Сонгуулийн тухай хуульд “Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний мэдээллээр Цэц дээр маргаан үүсчээ. Уг маргааныг Үндсэн хуулийн Цэц энэ сарын 16-нд хэлэлцэх аж. Энэ маргааны талаар МУИС-ийн Хууль зүйн зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийн сонгуулийн санхүүжилтийн ил тод байдалтай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Цэцэд ханджээ. Тухайн иргэн Үндсэн хуулийн ямар заалт зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Энэ тухай ярихын өмнө 2010 оны Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ярихгүй бол болохгүй. 2005 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.3.6 буюу санал хураалт дууссанаас хойш нэг сарын дотор нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол СЕХ тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзана гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн заалтууд буюу сонгох, сонгогдох эрх, намын гишүүний хувьд нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэснийг зөрчлөө гэж Цэц 2010 оны нэгдүгээр сард шийдсэн байдаг. Гэхдээ Цэц яагаад ингэж шийдэх болсон үндэслэлээ дурдаагүй орхисон. Тухайн үеийн УИХ-ыг төлөөлж байсан гишүүдийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн тус заалт сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй, харин ч түүний баталгаа юм. Мөн бүх намд адилхан хариуцлага хүлээлгэж байгаа нь ялгаварлан гадуурхал биш гэсэн сайн үндэслэл гаргасан байдаг. Харамсалтай нь Цэц эдгээр үндэслэлд хариу огт өгөөгүй. Хожим 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5-д санал хураалт явагдсан өдрөөс хойш нам, эвсэл 45 хоногийн дотор, нэр дэвшигч 30 хоногийн дотор зардлын тайлангаа СЕХ-д гаргаж өгөөгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй гэсэн заалт орсон. Уг заалт нь 2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн гэж үзэн иргэд Цэцэд хандсан гэсэн мэдээлэл байна.
-Энэ асуудлаар хэн гэдэг хүн Цэцэд хандсан юм бэ?
-2016 оны сонгуулиар 11 нам, хоёр эвсэл, 386 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа өгсөн байдаг. Харин нэг нам, нэг эвсэл 112 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй. Одоо асуудал гаргаад байгаа хүмүүс нь эдгээр хуулийн хугацаандаа тайлангаа өгөөгүй, хариуцлагагүй хандсан хүмүүс л болов уу гэх таамаг байна.
-Цэц хэрхэн шийдэх бол гэж та харж байгаа вэ?
-2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон заалтыг 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 60.5 дугаар заалтаар агуулгаар нь сэргээсэн үү, үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Одоогийн хуулийн зохицуулалт нь 2010 онд хүчингүй болсон заалтаас зарчмын хувьд ялгаатай учраас агуулгаар нь сэргээгээгүй гэх үндэслэлтэй. Өмнөх хууль дээрх 30 хоногийн дотор тайлангаа хүргүүлэх ёстой гэх зохицуулалт энэ удаад 45 хоног болон сунгагдсан.
Өмнөх хуульд сонгуульд бүртгэхээс татгалзана гэж ерөнхий заасан байсан. Харин одоогийн хуулиар дараагийн сонгуульд л бүртгэхгүй буюу нэг удаагийн сонгуульд оролцуулахгүй гэж тод тусгасан. Мөн одоогийн хуулиар нам, эвсэл төдийгүй нэр дэвшигчээс тайланг авдаг болсон нь илүү хариуцлагажуулсан. Өмнөх хуулиас ийм ялгаатай учир Цэц үүнийг шинэ маргаан гэж үзэх ёстой. Хэрвээ адилхан заалтыг сэргээсэн гэж үзэх юм бол 2010 онд гаргасан шийдвэрээ эргэж харах, өөрчлөх боломжтой.
