Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүх зохиогдсон түүх

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг (ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын Түүх зохиогдсон түүх бүлгээс толилуулж байна.


ЭХЛЭЛ. ҮЛ МАРТАГДАХ ХИШИГ

ХХ зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах санаачилга гарсан үеэс эхлээд Монголын автономийг устгах үеийн бүхий л баримт бичигт нэгэн сонирхолтой хэллэг, ойлголт тааралддаг. Манжийн сүүлчийн амбаныг хөөж явуулсан албан шаардлагад хүртэл гардаг “олон жил хүртсэн Манжийн хааны хишиг” гэсэн хүндлэл, Хятад улсын зүгээс Гадаад Монголыг нэгтгэхээр гуйсан, аргадсан, сүрдүүлсэн бүхий явуулга болон Чен Игийн “64 зүйл” бүхий төсөл, Сю Шүжангийн хүчээр устгасан автономийн тухай зарлигт хүртэл гардаг “Чингийн үеийн сайхан байдлыг сэргээх” гэсэн хэллэгүүд ямар учрыг өгүүлнэм бэ?

1919 онд автономитыг устгасан тухай баримт бичигт “урьдах Чин улсын хуулийг дахин олж…” гэж юуг хэлж байгаа юм бэ? Хөөж тууж явуулахдаа хүртэл хэрэглэдэг энэ хэллэг зүгээр нэг зулгуйдал, улс төрийн ёслолын хэллэг үү? Эсвэл монголчуудын санаа сэтгэлд гүнзгий шингэн үлдсэн сайхан цагийн дурсамж юм уу?

Гадаад Монголын эрх баригчид Манжийн “Шинэ засгийн бодлого”ыг яагаад эсэргүүцэж байв? Манжийн ноёрхлыг унагаад гарч ирсэн Хятадын Бүгд найрамдахчууд Монголыг сайн дураар болон хүчээр нэгтгэн авах оролдого бүрийдлээ байнга амлаж байсан “Чингийн үеийн хууль дүрмийг монголчуудад зориулан сэргээх” санаа ямар учиртай вэ? Энэ ойлголтод монголчуудын сэтгэлийг татах ямар хүчин зүйл байсан бэ?

Хуучин Гадаад Монголын нутагт феодалын засаглал үлдээгээд, Өвөр Монголоос урагш Бүгд найрамдах засаглал тогтоох хувилбар Бээжинд байв уу? Өнөөгийн Хонконг, Макао дээр туршин хэрэглэж байгаа, цаашдаа Тайваньд амлаж буй “Нэг хятад хоёр систем” хэмээх бодлогын анхны улбаа энд байсан уу? Эсвэл, протекрат, хараат орнууддаа өөрийн засаглалын хэлбэрийг үл тулгах нь Гадаад Монголыг нэгтгэж амжаагүйгээс үүдсэн сургамж юм уу?

Эдгээр асуулттай тулгах бүрийд өнгөрсөн үеийг шинээр харах хэрэгцээ гарч байдаг. Улмаар, өнгөрсөн үеийг “бэлэн дүгнэлтгүйгээр эргэн харах” шаардлага тулгарч байгааг мэдэрдэг. Тэр тусмаа, Манжийн үеийн Монгол орныг дайсан нөхөр болгон хуваалгүйгээр, Богд хаант Монгол Улс байгуулагдахаас эхлээд Дундад иргэн улсын Гадаад монголын Автономийг устгахыг хүртэлх үеийг ангийн тэмцэл болгон дэглэлгүйгээр хармаар санагдаж эхэлдэг.

Эргэлзэх бүрийд юу бодогддог вэ гэхээр, өнөө болтол бидний сэтгэлд ээнэгшээд, сүүлдээ салахаас хайран, буруушаахаас харам болсон тодорхойлолт хаанаас яаж гарсан бэ гэдгийг эргэцүүлэхэд хүрнэ. Улмаар, яагаад тэдгээр ойлголтууд худал хуурмаг ч гэсэн сэтгэлд дотно үлдсэнд гайхаж эхэлнэ. Заримдаа, тэр сайхан итгэл үнэмшлээ эвдэж үнэнд хүрсэнд орвол, хуурагдсан хэвээрээ үлдэх нь амар ч юм шиг болдгийн нууц хаана байна вэ гэдгийг ч эрэлхийлэхдээ тулна.

