Categories
мэдээ спорт

“Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Корпорэйт Конвеншн төвд маргааш буюу энэ сарын 12-нд зохион байгуулах “Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Өнөөдөр 28 дахь удаагийн УАШТ-ийг хамтран зохион байгуулагч “Монголын бодибилдинг фитнесийн холбоо” ТББ болон НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийж тэмцээний талаар танилцуулсан юм. Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдсэн бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцох эрх авах юм. Ийнхүү энэ удаагийн УАШТ нь түүхэндээ хамгийн тамирчин оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор НЗХГ, МБФХ ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд “Монголын Мистер 2019” УАШТ-ийг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнес клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10-17 цагт 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаснаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-гаар нэмэгдсэн” гэлээ.

Дашрамд дуулгахад, НЗХГ-аас цаашид Улаанбаатарт хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнес клубын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19-21 цагт үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хэвлэлийн бага хурлаарр ”МБФХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: “Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтой тохируулан хичээллэх боломжтой. Сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог хүүхэд залуучуудын тоо нэмэгдсээр байгаа” хэмээн онцолж байв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Galaxy S10” ухаалаг гар утсыг ирэх сарын 20-нд танилцуулана

Дэлхийн ухаалаг гар утас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Samsung” компани “Galaxy S” загварын ухаалаг гар утасны шинэ загварын нээлтийн арга хэмжээгээ ирэх хоёрдугаар сарын эцсээр Сан-Франциско хотноо зохион байгуулна.

“Samsung” компанийн мэдээлснээр, “Galaxy S10” ухаалаг гар утсыг хоёрдугаар сарын 20-нд Сан-Франциско хотын “Bill Graham Civic” цогцолборт олон нийтэд танилцуулах ажээ. Нээлтийн арга хэмжээнд гурван мянга гаруй сэтгүүлч болон “Samsung” компанийн түнш компаниудын төлөөлөгч оролцох юм байна.

Энэ удаагийн арга хэмжээний товыг урьд өмнөх арга хэмжээнүүдтэй харьцуулахад нэг долоо хоногийн өмнө болж байгаа бөгөөд тус компани нь энэ төрлийн арга хэмжээг ихэвчлэн Барселона хотноо зохион байгуулдаг байсан ажээ. Түүнчлэн Сан-Франциско хотод зохион байгуулж буй нь “Apple” компанийн төв байртай хамгийн ойр болж буй тохиолдол болох юм.

“Samsung” компани “Galaxy S3”-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг Лондонд, “Galaxy S4” болон “S8”-ыг Нью-Йоркт зохион байгуулж байжээ.

“2019 онд “Galaxy” загварын утсуудыг олон нийтэд танилцуулж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа ба Сан-Франциско хот нь чухал түнш компаниуд оршдог, технологи өндөр хөгжсөн хот юм” гэж “Samsung” компанийн төлөөлөгч хэлжээ. “Galaxy S10” загварын ухаалаг гар утсыг гуравдугаар сарын 8-наас дэлхий даяар худалдаалж эхлэх юм байна.

Ажиглагчдын таамаглаж буйгаар, “Samsung” компани “Galaxy S10” гар утсыг танилцуулан олны анхаарлыг татсаны дараа анхны ухаалаг эвхэгддэг гар утасны нээлтээ Барселона хот дахь “Mobile World Congress”-т хийж магадгүй ажээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх энэ сарын 20-нд нээгдэнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны тамирчдын хаврын улирлын шилжилт хөдөлгөөний цонх нэгдүгээр сарын 20-нд нээгдэж, гуравдугаар сарын 31-ий өдөр хаагдах боллоо.

Өнгөрсөн жилүүдэд хаврын улирлын шилжилт хөдөлгөөний цонх гуравдугаар сарын 15-нд нээгдэж, дөрөвдүгээр сарын 15-нд хаагддаг байсныг МХБХ-ны Зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 09-ий хурлаар өөрчилжээ.

Иймд МХБХ-нд бүртгэлтэй клубүүд шинэчилсэн хугацаанд амжиж тоглогчдын шилжилт хөдөлгөөн, гэрээ хэлэлцээр, бүртгэлийг хийлгэх юм байна.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид тогтмол эмчлүүлэх эмнэлэгтэй боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Төрийн Тусгай Албан Хаагчдын Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, есөн насны шигшээ багийнханыг хэвтэн эмчлүүлж, үзлэг оношлогоо хийлгэж байхаар болов.

Төрийн Тусгай Албан Хаагчдын эмнэлэг нь сүүлийн хоёр жилд спортын бүхий л төрлийн бэртлүүдийг нарийвчлан эмчлэх үүднээс хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар өндөр эмч, сувилагчдыг ажиллуулж байгаа аж. Тиймээс шигшээ багийн тоглогчдынхоо эрүүл мэндэд ихэд анхаардаг МХБХ ТТАХ-ын эмнэлэгтэй хамтран ажиллаж, есөн насны шигшээ багийн тоглогчдоо эмчлүүлж байхаар гэрээ байгуулав.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Катарын Хөлбөмбөгийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд шигшээ багийн тоглогч Г.Төгөлдөрийг Катар улсад эмчлүүлж байсан. Цаашид шигшээ багийн тоглогчдыг эмчлүүлэх тоо хязгаарлагдахгүй бөгөөд гадаад дотоодын мэргэжлийн эмч нараар эмчлүүлж, байнгын үзлэгт хамрагдуулж байх боломжтой болжээ.

Categories
мэдээ спорт

Саори Ёшида зодог тайлах болсноо зарлалаа

“Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-гийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида удтал бодсоны эцэст зодог тайлах болсноо зарлалаа. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилтын эзэн Японы “Алтан охин” Ёшида олимп, тив, дэлхийн дэвжээнд ердөө гурван удаа ялагдсан. Тэрбээр 2008 онд Тайюаний Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын Марси ван Душенд, 2012 онд Токиогийн Дэлхийн цомд ОХУ-ын Валерия Кобловад, 2016 онд Риогийн олимпийн наадамд АНУ-ын Хелен Марулист тус тус ялагдсан билээ. 2002 оны Халкидагийн ДАШТ-ээс 2016 оны Рио хүртэлх олимп, дэлхийн 17 медальтай.

Categories
мэдээ спорт

ОБЕГ-ын алба хаагчид футзалаар өрсөлдөнө

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 14-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдааныг 15 цагт эхлүүлэхээр боллоо

УИХ-ын чуулганыг 15 цагт эхлүүлэхээр боллоо. Энэ талаар УИХ-ын дараг “Есөн удаагийн чуулганыг нэг цаг 30 минут хүлээгээд завсарлууллаа.Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж байна. Тиймээс чуулганы хуралдааныг 15:00 цагаас эхлүүлье” гэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт,шинжилгээ хийж үнэлэх ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд ажлын хэсэг төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, өндөржүүлэх, тэдний дунд шинэ санал санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг хэрхэн бататгаж байгаа болон хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд түргэн шуурхай үйлчлэн төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшлийг шат дараатай хэрхэн гаргаж байгаад үнэлэлт өгөн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бодлогын зорилтууд болон тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж байгааг шалгаж байгаа юм.

Тус шалгалтыг Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмыг үндэслэн явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы ирц бүрдээгүй байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн шөнө чуулган шөнийн 04.30 цаг хүртэл хуралдсан. Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо болон байнгын хороод шийдвэрээ гаргаад байгаа. Харин өнөөдөр энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргана. Өчигдөр шөнө энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж дөрвөн цагийн завсарлага авсан байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав ерөнхий шүүгчид ханджээ

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн Ерөнхий шүүгчид ханджээ. Тэрбээр гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан байгаа бөгөөд түүний гаргасан хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх юм байна. Д.Дорлигжавыг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдож буй юм.