Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал прокуророос ирүүлжээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагаас сангийн сайд асныг цагдан хорих эсэх асуудлын шүүх хурал болохоор товлогдсон байна. Сануулахад, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй. Ингэхдээ нэг сар гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан юм.
Month: January 2019
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Цаашид:
1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах. Нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай,авто зам, дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах
2. Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох. Орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад, дотоод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх
3. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллагашударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх
4. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах
5. Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож, нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх
6. Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах
7. Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдал байгаад дүгнэлт хийх. 2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдлийг арилгах
8. Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал, хийдэлтэй байгааг нэн даруй засах
9. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах
10.Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй сайн уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж,ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан, муу ажилласанд нь хариуцлага тооцож байх
11.Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг болгох
12.Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болонажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх
13.Шатлан дэвшүүлэх “мерит” зарчмийг баримтлан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад сургалт зохион байгуулах
14.“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх
15.Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.
Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна
Гахайн африкийн мялзан өвчин Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага болон гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
- Халдвар импортоор оруулж ирсэн гахайн түүхий бүтээгдэхүүнээс гаралтай байж болох магадлалтай тул гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүний импортыг хязгаарлах шийдвэр гаргах
- Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хоолны газар, үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх талаар зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх
- Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдийн гахайн байр, орчинд механик болон халдваргүйтгэлийг мал эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах
- Харьяалах аймаг, сумын худалдааны төв, хоолны газар, үйлчилгээний төвүүдэд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх тухай шийдвэрийг тухайн Засаг захиргааны удирдлагаар гаргуулж, энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
- Уг өвчний тохиолдол бүртгэгдсэн даруйд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр заавар”-ын тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх
- Тухайн өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сумын нутагт хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа үед гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас мэргэжлийн зөвлөмж хүргүүлж ажиллах, гаднаас халдвар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
- Уг өвчний халдварт өртөөгүй аймгийн мал эмнэлгийн байгууллага нь харьяалах Засаг захиргааны байгууллагад мэргэжлийн зөвлөмж хүргүүлж, бусад аймаг, сумаас гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг оруулахгүй байх шийдвэрийг гаргуулах
- ГАХАЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ
БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ: - Гахай нь хоол тэжээлийн дуршил буурах, дагжин чичрэх, чацга алдах, ноомойрох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын дагуу 12 цагийн дотор харьяалах мал эмнэлгийн тасаг, мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмчид дуудлага өгөх
- Гахайн худалдаа, арилжаа, солилцоог бусад аж ахуйн нэгжтэй хийхгүй байх
- Гахайн аж ахуй нэгж эрхлэгч байгууллага, иргэд нь өөрийн гэр оронд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг өдөр тутам хийлгэх
- Тухайн аж ахуйн нэгж, хашаа, хороо, гэр оронд орох үүдний хэсэгт халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн гишгүүр тавих, ариутгалын хуурай бодис асгах, хаалганы бариулыг халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн материалаар арчих, бүрэх зэргээр халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах
- Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх
- Өөрийн эзэмшлийн гахайг хашаанаас гаргахгүй байх, бусдын гахайтай нийлүүлэхгүй байх, тодорхой хугацаанд байнгын хариулга, маллагаанд байлгах
- Өөрийн эзэмшлийн гахай маллаж буй хашаа, хороо зэрэгт шаардлагагүй бол гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх
- Өвчлөл гараагүй аймаг, бүс нутгийн аж ахуй эрхлэгч, иргэд нь мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор гахай нядлах, хэрэгцээлэх
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагт зарлагдсан байсан ч ирц бүрдсэнгүй. Байнгын хорооны хурал өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэхээс өөрөөр хуралдаагүй сар гаруй болж байна. Үндсэндээ ирц бүрдэхгүй хэвээр байгаа юм. Байнгын хорооны ирц бүрдсэн бол Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан билээ.
Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.
Тэрээр энэ сарын 15-16-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Өвөрхангай аймгийн хувьд энэ жил бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, ургамлын гарц тааруу байгаа ч нийт нутгаар цасан бүрхүүл багатай өвөлжилт хүндэрсэн сумд байхгүй. Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний хүрээнд сумдын нөөцөд 880 тн өвс, 557 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөцийг 100 хувь бүрдүүлжээ.
Харин Баянхонгор аймгийн хувьд Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, сумдын нөөцөд 662,3 тн өвс тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 181,6 тн өвс тэжээлийг бэлтгэсэн. Бэлчээрийн өвс тэжээлийн хүрэлцээ хангамж муу байгаагаас өвс, тэжээлийн 60 хувь, сум, аймгийн нөөцийн өвс тэжээлийн 25 хувийг зарцуулаад байна. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй. Цас орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаааг танилцууллаа.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдүгээр эмнэлэгт гэнэтийн шалгалт хийж, бодит байдалтай танилцав. Томуугийн өвчлөл эрс их байгаа энэ үед эмнэлгийн удирдлагууд Засаг даргад өдөр бүр тайлан мэдээ хүргүүлдэг ч бодит байдалтай биечлэн танилцах, энэ тухайгаа урьдчилан мэдэгдээгүй очсон нь хүүхдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, орны хүрэлцээ зэргийг өөрийн биеэр шалгахаар ирсэн тухайгаа Засаг дарга С.Одонтуяа хэллээ.
Баянгол дүүрэг хүүхдийн хоёр эмнэлэгтэй бөгөөд яаралтай тусламжийн үед 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм. Өчигдөр оройны /2019.01.15/ байдлаар дүүргийн нэгдүгээр эмнэлэгт 200 хүүхэд эмчлүүлж байв. Шинэ жилийн дараах хэдэн өдөр томуугийн өвчлөлөөр өвдсөн хүүхдийн тоо 330 хүрч, их ачаалалтай байсан. Харин одоо хэвийн байдалдаа шилжиж байна хэмээн хүүхдийн эмнэлгийн эмч Б.Болормаа хэллээ. Мөн тэрээр 24 цагийн хүүхдийн амбулатори ажиллаж байгаа. Энэ нь Нийслэлийн хэмжээнд дээрх цагаар ажиллаж байгаа цорын ганц амбулатор гэдгийг хэлж байлаа.
Томуугийн өвчлөл ихэсч дүүргүүдийн эмнэлэг ачаалал ихтэй коридорт хүүхдүүдээ хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл их байгаа ч Баянгол дүүргийн хувьд тийм зүйл байхгүй байлаа.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхээр дэмжсэн билээ. Энэ дагуу өнөөдөр НИТХ уг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
НИТХ-ын ирц 84 хувьтай байгаа бөгөөд хотын даргын томилгоо, томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн мэдээлэл сонсох, НИТХ-ын зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан санал гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм байна.
НИТХ-ын эхэнд хотын даргад нэр дэвшигч С.Амарсайханы танилцуулгыг хийв. Үүний дараа заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад нэрээ дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 30 минутын завсарлага авлаа. Бид мэдээллийг шуурхай дамжуулан хүргэх болно.
Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэснийг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд ажиллаж буй 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 2019 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсыг С.Чинзориг сайд дурдаад, “2018 оны есдүгээр сард төрийн 17.2 мянган албан хаагчийн цалинг нэмэхгүй үлдээсэн. Харин энэ сард эдгээр албан хаагчийн цалинг 16 хувь, боловсролын салбарын цалинг 12.3 хувиар нэмэх боллоо. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оны мөн үеэс 21.6 хувиар өсч байгаа юм” хэмээв.
Мөн 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх юм байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох аж. Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгох юм. Харин бусад тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ.
Шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ.
Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөө өглөө албан ёсоор мэдэгдэв. Кисэносато нь өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх тэмцээн байсан юм.
Уг башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.
Өдгөө 32 настай их аварга Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм.
Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 онд аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сүмоч болж чаджээ.
Аварга цол хүртсэнийхээ ийнхүү зодог тайлах болсон шалтгаан нь цээжний булчингийн бэртэл авсантай нь холбоотой гэнэ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр томилох асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд НИТХ дахь бүлгийн дарга Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, бүлгийн шийдвэрийг уншиж танилцууллаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг нэр дэвшүүлж байгаа юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын шинэ даргад нэр дэвшиж байгаа тул энэ удаагийн ээлжит бус хуралдааныг тэргүүлэгч Б.Батнасан даргалахаар боллоо.