Улс төрийн намгүйгээр ардчилал байх боломжгүй. Авлигын уурхай болсон одоогийн намуудыг цэгцлэх гол арга зам бол түүний санхүүжилтийг ил тод болгох явдал. Ингэж ил тод байлгах одоогийн хуульд буй цор ганц үр нөлөөтэй санкц бол “хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” байх явдал. Энэ санкцыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц шууд шийдэхгүй байх гэж найдаж байна. Одоогийн нөхцөлд энэ санкц нь үр нөлөөтэй гэж шийдэх боломжтой. Эсхүл санхүүгийн тайлангаа гаргаагүй бол тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохируулан сануулах, торгох, дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэргээр үе шаттайгаар хариуцлага хүлээлгэдэг болгох нь Үндсэн хуульд илүү нийцсэн гэж шийдвэрлээсэй.
-Сонгуулийн тухай хуулийн 60.5 дугаар заалт нь бусдын сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үү. Үндсэн хууль судлаач хүний хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Эрүү шүүлтээс ангид байх, үзэл бодолтой байх зэрэг эрх бол туйлын буюу хэзээ ч хязгаарлаж болохгүй эрх. Харин, үзэл бодлоо илэрхийлэх, сонгогдох болон улс төрийн намд эвлэлдэн нэгдэх зэрэг үндсэн эрх, эрх чөлөө бол туйлын эрх биш тул зайлшгүй үндэслэл байвал хязгаарлаж болдог. Гэхдээ уг хязгаарлалт манай улсын Үндсэн хуулиар наад зах нь гурван янзын шаардлагыг хангасан байх ёстой. Тиймээс, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байгаа нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа ч энэ нь зүй ёсных эсэхийг мэдэхийн тулд эдгээр гурван шаардлагыг хангасан уу гэдгийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх учраас үндсэн эрхийн хязгаарлалтыг зөвхөн хуулиар тогтоох ёстой. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санхүүжилтийг нарийвчлан зохицуулж, зарцуулалтын тайланд юу оруулах, хэзээ, хэнд гаргах, гаргахгүй бол яах вэ гэдгийг тодорхой заасан учраас энэ шаардлагыг хангасан гэж үзэж болно. Хоёр дахь шаардлага нь гэвэл зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх ёстой. Үндсэн хуулийн 19.3-т зааснаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд сонгогдох эрхийг хязгаарлаж болно. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь бүхэлдээ сонгох, сонгогдох эрхийг тэгш үнэ цэнэтэй байлгах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхэд чиглэдэг тул энэ шаардлага мөн хангагдсан. Гуравдугаарт, уг хязгаарлалт нь сая дурдсан ашиг сонирхлуудыг хамгаалахад зайлшгүй тохирсон байх ёстой. Үндсэн хуулийн 1.2-т төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим бол шударга ёс гэж заасан. Зөрчлийн шинж чанарт тохирсон ял шийтгэлээр шийтгэх гэх утга үүнд буй. Хөнгөн зөрчилд хүнд шийтгэл, эсхүл ноцтой зөрчилд хөнгөн шийтгэл ногдуулбал шударга бус.Үүнтэй адилхан зүй ёсны зорилго хангахын тулд аливаа үндсэн эрх дээр тавьж буй хязгаарлалт нь тухайн зорилгод хүрэхэд зайлшгүй тохирсон байх хэрэгтэй. Энэ шаардлага нь тухайн эрхийг хэт их хязгаарлахгүй байх, зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн олон арга замаас тухайн эрхийг хамгийн бага хязгаарлаж буй арга замыг сонгох, уг хязгаарлалтыг урвуулан ашиглахаас сэргийлэх зэрэг агуулгатай.
-Тайлангаа гаргаагүй бол сонгуульд оролцуулахгүй байх нь тохирсон шийтгэл мөн үү?
-Манайд улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгуулийн тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-26 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгодог юм. Хэрэв Цэц дараагийн сонгуульд бүртгэхгүй гэх заалтыг хүчингүйд тооцвол тайлангаа хугацаанд нь өгөөгүй нам, эвсэл, нэр дэвшигч зургаан сая 720 мянгаас найман сая 320 мянган төгрөгөөр л торгодог болох юм. Ганц дан энэхүү торгууль тохирсон, үр нөлөөтэй байж чадах уу гэвэл эргэлзээтэй. Учир нь дээр хэлсэнчлэн намууд ил болон далд хэлбэрээр асар их мөнгө сонгуульд зарцуулдаг. Ийм их мөнгө эргэлдэж байхад торгуулийн шийтгэл тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдэд тайлангаа өгөх сэдлийг нь төрүүлэх нь юу л бол. Хариуцлага хүлээлгэдэггүй байдал нь ардчилсан процесст итгэх олон нийтийн итгэлийг ноцтой эвддэг. Ил тод байдал, тайлагналгүйгээр хандивын болон зарцуулалтын хязгаарлалт, хориглолт хэрэгжих боломжгүй.
Олон улсад тайлангаа хугацаандаа гаргаагүй, эсхүл дутуу гаргасан зэрэг зөрчилд дийлэнхдээ улсын төсвөөс өгөх дэмжлэгийг зогсоох болон торгох шийтгэл хэрэглэдэг. Гэвч манайд энэ хоёр шийтгэл хэрэгжиж байгаа ч үр дүнгээ өгөх боломж одоогоор алга. Жишээ нь, ХБНГУ-д нам санхүүгийн тайлангийн мэдээллээ буруу өгсөн бол тухайн мэдээлсэн дүнг хоёр дахин нугалж төлүүлдэг байна. Гэтэл, манайд 6-8 сая төгрөгөөр нэр төдий торгох заалттай. Мөн, манай намуудын санхүүжилтийн 80 хүртэлх хувийг нь иргэдийн хандив, маш бага хувь нь улсын төсвөөс өгдөг тул улсын төсвөөс өгөх санхүүжилтийг зогсоох шийтгэлийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй. Улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад, ихэнхийг нь МАН, АН хоёрт л өгдөг. УИХ-аас гадна буй намуудад төсвөөс дэмжлэг өгдөггүй. Нэгэнт улсын төсвийн дэмжлэг намын санхүүжилтийн маш бага хувийг эзэлдэг байхад тайлангаа гаргаж өгсөнгүй гэх шалтгаанаар улсын төсвийг хориглох нь төдийлөн үр нөлөөгүй.
Тэгэхээр одоогийн нөхцөлд тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй нам, эсвэл нэр дэвшигчийг бага хэмжээгээр торгохын зэрэгцээ дараагийн сонгуульд оролцуулахгүй байх нь тохирсон шийтгэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тайлангаа заавал гаргадаг болгохын тулд одоо байгаа хуулиа л улам сайжруулах хэрэгтэй. Тайлангаа гаргаж өгөөгүй, эсвэл алдаатай гаргасан бол ногдуулах шийтгэлийг тодорхой хуульчлах ба шийтгэл нь зөрчлийн шинж чанарт тохирсон байх хэрэгтэй. Жишээ нь, тайлан гаргахдаа жижиг хэмжээний зөрчил гаргасны төлөө сонгуульд оролцуулахгүй, эсвэл сонгогдсон суудлыг нь хураан авдаг байж болохгүй. Тиймээс энэ мэт зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлийг нэмэгдүүлэх, оновчтой хуульчлах шаардлага бий. Тухайлбал, тайлангаа ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол түүнийг харгалзан үздэг байх, хугацаандаа зардлын тайлангаа хүргүүлээгүй бол сануулах, эсхүл бага хэмжээний торгууль ногдуулах заалт оруулж болно. Хэрэв сануулсаар байтал зардлын тайлангаа хүргүүлээгүй татгалзвал их хэмжээний торгууль ногдуулах, эсхүл дараагийн сонгуульд оролцуулахгүй байх шийтгэлийг шат дараатайгаар хүлээлгэдэг болох нь зүйтэй. Улсын төсвөөс иргэдээс авсан саналаар нь намуудад хуваарилдаг болж намуудыг мөнгөний хамаарлаас гаргавал энэ дэмжлэгийг зогсоох шийтгэл үр нөлөөгөө үзүүлнэ. Санхүүгийн хариуцлага хүлээлгэх тогтолцоог эрх баригч нам, эвслийг шүүмжлэгчдийг шийтгэх хэрэгсэл болгож ашигласан Аргентин, Гүрж зэрэг улсад гарч байсан гэдэг. Ийм байдлаар хариуцлагын тогтолцоог урвуулан ашиглах явдал гаргахгүйн тулд уг асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй байх ёстой, мөн СЕХ, төрийн аудитын байгууллагыг илүү хараат бус, үр нөлөөтэй болгох хэрэгтэй.