Эрэлхийлэл, эргэлзээ, гайхширал болгон маань бидний хамгийн дуртай, анх сонсож өөриймшүүлсэн тэр түүх (БНМАУын түүх) хэрхэн бүтээгдсэн нууц руу хөтөлнө. Монголын түүхийг ойлгохын тулд Монголын түүх бүтээгдсэн нэгэн үеийн түүхийг өөрийг нь ойлгох нь чухал болоод байна. Энэ түүхийг ойлгохгүйгээс болоод

НЭГ.ТҮҮХ ЗОХИОГДСОН ТҮҮХ

Орчин үеийн өрнөдийн хэв маягтай түүхээ монголчууд БНМАУын үед зохиосон юм. БНМАУ нь Зөвлөлтийн протекат бүс дэх дагуул улс бөгөөд социалист дэглэмтэй орон байсныг бид мэднэ. Ийм учраас тухайн үеийн улс төрийн тогтцыг түүхэн утгаар зөвтгөх нь БНМАУын түүх бичлэгийн үүрэг байжээ. Ийм учраас, хаанаас нь ч харсан шинжлэх ухаанч арга барилаар бичигдсэн, түүх бичлэгийн чухал шалгуур болсон эшлэл, зүүлт, тайлбартай боловч дүгнэлтээ эхэлж гаргачихаад түүндээ тааруулан баримт цуглуулсан шинж энэ үеийн түүхэнд давамгайлдаг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, Зөвлөлт маягийн түүх бичлэгийн хандлагаар өнгөрснөө харахаас өөр боломжгүй байсныг эхлээд хэлэх ёстой. Эндээс үүдээд Зөвлөлтийн тусламжаар социализм байгуулах хүртлээ монголчууд “өөдөө нарны бараа хараагүй” байдлаар түүхээ бичихэд тулсан аж.

Өөрөөр хэлбэл, Монгол нутаг Зөвлөлтийн протекрат болсон явдлыг сайшаан магтах үүрэг манай түүх бичлэгийн өмнө тулгарчээ. Тэр ч байтугай Орос-Зөвлөлтийн ард түмний хувьд Чингис хаан эзлэн түрэмгийлэгч дайсан болсон учраас монголчуудын түүхийн хамгийн бахархалт үе болох Монголын эзэнт гүрний үеийг хүртэл харлуулан дурсах хэрэгтэй болсон байна..

Монголчууд бүх нийтэд зориулсан шинэ түүхээ зохиосон түүх өөрөө сонин онцлогтой. ХХ зуунд, ардын боловсролын тогтоц бий болж, эх түүхтэйгээ системтэйгээр танилцах хөтөлбөр гарсан үе ба түүхийг тодорхой үзэл сурталд тааруулан гуйвуулах цаг хоёр давхацдаг. Монголчуудын нийтийн ой санамжид энэ үеийн түүхэн гаргалгаа дүгнэлтүүд онцгой амь бөхтэй оршсоор үлджээ. Хувь хүн амьдралынхаа анхны учралуудыг мартдаггүйн нэгэн адил үндэстэн анхны мэдээллийг сэргээн санах эрмэлзэлтэй байдаг бололтой.

Энэ үед нь Манжийн Вассал Гадаад монголын түүхийг үнэлэх өнөөгийн зарим ойлголтууд, тухайлбал эл номын гол сэдэв болсон “Манжийн дарлал”, “Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, “урвагч шанзав Г.Бадамдорж”, “эх орноо худалдах” гэхчлэнгийн ойлголтууд бий болжээ.

Хоёрдугаарт, социалист дэглэмийн түүхэнд хандах хандлага нь “түүх бол зөвхөн ангийн тэмцлийн түүх” гэж үзэх МарксистЛенинист чиг баримжаа байв. Хүн төрөлхтөн дарлагч, дарлагдагч гэсэн хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдсээр ирсэн ба тун саяхан тал нутагт дарлагдагч явсан тал ялаад байгаа нь өнөөгийн БНМАУ аж. Дээрх хандлага дараахь бүдүүвчийг бий болгожээ: юуны өмнө, түүхэн бүхий л үйл явцад “манай” ба “дайсны” тал байх ёстой. Манай тал дөнгөж 1921 оноос л ялж эхэлсэн тул өмнөх үеийн бүхий л хохирогч, ялагдагч талыг “манай тал” болгон зөвтгөх хэрэгтэй болсон аж. Энэ хандлага одоо ч хэвээрээ байгаа бөгөөд “…Өөрөөр хэлбэл, социализмын үеийн “Феодал ба ард түмэн” хэмээх сөрөг хоёр тал болгож төсөөлсөн судалгаанаас “эх оронч” болон “урвагч” хэмээх эсрэг тэсрэг болгосон төдий байна” гэдгийг судлаачид хэлж байна.

