Categories
мэдээ нийгэм

Гахайн мялзан өвчнөөс сэргийлье

Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санаачлан 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын байранд зохион явууллаа.

Зөвлөгөөнөөр 2019 онд дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон чиглэлийн хэлтсүүд дээрэмдэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, илрүүлэлтийн хувийг ахиулах санал санаачлага, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээний үеэр дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийн биеийн байцаалт, гэмт үйлдлийн арга, гэрэл зураг, онцлог содон шинж тэмдгийг агуулсан нэгдсэн цахим сан байгуулах, дээрэмдэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлэх талаар санал нэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалын хэргийн шүүх хурал баасан гаригт болно

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал баасан гаригт буюу энэ сарын 18-ны өдөр товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруутайг тогтоож, шүүх хурлын товыг гаргах юм. Одоогоор гэм буруутай нь тогтоогдсон Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны Төрийн захиргааны хөгжлийн газрын дэд дарга Сенгалун Нготлиушей тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Монгол Улсад төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт, төрийн бус байгууллагын бүртгэл, хяналтын үйл явц, хамтын ажиллагаа, ололт амжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдлэг, туршлага солилцохоор хүрэлцэн ирсэн Лаос Улсын зарим яамдын газрын дарга, мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагын төлөөлөл нарт эрүүл мэндийн салбарт төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар болон эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар гурав хоног амарна

Шороон гахай жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны мягмар гаригт тохиож буй. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Эдгээр өдөр нь хоёрдугаар сарын 5-7-ны мягмар, лхагва, пүрэв гарагт тохиож байна. Энэ өдрүүдэд хуулийн дагуу амарч, хоёрдугаар сарын 8-ний баасан гаригаас ажил эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: АН хувийн өмчид халдахыг болиулах чиг барихаар болж байна

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-АН үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хамаагүй амлах биш, баруун төвийн хандлагаа дагахаар болсон нь олзуурхмаар үйл явдал. Үнэнийг хэлэхэд голлох хоёр нам баруун, зүүнээрээ ялгарахаа болиод удаж байна. Ийм шалтгаанаар эдийн засагт халтай, буруу шийдвэрүүд олон гарсан шүү…?

– Хаашаа, яаж явахаа тодорхой болгоно гэдэг маш том алхам. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам баруун төвийн нам гэдгээ албан ёсоор тодорхойлон тунхаглаж байна. АНбаруун төвийн намуудын нэгдэл болох Олон улсын Ардчилсан холбооны гишүүн. Баруун төвийн намуудын тухайд хүний эрх чөлөөг нэгдүгээрт тавьдаг. Төр нь иргэнээ хамгаалдаг системтэй л бол бүтээлч санаа төрдөг, шинийг бодож сэтгэж чадсан хүмүүс санаагаа бизнес болгоод урагшлах нь жам гэж үздэг. Таны хэлсэн үнэн л дээ. Улс төрийн намуудынх нь чиг хандлага цэгцгүй, ойлгомжгүй болчихсон учраас эдийн засаг, нийгмийн хөгжилд янз бүрийн саад тулгараад байгааг ч үгүйсгэх аргагүй. Улс төрийн намуудын тухайд үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ илүү лидер дагасан ч юм шиг хандлага бий болсон. Зорилго нь тодорхойгүй, бүтэц нь ойлгомжгүй учраас аль нэг нам нь улс төрийн эрх мэдэлд хүрэхээрээ бодлогын алдаатай шийдвэрүүдийг олноор гаргадаг юм байна. Бизнес эрхэлдэг хүний хувьд хэлэхэд бизнест халдсан, боосон шийдвэр өнгөрсөн жилүүдэд их гарсан. Би АН-ын гишүүн. Тэр утгаараа намын үзэл баримтлалыг тодорхойлж шинэчлээд явъя гэдэг дээр санал, зорилго нэг байгаа. АНюуг эрхэмлэж яваагаа эргэж харах цаг нь болсон. АН-ын үзэл баримтлал таван үнэт зүйл, зарчим дээр тогтож байна. Нэгдүгээрт хүнээ, иргэнээ хамгаална. Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөөг онцгойлно. Хувь хүний эрх чөлөө ямар үед бүрэн хангагдах нь тодорхой. Өмчтэй байж л хангагдана. Эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол улс төрийн эрх чөлөөтэй болох нөхцөл нь бүрдэнэ. Улс төрийн эрх чөлөөтэй болвол шударга ёсны эрх чөлөө хангагдана. Тусгаар тогтнол, ард түмэн, улс эх орны эрх ашиг гэх мэт хэмжиж болдоггүй,ерөнхий, бөөрөнхий тунхагийн чанартай зүйлсээс холдож, амьдралд ойрхон, хөрсөн дээр буухаар ойлголтыг үзэл баримтлалаа болгож байна. Хөгжил улс орны эрх ашигаас биш хүнээс эхэлдэг. Хүн нь эдийн засгийн эрх чөлөөтэй, эдийн засаг нь өрсөлдөх чадвартай, улс төрийн эрх чөлөө нь хангагдаад, шударга шүүх тогтолцоо нь байвал үндэсний эрх ашиг бий болно. Иргэнээ, иргэнийхээ өмчийг хамгаалахгүй бол энэ бүхэн хангагдахгүй. АН-ын үзэл баримтлалыг мэдлэгтэй, зөв хүмүүс сууж шинжлэх ухаанчаар хандаж, олны оролцоотой боловсруулж баталсан нь их таалагдаж байгаа. Үзэл баримтлалаа боловсруулчихлаа. Жилийн турш гишүүдээрээ олон дахин хэлэлцүүлж, их хурлаараа баталсныг Улсын дээд шүүх баталгаажууллаа. Товчхондоо АНүзэл баримтлалаасаа одоо хазайх боломжгүй болж байна.

