Categories
мэдээ нийгэм

“Хаврын бүргэдийн баяр” гуравдугаар сарын 3-4-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг 2019 оны гуравдугаар сарын 3-4-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулна.

Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн бөгөөд энэ уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй уг ёслолыг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулах болсон. Жил бүрийн намар Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Харин хаврын улиралд Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр” тэмцээн хэлбэрээр зохион явуулдаг.

Тэмцээний эхэнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтойгоо жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.Үүний дараа бүргэдийн баяраар бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээн явуулдаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна.

Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг ч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн энэ баярын үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомыг үзүүлэхээс гадна үндэсний хувцсаар гангарсан казах хүмүүстэй танилцаж, казахын зан заншил, ахуйн соёлтой танилцах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч дууслаа. Ингээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр нууц санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 47 буюу 82.5 нь түдгэлзүүлэхгүй гэж үзлээ.

Одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийг Багахангай дүүрэгт байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол тус дүүрэгт “Хөнгөн үйлдвэр технологийн парк” барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ. “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн бүтээн байгуулалт 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг шаардлагатай аж. Зарцуулах хөрөнгийн 5.05 тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Парк захиргаа технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн бүс, ноос ноолуурын үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрийн бүс, дундын эзэмшлийн бүс гэсэн таван хэсэгтэй байх ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өнгөрсөн онд академич Р.Барсболд “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт Төрийн шагнал, академич Д.Төмөртогоо Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон, академич Д.Доржготов Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медаль, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал, доктор О.Самбуудорж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртсэн юм.

Уулзалтын үеэр эрдэмтдийг “ШУА-ийн “Бидний бахархал” өргөмжлөлөөр өргөмжилсөн бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.

Академич Р.Барсболд: Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болно.

Академич Д.Доржготов: Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн. Үүнийг шинэчлэн англи болон монгол хэлээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичнэ.

Академич Л.Болд: Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан. Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Үйлчлүүлсэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг мессежээр авч эхэллээ

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Авто тээврийн төвтэй хамтран мессеж үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ. Үйлчлүүлсэн иргэний бүртгэлтэй буюу, үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн утсанд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” хэмээн мессеж ирэх бөгөөд иргэн хариу мессеж илгээснээр тухайн ажилтны хандлага, харилцаа, үйлчилгээ дүгнэгдэнэ. Мөн уг утсанд иргэд үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг мессежээр явуулж болох бөгөөд иргэдийн саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах аж.

Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол тус аймгийн төрийн байгууллагууд энэ үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоов

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган – Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас 15.00 цаг хүртэл түр хойшлоод байсан билээ. УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээллийг хэрхэн зөв унших вэ?

Бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших талаарх мэдээллийг хүргэе. Хүнсний сав, баглаа, боодлын шошгонд тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Стандартын дагуу тавигдсан хаяг шошгоос иргэд уг бүтээгдэхүүний талаарх үнэн зөв мэдээллийг авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:

– Хүнсний бүтээгдэхүүний нэр

– Бүтээгдэхүүний стандартын дугаар

-Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт

-Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код

-Цэвэр, бохир жин

-Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

-Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа

-Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл

-Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд мэдээлэх зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.

-Бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар

-Бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.

-Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.

-Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.

Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлагад орсон бүх бодисын жагсаалттай танилцана.

2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.

-Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.

-Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.

3. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:

– Е 100 дээш–будагч бодис

– Е 200 дээш–нөөшлөгч бодис

– Е 300 дээш–үл исэлдүүлэгч бодис

– Е 400 дээш–тогтворжуулагч бодис

– Е 450 дээш–тос

– Е 500 дээш–хүчлийг саармагжуулах бодис

– Е 600 дээш–амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис

– Е 700 дээш–нөөц индекс

– Е 900 дээш–үл хөөсрүүлэгч бодис

– Е 1000 дээш–өнгөлөгч агент

Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөөүүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:

– Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477

– Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637

– Маш аюултай–Е 123, 510, 513, 527

– Хориотой– 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152

– Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954

– Тууралт өгөх– 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907

– Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг 16-нд хэлэлцэхээр хойшлууллаа

НИТХ-ийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12 дугаар сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагуудын нэрийг Монгол хэлээр бичих хугацаатай зөвлөмж хүргүүллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар байгууллагуудын гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар, хаяг зэрэг нь гадаад хэлээр бичигдсэн нийтлэг зөрчил, дутагдлууд илэрсэн аж. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд Монгол хэлний хэрэгжилт хангалтгүй байжээ. Иймд Нийслэлийн болон аймгуудын Засаг дарга нарт Монгол хэлний тухай хуулийн дагуу доорх зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн бөгөөд хэрэв дурьдсан хугацаанд үүнийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдлээ.