Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна

Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг үргэжлүүлэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцэж байна. Тэднийг их хэмжээний хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэднийг анхан шатны шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болсон. Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн давж заалдах хүсэлт хүргүүлсэн байдаг. Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр хэлэлцэж байгаа юм.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Жороо морины хурдыг тодорхойлохуй

Эх рүүгээ тэших ботгыг эргүүлж буй жороо морьтон

Зураач Н.Жаргалан

Алдын алдын жороонд нь ээ хө

Арын модод налан босноо хө

Дэлээ асгаад бөмбөрөхөөр нь хө

Дэлхий газар дайвах шигээ хө

Ц.Чимэддорж

БОТГО ЭРГҮҮЛЭХ ЖОРОО МОРЬ

Сайн жороо морийг шалгах сонирхолтой энэ аргыг тал хээр, говь нутагт хэрэглэдэг байжээ. Говь нутгийнхан алсаас эхийнхээ араас тэших ботгоны хэр хурдан болохыг мэдэх байх.

Уяатай ботгыг суллаж тавиад хойноос нь морины жороо явдлаар хөөн эхдээ очихоос нь өмнө гүйцэж, тууж ирж чадвал гайхалтай сайн жороо байх болно.


АЛДЫН ЖОРОО

Өнөөг хүртэл баруун Монголчуудын дуу хуур, өвгөдийн ярианд 5, 8, 10 алдын жороо гэж яригдсаар ирсэн. Тухайн цаг үед Монголчууд хурдны нарийвчилсан хэмжүүргүй хэдий ч сайн жороо морины гарааны хурдыг хэдэн алд сурны үзүүрийг газар хүргэлгүй жороолж байгаагаар нь ангилан 5, 7, 8, 10 алдын жороо гэж алдаршуулдаг байжээ. Энэ нь өнөө хир монгол жороо морины хурдны дээд баримжаа болсон. Онцлог нь зөвхөн ойрхон зайд морины гарааны хурдыг хэмжих учир хэдийд ч шалгаруулах боломжтой, морь ганцаараа жороолох учир жороо явдлын алдаа нь шүүгчдийн нүдэнд ил, ахуй талын хэрэглээ болсон бугуйлыг ашиглах ухаан сэдсэн зэрэг болно.

Шалгаруулахдаа баруун ганзаганаасаа сур эсвэл бугуйлны нэг үзүүрийг уяж, нөгөө үзүүрээс нь эвхэж баруун гартаа бариад, морио ухасхийн жороолох агшинд эвхээтэй чигээр нь баруун мөрөө давуулан шидэж тухайн морь жороо явдалдаа хичнээн алд сурны үзүүрийг газраас хөндийрүүлж байгааг нь харгалзан төдөн алдын жороо морь гэж нэрлэдэг байна. Монголчуудын алд гэдэг нь уртын хэмжээ бөгөөд дунджаар 168-175 см-ийг хэлнэ.

ЖОРООГ ТОДОРХОЙЛОХ БУСАД АРГА ХЭЛБЭР

Ховд аймагт жороо моринд хивс тохож хоёр үзүүрээс нь хонх уяад жороолуулдаг. Эхлээд хонх жингэнэж байснаа эрчтэй жороолж байвал хэл нь гозойж дуугарахаа больдог аж.

Сайн жороог ингэж шалгаж болдог байна. Мөн эмээлийн хойд ганзага явдалд нь хойш годойж морины хондлой дээр зөрдөг тийм сайн жороо морьд энэ нутагт нилээд байжээ. Ер нь жороо морины хөл маш хурдан зөөж тавигддаг учраас дээд хурд нь хатирч адууныхаас илүү гэж ярьдаг.

Жороо морийг шалгаруулдаг эдгээр арга нь аргагүй л монгол ахуйгаас үүдэлтэй.

Монголчууд жороо морийг эрт үеэс баяр наадам, гоёлд унаж эдлэн улмаар сонгон уралдуулах хэмжээнд хөгжүүлж иржээ. Ийнхүү жороо адууг эдлэх явцдаа хурдлах шинж биеийн гадаад гальбир дотоод нууц шинжийг гярхай таньж нэрлэсэн байдаг.

