Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой, “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр хүргэж байна.

Мэндчилгээ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Тэр цагаас хойш 27 он улираад байна.

Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.

Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.

Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хүсэхийг хүсэж байна.

Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.

Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.

Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр

Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Хөнгөн төрлийн хулгайг давтан үйлдвэл Эрүүгийн хуулиар яллагдана

Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой хулгайлах төрлийн гэмт хэрэг ихэсч байгаа талаарх мэдээлэл буй. Үүнийг Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнээс тодруулав.


-Өнгөрсөн өдрүүдэд хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт ихэслээ гэх болоо. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн тоон үзүүлэлт хэр байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг ихэссэн нь үнэн. Тухайлбал, 2018 онд 25652 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3705 хэргээр буюу 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнээс аж ахуйн нэгж, орон байрны хулгайн гэмт хэрэг 17465 бүртгэгдэж, халаасны хулгай, хулгайлах гэмт хэрэг 9539 бүртгэгдсэн юм. Үүнийг мөн өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал, 953 хэргээр буюу 11 хувиар өсч үзүүлэлттэй байна.

-Хулгайн гэмт хэрэг ямар төрлөөр түлхүү үйлдэгдэж байна вэ?

-2017 онд өмчийг хулгайлах төрлийн 7506 хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 онд 7916 бүртгэгдсэн. Энэ нь 410 хэргээр буюу 4.8 хувиар өссөн байгаа юм. Мөн автотээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2018 онд 192 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 38 хэргээр нэмэгдсэн бол халаасны хулгай 1271, мал хулгайлах 93 гэмт хэргүүд 2018 онд бүртгэгдсэн. Шинэ жилийн үеэр хулгайн болон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөх магадлалтай байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь насаа алдах, гэмт хэрэг зөрчилд өртөх, холбогдох явдлууд ихэссэн. 2017 оны арванхоёрдугаар сард 44016 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 43685 дуудлага бүртгэгдсэн. Харин 2017 оны арванхоёрдугаар сард гурван хүн осгож нас барсан бол 2018 онд 10 хүн осгосон.

-Эдгээр гэмт хэрэг яг юунаас болж үйлдэгдээд, ихсээд байна вэ?

-Аливаа гэмт хэргийн цаана архи, согтууруулах ундаа үргэлж холбоотой байдаг. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насаа алдах, архины хордлогод орох, осгож нас барах болон гэмт хэрэгт холбогдох явдал нь нэмэгддэг. Мөн шөнө оройн цагаар ганцаараа явж байхдаа гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд гардаг.

-Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны ангиллын тухайд?

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл, 15 хүртэлх насны 208 хүн, 16-17 насны 287 хүн, 18-24 насны 2070 хүн гэмт хэрэгт холбогдсон бол 25-29 насны 1799, 30-34 насны 1584, 35-39 насны 942 хүн хэрэг үйлдсэн. Мөн 40-өөс дээш насныхны хэрэгт холбогдох хандлага бас багагүй хувийг эзэлж байгаа. Тухайлбал, 40-44 насны 820, 45-49 насны 596, 50-54 насны 283, 55-59 насны 158, 60-64 насны 63 зэрэг иргэд гэмт хэрэг зөрчил үйлдсэн байна. Энэ мэтээр Цагдаагийн байгууллагын тоо мэдээ өсч байгаа нь нэг талаасаа иргэдийн хууль эрх зүйн мэдлэг нэмэгдэж буйтай холбоотой бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хандлага нь нэмэгдсэнтэй хамааралтай. Түүнчлэн эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөрчил нэг бүрийг гэмт хэрэгт тооцдог болсонтой холбоотой.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэддээ анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Жилийн энэ үед хулгайлах төрлийн болон иргэд архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдох нь ихэсдэг. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс “Сар шинэ” арга хэмжээг он гарснаас хойш эхлүүлж байгаа. Мөн энэ сарын 15-наас эхлэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөг гарган бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Иргэддээ нэг зүйлийг сануулахад хулгайлах гэмт хэргийн их бага хохирол нь хамаагүй буюу хохирлын хэмжээг тооцолгүй шууд эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Энэ нь ял эдэлнэ гэсэн үг. Харин хөнгөн төрлийн халаасны хулгайн гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Гэхдээ энэ зөрчил нь хоёроос дээш удаа болоод ирэхээр хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг утгаараа нь Эрүүгийн хуулийн 17 зүйлээр зүйлчлэн ялладаг болсон. Тиймээс сар шинийн баяраар хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл аль болох хэрэглэхгүй байх, орон гэрээ орхиж явах тохиолдол бүртээ орон байрныхаа аюулгүй байдлыг хангаж, хаалга, цонхоо шалгаж, хөршүүддээ мэдэгддэг байх хэрэгтэй байна. Түүнчлэн дэлгүүр, зах, худалдааны төв орохдоо автомашин дотроо үнэ бүхий эд зүйлээ орхин бууж, хулгайчдад сэдэл өгөхгүй байхыг хүсье.

