Categories
мэдээ нийгэм

Рашаантын төлбөр авах цэгийг баруун туруун руу шилжүүллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Олон улс, улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баруун турууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах гэж байна.
Тус ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нийслэлийн төлбөр авах цэг болох Баруун турууны 3 төлбөр авах цэгийн байранд их засвар болон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг хуучнаар Рашаантын төлбөр авах цэгээр нэг урсгалаар авдаг байсныг Баруун турууны төлбөр авах цэгээр гурван урсгалаар авдаг болголоо. Энэхүү ажил хэрэгжсэнээр төлбөр хураах цэгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх үед түгжрэл үүсдэг, урт дараалал бий болдог асуудлыг шийдвэрлэж байна.
Мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” төлбөрийн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Баруун турууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид бүх төлбөр авах цэгүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаа ашиглан онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөрөг, аяга, зүүлт г.м. бусад)-ийг өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд хүн бүхэн тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй, хэмээн Стандарт, хэмжил зүйн газраас анхааруулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын зургадугаар зүйлд Үнэт металл, эрдэнийн чулууны ангилалыг баталсан байгаа. Мөн энэхүү журмын хэрэглэгч, Эрдэнийн чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний мэдвэл зохих заалтуудыг танилцуулъя.

3.1. Эрдэнийн чулууны ангилалд нэр заасан чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын эрдэнийн чулууны лабораториор чулууг тодорхойлуулж энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрдэнийн чулууны гэрчилгээ” авна.
3.2. Эрдэнийн чулуун эдлэл эзэмшигч хүсвэл өөрийн үнэт эдлэлд эрдэнийн чулууны гэрчилгээ авч болно.
3.4. Эрдэнийн чулууны гэрчилгээ нь зөвхөн тухайн үед тодорхойлуулсан чулуу, чулуун эдлэлийн хувьд хүчинтэй байх бөгөөд уг гэрчилгээг өөр чулуу, эдлэлд ашиглахыг хориглоно.
3.5. Эрдэнийн чулууны гэрчилгээ үнэн зөв болохыг уг чулуу, эдлэлийг тодорхойлсон шинжээч өөрөө хариуцна.
3.6. Гоёл чимэглэлийн үйлдвэр нь үнэт эдлэлд суулгах чулуун шигтгээг эдлэл дээрээ суулгахаас өмнө тодорхойлуулсан байвал зохино.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны лабораторид эрдэнийн чулууг шинжлэн тодорхойлж гэрчилгээ олгож байна.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн үйлчилгээг сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв

ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж байгаа Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн зургаа дахь удаагийн хурал өнөөдөр болоо.

Хурлаар төслийн үр дүн, 2018 оны ажлын тайлан болон үлдсэн зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загвар бий болгох зорилгоо хангалттай биелүүлсэн хэмээн оролцогч талууд дүгнэж, цаашид төслийг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уламжиллаа.

Төслийн хүрээнд Хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын чадавх бэхжүүлэх олон арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

БСШУС-ын сайдын тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, загвар, ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-ыг боловсруулан батлуулжээ.

Хуралд ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн ерөнхий менежер Иший Тэцүяа, төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, болон бусад албаны хүмүүс, тусгай боловсролын байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцож санал бодлоо хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгажээ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов. 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн гурван улсыг дээрх жагсаалтаас хасжээ. Манай улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус авжээ. Тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна. Энэ дашрамд иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн Номын сангийн өргөтгөл ашиглалтад орлоо

Өнгөрсөн даваа гаригт МУБИС өөрийн хөрөнгөөр барьсан хичээлийн III байран дахь Математик байгалийн ухааны сургууль, Биеийн тамирын сургуулийн оюутны номын сангийн хоёр давхар өргөтгөлийг хүлээн авч, ашиглалтад орууллаа. Оюутан хүний бие даан амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх хамгийн таатай орчин бол номын сан байдаг. МУБИС-иас сүүлийн жилүүдэд оюутан суралцагчдынхаа тав тохитой суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээг сайжруулахад онцгойлон анхаарч ирсний нэгэн томоохон бүтээлч ажлуудын нэг нь 2018 оны зургадугаар сараас өөрийн дотоод санхүүжилтээр барьж эхэлсэн 424 м2 талбай бүхий 200 суудалтай номын сангийн өргөтгөлийн барилгыг ийнхүү шинэ оны эхэнд хүлээн авч, ёслолын туузаа хайчлав.

Нээлтийн ёслолын үеэр МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах ”МУБИС-иас сургалт, судалгаа, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц шинжлэх ухааны мэдлэгийн сан хөмрөг бүхий, шинэлэг, эрүүл аюулгүй, тав тухтай, нээлттэй, насан туршийн боловсролыг дэмжих номын сангийн орчинг бүрдүүлж, МУБИС-ийн мэдлэгийг дэлхийд сурталчилах зорилго тавьж байна. Тус номын сангийн өргөтгөл ашиглалтад орсноор профессор багш, судлаачид, оюутнуудын сургалт, судалгааны орчин бүрдэж байгаа юм. Цаашлаад бид МУБИС-ийн номын сан нь багш, судлаач, суралцагч болон төгсөгч нарыг дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй холбох гүүр болох учиртай. Хэдхэн хоногийн өмнө бид “Номын сангийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024” баримт бичгийг баталлаа. Ингэснээр бид олон улсын жишигт нийцсэн номын сангийн программ хангамж нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, үйлчилгээний шийдлийг нэвтрүүлсэн, тав тухтай нээлттэй орчин бий болгох, мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, виртуал орон зайд суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Манай үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачдын хичээнгүй хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн ололт амжилт, баялаг туршлагаа улам баяжуулах, шинэ зууны оюутан залууст мэдээлэл хүргэх ажлыг тус номын сангийн хамт олон нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд манай номын сангийн эрдмийн хаалга нийт судлаачид, оюутнууд, уншигчид та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна” гэлээ.

Номын сангийн өргөтгөл барилгын нээлтийн ёслолын туузыг БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, дэд захирал, профессор Д.Наранцэцэг, дэд профессор Х.Тамир, Б.Сүхболд нар хайчлав.
Тус арга хэмжээнд МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Оюутны зөвлөлийн гишүүд болон оюутан залуусын төлөөлөл, хамтын ажиллагаатай номын сангуудын төлөөлөгчид, МУБИС-ийн Номын сангийн хамт олон өргөнөөр оролцож баяр талархлаа дэвшүүлсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн О.Аззаяа, хэвлэлийн ажилтан П.Балжир нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, 8-р хорооны “Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцлаа.

“Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төв нь 9300 хүн амтай. 4 их эмч, 4 сувилагч бусад эмнэлгийн мэргэжилтнүүд харъяаллын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2018 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн томуугийн үзлэгийн хувь нэмэгдсэн. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. 1 дүгээр сарын 7-ноос 28-ны хооронд оройн цагаар нийт 21 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авсан байна. 1 дүгээр сарын 24-нөөс оройн цагаар ирж үзүүлэх хүүхдийн тоо багассан гэлээ.

ТТТӨ –нөөс сэргийлэх зорилгоор нярай болон 5 хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байгаа нь амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувийг бууруулахад нөлөөлж байна. Томуугийн бэлэн байдлыг хангах зорилгоор халууны шил, хэл дарагч, нэн шаардлагатай эмийн бэлэн байдлыг хангасан байна. Иргэдэд зориулсан Томуугаас сэргийлэх зөвлөмжийг Дүүргийн эрүүл мэндийн төвөөс хэвлүүлэн өгч байршуулсан, Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талд уртасгасан цагаар ажиллаж байгаа тухай урсдаг гэрлээр мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

2019 оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо.

Тухайлбал:

  • 2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 саруудад хийх;
  • Зургадугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд,хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчөлүүдээс урдчилан сэргийлэх талаар хамтарсан дадлага сургууль хийх;
  • Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхижиж буйтой холбогдуулан Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;
  • Мөн Шинжаан уйгарын өөртөө засах оронтой хиллэжбуй хэсэгт орших боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;
  • Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилнүүдийг сургах, харилцан солилцож ажилах;
  • -Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэх;
  • -Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;
  • 2019 оны 10 дугаар сард хамтарсан тандалт судал;гааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.
Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах руу нэмэлтээр автобус үйлчилж эхэлжээ

Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой

Categories
мэдээ нийгэм

Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах баригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

Алба хаагчдын өдөр тутмын сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын 38 алба хаагч хамрагдсан юм.

Дадлага сургуулиар мөстэй эгц өндөр ууланд гарах, багаж хэрэгслийг зөв ашиглаж сурах, тусгай зориулалтын багаж ашиглан нэрвэгдэгчдийг аврах ажиллагааг явуулах зэрэг сургалт бэлтгэлийг хийлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинийн 4-ний ажлын өдрийг бямба гаригт шилжүүллээ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Шинийн 4-ний буюу хоёрдугаар сарын 8-ны /Баасан гараг/ ажлын өдрийг энэ Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр хоёрдугаар сарын 2-ны Бямба гараг ажлын өдөр болж байна. Харин ирэх долоо хоногийн Баасан гараг амралтын өдөр болж иргэд сар шинийн баяраар нийт дөрөв хоног амрахаар боллоо.