ӨМӨЗО-ны Ордосын наадмын Монгол жороо морины уралдаанд түрүүлсэн Шинжаан гаралтай жороо хээр морь. 2013 он

ГАЛБИРШИЛ

Хүрэн хүрэнгийн жороо нь

Хүзүүгээ тавиад бөмбийнө…

“Хүрэнгийн жороо” уртын дуунаас

Морины шинжийн нэгэн сударт ороо, жороо, хурдан гурвыг эндүүрэв гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь жороо морь гадаад шинжээрээ хурдан морьтой төстэйг анхааруулсан үг болов уу.

Цааш өгүүлэхдээ: “Жороо морь болбоос бөгтөр зоотой, дөрвөн хөл бахим бүдүүн, туурай талбиун байваас сайн буй” гэжээ. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул улсын начин /жороо морь сонирхогч/ Ч.Баасанхүү жороо морь бүдүүн шилбэтэй сагаг богино, хонин шар нүдтэй, дэл сүүл өтгөн байвал шинж эрхэм, бөгтөр зоотой махир борвитой бол дөрвөн мөчний тэнийлт сайн учир явдалд нөлөөлөх сайн талтай хэмээн өгүүлж билээ.

Хүлгийн шинжийн судрын “чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрдэг гэсэн байна. Хурдан хурцад хамаарагдах 21 шинжийн нэгдүгээрт: Торгон зул дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу, утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан сайхан явдалтай жороо сайвар морины шинж юм гэсэн байна. Ер нь жороо морь шүд сайтай нь хожим илэрсэн жишээ олон бий. 1998 онд уяачдын баяраар уран жороогоор шалгарсан Ч.Баасанхүүгийн халиун морины шүдийг татахад хорь гаруй настай энэ адуу сайхан бүрэн байжээ. Мөн улсын наадамд 1948, 1950 оны жороо морины уралдаанд түрүүлсэн Архангай аймаг Хотонт сумын “жижиг” Дүгэржавын зээрд морийг мөн хорь гаруй наслаад үхэхэд нь түүний толгойг хадгалж шүдийг нь үзэхэд “дор зах” байсан тухай нутгийн уугуул Ж.Ичинхорлоо гуай ярьж байсан. Морь жороолох явцдаа морины бусад явдлыг бодвол арай илүү хүч зардгийг уяачид ярьдаг. Иймд жороо морийг манай өвөг дээдэс алс холын аянд унадаггүй, гол төлөв баяр наадамд харьцангуй ойр зайнд уралдуулан, ноёд хатад зүс ижилсүүлэн унах зэргээр гоёлд эдэлдэг байж болох бөгөөд ер нь жороо морины талаар дорвитой судалгаа үгүйлэгдэж байгаа юм.

Жороо морины тойргийн уралдааны замд Хүй долоон худаг. 2009 он


Л.Мягмарын жороо хар морины галбир. Зүүн гар талаас зохиогчийн аав Д.Долгоржав болон Л.Мягмар нар. Булган аймгийн Могод сум. 1961 он /Амжилт: 1961 онд сумандаа жороод түрүүлж, мөн аймагт айрагдсан/


Аймгийн Алдарт уяач Т.Доржпаламын “Жороо халиун” морины галбир

УДАМШИЛ

Хөөсөнхөн адуу минь

Гучин гурван шарга

Гурваас бусад нь цөмөөрөө

Усан тэлмэн жороо шүү

Монгол ардын уртын дуунаас…

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч

Өвөрмөц уран хэмнэлээр гишгэх жороо морийг унаж эдлэхээс гадна эртнээс ардын уламжлалт селекцийн аргаар үржүүлж ирсэн нь тодорхой амжилтад хүрч байжээ. Нутгийн зүүн талд Өвөрлөгч газрын Үзэмчин жороо гэдэг бол баруун хязгаарт Торгууд, Баяд омгийн жороог үе дамжуулан удамшуулж чаджээ.

