Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарчээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315-ыг нь шалгаж шийдвэрлэжээ.

Тус албанд бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14 хүн гэмтсэн байна. Эдгээр ослын хэлбэрийг үзвэл, явган зорчигч мөргөсөн 9, автомашин хоорондоо мөргөлдсөн 11, гэрлийн шон, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол гарсан байна.

Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
  • Мөн Баянзүрх дүүргийн нутаг Цайз төвийн урд замд “Mercedes benz” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас “T.Pruis”, “N.Caravan”, “T.Pruis” маркийн гурван автомашинтай мөргөлдөж, зорчигч хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож, өртсөн жолооч нэг, явган зорчигч хоёр бүртгэгдсэн байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслол зохион байгуулдаг билээ.

Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна.

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Баасан гаригт дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу энэ баасан гарагт тээврийн хэрэгсэл улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно.

НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж тогтоосон байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэн, амардаг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Популизм улс орныг юунд хүргэдэг вэ?

Популизмын сонгодог жишээ болсон Венесуэлийн 250 мянган боливар нэг америк доллартай тэнцэж байна. Жижиг тоотой дэвсгэртүүд нь гудамжаар хийссэн Венесэул тэрбумын тоотой мөнгөн дэвсгэрт хэвлүүлэх тухай яриад эхэлчихсэн. Иргэд нь таван сая, арван сая гэсэн аварга тоотой дэвсгэртүүдээ уутлаад өндгөнд дугаарлаж зогсож байгаа энэ улс Бразилтэй хиллэх хэсгээ хаагаад буй. Мадуро “Одоо Колумбтай хилээ хаана” гэж мэдэгдсэн тухай мэдээлэл хөвөрч эхэллээ. Учир нь Венесуэлээс дүрвэгчид Колумб, Бразилаар дамжин гарч байгаа юм. Арми нь Мадурогийн талд учраас өнөөхөндөө энэ улсад шинэ засаглал тогтсон гэж хэлэхэд эрт байна.

Уго Чавесын залгамжлагч хэдэн генералаа хэр удаан хугацаанд мөнгөөр атгахыг ч таамаглах боломж өнөөхөндөө алга. Венесуэлийн ширэнгэ ой, уул хадтай ном боловсролоос хол тосгодынхон армийнх нь 70 хувийг бүрдүүлдэг гэх статистик дуулддаг. Манай энгийн иргэд хятадуудад дургүй шиг тэндэхийн хар масс Америкчуудад дургүй гэх шалтгаан бас бий. “Америкчууд удирдагчийг маань үгүй хийх нь” гэхэд л буугаа онилох харанхуй масс армийнх нь дийлэнх хувийг эзэлж байгаа учраас Венесуэлд өнөө маргаашгүй нар мандана гэхэд хэцүү. Гэхдээ популизм хэтрэхээрээ эдийн засаг туйлдаж унадагийн жишээг хамгийн тод харуулж байгаа газар нь яах аргагүй Венесуэл. Эдийн засаг нь өнөөдрийнхөөс ч уруудаж тартагтаа тулсан хойно Мадурогийн дэглэм унах нь гарцаагүй гэж шинжээчид онцолж байна.

Популизмын хувьд популюс буюу ард түмэн гэсэн латин үгнээс гаралтай. Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодит бус, биелэгдэшгүй хэдий ч тухайн нөхцөлд олон нийтэд таалагдах амлалт, лоозон дэвшүүлэн тавих үйл явц гээд ойлгочихож болно. Улстөрийн толь бичгүүдэд “Үл бүтэх амлалт, хийсвэр лоозон гэх мэтийг ашиглан массад нэр хүндтэй болдог үйл ажиллагаа” хэмээн тайлбарласан нь бий. Орчин үеийн улс төрд популист гэдгийг массын толгойг эргүүлэгч гэж тодорхойлсон үг, өгүүлбэр ч таардаг.

Популизмыг XIX зууны төгсгөлд үед АНУ-д үүссэн гэдэг. Тухайн үед Америкт аж үйлдвэржилт үсрэнгүй хөгжиж байсан юм. Хотууд томорч, том хөрөнгөтнүүд бий болж, фермерүүд, ажилчны хөдөлгөөн ангийн тэмцлийн хэлбэрт орж байсан цаг. Ээлжилж засаглаж байсан БНН, АН-д хүн ам итгэхээ байж, гурав дахь намыг хүсэмжлэх болсон үе хэмээн түүхчид онцолдог. Ийм шалтаг шалтгаанаар 1891 онд Америкт Ардын нам нэртэй популист нам байгуулагдаж байж. Шинэ нам 1892 оны сонгуулиар 9 хувийн санал авсан юм байна. Тэд фермерүүд, ажилчдын хүсдэг зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байжээ. Төмөр замыг улс хянах, найман цагийн ажлын өдөртэй болох, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, сенатыг шууд сонгох, газрын үнийг хөнгөлөх гэх мэт амлалтууд хөвөрч байсныг Америкийн түүхээс харж болно. АН Брайаныг 1896 онд ерөнхийлөгчид сойх үед Ардын нам АН-д нэгдэн орсноор популизм жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэдэг. Сонгуулийн дүнгээр АН өмнөх сонгуулиас нэг сая санал илүү авсан нь популизмын гавьяа байсан гэж улс төр судлаачид онцолдог. Амлалтаа хэтрүүлсэн учраас Брайан ерөнхийлөгч болж чадаагүй гэсэн дүгнэлт Америкийн өнгөрсөн түүхэнд бий. 1930-аад оны их хямралын жилүүдэд популизм цэцэглэсээр Германы нацистуудын гол зэвсэг болсон нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн гашуун сургамжуудын нэг. Популизмыг яруу тодоор хийж чадсан улстөрчдийг Муссолини, Гитлер нар түүчээлдэг. За тэгээд хуучин социалист орнууд, ойрхоны жишээ гэвэл Эрдагон, Мадуро, Африкийн улсууд популизмын тод жишээнүүд.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас барууны ертөнцийн улстөрийн лидерүүд популизмыг хэрэгтэй үедээ ашиглаж явсан жишээ ч дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө бий. Наад захын жишээ гэхэд л М.Тэтчер, Р.Рейган нарыг дурдаж болно. Гэхдээ тэд өнгөн дээр олонд таалагдах гэж гоё үг унагадаг байсан ч ачир дээрээ тийм байгаагүйг явуулсан бодлогууд нь нотолдог. Тэгэхээр наад өнгөндөө популизмын аястай ишлэлийг нь аль ч орны улстөрчид мэдэгдэл, илтгэлтдээ онцолсоор ирсэн гэсэн үг. Өнөө ч дэлхийн том улстөрчид иймэрхүү хандлагатай үгийг эшилсээр яваа. Төмөр хатагтай нэрээрээ дэлхийн түүхэнд үлдсэн Маргарет Тетчер “Их Британийн эдийн засаг бол гэрийн эзэгтэйн удирддаг гэр бүлийн төсвөөс огт ялгаагүй”, жүжигчин, уран илтгэгчээрээ АНУ-ын Ерөнхийлөгч нараас онцгойрдог Рональд Рейган “Ямар ч хүнд асуудлыг амархан шийдэж болно” гэх мэтээр ярьж алга ташилтын бороо оруулдаг байсан ч үнэн хэрэгтээ хэзээ ч ийм маягаар ажилладаггүй байсан юм.