-АН баруун төвийн үзлээр явахаар болсноо өнөөдөр Блю скайд танилцуулна. Та эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангах талаар илтгэл тавина. Эдийн засгийн эрх чөлөөн дээр хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо гэсэн гурван үгийг онцолсон харагдсан. Уг нь хэрэгжүүлж чадвал эдийн засаг тэлэх асуудал биш. Энэ чигээр яг ямар бодлого барих талаар дэлгэрүүлж тайлбарлаач?

-Би бизнес эрхэлдэг хүн. Хоёрдугаарт, Монголын бизнесийн зөвлөлийн сонгуульт ажилтай. Бизнесийн орчныг сайжруулах нь миний гол зорилго, ажлын маань чиг. Таны асуусанчлан АН хувийн өмчтэй, өрсөлдөөнтэй зах зээлийг дэмжиж, төрийн бизнес дэх оролцоог хязгаарлах, хувийн өмчид халдахыг болиулах чиг барина. Хувийн өмч бол хүний эрх чөлөөний баталгаа. Татварын хувьд гэхэд л Монгол Улс байгаа хэдийгээ шүүсэлж татвар авах системтэй болчих гээд байна. Тэгвэл татварын тухайд АН-ын үзэл баримтлалд өөрөөр тусгасан. Тогоогоо аль болох томруулах чиг рүү нь хандъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгч компаниа дэмжсэн системийг бий болгох, мөн төлсөн татвараа юунд, яаж зарцуулж байгаагаа хянадаг болгох. Тийм шинэчлэлт хийвэл олон компани шинээр татвар төлдөг болно, мэдээж тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Бүр тодруулж хэлбэл ингэж байж нийгэмд зөв харилцаа үүснэ.

-АН, МАН ялгаагүй эдийн засагт халтай шийдвэрүүд гаргасаар ирсэн. АН үзэл баримтлалаа барууны гэж тодорхойлсон ч гэсэн засгийн эрхэнд гарангуутаа өмнөх алдаагаа давтаад явчихгүй гэх баталгаа бий юу?

-АН ч ялгаагүй, 2012 онд сонгуульд орохдоо бизнесээ л дэмжинэ гэсэн амлалтууд өгчихөөд засгийн эрхэнд гарсан хойноо бодлогын алдаатай цөөнгүй шийдвэр гаргасан. Шинэ үзэл баримтлалын тухайд дахиж тийм алдаа гаргахаас сэргийлэх юм. Тийм шийдвэр гаргах гээд байвал “Бидний үнэт зүйлс зарчмын эсрэг” гэж хардаг болно гэсэн үг. Системийн сэтгэлгээ гэж ярьдаг даа, системтэй болох гэж зорьж байгаагийн нэг тод илрэл гэж ойлгож болно.

-Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр маш муу үзүүлэлттэй гардаг байх аа?

-Тийм ээ, эдийн засгийн эрх чөлөөгөөрөө манай улс тун тааруу үзүүлэлттэй. Heritage foundation гэж байгууллагаас гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индексийг та хэлээд байх шиг байна. Манай улс 195 улсаас 55.7 оноогоор 125 дугаарт жагсч байна. Азийн 43 орноос 27-д нь жагсаж байгаа. “Ихэнхдээ эрх чөлөөгүй” гэдэг ангилалд багтдаг. Манай улсын өрсөлдөх чадвар хаана байна гэдгийн илрэл л дээ. 125 дугаар байрнаас яаж эхний 20 руу очих вэ гэдэгт чиглэж, зорьсон учраас АН-ын энэ бичиг баримт, үзэл баримтлал надад таалагдаж байгаа. Монгол Улс Үндсэн хуулиараа эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгосон орон. Хуулиар олгосон эрх мэдлээ хамгаалах шаардлага үүсчихсэн. Энэ эрхийг нь хамгаалахын тулд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн орчныг тунгалаг, ойлгомжтой байлгана, татварын орчныг тодорхой болгоно, татварын дарамт биш бизнесийг дэмжсэн орчныг бүрдүүлнэ, өмчтэй бол хамгаална, бизнестэй бол бизнес хийх боломжийг өсгөнө гэсэн чигийн АН барина. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр эдийн засгийн өрсөлдөх чадварыг судалдаг. Манай улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа сул гардаг. Хамгийн муу үзүүлэлтүүд нь эрчим хүч, тээвэр, усан хангамж буюу дэд бүтэц байх жишээний. Дандаа төр бизнест гүнзгий оролцдог салбарууд. Хамгийн сайн үзүүлэлттэй нь мэдээлэл, харилцаа холбоо. Манай сүлжээний чанар, интернэтийн хурд зарим газраа Нью Иоркоос илүү. Ямар учраас ийм өндөр үзүүлэлттэй гарсан гэж та бодож байна?

-Хувийн бизнесүүд өрсөлддөг болохоор уу?

-Ерөөсөө л тийм шалтгаантай. Өнөөдөр харилцаа, холбооны зах зээл дээр дөрвөн оператор өрсөлдөж байна. Үр дүнд нь хамгийн боломжийн үнэтэй, чанартай үйлчилгээг улсаараа авч байгаа. Дөрвөн оператор өрсөлдөхөөрөө шинэ бүтээгдэхүүн гаргаж байна, хэрэглэгчээ татахын тулд чанар, үнээр өрсөлддөг. Хамгийн гоё реклам гэхэд л үүрэн холбооны компаниудынх байдаг шүү дээ. Сүүл мушгидаг, өрсөлдөх чадвараас чангаадаг салбаруудаа өөд нь татах зарчмуудыг АН үзэл баримтлалдаа суулгаж өгсөн.

-Монгол Улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байж, цэгцтэй хандах ёстой. Бид маш том өрсөлдөөн дунд хөгжиж байгаа. 3.8 тэрбум хүнтэй том бүс нутагт 3.3-хан саяулаа өрсөлдөж байна. Монголын хувьд бүс нутагтаа маш жижигхэн орон. Гэтэл Япон, Хятад, Энэтхэг, Солонгос, ОХУ гээд дэлхийн хамгийн том эдийн засгууд манай бүсэд бий. Эдгээр улсууд бүгд л гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Тэгэхээр бид өмчийн эрхийг дээдлэхэд онцгой анхаарах ёстой. Ажил, амьдрал, бизнестээ хариуцлагатай, цэгцтэй хандах учиртай. Сүүлийн үед хэрэглээн дээр нэг юм анзаарагдаж байна. Найман нэрийн барааны дэлгүүрийг удахгүй шахаж гаргах юм шиг байна. Cirсle K, CU гэх мэт сүлжээнүүдэд залуус, өсвөр насныхан их үйлчлүүлж байна. Хичээлээ хийнгээ идэж уугаад тухалж суух боломжтой учраас тэр л дээ. Бүх юм нь стандарт болохоор зах зээл хүлээгээд авчихаж байна. Хэрэглэгчийн тухайд нэг сайн юмыг мэдэрсэн бол хэрэглээнийхээ түвшинг бууруулдаггүй. Монголчуудын хэрэглээ өнөөдөр 1990 оныхоос өөр болсон. Хэрэглээ төдийгөөс өдий хүртэл сайжирсаар ирсэн гэсэн үг.

Энэ мэт олон шалтгаан ерэн онд монголчууд зөв зам сонгосныг нотолдог. Монголын том компаниуд нэг хэсэг гадны захирлуудыг гэрээлж ажиллуулдаг байсан даа. Яагаад өндөр цалингаар гадаадын захирлуудыг авч ажиллуулсан нь цаанаа учиртай. Бизнесийн шилдэг стандартыг бий болгож байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй сүү, ундааны үйлдвэрүүд, ноолуурын том компаниуд, технологийн компаниуд хамгийн сайн стандартад өнөөдөр хүрсэн байдаг нь ийм учиртай. Компаниуд энэ мэтээр томроход эдийн засаг тэлж, дотоодоос санхүүжилт татах боломж багасч эхлэх нь ойлгомжтой. Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ үүсч таарна. Өөрөөр хэлбэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын бизнес, технологийн, инженер, гэрээний стандартыг мөрдөх учиртай. Наад зах нь компаниуд тайлан балансаа олон улсын стандартын дагуу хийх ёстой болдог. Өөр нэг анхаарах зүйл бол гэрээг шүтэх гэсэн ойлголт бий. Гэрээ байгуулсан л бол дагадаг байх нь чухал.

-Байгуулсан гэрээгээ мөрдөх тал дээр манайхан тогтворгүйдээ орно. Бизнест, өрсөлдөх чадварт том сөрөг нөлөө үзүүлэх хандлага гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Гэрээг шүтнэ гэдэг том соёл, чухал зарчим. Тодруулж хэлбэл өрсөлдөх чадвартай байхад нөлөөлдөг зарчим. Гэрээг талууд хамтарч юм бүтээхийн тулд эрсдэлээ хуваах гэж хийдэг. Хоёр тал тодорхой зорилгын төлөө эрсдэлээ хуваагаад эцсийн байдлаар тохироогоо хийж гэрээ хийдэг зарчим бизнест үйлчилдэг. Ажлын дундаасаа эргэж буцвал итгэх хүнгүй болох эрсдэл бий. Бизнес итгэл дээр л тогтдог. Хүнийг хуурсан сэтгэлгээ өнөөгийн дэлхийд явахгүй нь ойлгомжтой.

-Бидэнд анхаарах өөр ямар асуудал байна?

-Дэлхийн банкны харьцуулсан судалгаагаар бизнес эрхлэх талаар Монгол Улсын урд 61 орон жагсаж байна. Монголд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өндөр зардалтай гэсэн үг. Мэдээж зээлийн хүү өндөр гэх мэт санхүүжилтын өртөг их гэдгийг дээр дооргүй мэднэ. Нөгөө нь дэд бүтэц, тээвэр, эрчим хүч. Аливаа шинэ үйлдвэр барьж байгуулахад 30, 40 хувийн илүү зардал Монголд гараад байна. Ийм учраас бид бүс нутгийнхаа том эдийн засгуудтай өрсөлдөж чадахгүй байгаа. Засгийн газар үүнд анхаарах ёстой. Тооцоотой, ухаалаг бодлоготой байж л хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулалт татаж байж дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт өрнүүлнэ. Түрүүн харилцаа холбооны салбараар жишээлсэн дээ. Өрсөлдөөний орон зай гаргаж өгөөд, зохицуулалтаа зөв хийчихээр ямар ч салбар хөгждөг.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхий даяараа, АНУ, Хятад, Солонгос бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас мөнгө татахын тулд түрүүн хэлсэн шиг итгэлийг нь төрүүлэх ёстой. Дахиад хэлье. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд стандартыг нэвтрүүлж, чанд барих хэрэгтэй. Сайхан ярьдаг гээд мөнгөө өгдөг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Юуны түрүүнд бизнес нь дэлхийн стандартаар явж байгаа эсэхийг л харна. Хоёрдугаарт байгуулсан гэрээгээ хэр мөрддөгийг нь харна. Компаниуд өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийж сурч байна. Өөрөөс нь хамаарахгүй зүйл гэж байна. Тэр нь бизнесийн орчин. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байх нь Засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэр, татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байгаагаас хамаарна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт муу бол хамгийн сайн бизнес эрхэлж байсан ч унах эрсдэлтэй. Дэд бүтэц сайжрахгүй байгаа, санхүүжилтийн өртөг өндөр гээд бизнес эрхлэгчдээс шууд хамаарахгүй шийдлээ хүлээсэн олон асуудал манай улсад байна.

-Ингэхэд өмчийн эрхийг хамгаалах тал дээрээ бид яаж үнэлэгддэг юм бол?

-Өмчийн эрхийг хамгаалах үнэлгээ хийсэн судалгаагаар Монгол Улс 51 оноогоор “ихэвчлэн эрх чөлөөгүй” бүсэд хамаарагдсан. Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар гаргасан тайланд Монгол Улс 2018 онд 99 дүгээр байранд орж ухраад байгаа. Уг нь 2013 онд “Сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 93 дугаарт орлоо” гэж мэдээлж байсан юм. Онцолж хэлэхэд Үндсэн хуульд өмчийг хамгаалах тухай маш тодорхой заагаад өгчихсөн. Цаашлаад яривал эдийн засгийн загварыг Үндсэн хуульд нэлээд чамбай тусгачихсан шүү дээ.

-Манай улс эрчим хүч, шатахуунаараа бусдаас хараат гэсэн эмзэг талтай. Эрчим хүчээрээ бие даая гэхээр оросуудын эсэргүүцлээс болоод наад зах нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа ажлыг урагшлуулж чаддаггүй. Тэгэхээр эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар яриад ч ойрын хугацаанд үр дүнд хүрэхгүй юм биш үү?

-Монгол Улс ганцаараа хөгжихгүй нь ойлгомжтой. Бүс нутагтайгаа уялдаа, холбоотой байж эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Үүнийг АН үзэл баримтлалынхаа эдийн засгийн эрх чөлөө гэсэн хэсэгт маш тодорхой суулгаж өгсөн. Бүс нутгийн эдийн засагт идэвхтэй оролцогч болж байж эдийн засгийн аюулгүй байдал хангагдана. Таны асуусанд хариулахын өмнө нэг жижиг тайлбар хийе. Эрчим хүчний салбарт нэг уламжлалт ойлголт бий. Тухайн эдийн засаг хилээ хаагаад эрчим хүчний хэрэглээгээ бие дааж үйлдвэрлэж чадах уу гэдгээр нь бие даасан хараат бус байдлыг нь хэмждэг байсан юм. Тэр үнэлэмжээр бол Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдаагүй. Өнөөдөр хилээ хаачихвал тоггүй, шатахуунгүй болох нөхцөлд бид амьдарч байгаа. Гэхдээ үүнийг өөрчлөх гарц бий. Өөрөөсөө бусдыг хамааруулах чиглэлд ажиллах хэрэгтэй.

-Азийн супер сүлжээг хэлж байна уу?

-Яг тийм. Ажил амьдралынхаа сүүлийн арваад жилийг Азийн супер сүлжээнд зарж яваа минь цаанаа ийм шалтгаантай. Азийн супер сүлжээ ажил болбол хөрөнгө оруулалт татна, дэд бүтэц сайжирна, цаашлаад яривал шинэ үйлдвэрүүд баригдана. Энэ төслийг энгийнээр тайлбарлавал Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд Зүүн Хойд Азийн улсуудад, ярианы эхэнд дурдсанчлан энэ бүсийн том эдийн засагтай Япон, ОХУ, Хятад, Солонгост түгээх юм. Бүр тодруулж хэлбэл эдгээр улсууд эрчим хүчний хэрэглээгээрээ тодорхой хэмжээнд манай улсаас хамаарч эхэлнэ гэсэн үг. Бүс нутгийнхаа улсуудад хамгийн хэрэгтэй эрчим хүчийг нь эх орондоо үйлдвэрлээд түгээж эхэлбэл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдана.

-Та түрүүн эрчим хүчний салбар дахь уламжлалт ойлголт гэсэн утгатай үг унагалаа. Уламжлалт ойлголт гэхээр одоо шинэ хандлага гараад ирчихсэн гэсэн үг үү?

