“Монголын геологи ба ашигт малтмал” найман боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргасан зургаан эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ. Төрийн соёрхол хүртсэн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямбатай ярилцлаа.
-Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе?
-Төр засагтаа маш их баярлаж байгаа. Энэ баяраа хамгийн түрүүнд Монголын геологичдодоо, түүний дотор МУИС-ийн геологийн салбарын багш нартаа, мөн одоо ажиллаж байгаа Геологийн судалгааны төвийнхөнтэйгөө, үр хүүхэд, хань ижил, хамаатан садантайгаа, Баянхонгор аймгийн Богд сумын төрөлх сумын иргэдтэйгээ хуваалцаж байна.
Мэдээжийн хэрэг Монгол орны газар шороог судалж, ард түмэн, улс орондоо хэрэгтэй ашигт малтмалыг эрж олоход геологийн олон талын судалгааны ажил шаардлагатай байдаг юм. Тэр болгоныг багтаасан салбар болгоноор энэ найман боть бүтсэн. Гэхдээ бүх салбар нь биш л дээ. Гол хэдэн салбараа ботилчихоод байна. Бидний энэ бүтээл бол 50 гаруй геологичийн хамтын бүтээл байгаа юм. Тийм учраас тэрийг зохиосон, бүтээсэн улсуудад болон бүтээлд нь олгож байгаа шагнал. Бид яахав дээ, тэр бүтээлийн судалгааны чиглэл тус бүрийг хариуцаж ажилласан.
-Зургаан эрдэмтэнд Төрийн соёрхол хүртээсэн.
-Тийм. Уг нь долоон хүн байгаа юм. Нэг маань бурхны оронд одсон. Бид долоо материалуудыг нэгтгэж, орчин үеийн судалгааны түвшинг харгалзахаас гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн өнөөгийн судлагдсан байдлыг л гаргахыг оролдсон. Ийм л ажил болсон. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж шагналаа олгосонд баяртай байна.
-50 гаран геологичийн хамтын бүтээл гэхээр олон жил зарцуулсан ажил байж таарна шүү?
-Монголын геологичдын сүүлийн 30, 40 жил, магадгүй түүнээс ч өмнө хийсэн, өнгөрсөн зууны эхнээс ч хийгдсэн зарим онцгой судалгааны ажлуудыг нэгтсэн байгаа юм. Ер нь бол голдуу сүүлийн үеийн материал гэхээр 10, 15 жилд цуглуулсан материалуудыг нэгтгэлээ. Нарийн яривал сүүлийн 30, 40 жил нэгтгэсэн материалуудыг нэгтгэж байгаа юм л даа.
Бидний гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн хугацаа бол 2005 оны сүүлч. Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулаад хөрөнгө мөнгийг нь босгоод ингээд ажиллаж эхэлсэн дээ. Эхний цуврал буюу таван боть 2009 онд гарсан. Дахин хэвлэхийг геологичид шаардаж 2012 онд дахин хэвлэсэн.
-Найман боть цааш үргэлжлэх үү?
-Нэмж засаад үргэлжлүүлж болно шүү дээ. Одоо ч хэвлүүлж өгөөч гэсэн газрууд байна.
-Төрийн соёрхол хэмээх энэ том шагналыг янз бүрийн салбарын хүмүүст өгдөг л дөө. Харин энэ удаад Монголыг тэжээдэг гол салбарын эрдэмтдэдээ уг шагналыг олгосон нь олон хүний анхаарлыг татлаа. Магадгүй Монголын төр уул уурхай, геологийн салбартаа дахин анхаарч эхэллээ гэсэн дохио ч байж мэдэх юм. Тэгж ойлгож болох уу?
-Яг болно. Бид ч тэгж ойлгож байгаа. Монголыг тэжээж байгаа, энэ нийгмийг байгуулж бүтээж байгаа салбар бол геологийн салбар. Энэ салбарын үндсэн дээр Монгол Улс түлэх түлштэй байгаа, галд алдаагүй байгаа. Энэ салбар хөгжсөн учраас манай хот тосгон сумдын төвүүд байшин барилгаа барьж ирсэн. Геологийн салбарын судалгааны ажил эрчимжсэний үндсэн дээр манай улсын хот тосгод, үйлдвэрийн газрууд устай болсон. Судалгааны ажил явагдаж нөөц, ундарга, найрлага нь тогтоогдсон тийм усаар хангагдсан. Хөдөө орон нутаг, бэлчээр, хөдөө аж ахуйн усан хангамжийн асуудал бол бас шинжлэх ухааны үндэстэйгээр геологичдын хүчээр явагдах болсон л доо. Геологичдын судалгааны ажлыг ингэж дэмжиж байгааг бид их л зөв юм руугаа хандаж байна гэж бодож байна. Мэдээжийн хэрэг эрчим хүч, уул уурхай, хөнгөн хүнсний үйлдвэр чухал л даа. Эдгээрийн чинь үндэс суурь нь геологи л байхгүй юу.
-Дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалт яригдахын өмнө заавал геологийн судалгаа явдаг?
-Тэгнэ шүү дээ. Байшин барих, зам, гүүр тавихын өмнө бүгдийг нь геологичид судална. Тиймээс манай оронд төдийгүй дэлхий даяар бүх ажил ингэж л эхэлдэг байхгүй юу.
Энэ ажил бол бидний эхлэл. Геологи цаашаа улам хөгжинө. Шинэ шинэ орд нээгдэнэ. Шинэ шинэ геологийн биетүүд нээгдэнэ. Геологийн судалгаагаар нас сүүдэр, найрлага, тархалтын талбай, нөөцийг нь тооцож тогтоодог юм. Энэ бүгд цаашаа шинэчлэгдэнэ. Шинээр насыг нь тогтооно, шинээр нөөцийг нь гаргана. Тийм учраас энэ найман боть эцсийнх нь биш. Үүнээс цааш байхгүй гэж үзэж болохгүй. Шинэчлэгдээд улам боловсронгуй болоод явна. Бидний энэ ажил үндэс суурийг нь тавьж өгч байгаа юм. Хойчийн залуус маань энэ үндсийг улам бэхжүүлээд улам салбарлуулаад магадгүй нэг ботийг яваандаа гурав, дөрөв болгон салбарлуулж мэднэ.
-Уул уурхайг тойрсон хэл ам их байна. Хаана л хэл ам байна, тэнд нь уул уурхай, ашигт малтмал яригддаг. Та үүнд мэргэжлийн хүний хувьд, геологич хүний хувьд юу хэлэх вэ?
-Хуучин, социализмын үед “Монголын геологичид явж байна, геологийн анги ажиллаж байна” гэхээр хөдөөний хүмүүс сүү, таргаа бариад “Юу хэрэгтэй вэ, яав ийв. Унаа мал хэрэгтэй юу” гээд хүрээд ирдэг байлаа. Бид ч тэр нутаг усанд нь юу байгаа, яах гэж байгааг илэн далангүй хэлдэг ийм байлаа. Гэтэл одоо геологийн салбарыг уурхайтай нийлүүлчихсэн учраас геологич л байвал “Энэ уурхайчин” гэдэг болчихсон. Тийм учраас өнөөдөр геологийн салбарыг дахиж ойлгох хэрэгтэй болж байна, Монголын ард түмэн. Геологийн салбар гэдэг бол Монгол орон юутай юм, энэ ордыг ашиглавал эдийн засгийн ямар үр ашигтай байна вэ, Монголд хэрэг байна уу эсвэл гадаадад хэрэгтэй юу, нөөц, агуулга нь хэд юм. Ямар бүтээгдэхүүн хийж болох юм гэх зэргээр улс ардын аж ахуй дахь ач холбогдлыг нь тооцоолж гаргадаг байхгүй юу. Тэрний дагуу уурхай олборлодог. Уурхай нь цаашаа боловсруулаад явуулдаг. Одоо манайх баяжуулах түвшинд хагас бэлэн бүтээгдэхүүний түвшинд л явж байна. Зүй ёс нь цааш нь эцсийн бүтээгдэхүүн хийх. Уг нь хийх боломжтой. Үүнийгээ төр засгаас хөгжүүлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж хэрэг үүнд эхлээд мөнгө хэрэгтэй. Геологийн судалгааны ажилд мөнгө хаяж байж орд нээхгүй бол болдоггүй. Мөнгө хаяхгүй бол орд нээгдэхгүй. Нэг орд нээгдээд ашиглалтад шилжтэл хөрөнгө шаарддаг. Өнөөдөр геологийн судалгааны ажилд ойролцоогоор найман тэрбумыг хаяж байгаа. Энэ бол бага тоо. Социализмын үед хийгдэж байсан шиг тийм нарийн тооцоо, судалгааны ажил хийгдэхгүй байна. Хэн хийж байна вэ гэхээр ашиглах гэж байгаа газар нь, нөгөө гадны компани нь өөрсдөө хийчихэж байна. Бид тэднээс дутахгүй хийх ёстой. Бид дэлхийн мэдээлэл, технологиос хоцрохгүй байж гэмээнэ дэлхийн жишигт нийцэх орд газар, уурхайг өөрсдөө тооцоолж гаргаж ирэх өндөр боловсон хүчинтэй болох хэрэгтэй. Хуучин тийм боловсон хүчинтэй байсан. Одоо бараг байхгүй болж байна. Ийм болохоор нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэнэ гэдэг маш чухал.
-Улсаа хөгжүүлэхийн тулд газрын хэвлийг ухаж төнхөх шаардлагагүй. Техник технологи, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх замаар улс орноо өндөр хөгжил рүү хөтөлж болно гэж үздэг хүмүүс бий?
-Газрын хөндийг хөндөхгүйгээр, ухахгүйгээр хөгжих арга байхгүй. Бид мал аж ахуйтайгаа л суугаад байна гэж бодвол хоцорно шүү дээ. Дэлхий хөгжиж байна, хүн төрөлхтөн бүтээж байна. Бид их л ухаантай, тэнцвэрийг нь олж бодлого явуулах ёстой байхгүй юу. Манай улсад баригдаж байгаа, баригдах уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрүүдийг нарийн тооцоолж байж ёстой долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Эсвэл хэтэрхий хэрсүү, хаширлаад юмнаас хоцорч болохгүй. Бидэнд хэдийгээр чухал ашигт малтмалууд байгаа боловч их хөрөнгө зарах шаардлагатай тулд гадаад оронтой хамтрах ёстой. Заримыг нь бид өөрсдөө хийх боломжтой шүү дээ. Монголчууд бидэнд орд газар байгаа. Тэр район газрыг сүйтгэхгүйгээр ашиглах боломж бий. Тиймээс үүнийг ч бас судлах хэрэгтэй. Монгол Улс хөгжих ёстой. Бид геологийн салбараа хөгжүүлэхгүй бол гадныхан орж ирээд нутгийнхантай ярилцахгүйгээр л төр засагтай чинь тохирсон гээд л техникээ ажиллуулаад дайрна. Үүн дээр л Монголын төрийн мэргэн бодлого байх ёстой. Ухах төнхөх чиглэлтэй байвал тэр нь ямар газар юм, ашиглаж болох юм уу, үгүй юу гэдгийг төр засгийн удирдлагууд бараг л өөрсдөө газар дээр нь очиж үзэж, нутгийн ардуудтай ярилцаж байж хийх хэрэгтэй. Сум орон нутгийг нь яаж хөгжүүлэх гэж байгаа вэ гэдгийг ард иргэд нь ч сайн ойлгодог байх хэрэгтэй. Зарим нь их л эх оронч болох гээд юуг ч хөндүүлэхгүй гээд байвал болохгүй. Одоо бид чинь хэдэн төгрөгтэй болж байх шиг байна. Улс орны эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарч байна. Тийм учраас аль болох өөрсдөө хийе. Гадныхантай зарим том юман дээр хамтарна л даа. Ер нь гайгүй дунд зэргийн, жижиг юмнуудаа өөрсдөө хийх хэрэгтэй. Өөрсдөө судалж, олборлож, баяжуулж ашиглах ёстой.
Төрөөс зориудаар энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлдэх хэрэгтэй. Социализмын үед Монголын төр мэргэн бодлого явуулж байсан. Улс ардын аж ахуйн бүхий л чиглэлээр боловсон хүчнүүд бэлдэж байсан. Үүний үр дүн, тэдний шавхруу нь л бидний үеийнхэн болоод байна. Тэрнээс орчин үеийн залуусыг ямар бодлогоор, яаж бэлдэж байгааг би л лав мэдэхгүй байна. Гадаадад сургууль төгссөн гэдэг. Ямар чиглэлээр төгсч, ямар мэргэжил эзэмшсэн, тэр нь хэрэгтэй эсэх нь тодорхойгүй. Тэгж болохгүй. Төлөвлөгөөтэй, бодлоготойгоор бэлдсэн боловсон хүчнүүд нь ойрын үед баригдах, бий болох үйлдвэрүүдэд зориулагдсан байх ёстой. Тэгж л бэлдэх хэрэгтэй байна. Түүнээс биш урсгалаар нь тавьж болохгүй шүү дээ. Үүнд захиргаадалт байх ёстой.
-“Монголын геологи ба ашигт малтмал” найман ботийг уншъя гэвэл хаанаас худалдаж авах вэ. Нэмж хэвлэх үү?
-Төрийн соёрхол хүртсэн энэ найман боть нийтдээ сүүлийн арван жилд хоёр удаа хэвлэгдсэн. 1000-аад хувь хэвлэсэн нь хоёр гурван жилийн өмнө дууссан. Надаас хүмүүс “Хаанаас авах вэ” гэж их асуудаг. Геологийн зарим байгууллага хэвлүүлмээр байна гэж байгаа. Хэвлүүлэхдээ бид захиалга авна. Хоёрдугаарт, шинэчилнэ. Сүүлийн тав, зургаан жил ямар өөрчлөлт гарав. Тэрийгээ бас нэмж шинэчилж улам боловсронгуй болгоод гаргана.
-Энгийн хүн энэ ботиудыг уншчихсан байхад их тустай байх шүү, тийм ээ?
-Их асуудаг. Геологи сонирхдог хүн байна аа, ном байна уу гэж сурна. Төддүгээр боть нь байна уу гэж асууна. Магадгүй сум орон, хязгаар нутагтай нь холбогдолтой мэдээлэл байж болох юм шүү дээ. Бидний үед зарим орд чинь хөдөөний ардуудын захиалга, мэдээгээр нээгдэж байсан. Зарим нь чулууг нь барьчихсан ирдэг. Тэндтэй нэгдээд хамт явж орд мөн гэдгийг тогтоож байсан зүйл ч бий.
-Боть тус бүр дээр ямар ямар сэдэв, чиглэлийг хөндсөн бэ?
-Ботиудын агуулгын дагуу мэргэжлийн хүмүүс бичсээн. Нэгдүгээр ботьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сүүлийн гурван тэрбум жилийн туршид хуримтлагдсан чулуулаг, газрын гүнээс түрсэн магмын чулуулаг зэргийг тусгасан. Энэ ажилд манай геологичид, доктор Доржнамжаа, доктор Ариунчимэг, доктор Сэрсмаа, доктор Оролмаа гэх мэтчилэнгийн хүмүүс идэвхитэй оролцсон. Дараачийн хоёрдугаар ботийг доктор академич Барсболд эрхлэн гаргасан. Түүнтэй хамтраад фалентлогийн чиглэлээр ажилладаг арав гаруй эрдэмтэн ажилласан. Хандаа, Ариунчимэг, Доржнамжаа, Цогтбаатар, Ичинноров гэж эртний ургамал судалдаг доктор байна. Ийм хүмүүсээс гадна олон шинэ залуучууд оролцож ажилласан. Гуравдугаар ботид гүний чулууны тухай бичсэн. Гүний чулуу гэдэг нь магмын чулууг хэлж байгаа юм. Магмын чулууны зарим нь бялхаад газрын гадарга дээр ил гарчихдаг юм. Тэрийг нь нэгдүгээр боть дээр дэлгэрэнгүй танилцуулсан. Нэг хэсэг нь ингээд ил гараад ирдэг бол зарим нь ингэж ил гарч чадахгүй гүндээ царцсан байдаг. Тэрийг нь түрмэл чулуу гэдэг. Энэ ботид тэр чулууны тухай бичсэн байгаа юм. Цайр, хар тугалга, алт, мөнгө, төмөр, марганц зэрэг олон төрлийн металийн ашигт малтмалууд түрмэл чулуулагтай холбоотойгоор үүссэн байдаг. Энэ ботид шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Гэрэлтэй хамтарч доктор Жаргал, доктор Батхишиг ажилласан.
-Та аль ботиудад нь илүүтэй ажиллав?
-Нэг, дөрөвдүгээр ботийг эрхлэн гаргасан. Дөрөвдүгээр ботид орчин үеийн дэлхийн царцдасын тухай өгүүлсэн.
-Та бүхний бичсэн ботиудад Төрийн соёрхол хүртээх гэж байгаа гэдэг мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Бид эхлээд үнэмшихгүй байсан (инээв). Гадаад орнуудад, Зөвлөлтөд иймэрхүү том бүтээл хийсэн улсуудад төрийн шагнал өгч байсан л даа. Тэрийг бодоод “Бас Төрийн шагнал өгчихөд болохгүй зүйл байхгүй дээ” гэж бодож байсан. Гэхдээ энэ бүтээлд дутагдал бий л дээ. Энэ чинь эцсийн төгс хувилбар биш шүү дээ. Туйлын үнэн биш. Үүнийг цааш нь улам боловсронгуй болгоод явах ёстой. Геологийн шинжлэх ухаан чинь онолын олон баримтлалтай. Янз янзын баримтлал чиглэлээр яривал янз янзын юм ярьж болно.