З.СУВД

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд буюу Шинжлэх ухааны 88 суут хүн”

Хүн төрөлхтний түүхэнд хэдэн мянган сод ухаантан, авьяас билэгт эрдэмтэн мэргэд төрөн гарсныг тоолж тооцоолоход нэн бэрх билээ. Эртний Роек, Ромын агуу их сэтгэгчдээс эхлэн өнөөг хүртэл төрөн гарсан суут эрдэмтдээс түүвэрлэн гаргасан олон ном зохиол бий. Харин “Болор судар” хэвлэлийн газраас орчуулж, “Мөнхийн үсэг” ХХК-д хэвлэсэн “Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд буюу Шинжлэх ухааны 88 суут хүн” номыг эрхгүй онцолмоор санагдлаа. Гиппократаас Стивен Хокинг хүртэлх үе үеийн агуу суут эрдэмтдийг багтаасан уг бүтээлд тэдгээрийн тухай туйлын тодорхой бөгөөд ойлгомжтой, уншихад хялбараараа онцлог болжээ гэмээр байна. Номын бүтцийн хувьд эрдэмтдийн тухай өгүүлэхдээ он тооллын дарааллаар байрлуулж, тухайн эрдэмтний товч намтар, голлох бүтээлүүд, болон нээлтүүдийн ач холбогдол, хувь нэмрийнх нь талаар дүгнэн бичсэн аж. Мөн хавсралтаар нэр томьёоны тайлбар сэлтийг ч оруулж өгчээ. Дэлхийн олон оронд тухайн эрдэмтэн мэргэдийг өөр өөрийнхөөрөө дуудан нэршсэн бий. Харин энэхүү номд дэлхий дахинд нийтлэгээрээ дуудаж нэршиж хэвшсэнээр нь оруулсан нь бас л хялбар, ойлгомжтой болжээ.

Эл бүтээлд багтаж орсон эрдэмтдийг төдийлөн айхавтар нарийн шалгуураар шалгаагүй гэдгээ зохиогч өмнөх үгэндээ өгүүлсэн байх юм. Гол нь шинжлэхүй ухааны салбар бүрийн анхдагчид болсон төлөөлөгч, шинжлэх ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан суут мэргэдийг сорчлон оруулсан тухайгаа бичжээ. Аристотель, Эвклид, Авицена буюу Ибн Мина, Леонардо Да Винчи, Галилей, Исаак Ньютон, Карл Фридрих Гаусс, Конрад Рентген, Томас Эдисон, Генрих Герц, Мари Кюри, Эдвин Хаббл, Стивен Хокинг гээд үе үеийн супер толгойнуудын тухай үнэхээр салахын аргагүй бичсэн байх юм. Эл номыг зохиогчид Доктор Эмма Кэмбалл, Николя Шальтон, Жасмин Фарсаракис, Сьюзен Бойд Ли, Элизабет Майлс, Саймон Ричес, Ванесса Шнайдер, Хьюго Симмс, Мередит Мак-Ардл нар бөгөөд номд орсон суутнуудыг нэг хүний үзэл бодлоор биш энэ олон хүний сонголтоор сонгож оруулсан нь бусад ижил ойролцоо бүтээлүүдээс эрс ялгарч байгаа юм. Мөн олон хүний, олон өнцгөөс харж бичсэнд уг бүтээлийн үнэ цэнэ оршино.

Өнөөдрийн шинжлэх ухааны оргилд хүрсэн өндөрлөг бол яахын аргагүй эл бүтээлд орсон суутнуудын буян билээ. VII зуунд Ньютон фикизийн агуу хуулиудаа нээсэн нь тухайн цаг үеийнхээ төдийгүй өдгөө ч ач холбогдлоо огтхон ч алдаагүй байна. Ертөнц дахины таталцлын хууль болон сонгодог механикийн үндэс болох гурван хууль нь өнөөгийн шинжлэх ухааныг оргил өөд нь ахих шат нь болсон юм. XX зуун гарлаа. Чарльз Дарвины “Зүйлийн үүсэл” гэх агуу бүтээл гарсны дараа Австрийн санваартан Грегор Мендель удамшлыг судалж эхэлжээ. Ийн генетикийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдлаа. Салбар салбартаа дагнан шинжлэх ухааны сод нээлтүүд цуварсаар цөмийн эрин юу юугүй эхлэв. Фашизмын дарангуйлал дор байсан Итали орноос зугтан гарсан Энрико Ферми цөмийн урвалыг удирдах томоохон төсөлд оролцон улмаар урвалаа амжилттай явуулав. Харин үр дүн нь туйлын эмгэнэлтэй болсон юм. Эрхэм уншигч та энэ түүх хийгээд бусад эрдэмтдийн амжилт ололтын тухай энэ номоос уншиж нэг үзээрэй. Таны номын санд гарцаагүй байх номын нэг гэдгийг хэлэхэд таатай байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Нандинцэцэг: Автобус осолдсоны дараа бензин, тос нь асгараад байсан тул цонхыг нь хагалж байж гарцгаасан

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг 47 хүний суудалтай том оврын автобус осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 8-ны үүрийн таван цагийн орчимд гарсан. Ослын улмаас автобусны жолооч 30 настай эрэгтэй Б болон зорчигч 60 настай эмэгтэй Я нар эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан бол 45 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэлтэйгээр тухайн өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Орон нутгийн эмнэлгээс таван хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг гарч, ослын газарт анхан шатны туслалцааг өвчтөнүүдэд үзүүлжээ. Өвчнүүдийг гэмтлээр нь эрэмбэлэн, ЭХО, рентген оношлогоо хийж, энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу ирүүлсэн юм. Ингэхдээ хүнд гэмтсэн гурван иргэнийг онгоцоор хүргэж ирсэн бол үлдсэн хүмүүсийн 37-г нь гал тэргээр тээвэрлэн нийслэлд авчирсан юм. Тэднийг нийслэлд хүрч ирмэгц нь ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн тусламжийн 11 автомашин болон эмч нар өвчтөнүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Одоогоор өвчтөнүүд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үлдсэн иргэдийг өчигдөр том оврын автобусаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан байна. ГССҮТ-ийн эмчилгээний тасагт хэвтэж буй иргэдийн 20 нь хүнд буюу тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй гэж тогтоогдсон бол дөрвөн өвчтөн оношлогооны түвшинд, бусад нь ослоос үүдсэн гэмтэл багатай гэж тогтоогдон эмчийн хяналтад оржээ. Зорчиж явсан иргэдийн дунд найман сартай жирэмсэн хүн хүртэл байжээ. Түүний биеийн байдал маш хүнд, хүүхэд нь хэрхсэн нь одоогоор мэдэгдэхгүй байна. Мөн нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр байсан бөгөөд эхнэр 25 настай Н-ийн зүүн хөлийн шилбэний яс хугарч, өсгийгөө өрөмдүүлж, төмөр суулгуулжээ. Шилбэний арьс, мах нь төө хэрийн шархтай бөгөөд түүнийг нь эдгээж байж, шилбэний хугарлыг нь хадах ажээ. Харин түүний нөхөр 28 настай Г-ийн хоёр хөлийн шилбэ хугарсан, тархи доргилттой, аарцаг цуурсан гэж оношлогджээ.

“Яс үений гэмтлийн тасагт” хэвтэн эмчлүүлж байгаа нэрээ нууцлахыг хүссэн иргэн Н-ээс ослын талаар болон одоо бие нь ямархуу байгаа тухай нь асуусан юм.


-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Хувийн хүнсний үйлдвэрт савлагч хийдэг. Одоогоор жирэмснийхээ амралтыг авчихсан байгаа. Хүүхэд маань төрөөд найман сар л болж байна.

-Автобусны аль хэсэгт нь сууж явсан бэ?

-Арын таван суудлын зүүн урд талын хоёр суудал буюу 33, 34 дүгээр суудалд нөхөртэйгөө сууж явсан юм.

-Нөхрийн тань бие нэлээд хүнд, хүнтэй уулзаж чадахгүй байх шиг байна лээ.

-Аарцаг цуурсан гэдэг оноштойгоор хажуугийн тасагт хэвтэж байгаа. Гурван шинжилгээний хариу нь гурвуулаа муу гарсан. Бид хоёр дөнгөж л зулайг нь үнэрлэх үртэй болчихоод амьдралаа босгох гэж хичээж явсан шүү дээ. Нөхөр хувиараа ажил эрхэлдэг байсан юм. Одоо хоёулаа эмнэлгийн орон дээр хэзээ өвдөх бол, хэдийд өвдөлт ихсэх бол гэдгээ хүлээгээд хүүтэйгээ ч уулзаж чадахгүй, чинэрсэн хөхөө хүнээр саалгаад уйлаад сууж байна гэж бодсонгүй. Уг нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч байгаад би ажилдаа эргэж ороод, манай хүн бид хоёр хоёулаа амьдралаа сайхан болгоно доо гээд ярьж байсан зүйл их л байсан. Хүү маань хөдөө манай аав, ээж дээр байгаа. Наашаа хот руу авчрах гэхээр намайг ядраачих байх гээд больчихсон. Хүүгээ их санаж байна…/хэмээн хоолой нь зангиран түр яриагаа зогсоолоо. Тэрбээр нэг гартаа дуслын зүү хатгуулсан, нөгөө гар нь бэртэлтэй байсан тул өргөж дийлэхгүй, нулимсаа арчиж чадахгүй байсан юм./

-Таны нутаг хаана вэ?

-Баянхонгорынх. Манай нөхөр хотод ажилладаг. Би нутагтаа очиж амаржсан болохоор зардал мөнгө их орсон. Дээрээс нь жирэмсний амралтаа аваад найман сар болчихсон байсан болохоор хотод ирсэн юм.

-Хаа хүрэх гэж тэр автобусанд сууж явсан юм бэ?

-Удахгүй Цагаан сар болох гэж байгаа болохоор Замын-Үүдээр урагшаа хил гарч баяраар хүмүүст өгөх бэлэг авахаар нөхөртэйгөө хамт явж байсан.

-Осол гарах үед автобусанд явж байсан хүмүүсийн ихэнх нь унтаж байсан гэсэн..

-Дөнгөж үүр цайгаад, цагаан гэгээ орж байсан. Тэр үед автобусанд байсан хүн бүр л үүрэглээд унтаж байсан юм. Манай хүн бид хоёр ч ялгаагүй. Гэтэл гэнэтхэн тар, няр гээд л нэг зүйлтэй мөргөлдөж, хүмүүс бүгд орилолдоод явчихсан. Тэрүүхэн үед ухаан санаа орж гараад, бид нар осолд орчихлоо доо гэж бодоод л ухаан алдчихсан. Тэгээд эргээд сэрсэн чинь автобусан дотор хав харанхуй, тэгсэн хэрнээ энд тэнд хүмүүс орилолдож, уйлаад, ёолоод байсан. Гэрлээ асаагаач ээ гэж хүн болгон орилж байсан ч автобусны тог тасарчихсан ямар ч аргагүй болсныг хүмүүс мэдсэн тул эрчүүд нь цонх хагалахаар оролдож эхэлсэн. Ихэнх хүмүүс нь сандалд дарагдчихсан, дийлэхгүй тул авраарай гээд орилоод байсан. Би ч бас сандалд дарагдчихсан, өргөх гэсэн чинь дийлэхгүй байсан тул тусламж эрэн хашгирсан. Тэгтэл хүмүүс сандал өргөх шиг болохоор нь баруун хөл дээрээ ачаалал өгч, босох гэж оролдсон. Тэгтэл сандалын эрмэг зүүн хөлийн шилбийг дарж унасан, бас төмөр нь зоогдоод орчихсон байсан юм.

-Одоо ямар зовиур байна, ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Өвдөлт ихсэхээр толгой эргээд, дотор муухай оргиод байгаа. Толгой хагарсан болохоор үзүүлэх ёстой. Осол гарах үед толгойгоо хүчтэй цохисоны улмаас хагарсан. Бас хөлдөө том шарх авсан. Одоогоор надад натрийн 09, цефацелийн хийж байгаа. Өвчин намдаах цагийн тарианд орчихсон. 2-6 цагийн зайтай өвчин намдаах тариагаа хийлгэж байна. Мөн өвчин намдаах эм, деклодикийн лаа хийж байгаа.

-Хүүхэдтэйгээ уулзсан уу?

-Уулзаагүй. Хүүхдээ маш их санаж байна.

-Осол гарсны дараа нөхрийгөө хаана байгаа бол гэж хайсан уу?

-Автобусанд хав харанхуй, эргэн тойронд юу ч харагдахгүй байсан. Сандалд дарагдчихсан байсан болохоор хайхад хэцүү байсан. Ухаан оронгуутаа л нөхөр минь хаана байгаа бол, амьд болов уу гэдэг бодол орж ирсэн. Тэгээд л хөл хөдлөхгүй болохоор гараараа тэмтэрч эхэлсэн. Гэтэл нөхөр минь сууж байсан сандал доороо дарагдчихсан байсан. Тэгэхээр нь “босоорой” гэсэн чинь “Миний амьсгал боогдчихоод байна. Үнэхээр хөлөө даахгүй байна. Хань нь хичээгээд л байна шүү дээ” гэсэн.

-Осолдсон автобусны компаниас та нартай уулзах гэж хүн ирсэн гэсэн. Үнэн үү?

-Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Надтай уулзах гэсэн боловч тухайн үед миний бие нэлээд өвдөөд ярих ч тэнхэлгүй байсан болохоор уулзаж чадаагүй. Харин манай нөхөртэй уулзсан гэсэн. Тэр хүмүүс нөхөрт маань та нар санаа зоволтгүй. Төлбөр тооцоог чинь бид хариуцна гэж хэлсэн гэж байна лээ. Бас даатгалын газраас хүмүүс ирж дансны дугаар аваад явсан. Гэхдээ одоо бол бид өөрсдөө эмчилгээний мөнгөө гаргаж байгаа.

-Автобусан дотор жирэмсэн хүн явж байсан гэсэн үү?

-Тийм. Тэр хүн бас зүүн хөлөндөө гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн. Найман сартай юм билээ. Дорноговийн эмнэлгийн хүрэлцээ муу байсан тул “Шонхор мед” эмнэлэгт хүргүүлсэн. Тэгэхэд бид хоёр нэг өрөөнд хамт байсан.

-Одоо ер нь цаашдаа яах талаараа бодсон уу?

-Би залуу хүн шүү дээ. Дөнгөж 25-хан настай. Ослоос хойш би өөрийнхөө биеийн байдал, хөлөө ямар байдалтай байгааг бүрэн мэдэхгүй байгаа. Би эрүүл саруул болоод амьдралаа авч явмаар байна. Уг нь энэ ондоо багтаагаад өөрсдийн гэсэн гэр оронтой, унах унаатай болъё гэсэн зорилго тавьсан байсан. Бас ирэх оноос мэргэжлээ дээшлүүлээд сурах төлөвлөгөөтэй байсан. Одоо бүгд нурж байх шиг байна. Энэ бүх зүйл болоогүй байсан бол ямар сайхан бэ хэмээн залуу бүсгүй хоолойгоо зангируулан хэлж байв.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өвчтөнүүдийг гэмтлийн байдлаас нь шалтгаалан өөр өөр тасагт хуваарилсан байна. “Гар, сарвууны тасаг”-т хэвтэж буй Б.Нандинцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр гурван охинтой, өрх толгойлсон гэрийн эзэгтэй аж. Түүний хамгийн том охин нь одоо 18 настай бөгөөд бусад нь дунд сургуулийн сурагчид. Тэрбээр “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийдэг, мөн банкны зээлтэй. Идэж уух, өмсөж зүүхээ оролцуулахгүй бол түүнд сар бүр 500-600 мянган төгрөг зайлшгүй хэрэгтэй байдаг аж. Эдгээр нь лангууны түрээс дээрээс нь банкны зээлээ төлөхөд л зарцуулагддаг гэнэ.

-Та Нарантуул дээр наймаа эрхэлдэг гэхээр тухайн өдөр бараагаа татахын тулд тус автобусаар үйлчлүүлж байсан юм уу?

-Тэр өдөр бараагаа татахаар бэлдэж байсан юм. Галт тэргээр явах гэсэн боловч Замын-Үүд чиглэлийн билет энэ сарын 10-ныг хүртэл байхгүй гэхээр нь хоног алдахгүй гэж бодоод автобусаар явсан. Нарантуул зах мягмар гаригт амардаг. Тэгээд даваа гаригт яваад лхагва гаригт ирж юмаа зарахгүй бол болохгүй гэж бодоод л явсан юм.

-Автобусанд байсан хүмүүсийн ихэнх нь наймаачид байсан уу?

-Захынхан бол зөндөө байсан. Бие биенийгээ танихгүй ч зүс мэддэг хүмүүс их байсан. Ер нь хамгийн гүйлгээ сайтай үеэрээ ахиухан юм зараад авъя гэдэг бодлоор л явсан боловч ийм байдалтай болчихлоо.

-Гурван хүүхдийг нь хэн харж байна?

-Тэднийг маань харах хүн байхгүй, өөр өөрсдийгөө л харж байгаа.

-Таны биеийн байдал нь ямар байна вэ?

-Зүүн хөл, баруун гар хугаралтай, өвдөг мултарсан, шагайдаа бэртэлтэй. Зүүн гарын тохой мултарч хугарсан гэсэн оноштой байгаа. Яг хэчнээн сар хэвтэж байж бүрэн эдгэрэхээ мэдэхгүй байна. 37 хүн ирж, 20 хүн нь хүнд байгаа, ирсэн оройдоо бид эмнэлгийн коридорт хоносон. Өчигдөр л өрөөнд орж ирсэн. Одоо ханиалгахаар цээж хөндүүрлээд толгой өвдөөд байгаа. Юм идэх сонирхол байгаа хэрнээ идэж чадахгүй юм.

-Осол гарах үед яг юу болсон бэ?

-Замын-Үүд рүү ордог тэмээтэй хаалганы наахна талд хүмүүс бие засах гээд буусан юм. Тэгээд хүмүүс эргээд орж ирж суугаад автобус хөдлөөд удалгүй хамаг юм тачигнаж дуугараад л харанхуй болж, орилолдоод эхэлсэн. Тэгээд урд байсан хүмүүс бид нарын дээгүүр шидэгдээд ар тал руу шахагдаад ирсэн. Гэхдээ урд дарагдсан сандал доороос хүмүүс орилоод байсан. Автобуснаас арай хийж гарч ирээд харахад бид Замын-Үүд рүү ордог тэмээтэй хаалгыг мөргөн осолдсон байсан.

-Жолооч өөр хүнд жолоогоо шилжүүлсэн гэсэн үү?

-Бид нэг цагийн үед “Болор” гэдэг цайны газарт хоолонд орсон. Тэгээд ээлжийн жолоочдоо жолоогоо шилжүүлсэн. Гэхдээ тэр нас барсан жолооч нь тэднийд ажиллаж байгаагүй, шинэ жолооч байсан. Харин нөгөө жолооч нь хуучин ажиллаж байсан юм билээ. Ер нь бол зүс мэднэ. Яагаад гэхээр билетгүй үед автобус оройн наймаас юм чинь гээд л зах дээрээ наймаагаа хийж байгаад гараад очдог юм л даа.

-Тэгээд?

-Тухайн үед хөл гараа хугарсныг мэдээгүй. Осол болох үед би зүүн хөл дээрээ дарж унаад сандлан доор эвхэгдчихсэн байсан. Сандалууд тэр чигтээ хойшоо эвхэгдэж, дээрээсээ хамаг юм нь нураад хүмүүс нь бүгдээрээ дарагдчихсан. Осол гарны дараа нэг хүн утасныхаа гэрлийг асаасан. Эрчүүд дотроос нь автобусны цонхыг хагалах гээд чадаагүй, гэтэл том машины жолоочид гаднаас нь хагалж өгч, бид гарсан. Осол болсноос хойш бид нэлээн удаж байж гарсан. Тэр үед бензин, тос нь үнэртээд дэлбэрэх нь гэж бодоод хурдхан гарахыг л бодож байлаа. Тэгээд тусламж эрэн хашгирахад гайгүй байгаа хүмүүс нь дарагдсан хүмүүсээ биш, миний цүнх хаана байна гэж хэлээд зарим хүмүүсийн дээгүүр гишгээд яваад байсан. Бас осолдчихоод байж байхад хот руу болон Замын-Үүд рүү жижиг суудлын автомашинууд зөндөө явж байсан. Гэтэл нэг нь ч зогсоогүй. Харин хажуугаар өнгөрөхдөө зураг дарчихаад л яваад өгч байсан.

-Гэр бүлийнхэнтэйгээ ярьсан уу?

-Гурван охинтойгоо утсаар ярихад би өөрийн эрхгүй орилоод л уйлчихсан.

-Хүүхдүүдийг тань харж, асрах хүн өөр байхгүй юм байна шүү дээ…

-Манайх Улиастайд байдаг. Ирэхээрээ хоол ундны зүйлээ цуглуулъя гэж бодоод хоёр хоолны мах л орхиод явсан. Бас одоо 15-нд банкны зээл гарч ирнэ. Яах ёстойгоо үнэндээ мэдэхгүй байна. Би явахаасаа өмнө гурван шуудай нүүрс авч өгсөн, одоо дууссан байх.

-Юунаас болж энэ осол гарсан гэж бодож байна?

-Тэр шинэ жолоочийг нойрмоглосон л гэж бодож байгаа.

-Архи уусан байх магадлалтай юу?

-Үгүй.

-Зорчигч нараас архи, пиво хэрэглэсэн хүн байсан уу?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй л байсан даа.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Амбулаторийн үзлэгийн 7.3 хувийг томуу, томуу төст өвчин эзлэж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна. Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад санууллаа.

Мөн энэ хүрээнд өөрийн зүгээс болон Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр дэлгэсэн хүүхдийн орны тоо, эм тарианы хангамж болон пневмококкийн эсрэг вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд хийсэн өвчлөлийн судалгаа зэрэг асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нараас гадна НЭМГ-ын удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй СХД-ийн 240 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцолсон. Мөн БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан энэ онд ашиглалтанд орох гэж байна. Түүнчлэн тэрбээр “Ханиад томууны өвчлөл өндөр байгаа энэ цаг үед ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн 550 хүн тун “Тамифлю” эмийг нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилсан ч хүрэлцээ муу хэвээр байна. ДЭМБ-аас дахин 75 мг “Тамифлю” эмийг 500 хүн тун, 45 мг “Тамифлю” эмийг 1200 хүн тунг өгөхөөр болсон.

Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний түүхийн музей өнөөдөр, маргааш үнэ төлбөргүй үйлчилж байна

Монголын Үндэсний музей амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр, болон маргааш үргэлжлэх тус арга хэмжээнд нийслэлийнхэн гэр бүлээрээ идэвхтэй оролцож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 2019 оныг “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар эхлүүлж байна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар энэ үдэш /01.12/ эхлүүлнэ.

Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьж байсны түүхт 53 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн бүтээл “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаагаа тоглож байжээ.

Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажилласан байна. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдаг гэдгээрээ онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм.

Энэ удаагийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид амилуулахаар болжээ. “Алтангадас” одонт УДБЭТ-ын хамт олон 2019 ондоо сонгодог урлагийн үзэгч түмэндээ зориулан хоёр ч шинэ уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Дакар ралли 2019” уралдааны 5 дахь өдрийн уралдаан өндөрлөлөө

“Дакар Ралли 2019” уралдааны хамгийн хүнд хоёр гарааг ОУХМ Н.Лхамаа амжилттай давлаа.

Дөрөв болон тав дахь гараа марафон гараа байсан учраас сервис авч болохгүй тамирчдад техникийн асуудал гарвал маш хүнд тусах байлаа. Харин ийнхүү тав дахь өдрийн гарааны 351 км замыг Н.Лхамаа 8 цаг 40 минутад дуусгаснаар 98 дугаар байрт жагсан бариандаа амжилттай орж ирлээ. Нийт дүнгээрээ Лхамаа ОУХМ 94-т жагсаж байна.

Дакар Раллигийн тав дахь өдрийн гараа маш хүнд нөхцөлд өрнөсөн байна. Дөрөв дэх гараанаас эхэлж марафон уралдаан эхэлсэн учраас сервис авах боломжгүй. Автомашин, SxS, ачааны машины хувьд Такнагаас Арэкүипа хүртэл 450 км цаг тооцох замыг туулах ёстой байсан ч цаг агаарын улмаас CP3 дээр уралдаан зогслоо гэсэн мэдээлэлийг уралдаан зохион байгуулагчдаас ирсэн юм. Тамирчид 425 дахь километр дээр өнөөдрийн гарааг өндөрлүүлжээ.

“Дакар Ралли-2019” уралдааны тав дахь өдрийн автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар гараагаа амжилттай дуусгажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ухаалаг авто зогсоолыг байгуулжээ

БНХАУ-ын Чүн Чин хот 48.7 метрийн өндөртэй, 20 давхар ухаалаг авто зогсоолыг байгуулжээ. Энэ зогсоолд машинаа тавьсан хүн QR код хүлээн авах бөгөөд уг кодоо уншуулах үед тусгай кран машиныг нь зогсоолд байршуулах, мөн буулгаж ирэх үйлдлийг гүйцэтгэх юм байна. Өмнө нь 387 машины зогсоолд 3000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай шаардлагатай байсан бол ухаалаг зогсоолтой болсноор 680 хавтгай дөрвөлжин метр талбайд л ийм тооны машин байрлуулах боломжтой болжээ.

Ухаалаг авто машины зогсоол байгуулжээ

Ухаалаг авто машины зогсоол байгуулжээ

Ухаалаг авто машины зогсоол байгуулжээ

Categories
мэдээ спорт

Спортыг дэмжих сан төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлав

Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарлажээ.

Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791