Л.Батбаяр багштайгаа. 1962 он
Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуулийг 1963 онд төгссөн 10В ангийнхны сэтгэлийн өчил, дурсамжаас хуваалцъя. Эд бол төрөлх сургуулийнхаа аравдахь хаврын төгсөгчид юм. Урлаг судлалын доктор Соном-Ишийн Юндэнбат тэргүүтэй эл ангийнхан төгсөлтийн тавин жилийн ойгоо одоогоос таван оны тэртээ нижгэр тэмдэглэжээ. Ардын уран зохиолч Тангадын Галсангийн ногтгүй унага шиг, бялтгүй сум шиг явсан муусайн шавь нар нь эх орондоо ээлтэй сайхан сэтгэл өвөрлөж хувь хувийн энгүй хувь тавилангуудыг гэрэлтийн дээр нэгэнт бүтээжээ. Тархинд юүлсэн мэдлэгийн гэгээ, зүрхэнд үерлэсэн сэтгэлийн илчтэй жараад оны тоодгорхон охид хөвгүүд өнөөгийн нийгмийн түүчээлэгсэд болсон нь сайн багш нарынх нь сааршгүй эрдмийн буян буюу. Тэдэнд Л.Батбаяр, Б.Даваасүрэн, Б.Жамьянхорлоо, П.Варианжав, Б.Сэнгээ, Б.Ломбо, Д.Цээсүрэн, Дамдин, Д.Өлзий, С.Халзан, Б.Эрдэнээ, Ц.Төмөртогоо, А.Тогоо, С.Давдай, Т.Дамба, Ц.Гэндэнсүрэн, Б.Рагчаа нарын ачит багш нар хичээл зааж байж. Тэр дундаа Монголын уран зохиолын хичээлийг яруу найрагч Тангадын Галсан заасан аж. Шавь нарынх нь оюуны мэлмийд С.Давдай багшийнх нь самбарт нямбай гоё бичдэг нь кино дүрс мэт мөнхрөн үлдсэн бол “Мартахгүйн тулд толь бичиг” хөтлүүлдэг Т.Галсан багшийнх нь ёжтой, ухаалаг, уран сэцэн хэллэг өдгөө ч чихэнд нь хоногшиж, яруу найрагч хүний “амьд” дүр төрх нь сэтгэлийн их омог бахархлыг төрүүлж үлгэр дуурайл болж иржээ. Гэхдээ багшийнхаа “Тамирчин хүнийг харахуйяа” хэмээх шүлгийг хувиргаж
“Тамирчин хүнийг харахуйяа
Цаанаа л нэг хийморьлог
Тангадын Галсанг ажихуйяа
Наанаа л нэг хамарлаг” гэж зохиоцгоон сургууль даяар цээжлүүлж явсан гэж байгаа. Тэр үед найрагчийн “Төрсөн хүүгийн чинь үг” ном хэвлэгдчихсэн, “Арвайхээр” найраглал нь араажаваар байнга уншигдаж, ёстой л газарт буусан од байв гэх. 2003 онд ангийнхаа дөчин жилийн уулзалтаар Га багшийгаа урьж “Монгол” сэдвээр дурсамж хичээл заалгасан байна.
Анги удирдсан, монгол хэл-уран зохиолын багш Ламгивын Батбаяр нь шавь нартаа нийтийн бүжиг заах, сүлд модны наадмын баг хийх, өөрөө тэшүүр хийн мөсөн дээр гулгаж сургах зэргээр чин сэтгэлээ зориулж явсан буянтан гэнэ. Дэлхийн болон Оросын сонгодог зохиолчдын хөргүүдийг ханандаа залж, хивс, толь болсон мэргэжлийн хичээлийн шилмэл ангид чухам л багшийнхаа ачаар тэд сурсных оюуны солонгоо эртээ багадаа цацраажээ. Ангийн жижүүр хадгалдаг цоожтой шүүгээнээс дуртай номоо авч уншсаар ертөнцийг харах цонх нь эрт гэгээрчээ. Урлагийн үзлэг гэж болдоггүй байсан тэр үед Батбаяр багш нь ангийнхнаараа “Алиа Тогмид”, “Бардам туулай” жүжгүүдийг тоглуулсан нь чухамдаа соёлын нэг үзэгдэл болж байж. Ангийн багш нь ёстой л хүний хайлан болсон нэгэн байсныг шавь Долгорын Цагаанаа сагсан бөмбөгийн бүсийн тэмцээнд Арвайхээрт бэлтгэл хийж байхад ангийнхнаасаа нэг төгрөг цуглуулан өөрөө ч нэмэн 33 төгрөг, захианы хамт илгээж сэтгэл санаагаар дэмжиж байснаас илэрхий. Эдний ангийг арав төгсгөсөн хүн нь математикийн багш Б.Ломбо аж.
Очир алмаас хэмээгч дээдийн эрдэнэ байгалийн түг түмэн бодис, үзэгдэл юмсын тохироо бүрдсэн онцгой нөхцөлд үүсч бүрэлддэг шиг хэзээ ч, хэдийд ч нэг нэгийгээ үл мартах үнэнч дотно үерхэл сурагч ахуй үед тухайн хамт олны насан туршийн сэтгэл зүйн барилдлага болон тогтдог ажгу. Саваагүйтэж явсан нь санаанд тодхон, зүггүйтэж эрхэлсэн нь зүрхэнд дотно, уулзах тусам уулзмаар санагдах, холдоод явахад хоргодож саатах ангийн нөхөд гэдэг амь нэг тавилантай байдаг ажгу. Арвын В ангийн журналын нэрс Д.Баасанханд, Ц.Балжин, Ю.Бямбадулам, Д.Ганчулуун, Т.Гомбосүрэн, Д.Гүнхэн-Иш, Б.Дагвадорж, Ч.Дашням, С.Дашцэвэл, Б.Долгорсүрэн, З.Дулам, Д.Ёндон, С.Ичинхорлоо, Д.Лхагваа, Д.Лхамгарав, Н.Мягмарсүрэн, Н.Намнангарав, Б.Нацагдорж, Б.Нинж, Д.Нямдаваа, Н.Пэрэнлэй, С.Санги, Д.Сэнгээ, О.Сэр-Од, Г.Хавчуур, Р.Хэрэнбээрэг, Д.Цагаан, Т.Цэнд, С.Цэрэн, Ц.Чүлтэм, Г.Эрдэнэшан, С.Юндэнбат хэмээн дурайна. Амихандаа зугаатай, наргиантай хоч нэрээр нэгнээ дуудаж аснаа ч эдүгээ тэд мартсангүй. Нинжийг минж, Хавчуурыгаа хавч, Хэрэнбээрэгээ хэрээ, Дагвадоржоо таваг, Эрдэнэшангаа эрдэнэшиш гэх мэтээр гэм хоргүй нэрлэсэн бол манжин, зараа, аалз, ангаахай, ойл, алим, өнхрүүш, илжиг, гөлөг, бүргэд, шаазгай гэхчлэн нэгнийхээ үс зүс, хацар, ам, нүд, хамар, толгойн хэлбэр, алхаа гишгээ, хэл ярианы онцлогийг дайруулан өгсөн хорон гэмээр цаанаа л цайлган хүүхэд ахуйн хочууд ч бий. Төгсөлтийн хорин жилийн ойгоороо
“Балгансүрэнгийн Нацагдоржийн зүс нь алаг (шаазгай)
Бадамын Нинжийн үс нь сортой (минж)
Батын Дагвадоржийн ёроол нь цэцэгтэй (таваг)
Батын Долгорсүрэнгийн хал нь бөөрөнхий
Гончигдоржийн Хавчуурын хөл нь олон (хавч)
Гончигийн Эрдэнэшангийн навч нь өтгөн (эрдэнэшиш)
Дашлайн Гүнхэн-Ишийн өнгө нь түлэнхий (өнхрүүш)
Дашзэгвийн Лхагваагийн ам нь ангаахай (ангаахай)
Дамаагийн Баасанхандын бие нь аравгар (аалз)
Дансрангийн Лхамгаравын тусгал нь хол (цахиур буу)
Дуламын Нямдаваагийн хэргэм нь өндөр (Ван хан)
Долгорын Цагааны яс нь горзгор (яс)
Дообатын Сэнгээгийн толгой нь нь ойлон (ойл)
Доохүүгийн Ёндонгийн чих нь урт (илжиг)
Долгорын Ганчулууны … нь … хай (хужирхай)
Занын Дуламын нуруу нь гоё
Нацагийн Пэрэнлэйн үс нь ширүүн (зараа)
Ням-Очирын Намнангаравын хамар нь монхор (хамар)
Рэндоогийн Хэрэнбээрэгийн зүс нь хар (хэрээ)
Сэмбийн Сангийн хумс нь хурц (муур)
Сангийн Цэрэнгийн шүд нь хурц (гөлөг)
Сономын Ичинхорлоогийн … нь урт (…)
Соном-Ишийн Юндэнбатын нүд нь ёнхор (бүргэд)
Соном-Ишийн Дашцэвэлийн соосог нь цоорхой (соосог)
Тогоочийн Гомбосүрэнгийн сахал нь ардаа (Ван)
Түндэвийн Цэндийн бөөр нь улаан (яблоко)
Цогзолын Чүлтэмийн чих нь том (илжиг)
Чогжмаагийн Дашнямын навч нь далбагар (манжин)
Цэрэндашийн Балжингийн үс нь буржгар (меринос)
Юндэндоржийн Бямбадуламын нүд нь гэрэлтэй (чийдэн)” гэсэн наргиантай нэгэн зохиомж эвлүүлж элгээ хөштөл инээлджээ.
Тухайн үед өглөө сургуульдаа ороход нь жижүүр ангийнхан сурагчийн дүрэм, нусны алчуур, гутлын алчуур шалгаж байж нэвтрүүлдэг байж. Тиймээс эдгээрийн аль нэг нь дутуу тохиолдолд сургуулийн шургааган хашааны завсраар ангийн хэн нэг нь дамжуулах тохиолдол ч гардаг байжээ. Одооныхтой адил гар утас байгаагүй болохоор чухам яаж тийн сурамгай дамжуулдаг байсан юм бол доо гэж эдүгээ гайхацгаах аж. Тэр үед охид нь цэнхэр эмжээртэй ногоон дээлээр, хөвгүүд ногоон эмжээртэй цэнхэр дээл өмсөж жигдрэх Гэгээрлийн яамны зааврын дагуу хувцаслана. Одоотой адил баян, ядуугийн ялгал үгүй. Хүүхдүүдийн ихэнхи нь хажуу талд нь улаан таван хошуу оёж, оосрыг нь ширсэн ногоон даалимбан цүнхтэй аравдугаар ангиа төгсөж байжээ. Салаа салаагаараа дуу харилцах тэмцээн зохиож “Баруун уулын оройд
Баясгалантай хөхөө донгодно
Байгалийн сайхан зэрэглээнд
Баян нэгдэл тодорно” гэх буюу
“Хүрэн халзан тоомсгоороо
Хүрээд ирдэг Ворошилов
Гавшгай улаан цэргүүдээ
Ганцаараа командалсан Ворошилов” гэх мэтээр “Нэгдлийн тухай бодол”, “Хүрэн зандан ташуур”, “Сайхан хангайн буга” зэрэг дуунуудыг дуулцгаадаг байснаа тэд дурсана. Сургуулийнхаа концертонд С.Ичинхорлоо, Т.Цэнд нар байнга оролцдог авьяастнууд байв. “Газар уснаа явагч” киноны Гутериад тоглосон Вертинская хэмээх цэнхэр нүдэн бүсгүйн үзэсгэлэн гоод биширсэн Нацагдорж нь янз янзаар зурсаар хожмоо алдартай зураач болсон түүх бий. Нацагаа зураач Хөвсгөлийн тайгад таван жил судалбар хийж “Улаан тайгын орноор” хэмээх байгалийн гайхамшигтай үзэсгэлэнгээ гаргаж байж. Муур хулгана болж, чоно тарвагацан хөөцөлдөж, маатаг цохин манаргаж, алчуур хаяж тоглосон гэнэн хонгор насаа Баянхонгор хэмээх эсгий хотод үдсэн эдний ангийнхан мартаагүй ээ. Намхай хэмээх намхан багш нь хүртэл шавь нартайгаа байлдаж тоглож байсан гэхээр тэр үеийнхэн нэг бодлын их гэгээн хөөрхөн эвдрээгүй байжээ.
20 жилийн уулзалтын үеэр
Ангийн “шадар гурав” Д.Ганчулуун, Д.Цагаан, Д.Сэнгээ нар ангидаа нэг ширээнд суухаас гадна нэг гэрт хамт амьдардаг, гурвуулаа Долгор нэртэй ээжтэй сонин хувь заяатай хүүхдүүд байж. Тэд ялгахын аргагүй ижил бичгийн хэвтэй учир бичгийн ажлын шалгалтаа солиод хийчих ч боломжтой байсан гэдэг. Ангийн охин Баасанханд нь Анагаах ухааны их сургууль дүүргэж хилийн цэргийн ангийн эмнэлгийн албаны дарга, ШШБЕГ-ын төв эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэнгэр зүг оджээ. Ангийнхныг мэргэжлээр нь дурдвал Ц.Балжин эдийн засагч, Ю.Бямбадулам, Д.Ёндон нар физик-математикийн багш, Д.Нямдаваа, Монгол-Зөвлөлтийн онц хилчин Н.Пэрэнлэй орчуулагч, Байтагийн арван баатрын нэг Чойжингийн хүү Дашням агсан нар мэргэшсэн нягтлан бодогч, Онон-Балжийн буриад охин Батын Долгорсүрэн, С.Санги нар хүүхдийн эмч, Б.Нинж, Д.Лхамгарав нар агрономич, Р.Хэрэнбээрэг биеийн тамирын багш, Д.Цагаан Мод боловсруулах үйлдвэрийн инженер-механик, Т.Цэнд уулын инженер, цахилгаан механикч, Г.Эрдэнэшан, Ц.Чүлтэм нар эдийн засагч, Д.Сэнгээ геологич, Н.Намнангарав орос хэлний багш, О.Сэр-Од монгол хэл-уран зохиолын багш, Д.Ганчулуун, Т.Гомбосүрэн, Б.Дагвадорж нар зоотехникч гээд явж өгнө. Ангиасаа анх дээд боловсрол эзэмшсэн Д.Гүнхэн-Иш дэд хурандаа цолтой цэргийн шилдэг дарга аж. Соном-Ишийн Дашцэвэл бол Вьетнам улсын их сургууль, ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын аспирантур, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудыг дүүргэсэн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Олон улс судлалын төвийн захирал, Зүүн ба Зүүн өмнөд Азийн секторын эрхлэгч зэрэг хүндтэй алба хашиж яваа манай улсын шилдэг сэхээтнүүдийн нэг гэнэ. Тэрээр вьетнам хэлнээс уран зохиолын олон ном орчуулсан бөгөөд Монгол-Вьетнамын Найрамдлын нийгэмлигийн захирлаар арав гаруй жил ажиллажээ. Харин З.Дулмаа Эрхүү хотын Улс ардын аж ахуйн их сургуулийг банкны эдийн засагчаар дүүргэж ирснээс хойш Улсын банкинд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, ХОТШ банкинд салбарын эрхлэгч зэрэг албыг гуч гаруй жил хашжээ. Эдний ангиас “Монголын өмгөөлөгчдийн алдар” алтан медаль хүртсэн шүүгч, шүүхийн даргаар ажиллаж явсан хүн бий. Тэр бол Хууль, шүүхийн байгууллагын ажилтан Сономын Ичинхорлоо юм. Эрхүү хотод үслэг савхин эдлэлийн нарийн мэргэжлээр суралцаж төгссөн авьяаслаг үйлчин мастер оёдолчин Дашзэвэгийн Лхагваа нь эдүгээ найзуудынхаа дунд алга. Амь нэг нөхдийг сэм сэмхэн хагацаадаг орчлонгийн жамыг яалтай.
Монголын урчуудын эвлэлийн хорооны Үзэсгэлэн сурталчлах гадаад харилцааны даргаар олон жил ажилласан зураач Балгансүрэнгийн Нацагдорж бол Герман, Финланд, Япон, Франц, АНУ, Итали, Энэтхэг, Голланд, Австри, ОХУ, Чехословак, Болгар, Румын, Унгар зэрэг оронд үзэсгэлэнгээ толилуулж, “Улаан тайгын нутгаар”, “Хөвсгөлийн цэнхэр уулс”, “Цагаан мөнгөн тайга” бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргасан байгалийн их зураач бас бурхны орныг зорьжээ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, яруу найрагч Шагдарын Уянга нартай андалж явсан эл их хүмүүн “Хан Богдын нутгаар”, “Мэргэдийн ухаанаас түүсэн богц”, “Оюун ухааны гэгээ”, “Винсент Ван Гог” зэрэг олон сайхан ном туурвисан уран бүтээлч билээ.
Г.Хавчуур бол Хэвлэлийн , аж үйлдвэрийн инженер хүн. Тэр “Үнэт цаас” компанийн захирал, Улсын хэвлэлийн комбинатад ахлах мастер, үйлдвэрийн дарга, “Адмон” компанид редактор зэрэг алба хашиж Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоог санаачилсан Хэвлэлийн салбарын тэргүүний ажилтан аж. Доктор С.Юндэнбатын хувьд Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дэд дарга, Утга соёлын өвийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн Монголын соёлын томоохон төлөөлөгч бөгөөд 2009 оноос Соёлын өвийн төвийн “Биет бус өвийг хамгаалах” хэлтсийн даргаар ажиллахдаа морин хуур, уртын дуу, тууль, цуур, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, монгол гэрийн урлал зэрэг монгол соёлын хосгүй ховор төрлүүдийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлж, хүн төрөлхтний соёлд монголчуудын оруулсан хувь нэмрийг баталгаажуулсан гавьяатан билээ. Ийм л нэгэн гайхамшигт түүхтэй ангийнхны дурсамжаар түрхэн аялах завшаан уншигч та бидэнд тохиосонд баяртай байнам би.