Categories
мэдээ нийгэм

М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө эхэлсэн байна. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг зарлах юм. Хэргийг эргэн сануулахад, М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон. Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд нэр холбогдсон байдаг.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн мэргэжийн сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо

Шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д Онцгой байдлын байгууллага нь хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгохоор заасан. Эдгээр баримт бичигт заасны дагуу Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо. Ингэснээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургаж дадлагажуулах боломж бүрдэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар Марийнский театртай гэрээ байгууллаа

“Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болжээ.

Г.Ариунбаатар өөрийн хүсэлтээр тус театраас гарах өргөдлөө өгч байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ. Энэ тухайгаа Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүкт “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадын дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов. Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байгаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1000 болсон зэрэг үр дүн гарч байгааг талууд сайшаав.

Тяньжин хотоор үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаата рхотод хийдэг болох талаар судалж хамтран ажиллахаар төлөвлөж буй юм. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотод орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж буйг ч онцолсон юм.

Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй томоохон төсөл болох Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал нэгдэв.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хүмүүнлэгийн солилцооны механизмын 2 дугаар уулзалт удахгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аймгийн Засаг даргын тамгын газраас аж ахуй нэгж байгууллагуудын дунд зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжигч, Эрүүл ажлын байр” шалгаруулах удирдамжит аяныг амжилттай хэрэгжүүлж, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолын дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ”-д нийт алба хаагчдын 90 хувийг хамруулсан байна.

Мөн ОБЕГ-ын даргын А/96 тушаалын дагуу ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 42 алба хаагчийг гэр бүлийн хамт сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас Узбекистан руу визгүй зорчдог болно

Узбекистан улс 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлхийн 45 улсын иргэдэд 30 хоногийн визгүй зорчих дэглэмийг оруулсан байна. Тус шийдвэр нь улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн “БНУУ-ын аялал жуулчлалын хөгжлийг хурдасгах нэмэлт арга хэмжээний тухай” шинэ зарлиг гаргасантай холбоотой аж.

Визгүй зорчих улсуудын жагсаалтад Австрали, Австри, Аргентин, Босни ба Герцеговин, Ватикан, Люксембург, Унгар, Бруней-Даруссалам, Грек, Ирланд, Исланд, Итали, Канад, Андорра, Лихтенштейн, Монако, Бельги, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Швед, Латви, Литва, Монгол, Шинэ Зеланд, Португал, Болгар, Кипр, Мальт, Польш, Сан-Марино, Серб, Словени, Хорват, Чили, Румын, Словак, Их Британи, Бразил, Финлянд, Черногор, Чех, Швейцар, Эстон зэрэг орнууд багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг” шинээр авах ахмадуудын материалыг авч эхэлжээ

Ахмадуудад олгодог “Насны хишиг” болон Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.

Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас “Насны хишиг” олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Статистик тоон мэдээллээс үзэхэд жилд 5-6 мянган ахмад шинээр нэмэгддэг байна. Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, иргэний үнэмлэхийн харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандах юм. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлдэг аж. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байна.

“Насны хишиг”-ийг шинээр авах ахмадуудыг бүртгэж, материал хүлээж аваад эхэлсэн байна. Хуулийн дагуу “Насны хишиг”-ээр 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм. Алдарт эхийн одонгийн мөнгөний тухайд өнгөрсөн жил 216.679 ээжид одонгийн мөнгө олгосон бол энэ онд Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Эдгээр мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.

“Насны хишиг” болон Алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаад өөр газар шилжсэн тохиолдолд ахмадууд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж үргэлжлүүлэн авах юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа иргэний мэдээллийг эдгээр байгууллага байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хоёр болон зургадугаар сарын 10-ны дотор хүргүүлэх ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

Өмхий

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Уг нь бүх юм тун шалихгүй зүйлээс эхэлсэн. Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд байшингийн ёроолд овоорсон цасан хунгар руу шатнаас үсэрч тогложээ. Гэтэл хүүгийн эз таарч шилний хагархай мөгөөрсөн хоолойг нь хага татсан байна. Тэгээд яахав, эмнэлэгт очлоо, шилийг нь сугалж аваад өнгөц оёдол тавьсан юмсанж. Бараг жил хэртэй зүгээр явсны эцэст өнөө оёдол нь идээлж эхэлжээ. Сургуульд орох ёстой байтал эмнэлэгт намаржин хэвтэв. Учир нь цагаан хоолой нь шархалж, цаанаа гуурсан дотор идээт үрэвсэл буглажээ. Хожим эхийнх нь ярьснаар хүнд хагалгаа болсон гэх. Хоолойгоо зүссэнээс жилийн дараа эмнэлгээс гарлаа. Тэр жилдээ сургуульд орсонгүй. Иймэрхүү барцад ховор эд биш л дээ, онц сонин тохиолдол ч биш.

Хүү сүрхий эдгэсэн боловч ээрүү болчихжээ. Гэхдээ зүгээр нэг байдаг л ээрүү биш. Ганц үг хэлэх гээд тэр чигээрээ минут хэртэй таг гацчихана. Энэ хоорондоо амьсгаа авч чадахгүй царай нь хөхрөөд уначихна уу гэмээр болоод ирэх нь аймаар. Гэнэт амьсгаа аваад царай нь засран мөнөөх дутуу хэлсэн үгнийхээ төгсгөлийг хэлнэ. Дараагийн үг яг урьдах шигээ. Гэхдээ хүүгийн ухаан саруул, хүний хэлж байгааг бүрэн ойлгоно, зөв хариу үйлдэл үзүүлнэ. Ээж хүүтэйгээ дохионы хэлээр ойлголцож байхаар шийдэв. Гэхдээ хүүхэн өөрөө дохионы хэл мэддэггүй болохоор нялх хүүхдийн ойр зуурын зангаагаар л ойлголцож байхаар тогтжээ. Хэд хэдэн эмчид үзүүлсэн боловч энэ гацаа хоолойтой холбоогүй, тархинд гэмтэл гарсан байж магадгүй, аяндаа явцын дунд засрах биз хэмээн тайвшруулжээ. Юутай ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд оруулж дохионы хэл заалгах нь зүйтэй гэж зөвлөсөн байна.

Хүү сургуульд орлоо. Гэтэл шинэ бэрхшээл гарав. Хүүгийн амнаас эхүүн үнэр гараад байна хэмээн багш нь гомдоллож амыг нь угааж байхыг сануулав. Үнэндээ амыг нь угаах байтугай үнэртэй ус цацаад ч муухай үнэр арилахгүй байв. Харин ч удах тусам эхүүн үнэр өмхий маягийн болж улам дордох аж. Ангид хажууд нь суух хүүхэд олдохоо больсон төдийгүй ойртохоос бүгд дөлөх боллоо. Эх нь дагуулаад дахиад л баахан эмнэлгээр харайлгах нь тэр. Хүүгийн амнаас гарах жорлонгийн муухай үнэрээс болоод эмч нар олигтой үзэж оношилж өгөхөөс аль болох цааргалаад байх. Хүү ээждээ ч, эмчид ч ам руугаа заан ямар нэг юм хэлэх гэж чадлаараа хичээх авч гацчих учир ойлгохуйц мэдээлэл тэндээс хэн ч олж сонссонгүй. Нэгэнт бичиг үсэггүй болохоор бичээд зураад ойлгуулчиж чадахгүй. Сурч эхэлж буй дохионы хэл нь ам руугаа заагаад байгаа мэдээллийг дамжуулж барахгүй аж. Ингээд эх нь юутай ч хүүгээ бичиг үсэгтэй болгохоор шийдэв. Энэ хүсэлтийг сургуулийн багш нь хүлээн авахаас шууд татгалзах нь тэр. Харин ч хүүхдээ энэ сургуулиас гаргахыг эвтэйхэн ойлгуулах гэж хичээж буй нь илэрхий.

Эх хүү хоёр гэртээ цагаан толгой үсэглэх хичээл эхлэв. Ээж нь норгосон гар нүүрийн алчуураар амаа таглаж байгаад үсэг цээжлүүлэх гэж оролдоно. Гэвч хүүгийнхээ хажууд удаан тэсэшгүй. Байсхийгээд л өрөөнөөс гарч цонхоо онгойлгон эрүүл агаар амьсгалчихаад эргэж орж ирнэ. Заримдаа угаалгын өрөө рүү орж бөөлжинө. Үсэг нүдлүүлэх ажиллагаа тэгсхийгээд өөрийн эрхгүй зогсов.

Хүүгийн өмхий үнэр сар жилээр биш, өдөр хоногоор улам нэмэгдэх боллоо. Эх эцэг нь эхэндээ амны хаалт зүүн хүүтэйгээ харилцдаг, өрөөнийх нь хаалгыг бат нягт хаан түгждэг байсан авч удалгүй үнэр хаалга цонхыг нэвтлэх болов. Хөөрхий хүүг бараг сургуулиас нь хүчээр хөөсөн. Ангийн хүүхдүүд нь нэг өрөөнд хамт байж чадахаа больжээ. Ингээд гэртээ өнжих болов. Өмхий үнэрт байнга огиулж бөөлжин тэсвэрлэх аргагүй болсон эх хоолыг нь хаалган завсар шалан дээр тавин цаашлуулчихаад эргээд зугтдаг болов. Хааяа ээжтэйгээ харц тулгарах үед хүү ам руугаа заан ямар нэг юм хэлэх гэж чармайх авч хөөрхий эх энэ муухай үнэрт удаан тэсэхгүй учир үг сүггүй зугтана. Эх эцэг хоёр сүүлдээ гэртээ ч цөөн үзэгдэх боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл эцэг нь салаад тэр чигтээ арилаад өгсөн, шаварт унасан шарын эзэн болох эх л өдөрт нэг удаа хоол унд дөхүүлж буй ажээ.

Эх нь бодлоо, хэрэв гэртээ үлдвэл тун удахгүй хорт хийнд бүтэж үхнэ, чингэвэл хөөрхий хүүд хэн ч ойртож чадахгүй байсаар өлсөж тарчилж үхнэ. Иймээс гэрээсээ дайжаад хүүд хоол хүргэж өгч байя. Ингээд гэрээсээ явав. Долоо хоногт нэг удаа бөөнөөр нь хоол зөөнө. Өмхий үнэр улам хүчтэй, улам хортой болсоор. Хөрш айлууд гомдол гаргана, зарим нь зугтан нүүх болов. Эх нь хаалга цонхыг нь чадлын хэрээр битүүлэн бөглөөд, өөрөө хоол авч ирэхдээ хорт утааны баг өмсөх болжээ. Гэвч ядарсан эх туйлдан туйлдсаар нэг өдөр хорт хий бүхий хорвоог орхих нь тэр ээ. Энэ хэдэн жилд эхэд нь хэн ч тусалсангүй. Байнга хүү дээрээ очсоор байгаад өөрөө ч өмхий ханхлуулж явдаг болсон тул хүмүүс ойртохоос сэжиглэн туслах битгий хэл хажуугаар нь ойр зөрөх хүнгүй болсон юм.

Хүү бараг насанд хүрэх үед хот тэр чигээрээ өмхийрч эхэллээ. Хотын захиргаа ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болов. Тэртэй тэргүй тэр аймшигт үнэртэй хүнийг эмчлэх байтугай ойртох ч хүн дэлхий дээр олдохгүй нь тодорхой. Өмхий залууг хотоос хөөж гаргахыг шаардсан иргэдийн дуу хоолой улам өндөрсөж, хотын захиргааны гадаа бараг өдөр бүр эсэргүүцлийн жагсаал болох болов. Өмхийгийн орон сууц байтугай зэргэлдээ байшингууд ч эзгүйрчээ. Байрыг нь шатаах гэсэн хэд хэдэн оролдлого гарсан. Хүмүүс эцгийг нь хайсан боловч цаадах нь хэдийнэ гадаадад дүрвэн одсон аж. Ингээд хотын захиргаа онцгой албаныхантай хамтран өмхий үнэрний эх сурвалжийг эзгүй хээр цөлөв. Зөөхийн тулд жолоочийн бүхээг нь ган тусгаарлагчтай тусгайлан бэлдсэн танкинд ачсан аж. Эрхбиш залууг хээр зүгээр аваачаад хаячихсангүй. Тусгайлсан жижиг байшин барьж өгөөд ойр зуурын бүхий л хэрэгслэл тоног төхөөрөмж тавилга зэхсэн хэрэг. Түүнийг хотоос ачиж зайлуулсны дараа зарим хүмүүст өрөвдөх сэтгэл төрөн хандив цуглуулж цөллөгийн гэрийг нь нэлээд тохижуулж өгсөн юм. Өр зөөлөн хүмүүнлэг сэтгэл гаргасан хүмүүс улс даяар алдаршин өөрийн тусыг дөвийлгөн сонин хэвлэлд ярилцлага өгцгөөнө. Өмхий хүүг устгах, шатаах, цаазлах санал гарган жагсаал цуглааныг удирдаж байсан хүмүүс ч өр нимгэнтэйчүүд дотор цөөнгүй. Хорт утааны багтай тусгай хүн томилсон нь цөллөгийн байшингаас хэдэн километрийн зайтай болзсон газар сард нэг удаа хүнс аваачиж орхих үүрэгтэй ажгуу.

Хэдэн жилийн дараа өмхий үнэр хархүүгийн цөлөгдсөн нутгийг тэр чигээр нь бүрхэв. Тэндээс хүн амьтан байтугай ан гөрөөс дайжсан төдийгүй дээгүүр нь нисэх жигүүртэн ч үгүй болжээ. Олон жилийн дараа үнэр аажмаар багассаар бараг арилсан гэхэд болно. Засгийн газар ч олон солигдож өмхий хүнийг бараг мартжээ. Ингээд ер нь ямар учиртай хүн байсныг судлахаар хэсэг судлаач эрдэмтэд “өмхий хөндий” нэртэй болсон газрыг чиглэв.

Эзгүйрсэн байшин бараг нураад унажээ. Хөөрхий өмхий хүн нас бараад олон жил болсон учир араг яс нь л цайран үлдсэн байна. Өдгөө хэдийнэ үзэгдэхээ больсон дээр үеийн хуучин магнитофон олдсон нь тэнд ямар нэг яриа бичиж үлдээсэн бололтой. Эрдэмтэд магнитофонд бичигдсан яриаг сэргээж буулгаж дөнгөсөн юм.

“Би нэрээ ч мартжээ. Хар багаас минь хүмүүс намайг Өмхий гэх болсон учир тэр нэрэнд дасч. Би сургуульд сураагүй болохоор бичиг үсэггүй, надтай төрсөн эх эцэг маань хүртэл ярьдаггүй байсан болохоор хэлээ ч бараг мартах шахаж. Би өөрөө ярьж чаддаггүй гацчихдаг учир намайг хэн ч сонсож байгаагүй. Гэвч би яагаад өмхийрснөө тайлбарлах гэж энэ соронзон бичлэгийг үйлдсэн юм. Ганцхан бүтэн өгүүлбэр бичиж үлдээхэд би хэдэн сараа зарцуулж байна. Нэг үг хэлэх нь бараг өдөржингийн хүнд хөдөлмөр болдог. Гацаа гарсны дараа хэлсэн үеэ магнитфоноо ухраан түрүүчийн үетэйгээ холбон байж хүн ойлгохоор нэг үг болгож байгаа юм. Миний сонсгол, оюун ухаан эв эрүүл, сав саруул. Миний багад шилэнд зүсэгдсэн мөгөөрсөн хоолойг минь мэс заслалын эмч эргүүлж битүүлэн оёхдоо хоолойд минь марлиа мартчихсан юм билээ. Тэр марль л хоолойн дотор минь өмхийрчихсөн. Үүнийгээ хэлэх гэж өчнөөн удаа оролдсон авч эмч байтугай эх эцэг маань ч тэвчээд сонсохыг хүсээгүй. Би өмхийрсөн марль байгааг нэлээд хожим мэдээд өөрөө сугалж авах гэж насаараа оролдлоо. Хайч, хутга, хямсаа гээд хэрэглээгүй багаж үгүй. Оролдох тусам марль улам шигдэж, хэн нэг нь надад туслахгүй бол ерөөс гаргаж авах бололцоогүй болсон… Даанч надад туслах хүн хорвоо дээр ганц ч олдоогүй. Энэ хорвоод ганцхан ээж минь л намайг хайрлаж байсан, гэхдээ ойлгоогүй… Цагаан хоолойгоо огтолж марлины үзүүрээс татаж үзэхэд үжирсэн самбайн өчүүхэн хэсэг тасарч байв… Би хоолойгоо бүрэн огтлоод энэ марлийг базаж гаргаж ирээд шатаахаар шийдлээ. Нэгэнт бүрэн огтолбол би үхнэ. Үхэж байхдаа урьдчилж өрдсөн гал руу өмхий марлиа шиднэ… Маргааш ингэнэ… Хүмүүс ээ, би биш марль өмхийрсөн. Үнэндээ та нар өмхийрсөн… өмхийрүүлсэн. Надад ядахнаа ганц хүн тэвчээд тусалсан бол өмхийгөөс хэдийнэ хялбархан салж болох байсан… Та нар өмхий… Марль шатаж дуусахад миний өмхий арилна… Та нарын өмхий арилахгүй байх аа… Баяртай өм…хий… чүү…”

2018.10.26

Categories
мэдээ нийгэм

“Утгын чимэг” наадамд С.Дамдиндорж түрүүллээ

МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 22 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наамад МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв. Тэрээр Монголын яруу найргийн 1990-ээд оныхны нэгэн содон төлөөлөгч бөгөөд “Жимсний бөөр” номоороо утга зохиолын хүрээнд танигдсан нэгэн юм.

Харин МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ энэ жилийн “Утгын чимэг” наадмын дэд байрыг хүртлээ. Т.Бум-Эрдэнэ зохиолчийн хувьд өмнө нь үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртэж байсан юм. “Утгын чимэг” наадмын гуравдугаарт байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” өгүүллэг шалгарав. “Утгын чимэг” наадмын сүүлийн шатанд 10 зохиолчийн өгүүллэг шалгарч үлдсэн бөгөөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагоржийн шагналт яру найрагч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягын “Сүүлчийн зүсэлт”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүд тусгай байрт шалгарав.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, 09.00 цагт хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Беларусь улс хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ багтаж буй юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл болон Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтооолын төслийг хэлэлцэх юм.