүйгээд л байна.

-Бие даасан тоглолт гэдэг том ажил. Энэ ажилд хамжилцаж, дэмжиж байгаа хүмүүс гэвэл тоймгүй их байлгүй?

-Анхны тоглолт учраас хамт олон, ах дүү нар ач холбогдол өгч, дэмжиж туслаж байгаад баяртай байна. Мэдээж хөрөнгө санхүүгийн тусламжгүйгээр бие даасан тоглолт хийнэ гэдэг амаргүй. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Од Девелопмент”, ерөнхий зохион байгуулагчаар “Дунд Урт” продакшны Ц.Жамбалсүрэн ах маань, найз, дуучин Б.Болд нар ажиллаж байгаа.

-Дуучид, уран бүтээлчид ихэвчлэн бусдын ятгалгаар л анхны тоглолтоо хийцгээж байгаа нь харагддаг. Таныг тоглолтоо хий гэж хэн хэн ятгав даа?

-Үе тэнгийнхэн маань илүү нөлөөлсөн байх аа. Би чинь олон уран бүтээлчдийн тоглолтын зохион байгуулалтад ажилласан шүү дээ. Бараг арван хоёр гурван тоглолт байх аа, Монгол орныхоо бүх сумаар тойрсон. Анхны цомгоо гаргасны дараа найз нөхөд, гэр бүлийнхнийхээ саналыг жил тойрон бодсоон, тэгээд л өөрийн тоглолтоо хийе гэж зориглолоо.

-Тоглолт тань хаана болох вэ?

-Монгол бөхийн өргөөнд ирэх сарын 8-нд болно. Тоглолтын маань нэр “Хатан гоо”. Миний төрсөн өдөр л дөө.

-Хүн болгон эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг. Та ямар үед дуучин болсноороо бахархаж баярладаг вэ?

-Ер нь урлагийн хүний ажил жаргалтай л даа. Хэнээр ч албадуулахгүй, албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхгүй, хөдөлмөрөө ард түмнээрээ үнэлүүлдэг, чин сэтгэл зүрхээрээ хийдэг ажил шүү дээ. Хүний сэтгэлээс гарсан аялгуу хэн нэгний сэтгэлд хүрэн хөглөгдөхийг харан мэдрэх сайхаан.

-Хүмүүс ярьдаг шүү дээ. Монголоор дүүрэн бөх, дуучин байна. Улс эх орны бүтээн байгуулалтад эдний оруулах хувь нэмэр гэж юу байх вэ гэх нь бий. Гэтэл соёл урлагаа дэмждэггүй, уран бүтээлчдээ харж ханддаггүй улсад хөгжил тийм амар ирдэггүй. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Баярлалаа, тантай санал нэг байна. Урлагт хөрөнгө оруулна, бодлогоор дэмжинэ гэдэг тухайн улсын соёлын өв бүтээх, үнэт түүх үлдээх, нийгмийн хөгжил дэвшилтэй шууд холбоотой шүү дээ. Гэхдээ манай ард түмэн бол урлагийн асар өндөр мэдрэмжтэй, олон зуун жилийн соёлын түүхтэй хүмүүс. Бид хэв маягаа өөрчлөвч, гээж, ангижирна гэж хэзээ ч үгүй биз ээ.

-Уран бүтээлчдийг амжилттай явахад гол нөлөөлдөг зүйл бол ар гэр, хань ижил. Та гэргийгээ танилцуулаач?

-Гэргийг маань Нарангэрэлийн Энхбүрэн гэдэг. Би гэргийгээ олны дундаас анх хараад л дурласан. Дурласан хүнээ хайсан. Хайсаар байгаад олсон хүн маань нэг нутаг усны хүн байж таарсан. Хань маань намайг шинэ уран бүтээл хийх бүрт, дуулахаар гарах бүрт сайхан үгсээр үргэлж тэтгэдэг. Урлагийн мэдрэмжтэй, сайхан эмэгтэй бий. “Төгөлдөр гоо” дуугаа би ханьдаа зориулан бүтээсэн. Хүү маань одоо хоёр настай, зорьсон зорилготой, хүсэл тэмүүлэлтэй амьдрахад гэр бүл маш их чухал хөшүүрэг, урам зориг болдог юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д ““Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс ““Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан” хэмээх нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраа: Удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болохгүй хэмээсэн байна.

“Баримт, үйл явдал” нүүрт Ч.Ядмаа:Шүүгчдийн хуйвалдаанд хариуцлага тооцож тогтолцоог өөрчилмөөр байна хэмээв.

Ц.Элбэгдорж: Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй, Хууль зүйн сайдгүй байсан нь дээр хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.

Боловсрол” нүүрт Ё.Баатарбилэг: Ирэх есдүгээр сар гэхэд ЕБСийн сурах бичгийг хүрэлцээтэй болгоно гэжээ.

ҮАБЗ-өөс шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг томилох хууль батлагдлаа хэмээн “Улс төр” нүүрт бичив.