-XXI зуунд дэлхий даяар уламжлалт ойлголтууд эвдэгдээд байна л даа. Япон гэхэд л эрчим хүчнийхээ бодлогод өөрчлөлт орууллаа. Цахилгаан эрчим хүчнийхээ сүлжээг бусад улстай нэгтгэх нь илүү үр ашигтай байна гэсэн хандлагатай бодлого анх удаагаа гаргаж байх жишээтэй. Япон эрчим хүчний хувьд гаднаас 100 хувь хараат улс. Нефть, нүүрс, хийгүй. Бүгдийг нь гадаад улс орнуудаас авдаг. Тэр утгааараа эрчим хүч тэдний хувьд маш эмзэг салбар. Тийм учраас уламжлалт ойлголтууд өнөөдөр технологийн хөгжил дагаад өөрчлөгдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна

Томуу, томуу төст өвчин сүүлийн 14 хоногт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбар дээр ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлэх 165 ортой бөгөөд нэмэлтээр 85 ор дэлгэн 2019 оны нэгдүгээр сарын 14-ны 10 цагийн байдлаар 268 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар нэгдүгээр сарын 13-нд нийт 160 хүүхэд Томуу, томуу төст өвчнөөр хандснаас 38 нь хэвтэн эмчлүүлж, 122 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан. Нийт үзлэгийн 29% нь хэвтэж, 79% нь зөвлөгөө өгсөн, эрчимт эмчилгээнд 9 хүүхэд, коридорт 18 хүүхэд байна.

Ажлын өдөрт 13 их эмч, 14 сувилагч, оройн цагаар жижүүрт 3 эмч, 12 сувилагч тогтмол ажиллаж, амралтын өдрүүдээр 2 их эмч, нийт 5 эмч тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Томуу, томуу төст өвчний үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хангалттай бөгөөд Тамифлю эмийн нөөцийг нэмэх шаардлагатай байна. Хүний нөөцийн хувьд 10 сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай байна.

Сонгинохайрхан дүүргийн түргэн тусламжаар нэгдүгээр сарын 13-д нийт 73 хүүхдийн дуудлага ирсний 48 хувь нь томуу, томуу төст өвчин бөгөөд зургаан хүүхэд эмнэлэгт хэвтсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор нэгдүгээр сарын 13-ны Ням гаригт 63 хүүхэд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллаж нэгдүгээр сарын 12-ны Бямба гаригт 275 хүүхэд үзүүлсний 46 хувь нь томуу, томуу төст өвчин гэсэн оноштой, үүний 10 нь хэвтэх бичгээр нэгдсэн эмнэлэгт илгээгдсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшиллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөө өглөө 09.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо. Уг нь Байнгын хорооны хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Гацаа арилсан. Ойлголцолд хүрсэн учраас чуулган, Байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд ирц хүрсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

Ёсзүйн дэд хороо хуралдана

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 11.00 цагт хуралдах тов гарчээ. Шинэ оноос өмнө тус дэд хорооны хурал гурван удаа зарлагдсан ч ирц бүрдээгүй. Он гарсаар уг хороо ийн хоёр дахь удаагаа хуралдах гэж байна. Өмнө нь мөн л ирц хүрээгүй юм. Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилладаг. Тэрээр “Ирц хүрэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэх хариулт өмнө нь өгч байсан юм. Ирц бүрдээд хуралдвал ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн талаарх мэдээллийг сонсох аж.

Categories
мэдээ нийгэм

Дархан сумын зарим багт “Цахим Дархан-2” төсөл хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-тай хамтран “Цахим Дархан-2” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр Дархан сумын 4-9 дүгээр багийн буюу ихэвчлэн гэр хорооллын айл өрх, иргэдэд утасгүй интернэтийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэх аж.

Төслийн нийт өртөг 300 орчим сая төгрөг бөгөөд дээрх багуудын нутаг дэвсгэрт 500 метр газрын зайд WIFI буюу суурин интернетийн төхөөрөмжүүдийг байрлуулах юм. Энэхүү ажил одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа талаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн Дархан дахь салбарын ахлах инженер Э.Мөнхдэмбэрэл хэлж байна.

Цахим Дархан төслийн хүрээнд суурилуулж буй техник технологийн хувьд төвөөсөө ашиглалтыг хянах боломжтой, олон хүн нэгэн зэрэг ашиглавал автоматаар хурдаа нэмдэг ухаалаг системтэйгээрээ давуу гэдгийг “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Од мэдээллэв.

Дээрх багуудын нутаг дэвсгэрт гэр хорооллын айл өрх ихээр байрладаг бөгөөд иргэдийн зүгээс уг төсөлд ихээхэн талархалтай хандаж байна.