Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх саруудад инфляц найман хувиас давахаар байна гэв

Төв банк өнгөрсөн сарын Инфляцын тайлангаа гаргажээ. Монголбанк инфляцыг 2018-2020 онд найман орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан. Инфляц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.3 хувь байсан. Тэдний тайлбарласнаар нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци сүүлийн саруудад нэмэгдсэн. Тайлант улиралд хүнс болон төрийн зохицуулалттай барааны үнэ төсөөллөөс бага байжээ. Эрэлтийн шалтгаантай инфляц алгуур нэмэгдэж байгаа боловч нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт сүүлийн саруудад огцом нэмэгдлээ. Тухайлбал арваннэгдүгээр сарын инфляц 2.25 хувь болж огцом нэмэгдэхэд мах, шатахуун, хатуу түлш гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт голлох нөлөөг үзүүлэв. Ирэх саруудад мах, хатуу түлш, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор 8 хувиас давахаар байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд оролцогчдыг энэ сарын 17-нд бүртгэнэ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагдахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилохоор хуульчилсан юм. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан. Журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг 2019 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгэх аж. Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, 45 нас хүрсэн төрийн албан хаагч нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрх нээлттэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ

Сангийн яамнаас 2018 оны улсын төсвийн гүйцэтгэл, 2019 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийлээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Та бүхэнд 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн мэдээлэл хийж байна. Түүхэндээ анх удаа нэгдсэн төсөв 10 их наяд төгрөгөөр давсан орлого бүрдлээ. Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Тэнцвэржүүлсэн орлого 9 их наядаар нэмэгдлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна. Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Үүнээс уул уурхайгаас 670 тэрбум, бусад нэмэгдсэн орлого 1 их наяд төгрөг. Уул уурхайн баялаг нэмэгдсэн орлого 30 хувьтай, бусад нь эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, харьцаа, цаашдаа авах бодлого зөв эсэхийг үндэслэн өгсөн үнэлгээ бол зээлжих зэрэглэл байдаг. Өнгөрсөн 2018 онд зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгжүүдийн гадаад харилцаанд нөлөөлсөн. Төсвийн сахилга бат мөн үүнд хамааралтай. Сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг байнга тодотгож ирсэн. Төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь төрийн зардал хийнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын төсөв тодотгохгүй гэдэг зарчмаа барьж ирсэн. Энэ нь улсын төсвийн орлого, зардлаа зөв тооцож, барьж ирэх хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголтыг энэ жил 120 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжил явж байна гэсэн үг. 2018 онд Засгийн газар дотоод, гадаадад нэг ч бонд гаргаагүй. Бонд, үнэт цаас гаргаагүй учраас бид Засгийн газрын зээлийн төлбөр дээр 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийж чадсан. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Яагаад гэвэл тендэрүүд нь оройтсон. Улсын нэгдсэн төсвийг өмнө нь УИХ-д өргөн барьсан. Өрийн хувьд ирэх жил төсөвт хүндрэл учруулахгүй. Нийт Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. ДНБ-ний 60.9 хувь буюу 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурч байна. Ингэснээр ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно” хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Валютын ханшийг цаашид хэрхэн барих вэ?

-Валютын ханшны хөдөлгөөнийг Монголбанк илүү барих хэрэгтэй. Сангийн яамны хувьд гадаад болон дотоодын өрийн асуудлыг зохицуулахад валютын ханшийг цаашдаа барихад нөлөөлнө. Экспортын тухайд хяналтыг сайн барих хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэгдүүлэх замаар валютын ханшид нөлөөлнө. Экспортод аль болох олон бүтээгдэхүүн гаргах юм. Энэ чиглэлд Засгийн газар бодлогоо бариад явах хэрэгтэй.

-Ирэх жилүүдэд бондын өрийг хэрхэн төлөх вэ?

-2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх учиртай. Энэ нь хүндрэлтэй асуудал. Тиймээс төлбөрийг бууруулах асуудлаар Сангийн яам ажилллаж байна. Үр дүнг нь гарахаар эргэж мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаярын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох 21 ишлэл.

  • Хамгийн анх санал зөрөлдөж, ажлаа өг гэдэг яриа болсон нь Эрдэнэтийн 49 хувийн шүүх хуралтай холбоотой. Би Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын захирамжаар томилогдон шүүх хуралд хариуцагчаар оролцож байсан хүн шүү дээ.Тэр шүүх хуралд намайг Ц.Нямдорж сайд “битгий оч” гэдэг байсан юм.
  • Нямдорж сайд өөрөө намайг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулъя гэж санал гаргасан байсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард маргаан үүсгэн явж байгаад зургадугаар сард болсон. Аль болох хугацаа хожих чиглэл Засгаас явж байсан. Би анхан шатны хурал гэхэд гурван сарын хугацаанд “барьсан” гэсэн үг.
  • Анхан шатанд намайг аль 12 жилийн өмнө яаманд ажиллаж байх үед цуг ажиллаж байсан гээд шүүгчийг нь болиулаад яг тэр 49-тэй холбоотой асуудал дээр Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүнийг шүүгчээр оролцуулсан.
  • Ингээд шүүх дээр анх ялагдсан чинь Ц.Нямдорж сайд “Чи очсоноос болж ялагдлаа. Тиймээс чи өөрөө өргөдлөө өг. Яв” гэсэн. Шахалт гэх юм уу, тэр үеэс эхлэлтэй.
  • “Чи энэ С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна. Чиний талаар ингэж маш ноцтой яригдаж байна” гэдэг юм байна.
  • Уучлаарай, хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Тэгж ярих юм бол Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан.
  • Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ. Хуулиар засагласан шударга ёс л гэж бий. Энэ бол Үндсэн хуульт ёс. Энэ бол ардчилал. Энэ бол эрх зүйт нийгэм.
  • Төрийн ба орон нутгийн өмчийн багц гээд арав гаруй хуулийн төслийг яамныхаа болон салбарынхаа шилдэг судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Бүгдийг нь боловсруулж сайдынхаа ширээн дээр бэлэн болгож тавьсан. Сайдын ширээнээс цаашаа л явахгүй байгаа болохоос. Өөрөө ч хууль явуулдаггүй, өрөөлийг ч явуулдаггүй. Болж байна ч гэдэггүй, болохгүй байна ч гэдэггүй.
  • Зарим буруу бодож байгаа зүйлээ хүмүүсийн санал шүүмжлэлийн үр дүнд мэдэж, бага дээр нь засч ч байсан. Тэр бол ажлаас явуулах үндэслэл биш л дээ.Ц.Нямдорж сайд өөрөө надад “Чиний жиргээ хүнд их сайн хүрэх юм аа. Чи ингээд жиргэчих. Би хараад байж байя” гэж байсан л хүн шүү дээ.
  • 2016 оны наймдугаар сард томилогдчихоод би ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгөгдсөн. Асуудлын үндсэн шалтгаан тэндээс эхтэй гэж бодож байна.
  • Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд приус машин авч өгөх хэмжээний мөнгө. Тэгэхээр их мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа
  • Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм. Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг. Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх.
  • Тэр үед шалгалтын зөрчил дутагдалд орсон нөлөө бүхий нэг хүн шалгалтын дүнгийн дараа надтай Төрийн ордонд таараад хэлж байсан юм. “Чамайг намынхнаар чинь дамжуулж үгүй хийнэ ээ” гэж. Нэг ёсондоо танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна аа гэж хэлсэн. Тэр хэлсэн нь явсаар байгаад бодит болж байна.
  • 2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадаг компанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан.
  • “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй” гэсэн.
  • Хамгийн сүүлд ажлаа өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө 49 хувьтай холбоотой 35 км төмөр замын концессын хэрэг дээр шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ороод ялсан байсан. Шийдвэрийг нь гардаж аваагүй байсан. Одоо албажаад гараа биз.Нөгөө 49-ийнхний өөрийнхөө орд газар луу тавьсан, цэвэр өөрийн бизнесийн төмөр замаа улсад шахаад, улсаас мөнгийг нь авчихсан хэрэг. Энэ ч бас намайг ажлаас шахахад нөлөөлсөн биз.
  • Надад хүртэл хавтаст хэрэг нээж зөндөө дарамталж л байсан. Тэр байтугай одоо энэ шударга бусын хонгилыг нураая гэж ярьж буй хүний гар хөл надад “Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн шүү. Аятайхан байгаарай. Яавал ч яана шүү” гэж ч дарамталж байсан.
  • Би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргасан дэд сайд нарыг чинь нууц санал хураалтаар өрсөлдөөнөөр томилсон шүү дээ. Өрсөлдөх хүмүүс хүсэлтээ гаргаад. Дэд сайдууддаа айхавтар шалгуур тавьсан.
  • Үндсэн хуулиас давсан байдлаар хуулиар зохицуулагдсан асуудлыг намаас тогтоол гаргавал Үндсэн хууль зөрчсөн гэдгээр улс төрийн нам татан буугдах улс төр болон хуулийн үр дагавартай байдаг юм аа.
  • М.Энхболд, У.Хүрэлсхүх хоёр. Зуун жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын хана хэрэм болж ирсэн нам тарах ёстой юм уу. Улс төрийн нам, улс эх орны хажууд энэ хоёр чинь зүгээр л хувь хүмүүс.
  • Нобелийн шагналт Эрнандо де Сато Монголд тэр үед ирэхдээ ганц юм хэлж байсан. Танай Улаанбаатар хотын гэр хорооллын газар гэдэг чинь Оюу толгойгоос дутахгүй баялаг. Та нар энийгээ эргэлтэнд оруулж, энэ хүмүүсээ хөрөнгөтэй болгож, орон сууцтай болгож хөгжүүлье гэж байгаа бол бүртгэлийнхээ үнэн зөв, нэгдмэл байдлыг ханга, бүртгэлийн системээ төгөлдөржүүл гэж.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дундговь аймгийн Сайншанд суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо. Уг өвчинтэй холбогдуулан гарал үүсэл нь тодорхойгүй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглов. Мөн иргэдэд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Арабын ханхүүгээс сэтгүүлч Жамаль Хашоггийн үхлийн талаар тодруулга авна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тун удахгүй Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийх аж. Сайд өдгөө Катарын Доха хотноо айлчилж, албаныхантай уулзаж байна. Тэгвэл сайд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салмантай уулзахаар тохиролцсон ба уг уулзалтын үеэр ханхүүгээс учир битүүлэг байдлаар амиа алдаад буй сэтгүүлч Жамаль Хашоггийн талаар лавлаж, тодруулага авахаар болсон гэж мэдэгджээ. Тэрбээр Катарын Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд ийнхүү мэдэгдсэн аж. Америкийн өдөр тутмын “Вашингтон Пост” сонины сэтгүүлч, тоймч Жамаль Хашогги өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм. Уг үйл явдлаас хоёр долоо хоногийн дараа Сайдын Арабын эрх баригчид сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан гэж мэдэгджээ. Олон улс уг хэргийг ханхүүг захиалсан хэмээн буруутгаж, “алуурчин” хэмээн тодотгож буй юм. Хэрвээ ханхүү уг хэрэгтэй холбоотой, гол захиалагч нь тодорхой болбол угсаа залгамжлах статусаа алдаж, хаан ширээнд залрах боломжгүй болно. Тус улсын прокурорууд сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан хэргээ хүлээсэн 11 этгээдэд цаазын ял оноохоор төлөвлөжээ. Харин Туркийн тал “сэтгүүлч эр манай улсад амиа алдсан хэрэгтнүүдийг бидэнд хүлээлгэн өг” гэх байр суурьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Шатдаг хийн баллонт төхөөрөмж ашиглалтанд хяналт тавина