“Дара эхийн шүншигт Усан зүйлийн тэнгэр дор хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт тэмдэглэсэн байна.

Ц.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг Ц.Амгаланбаатараар тамлуулсан бичлэгийг гишүүд үзэв гэж “Улс төр” нүүрт бичжээ.

“Энэ тухай” нүүрт Хөгжлийн бэрхшээл бусдаас тусгаарлагдах шалтгаан биш гэв.

Алиалагч Д.Батсүхийн хөгтэй явдлууд хэмээн “Дурсахуй” нүүрт өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрээс Д.Трамп НАСА-гийн удирдлагуудад “даалгавар” өгчээ хэмээх мэдээ мэдээллийг уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ.

Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан шахуу хуваариар хуралдаж, эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, ажлын хэсгийн гишүүд уртасгасан цагаар ажилласны үр дүнд ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байна.

Сэтгэл, зүтгэл гарган, цаг хугацааг чанд баримталж ажилласан Та бүхэндээ талархал илэрхийлье.

Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталлаа. Татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Татварын шинэ хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг удаа хялбаршуулсан журмаар тайлан гаргаж, 1 хувийн, 50-300 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 2 удаа тайлан гаргаж, мөн 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно. Үндсэндээ эдгээр аж ахуйн нэгж 1 хувийн татвартай болж байна гэсэн үг.

Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын дарамт мэдэгдэхүйц багасаж, татвар төлөх, тайлагнахтай холбоотой зардал нь буурч, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжих боломж бий болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн албан татвар ногдуулах орлогын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болголоо. 3-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох татварыг 15 хувиар буурууллаа.

Улсын Их Хурал орон нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын ачааллыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ ч үүднээс Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Татвар төлөгчдөө дэмжсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулсан эдгээр хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрнээ нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй ажиллаж байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагын, хууль тогтоогч бидний иргэд, баялаг бүтээгчдийн өмнө хүлээсэн эрхэм үүрэг мөн. Үүргээ сайн биелүүлэх нэг алхмыг эдгээр хуулиар бид хийж чадсан гэж бодож байна.

Төр чанаргүй бараа худалдан авдаг гэсэн шүүмжлэл олон оныг элээсэн. Тендер шалгаруулалт нь албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, авлига авах эх булаг болж байна гэсэн яриа тасрахаа больсон. Тендер тойрсон маргаан хугацаа хязгааргүй үргэлжилсээр байна. Ийм маргаанаас болж иргэнээ эмчлэн сувилах эмнэлэг, ирээдүйн эзэн бяцхан үрсийн минь эрдэм боловсролд суралцах сургууль, өсөн торниж, хүмүүжин төлөвших цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж, ашиглалтад орж чадахгүй байгаа нь нэг ёсны эмгэнэл юм. Энэ арчаагүй байдлыг арилгаж, тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах зорилготой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас баталлаа.

Энэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө.

Эрхэм гишүүд ээ,

Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон. Түүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан.

Тиймээс Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм.

Хууль батлагдсанаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байна. 2018 оны дүнгээр 22 тонн буюу рекорд хэмжээний алт тушаасан амжилтаа ахиулж, Монголынхоо баялгийг Монголынхоо хөгжил, монгол хүнийхээ сайн сайхны төлөө зориулах үйлстээ их амжилт олохыг алтны салбарынханд хүсэн ерөөе.

Ээлжит бус чуулганы явцад иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн 10.000 өрхийн орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон ногоон байгууламж болгох, Улаанбаатар-Дарханы чиглэлийн хатуу хучилттай автозамыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэхэд шаардагдах зээлийн болон санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, хэлэлцээрүүдийг зөвшилцөж, энэ чиглэлээр хүлээгдэж байгаа ажлаа түргэтгэх боломжийг Засгийн газарт олголоо.

Цаашид иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжих аливаа асуудлыг эн тэргүүнд, хугацаа алдалгүй шийдвэрлэх зарчмыг Улсын Их Хурал чанд мөрдөх болно.

Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хуулийн дагуу зөвшилцөж, саналаа хүргүүллээ.

Улсын Их Хурлаас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө нийтийн сонсгол заавал зохион байгуулж байх тухай санал, санаачилгыг зарим гишүүд гаргасан. Саналаа ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй байгаа гэдгийг сануулъя.

Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангахад нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга чухал ач холбогдолтой. Бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг үндсэн зорилго нь иргэдийн оролцоог хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хангахад оршиж байгаа билээ. Та бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Ардын ухаанаас төрийн ухаан төрнө” гэсэн онч мэргэн үг бийг санаж, сонгогч иргэдээ төлөөлөн төрийг түшиж яваа гэдгээ ямагт ухамсарлаж байх учиртай.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал мөн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалахын тулд харилцан бие биедээ хяналт тавьж байх учиртай. Үүнийг Үндсэн хуулийн хяналт тэнцэл гэдэг. Ийм ч учраас үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, монгол хүнйи амьд явах эрхэд халдаж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоож, хууль шүүхийн байгууллагад, цаашлаад төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь шударга ёсны төлөөх иргэдийн хүсэмжлэлд хариулт өгөх нэг үндсэн нөхцөл мөн гэж үзэж байна.

Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна.

Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байж, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх нь эрх зүйт төрийн мөн чанар билээ.

Эрхэм гишүүд ээ,

Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тиймээс чуулганы бэлтгэлийг сайтар хангахад өнөөдрөөс эхлэн онцгой анхаарах хэрэгтэй байна.

Хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон чухал хуулиуд биднийг хүлээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Төрийн алба, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагад эрх зүйн шинэчлэл хийх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, зөвхөн хууль засагладаг, иргэнээ дээдэлсэн тогтолцоог хэлбэрэлтгүй төлөвшүүлэх зорилгодоо Та бид хамтын сэтгэл, хүчин чармайлтаар хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, баталсан хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хойш тавилгүй сайтар зохион байгуулахыг Засгийн газарт захиж хэлье.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөснийг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг батлав

Эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байсангүй.

Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.

Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Үнэхээр аймшигтай, эмгэнэлтэй Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд байна. Ард түмний нэг хэсэг хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор байна. Өнөөдөр хууль тогтоогч 75 гишүүн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Үнэхээр энэ хүмүүсийг тамласан хүмүүс хуулийн дагуу хамгийн дээд ялыг хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгож мэдэх хуулийг баталж болохгүй. Ярилцаж байгаад энэ хуулийг дэмжсэн ч чоно борооноор гэдэг шиг юм болох вий.

Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал батлагдвал ҮАБЗ хуулийнхныг чөлөөлж болох асуудал дээр санал нэгдсэн. Гэтэл одоо Хуульт засаглалыг үгүй хийж мэдэх хуулийг батлах гэж байна.

Бусад улс оронд бие даасан хараат бус шүүхээм хэн нэгэн дарангуйлагчид өгсөн гашуун түүх бий. Дарангуйлагчийн тогтолцоо руу шилжих хуулийг баталчих вий гэхээс эмээж байна.

Монгол Улсын 512 шүүгчийн асуудал яригдаж байхад ШЕЗ дуугүй сууж байгааг гайхаж байна.

19:05 2019/03/27

Хууль зүйн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр дараа нь үг хэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж ард иргэд ярьж байна. Монгол залууд хэрэг хүлээлгэхийн тулд өтгөн, шингэнтэй ус асгаж байхыг харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаа руу цогцос шидэж байхыг харлаа, 21 дүгээр зууны Монголд.

ҮАБЗ хууль хяналтын байгууллага дээр онц дэглэм тогтоож, гартаа авах цаг нь болсон.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулахаар төлөвлөсөн ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж дуусч байгаа учраас өнөөдөр завсарлуулна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр цаг сунган хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслүүдийг хэлэлцэн батлаад ээлжит бус чуулганыг хаахаа мэдэгдсэн юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр баталсан тохиолдолд ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд: Монголын хууль хяналтын байгууллагад хар толбо болохоор зүйл болжээ

Чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих эсэхээр санал хураасан ч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар “Эрүүдэн шүүсэн нь нотлогдож, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгч, АТГ, прокурорын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх цаашлаад эрүүгийн хариуцлага хүртэл арга хэмжээ авах” саналыг гаргасан нь Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулганы хуралдаанаар дэмжлэг аваагүй нь энэ юм.

Яг одоо Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар 26 минутын бичлэгийг үзжээ.

Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөртөө багтан уг хуулийн төслийг батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхтэй холбоотойгоор Төрийн ордонд түр хөл, хорио тогтоогоод байна. Мөн сэтгүүлчдийг ордноос гаргасан.

Бичлэгийг үзсэн гишүүдийн сэтгэгдэл:

Шадар сайд Энхтүвшин: Маш муухай юм байна. Өөр хэлэх юм алга. Ер нь айхтар юм болж. Даралт ихтэй хүмүүс үзээд хэрэггүй юм байна.

УИХ-ын гишүүн Гарамгайбаатар: Нэлээн айхтар зүйл харлаа. Монгол Улс хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулахаар зорьж байгаа. Хяналт тавьж хууль бищлүүлэх ёстой улсууд ийм байдалд орооцолдсон байгаа нь үнэхээр санаа зовмоор. Монголын хууль хяналтын байгууллагад хар толбо болохоор зүйл болсон байна.

УИХ-ын гишүүн Сумьяабазар: Сэтгэгдэл хэлсэнгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэхээр хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоогоогүй байхад иймэрхүү эрүүдэн шүүх арга хэмжээг авч болох уу? Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг: Нэгэнт Засгийн газар мөрдөн байцаах ажилд саад болохгүй ийм хэсгийг задалсан, ил болгох шийдвэр гаргасан. тэр хүрээнд тагнуулын байгууллага 20 орчим минутын бичлэг үзүүлсэн. Түүнийг үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдаг юм болов уу гэмээр санагдлаа. Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа.