Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна.

  1. Баянгол дүүрэг 46.2 хувь
  2. Баянзүрх дүүрэг 53.3 хувь
  3. Сонгинохайрхан дүүрэг 51.2 хувь
  4. Чингэлтэй дүүрэг 61.1 хувь
  5. Сүхбаатар дүүрэг 56.3 хувь
  6. Хан-Уул дүүрэг 60.1 хувь
  7. Налайх дүүрэг 54.1 хувь
  8. Багануур дүүрэг 64 хувь
  9. Багахангай дүүрэг 66.1 хувь
Бүртгэлийг ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах юм. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 53 хувийн явцтай байна. Энэ сарын 21-нийн өдөр хүртэл дахин долоо хоногийн хугацаа үлдэж байгаа тул иргэний үүргээ биелүүлж цэргийн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг нийслэлийн Цэргийн штабаас уриалж байна. Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол 1 сая төгрөгөөр торгох заалттай” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Хоёр талаас гарсан ажлын хэсэг тэр, энэ их хурлын дарга болно гэдэг асуудлыг яриагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Гадаад харилцааны сайд Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарын томилгоог буцаах нь зүйтэй гэж оруулж ирснийг бүлэг дэмжсэн байна.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцож, энэ долоо хоногт багтааж батлах нь зүйтэй гэж бүлэг үзжээ.

Үүний дараа тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ. Бүлэг дээр энэ талаар яригдсан уу?

-УИХ-ын даргын асуудлыг ярих болоогүй. Эхлээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батална. Дараа нь тодорхой гишүүд асуудлыг өргөн барина. Ингээд хуулийн төслийг хэлэлцэнэ. Хоёр талаас гарсан ажлын хэсэг тэр, энэ их хурлын дарга болно гэдэг асуудлыг яриагүй. УИХ өнөөдрөөс эхэлж гацахгүй гэж та нар ойлгож болно. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Ирэх баасан гаригийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд явна.

-Зам тээвэр хөгжлийн болон БСШУС-ын сайдад ямар хүмүүсийн нэр яригдаж байна вэ?

-Энэ талаар огт яригдаагүй. Албан тушаалын тохиролцоо яригдаагүй гэж би түрүүнд хэлсэн. Хоёр талаас ажлын хэсэг гарч, хурлаа яаж гацаагүй явуулах вэ гэдэг дээр ярилцсан. Засгийн газрын сайдууд улс төрийн албан тушаалтан. Тиймээс намын Удирдах зөвлөл дээр ярилцаад УИХ дахь бүлэг дээр оруулж ирдэг. Энэ дагуу явах байх.

-Элчин сайдуудын тухайд?

Элчин сайдуудын хувьд Гадаад харилцааны яамнаас оруулж ирэх байх. Гол нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой шүү дээ.

Сар гаруйн хугацаанд УИХ гацсан. Үүнтэй холбоотой хүмүүс хэвлэлээр янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Ойлголцохын тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Бүлгийн хурал дээр ойлголцох, ойлголцохгүй асуудал ч байна. Тиймээс ойлголцлыг нэгтгэх асуудал бол бий.

Categories
мэдээ улс-төр

“МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” жагсаал долоо хоног хойшилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ сарын 17-нд орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал 7 хоног хойшилжээ.

Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар санхүүжилт босгох тухай “60 тэрбумын хэрэг”-т нэр холбогдсоны төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг өнгөрсөн сарын 27, энэ сарын 10-нд зохион байгуулсан. Энэхүү тэмцэл үр дүнгээ өгч, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахаар болсныг Т.Аюурсайхан гишүүн хэллээ.

Тэрбээр, “Энэ сарын 10-нд болсон жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хуралдаж, тус хуулийг батлах чиглэлийг УИХ-д хүргүүлсэн. ҮАБЗ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага холбогдох шийдвэр гарган, зохих журмаар хэрэгжүүлнэ” гэж тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан дээрх хоёр хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх юм” гэлээ.

Хуулийг баталсны дараа нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв уг тогтоолыг нэн даруй батлахгүй бол дараагийн жагсаалыг энэ сарын 24-нд зохион байгуулна гэдгийг Ж.Батзандан гишүүн онцлов. Мөн иргэний нийгмийн байгууллагууд дараагийн жагсаалыг Их тэнгэрийн аманд зохион байгуулах санал ирүүлснийг цохон тэмдэглэсэн юм.

Мөн дээрх гишүүдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсны дараа концесс, ЖДҮХС-гийн зээл зэрэг томоохон хэргүүдийг хуулийн дагуу шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлгээр “The Voice Of Mongolia” шалгарав

“Монгол HD” телевиз анх удаагаа Азийн телевизийн наадамд уран бүтээлээрээ дөрвөн номинацид нэв дэвшүүлэн өрсөлджээ. Тодруулбал “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацид “The Voice Of Mongolia”, “Шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг” төрөлд “Төрөх өрөөний тоглоом”, “Шилдэг реалити шоу” төрөлд “Шарк Танк”, “Шилдэг нутагшуулсан контент” төрөлд “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг тус тус нэр дэвшив. Уг наадмаас “Монгол” телевиз хоёр номинацийн шилдэгт шалгарсан бөгөөд “Шилдэг энтертайнмент” нэвтрүүлгийн төрөлд “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг Тайван болон Индонез, Хонконгийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдэг энтертаймент нэвтрүүлгээр шалгарчээ. Мөн “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг “Азийн шилдэг нутагшуулсан контент”-оор Энэтхэг болон Тайланд улсын шилдгүүдтэй өрсөлдөн, шилдгээр шалгарсан байна. Шагналаа гардан авсны дараагаар “Монгол HD” телевизийн стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ “Хамт олноороо бахархаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бүх үзэгч нартаа баярлалаа. Бид энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна” гэв. Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын “PWC” агентлаг хяналт тавьдаг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Монголд 100 хүрсэн настай 100 гаруй ахмадууд байдаг юм байна. Тэд гэр хороололд нэн ядуу өрхийн тоонд орж амьдардаг. Би тэдгээр иргэдэд орон сууц олгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Мөн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд Л.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлж байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны санаачилгаар тэтгэвэрийн зээлийг 70 хувиар олгож бай, 30 хувийг үлдээж бай гэсэн чиглэл өгсөн юм байна. Энэ нь цагаан сар болох гэж байхад асар хүнд дарамт болж байна. Санхүүгийн дарамттай нөхцөлд 100 хувь тэтгэвэрийг олгодог байгаач. Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад өгсөн ипотекийн зээлийн хүүг буулгах, банкны хүүг буулгах тодорхой саналуудынхаа хариуг нэхэж явна.

ЖДҮ болон М.Энхболдтой холбоотой асуудалд намайг улаам цайм гүтгэж байгаа нөхдөд хариуцлагатай хэлье хэлсэн үгэндээ эзэн байна шүү. Надаар оролдож болохгүй. Би ганцаараа байгаа ч өөрчлөлтийг хийхийн төлөө явна. Би зөвхөн баримттай ярьдаг. М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна. Хуучин МАНАН шинэ МАНАН-тайгаа зодолдож байгаа зодооны алинд нь ч би орохгүй” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Game of Thrones”-ын наймдугаар бүлэг цацагдах тов тодорлоо

Энэ онд “Хаан ширээний тоглоом” цуврал хамгийн сүүлийн буюу наймдугаар бүлгээ гаргана. 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд сүүлийн цуврал цацагдаж эхэлнэ гэдгийг HBO -ийн зүгээс албан ёсоор зарлалаа. Мөн шинэ улирлын анхны трейлэрийг олны хүртээл болгосон байна. Энэ цуврал бусад бүлэгтэй харьцуулбал бага буюу зургаан ангитай ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай байх юм. Мөн сүүлийн бүлгийг бүтээхэд хамгийн урт хугацаанд зураг авалт хийсэн аж.


Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээжээ

Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээсэн хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарчээ. Хэвлэлд гарсан мэдээллээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар нэгнийдээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнээ гэмтээсэн байна. Тэд хоорондоо хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон гэх мэдээлэл байна. Мөн хэргийг цагдаагийн удирдлагын зүгээс ихэд нууцалж буй гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​“Apple” компани цахилгаан оруулга бүхий даавуундаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргажээ

“Apple” компани цахилгаан оруулга бүхий даавуундаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргажээ. Энэхүү технологийг хувцас үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй байна гэж “Apple Insider” сонин мэдээлсэн байна.

Энэ сарын 10-нд гаргасан уг хүсэлтэд дурдсанаар, энэхүү материал нь тусгаарлагч болон дамжуулагч утаснуудаас бүрджээ. Тусгаарлагч утаснууд нь хүний арьсыг дамжуулагч ширхгүүдтэй холбоо үүсгэхээс хамгаалах бол дамжуулагч утаснууд нь цахилгаан дохиог түгээх аж.

Ийм давуугаар хийсэн хувцас нь тухайн хүний талаарх мэдээллийг цуглуулах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү технологийн тусламжтайгаар дуу сонсох боломжтой, чихэвчтэй малгай бүтээж болох аж.

“Apple” компани долоо хоног тутамд зохиогчийн эрх авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд алсдаа технологиудаа өөрийн бүтээгдэхүүнүүддээ ашиглана гэсэн баталгаа байхгүй юм гэж “Apple Insider” сонин онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аваргууд тивийн аваргад өрсөлдөнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчид өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаа гардлаа.

Уг шагналыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа шатарчдад гардуулан баяр хүргэсэн юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн ЧД-ийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарсан юм.

Харин эмэгтэй төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн БЗД-ийн оролцогч Ө.Уянга 7.0 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцсон Г.Ариунбаяр (6.5 оноо) удаалж, Төв аймгийн Д.Баасанжаргал (6.0 оноо) гуравдугаар байрт шалгарсан. Шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр (5.0 оноо), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд (5.5 оноо) тус тус тодорсон юм.

Мөн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангажээ. Тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон байна.

Categories
мэдээ спорт

Мөсөн сурын харвааны УАШТ болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна.

Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн тав дах жилдээ болно.

Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 120 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 8 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана.

Тэмцээний бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa /фэйсбүүк/ хаягаар явагдана.

“Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.