Хөгжингүй орнуудын тухайд нэг статистикийг дурдахгүй өнгөрч болохгүй. Популизмд хүн амынх нь 40 орчим хувь өртөмтгий гэсэн судалгааны хариу байна. “Популизм хэзээ ч олонх болж байгаагүй ч дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэдэнд санаачилгаа алдсан гашуун туршлага Европт бий. Тиймээс Европт энэ асуудалд эмзэг хандаж, асуудлаа ойлгох чадвартай сэхээтнүүдийг олон түмэнд зөв ойлголт өгөхийн тулд илүү их ярь гэж дайчилж байгаа харагддаг” гэж pax­mongolica.org-д онцолжээ. Ямартаа ч популизм үзэл суртлынхаа хувьд Европт сэргэх бололцоогүй ч хөдөлгөөн, хам шинж хэлбэрээр гарсаар байгаа аж. Бас нэг шинэ мэдээ дуулгая. Иргэдийнхээ олонхын саналаар Европын холбооноос гарна гэж зөрүүдэлж буй Английн аяглалыг популизмын нэг хэлбэр гэсэн тайлбар ч дуулдаад эхэлж. Английн энэ байр сууриас болж фунт стерлингийнх нь ханш лав уруудаад эхэлчихсэн. Англи Европын холбооноос гарвал үүсэх асуудлууд шилээ дарж буй, үр дүнд нь Их Британийн эдийн засаг хэцүүдэх зураг харагдаж байгаа тухай эдийн засагчдын байр суурь ч олны анхааралд байна. Хөгжингүй орнуудын популист улстөрчдийн нэгд Трамп зүй ёсоор багтдаг. Гэхдээ АНУ-ын тухайд бизнес нь жамаараа хөгжсөн учраас хэчнээн том ч бай, хэн нэг улстөрчийн попрол эдийн засагтаа сүүдэр болдоггүй онцлог бий аж.

Эндээс популизм хаана хүчээ авч, цэцэглэж, улс орнуудыг мөхөөдөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хөгжилтэй, бодлоготой улсуудын хувьд ажиглагдах төдий өнгөрдөг бол хөгжиж буй, хөгжил дорой орнуудад газар авдаг онцлогтой гэсэн тайлбарыг улстөрч судлаачид хэлдэг.

Популизм бүх нийтийн сонгууль, тэгш эрх гэх мэт ардчилалын тодорхой институцтэй орнуудад үүсдэг юм байна. 1985 он хүртэл ажиглагдаагүй популизм ЗХУ-ын задралын дараа хүчтэй анзаарагдаж эхэлсэн гэсэн тайлбар дуулддаг. Зөвлөлт холбоот улсын сүүлчийн сонгуулийн үед амлагдсан мөнгө тус гүрний жилийн орлогоос тав дахин илүү байсан жишээ бий.

Улс төр, эрх зүйн соёл доогуур, нийтийн засаглал хөл дээрээ зогсож амжаагүй газар популизм өргөн хүрээтэй өрнөдөг гэж улс төр судлаачид онцолдог. Төсөөллийг бодит байдлаас ялгах чадваргүй, сайн удирдагчтай болж тэргүүлэгчээ бурханчлахыг, өрсөлдөгчийг нь няц гишгэхийг хүсдэг масс популистуудын дуртай хоол нь гэнэ. Хүн амын ихэнхийнх нь амь зуулга муудахад, нийгэм эдийн засаг, улстөрийн тогтворгүй байдал газар авахад популизм хүчирхэгждэг байна. Сонгууль, бүх нийтийн санал асуулга популизмын идэвжих таатай хөрс гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ийм үеүдэд нийтийн үнэт зүйлсийг өөрчлөх оролдого ихэсч, улс төрийн тэмцэл ширүүсдэг байна. Ийм шалтгаанаар олны төөрөгдөл дээд түвшинд хүрч амлалтын гипнозид амархан автдаг аж.

Популизм үзэл суртал, хөдөлгөөн, синдром буюу хам шинж гэсэн гурван төрөлд оршдог гэнэ. Амин сүнс нь нийгмээ “цэвэр ард түмэн”, “бохир эрх баригчид” гэсэн хоёр хэсэгт хуваах явдал аж. “Монголчуудын туулаад ирсэн социализм, коммунизм бол уул шугамандаа популизм. Нийгмээ ажилчин анги, жижиг хөрөнгөтөн гэж ангилна. Ажилчин анги засгийн эрх барих ёстой хэмээнэ. Жижиг хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураана, барина, хорино. “Цэвэр ард түмэн” алаад өг гэж орилолдоно. Тэр дагуу хэдэн арван мянгаар нь ална тална. Бидний л туулсан зам. Гэхдээ тэр нийгэмд эрх чөлөө нь байгаагүй тул бүгд популизмын боол явсан. Өнөөдрийн тухайд эрх баригчдыг бохир харагдуулах өчнөөн арга байна. Үнэн худал нь хамаагүй тэрбум тэрбумаар нь идсэн ууснаар цоллож, авилгачнаар нь дуудахад хангалттай. Үе үеийн Ерөнхийлөгч, дарга сэтэртэй явсан хүмүүсийг элдэвлэвэл үе үеийн эрх баригчид адгийн болж харагдах нь ойлгомжтой. Тийм л үйл явдал Монголд өрнөөд байна уу даа гэж санаа зовох юм. Монгол орон зах зээлд орсноос хойш хэрэгжүүлсэн цор ганц том төслөөр ганц нэг ерөнхий сайдыг биш, болж өгвөл хоёр, гурвыг бариад 30 хоног боловч шоронд суулгачихвал популизмд Монголыг живүүлэх маш сайн алхам болж байна. Популизм хийх жор хаана ч адилхан. Америк, Европ, Монголд ялгаагүй. Популизм хийх бас нэг өөр арга нь харийнхнаар айлгах явдал. Америк, Европт цагаачдаар айлгана. Монголд хужаагаар, ОУВС-аар айлгана. Ингэснээр популист “эх орончид” тодрох бололцоог бий болгодог” хэмээн М.Энхсайхан www.paxmon­golica.org сайтдаа онцолжээ. Популизм газар авахад олон хүн хам шинжээр өвчилдөг гэнэ. Намаа цэвэрлэнэ, намууд хэрэггүй, төр мафижсан, чанга гар хэрэгтэй гэх элдэв яриа популизмын хам шинжийн нэг гэх тайлбар дуулдаж байна.

Популистууд эдийн засагт мөнгийг хэрхэн олох вэ гэдэгт бус, мөнгийг хэрхэн үрэн таран хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг учир эхний шатанд зээл авах, бонд босгох зэргээр өрөнд баригдаж, удаахь шатанд үнэ, ханшийн цохилтод өртөж хямралд ордог гэнэ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх тухай асуудал хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Уг нь манай улс энэ байгууллагад 2004 оноос хойш ажиглагчийн статустай явж ирсэн. Гэтэл өнгөрсөн жилээс ШХАБ-ын жинхэнэ гишүүнчлэлтэй орон болъё гэх яриа гарч эхлэв. Эрдэмтэн судлаачид, энгийн ард иргэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ШХАБ-д орох нь“зөв”, “буруу” гэж талцаж байх зуур манай зарим яам, агентлаг түрүүчээсээ элсээд эхэлсэн бололтой. Үүний баталгаа нь Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийнх гэх тодотголтой тэр мэдэгдэлд “…Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно…Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай…” гэжээ. Эндээс харахад тус яам ШХАБ-д аль хэдийнэ элсээд зогсохгүй дүрмээр нь ажиллаж байгаа бололтой байна.

ШХАБ-ын гол дүрэм бол ардчилсан үзэл санааны эсрэг байдаг. Төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлдэг ардчилсан дэглэмийг хэрэгжүүлэхээс шууд татгалздаг гэсэн үг. Ингэснээр албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчид дур зоргоороо ноёрхлоо тогтоох боломж нь цогцолдог. Яагаад гэвэл тотилатор дэглэм ШХАБ-ын үзэл санааны цөм нь юм. Энэ нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини 1925 онд өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тотилатор дэглэм гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгэхээр тотилатор дэглэмийг муулж, шүүмжлэх нь хориотой. Хэрэв энэ дэглэмийн удирдагчийг нь элдвээр хэлэх юм бол шууд барьж хорьдог гэж байгаа. Тэрийг нь гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээрээ дамжуулан “Цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ хяна” гэсэн санааг тодоос тод анхааруулаад байна шүү дээ.

Бас түүний мэдэгдэл ШХАБ-д элсэхийг хамгийн ихээр эсэргүүцэж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт зориулагдсан гэж харагдаад байгаа. Энэ тухай “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улстөржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай… Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байгаа юм л даа.Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хариуцлагатай иргэн, жирийн иргэн гэж тусгаарлаж заадаггүй.

Монгол Улсын иргэн гэж тодотгосон байдаг. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл Монголын нийт ард түмэнд хандсан гэж ойлгогдохоор байна. Үүгээрээ тэд “ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж болохгүй, хөрш орнуудын удирдагч болох В.Путин, Си Жиньпин нарыг элдэвлэн гоочилж болохгүй” гэж лүндэн буулгаад монголчуудыг зааварчилж эхэллээ. Үүгээрээ ШХАБ-д “хөл тавьсан” Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхэнд халдаж байгаагаа мэдэж байна уу.

Энэ мэтчилэн манай гадаад бодлогыг тольдогч яам, төрийн томчууд, дарга нарын ярьж, хэлээд байгаа үгсийг хараад байхад Монгол Улс ШХАБ-д элсэх шинжиндээ орж байх шиг байна. Зүгээр нэг нийгэм даяар шуугьсан хөөс биш болж таарлаа. Ард түмэн тэнэг биш. Асуудлын буруу, зөвийг ялгана. Юуны тулд бид улс орны болоод ард түмний эрх ашигт үл нийцсэн төр баригчдын харалган шийдвэр, хувийн ашиг сонирхлын эсрэг тэмцэж чаддаг эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Ард түмэн ШХАБ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд амархан болсон.

Сошиал сүлжээ хүн бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх талбар бол энэ. Хуучин цагт шударга бусын өөдөөс зөвхөн “Өдрийн сонин” л ганцаараа үзэлцдэг байсан. Одоо ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индэр болсоор байгаа. Тэгвэл өнөөдөр бид хань ихтэй болсон шүү.

Эцсийн бүлэгтээ Монгол Улс ШХАБ-д орох, орохгүйг УИХ л шийднэ. Байнгын хороогоор нууцаар санал оруулж, зөвшилцөх маягаар асуудлыг явуулсан ч парламентын хуралдаан ард түмэнд нээлттэй хүрч байгаа. Эндээс хэн нь ШХАБ-д элсэхийг дэмжиж, хэн нь эсэргүүцэж буйг нь ил тод харах боломжтой. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд гишүүд найдваргүй, барьцаанд орсон харагдаад байна. Яалт ч үгүй ЖДҮ-дсэн 14 гишүүн эрх баригчдын кнопны барьцаанд дэгээдүүлсэн бололтой. Тэдэн дээр нэмээд ШХАБ-ын үзэл санааг дэмждэг хорин хэдэн гишүүн түвэггүйхэн олдчихно. Ингээд УИХ-ын олонхын шийдвэрээр Монгол Улсын хувь заяа тотилатор дэглэм рүү очиход ойрхон байна. Тэгвэл яагаад ийм хяналттай, эрх чөлөөгөө хязгаарлуулсан нийгмийн замыг сонгож,ШХАБ-д орох гээд үхэн хатан тэмцээд, эрчимтэй тэмүүлээд байна вэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн ашиг сонирхол гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ бол өнгөлөн далдлалт. ШХАБ-д элсэхэд эдийн засаг ямар ч хамаагүй. Цаад зорилго нь Орос, Хятад зэрэг дарангуйлагч улсуудад эрх ашиг нь нэгдсэн, тэдэнд дагаар орсон улс төрийн том зүтгэлтэн нарын шоронд насаараа хатахаас бултах цорын ганц арга нь ШХАБ байна.

ШХАБ-ын дүрмээр нэг хүн насан туршдаа дарга хийнэ. Сонгууль болсон ч дахиад л сонгогдсон мэтээр жүжиглэж улираан зална. Учир нь тэр удирдагчаа шүүмжилж, муулсан хүн баригдаж, хоригдох учир ноёрхол нь бат бөх оршдог. Харин манайд парламентын сонгууль болбол одоогийн улс төрийн өндөр, дунд шатны зүтгэлтнүүд бүгд унана. Ард түмэн тэднийг дахиж сонгохгүй болохоор төрд гарч чадахгүй гэдгээ өөрсдөө ч сайн мэдэх биз. Тэгээд ч заримыг нь ял шийтгэл хүлээж байгаа гэх юм билээ. Ийм нөхцөл байдлаас бултаж, насаараа төрийн удирдлагыг гартаа авахын тулд Монголын ард түмнийг барын аманд барьж өгөх гэж байх шиг байна.


Categories
мэдээ цаг-үе

Мэргэжилдээ үнэнч Ц.Нямаа гуайнх

“Би 1951 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт төрсөн. Манай аав, ээж Идэрмэгийн улс. Одоо Идэрмэг сум баг болсон. Тийм учраас өөрийн байгуулсан эмнэлгээ “Идэрмэг” хэмээн нэрлэсэн” гэж Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэдрэлийн эмч Ц.Нямаа даруухнаар яриагаа эхлүүлэв. Өдгөө нас хэдийнэ жар хол гарсан ч хөнгөн шингэн хөдөлгөөн, зөөлөн харц, дулаахан инээмсэглэл нь эрхгүй анхаарал татна. Мэдрэлийн эмчээр 40 гаруй жил ажилласан түүнийг салбарынхан нь сайн мэднэ. Ингэж ажиллах хугацаандаа олон арван эмч бэлтгэж, тэд нар нь өдгөө П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Харвалтын төвийн дарга, мэдрэлийн их эмчээр ажиллаж байна. Хэдий тэтгэвэртээ суусан ч “Бурхан надад хэд хүртэл нас хайрлана, түүнийгээ хүртэл эмчээрээ ажиллана даа” гэж мэргэжилдээ үнэнч эрхэм эмч маань хэлж байлаа. Биднийг “Идэрмэг” мэдрэлийн эмнэлэгт очиход хөл ихтэй байв. Нас дээр гарсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаатай таарав. Хэдий жижиг эмнэлэг ч хэрэндээ эрүүл хүний төлөө зүтгэж байгааг харж болохоор байлаа.

Ц.Нямаа гуай Хэнтий аймгийн төвийн арван жилийн сургуулийг төгсөөд 1967 онд Анагаахын дээд сургуульд элссэнээр анх Улаанбаатарт хөл тавьсан гэнэ. Тухайн үед дөнгөж 16 настай охин хотод ирж байж. Өөрийнхөө бага насны тухай тэрбээр “Манайх зундаа Хэрлэн голын эрэг дээр бууж, үнээ мал саадаг.

Цагаан идээ боловсруулах ажилд дайчлагдана. Эхээс 12-уулаа. Дээрээ ганц ахтай, олон дүүтэй айлын том охин учир “ээж” шиг л байсан даа” гэж байв. Түүнийг эмч мэргэжлийг сонгоход дунд сургуулийн ангийн багш Даваа их нөлөөлсөн гэнэ. Ц.Нямаа гуай аймагтаа анагаахын ганц хуваарь ирснийг авчээ. Уг нь химич болох сонирхол байсан ч багш нь түүнд Анаагахын хуваарийг аваарай гэж зөвлөснийг дагаж энэ мэргэжлийг сонгожээ. “Манай аав, ээж Идэрмэг сумын малчин гаралтай улс. Аав маань Жигжидийн Цэдэнсодом гэж хүн байсан. Өндөрхааны сангийн аж ахуйд тракторчин, комбайнчин байж байгаад сүүлдээ жолооч болсон. Ээж маань Сүхийн Бадам гэж хүн байсан юм. Хамгийн бага дүү нарыг том болох үед гурилын үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан” гэж танилцууллаа.

Ц.Нямаа “Анагаахад бүх хичээл шууд орос хэл дээр. Анагаахын дээдийн Монгол багш нар нь хүртэл монголоор дуугарахгүй, оросоор лекц уншина. Бид эхний жилүүдэд орос хэлээ сайжруулах гэж их мэрийсэн. Бүх ном орос хэл дээр байсан учраас дорхноо сурсан даа. Анагаахад дотуур байр олдохгүй. Эхний жилдээ арай гэж байранд орж чадсан шүү. Тухайн үед Чойлбалсангийн хөшөөтэй их сургуулийн хойд талын байр тэр чигтээ Анагаахын дээд сургууль байсан. Хичээлийн байр хүрэлцээгүй учраас орон сууцны конторт ихэнх лекц орно. Суух анги олдохгүй. Найман цагийн хичээлдээ суучихаад тарангуутаа их сургуулийн дугуй заал, номын сан, Политехникийн номын санд сууна. Хичээлээ хийсээр сүүлдээ номын сангийн хаах цаг болж, хөөгдөн барин гардаг байлаа. Стипентээ буухаар найзуудаараа цайны газар орно, кино үзнэ. Бусад чөлөөт цагаараа өглөөнөөс орой хүртэл зөвхөн номын санд сууна. 16 настайдаа оюутан болж ирсэн хүүхэд чинь дүү нараа их санаж үгүйлдэг байсан” гэж оюутан ахуйгаа дурслаа. Биднийг ийн ярилцах зуур түүний гар утас байнга дуугарч, зөвлөгөө авах гэсэн хүмүүс утасдаж байв. Өрөөний үүдээр ч түүнд үзүүлэх гэсэн хүмүүсийн цуваа тасарсангүй. Биднийг орхин өвчтөнөө үзэхээр гарч явах нь олон байв.

Тэрбээр Анагаахын дээд сургуулийг төгссөнийхөө дараа Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт түргэний эмчээр нэг жил ажиллажээ. Дүн өвлийн хүйтэнд түргэний машиндаа хүүхэд эх барьсан тухайгаа цухас дурдав. “Тэр цагтай орчин үеийг харьцуулалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ их сайхан болсон” хэмээн инээмсэглэж байлаа. Ингэж нэг жил ажилласныхаа дараа мэдрэлийн эмчээр нарийн мэргэжил эзэмшиж эхлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт ажиллах болжээ. Оюутан байхаасаа л мэдрэлийн чиглэлийг сонирхож, дугуйланд явж эхэлсэн гэнэ. Дөрөвдүгээр курсдээ Хэнтий аймгаас гаралтай Цэрэннадмид гэх мэдрэлийн эмчийнд суужээ. Цэрэннадмид эмчийн номын сан дүүрэн мэдрэлийн тухай номнуудтай. Тэдгээр номуудыг уншиж, судалж байсан нь мэдрэлийн эмчийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэнэ. Тухайн үед мэдрэлийн эмч ховор. Олгох курс, дээшлүүлэх курс гэж шат ахиулж явсаар тэргүүлэх зэргээ хамгаалжээ. Мэдрэлийн зөвлөх эмч, гавьяат Л.Дагзмаа гуайн үнэтэй зөвлөгөөг дагаж, түүний удирдлаган дор дөрвөн ажилласандаа бахархаж явдаг гэнэ. Түүнээс хойш 2010 онд тэтгэвэрт гартлаа Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллажээ. Энэ хугацаандаа 1994 оноос хойш Мэдрэлийн тасгийн эрхлэгчээр ажилласан гэнэ.

Зуны амралтаараа Хэнтий аймгийн Гурван нуурын амралтын газарт амарч байсан их сургуулийн математикийн ангийн оюутан Т.Бавуудорж Ц.Нямаатай анх танилцсан түүхтэй. Энэ цагаас тэд ойртон дотносож гэр бүл болсон гэнэ. Ц.Нямаа гуайн нөхөр хэдийнэ бурханы оронд заларчээ. “Залуудаа нөхөртэйгөө болзож кино их үзнэ. Одоогийн Хөрөнгийн бирж байгаа газар дээр үед “Элдэв-Очир” кино театр байсан юм. “Ард кино” театр Хасбанк болсон. Тэнд шинэ кино ирэхээр очиж үзнэ. Хамгийн урт кино Мандухай сэцэн хатан дөрвөн анги кино байсан. Монгол кино гарангуут бөөн дараалал үүсдэг. Оюутан байхдаа 200 төгрөгний стипент авна. Энэ мөнгөөрөө дүү нартаа бэлэг авна, онгоцоор гэрлүүгээ явдаг байсан. Онгоц нэг талдаа 85 төгрөг” гэж дурсамжаасаа сөхлөө.

Дээд сургууль төгсөх жилээ гэр бүл болсон бөгөөд улсын байр олдохгүй хэдэн жил өнгөрчээ. Ингээд анхны хүүхдээ өлгийдөн авсан жилээ Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн урд байрлах орон сууцанд оржээ. Өнөөг хүртэл тэр байрандаа 45 жил болж байна. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том охин Б.Содбилэг Эм бариачаар “Идэрмэг” эмнэлэгт ажиллаж байгаатай таарлаа. Удаахь хүү Б.Бат-Эрдэнэ ШУТИС төгсөж, одоо хувиараа бизнес эрхэлж байна. Дунд хүү Б.Батбилэг мөн л ШУТИС төгсөж, Швед улсад программын чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Одоогоор хувийн компанид ажилладаг. Бага хүү Б.Эрдэнэбилэг нь ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, ББСБ-д ажилладаг байна. Ц.Нямаа гуай голомт сахих бага хүү Эрдэнэбилэг, бэр Б.Солонго, хоёр ач охиныхоо хамт аж төрж байгаа гэнэ. Ач, зээ нарын хамгийн том хоёр нь их сургуулиа дүүргэсэн. Том зээ хүү А.Төгөлдөрийгөө Т.Бавуудорж, Ц.Нямаа гуай нар өсгөн хүмүүжүүлжээ. А.Төгөлдөр айл болж, охинтой болсон гэнэ. Зээнцэрээ үзсэн Ц.Нямаа гуайн сэтгэл өндөр байгааг түүнийг ярианы өнгө аясаас мэдрэгдэж байв.

Ц.Нямаа эмч бидэнд “Идэрмэг” эмнэлгээ танилцуулаа. “Манай эмнэлэг дараалал ихтэй. Хэвтүүлмээр байгаа хүнээ авч чадахгүй л байна. Хэвтэж байгаа хүмүүсийн 60 хувийг хүнд хэвтэрийн хүн эзэлдэг. Өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүд олон болжээ. Тэгсэн хэрнээ хүнд өвчтөн авдаггүй. Бүх хүнд хүн манай эмнэлэгт ханддаг. Би хүндийг нь өрөвдөөд л аваад байдаг” гэлээ. Тус эмнэлэгт Э.Энхбат, Д.Байгалмаа нар их эмчээр ажилладаг. Хоёулаа Ц.Нямаа эмчийн гарын шавь. Э.Энхбат эмч багшийнхаа талаар “Их сургуулиа төгссөн жилээсээ Ц.Нямаа эмчийн удирдлаган дор ажилласан. Одоо зургаан жил болж байна. Багш маань өвчтөнөө өөрийнхөө эцэг, эх шиг хайрлаарай гэж л хэлдэг. Бусад онолын талаар сургалгүй яахав. Гэхдээ хамгийн гол захидаг зүйл нь энэ” хэмээлээ.

Бид “Идэрмэг” эмнэлгээс гарч, Ц.Нямаа гуайн гэрт зочиллоо. Хоймортоо Сутай хайрханы зургийг өлгөжээ. Залуугаасаа ном уншсан Ц.Нямаа гуайн амьдралын салшгүй нэг хэсэг бол номын сан. Тусдаа гарахдаа худалдаж авсан номын сан нь өдгөө ч бий. Хэд хэдэн хайрцаг номоо зуслан дээрээ аваачаад одоо хэдхэн ном нь энд байгаа гэж байв. Номын санд ихэнх нь математик, шинжлэх ухааны хуучны орос номнууд байлаа. Одоо ч гэсэн би ном унших сонирхолтой. Олон хүнд өвчтөнөө цаг үргэлж харж, хянаж байх ёстой учраас ном унших зав нэг их зав гарахгүй л юм. Өөр нэг сонирхол гэвэл дуурь, балет их үздэг. Ажил ихтэй учраас ач зээ нартайгаа төдийлөн ойр байж чаддаггүй. Тэдэнтэйгээ хамт байх ажил их зохион байгуулдаг. Хамт дуурь, балет үзнэ. Эмээ нь гэдгээ мэдүүлэх ажил хийж байгаа нь тэр. Том хүүгийнх дөрвөн хүүхэдтэй. Бусад нь тус бүр хоёр хүүхэдтэй. Ингээд арван ач, зээтэй болсон” гэлээ.

Өрөөний цонхоор харж, гаднах орчны талаар бид жаал хөөрөлдөв. Урд цонхоор нь шууд Драмын театрын байшин харагддаг байсан бол одоо наагуур нь хэд хэдэн өндөр байшингууд сүндэрлэжээ. “Газар гэдэг сонин шүү. Том том байшингууд яаж багтсан юм бол гэмээр санагддаг юм. Харин манайх хүүхдийн тоглоомын талбайгаа авч үлдэж чадсан шүү. Энэ сагсны талбай дээр өглөө, үдэшгүй хүүхдүүд бөмбөг шидэж л байдаг юм” гэж ярилаа. Энэ үеэр дунд хүү Б.Бат-Эрдэнэ орж ирэхтэй таарсан юм. Насаараа ШУТИС-д математикийн багш хийсэн аавынхаа талаар Б.Батбилэг “Аав маань өөрийнхөө зорьсон юмыг л хийгээд явдаг хүн байсан. Багш хүн ямар байх ёстой түүнийгээ л хийдэг. Шөнийн 12 цаг хүртэл оюутныхаа хичээлийг шалгаж, маргаашийнхаа ажилдаа бэлддэг байсан. Социализмын дундаж айлын төрх ямар байдаг, манайх тийм л байсан. Аав, ээж маань хүүхдүүдээ гэхээс илүү өглөө гараад орой ирдэг хүмүүс. Арай том нь багыгаа чирээд өсгөдөг тийм л маягаар бидний бага нас өнгөрсөн дөө” гэж дурсав. Т.Бавуудорж гуай Ховд аймгийн Дарви сумын хүн. Нямаа гуай энэ жил Ховдын Дарви суманд нөхрийнхөө нэрэмжит Математикийн олимпиад зохион байгуулж, түүний бичсэн конкурсын бодлогын номнуудыг дурсгал болгон үлдээсэн гэнэ.

Ц.НЯМАА: ХАМГИЙН ИХ ХҮНДЭЛЖ ХАЙРЛАЖ ЯВДАГ ЗҮЙЛ МААНЬ МИНИЙ МЭРГЭЖИЛ

Ц.Нямаа гуайн хувьд түүний мэргэжил нь хамгийн их хүндэлж, хайрладаг зүйл нь юм. “Хүнээ эдгээж, биеийг нь сайжруулж л байвал бидний хамаг хэрэг бүтэж байгаа нь тэр. Хэвтэрт орчихсон, ярьж хэлж, хөдөлж чадахгүй байдалтай ирсэн хүн гараа багахан хөдөлгөж чаддаг болоход баярладаг. Яваандаа алхаж гишгэдэг болох нь бидний хамгийн их баярладаг зүйл. Ар гэр нь ч баярлана. Гэхдээ мэдрэл бол олон дахин маш их эмчилгээ хийж байж сайжирдаг зүйл. Тиймээс тууштай явах ёстой. Хүнд ач тус, буян болох талаасаа би их боддог. Жоохон ч гэсэн эдгээж өгөх юмсан гэж боддог. Үнэхээр завгүй эмээ гэж болно. Бага хүүгийнх саяхан шинэ хүүхдээ өлгийдөн авсан. Бурхнаас надад хэдэн нас хайрлаад хэд хүртэл ажлаа хийхээ би мэдэхгүй” гэж тэрбээр инээмсэглэл тодруулан ярьж байв. Хэдийгээр Анагаахын салбар хөгжиж байгаа ч тархинд цус харвасан хүмүүст эмчилгээ их шаарддаг. Тиймээс эдгээр хүмүүст зориулсан эмчилгээний тогтолцоог бий болгох хэрэгтэй гэдгийг онцолж “Хүнд байдлаас эргэж байгаа хүнийг улсын эмнэлгээс хийх эмчилгээгээ хийчихээд гаргамаар байдаг. Гэтэл тэр хүн хүнд хэвээрээ учраас гэртээ харихад хэцүү. Тэгэхээр харьяаныхаа, эсвэл хувийн эмнэлэгт очдог. Хүнд өвчтэй хүн авах эмнэлэг харьцангуй ховор байна. Энэ хүмүүс тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс урт хугацааны эмчилгээ хийдэг тогтолцоог бий болгомоор байна” гэв. Ажил мэргэжлийнхээ талаар тэрбээр “Мэдрэлийн салбар маш нарийн. Жишээлбэл, унадаг татдаг хүн гэхэд дотроо олон янз. Тархины судасны өвчин гэдгийг харвалт гэж хүмүүс ярьдаг. Харвалт нь дотроо тархины судас бөглөрөх, хагарах гэсэн хоёр төрөлтэй. Энэ нь дотроо бүр нарийсаад одоо Монгол Улсад судсан доторх хагалгаа хөгжчихөөд байна шүү дээ. Хүнд үзүүлэх тусламж чанарын хувьд сайжирч байгаа. Зах зээл эхэлснээр эмч нараа гадагш явуулж сургадаг болсон. Нүдээрээ хараад, гараарай бариад сураад ирсэн хүн чинь өөр шүү дээ. Манай Гуравдугаар төв эмнэлэг харвалтын чиглэлээр Монголдоо ганцхан. Тэнд харвалтын төвтэй болсон. Миний ажиллаж байх үед Мэдрэлийн сэхээний тасагт зөвхөн хүнд хүнийг л авдаг байлаа. Хуучин харвасан хүмүүсийн ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байсан. Үлдвэл тахир дутуу болдог байлаа шүү дээ. Одоо бол сайн сэргэдэг, үхэх тохиолдол багассан. Өвчин гэдэг хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Эрүүл мэнддээ анхаарах, харвалтад хүргэж байгаа хүчин зүйлээ сайн анхаарах нь анхдагч урьдчилан сэргийлэлт юм. Жишээлбэл, даралт ихсэх өвчин Монголд их. Харвалтын хамгийн их шалтгаан даралт ихсэх шүү дээ. Даралт ихсэх өвчинөө хувь хүн өөрөө сайн анхаарах, эмнэлэгт тогтмол хандах, даралт ихсэлтээс сэргийлэх эм тариа Монголд хангалттай болчихсон. “Идэрмэг” эмнэлэг цэвэр мэдрэлийн чиглэлээр дагнадаг. Хүнд хэлбэрийн харвалттай хүнийг их авдаг. Би өөрөө хүнд тасагт олон жил ажиллаж байсан учраас хүндийг нь өрөвдөөд л авдаг. Эргэлт буцалт сэхэх аргагүй харвалт бас зөндөө бий. Гэхдээ бид эцсийн минут дуустал эмчилдэг” гэсэн яриаг бидэнтэй өрнүүлэв.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт ажиллаж буй эмч нар бүгд Ц.Нямаа гуайн гарын шавь гэхэд болно. Энэ тухайгаа тэрбээр “Багш нараа хэлбэл Мэргэжлийн гараанд хөтөлсөн Равдандорж, Цагаанхүү нар миний анхны багш нар минь. Манай Гуравдугаар төв эмнэлэгт Резидент буюу мэдрэлийн чиглэлээр мэргэшүүлдэг сургалт явагддаг. Жил болгон 10 хүн төгсдөг. Миний шавь гэж хэлэхээр зөндөө эмч бий. Мэдрэлийн эмч нар цаг үргэлж бие биенээсээ тасралтгүй суралцаж байдаг юм” хэмээн даруухнаар ярилаа.

Үүнээс цааш бидний яриа мэдрэлийн эмчилгээний тухай болж хөвөрсөн юм. “Одоо юм ер нь сайхан болжээ. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ч их болж. Ингээд ирэхээр өвчтөнд зөв онош тавьж, хурдан эмчлэх боломжтой болж байгаа юм. Хамгийн анхны компьютер томограф Японоос орж ирж байлаа. Тухайн үед маш том дэвшил байлаа шүү дээ” гэж байв.

Түүнийг эмчээр ажилласан 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн хүнд үе 1990-ээд он гэнэ. Ц.Нямаа эмч “Би 1994 онд би тасгийн эрхлэгч болсон юм. Тухайн үед урьд өмнө байгаагүй маш олон хүн цус харвасан. Амьдрал, ажилгүй, хоолгүй болсон. Ажиллаж байгаа хүмүүс нь маш бага цалин авна. Тэглээ ч гэсэн явсаар байгаад л энэ хүрсэн. Олон хүн ажлаасаа гарч ганзагын наймаанд орсон. Би мэдрэлийн эмч байсны хувьд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр цус харвасныг л сайн мэднэ. Шил шилээ дагаа хүлээн авах дээр харвасан хүн ирдэг байлаа. Тэгсээр улсын эмнэлэг эм, тарианы нөөцгүй болсон. Хүнээ эмчлэх гэхээр эм, тариагүй. Сүүлдээ хоол ундгүй болсон. Өглөө ирээд шөнө л харьдаг. Эмнэлгийн хаалгаар орж ирэхдээ “Урд шөнө хэн нь үхсэн бол. Хэний ар гэр байна гэж харна” гэж бодож орж ирдэг. Тэр хүмүүсийн нүүрний байдал ямар байгааг харна. Ар гэрийнхнийх нь царай гайгүй харагдвал тэр хүн гайгүй хонож дээ гэж бодно. Тэгж л ажиллаж байлаа. Манай улсын хамгийн хүнд хэцүү үе байсан даа. Хүнд хүн ирсэн бол буцаах эрхгүй. Коридортоо хэвтүүлнэ. Манай Мэдрэлийн тасаг хэдэн сараар 90 ортой ажилласан удаатай. Уг нь 40 ор багтдаг газар. Их ажилладаг байсан учраас сувилагч, эмч нар өөрсдөө өвдөх нь бий. Өнөөдөр энэ хүнд ямар эмчилгээ хийх вэ гэдгээ л бодно. Анх ганзагын наймаагаар эм тариа орж ирж байсныг би сайн мэддэг юм. Тэнд тийм тариа байна аваад ирэхийг бодооч гэж ар гэрийнхэнд нь хэлнэ. Монголчууд чинь нэгнийгээ их эргэдэг байсан. Тэр үед эргэлт байхгүй болсон. Одоо үнэхээр сайхан болжээ. Мэдрэлийн эмчээр ажиллаж эхлэсний дараа ээж маань харваад нас барсан. Би үүнд хамгийн их харамсдаг” гээд хэсэг дуугүй болов.

Ц.Нямаа эмч “Хариуцаж байгаа ажилдаа хариуцлагатай хандвал хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирна. Зүгээр нэг орон тоо бөглөж суудаг ямар ч мэдлэггүй эмч байж болохгүй. Бидний мэргэжил бусдынхаас үүргээрээ өөр” гэснээр бидний яриа өндөрлөв.

Э.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

П.Батсайхан: Бид цөөхүүлээ ч нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ гэх санааг харуулахыг зорьсон

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны албан ёсны нээлт гуравдугаар сарын 1-нд болло. “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.


Энэ талаар уг киноны ерөнхий продюсер, зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхантай ярилцлаа.

-Улайстайн 2000 цэргийн бослогын талаар өгүүлэх киноны түүхийг эхлээд хөндөе. Түүхэнд энэ бослого бүдэг бадаг тэмдэглэгдсэн байдаг. Эх сурвалжуудаа хаанаас цуглуулав?

-Түүхэн эх сурвалж миний уншсан, судалсан зүйлсээс эхтэй. Монголын сэргэн мандалтын үеийн төр тогтолцооны үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн 2000 цэргийн бослогын талаар бичих сэдэл маань Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадыг 40 жил судалсантай холбоотой. Тэдэнтэй холбоотой түүхийг судлахын тулд Улиастайн 2000 цэргийн бослогыг зайлшгүй судлах шаардлага бий болсон. Бидний өвөг дээдэс буюу энэ зүйлийг тархиндаа баринтаглаж байсан хүмүүстэй уулзаж эх сурвалжаа болгосон. Амьд гэрчүүдээс судалгаа авч түүндээ түшиглэн зохиолоо бичсэн юм. Түүхийнхээ хувьд эхлээд цэрэг Онолт 2000 цэргийн бослогыг санаачилсан. Манжууд Онолтыг хөнөөчихсөн байдаг. Түүхээ судалж байхад тэр үеийн мэргэд төрийн хэрэгт айхтар оролцдог байсан байгаа юм. Тэдний түүхийг судалж байхад Мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан гэдгийг өгүүлэхийг хичээсэн. Тэгэхээр энэ бүтээл зайлшгүй бүтээгдэх ёстой гэдэг үүднээс зохиолоо бичсэн. Улайстайн 2000 цэргийн бослогыг социализмын үед өлссөн цэргүүд бослого хийчихсэн мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл түүний цаана асар их ач холбогдол, үр нөлөө байсан. Тэр цэргүүд, бослогоор дамжиж монголчуудын эрх чөлөөнд эргэлт, сэрэлт хийсэн байх гэж би хувьдаа боддог. Түүхэн чанараараа ч тэр Улайстайн 2000 цэргийн бослогоос Монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг. Манайд энэ талаар багахан юм бичсэн байдаг л даа.

-Хойч үеийн залуучуудад түүхийг үнэн зөвөөр нь үлдээх ёстой. Зарим кинонууд түүхийг гажуудуулах зүйл гарч байна гэх шүүмжлэл байдаг л даа. Энэ кинон дээр түүхэн үнэн хэр хувьтай байна?

-Манайхан түүхийг бичихдээ нэг талаас доош нь ортол, эсвэл хэтэрхий дээш нь мандтал биччихдэг. Ингэж болохгүй. Түүхийг яг л үнэнээр нь бичих ёстой. Түүхийг түүчээлнэ гэдгийг л энэ кинонд харуулна. Бид хойч үедээ бодит түүх маань энэ байна гэдгийг л харуулахыг зорьсон. Энэ бослого түүхэндээ тод томруун тэмдэглэгдээгүй. Мэдээж эхлэл нь цэргийн хоол унд хомс, тэдний байр байдал хүнд байсантай холбоотой. Хужирбулангийнх ч тийм л байсан шүү дээ. Нэг талаар Манжийн ноёрхолд Монгол байгаагүй бол хэцүү гэж хэлнэ. Энийг бас бид бодох л ёстой. Манжийн төрийн зохион байгуулалт, айхтар бодлого зэргээс манайхан сурах зүйл их байсан.

-Хоёр өөр цаг хугацааны бослогууд шүү дээ. Кинон дээрээ эдгээр бослогыг хамт гаргасан юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ хоёр санаачилсан юм чинь. Манжийн дарлалыг Монголоос гаргахад энэ хоёрын бослого онцгой нөлөө үзүүлсэн. Энэнээс л үүсэлтэй. Онолттой Энхтайван цуг л явсан хэрэг шүү дээ. Онолтыг амиа алдахад үргэлжлүүлээд тэмцээд явчихсан. Тэр үед эрчүүдийн ихэнх нь хийдэд шавилан сууж байсан. Маш бага хувь нь түшмэл, өртөө албанд ажиллаж байсан. Үүн дотроос 2000 цэрэг нэг дор цуглана гэдэг ховор тохиолдол. 2000 цэрэг зөвхөн Завханаас татагдаагүй, газар газраас татагдсан байдаг. Тухайн үед хүний эрх чөлөөг боогдуулж, хүчээр нэг дор цуглуулж байсан юм. Мөн тооныхоо хувьд ч онцлог. Манж төрийн бүх бодлого Улиастайн амбанаар дамжиж гарч байсан. Тийм ч учраас цэргээ тэнд байрлуулсан.

-Энэ киногоор юуг хэлье гэж зорьсон бэ?

-Манжийн төлөөний түшмэлийг Монголоос гаргаж чадсан нь гайхамшиг. Энэнээс улбаалан Улиастайн амбан ч, Ховдын амбан ч яваад л өгсөн шүү дээ. Үндсэндээ Манжаас чөлөөлчихсөн бослого юм. Өнөөдөр монголчууд хоёр том гүрний дунд амьдарч байна. Хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү киногоо бүтээсэн. Бид цөөхүүлээ ч гэсэн нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ шүү гэх санааг тод томруун харуулах юм. Улиастайн 2000 цэрэг өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж дур дурандаа өндийж, бослого гаргасан гэх яриа байдаг. Тийм биш. Энэ нь Манжийн дарлалын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Энэ үйл явдлыг түүхэнд цэрэг Онолт, Энхтайван нарын бослого гэж бичсэн байдаг. Онолтын үйл хэргийг цэрэг Энхтайван үргэлжлүүлсэн түүхтэй. Тэр үед бослогыг зөвхөн цэргүүдийн дотор зохион байгуулсан уу гэвэл үгүй. Мэдээж эх орныхоо төлөө тэмцдэг түшмэд олон байсан. Засагт ханы, цаг үеийн байдлыг сүрхий мэдэрсэн сайд, түшмэдүүд цэргүүдтэй нэгдсэн.

-Киноныхоо түүхийн зөвлөхөөр хэнийг авч ажиллуулав?

-Кинон дээрээ зөвлөхөөр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг авч ажиллуулсан.

-Түүхэн кинонуудаас юугаараа онцлог вэ?

-Монголын соёл уламжлалын талаар кинондоо түлхүү оруулсан. Нөгөө талаас нэгдэхийг уриалсан юм. Төрийн эсрэг зүйл хийчихээд тэрийгээ дарах маягаар энэ кино хийгдээгүй. Түмнийхээ, эх орныхоо төлөө нэгдэж чадвал бид хүчтэй юм байна шүү гэдгийг харуулснаараа онцлог гэж бодож байна.

-Америк кинонууд өөрийн улсаа сурталчилсан төрийн далбаа, гэр бүлийн бат бэх харьцааг харуулах зэргээр соёл заншлаа сурталчилдаг. Энэ кинонд улсынхаа үүх түүх, соёл урлагаа сурталчилсан хэсгийг хэр гаргаж өгсөн бэ?

-Үндэсний соёл уламжлал тал дээр кинонд маань олон зүйлс бий. Жишээ нь гэхэд л үхрийн махыг үнхэлцэгэнд нь багтаах, өлсгөлөн цэргүүдэд хөөргөнд нүдсэн борцоо хийчихээд халбага халбагаар нь хоол хийж өгч байгаа зэрэг зүйлс харуулж байгаа юм. Энэ чинь бас л манайхны өв уламжлал биз дээ.

-Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Энэ кино таны хэд дэх уран бүтээл гэлээ?

-Би 1956 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн хүн. Олон сайхан нөхдийн бүтээл туурвилтай танилцаж, судалж, сонирхсоор байгаад өөрөө бичдэг болсон. Завханы дуучин Х.Оюунцэцэг, С.Батсүх гавьяат, Ц.Бавуудорж, Д.Цэвээнравдан, Ц.Жамъян нарын уран бүтээлч нөхдийн дэмээр дуунд дуртай болсон юм. Дууны шүлэг бичсээр нийт 200-гаад бүтээлтэй болсон. Тэдгээрээс 50-60-аадыг нь олон түмэн дуулж байх шиг байна. Жүжгийн зохиол тавыг бичсэн. Бүх жүжгээ аймгийнхаа Хөгжимт драмын театрт тавиулсан. 30-аад баримтат киноны зохиол бичсэний дийлэнх нь хутагтуудын тухай байдаг. Завхан аймаг эрдэм чадалт хутагт хувилгаадын нутаг. Би хутагт, хувилгаадыг 40 жилийн турш судалж байж хутагт тус бүрээр хэн нь хэн байсан гэдгийг тодруулсан кино хийсэн. Уран сайхны таван киноны зохиол бичлээ. “Цагаан дуганын гэгээ”, Монголын киноны түүхэнд энэ киноноос өөр таван “Гоо марал” авсан кино байдаггүй гэсэн. “Дуутын хүрээний сүүлчийн хамба” буюу гадны хөгшин гэж ярьдаг зурхайч Дамдинсүрэнгийн талаар киног кино найруулагч ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй хамтарч бүтээсэн. Мэргэжлийн хяналтын системийн сайн, муу талыг харуулсан “Аймшигт нүүдэл” хэмээх кино хийсэн. Дөрөв дэх нь нутгийнхны, монголчуудын шүтээн Отгонтэнгэр хайрхны тухай бүрэн хэмжээний түүхчилсэн баримтат уран сайхны кино хийсэн. Харин “2000” кино бол миний киноны тав дахь уран бүтээл болж байна.

-Энэ кино бүтээхэд хичнээн цаг хугацаа зарцуулав.

-Кино зохиолоо бичихэд удаагүй. Хутагтуудаа судлаад явж байхдаа л судалгаагаа хийж явсан. Гэгээдийн талаар надаас илүү судалсан хүн байхгүй гэхэд болно. Кинонд тоглосон жүжигчид гэхэд Ц.Цэрэнболд Энхтайваны дүрд яг таарсан бол хийлч Дээгий Нарангоо бүсгүйд айхтар таарч байх жишээтэй. Монголын кино урлагийн сорууд энэ киног амилууллаа.


Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 4-нд болох үйл явдал

10:00 цагт: “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт 3 сарын 4-5 нд Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” (6 давхарт) танхимд болно.

Тогтвортой хөгжлийн зорилго, тэр дундаа ТХЗ-16.10.2 дэд зорилт буюу олон нийтийн мэдээлэл авах эрх, түүний хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж буй талаарх мэдээлэл болон, 2019 оны 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад танилцуулах Үндэсний сайн дурын тайлангийн талаарх мэдээллийг энэхүү уулзалтаас авах боломжтой. Мэдээлэл авах сэтгүүлчид 88054340 утсаар холбогдоно уу.

11:00 цагт: Уяачид хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. MN мэдээллийн төвд

15:00 цагт: Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүрийн нээлт болно. Сүхбаатар дүүрэг. Утас: 90060650, 98897525, 88111786

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баярсайхан: Энэ сард багтаад жолооны үнэмлэхийн хэвлэлт эхэлнэ

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжил, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярсайхантай ярилцлаа.


-Сүүлийн үед жолооны үнэмлэхийг тасралтгүй хэвлэхээ больж, түр үнэмлэх хэвлэж байгаа гэх юм. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Жил болгон жолооны үнэмлэхийн бэлдэцийн хувь хэмжээ гэж гардаг. Тоон хэмжээнд багтааж, худалдан авах ажиллагаа буюу тендер зарлагдаж, үнэмлэх гардаг. Тендерийн үйл ажиллагаа тусгай хуулиар зохицуулагддаг. Тиймээс тэрхүү журмын дагуу явагдсан. Явагдаж байх хугацаанд тендерт оролцож буй байгууллагуудын хооронд маргаан үүссэн. Нэг нэгнийгээ үгүйсгэх байдал зэргээс шалтгаалж, хэрэг нь шийдэгдэхгүй, шүүхийн шатанд явсаар байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх зүйл нь эцэслэн шийдэгдсэн юм. Одоо тухайн шалгарсан компанитайгаа гэрээ контракт байгуулж, бэлдэц нийлүүлэх түвшинд явж байна гэсэн үг.

-Тендер зарласнаар ямар компани жолооны үнэмлэх хэвлэхээр болсон бэ?

-Өнгөрсөн оны сүүлээр “Мөнхийн үсэг” компани шалгарсан. Жолооны үнэмлэх хэдэн ширхэг хэвлэгдэх вэ гэдэг тоо судалгаа гарсан. Одоо хүлээгдэж буй, хэвлэгдээгүй 50 мянга гаруй үнэмлэх бий. 2017 онд 150 мянган үнэмлэх хүлээгдэж байсан. Өнгөрсөн онд хэвлэлтийг жигд явуулсан. Гэхдээ Хууль зүйн сайдын тушаалаар хэсэг хугацаанд түр үнэмлэх олгогдсон юм. Түр үнэмлэхийг гурван сарын хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, түр үнэмлэхтэй болсон хүмүүс Бүртгэл хяналтын төв дээр ирж, гурав гурван сараар сунгуулаад явж байх бүрэн боломжтой байсан. Ямар нэг үнэ төлбөргүй үйлчилгээ авч байгаа.

-Авлигатай тэмцэх газарт иргэдээс “Жолооны үнэмлэхийн хэвлэлт яагаад удаж байна вэ. Хяналт шалгалт явуулж өгнө үү” гэсэн гомдол ирсэн юм билээ. Энэ хүрээнд шалгалтын ажиллагаа хийгдсэн үү?

-Саяхан Авлигатай тэмцэх газраас жолооны үнэмлэхийн хэвлэлт ямархуу түвшинд явна вэ гэдэгт хяналт шалгалт хийсэн. Яагаад хэвлэлт удааширсан бэ гэдгийг шалгасан. Манайх холбогдох бүхий л зүйлсийг үзүүлсэн. Ямар нэг зөрчил илрээгүй. Хамгийн гол нь иргэдийг хэрхэн хүлээлтгүй болгож, үнэмлэх хурдан хэвлэх вэ гэдэг талаар ярилцсан. Авлигатай тэмцэх газраас заавар, зөвлөмж өгч, хэлэлцүүлэг зохион явуулсан.

-Авлигатай тэмцэх газартай хамтарч хэлэлцүүлэг зохион явуулсан гэлээ. Хэлэлцүүлгээр жолооны үнэмлэх хамгийн хурдан хэвлэж байх ямар арга шийдэлд хүрэв?

-Өнгөрсөн оных шийдэгдсэн. Харин энэ оны жолооны үнэмлэхийн бэлдэцийг байгууллагын нууц буюу төрийн нууц гэдэг зүйлд авч үзэж магадгүй. Ингэхээр шууд худалдан авна. Нэг ёсондоо Цагдаагийн ерөнхий газар бие дааж, шууд худалдан авалт хийх асуудал яригдсан юм. Үүний зөвлөмж, заавар нь бүх шатанд очсон. Тэгэхээр энэхүү журам хэрэгжвэл ямар нэг маргаан үүсэх нөхцөл байдал байхгүй болно. Мөн Авлигатай тэмцэх газар, Засгийн газраас цахимжуулах түвшин рүү орох шаардлагыг тавьсан. Жолооны үнэмлэхийг бид цахимжуулах түвшин рүү ойртуулахад “Монгол шуудан” компанитай хамтарч ажиллахаар болсон. Ингэвэл иргэд өөрсдөө хамгийн ойр шуудангийн салбараас жолооны үнэмлэхээ авч болно гэсэн үг. Журамд тухайн иргэн биеэрээ ирж, жолооны үнэмлэхээ захиалах ёстой гэсэн зүйл заалттай. Тухайн иргэн гарын үсгээ зурж, баримтжуулж, шуудангийн салбаруудаар захиалах арга хэлбэрийг эрэлхийлж байгаа юм. Иргэд тодорхой төлбөр төлөөд “Монгол шуудан”-гаас гэр, ажлын баталгаат хаягаар хүргүүлж авах боломжтой болно. Цаашид “Монгол шуудан” компаниар дамжуулж захиалга авдаг болох судалгаа хийж байгаа. Энэ одоохондоо шийдэгдээгүй. Нэг асуудал тулгарсан. Бэлэн бус торгуулийн журам гэж бий. Энэхүү журамд тээврийн хэрэгслийн бүртгэл, жолооны бүртгэл явагдах үед бэлэн бус торгууль төлүүлэх ёстой гэсэн зүйл заалт байгаа. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тухайн иргэн “Монгол шуудан” компаниар дамжуулж, жолооны үнэмлэхийн захиалга өгөхөд торгуулийн системийг хэрхэн шүүж, иргэнээр төлүүлэх вэ гэдэг тал дээр ярилцаж байна. Энэ асуудал шийдэгдвэл “Монгол шуудан” компаниар дамжуулж, 21 аймагт, нийслэлийн шуудангуудаас захиалга авах бүрэн боломжтой болно. Үүнийг ажил хэрэг болгохоор бусад хамтарч ажиллах байгууллагуудтайгаа ярилцаж, ямархуу загвараар байх вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм.

-Жолооны үнэмлэхийг илүү боловсронгуй болгохын тулд хэрхэн ажиллаж байна?

-Жолооны үнэмлэх дотроо агуулж буй мэдээллийн хувьд өргөн цар хүрээг хамардаг. Гэхдээ иргэний бүртгэл, мэдээллийг суулгаж өгөхөд учир дутагдалтай. Тухайн газруудтайгаа ярьж, хэлэлцэж байж ойлголцох хэрэгтэй. Хугацаа шаардагдах байх.

-Жолооны үнэмлэхтэй холбоотой ачаалал юун дээр төвлөрдөг юм бэ?

-Жолооны үнэмлэхээ хаяж, гээж үрэгдүүлсэн гэх гомдол их байна. Манай үйлчилгээний заалаар өдөрт 100-200 гаруй хүн үйлчлүүлдэг. “Дүнжингарав”, “Драгон” төвтэй нийлбэл 250-300 болдог. Ийм хэмжээний хүмүүс жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлдэг. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Бичиг баримтдаа хайнга хандахгүй байх хэрэгтэй. Бэлдцийн хүлээлт үүсч байгаа нь иргэдийн хайнга үйлдлээс шалтгаалах нөхцөл заримдаа гардаг.

-Жолооны үнэмлэхийг хэвлэхгүй удаж буйтай холбогдуулан иргэдийг хуурч байгаа тохиолдол гарах болсон гэв үү?

-Сүүлийн үед “Жолоодох эрх сэргээнэ, жолооч болгоно, ангилал ахиулна” гэсэн хуурамч зар мэдээлэл их гарах болсон. Үүнд манай Бүртгэл хяналтын төв мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж, Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны сайтад байршуулсан байгаа. Бид өнгөрсөн жил “Lexus Нямка” гэж цагдаагийн нэрийг ашиглан залилан хийж байсан этгээдийг илрүүлсэн. Саяхан бүртгэл хяналтын төвд ажилладаг гэж манай байгууллагын нэрийг ашиглаж, иргэдийг хуурсан хоёр этгээдийг саатуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар нэг тодорхойгүй сургалтын төв, нэр хаяггүй, албан ёсны биш зар, мэдээнд иргэд хууртаж мөнгөө залилуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг их гарч байгаа. Үүнд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Тухайлбал, “Мөнгөө шилжүүлж, баримтаа үзүүлнэ үү” гэж чатаар холбогддог юм билээ. Иргэд өөрсдөө хөнгөн хуумгай зүйлд итгэхгүй байж, албан ёсны Цагдаагийн ерөнхий газарт хандаж, холбогдож байхыг сануулъя.

Бид түргэн шуурхай үйлчлэх тал дээр тодорхой ажил хийж байгаа. Өмнө нь үнэмлэх захиалснаас хойш тав, долоо хоног хүлээгддэг байсныг багасгасан. Гурван хоногийн дотор асуудлыг шийддэг болсон. Журамд өөрчлөлт оруулсан. Иргэдээс иргэний үнэмлэх, эрүүл мэндийн хуудас гэх зэргээр материалууд шаарддаг байсан. Тэгвэл тухайн хүний мэдээлэл онлайнаар үнэн зөв гарч ирвэл, гурван хоногийн дотор шууд үнэмлэх олгодог болсон. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний заалаар ирж үйлчлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний цэгүүд болох “Дүнжингарав”, “Драгон” гэсэн газруудад жолооны үнэмлэхийн захиалга үргэлжилдэг. Улсын хэмжээнд орон нутгийн 21 аймгийн цагдаагийн газруудад үнэмлэх захиалах ажиллагааг явуулдаг. Мөн иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтарч ажиллаж байна. Ирэх гуравдугаар сард багтаад жолооны үнэмлэхийн хэвлэлт эхэлчихнэ. Тендерт шалгарсан компани хэвлэлтийн чиглэлээр туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан юм. Цаашид хүндрэл гарахгүй байх арга замыг эрэлхийлж, ярилцаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ” хэмээн өгүүлжээ.

НИТХ-ын дарга Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Цаг үе” нүүрт “Гуравдугаар сард нийт нутгаар дулаарах боловч шороон болон цасан шуургатай байна” хэмээн бичжээ.

“Улс төр” МАХН-ын Нийслэлийн Түмтийн дарга Э.Эрдэнэжамъян: Утаагүй, түгжрэлгүй, үйлдвэржсэн жаргалын найман хотыг байгуулна гэж ярьжээ.

“Монголоос сэргээгдэх эрчим хүч худалдаж авах томчууд Улаанбаатарт уулзлаа” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

“Жирэмсний үеийн сэтгэл зүйн өөрчлөлт гэж юу вэ?” хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “В.Путины хөрөнгийг ил болгох хуулийн төсөл боловсруулжээ” гэж бичжээ.

“Кубад Элчин сайдаар сууж байсан, шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаярынд өнжлөө” хэмээн “Танайд өнжье” нүүрт өгүүлэв.

“Эко-Алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч, дөрвөн хүн амиа алджээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Дэлхийн спорт” нүүрт Винс Картер: “Бид бүгдээрээ л танхимд орж ирэхэд чиний дугаарыг мөнхөлсөн байхыг харна гэж мөрөөддөг” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Уурхайн ослын шалтгааныг тогтоожээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид олж, цогцсыг гаргаад байна.

Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоожээ. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэв.