Categories
мэдээ нийгэм

Шилдэг тоглогчоор хошууч Д.Одонбаяр шалгарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсний 97 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа дунд боулингийн тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд 9 багийн 60 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрыг Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын баг, дэд байрыг Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын баг, тэргүүн байрыг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Дулааны цахилгаан станц 2, 3-ын галын гэрээт хэсгийн нэгдсэн багийн тамирчид эзэллээ.

Харин шилдэг тоглогчоор Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Одонбаяр шалгарсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангасан хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд өнгөрсөн онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулж байна.

2018 он Онцгой байдлын байгууллагын хувьд албаны болон алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг Азийн улс орнуудад таниулж Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан амжилт бүтээлийн жил байлаа.

Тухайлбал, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2018 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцон, нийт удирдах ажилтнуудад хандаж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, ”Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх дүрэм, журам, зааврыг 2018 онд бүрэн батлаж, эрх зүйн орчны шинэчлэлтийг бүрэн хийлээ. Мөн 2018 онд Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын байгууллагын 10 анги, салбарыг орон нутагт шинээр байгууллаа. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэддээ хүртээмжтэй хүргэх талаар Засгийн газраас ихээхэн анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах ажилтан хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллага 2019 онд

  • Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх,
  • Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Жагсаал зохион байгуулагчид УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар өрөөнд нь оржээ

Image result for м.энхболд

Сүхбаатартын талбайд болж буй МАНАН-гийн эсрэг жагсаалыг зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар өрөөнд нь орсон байна. Тэд УИХ-ын даргыг ажлаа өгөх шаардлагыг М.Энхболдод гардуулна. Мөн “Босоо хөх Монгол” болон бусад төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар оржээ. УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй бол 300 хүн Сүхбаатарын талбай дээр гэр барин өлсгөлөн зарлахад бэлэн гэжээ. “Бид өмнө нь жагссаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболдод албан шаардлагаа гардуулахаар өрөөнд орсон ч байгаагүй бөгөөд хүлээж аваагүй. Энэ нь шаардлагыг хүлээж аваагүй анхны тохиолдол” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөс цөмрөх аюултай байна

Он гарсаар нэгдүгээр сарын 07-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байсан “Террана” загварын суудлын автомашин голын эргээс 200 метрт цөмөрсөн дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид ажиллан, автомашиныг татаж гаргасан.

Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна.

Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Солонгосын Хэмжил зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Стандарт, Хэмжил Зүйн Газар (СХЗГ) нь 1997 оноос хойш БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-тэй Харилцан ойлголцлын Санамж бичиг (MoU) байгуулсны үндсэн дээр хэмжил зүйн салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү хэмжил зүйн салбар дахь 20 гаруй жилийн хамтын ажиллагааны хүрээнд Стандарт, хэмжил зүйн газарт Монгол Улсын эталоныг бий болгох, түүний нэгж дамжуулалтыг хангах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, ялангуяа хэмжил зүйн боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэн чадавхижуулах чиглэлээр KRISS-ийн зүгээс техникийн асар их дэмжлэг туслалцааг үзүүлж ирснийг бид өндрөөр үнэлдэг билээ.

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон KRISS-ийн ерөнхийлөгч Санг Руял Пак (Dr. Sang Ryoul Park) нар хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид 2024 он хүртэл улам өргөжүүлэн хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллахаар шинэчилсэн харилцан ойлголцлын Санамж бичигт 2018 оны 12 дугаар сард дахин гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд хоёр тал эталоны чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, мэргэжилтэн судлаачид солилцох, эталоны лаборатори хоорондын харьцуулалт зохион байгуулах, техникийн мэдээлэл, материал болон нийтлэл солилцох, хоёр талын зохион байгуулах сургалт семинар, воркшопд оролцох зэрэг бусад тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж улмаар СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн шинжлэх ухаан, техникийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын жишигт ойртуулах боломж бүрдэх юм.

Мөн KRISS-ийн ерөнхийлөгч Dr. Sang Ryoul Park СХЗГ-ын хэмжил зүйн үйл ажиллагаатай танилцах, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар хоёр тал тохиролцсон болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах бичигт Ж.Мөнхбат гишүүн гарын үсэг зуржээ

АН-ын бүлгээс УИХ-ыг тарааж дахин ээлжит бус сонгууль явуулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ. Одоогоор АН-ын долоон гишүүн УИХ-ыг тараах гарын үсгээ зураад байгаа. Тэдэн дээр МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэмэгдэж, гарын үсгээ зурлаа.

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ МААМУУ” цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Нийслэлийн хэмжээнд хүүхэд болон гэр бүлийн хүрээнд эрх зөрчигдөж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхой ажлын хүрээнд шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Байгалмаа, төлөөлөгч Д.Баярсайхан, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын НИТХ-ийн эмэгтэйчүүдийн бүлэг 2019 оны 01-р сарын 09-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ уулзалт нь НИТХ-ын төлөөлөгчид ГБХЗХГ-тай хамтран ажиллаж байгаа гурав дахь удаагийн уулзалт юм.
Уулзалтаар 2018 онд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр хийсэн ажлын товч тайланг нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс танилцуулж, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудад шийдэл олох, арга замуудыг тодорхой болгох, хамтран ажиллах тал дээр санал солилцож, цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төлөөлөгчдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаар болж, дүүргүүдийн нөхцөл байдалтай 1, 2 дугаар саруудад багтаан танилцахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт хийлээ

НЗДТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс олон ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон хот дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал н.Мягмаржав болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, барилгын компаний захирал, төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

2016 оны сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд ажлын хэсэг байгуулж, томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр хамтран ажиллаж санхүүжилт хийхээр болсон. Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцлөөр Хөгжлийн банкнаас зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болж байгаа юм. Тус Барилгын компаниуд зээл авахын тулд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан байх ёстой. Улаанбаатар хот газар олголт болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, банкинд баталгаа гаргаж өгөх юм. Үүнээс гадна тус банктай нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болж, эхний ээлжинд 50 цахилгаан автобусыг ирэх дөрвөн сард багтаан Улаанбаатарт оруулж ирэхээр болсон.

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Монгол улсын хөгжлийн банкны хувьд нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болж, ирэх 4 дүгээр сараас эхлэн цахилгаан автобус оруулж ирэхээр болсон. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд Хөгжлийн банк хамтран ажилласаар ирсэн. Монгол улсын хөгжлийн банкны хууль 2017 оны хоёрдугаар сард батлагдаж, 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шалгууруудыг тусгаж өгсөн. Эдгээр шалгуур, шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдэд санхүүжилт олгоход бэлэн. Хөгжлийн банкин дээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслүүдийн хувьд 2021 онд хэрэгжиж дууна. Ингэснээр нийт 1000 гаруй айл орон сууцтай болох юм. Үүнээс гадна шинэ суурьшлын бүсэд таван төсөл хэрэгжүүлж 7000 гаруй айл орон сууцтай болоод байна. Цаашдаа нийслэлтэйгээ хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд санхүүжилтийн ажил хийгдэнэ.

НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг:

Өнөөдөр бид нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд явж байна. НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орон боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уншигч та бүхнээсээ хүлцэл өчье

Эрхэм уншигчдаасаа хүлцэл өчье. Манай вэб сайт болон цахим сонин байршдаг серверт алдаа гарч, цахим сонин болон мэдээллээ оруулахад бэрхшээл гарлаа. Бидний зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч байгаа болно.

DNN.mn сайт