Нийт орон даяар жороо адууны нарийвчилсан тоо бүртгэл, судалгаа хараахан үгүйн учир аймаг, сумдад жороо морины уралдааныг тогтмол зохион байгуулж буй байдал, жороо адуу удамшаад байгаа нутгуудаар хийсэн аялал судалгаа, жороо морины шинэ спортыг дэмжигч уяачид, амьд түүх болох өвгөдийнхөө хууч яриа, зарим ном хэвлэлээс эшлэн бичсэн болно. Ховд, Увсын уяачидтай энэ сэдвээр ярилцаж байхнээ найр хурим, наадам, ялангуяа олон ястаны урлаг, ёс заншилд жороо морийг уламжлуулан тусгасан нь ахуй орчинд нөлөөлсөн байх юм. Мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ч малч ухаан, туршлагадаа тулгуурлан Ховд, Увсын уяачдын онцлог нь хол ойрын сумдын алдартай жороо морьдын удам гарлыг сураглан мэддэг, аль нутгаас хэний ямар омог хэвшлийн адуунаас авч өөрийн азарга, гүүтэй нийлүүлж сайн жороо гаргах, жороо адуутай айлын боломжийн үрээ, байдсыг зүсээр нь мэдэж, бүр үнэ ханшийг нь хүртэл багцаалан хэлж байсан. Уламжлалт ийм мэдлэг, санаа тавьж байснаараа дээрхи омгийн жороод эрт үеэс өнөө хэр нь байгаа юм. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Завханы зарим сумдын адуунд жороо угшил тасрахгүй л байгаа юм. Адууны эзэд уяачдаас сонсож байхад ахмад үеэсээ адуунд нь жороо гүү эсвэл азарган үрээ байсан тухай ярих нь нийтлэг байлаа. Адууны жороо явдал хэрхэн удамших талаар уяач адуучид ярихдаа “Жороо азарга жороо гүүнээс заавал жороо төрдөггүй, жороо гүү болон сайвар арилжаа азарганаас буюу жороо сайвар явдалтай гүү явдалгүй төлөрхөг азарганаас сайн жороо төрөх магадлал илүү гэлцэх нь бий. Жороо азарганаас нэг л бүтэлтэй төл гардаггүй гэх бөгөөд харин жороо азарганы охин төлөөс жороо төрөх нь элбэг. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач

“Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч Өвөрмонголын зүүн, баруун үзэмчин хошуу бол эртнээс жороо адуу өсгөн үржүүлж ирсэн нутаг юм. Тэр дундаа өвөр Хянганы нуруунаас эх авсан нарийн голын тэгш уужим хөндий хөвдөрхөг зөөлөн нугаар идээшиж өссөн адуу төрөлхийн жороо явдалтай байдаг.

Ховд аймаг Мянгад нутгийн Баян Чогцолын угсааны өргөн хэмээх Содовын жороо хар гүү, суман хатираатай хул азарганаас хурдан жороо гурван хул төрж, хурдан хул нь Ховд хотын 200 жилийн ойгоор хязааланд түрүүлж мөн цуурхай эмтэй хурдан хул нь сумандаа түрүүлж айрагдсан байна. Түүний удам сахалт хээр морь жороогоор алдаршиж байжээ.

Жороо адууг удамшуулах талаар бусдаас илүү хөдөлмөр зарж, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрсэн түүхэн баримтууд байдаг. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин 4-р багийн “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав гуай түүний үеийн нөхөр Улсын сайн малчин “Баян” хэмээх Жамган нар жороо адууг илүүтэй сонирхон хаана сайн жороо байна түүнийг сонирхон шинжиж байдгаас гадна санаа таарвал наймаалцан авч унадаг байж. Мөн хурдан морио уралдуулаад айраг түрүү авч, ер нь адууг маш сайхан унаж эдэлдэг хүмүүс байсан гэнэ. “Авжаа” Б.Цэвэгжав гуай моринд жороо явдал оруулдагаараа алдартай бол “баян” Жамган нь газар газраас жороо угшилтай адуу цуглуулан үржүүлж байжээ. Түүний 20 орчим азарга адуунаас 10-аад азарга адуу нь жороо угшлынх байсан үе ч байж, цаашдын сайжруулах арга ухаан нь жороо үүлдэр гаргахыг зорьсон боловч харамсалтай нь хэрэгжиж чадаагүй хэдий ч Говь-алтай аймгийн Чандмань, Тайшир, Жаргалан, Бигэр зэрэг сумд, Завхан аймгийн Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг зэрэг сумдыг жороо адуутай болоход бодитой нөлөөлсөн гэнэ.

Манай ард түмэн жороо морийг арчлан сургах, унаж эдлэх, наадам цэнгээнд сонгон уралдуулах талаар амьдралын асар өргөн мэдлэгтэй хэдий ч монгол жороо морины жороолох чадвар, түүний биологи физиологийн онцлог, “мэдрэлийн” хэв шинж удамших чанар зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан нь нэн хомс юм.

Унаган жороо төрнө гэдэг унах хүний хувь мэднэ (ардын зүйр үг)

Ховд аймгийн Булган сумын жороо адууны угшлын талаар Ч.Булган гуай яриа:

1956 онд Б.Ирүү Сэрээтэрийн Төмөрийн борогч гүүнээс гарсан хар бор үрээг худалдан аваад азарга тавьсан юм. Тэр бор азарганаас Баастын бор, Цагаачийн бор, Ширнээн бор, Бандийн бор зэрэг найман бор азарга зөвхөн Баянгол багт тавигдаж нэг багийн бүү хэл нэг сумын адуу үүсээд явж байгаа юм. Баянгол багийн ихэнх адуу нь жороо.

Жороо адууны ихэнх нь бор байдаг нь ийм учиртай юм аа.

Д.Ирүүгийн бор азарганы төл, А.Ширнээн бор азарганы унага Ж.Жумаханы жороо бор

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Л.Амгалангийн 7 жороо хар морины эцэг хар азарга, эх хар гүү

ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн Яндагийн Ганболд


Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

ҮНЭ ХАНШ

Нанжин гэгч газар найгалзсаар

Наян таван лан хүртэл өгсөн үгүй л морь

Долоон нуурын хотонд сайвраар нь очлоо

Далан таван лан хүртэл нь өгсөн үгүй л морь…

\”Ээрэлт хөх морь” уртын дуунаас\


Наймаа ярих уу, наадам хөөрөлдөх үү.

Унаган жороо, усан тэлмэн жороо морийг гол төлөв ихэс дээдэс болон ард олон найр наадам, гоёлд онцлон унах уламжлалаас үүдэн жороо морь харьцангуй өндөр үнэ ханштай байсаар иржээ. Ялангуяа жороо морьдоороо алдартай Ховд, Увс, Өмнөговийн Цогт Цэций сум (Шанхын хурд гэж алдаршсан нутаг) зэрэг баруун болон өмнөд бүсийн нутагт сайн жороо морины үнэ цэнэ их. Наяад оны үед хуучны ханшаар 15000 төгрөг хүрч байсан бол

Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт сайн жороо морь азарга адуунаас наашгүй үнэд хүрдэг болов. Дөчөөд оны эхээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын баян Раднаа зүүн сумдаас алдартай жороо хонгор морийг нэг түмэн төгрөгний ханшаар авснаас олонд “түмтийн хонгор” гэж алдаршсан гэдэг. Тэр үед идэшний үхэр 40 төгрөг байсан ажгуу. Мөн тавиад оны сүүлчээр Архангай аймгийн Хотонт сумын Тогоохүү сартай хар морио ид алдаршиж байх үед нь Төв аймгийн Дэлгэрхааны Баярбат гэгчид 30 хургатай хонь, 20 хомтой тэмээгээр худалдаж байсныг нутаг усныхан нь ярьдаг юм.

