Засгийн газар стратегийн ач холбогдолтой 15 ордын нэгд багтдаг Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх үүрэг өглөө. Цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн өөдрөг тодотголтойгоор “Эрдэнэс Монгол”-д очиж буй Асгатын мөнгөний ордыг түүхийг сөхье.
Асгатын мөнгөний орд газар Монголын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залгаа оршдог. Бүр тодруулж хэлбэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд аймгийн төв Өлгий хотоос 180 км, сумын төвөөс 70 км, Улаанбаатар хотоос 1800 км-т, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км-т оршдог. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Асгат гэж жижиг суурин байгуулсан нь оросуудын энэ ордыг ашиглах сонирхлоос эхтэй гэдэг.
Асгатын ордын түүх өнгөрсөн зуунаас эхтэй. 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа хийсэн байдаг. Хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай улсын гүнд 100 км-т геологийн судалгаа явуулж байж. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байв. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн болсон гэх мэдээллийг энэ ордын танилцуулгаас харж болно. Нэмэлт судалгаагаар үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн боломжтой гэж геологичид онцолдог. Асгатын ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий агуулгатай хүдэрт мөнгө, зэс, сурьма, висмутаас гадна дагалдах байдлаар төмөр, хар тугалга, кадми, мышьяк, цайр, алт бий гэсэн геологийн ажлын үр дүн бий. 1990 он хүртэл эрэл үнэлгээ, геологийн зураглалын ажил хийгджээ. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо дуулддаг. 500 хүний ажлын байрыг шинээр бий болгож, жилд 7.6 сая ам долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой, Асгатын мөнгөний ордыг түшиглэсэн үйлдвэрийг дэд бүтэцтэй нь байгуулахад нийт 57.1 сая ам.доллар хэрэгтэй гэх мэт мэдээлэл одоогоос зургаан жилийн өмнө цацагдаж байв.
Асгат руу очихын тулд ОХУ-ын хилийг давахаас аргагүй нөхцөл үүсдэг гэсэн шалтгаан ч ордыг өнөөг хүртэл ашиглаагүй шалтгаануудын нэг юм. 2013 оны сүүлээр тус орд хүртэл бетонон гүүр бүхий хайрган хучилттай авто зам тавьж байв. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших орд газрын ойр орчмоор өмнө нь морьтой хүн байтугай явган хүн явахад түвэгтэй, саад бартаатай төдийгүй, цаг агаарын бэрхшээлтэй зарим үед ОХУ-ын нутаг дэвсгэрээр ч дамжин очих тохиолдол байсан юм. Ийм шалтгаанаар 72.8 метр урт төмөр бетонон гүүр бүхий 7.3 км хайрган хучилттай авто замыг барьжээ.
Өндөр уулын бүсэд уул геологийн хүндрэлтэй нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрласан гэх мэт шалтгаануудын улмаас ордыг ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас төдийгөөс өдий хүртэл Оросын нэг компани л хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсныг онцолъё. ОХУ-Монголын хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал 2014 онд Москвад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар сөхөгдсөн удаатай. Тэр хүрээнд байгалийн зураглалын ажил хийж байж. Ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцээс гадна хүдрийн баяжуулалтын технологийн шийдэл тодорхойгүй гэсэн бэрхшээл асуудал яригддаг. Ардчилал эхэлснээс 1996 он хүртэл төрийн өмчийн “Монгол эрдэнэ” компанид данстай байсан энэ орд тэр үеэс хойш Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет”-ийн мэдэлд очсон юм. Тухайн үед өнгөт металлын бүх орд “Монросцветмет” гэсэн малгай дор орсон түүхтэй. “Монросцветмет” ордыг ашиглах технологийн ашигтай шийдлийг хайж ОХУ, АНУ, Австралид судалгаа хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөнгөний орд гэж ярьдаг ч шууд мөнгө гарахгүй, нийлмэл баяжмал учраас технологийн эрэл өнөөг хүртэл үргэлжилж буй гэж ойлгож болно. Мөнгөний агуулга өндөр ч мөнгө, алт, төмөр, цайр гэх мэт холимог металл бий тухай өмнө онцолсон. Баяжмал боловсруулахад хориотой, технологийн хувьд хор нөлөө ихтэй хүнцэл, сурьма тус ордын хүдэрт агуулагдаж байгаа нь асуудал болдог байна.
“Монросцветмет” ХХК, ОХУ-ын Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Полиметалл” нэгдэлтэй хамтарсан “Асгатполиметал” ХХК-ийг үүсгэн байгуулж Асгатын мөнгөний ордыг 50:50 хувийн эзэмшилтэйгээр Полиметалл нэгдлийн хөрөнгө оруулалтаар ашиглахаар гэрээ, хэлэлцээ хийсэн боловч тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр цуцлагдаж байсан юм. “Асгатполиметал”-ын хувьд Асгатыг сонирхсон цорын ганц хөрөнгө оруулагч байв. Асгатын мөнгөний ордыг УИХ-ын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж байсныг уншигчид санаж байгаа байх. Дараа нь буюу 2010 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод Асгатын мөнгөний ордын талаар санал хүргүүлж байв. Уг саналд “Асгатыг стратегийн ордод хамруулснаас хойш гурван жил гаруй хугацаанд Баян-Өлгий аймаг, баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой уг ордыг эзэмших, ашиглах талаар тодорхой бодлого гаралгүй өнөөг хүрлээ. Эрхэм Ерөнхий сайд Таны 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Монросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн хурал Москва хотноо болохыг харгалзан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор танд дараахь саналыг хүргүүлж байна. Нэгдүгээрт Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа Асгатын мөнгөний ордын дөрвөн тусгай зөвшөөрлийг Засгийн газарт шилжүүлэн авч, улмаар олон улсын нээлттэй тендер зарлах замаар хамтран эзэмшигчийг тодруулах шаардлагатай. Хоёрт тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авах асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийж, тохиролцох асуудлаар компанийн Монголын талын оролцогч Төрийн өмчийн хороонд үүрэг өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй. Гуравт тусгай зөвшөөрлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авахдаа “Монросцветмет” ХХК-иас Асгатын мөнгөний ордод 1993 оноос өнөөг хүртэл хийсэн хөрөнгө оруулалтын болон урсгал зардалд гаргасан 2,5 сая ам. долларыг тус компаниас улсын төсөвт ирээдүйд төлөх татварт суутган тооцох замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн онцолж байжээ.
Дахин онцлоход Асгатын ордыг өнөөг хүртэл ашиглаж чадаагүй шалтгаануудад технологийн ашигтай шийдэл олоогүй, байршил түвэгтэй хүнд нөхцөлтэй, нөөц нь мөнгөний том ордод тооцохуйц хэмжээний биш, олон элемент агуулсан бүтэцтэй гэх мэт багтаж байна.
Ийм түүхтэй ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргана. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэхдээ “Монросцветмет-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ынхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй. Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуул” гэж үүрэгдээд байна.
Асгатын мөнгөний орд тойрсон улстөрчидтэй холбоотой шуугиан ч өнгөрсөн хугацаанд олны анхааралд өртсөөр ирсэн. Нэг тод жишээ гэхэд л Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхдаа их өр тэглэх шоуныхаа ар хударгаар Оросын талтай нууц хэлэлцээ хийж, Асгатыг найр тавьсан гэх мэдээлэл тухайн үед өндрөө авч байсан юм.