НОБГ, Нийслэлийн Прокурорын газар, МХЕГ-аас шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж ашиглалтыг хянах төлөвлөгөөт бус шалгалт өнөөдөр эхэллээ. Шалгалтаар нийслэлийн 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхарт үйчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина. Мөн иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүссэн зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Хяналт шалгалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гаригт болно

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох 37 тэрбум төгрөгийн асуудлыг шүүхээр шийдэхээр болсон билээ. Тодруулбал, оны өмнө Э.Бат-Үүл нарын хэргийг шүүхэд шилжээд байсан бол энэ баасан гарагт урьдчилсан хэлэлцүүлэгийг хийхээр товлосон байгаа юм. Сэжигтнээр Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, Б.Чулуудай, А.Гантулга, Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарыг татаж, шүүх юм байна. Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

С.Баатаржав: “Онцгой обьектыг хамгаалах тухай хууль”-ийг батлах ёстой

ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй өнгөрсөн баасан гарагт уулзав. Энэ үеэр Онцгой обьектыг хамгаалах тухай хуультай болох зайлшгүй шаардлага байгааг хөндөн ярилцсан байна.

Тэрбээр, “Дотоодын цэргийн анги байгууллагынхан ихээхэн ачаалалтай, хариуцлагатай ажилладаг. Ард иргэдийн амгалан тайван байдлыг сахиулахаар онцгой обьектыг хамгаалдаг. Энэхүү уулзалтад хэлсэн санал, санаачлагыг бодит ажил болгохоор ажиллана. Тэр дундаа “Онцгой обьектыг хамгаалах тухай хууль”-ийг батлах ёстой гэсэн чухал санаачлагын хүрээнд ажлын хэсэг байгуулж, судлах ажлыг эхлэнэ. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой” хэмээн онцлов.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, “Өнгөрсөн онд дотоодын цэргийн штаб, анги байгууллагуудаас хуулийг дээдлэх, хүний эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлан улсын онцгой обьектыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргүүдийг зохих түвшинд хэрэгжүүлж ажиллалаа. Цаашид ч энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө бие бүрэлдэхүүн хичээн ажиллах болно” гэв.

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сард баталсан Дотоодын цэргийн тухай хуулийг мөн оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд Засгийн газраас дээрх хуулийн таван тогтоолыг баталсан. Харин Дотоодын цэргийн штабаас долоон журмын төсөл боловсруулан холбогдох байгууллагуудаар батлуулж алба хаагчдынхаа эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Мөн штаб, анги, тусгай салааны алба ажиллагааны чиглэлээр 70 орчим журам, заавар боловсруулж, дотоодын цэргийн командлагч, штабын даргаар батлуулан ажиллаж байна.

Уулзалтын үеэр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дараах алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

“Цагдаагийн гавьяа” тэмдгээр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Ж.Эрдэнэбат, ахлах ахлагч Х.Төгсдэрэм нарыг, “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуул, ахлах, ахлагч Н.Баяраа, мөн ангийн үйлчлэгч Х.Хажидмаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч Д.Баямбадагва,

мөн ангийн харуул, ахлах ахлагч Ц.Батсүх, мөн ангийн үйлчлэгч Ө.Цэрэнжаргал нарыг, хугацааны өмнө “Хошууч” цолоор Дотоодын цэргийн тусгай салбарын их эмч, ахмад М.Ичинноров нарыг тус тус шагнаж урамшуулав.

Дотоодын цэргийн байгууллага нь Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээс гадна террорист үйлдлийг таслан зогсоох зэрэг тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Авлигын улмаас 663 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Өнгөрсөн 2018 онд авлигын гэмт хэргийн улмаас 663 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 17 тэрбум 470 сая 753 мянга 533 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.. Үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180 тэрбум 650 сая 89 мянга 526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.