Моринд жороо оруулах арга эрдэм өвлөгдөж ирсэн нь жороо морины үнэ ханш өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Бага залуу моринд жороо оруулаад толгой салган зарах өндөр ханшаар арилжин наймаалцдаг байсан нь тухайн үеийн маш сонирхолтой бөгөөд ашигтай бизнес, амьдралаас үүдсэн ухаан ажээ. Түнчлэн далаад оны сүүлч үед Улсын аварга малчин “хар хонины” Цэвээндорж / Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул/ гуай бяд муутай шинжийн залуу хээр моринд жороо явдал оруулан, тэрбээр тэгш газар жороогоор их явуулж сурган Тожилын Пүрэвт арван адуугаар өгсөн ажээ. Ормол жороо хээрийг Тожилын Пүрэв нь Цэнхэрмандалын “Алтан” хэмээх Мажигт зарж байсан бол Ховд аймаг Мянгад сумын “баглаат” хэмээх Шагдаржавын арван хоёр настай жороо хээр морийг Г.Баттулга 6000 төгрөгөөр худалдаж авснаас хойш 1981 онд Мянгад суманд жороо түрүүлж, 1982,1983 онд Увсын Өлгий болон Ховдын Мянгад суманд айрагдаж хожим Баян-Өлгий аймгийн Толбо суманд түрүүлээд “зодог” тайлжээ.

1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он


1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он 1980-аад оны эхээр Булганы жороодыг дарж гарч ирсэн морь бол яах аргагүй Мөнхдалайн хээр. Хээр морийг Мөст сумын Хавтгай шалсаар байж 18.000 төгрөгөөр авч байжээ. Жороо хээр морийг гадагш худалдсанд харамссан хэсэг залуучууд Мөнхдалай чи энэ наадамд хэдэн халтар цаасаараа уралд, бид нар унаган жороо морио уралдуулъя гэж үг хаяж байсан гэдэг. Хээр морь их бага 20 гаруй наадмаас айраг түрүү авч Мөст сумын 60 жилийн ойгоор 20 настайдаа түрүүлж дархлуулжээ.

Саран хээрлэх Булганы салхины хурдтай хүлгүүд. Ховд хот. 2006 он А.Жаргалсайхан

Эртнээс аймаг хошууны наадамд унадаг гоёлын морь нь олон морьдтой зэрэгцэн явахад толгой хаялан унахад хөнгөн байх ёстой. Цэмцгэр цэвэрхэн гальбиртай яргай босоо биетэй, гэдэс татанга бөөрөнхий харагдах, дэл сүүл шингэвтэр алхаа гишгээ сайтай буюу жороо сайвар морь маш сайн, үнэ ханш ч өндөр байжээ. Одоогоор хамгийн үнэтэй загвар хийцтэй машинтай зүйрлэж болно. Жороо сайвар биш ч гүн хар алхаатай, сайн хатиртай морь унаж сайхан мориор нутаг хошууныхаа нэрийг алдаршуулдаг байжээ.

Монгол морь монгол хазаарын амгайн чимээ тэр чигээрээ хөгжмийн аялгуу хэмнэл гэж болно. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” гэж шүлэг бий.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна.

“Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх парламентын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын 400 орчим төлөөлөгч оролцож, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал, аялал жуулчлал, цахим аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт нь Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачилгаар 1993 онд байгуулагдсан.Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг юм.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцов. Тэрбээр уг хуралдаанд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Камбожийн парламентад талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно гэдгээ онцоллоо.

Энэ удаагийн чуулганаар гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 40 орчим санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн тогтоолын хэлбэрт оруулж, боловсруулах Төслийн хорооны хуралд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оролцож, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай болон Ази, Номхон далайн бүсэд соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжихэд парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тогтоолын төслүүдэд тусгах Монгол Улсын саналыг хэлсэн нь дэмжигдэж, чуулганы хуралдаанаар батлагдсан.

Categories
мэдээ нийгэм

Өндөр хүү амласан зөвшөөрөлгүй байгууллагаас болгоомжлохыг анхааруулав

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Уг мэдэгдэлд,

Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна.

Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо. Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын хэрэгсэл”-ийг Хороо тогтоох төдийгүй үнэт цаас, нэгж эрх зэрэг санхүүгийн аливаа хэрэгслийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг. Иймд Хорооны зохицуулалтад хамаараагүй, холбогдох зөвшөөрөл, эрх аваагүй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг дээрх байгууллагуудад хариуцлагатайгаар мэдэгдэхийн сацуу санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, эрх зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна. Иргэн Та өөрийн итгэл үнэмшлээр санхүүгийн аливаа үйл ажиллагаа, хэрэгсэлд хөрөнгө оруулах нь нээлттэй ч Хорооны зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй хэрэгслийг сонгосон тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1-д “Хороо нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих”, 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, …тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлгыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих “ бүрэн эрхтэй гэж хуульчилсан. Түүнчлэн Хороонд санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийг оноосон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу Хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээл, эдгээр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, хянан зохицуулж ажилладаг байна.

Categories
мэдээ улс-төр

​С.Сарангэрэл: Эмч, сувилагчдын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмнэ

Засгийн газрын хуралдаанаар эмч, сувилагч, жолооч болон эрүүл мэндийн зарим мэргэжлийн ажилтны цалинг тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

С.Сарангэрэл “Монгол Улсын Засгийн газар хуралдаж төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр шийдвэрлэлээ. 2018 оны есдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хувиар нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Үүний үр дүнд сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Харин эмч нарын цалин нэмэх асуудал хүлээлттэй байсан. Эмч нарын сүлжээний цалингийн шатлалыг 4,5- 6,7 авчирлаа. Өөрөөр хэлбэл зарим нь хоёр гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо. Эмч нарын цалинг 21,3 –аас 47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-270 мянгаар цалин нэмэгдэж байна гэсэн үг” гэв.

Түүнчлэн сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалин орхигдсон байжээ. Тухайлбал, сонсгол засагч, сэргээн засахын мэргэжилтэн, дүрс оношлогооны техникч, хоол зүйч, эм найруулагч, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг сая болсон Засгийн газрын хуралдаанаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг. Эдгээр жолоочид 400 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байсныг 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Эдгээр цалингийн нэмэгдүүлэлт энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж нэмэгдэнэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

С.Очирсумлаа: 101 дуудлага “Хаана” гэсэн ганцхан асуулт асуудаг

Б.Наранчимэг “2012 онд юм уу даа. Наадмын өмнөхөн Туул голын эргээр завьт эргүүл хийж явсан юм. Намайг чөлөөт сэлэлт хийж байх үед нэг жаахан хүүхэд юу юугүй хөвөөд ирсэн. Туул гол үертэй байсныг хэлэх үү, өөдөсхөн амьтан усны эргүүлэгт орох гэж байхад нь амжиж очоод аварч байлаа. Тэр үед эцэг эх нь зугаалж явсан болохоор хүүхдээ усанд орсныг мэдээгүй юм билээ. Гурван настай хүүхэд байсан байх. Азаар надтай таарч ус уух хувь тохиосон юм” гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч С.Очирсумлаа ярьсан юм. Тэрээр шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Шударга журам” медаль гардаж, энгэрээ мялаажээ. Эрдэнэт хүмүүний амийг аврахад эгнэгт бэлхэн байдаг эгэл баатар С.Очирсумлаатай уншигч та бүхнийг уулзуулья.

-“Шударга журам” гэдэг эрхэм, нэр хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Би Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн. Аав минь Мөст сумын, ээж маань Буянт сумын харьяат хүмүүс байдаг. Би Ховд аймгийн төвд өсч, бойжсон. 2000 оны дунд үеэс эхлээд Онцгой байдлын албанд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нийтдээ төрийн тусгай албанд хорь гаруй жил зүтгэж байна. Гэр бүлийн хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Эрдэнэт хүний амь нас, их хэмжээний эд хогшлыг авхаалж самбаа, эр зориг гарган аварсан хүнд энэхүү шагналыг олгодог. Энэ шагналыг хүртэх болсноо мэдээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Мэдээж, маш сайхан байсан. Төрсөн нутаг, ээж аав, хамт олон, найз нөхдөдөө баярласан. Энэ шагнал миний хувьд химич аврагч, усчин аврагч, эмнэлгийн зааварлагч, аврагч гал сөнөөгч гээд Онцгой байдлын гүйцэтгэх албанд хорин жил зүтгэсэн хөдөлмөрийг минь үнэлсэн явдал боллоо. Аврах ажиллагааг ганц хүн хийдэггүй. Бид үргэлж багаараа явдаг. Тийм болохоор хамт олны төлөөлөл болгож намайг шагнасан гэж бодож байгаа.

-Үхэл амьдралын зааг дээр ажиллаж байх үед айж сандрах, барьц алдах үе гардаг л байх?

-Галын дуудлаганд явахад өдөр бүр хүнд байдаг болохоор айж сандрах гэх мэт сэтгэл хөдлөл байхгүй болчихдог юм байна лээ. Ямар ч нөхцөл байдал дээр очих магадлалтай гэсэн сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй гарцгаана. Буцашгүй нэрвэгсдийг гаргах, амьд хүмүүсийг орон сууцнаас шилжүүлэх зэрэг нь өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг болчихсон байдаг. Тийм болохоор “гавьяа байгуулчихлаа, мундаг зүйл хийчихлээ” гэж бодоод огшоод байх нь ч ховор.

-Онцгой байдлын албаны аврагч болох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний аав цэргийн байгууллагад ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан. Аав маань “Гал түймэртэй тэмцэх хэлтэс гэдэг газарт шалгалт авч байна гэнэ. Тийшээ очиж шалгуул” гэсэн. Шалгалт өгөөд сарын дараа тэнцсэн гэдэг хариу сонсож байлаа. Зургаан сар дагалдах ажилтнаар ажиллаад гал сөнөөгч болсон. Өөрийгөө “тэнэг” гэх нь хаашаа юм. Гэхдээ л анх аврах ажиллагаанд явахад айж цочиж нэг их сандраагүй. Техник технологитой ажиллаж мэдэхгүй, шинээсээ болж будилах тохиолдол байсан.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Таны ажлын сайхан нь, хүнд хэцүү нь юу байдаг вэ?

– Ямар ч тохиолдолд цаг алдахгүй, бэлэн байдаг. Нэг л жишээ татахад, 103 дугаарт дуудлага өгөхөд “яасан, юу нь өвдсөн, хэдэн настай, хэн гэдэг хүн бэ?” гээд зөндөө асуулт тодруулдаг шүү дээ. Тэгвэл “101”, “105”-ын дуудлага “Хаана” гэдэг ганцхан асуулт асуудаг. Энэ дуудлагыг хүлээн авагч авахтай зэрэгцээд аюулгүйн хонх зэрэг дарагдана. 20-30 секундын хугацаанд гал сөнөөгчид, аврагчид, жолооч нар машиндаа аль хэдийнэ суучихсан байдаг. Тийм болохоор энэ ажил, албаараа үргэлж бахархаж явдаг.

-Өндрөөс аврах ажиллагаанд хамгийн өндөртөө хэдэн давхарт үүрэг гүйцэтгэж байсан бэ?

– Өндрөөс аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг Тэрэлжийн хаданд 15 давхар барилгатай тэнцэх өндрөөс хийдэг. Есөн давхар хүртэл шаттай ажиллана. Хамгийн сүүлд 2016 оны зун найман давхарт айлын гэр шатаж байхад орж унтраасан. Гэхдээ наадмын үед гарсан болохоор дээд, доод давхрын айлууд нь хөдөө явчихсан, цоожтой байлаа. Орчлон хорооллын 12 давхраас доош олсоор бууж 9 давхрын айлын балконоор дамжин орж, галыг аюулгүй болгосон. Ер нь Онцгой байдлын аврагч гал сөнөөгчид бүгд усанд сэлж, шүхрээр бууж, гал унтрааж чаддаг универсал хүмүүс байдаг шүү.

-Аврах ажиллагааны үед техник, тоног төхөөрөмж дутагдсанаас эсвэл хэдхэн секунд хоцорсноос болж аварч чадаагүй харамсалтай түүх бий юу?

-Тийм зүйл санаанд орохгүй байна. Онцгой байдлын алба техник, тоног төхөөрөмжийн хангалтын хувьд 100 хувь сайжирсан байгаа. Японы техник болон Францын “Розенбауэр” зэрэг том том брэнд болсон машин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. “Розенбауэр”-т монголчууд өөрсдөө захиалга өгч, зөвхөн монголын нөхцөлд зориулсан машиныг үйлдвэрлүүлж авч байгаа. Түрүүчээсээ арав гаруй машин орж ирчихээд байна.

-Онцгой байдлын алба хаагчид галын техник спортоор хичээллэдэг шүү дээ. Таны хувьд энэ спортод ямар амжилт гаргаж байв?

– Галын техник спорт бол залуу хүний спорт. Тийм болохоор 2000-2005 он хүртэл дөрвөн төрөлт спортоор хичээллэж, бүсийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.

-Та бас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач?

– Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны нэгдүгээр ээлжээр 2012-2013 онд есөн сар үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Суданы эхний гурван ээлжид үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг. Миний хувьд тусгай томилгоот бүлгийн даргаар томилогдож, агаарт, газарт, усанд эргүүлийн цуваанд хамгаалагчаар ажилласан.

-“Шударга журам” медалийг хүртэх юм сан гэдэг юм уу, ийм медаль байдаг юм байна гэж хэзээ анх мэдэж байсан бэ?

-2006 онд анх мэдэж байсан. Тухайн үед Ховд аймагт үер усны аюул болж жижиг гэрт байсан хөгжлийн бэрхшээлтэй эмээг, хоёр хүүхэдтэй нь хамт манай аймгийн аврагч залуу аварч гаргасан байдаг. Тэгээд “Шударга журам” медалиар шагнагдсан юм. Тэр үед “бид хэрвээ сайн ажиллах юм бол ийм медаль авах боломжтой юм байна” гэж ойлгосон. Түүнээс хойш 2009 онд наадмын өмнөхөн үер болоход Үндэсний аврах бригадад мөр зэрэгцэн ажиллаж байсан арав гаруй залуус нэг дор “Шударга журам” медалиар шагнагдаж байлаа. Миний хувьд энэ шагналыг авна гэж бодож төсөөлж байгаагүй. Урьд өдөр нь нийслэлийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн над руу залгаж, “Төрийн ордноос чам руу залгах байх. Шагнагдаж байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Миний ойлгосноор энэ медалийг иргэний үүргээ биелүүлээд шударгаар ажиллаж хөдөлмөрлөж яваа хэн ч хүртэх боломжтой. Ямар нэг гамшгийн аюул гарч байгааг мэдээд өөрөө ороод аварч чадахгүй ч цаг алдалгүй 101, 105 дугаар луу дуудлага өгөх жишээтэй. Энэ бол медаль авснаас илүү том шагнал шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-120 см зузаан, Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж 45-115 см зузаан, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Шивэрт Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд 50-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ.

Хэдийгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаа хотхон-амгалан” цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын хоёрдугаар ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, “ЦЭЭБ” ХХКомпаны дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд хоёр өрөө байр, шинэ оны бэлэг гардуулав.

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын “Цагдаа хотхон 1, 2”, “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын нэгдүгээр ээлжийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай “ЦЭЭБ” ХХК ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй гишүүдийн талаар мэдээлэл хийнэ

АТГ-аас өнөөдөр 11.30 цагт хэвлэлийн хурал зарлалаа. Мэдээллийн үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа талаар мэдэгдэл хийх юм.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан энэ сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр 6 жил ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд бодит дэмжлэг болж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв. Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа