Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагад албан бичгээр хариу өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв.

Уг хариу бичигт: “Та бүхний зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаалаас гаргасан шаардлагатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэнд бид…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт энэхүү зорилгыг тууштай мөрдөж, сахин хамгаалсаар ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу хуулийн дагуу бүх асуудал шийдэгдэх ёстой.

Миний бие Та бүхнээс тавьж байгаа шаардлагад дурдсан ямар нэгэн бүлэглэл, дэглэмийн төлөөлөгч, хамгаалагч биш. Би үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийнхээ цалин орлого, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, тэдгээрийн биелэлтийг зохион байгуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн.

Би МАНАН-г үүсгэгч биш, харин МАНАН үүсэхээс сэргийлэгч, үүссэн МАНАН-г арилгагч. 2005 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын даргаар сонгогдсон даруйд МАХН болон АН-ын хамтарсан “67-ийн бүдүүн бүлэг” нэртэй МАНАН-г тарааж, МАНАН-д суурилсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад Ардчилсан намыг оруулалгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, МАНАН үүсэхээс сэргийлсэн.

Мөн 2013 оноос Монгол Ардын Намын даргаар дахин сонгогдон ажиллаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ямар нэгэн МАНАН үүсэхгүй байх, нэг нам дангаар засгийн эрх барих боломжийг бүрдүүлсэн. Харин одоо шинэ МАНАН үүсэх бодит нөхцөл бүрдэж байгааг ард иргэд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд газрын наймаа гэх зэрэг хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийж байгаагүй болно. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар дээрх хууль журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод орон сууцны олон шинэ хороолол, аж ахуй, соёл, бизнесийн төвүүд бий болсон.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Мардай, Шүдэн уул зэрэг 49 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 15 болгож бууруулан баталж байсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын орд газрууд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон Ерөнхий сайдад байгаа эрх мэдлийн хүрээнд Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, бүрэн дүүрэн биш гэхэд тодорхой үр дүнд хүрсэн шийдвэр гаргуулж чадсан юм. Түүнчлэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад, монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбараар боловсруулж, Улсын Их Хуралд санал болгосон боловч батлаагүй.

Би Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд, үүрэг чиглэл өгч тухайн үед 7200-д хүрч, эх замбараагаа алдсан байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3600 болгож, хоёр дахин бууруулсан.

Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байх үедээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Тавантолгойн орд газрыг Монгол Улсад ашиггүй байдлаар шийдвэрлэх гэж байсан гэрээг эрс эсэргүүцэж, уг гэрээг зогсоох санаачилга гаргаж, миний саналыг Улсын Их Хурлын бусад 2 дэд дарга болон Улсын Их Хурлын дарга дэмжин хамтарч, уг гэрээг замаас нь таслан зогсоож байсан.

Мөн миний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар 2007 оныг “Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж 69 мянган шинэ ажлын байр бий болгож, 42,500 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянгад хүргэж, дунджаар 92 мянган төгрөг байсан төрийн албан хаагчдын цалинг 300 мянга болгон цалин тэтгэвэрийг гурав дахин нэмсэн. Гадаад валютын цэвэр нөөц 2005 онд 298 сая ам.доллар байсныг 2007 он гэхэд түүхэнд анх удаа 1 тэрбум 103 сая болгон дөрөв дахин нэмэгдүүлж, нэг ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1221 төгрөг байсныг 2007 оны эцэс гэхэд 1169 төгрөг болгож ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулж, 2005 оныг хүртэл 6.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг анх удаа 10 хувь давуулан 10.2 хувьд хүргэж байсан. “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгон залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон зэрэг эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх талаар олон арга хэмжээ авч, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавьсан.

Улсын Их Хурлын даргын хувьд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж ирсэн болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан хуульд нийцсэн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөөс шалтгаалж болох зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авч байна. Тухайлбал, 2017 онд Туул голын сав газрын хамгаалалт болон агаар, орчны бохирдлын асуудлаар 2 ажлын хэсэг, 2018 онд Оюу толгой орд газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар 2 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар гаргасан шалгалтын дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 тоот тогтоол батлуулж, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгон төрд авах шийдвэрийг гаргуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, бүх шатны шүүгч болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Үндсэн хуулийн цэцийн даргыг цэцийн гишүүд дотроосоо өөрсдөө сонгодог. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож Улсын Их Хурал, тагнуул, цагдаагийн байгууллагын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул миний бие эдгээр албан тушаалтан болон хуулийн байгууллагад нөлөөлөх ямар ч боломжгүй.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр тавигдсан 60 тэрбумын хэрэг гэх асуудлыг 2016-2017 оны хооронд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага прокурорын хяналт доор хамтран болон бие даан хоёр ч удаа шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

Миний зүгээс 60 тэрбумтай холбоотой болон бусад асуудлаар шүүх, хуулийн байгууллагад нөлөөлсөн, нөлөөлөх гэсэн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд 60 тэрбумтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах чиглэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Одоо энэ асуудлыг тагнуулын байгууллага дахин шалгаж байна.

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүнээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардаж албан бичиг ирүүлсэн. Уг шаардлагыг харьяаллын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд гишүүдээс тавьсан шаардлага Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Энэ тухай шаардлага гаргасан гишүүдэд хариу өгөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалт бий болгохоор хуулийн төсөл санаачлан ирүүлсэн нь сүүлийн үед тавьж байгаа шаардлага хууль бус байсныг нотолж байгаа юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Миний бие хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж, дэмжсэн санал өгсөн.

Харин улс орны эдийн засгийн бодит салбарын үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд аж ахуй эрхлэх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхээ хэрэгжүүлэх баталгаа болж байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их Хурал, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан албаны эрх нөлөөгөө ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвийг нь тогтоон шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй, улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаж, шийдлээ хүлээсэн олон асуудал хэлэлцэгдэхгүй байгаад харамсаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож, шаардлагад дурдсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсье.

Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн тул идэр есийн жавартай, утаа орчны бохирдол зэрэг эрсдэлт хүчин зүйл ихтэй өвлийн улиралд жагсаал, цуглаанд оролцохгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг ард иргэдээсээ хүсэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таних вэ

Ханиад томуу хаа сайгүй ихсэж, дүүргийн болон өрхийн эмнэлгүүд ачаалалаа дийлэхгүй, ханиад, хатгаатай хүүхдээр “хахаж” байна. Ер нь хувьсгалын гэлтгүй хувийн эмнэлгүүд ч битүү хүнтэй байна. Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед уушгины хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг зайлшгүй мэдэж байх нь чухал юм.
Өндөр тунгаар халуурч байгаад хатгалгаа болж байгаа ханиад өвчлөлийг гэрийн нөхцөлд гар дор хэрхэн эмчлэх талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөрөн сумын агаар “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Мөрөн сумын агаарын чанарын мэдээг өдөр бүр гаргаж байгаа бөгөөд агаарын чанар “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ. Мөрөн сумын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж гэр хорооллын иргэд түүхий нүүрс их хэрэглэдэг болсон автомашины тоо нэмэгдсэний улмаас тоосонцорын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хүргэжээ. Хэдийгээр Дулааны станц ашиглалтад орж уурын зуухнуудын үйл ажиллагаа зогссон боловч түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж агаар бохирдсоор байгаад анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хот шиг аюултай түвшинд хүрэх эрсдэл ойрхон байгааг Мөрөн сумын иргэд хэлж байлаа. Ялангуяа Хүнсний зах болон 4,5-р хорооллолд өглөө оройдоо битүү манан утаа үүсч, иргэдийн хоолой гашуу оргиж утааны улмаас толгой өвдөх, ханиах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цолмон: УИХ-ын гишүүдтэй цуг орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон: Өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр жагсаал болж байгаа. Жагсаалд УИХ-ын гишүүд оролцож байна. Түрүүн жагсагчид болон УИХ-н гишүүд УИХ-ийн даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл хийх гэсэн юм. Ямар нэгэн улстөрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар бол төрийн захиргааны байгууллага. Мэдээлэл хийж байгаа зорилго маань би УИХ-ын даргатай хамт байсан. УИХ-ын даргын өрөөнд яг юу болсон талаар товч мэдээлэл өгье. 14:30 цагт над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч УИХ-ын даргатай уулзах эрх нээлттэйг би хэлсэн. Бид гишүүдээрээ ормооргүй байна. Жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна гэсэн шаардлага тавьсан. Түүний дараа би Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа утсаар ярьсан. Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй бас хоёр удаа холбогдсон. УИХ-ын даргад танилцуулаад УИХ-ын гишүүн, ТББ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл есөн хүн ирснийг та бүхэн мэдэж байгаа. Гарч ирээд юу ярьсныг би мэдэхгүй байна. УИХ-ын даргын өрөөнд яг юу болсныг ярья. УИХ-ын даргад нэг хуудас бүхий шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагуудад тодорхой үндэслэлүүд байсан. УИХ-ын дарга үндэслэлүүдийн хариуд тодорхой хариулт бэлдэж, албан ёсны хариугаа гардуулж өгөөд ярилцаад гарах бодолтой, төлөвлөгөөтэй орсон. УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас бүхий албан хариу байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй цуг орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь төрийн тусгай хамгаалалт, ордон дотор үйлчилж байгаа тодорхой дүрэм журмыг зөрсөн үйлдэл болсон гэж бид дүгнэж байна. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох эсэхийг би мэдэхгүй байна. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Тэгэхээр харьяаллын дагуу ямар байгууллага ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй. Ямар ч байсан энд баривчлах саатуулах үйл ажиллагаа явуулаагүй.

Categories
мэдээ нийгэм

​Япон Улсын паспорт дэлхийн 190 оронд чөлөөтэй аялах эрхтэй

Япон улсын паспорт дэлхийд чансаагаараа дахин тэргүүлсэн тухай улирал тутам гаргадаг Хенли Паспорт Индекс/Henley Passport Index/-ийн тайланд мэдээлжээ. Тус орны паспорттай байхад 190 оронд чөлөөтэй аялах эрхтэй болдог байна. Хоёрдугаар байрт Сингапур, БНСУ (Хоёулаа 189), гуравт Франц, Герман (188), дөрөвт Дани, Финланд, Итали, Швед (187), тавд Люксембург, Испани (186) оржээ. Харин Их Британи, АНУ өнгөрсөн оны амжилтаасаа ухарсан үзүүлэлттэй гарч, Австри, Нидерланд, Норвег, Португал, Швейцарь улсуудын хамтаар зургаадугаарт бичигдлээ.

Тус тайланд дурдсанаар Монгол улсын иргэд 61 оронд виз авахгүйгээр зорчих боломжтой бөгөөд манай паспорт олон улсын зэрэглэлээр 79 дүгээр байранд орсон байна.

Categories
мэдээ спорт

“Анхдагчдын цом-2019” цанын нээлттэй тэмцээнд хилчид амжилттай оролцлоо

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд “Анхдагчдын цом-2019” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг Хилийн 0286 дугаар анги, Булган аймгийн засаг даргын тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 14 багийн 122 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Булган аймгийн засаг дарга Ч.Батзориг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, Хилийн 0208 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, бэлтгэл хурандаа Д.Батцэнгэл нарын хүндэт зочид төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Швейцарь улсаас цанын мэргэжлийн тамирчид ирж монгол тамирчидтай өрсөлдөж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа. Тэмцээн насанд хүрэгчид ба өсвөрийн тамирчид гэсэн ангилалтай явагдлаа. Насанд хүрэгчид 19-25, 26-36, 37-өөс дээш, өсвөрийн тамирчид 11-12, 13-14, 15-16, 17-18 насны гэсэн ангиллаар болон багуудын буухиа уралдаанаар үргэлжилсэн юм. Тус тэмцээнээс Хилийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбат мөнгө, дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ахлагч А.Нарангарав хүрэл медаль хүртлээ. Буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг тэргүүлж, хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Харин буухиа тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ. Багийн дүнгээр Хэнтий аймгийн тамирчид түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Хилийн 0286 дугаар анги шалгарч Хилийн 0303 дугаар тусгай салбар удаах байрыг эзлэв. Тэмцээнд оролцсон тамирчид, ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд Хилийн 0286 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны хамт олон “Булган хангайн хилчдийн аялгуу” нэртэй концерт, үдэшлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол өв соёл болон хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилав. Мөн Швейцарь улсын иргэн Паскалын өсвөрийн цаначдыг бэлтгэхэд хөрөнгө оруулалж, хойд хилийн ангиудын хилчин тамирчдыг цанын спортод бэлтгэхэд онцгой туслалцаа үзүүлж байгаа юм. Паскаль энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөрийн цаначдыг ирэх жил Швейцарь улсад зохион байгуулах “Lausanne-2020” тэмцээнд оролцуулахад өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэх ажээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 13:30 цагаас товлогдоод байсан ч ирц нь бүрдэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр яригдаж буй дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэн солонгос улсад амиа алдсан байдалтай олджээ

Солонгос улсад Монгол улсын иргэн бусдын гарт хутгалуулж амиа алдсан хэрэг гарчээ.

Эл хэргийн дагуу тус улсын цагдаагийнхан очиж шалгахад цээжнийхээ зүүн талд гүн хутгалуулсанаас нас барсан байжээ. Хохирогч нь Монгол Улсын иргэн 33 настай А болох нь тогтоогджээ. Гүмигийн цагдаагийн газар хэргийн газраас олдсон зэвсэгийг шинжилж үзээд уг хэрэгт холбогдолтой сэжигтэнээр хохирогч А-тай нэг нутгийн /Монгол /иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тогонд цохиулж нас барсан хүүгийн шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр эмийн сангийн үүдэнд харамсалтайгаар амиа алдсан гэх арван настай хүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар шүүгдэж буй Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Харин өнөөдрийн хуралд шүүгдэгч “Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн учраас ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрээр хурлын товыг нэгдүгээр сарын 17-ны 15 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, өнгөрөгч оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар байрны нэг давхарт байрлах эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж арван настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж прокурорт шилжүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 он болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинэчлэгдэн батлагдсан. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлсэн суулгах үйл ажиллагаа зохицуулах алба” байгуулагдсан. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан.

Мөн уг хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг тус тус хэлнэ гэж зааж өгчээ.
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь донорын тухай хууль болон дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд гэрээ хийгдснээр манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, тархины үхэлтэй донорын олдоцыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Уг гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа үргэлжлүүлэн сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтаар дээрх эмнэлгүүдийн тархины үхэл тодорхойлох багийн гишүүд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцан туршлагаа хуваалцах болно.
Гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон ЭМЯ-ны ЭТГ, ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Хууль батлагдсанаас хойш 2 тархины үхэлтэй донороос бөөр, элэг, судас шилжүүлэн суулгах мэс заслаар 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж амь нас авраад байна.