Categories
мэдээ спорт

Кисеносато эхний өдөр өвдөг шороодов

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё өчигдөр эхэллээ. Эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Мёогирюүг, их аварга Какүрюү М.Ананд нар маэгаширагийн тэргүүн бөх Точиозаныг тус тус давжээ. Маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж буй Ичиножёо А.Ичинноров өчигдөр озэки Такаяшиг, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Шохозаныг тус тус өвдөг шороодуулсан байна. Түүнчлэн энэ сарын башёг тэргүүлэн барилдаж буй их аварга Кисеносато эхний өдөр өвдөг шорооджээ.

Өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тэргүүн бөх Точиозантай, их аварга Какүрюү М.Ананд комүсүби Митакэймитай, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашигагийн гуравт эрэмбэлэгдсэн Шодайтай, маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо А.Ичинноров их аварга Кисеносатотой тус тус оноолт таарч барилдана.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан төлөвлөгөөт бус шалгалт эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Төлөвлөгөөт бус шалгалтаар нийслэлийн 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын I, II давхаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах юм.

Мөн иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах бөгөөд шалгалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид цусаа хандивлав

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гамшгийн улмаас хоёр мянга гаруй хүн амь насаа алдаж, найман мянга гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирсон байна.

Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байдаг.

Тиймээс НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 28 алба хаагч “Цусаа Бэлэглэе” аянд нэгдэж, нийт 10 гаруй литр цусаа хандивлалаа.

Мөн алба хаагчид МУЗН-ийн “Ивээн тэтгэгч Онцгой гишүүн”-ээр элсэн Хүмүүнлэгийн үйлсэд нэгдээд байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТОЙМ: УИХ – Өнгөрсөн долоо хоногт

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа. 2019.01.06

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов. Мөн хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм. 2019.01.08

УИХ-ын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг манай улсад албан томилолтоор ажилласан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзав. 2019.01.09

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 2019.01.09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ. 2019.01.09

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр үдээс хойш товлосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2019.01.10

Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2019.01.10

УИХ-ын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв. 2019.01.10

Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2019.01.10) үдээс өмнө хаалттай горимоор хуралдаад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. Харин Хууль зүйн байнгын хорооУИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. /2019.01.11/

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар зургаан цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү 04 цаг 30 минутад УИХ-ын чуулган өндөрлөв.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хуралдаан үүрээр түр завсарлаж, 10 цаг 00 минутад үргэлжлүүлэн хуралдах байсан ч гишүүдийн ирц 46,7 хувьтай байлаа. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн есөн удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүдийг 1 цаг 30 минут хүлээсний эцэст хуралдааныг завсарлуулж байсныг онцлоод гишүүдийн саналаар үдээс хойш 15 цаг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулахаар болов. 2019.01.11


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо. 2019.01.11

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. 2019.01.13

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын депутатууд Төрийн ордноо хуран чууллаа. Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд гишүүнчлэлтэй 250 депутат амьд сэрүүн байна. 2019.01.13

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 2019.01.13

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. 2019.01.13

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ. 2019.01.13

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ. 2019.01.13

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө Салхитын орд дээр болсон тусгай ажиллагагааг удирдав. Мань эр уг нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах үндэсний зөвлөлийн дарга. Ийм алба давхар хашдаг засгийн өндөр албан тушаалтан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр байдаг орд руу цэрэг удирдан халдсан нь лав л зөв алхам биш. Цаана нь ямар ч шалтгаан үүссэн, бугшсан байж болно. Гэхдээ Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа наад өнгөндөө, бүр тодруулж хэлбэл гадна ертөнцөд яаж харагдсан бол. Хуулиа мөрдүүлэхийн төлөө зориг гаргасан төрийн өндөр албан тушаалтны дүрээр харагдсан гэвэл хэтэрхий гэнэн тайлбар болно. “Салхит”-ын ордын цаана хууль зөрчсөн, авлига хээл хахууль цутгаж Монголын цагдаа хүчнийхнийг талцуулсан, хөрөнгө оруулагчид нь маргалдсан гэх мэт өчнөөн шалтаг, шалтгаан бийг үгүйсгэхгүй. Буруутай этгээдийг шийтгэх, хариуцлага ногдуулах нь хуулийн дор амьдардаг ардчилсан нийгэмд байх учиртай, байхаас аргагүй зүйл. Гэхдээ энэ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг засагт данстай зөвлөлийг удирддаг түшмэл нь жанжны дүр эсгэж удирдах хэрэг байхгүй. Шуудхан хэлэхэд хуультай, шүүхтэй, шүүхийн шийдвэрийг нь гүйцэтгэдэг тусгай газартай улсад Г.Занданшатарын “баатарлаг драм” илүүдчихлээ. Илүүдэхээр барахгүй, Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттгүй шахам байгаа Монгол улсад хатуудсан тоглоом болоод байна.

Ядаж байхад яр гэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдыг элгээр нь харуулж хэвтүүлж байгаад төрийн төмөр нүүрийг харуулсан ажиллагааны удирдагч нь гадны мөнгөтэй эрхмүүдэд хэзээнээсээ нэргүй нөхөр. Цагтаа эдийн засгийн өсөлт нь 17 хувиар хэмжигдэж, “Файнаншл таймс”-ийн нийтлэлд дараагийн БРИКС болох М3-т багтах улсын нэг гэж онцлогдож байсан Монголоос гадны хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн анхны хууль 2012 оны хавар батлагдаж байв. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах гэсэн хаягтай тэр хуулийн автор нь өнөөгийн ЗГХЭГ-ын дарга. Г.Занданшатарын санаачилж гардан байж батлуулсан тэр хуулийн балгаар эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар цангаж элгээрээ хэвтсэн нь Монгол улсын хувьд гашуун түүх болж үлдсэн. Ийм балагтай хуулийн автор гэдгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдад танигдсан Г.Занданшатар Засгийн газрыг төлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай компани руу буу шийдэм, цэрэг хүчтэй дайрсан нь яав ч таатай харагдах дүр зураг биш.

Төр засаг зүгээс энэ ажиллагааг зөвтгөж тайлбарлахдаа ч гадаад ертөнцөд аятай харагдсангүй. “Монголын баялгийг цөөхөн нь цөлмөөд дууслаа. Цөөхөн нь баяжиж таарахгүй. Баялгийг шударга хуваарилах ёстой. Цаашид ч ийм тэнцвэргүй байдлыг арилгахын төлөө төр хүч хэрэглэн төмөр нүүрээ харуулна” гэх ухааны яриа хөөрөө, тайлбар хөвөрлөө. Шууд ингэж хэлээгүй ч илт тэгж ойлгогдохоор сүржин мэдэгдэл, байр суурь засаг зүгээс дуулдав. Хувийн хөрөнгийг хураах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, бизнесүүдийг төр мэдэлдээ авах гэх мэт зах зээлийн жамаас гажсан хандлага, авир гаргасан улсын эдийн засаг элгээрээ хэвтсээр өнөөг хүрсэнийг хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх түүхээс түвэггүй харчихаж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Венесуэл байна. Инфляци нь төсөөлөхөд бэрх олон тэгтэй тоогоор хэмжигдсэн энэ улс уг нь газрын тосны баялаг нөөцтэй. Эдийн засгийн өсөлт нь дэлхийд гэж яригдаж явсан сайхан үе байсан ч өнөөдөр хэцүүхэн зурагтай аж төрж буй. Шалтгаан нь бүхнийг төрд авах гэж улайрсан, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн, хувийн хөрөнгийг адалсан төрийн удирдагчтай нь холбоотой гэдгийг цэнхэр гариг даяараа мэддэг болчихлоо. Монголын төр үүнтэй төстэй авир, хандлага гаргаад эхлэв үү гэж хардахаар өнцөг, сэжүүрийг “Салхит”-ад сая болсон үйл явдал гаргаад өгчихлөө.

Мэдээж төр засгийн өндөрлөгийн түвшинд их л ярьж зөвлөлдөж байж “Салхит”-ын ажиллагааг эхлүүлсэн байх. Гэхдээ л наад өнгөндөө, гадаад ертөнцөд ингээд харагдчих шиг болох юм. Улсынхаа дотоод уур амьсгалыг мэдэрч яваа сэтгүүлчдийн хувьд хардах бас нэг өнцөг байна. Дээр, шаргал ордонд сөргөлдөж байгаа хоёр талын нэгнээ буулгаж авахын төлөө дэглэсэн жүжгийн үзэгдэл гэж харахаас аргагүй байна л даа. У.Хүрэлсүх, М.Энхболд тэргүүтнүүд талцаад төрөө самарч дуусч буйг бид бэлхнээ харж сууна. Яг нарийндаа Салхитын лицензийг хятадуудад зарсан хүнийг М.Энхболдын уяач гэж харагдуулахад хамаг учир байна гэчихэд хэтрүүлсэн хардлага болохгүй. Түүнээс биш лицензийн наймаа хаа сайгүй гэдгийг дээр дооргүй мэддэг. Өчнөөн жил явсаар ирсэн наймаа. Тэгтлээ гайхаж цочоод сүр зарлахаар асуудал хэтээсээ биш. Магадгүй энэ удаагийн лицензийн наймааг туг бариад эсэргүүцэж яваа талын нөхөд дунд ийм наймаанд оролцсон, ийм наймаагаар мөнгөжсөн хүмүүс байж ч мэднэ. Эрх мэдэлд ойрхон улс дажгүй нөөцтэй байж мэдэх газарт лиценз авч, өнөөхөө ахиу үнээр зардаг нь үзэгдэл болчихсон учраас үгүйсгэх аргагүй хардлага. Гагцхүү энэ удаагийн сүржигнэлийн бай нь сөргөлдөгч талын нэг учраас тусгай ажиллагаандаа тулчих шиг боллоо.

Товчхондоо Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчдад эвгүй дохио өгөн барин хийх ажиллагаа мөн байв уу? Эдийн засагт тийм ч таатай биш статистикууд голлосон ийм цагт ингэж “амиа хорлон”, золиос гарган хийх ажиллагаа байгаагүй гэчихэд үнэнээс зөрөхгүй. Монгол улс УУХҮЯ, АМГТХЭГ, ҮТЕГ, МХЕГ, ШШГЕГ-тай. Энэ газруудад “Салхит”-д үүссэн асуудлыг шийдчих хуулийн мэдэл, боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Хуулийн дагуу асуудлыг шийдээд явах гарц гаргалгаа байсаар атал эдийн засагт халтай ийм сүржигнэл хийх шаардлага ер нь байв уу. Үйлдвэрлэл хөгжөөгүй манайх шиг улсад эдийн засгийн тэтгэх том хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Тэр дундаа эдийн засгаараа хараат гэж хэлж болох урд хөршийн хөрөнгө оруулагчдад илт дайсагнасан хандлага гаргах нь тийм ч оносон алхам биш. Урд хөршийн тухайд манай улсыг шахаад сурчихсан, эвгүйхэн ааш аяг гаргахад хэр хэмжээний нөлөөтэйгөө хилээ хаах төдийгөөр харуулчихдаг улс. Саяхан гэхэд л нүүрс гардаг гарцаа хаах төдийд дээр дооргүй яаж бужигналаа. Эцсийн дүндээ энэ бүхнээс үүдэж гарах хохирлыг сөргөлдөгч хоёр тал буюу У.Хүрэлсүх, М.Энхболд үүрэхгүй. Энгийн иргэд л төлөөс, хохирлыг нь үүрдэг. Гадаадын хөрөнгө оруулалт татрах хэрээр долларын ханш хаданд гарна, долларын ханш өндрөө авах тусам төгрөг үнэгүйддэг. Энгийн иргэд хохирдог гээд байгаа нь цаанаа ийм учиртай.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн баталснаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 31 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх асуудал багтсан байна. Мөн төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд, Инновацийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхийн “цахим манаач”-ийнх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань зочин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзоригийнх. Тэрээр шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртсэн юм. Д.Мөнхзоригийнх Зайсангийн “Оргил” худалдааны төвийн ойролцоох таван давхар орон сууцанд амьдардаг ажээ. Биднийг гэргий хоёр жаахантайгаа угтав. Эднийх гурван хүүхэдтэй. Гэрийн эзэн Д.Мөнхзориг зоогийн ширээний ард цай уух зуураа “Манайх органик хүнсийг эрхэмлэдэг айл. Гэр бүлээрээ аялал зугаалга, спортод дуртай” хэмээв. Гэрийн эзэгтэй Ц.Ундармаа хүүхдүүдээ танилцуулав. Том хүүг М.Тэмүүлэн, дунд хүүг М.Саян, охиныг нь М.Гэгээ гэдэг юм байна. Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч Тэмүүлэн хүү амралтаараа хөдөө өвөөгийнх рүүгээ явжээ. Дунд хүү гурван настай, охин нь таван сар гаруйтай аж. Гэрийн эзний аав Н.Доржсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул гэнэ. Харин ээж Ц.Адьяасүрэн нь Архангай аймгийн Цэнхэр сумынх. Д.Мөнхзориг “Би хоёр эгчтэй. Аав ээж хоёр маань эмч мэргэжилтэй. Намайг багад эмч нар хөдөө томилолтоор их ажилладаг байлаа. Аав, ээж хоёр Өвөрхангайд хэсэг ажилласан юм. Тэднийг тэнд ажиллах үед нь би төрсөн. Тэнд удаан байгаагүй. 1988 онд аав, ээж хоёр Архангайд очиж суурьшиж, би тэндээ дунд сургуулиа төгссөн. Тиймээс би Архангай нутгийн хүү. Аавын нутаг руу хааяа очдог. Түүх сонирхох дуртай. Аав, ээжийнхээ удам судрыг сайтар судалъя гэж бодоод ном гаргасан” хэмээн ярилаа. Гэрийн эзэн ээжтэйгээ ярьж байж бичсэн “Угалз овгийнхны удам түүх” хэмээх ургийнхаа номыг хоёр жилийн өмнө хэвлүүлжээ.

Тэрээр ургийн номоо сонирхуулангаа “Одоо аавтайгаа ярилцаж, ургийн ном гаргана гээд материал цуглуулж байна. Өмнө нь түүх сонирхдоггүй байгаагүй л дээ. Дөрөв, таван жилийн өмнө хөдөө явж байх үедээ Өлзийбаатар гуайн “Цахим түүх” гэсэн номыг машиндаа сонссоноос хойш түүх сонирхож эхэлсэн. Өлзийбаатар гуай Монголын түүхийг Хүннүгийн үеэс эхлээд өнөөг хүртэл судалж цахим ном хүртэл гаргасан нь тун олзуурхууштай ажил болсон санагддаг. Тэр үеэс хойш сав л хийвэл түүхийн ном хардаг болсон. Сүүлдээ би өөрөө ямар түүхтэй хүн билээ гэж бодож эхэлсэн. Ингээд аав, ээжтэйгээ ярьж, гарал үүсэл үе удмаа судалсан юм. Ээжийнхээ аавын талыг судалсан. Одоо ээжийн ээж буюу эмээгийн хамаатан, садныг тодруулна. Өвөө, эмээ маань Архангайн Цэнхэр суманд амьдардаг байлаа. Би чөлөөт цагаараа өвөө эмээ дээрээ очно. Тэд минь л намайг хүмүүжүүлсэн дээ. Мал маллах, арьс шир элдэнэ, ноос савж эсгий хийнэ гээд нарийн ширийн ажлыг түүртэлгүй хийдэг байлаа” гэж ярилаа.

Гэрийн эзний ээж лабораторийн эмчээр ажилладаг байж. Архангайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтэс гэж байгуулагдахад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Аав нь чих, хамар хоолойн эмчээр ажиллаж байсан гэнэ. Нийслэлд ирж суурьшсаныхаа дараа тэтгэвэрт гарсан юм байна. Д.Мөнхзориг “Манайх гэр хороололд амьдардаг байлаа. Доржсүрэн эмчийнх гээд хүмүүс их ирж үзүүлнэ. Рашаанд гэр бүлээрээ явж байхад хүмүүс даралтаа үзүүлэхээс эхлээд аав, ээж хоёрыг минь зүгээр байлгахгүй. Ер нь эмч гэдэг ачаалал өндөртэй, эрсдэлтэй, хариуцлагатай мэргэжил. Биднээс хэн нь ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй. Том эгч маань санхүүгийн чиглэлээр ажилладаг. Дунд эгч програмисст, одоо барилгын архитектураар ажилладаг. Аав, ээж минь бага байхаас л эрүүл хоололт чухал, цэвэр агаарт сайн гарч байгаарай гэж захидаг байсан даа. Ууж байгаа ус цэвэр байх ёстой, биеэ их сайн авч явах ёстой гэдэг байлаа” хэмээн хууч дэлгэв.

Бидний яриа гэрийн эзний бага насны дурсамжаар үргэлжлэв. Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ их сайн байж. Д.Мөнхзориг зургийн цомгоо сонирхуулангаа “Ахлах ангид байхдаа хамгийн хэцүү амьдарна гэх мэт давуу тал ихтэй. Гадныхан их гүйдэг. Манайд сүүлийн үед гүйх орчин бага зэрэг бүрдэж л байна. Цаашид улам сайжрах байх” гэж ярилаа.

Дунд сургуулиа төгсөөд КТМС-д элсэн оржээ. Сургуулиа төгсөх үед ээж нь “Сонин дээр Улсын дээд шүүхэд хүн ажилд авна гэсэн нэг зар байна. Чиний мэргэжил байна. Очоод үзээрэй” гэж утсаар хэлжээ. Тэр тухайгаа “Шүүхийн талаар ямар ч ойлголтгүй юм чинь бараг худлаа байх гэж бодож байлаа. Гэхдээ ээжийнхээ зааж өгсөн улсын дээд шүүх гэсэн хаягтай газар руу орсон доо. Ингээд л 2003 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхэд компьютерийн техник хангамж хариуцсан референтээр ажилласан. Тэр үед мэдээлэл, технологийн мэргэжилтэн гэж нэг л хүн байсан. Нийслэлийн шүүхэд нэг хүн, улсын хэмжээнд мэдээлэл, технологи хариуцсан хоёр ажилтан л байсан цаг. Дөрөв гаруй жил ажиллаад Солонгос явсан. Тус улсад сурах гэж очсон ч санхүүгийн байдал хүнд байсан учраас ажилласан. 2010 онд ирээд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилд орсон. Тухайн үед Шүүхийн мэдээлэл, технологийг хөгжүүлье гэсэн бодолтой ажилласан. Шүүхийн мэдээлэл, технологийн түүх 1980-аад оны үеэс эхэлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдсан. Манай байгууллага шүүхийн хэрэг шийдэхээс бусад бүх асуудлыг хариуцдаг. 1994 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдсэн аюулгүй байдлын талаар их ярих болсон. Аливаа зүйл мэдээллийн технологи руу шилжих тусмаа эрсдэлүүд дагах болсон. Тэдгээр эрсдэлээс хамгаалахын тулд мэдээлэл алдагдах, устгагдахаас сэргийлэх шаардлагатай” хэмээн ярив.

Шүүхийн ерөнхий зөвлөлд дата төв гэж байгуулжээ. Шүүхийн онлайн төхөөрөмжүүдийг суурилуулж. Онлайн шүүх хуралдааныг бий болгосон гэнэ. Онлайн шүүх хөгжсөн Тайвань руу 2012 онд явснаа сонирхуулав. Тэрээр “Тайвань манай улсаас 15 дахин бага газар нутагтай. Тэгэхэд тэнд онлайнаар шүүх хуралдаан хийхдээ өөр хотоос хэргийн оролцогчийг оролцуулж байсан. Ийм бага газар нутагтай оронд нааш, цааш явуулахгүйгээр шүүх хурлаа шийдвэрлэж байгаа нь анхаарал татсан. Ингээд л онлайн шүүх хурлыг 2014 оноос нэвтрүүлсэн. Хүмүүс их ам сайтай байдаг. Шүүх хуралдааны дуу дүрсийг бичиж, архивлана гэж Шүүхийн тухай хуульд орж ирсэн. Тэгэхээр энэ боломжийг ашиглаж, шүүх хуралдаан нээлттэй байна гэдгийг хэрэгжүүлэхээр болсон. Томоохон сүлжээний сан, системүүд бий болсоор байгаа. Хандалт өндөртэй шүү. Одоо цаасан суурь, цахим хоёр зэрэгцээд явж байна. Цаашид 8-10 жилийн дараа цахим шүүх гэдгийг бий болгоно. Энэ нь жинхэнэ утгаар цахим хавтаст хэрэг гэсэн үг. Тэдгээрийг 100 хувь цахимжуулна. Ямар ч цаасгүй болно” гэв. Д.Мөнхзориг хамгийн сүүлд Герман явж, шүүхийн цахимжилтын талаар судалгаа хийжээ. Энэ тухайгаа “Германд ажиллах үед манай улсын шүүх цаашид хөгжих бүрэн боломжтой юм байна гэсэн итгэл төрсөн. Одоогоор эдийн засгийн хувьд хүндрэл байгаа. Хүний нөөц хомсдолтой гэсэн асуудал бий. Ер нь төсвөө сайжруулж чадвал хөгжих асуудал биш” хэмээн ярилаа.

Бидний яриа өндөрлөхөд гэрийн эзэгтэй гал тогоондоо идээ будаа өрсөн ширээ засчээ. Ц.Ундармаа бүсгүй биднийг ногоотой шөлөөр дайлах зуураа “Би нөхрийнхөө ажлыг дэмждэг. Гэр бүлийн үнэ цэнэ биенээ ойлгож хүндлэхээс эхэлнэ гэж боддог юм. Манай хүн Монголынхоо бүх аймгаар явж байсан. Амралтын өдрөөр агаарт гарна. Зун гэр бүлээрээ аялна. Байгалийн үзэсгэлэнт газраар халуун бүлээрээ аялах их сайхан” гэж ярилаа. Гэрийн эзэгтэй СУИС-ийг соёл урлагийн удирдлагын менежер мэргэжлээр төгсчээ. Өнгөрсөн жил Соёл урлагийн удирдлагаар магистр хамгаалсан ба урлагийн менежмэнт чиглэлээр ажилладаг гэнэ. Одоогоор хүүхдүүдээ хараад гэр зуураа байгаа гэв. Тэрбээр Увс аймгийн Улаангом суманд төржээ. Түүний аавыг Ц.Цэмбэл, ээжийг нь Ч.Оюунчимэг гэдэг аж. Ц.Ундармаа “Манайх намайг гуравдугаар ангид байхад хотод шилжин ирж суурьшсан. Бид эхээс дөрвүүлээ. Багадаа урлагийн хичээлд дуртай, сонирхолтой байсан. Эгч маань Завханд хөгжим бүжгийн коллежид сурч байгаад хотод шилжин суурьшихад Хөгжим бүжгийн коллежид элсэж төгссөн. Одоо Эрдэнэтэд амьдардаг, бүжигчин хүн бий. Ээжийн маань ах дүү, хамаатан садан дунд дуулдаг, урлагийн авьяастай хүн олон шүү. Нутагтаа тоглолт зохион байгуулдаг хүмүүс гэхээр ямар авьяастай нь харагдах байх. Аавын ах дүүс бизнес эрхэлдэг. Аав, ээж маань бидэнд эвтэй, шударга байгаарай гэж захидаг. Тэр захиасынх нь хүчээр бид бүгдээрээ зөв сайхан амьдарч байна” хэмээн ярилаа.

Гэрийн эзэгтэй ном унших дуртай гэнэ. Минималист амьдралыг илүүд үздэгээ, өдөр тутамдаа ухаалаг хэрэглээг нэвтрүүлж яваагаа сонирхуулав. Мөн Йогоор хичээллэдэг гэнэ. Олон зүйлийг зэрэг амжуулдаг гэж нөхөртөө магтуулдаг бүсгүй “Хүүхдүүдээ сайн хүн болгохыг хичээдэг. Гэр бүлээ үнэ цэнэтэй байлгахын тулд чадах бүхий л зүйлээ хийдэг” хэмээн инээмсэглэн хэлсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Яагаад Оюу толгой өнөөг хүртэл БНХАУ-аас цахилгаан авсан бэ

Шинэ оны босгон дээр “Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар сарын 31: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Таван толгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Оюу толгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж хэллээ” гэсэн таатай мэдээ гарлаа.

Энэ мэдээ Эрчим хүчний яам болон Оюу толгой ХХК-ийн цахим хуудсанд тавигджээ. Гэхдээ Эрчим хүчний яамны мэдээнд гэрээнд гарын үсэг зурснаар “Рио тинто гэрээнийхээ үүргээ биелүүллээ” гэсэн байна. Харин Оюу толгойн мэдээнд шинэ цахилгаан станцын дийлэнх хувийг Оюу толгой ХХК эзэмшинэ гэсэн. Хэрэв Рио тинто энэ хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж чадвал Монголд гурав дахь удаагаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь өмнөд бүсийн эрчим хүчний асуудал дотоодоос шийдэгдэж, Хятадад жил бүр тушаадаг 200 шахам сая доллар Монголд үлдэх бололтой юм. Эндээс өнгөрсөн хугацаанд олж болох энэ их ашгийг яагаад монголчууд авахгүй өнөөг хүрэв гэсэн асуулт гарна.

Харин Оюу толгойн цахим хуудсанд байгаа Засгийн газартай Оюу толгойн ордод хөрөнгө оруулсан компаниудтай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан гэрээгээр бол өөр зураг харагдана. Оюу толгойг цахилгаан эрчим хүчээр хангах заалт Долдугаар бүлэг буюу дэд бүтэц гэсэн бүлэгт хамаарч байна.

Үүнд:

7.1. Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын графикт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар сайн санааны үндсэн дээр нээлттэй хамтран ажиллах

7.3. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ. Гэрээнд зааснаар бол эрчим хүчний хангамжийн талаар ийм л зарчим баримтална. Гэрээнд зааснаар Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Засгийн газар Рио тинтотой сайн санааны үүднээс хамтран ажилласнаар дотоодоос эрчим хүчний хэрэгцээг хангана. Гэтэл Оюу толгойн үйлдвэрлэл 2013 оны долдугаар сарын 9-нд эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг гэрээгээр бол Оюу толгойн орд 2017 оны долдугаар сарын 9-нөөс эхэлж дотоодоос эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Гэтэл 2017 он бүү хэл 2019 оноос ажил эхэлж 2023 онд л Оюу толгой монгол цахилгааны бараа харна. Өнөөг хүртэл Оюу толгой өмнөд хөршид эрчим хүчний төлбөрт тэрбум шахам ногоон өгсөн болж таарч байна. Гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд манайд нэг ч эрчим хүчний томоохон станц баригдаагүй. Рио тинто бас цахилгаан станц барих үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас доорх мэдээг гаргаж байв. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2012.02.19-ний өдрөөс цацагдсан зөрүүтэй мэдээлэлтэйгээр холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саяхан түдгэлзүүлсэн ба ингэснээрээ Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм. Төслийн нэгж нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон бусад бүх судалгаа шинжилгээний ажлуудыг хийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлэхэд бэлэн болсон. Рио Тинто компанийн зүгээс шаардлагатай баталгааг гаргаж өгсөн тохиолдолд 2018 онд цахилгаан станцын ажил эхлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Яг үүнтэй “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэгдэл гаргажээ. Үүнд “Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо. Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгож байна. ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно. “Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Эрчим хүчний яамны дээрх мэдээллээс харвал Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд барих эсвэл барихгүй гэсэн шийдвэрээ яагаад танилцуулаагүй вэ гэсэн асуулт гарна. Харин Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсны дараа Оюу толгой хашаандаа станц барих санаа дэвшүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манай зүгээс Оюу толгойн дэргэдээ барих санал гаргасан цахилгаан станцын байршил өөрчлөгдсөн учраас байгаль орчны үнэлгээ дахиад хийнэ гэсэн юм яриад сууж байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр манай зүгээс иймэрхүү аар саархан асуудал тавьсаар өнөөг хүрсэн бололтой юм. Харин өнөөдөр Рио тинто гэрээнд зааснаар дотоодоос эрчим хүч авна гэдгээ ацаггүйгээр ойлгууллаа. Мэдээж манай Засгийн газрыг хараад бүтэхгүй. Тиймээс өөрсдөө станц барин. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол хөрөнгө оруулалтад манай Засгийн газар оролцохгүй. Хууль эрх зүйн орчинг л бүрдүүлж өгөх бололтой юм. Хэрэв сайд маань хэлсэндээ хүрч чадвал Таван толгойн цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно. Жаахан оройтсон ч энэ үйлдвэр төр, өмнөд бүс, Рио тинтод багагүй ашиг өгнө. Хэрэв бид усны асуудлыг шийдэж чадах технологи оруулж ирвэл Азийн эрчим хүчний супер сүлжээнээс ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр өмнөд хөрш маань нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаа. Тэд агаарын бохирдлын эсрэг “Парисийн COP 21” гэрээнд нэгдсэн. Энэ нь цаашид нүүрсний хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн гэсэн үг аж. Монголчууд ирээдүйд хятадуудад коксжсон нүүрс зарах боломжтой гэсэн таамаг бий. Харин хятадуудын цахилгааны хэрэглээ жил тутам хоёр хувиар өсөх судалгаа бий. Энэ нь бидэнд нүүрсээ цахилгаанд хувиргаж, маш их хэмжээгээр зарах боломж үүсгэнэ гэж хэдэн жилийн өмнө нэгэн Японы эдийн засагч ярьж байсан. Асар өндөр өртгөөр төмөр зам барих нь ч сайн шийдвэр биш тухай оросууд ярьдаг. Өнөөдөр захын нэг хятад дуртай үедээ манай нүүрсний экспортыг зогсоодог болсон. Ойрын хугацаанд бидэнд дэвжих боломж нүүрсний цахилгаан станцууд. Магадгүй хотын утааг шийдэх гарц ч нүүрсний цахилгаан станц байж болно гэнэ. Харин сэргээгдэх эрчим хүч гэх өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэсэн асуулт бий. Хэдийгээр хурдан баригдах боловч сэргээгдэх эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах боломж бага. Дээр цахилгааныг өндөр үнээр борлуулж байж зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл банкны өндөр хүүтэй зээл үг аж. Харин өнөөг хүртэл өндөр ашигтай нүүрсний цахилгаан станц баригдаагүй нь жил бүр урагшаа урсдаг 200 сая долларт л байгаа болов уу.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 14-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

08.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. Утас: 91919122

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сургалт болно. Утас: 99285651, 89477713

10.00 цагт ЭХЯ-нд 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЭХЗХ-ны дарга А. Тлейхан нар мэдээлэл хийнэ. Утас: 99115624

Categories
мэдээ цаг-үе

Монголын Хүүхдийн ордны багш С.Ганчимэг: “Нарны хаан хүүхдүүд” дууны хоорыг би тавьсан

Монголын хүүхдийн ордны багш, гавьяат багш С.Ганчимэгтэй ярилцлаа.


-Шинэ оны босгон дээр гавьяат багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Урлагийн салбарт хэдэн жил хөдөлмөрлөж энэхүү цолыг хүртсэн бол?

-Монголын урлагийн салбарт 30 жил хөдөлмөрлөсөн гавьяаг минь төр засаг үнэлж гавьяат багш цол хүртээлээ. 1991 онд жаахан охин сургуулиа төгсөөд Монголын Хүүхдийн одонд багшаар ажилд орж байлаа. Анх ажилд ороод л бэлтгэж байсан шавь нар маань өнөөдөр мундаг дуучид болсон байна.

-Гавьяат болсон мэдээгээ хэдийд сонсов. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд сэтгэл их хөдөлсөн байх?

-Өнгөрсөн сарын 28-нд ажил дээрээ сууж байхад Тамгын газраас над руу утасдаж мэдэгдсэн. Гавьяат багш гэдэг эрхэм хүндтэй шагнал учраас итгэж өгөөгүй шүү. Тэгээд хурдхан шиг хувцсаа бэлтгээд л Төрийн ордон орсон. Надтай хамт ажилладаг Энхтуяа гэж эмэгтэй мөн гавьяат багш цолоор шагнуулсан. Нэг байгууллагаас хоёр гавьяат төрнө гэдэг бахархалтай хэрэг шүү. Энэ онд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн баяр тохиож байгаа. Энэхүү шагналтай хамт ажлын минь хамт олны хичээл зүтгэл яригдах болно. Цэнгэлмаа гэж дайчин бүсгүй энэ байгууллагыг удирдаж өдий зэрэгтэй авч явж байгаа.

-Таныг олон түмэн “Монголын хүүхдийн ордон”-ны Ганчимэг нэрээр мэднэ. Энэ их айлын босгоор хэрхэн алхаж байв?

-Жаахан охин сургуулиа төгсөөд Монголын хүүхдийн ордонд ирэхэд тухайн үеийн захирал Ганбат, Түвшинтөгс нар шалгаж найрал дууны багшаар ажилд авч байлаа. Ажилд орсон хойноо дуулаачийн дугуйлан нээж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллуулж байна.

-Монголын рок поп, эстрадын олон одод таны дугуйлангаар дамжиж урлагт хөл тавьсан байдаг?

-Ууган шавь нарын маань нэг Энхээгийн Оюумаа миний өмнөх өдөр “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Шавийгаа өндөр шагнал хүртэхэд дотроо баярлаж л байлаа. Эд нар минь миний бахархал минь юм даа. “Люмино” хамтлагийн дуучин Баажий, “Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай зэрэг одоогийн мундаг уран бүтээлчид миний анхны шавь нар. “Номин талст”-ын Хаянхярваа, Мөнхбаяр, П.Жимсээ, Ганзориг, Э.Болор-Уянга, Хулан, Эгшиглэн, А.Хишигдалай, Номинжин гэх мэт олон дуучид дугуйланд минь суралцаж урлагт хөл тавьсан байдаг. Нийтийн дуу, эстрад, хип хоп гээд урлагийн төрөл бүрийн салбарт шавь нар маань олонд хүндлэгдэж уран бүтээлээ туурвиад явж байгаа. Дан ганц урлагийн салбарт биш, тус тусын бизнесээ эрхлээд амжилттай явж буй шавь нар олон байдаг. Эд маань миний гараас гараад явчихсан ч өдөр бүр холбоотой байж ажилд минь тус дэм болдог юм.

-Хүүхэдтэй ажиллахын гоё сайхан юунд байдаг бол?

-Хүүхэд гэдэг цайлган цагаан сайхан энергитэй байдаг. Хүүхдүүдээ хараад л ажиллах эрч хүчээ авдаг. Эднийхээ дунд ороод явж байхад ядрахаа ч мартчихдаг юм. Хаана ч явсан Хүүхдийн ордон руугаа яарна шүү дээ.

-Хүүхэдтэй ажиллана гэдэг өөрөө өндөр хариуцлага дагуулдаг байх. Дуулах өнгийг нь зөв олж өгөхөөс авахуулаад ажил их биз?

-Тийм шүү. Сайн дуучин болох суурийг нь тавьж өгдөг учраас миний мэргэжил хариуцлагатай. Өнгөгүй хоолойтой хүүхдийг дуучин болгоно гээд л эцэг эхчүүд хөтлөөд ороод ирнэ. Манайхан “Гэр бүлээрээ солгой хоолойтой яах вэ” гэдэг юм. Солгой хоолойтой хүүхэд гэж байхгүй, сонсгол нь хөгжөөгүй байгаа гээд л бэлдээд хоолойг нь засах ажилдаа орно. Эцэг эхчүүд авьяастай хүүхдэдээ чихэвчний хөгжим сонсгоод хоолойг нь эвдээд байгаа тал ажиглагддаг. Хүүхэд өөрийгөө сонсож дуулах хэрэгтэй. Мөн хүүхдэд насанд нь тохирсон дуу сонсгож сургах нь чухал. Янз бүрийн сэдэвтэй дуу сонсгоод хүүхдийн сэтгэхүйг эвдээд байна. Зөв хүн болж төлөвшихөд ч энэ чухал нөлөөтэй.

-Таны заах арга барилын онцлог?

-Хүүхдийг ноттой холбож хөгжмийг ойлгуулдаг. Ажиллах хугацаандаа олон хоолойн дасгалыг зохиосон. Янз бүрийн л хоолойтой хүүхэд дуучин болно гээд ирдэг. Жишээ нь, ямар ч өнгөгүй Т.Алунгоо гэж хүүхдийг ээж аав нь хөтлөөд дуучин болгоно гээд ирж байлаа. Өнөөх өнгөгүй, хүчтэй хоолтой охин маань өнөөдөр БНСУ-д дуулаачийн мэргэжлээр суралцаад явж байна. Өдөр бүр шахуу л надтай утсаар ярьдаг юм. Өнгөгүй байсан хоолойг засна гэдэг хүнд л дээ. Бид төгөлдөр хуур, гитар гэх хөгжмүүдийг түлхүүрээр хөглөдөг. Харин амьд бие махбодыг хоолойн дасгалаар засахад багшаас хичээл зүтгэл, хүүхдээс ухаан шаардана. Өнөөдөр мундаг дуучин болоод буй Т.Алунгоо гэж охиныг миний бүтээл гэж ойлгодог юм. Хүүхдийн авьяасыг нээж цааш нь хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал үр нөлөөтэй.

-Гараас гарч буй шавь нартаа юу захидаг вэ?

-Нийгэмд гараад чанартай уран бүтээл хий. Үүний тулд хөдөлмөрлө гэж захидаг. Хөдөлмөрлөж байж л уран бүтээлээ олонд хүргэнэ. Өөрийнхөө биеийг зовоо гэж хэлдэг юм.

-Та хөгжмийн зохиолч хүн. Яруу найрагчийн тухайд онгод орохоор шүлэг тэрлэнэ гэж ярьдаг. Хөгжмийн зохиолчийн тухайд?

-Эхлээд шүлгээ сайн уншиж ойлгоно. Дараа нь аяа хийдэг. Хааяа ажил дээрээ хүүхдүүдтэйгээ сууж байхад үггүй, нүцгэн ая гэнэт ороод ирэх үе бий. Онгод минь Ордон дээрээ л орно шүү дээ.

-Таны зохиосон дуу 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд дуулагдсан гэдэг билүү?

-Тийм. Тэр үеэр улсын баярын тоглолт давхцаад завгүй байсан учраас очиж үзэж чадаагүй. “Таван тансаг” хамтлагийн хүүхдүүд дуулсан юм.

-Шинэ жилээр та завгүй байдаг байх. Олон баярын арга хэмжээнд Монголын Хүүхдийн ордны сурагчид очоод дуулж байдаг шүү дээ?

-Жил бүр л харшийн сүлд модны наадам болдог. Оролцох хүүхдүүдийн найрал, гоцлол дууг би бэлтгэнэ. Зөвхөн наадамд зориулж жил бүр шахуу дуу зохионо. Төрийн өндөрлөгүүд ирж үздэг учраас хариуцлагатай хандана шүү дээ.

-Монголын Хүүхдийн ордны багш нар өсвөр насныханд ухаарал хайрлахаар хэд хэдэн жүжиг хийсэн байдаг. Энэ талаараа ярихгүй юу?

-Ордны Драмын дугуйлангийн багш Д.Саранхүү бид хоёр хамтраад “Амьдрал аварсан хайр” гэж жүжиг хийж байлаа. Би хөгжмийг нь бичсэн юм. Хүүхдүүд гэрээсээ зугтаж, гадуур амьдрах нь ихэсч байсан үед хийгдсэн энэхүү жүжгийг нь үзсэн хүүхдүүдэд ухаарал өгөхөөр сайн уран бүтээл болж чадсан гэж ойлгодог юм. Жүжгийн дууг нь Хаянаа дуулсан шүү дээ. Д.Саранхүү бид хоёр уран бүтээлийн ганзага их нийлнэ. Анх МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийн “Та нар бидэнтэй” хэмээх дууг хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн байх шүү.

-Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би хүүхдүүдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг Балдандорж гэж багшийн шавь. Өдий зэрэгтэй явааг минь багш дээрээс хараад баярладаг болов уу гэж боддог юм.

-Таныг цомгоо гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүүхдүүддээ зориулж бага, дунд, ахлах гэсэн ангиллаар цомгоо хэвлүүлэхээр зэхэж байгаа. Анх “Шидэт цэцэг” нэртэй 17 дуу бүхий цомгоо 2003 онд гаргаж байлаа. Тухайн үеийн нийгэм хүүхдийн дуугаар цангачихсан, хүүхдийн дуу бараг байхгүй байсан учраас эрэлттэй байсан. “Таван хуруу” хамтлагийн ”Миний эх орон”, “Флаш” хамтлагийн ”Хүүгийн бодол” зэрэг дуунуудаа яг тэр үед зохиож байлаа шүү дээ.

-Тэр жил бие даасан тоглолтоо хийж байсан бил үү?

-Анхны цомгоо гаргасан жилээ “Миний хөгжмийн ертөнц” нэртэй тоглолтоо “UB Place”-д хийж байсан. Б.Сарантуяа, Т.Ариунаа гээд урлагийн одод бүгд ирж дуулсан. “Нарны хаан хүүхдүүд”-ийн хоорыг би тавьж байсан.