-Нам, эвслүүд сонгуулийн тайлангаа өгөхгүй байх нь ямар сөрөг нөлөө гарна гэж харж байгаа вэ?
-Улс төрийн нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж хэрэгжүүлэх ёстой. Сонгуульд амжилттай оролцвол бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцдог тул өндөр хариуцлага хүлээнэ. Намын санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хуулиар нарийвчилж зохицуулахгүй бол болохгүй. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын төр, компани, хувь хүнээс хандив авахыг хуулиар хориглодог. Түүнчлэн, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд иргэн болгон оролцох, нөлөөлөх боломжийг харьцангуй тэгш байлгах үүднээс иргэнээс авах хандив нь гурван сая төгрөг, хуулийн этгээдээс авах хандив нь 15 сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэж хуульчилсан. Хандивын таазыг тогтоож өгөхгүй бол зөвхөн мөнгөтэй хүмүүс, эсвэл мөнгөтэй хүнээс мөнгө авсан улстөрчид, намууд сонгуульд ордог, ялдаг ийм байдал руу ордог. Үүний үр дагаварт улс төрийн нам иргэдийн ашиг сонирхол гэхээсээ илүү мөнгө өгсөн хэн нэгний явцуу ашиг сонирхлыг хангадаг болно. Улс төрийн намын санхүүжилтийг цогц шийдэхгүйгээр бид авлига, тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил, ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлаа бүрэн шийдэж чадахгүй.
Бүх иргэний хувьд сонгох, сонгогдох эрхийн үнэ цэнэ адил тэгш байх ёстой. Улс төрийн санхүүжилтийг зохицуулахгүй бол сонгох, сонгогдох эрхийн үнэ цэнэ нь ялгаатай болдог. Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг улс төрийн тэгш бус байдал болгохоос сэргийлсэн зохицуулалт байхгүй бол мөнгө улс төрийн шийдвэр гаргахад голлох нөлөөтэй болно. Тиймээс иргэдийн улс төрийн тэгш эрхийг хамгаалахын тулд улс төрийн санхүүжилтийг ардчилсан улс орнуудад хандивын дээд хязгаар, хандив авч болохгүй этгээд зэргийг заавал нарийвчлан зохицуулдаг. Энэ зохицуулалтыг тунхаг төдий болгохгүйн тулд намуудаас сонгуулийн тайланг нь тодорхой хугацаанд заавал авдаг. Зардлын тайлангаас санхүүжилтийн зохицуулалт хэрэгжсэн эсэхийг хөөж судлах боломжтой болдог. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшигч тайлан гаргах үүргийг заагаад зогсохгүй энэ үүрэг хэрэгжих баталгааг хуульд заах ёстой.
-Монголд нам, эвслийн сонгуулийн үеийн санхүүжилт, зардлын талаарх мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ. Намууд төдийгүй нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөхдөө хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг бол?
-Монголд намууд санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлэхийг хуулиар шаарддаг боловч үүнийг хэрэгжүүлэх механизм байдаггүйгээс мэдээлдэггүй. Зөвхөн сонгуулийн үеийн зарцуулалтын тайлангаа л гаргадаг. Иймээс, нам, эсвэл, нэр дэвшигч сонгуульд хэдэн төгрөг зарцуулдгийг бүрэн бодитойгоор мэдэх боломж байхгүй. Гэхдээ сонгууль явагдаж байгаа байдлыг харахад асар их хэмжээний мөнгө зарцуулдаг нь тодорхой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчдийн зөвхөн албан ёсны тайланд ирүүлсэн мэдээллээр 34.4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Сонгуулийн бусад үед эсхүл албан бусаар хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгааг бид мэдэхгүй. Намууд маш их далд санхүүжилт авдаг. МАН-ын 60 тэрбумын яриа, ЖДҮ-ийн сангийн шударга бус хуваарилалт, АН-ын албан тушаалд нэр дэвших эрхийг зардаг болсон явдал, МАХН, МҮАН, ИЗНН гэх жижиг намуудын тодорхойгүй эх үүсвэртэй асар их мөнгө, сонгуулийн дараахь хууль бус халаа сэлгээ нь тодорхой хэмжээнд үүнийг нотолно. Олон жилийн судалгаагаар Монголд хамгийн их авлигажсан байгууллагад улс төрийн намууд ордог. Улс төрийн намгүйгээр ардчилал хэрэгжих боломжгүй учраас энэ асуудлыг бид зайлшгүй шийдэх шаардлагатай.
-Гадны улс орнуудад намуудын сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хэрхэн хянадаг вэ. Сонгуулийн зардлын тайлан авдаг уу. Хэрэв тийм бол тайлангаа ирүүлээгүй тохиолдолд ямар шийтгэл оноодог юм бол?
-“International IDEA” гээд олон улсын байгууллага 176 улс санхүүгийн үүргээ гүйцэтгээгүй нам, нэр дэвшигчид ямар шийтгэл хүлээлгэдэг талаар судалгаа хийсэн. Нийтдээ 10 орчим төрлийн шийтгэл хүлээлгэдэг. 176 улсын 140-д нь торгох, 96 улсад шоронд хорих, 56 улсад тухайн намд төрөөс өгдөг санхүүжилтийг зогсоох шийтгэл ногдуулдаг. Манай улсынх шиг сонгуульд нэр дэвших эрхийг нь хасдаг шийтгэл Франц, Афганистан, Индонез, Кени зэрэг 32 оронд бий. Жишээлбэл, Кени улсад зарцуулалтын тайлангаа хүргүүлээгүй нэр дэвшигч, намыг торгох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэлийн аль нэг, эсхүл алин алинаар нь шийтгээд зогсохгүй нэмээд нам, нэр дэвшигчийг тухайн сонгуульд оролцуулдаггүй.
Шийтгэл нь хэт хөнгөн, эсхүл хэт хүнд байж болохгүй. Нэг талаар, Гватемал, Португали зэрэг улсад нэр төдий торгууль ногдуулдаг нь намуудыг сахилгажуулж чаддаггүй гэж үздэг. Францад хориглосон эх сурвалжаас хандив авах, 7500 еврогийн дээд хязгаараас давсан хандив авахад ердөө 3750 еврогоор торгодог нь хууль бус хандивыг зогсоох арга хэмжээ болж чаддаггүй гэнэ. Нөгөө талаар, хэт хүнд шийтгэл тодорхойгүй байдал үүсгэдэг, заримдаа хүссэний эсрэг үйлчилдэг учраас түүнийг хэрэглэхээс татгалзаж эхэлдэг. Франц, Энэтхэгт хэрэгждэг хууль зөрчсөн улстөрчийг хасах, эсвэл Сенгалийнх шиг хууль зөрчсөн намыг шууд тараах гэсэн хүнд шийтгэл нь улстөрчийн ноцтой үр дагавар үүсгэдэг тул түүнийг хэрэглэхээс ихэвчлэн татгалздаг. Мөн, Польшид нам хугацаандаа тайлангаа гаргаагүй, хандивтай холбоотой хууль зөрчсөн бол зөрчлийн шинж чанараас хамааруулан төсвөөс өгөх дэмжлэгийг гурав хүртэл жил зогсоох, намыг бүртгэлээс хасах шийтгэлийг Сонгуулийн комисс ногдуулдаг. 2011 онд нэг намыг бүртгэлээс хасч, өөр нэг намын дэмжлэгийн зогсоосон.