Гуравдугаарт, БНМАУ-ын түүхийг Ойрад, Баруун Монгол буюу Зүүнгарын өнцгөөс харж бичих явдал зонхилсон нь харагддаг. Үнэн хэрэгтээ, Манжууд нь Халхын хувьд Ойрадын Галдан бошготын түрэмгийллээс авран хамгаалагч, тэдний болзошгүй халдлагыг тогтоон баригч, улмаар Халхын зүгээс Ойрадыг хяналтдаа байлгах боломж олгосон хамсаатан нь юм. Чухам ийм учраас Гадаад Монгол дахь Манж Чин улсын Улиастайн тойргийн ерөнхий командлагч, түүний орлогч буюу Улиастайн жанжин, туслах жанжнаар их төлөв халхуудыг томилдог байлаа. Амарсанаатай нийлэн боссон Хотгойдын Чингүнжавын бослогыг бараг түүний “амидай” нэртэй, Улиастайн цэргийн тойргийн командлагч Цэрэнгийн Цэнгүнжав очин дарж байсан баримтыг бид мэддэг.

Харин Зүүнгарын хувьд манжууд өшөөт дайсан байсан юм. Халхыг байлдан эзлэх Ойрадын төлөвлөгөөнд садаа болоод зогсоогүй, өшөөт халхуудад нь тусалсан этгээд. Туслаад зогсохгүй тэдэнтэй нийлэн ойрадыг халхын хяналтад оруулаад бас зогссонгүй.

ХХ зууны Монголын хувьсгалт түүхүүд, ялангуяа Манжийн вассаль Гадаад Монголтой холбоотой хэсгүүд ойрадын өнцгөөс бичигдэх болсныг тухайн үеийн нам, төрийн тэргүүний удам, үндэстэй холбон тайлбарлаж болмоор санагддаг.

БНМАУын нам төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал дарга нь Увс аймагт, дөрвөд ястан тариаланчмалчны гэр бүлд төрсөн хүн юм. Тэрээр өөрийн биеэр захиж зааварлан, баримт тогтоол үйлдэн байж түүх бичлэгийн ийм хандлага гаргаагүй нь лавтай. Харин түүнийг тойрон хүрээлсэн судлаачдын хандлага, нэр төр олж карьер хөөх эрмэлзэл, өөртөө судалгааны боломж нээх эрэл хайгуулын хүрээнд өөрийн эрхгүй ийм хандлага тогтсон байх боломжтой…

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогч огцормогц төрийн томоохон албан тушаалтнуудын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-УИХ-ын дарга буулт хийсэн гэж үзэж байгаа учраас жагсаал, цуглааныг энэ долоо хоногт хийхгүй гэсэн үү?

-Жагсаал цуглаан Сүхбаатарын талбай дээр суулт болон үргэлжилж байна. Олон зуун хүн суулт хийж, М.Энхболдыг огцруулах, алдагдсан орд газруудаа эргүүлж авах, хууль хяналтын байгууллагад их цэвэрлэгээ хийхийг шаардан, гарын үсэг цуглуулж байна.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулган, байнгын хороодын хурлын дараа талууд ойлголцож, зөвшилцсөн дүр зураг харагдсан. Эв зүйгээ ололцож чадсан уу. Нөхцөл байдал цааш хэрхэн үргэлжлэхээр байгаа вэ?

-Энэ бол ганцхан М.Энхболдыг огцруулах гээд байгаа асуудал биш л дээ, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл. Монголд тогтолцооны шинэчлэл, бодлогын өөрчлөлт хийх тэмцэл юм. Нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбай дээр жагссан 50 мянган хүн том өөрчлөлтийг хүсч гарч ирсэн. Түүнээс ганцхан М.Энхболдыг огцруулахын төлөө ирээгүй. Тэд газрын хэвлийн баялаг Монголын ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. МАНАН хэмээх мафийн сүлжээний бий болгосон шударга бусын хонгилыг нурааж, барьцаалагдсан төрөө аврахыг хүсч байгаа.

Эдийн засаг, санхүүгийн мөлжлөгийн системийг зогсооё гэж иргэд нэгдсэн. Өндөр хүүтэй банкны зээлээр Монгол Улс цааш хөгжих боломжгүй. Эрх баригчид нь бизнес эрхлэгчдээ айлган сүрдүүлэх замаар өмч хөрөнгө, бизнесийг нь дээрэмддэг байж болохгүй. Эдийн засгийн систем бүхэлдээ колоничлолын шинжтэй болсныг ч онцолж байна. Колоничлол гэдэг нь цөөхөн гэр бүл баяжиж, олонх нь ядуурахыг хэлдэг. XX зуунд колоничлогч орны эзэд баяжиж, колоничлогдож байгаа улс нь ядуурч байв. Иргэд маань эдийн засаг, санхүү, бизнес, улс төр нийгмийн том реформыг шаардаж байна. Цаг нь болсон ч гэж харж байгаа.

-Тэгэхээр М.Энхболд даргыг огцруулснаар өөрчлөлт эхэлнэ гэж үү?

-МАНАН бүлэглэлийн мафийн толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд юм. Ц.Элбэгдоржийн байгуулсан энэ системийг нураах ёстой гэж олон нийт үзэж байна. Манжийн дарлалыг нураахын тулд Манжийн амбаныг Монголоос хөөж явуулсан. Яг түүн шиг МАНАН-гийн амбаныг огцруулах ёстой. Өөрчлөлт дээрээсээ явдаг юм. М.Энхболд огцорсноор том өөрчлөлт эхэлнэ.

-Өнөөдөр (өчигдөр) байнгын хороод мөн л хуралдсангүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх үү?

-Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэг, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой. Талууд энэ тал дээр ойлголцолд хүрсэн гэж харж байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан, биелүүлэх үүрэгтэй. Энэ долоо хоногт энэ хууль батлагдаж, ирэх долоо хоногт М.Энхболд дарга огцрохгүй бол тэмцэл үргэлжилнэ. 50 мянган иргэн 100 мянга болж гарч ирнэ. Улс төрийн тэмцэл улам ширүүснэ. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргын асуудлыг парламентын түвшинд шийдье гэсэн. Гэвч “үгүй” гэсээр хоёр сар гэдийж байгаа УИХ-ын даргыг дахиж гуйхгүй. Ард түмэн ч “Одоо дахин гуйх шаардлага байхгүй” гэж хэлж байгаа. М.Энхболд дарга хуулийн хүрээнд огцоръё гэж хүссэн. Ерөнхийлөгч аргаа бараад хууль санаачилж өгч байна. Огцрох эрх зүйн болон хүссэн орчныг нь бүрдүүлж өгсөн. Дэлхийн түүхэнд хэзээ ч ийм зүйл байгаагүй. Энэ хүн огцрох ёстой, өөр арга байхгүй.

-Та бүхэн хууль санаачлаад өргөн барьж болоогүй юм уу. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаас илүү чуулганыг хуралдуулахгүй байх сонирхол жагсаал зохион байгуулагч гишүүдэд байсан уу гэх хардлага байна л даа.

-Тийм зүйл байхгүй. Хууль санаачлаад өргөн барихдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан 35 бүрдүүлбэрийг бүрдүүлэх ёстой. Хэрвээ бид хуулийн төслийг санаачлаад өргөн барьсан бол тэр нь, энэ нь болохгүй байна гээд л буцаах байсан. Ерөнхийлөгч бол яаралтай дэгээр хэлэлцүүлэх онцгой эрхтэй субьект. Ерөнхийлөгч өргөн барьчихаад байхад ингэж гацааж байна шүү дээ. ҮАБЗ-ийн зөвлөмж гарчихсан байхад хуулийн төслийг хойшлуулсаар л байна. УИХ хуулийн төслийг нэг өдрийн дотор ч баталж гаргаж болдог. Их хурлын дарга өөрийгөө огцруулах хуулийг яаж ч гацааж чадна. Ямартаа ч гудамжинд 50 мянган иргэн жагсаж байж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр асуудал жаахан ч гэсэн урагшилж байна даа. Өөрийнхөө хүсэлтээр огцрох эрх нь М.Энхболд даргад одоо ч гэсэн бий. Хууль, хуулийн гарц өнөөдрийг хүртэл нээлттэй хэвээр л байгаа.

-Тэрээр огцорсон ч дараагийн гарч ирэх хүн нь хуулийн дагуу тодорхой, хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилно. Хүнийг нь гэхээсээ илүү тогтолцоог нь өөрчлөх ёстой гэж байгаа хүмүүс ч байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Би болон бид, монголчууд дандаа ирээдүйдээ ит-гэдэг. Өнөөдрийн тэмцэл маргаашийн сайн сайхны төлөө гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. М.Энхболдыг битгий өөрчил, тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлж байгаа гутранги хүмүүстэй би хэзээ ч санал нийлэхгүй. Би дандаа өөрчлөлт, шинэчлэлтийн талд зогсох болно. Мууг өөрчилж байж сайн нь ирэх боломжтой. Ингэж байж нийгэм хөгждөг юм.

-Эрх баригч намын хагарал ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдсан. Та бүхнийг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хаацайлж байна гэх юм.

-ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг өмгөөлсөн нэг ч гишүүн бидний дунд байхгүй.

Гэхдээ өнөөдөр МАНАН-г эхэлж зайлуулах уу, эсвэл ЖДҮ-г үү гэдэг тэмцэл болж байна. Би хоёуланг нь зайлуулахыг хүсч байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдалд аль нэгийг нь түрүүлж зайлуулах шаардлагатай байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг түрүүлж зайлуулбал МАНАН үлдэнэ. УИХ-д МАНАН-гийнхан олон болно гэсэн үг. УИХ-д МАНАН-гийнхан олон болбол хууль хяналтын байгууллага, баялаг ордууд тэдэнд үлдэнэ. Би үүнийг хүсэхгүй байна. Монголын ард түмэн МАНАН-гийн дор 20-иод жил зовж, тарчиллаа. Тиймээс бид эхлээд МАНАН-гийн луйварчдыг Монголын төрөөс зайлуулах ёстой. ЖДҮХС-гийн зээл бол баримт нотолгоотой хэрэг. Түүнийг дараа нь зайлуулж болно, амархан.

-УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд өөрсдөө сонгодог. М.Энхболдыг эсэргүүцэж байсан юм бол яагаад тэр үед сонгосон юм бэ?

-Би МАНАН-гийн тухай олон жил ярьж байгаа. Би өнгөрсөн жил МАНАН-гийн хуяг Б.Хурцын талаар нийтийн сонсгол хийснийг тах бүхэн мэдэж байгаа байх. Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайд болгож болохгүй, энэ хүн Европоос хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, тэндээ тамхины наймааны хэргээр шалгагдсан, олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хатаасан гэдгийг хэлж байсан. Тэр бол МАНАН-гийн хуяг. М.Энхболд гишүүдийнхээ үгэнд орохгүй, нийтийн сонсгол зохион байгуулахгүйгээр Б.Хурцыг томилсон. БНСУ-ын ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог хүлээж авахгүй жил болж байна. Үүний дүнд Б.Хурц эргэн ирж байгаа. МАНАН-гийн бузар томилгоонуудын нэг нь энэ юм. БНСУ-д байх монголчууд нэг жилийн турш элчин сайдгүй байлаа. Энэ бол МАНАН-гийн хийсэн гэмт хэрэг. Төр ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй байгууллага шүү дээ. МАНАН-гийн толгойлогчийг унагасны маргаашнаас эхлээд төрийн томоохон албан тушаалтан, хууль хяналтын байгууллага, элчин сайд нарын томилгоо болгон дээр нийтийн сонсгол явуулна. Бүх зүйлийг ил болгоно. Хууль хэрэгжиж эхэлнэ. Үүний төлөө л бид тэмцэж байгаа юм.

-Таныг эхнэрийнхээ нэр холбогдсон асуудлыг цайруулах гэж ингэж тэмцэж байгаа гэх яриа бий. Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг найздаа ЖДҮХС-гаас зээл авч өгсөн, Л.Болд гишүүнийг банк руугаа их хэмжээний мөнгө татсан ч гэж байна. Энэ бүхэн хэр үндэслэлтэй юм бэ?

-Улстөрч хүний хувьд Монголын нийгэм, ард түмний эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой. Өчүүхэн эрх ашгийн төлөө явдаггүй юм. Тэгж явдаг улстөрчид байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн Батзандан гэж хэн бэ гэдгийг мэднэ. Би Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ах, дүү, авгай хүүхдийнхээ эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг. Намайг юу ч гэж доромжилсон, муу хэлсэн би ухрахгүй. Асуудал байдаг бол хууль хяналтын байгууллага нь шалга, тогтоо. Шорондоо хатаа. Би айхгүй. Би Монголын улс төрд арав гаруй жил тэмцэж байна. МАНАН бүлэглэл миний амыг таглах гэж надад Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар цаазын ял өгч, шоронд суулгаж байсныг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Би арчаагүй, аймхай хулчгар хүн байсан бол өдийд улс төрөөс яваад өгчих байсан. Би Монголын улс төрийг цэвэрлэж, шударга ёс, хариуцлагатай нийгмийг тогтоох гэж ирсэн хүн. Түүнээс МАНАН-гийн бүлэглэлийн гар, хөл болох гэж, үйлчлэх гэж ирээгүй.

-УИХ тарах нь зөв гэдгийг сөрөг хүчний зүгээс илэрхийлж байгаа. Та УИХ тарахыг дэмжих үү?

-Нэгдүгээрт, УИХ-ын даргыг огцруул. Хоёрдугаарт, баялаг ордуудаа ав. Гуравдугаарт, прокурор, шүүх, АТГ-ын удирдлагуудыг өөрчилсний дараа УИХ тарж болно. Ийм л зүйлийг би хэлж байгаа. АН-ын бүлэг УИХ-ыг шууд тараах тухай ярьж байна. УИХ-ыг тараагаад МАНАН-гийн системээ авч үлдье гэж АН-ын зарим нэг МАНАН бүлэглэлийн гишүүд яаруу сандруу гарын үсэг цуглуулж байгаа. МАНАН-гаа авч үлдэх гэж түүнтэй тэмцэж буй 40 гишүүнийг тараах тухай асуудлыг л ярьж байгаа юм. Би үүнийг тэнэглэл гэж харж байна. Бас заль гэж харж байна. Монголын ард түмний хүсэл зориг бол МАНАН-г устгах юм. Үнэхээр УИХ-ыг тараахыг хүсч байгаа бол МАНАН-гийн 30 гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгчих. Дараа нь бид өгье.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 17-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Нийслэлийн 85 дугаар цэцэрлэгт 250 цэцэрлэгийн багш нарын туршлага солилцох уулзалт болно. Утас: 96635753, 99285651

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002814, 95675629

09.00 цагт АШУҮИС-ийн Төв номын санд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл рeзидeнтийн сургалтад зориулсан ном хүлээлгэн өгнө. Утас: 99179899

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс АНУ-ын H2 визийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй: Зөвлөх үйлчилгээний үнэ цэнэ” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 70137012, 95970120

14.00 цагт “Grand hill” зочид буудалд мэргэшсэн нягтлан бодогчдын “Эдийн засгийн өнөө ба ирээдүй” хурал болно. Утас: 88086225

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Хууль нь батлагдчихвал энэ онд гадны банк орж ирэхийг үгүйсгэхгүй

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Мөнгөний бодлого, Монголбанкны ерөнхийлөгчийн оны өмнөхөн хийсэн мэдэгдлээс төв банк энэ онд валютын нөөцийг өсгөхөд анхаарна гэсэн утга уншигдаж байна. УИХ алтны татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй байх магадлал өндөр болчихлоо. Тэгэхээр доллар худалдаж авахаас өөр гарц үлдэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Эхлээд нөөцийг яагаад өсгөөд байгаа тухай тайлбарлая. ҮАБЗ-ийн үзэл баримтлалд улс аюулгүй, бие даасан, баталгаатай оршихын тулд тодорхой хэмжээний валютын нөөцтэй байх ёстой, тэр нөөцийн хэмжээ нь улсын жилийн импортыг хангахаар хэмжээний байх ёстой гээд заачихсан. Жилийн импортын нөөц гэдэг өнөөдрөөр яривал дөрвөн тэрбум гаруй ам.доллар. Эдийн засаг томорч байгаа учраас цааш өсөх хандлагатай. Ер нь зургаан тэрбум орчим байхад тогтвортой өсөлтийг хангана. 2018 оны сүүлийн тоогоор валютын нөөц 3.5 тэрбум ам.доллар байна. Өнөөдрийн импорттой харьцуулбал 6-8 сарын нөөц. Жилийн нөөцтэй болохын тулд цаашид хуримтлуулах шаардлага бий. Валютын 3.5 тэрбум ам.долларын нөөц бол сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг задалж ярья. Нэгдүгээрт, экспорт дажгүй байна. Нүүрсний экспорт хэвийн үргэлжилбэл валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө. Валютын нөөц бүрдүүлэх өөр нэг хэрэгсэл нь алт. Хуулиараа алт худалдаж авч, экспортлох онцгой эрх ганцхан Монголбанкинд бий. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан Оюу толгой гэх мэт компанийн хувьд өөр л дөө. Бусад уурхайн алт арилжааны банкаар дамжиж манайд ирдэг. Төв банк авсан алтаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг. Өнгөрсөн жил худалдаж авсан алтаа зараад 700 гаруй сая ам.долларын валютын эх үүсвэр бүрдүүлсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд түрүү жил 850 сая ам.доллар орж ирэх тохиролцоотой байсан ч 300 гаруй сая ам.доллар орж ирсэн.

-Хагас тэрбум ам.доллар орж ирээгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Засгийн газраас ОУВС-гийн өмнө тодорхой хэмжээний үүрэг авчихсан байгаа. Монголбанкны хувьд ч гэсэн банк санхүүгийн системийг сайжруулна, чадавхжуулна гэсэн үүрэг авсан. Авсан үүргүүд дотроос зарим нэгэн дээр нь хугацаа хожимдсон тал бий. Дэлхийн банк тэтгэврийн насыг төд болго, татварын ялгаатай бодлого явуул гэсэн үүрэг өгсөн.

Тэр болзлыг нь биелүүлэхдээ сонголттой болгочихоод байгаа. Тэгэхээр нөгөө тал “Та бүхний шийдлийг харж судалъя. Тавьсан нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгая” гээд үнэлгээ өгөх хугацаагаа хойшлуулаад байна л даа. Японы Засгийн газраас орж ирэх мөнгө бас хойшилж байна. Японы Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнээс гадна давхар нэг нөхцөл гарч ирсэн. Шинэ онгоцны буудлын менежмэнттэй холбоотой асуудал гарсан. Японы санхүүжилтээр онгоцны буудлаа барьсан ч яг ажиллуулахдаа тулахаар хэн нь менежмэнтийг авах тухай яриа үүссэн юм билээ. Шинэ нисэх буудлыг 51:49 хувийн харьцаатайгаар тодорхой хугацаагаар Япон талаар удирдуулаад, дараа нь Монголд шилжүүлж авах нөхцөлүүд тохирч байгаа мэдээлэл дуулдсан.

-Валютын нөөцийг алтнаас бүрдүүлнэ гэсэн тайлбарыг төв банкнаас өгч байгаа. Алтны татварын хөнгөлөлтийн хугацааг УИХ сунгахгүй бол эрсдэл үүсч таарна. Тийм нөхцөл үүсвэл төв банкинд зах зээлээс доллар худалдаж авахаас өөр зам бий юу?

-Манайхаас алтны татварын хөнгөлөлтийг наад зах нь хоёр, гурван жил сунгаад өгөөч, тэгвэл тогтолцоо маань тун ойлгомжтой болно гэсэн байр суурьтай байгаа. Төсөвт алтнаас гэхэд л 50 тэрбум төгрөг жил бүр орж байна. Одоогийнх шиг жил бүр 20 тонн алт тушаагдаж, татварын орчин энэ хэвээр байвал шүү дээ. Хэрвээ татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдах уу гэсэн асуудал гарч ирнэ. Өмнө нь жилд хориод тонн алт худалдан авч байгаад 68 хувийн татвар тавьснаас хойш хоёр тонн хүрч буурсан түүх бий. Хэрвээ татварын хөнгөлөлт үргэлжлэхгүй бол төсөвт алтны салбараас татвар нь орж ирж болох ч олборлосон бүх алт Монголбанкинд тушаагдахгүй байх эрсдэлтэй. Төв банкинд тушаах алтны хэмжээ буух хэрээр төсөвт орж ирэх татвар багасна гэсэн эрсдэл бас бий. Хэрвээ ийм эрсдэл гарвал төв банкнаас улсын хэмжээнд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Уул уурхайн бус салбарын экспортыг дэмжинэ.

-Яаж дэмжих вэ, тодорхой гарц шийдэл байна уу?

-Гадаад худалдааны бодлого тодорхой хэмжээнд алдагдсан. Манай улс ганцхан оронтой чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Тэр нь Япон. Япон руу их хэмжээний бүтээгдэхүүн экспортолно гэж хэлэлцээр байгуулсан ч үр дүн нь эсрэгээрээ байгаа. Харин ч гадаад худалдааны алдагдал хамгийн өндөр улс нь Япон байна. Тэр утгаараа бодлогоо зөв болгох шаардлага бий. Гадаад худалдаа санхүүгийн салбараар л урагшилдаг. Тодруулж хэлбэл худалдааны санхүүжилтгүйгээр хөгжих боломжгүй салбар. Банкууд харилцан баталгаа гаргаж байж худалдаа чөлөөтэй явдаг. Тийм учраас худалдааны санхүүжилтэд нэлээд сайн оролцож дэмжих хэрэгтэй гэж харж байна.

-Зээлийн олдоц бага гэсэн бэрхшээл аж ахуйн нэгжүүдэд байгаа юм биш үү?

-Банк санхүүгийн салбарт бүрэн оношлогоо хийлгэх үеэр тийм асуудал байсан л даа. Оношлогооны дараа банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Банкны нийт системд ДНБий 1.9 хувьтай тэнцэх буюу 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлага байна гэсэн дүгнэлт гарсан юм. Гэхдээ зарим банк хангалттай нөөцтэй гэж гарсан. Өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад хөрөнгөө нэм гэсэн үүрэг өгсөн, биелэлт нь хангалттай гарлаа. Өөрөөр хэлбэл банкууд эрүүл болсон учраас үйл ажиллагаа нь хэвийн явна гэж харж байна.

-Та экспортыг дэмжих тал дээр тодорхой гарц хэлсэнгүй?

-Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид валютын зээл олгосон бол эрсдэлийг нь өндрөөр үнэлж дарамт үзүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа. Бодлогын хувьд дэмждэг байгууллага хэрэгтэй гэж харж байна. Өндөр хөгжилтэй улсууд ч экспортоо дэмжсэн байгууллагатай. Жишээ нь, Германд “Хермес” гэж байгууллага бий. Экспорт хийдэг компаниудынхаа санхүүгийн бүх үйлчилгээг даатгадаг. Ийм дэд бүтэц байх ёстой. Тэр байгууллага нь төрийнх үү, хувийнх байх уу гэдэг асуудал бий. Мэдээж эхний ээлжинд төрийн байсан нь зөв. Дэлхийн жишиг нь ч тийм. Өөрөөр хэлбэл уул уурхайн бус салбарын экспортыг дэмжсэн санхүүгийн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй.

-Хэрэгжлээ гэхэд хугацаа орохоор шийдэл санагдаж байна. Ойрхон хэрэгжих боломжтой ямар дэмжлэг байна?

-Хөгжлийн банкаар дамжуулж дэмжих гарц бий. Яриа хөөрөө эхэлсэн. Монголбанк оны өмнө нь шилдэг 200 экспортлогч аж ахуйн нэгжийн саналыг сонсохоор урилга хүргүүлсэн юм. 40, 50иад аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн. Одоо дахиад урих гэж байна. Саналыг нь сонсоод шийдлээ гаргана. Хамгийн гол нь Монголбанкинд бага хүүтэй санхүүжилт гаргах боломж байхгүй. Төв банкийг тодорхой нэг салбар, тодорхой нэг аж ахуйн нэгжийг дэмжихийг хуулиараа хорьчихсон. Тийм учраас макро эдийн засгийн үүднээс харж, бүгдэд нь тэгш хандсан байдлаар харилцахаас аргагүй.

-Эдийн засгийн суурь нөхцөл сайн гэсэн хэрнээ ам.долларын ханш өссөөр байна. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Бид байр сууриа тодорхой хэлсээр ирсэн. Валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээндээ хүрсэн хэр нь ханш өгсөөд байна. Хүлээлт өөр байна л даа. Төгрөгт итгэх итгэл алдарч доллар руу хандаж байгаа нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Хоёрдугаарт, доллар чангарах дэлхийн хандлага бий. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ таван ч удаа өсгөчихлөө. Энэ онд ахиад хоёр удаа өсгөнө гэчихлээ. 2020 онд нэг удаа өсгөнө гэж мэдэгдээд байна. Ингэж өсгөх хэрээр АНУд хөрөнгө оруулах сонирхол ихэснэ гэсэн үг. Дэлхийн улс орнуудад байгаа доллар эргээд АНУ руу чиглэх урсгал идэвхжинэ гэж ойлгож болно.

-Америкийн хувьд бодлогын хүүгээ өсгөх нь тодорхой байсан. Байдал хэтээсээ ойлгомжтой байхад ийм тайлбар хийгээд суухаар хүлээлтийг улам өдөөх сөрөг талтай юм биш үү. Төв банкнаас өөр арга хэрэгсэл эрж хайх ёстой байх аа?

-Бид зүгээр суухгүй байгаа. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сард Мөнгөний бодлогын хорооны хурлаа ээлжит бусаар зарлаж төгрөгөө хамгаалах зорилгоор бодлогын хүүг нэг хувиар өсгөсөн. АНУын бодлогын үр дүн хоёр янзаар гарч ирнэ. Доллар нь эргэж орж ирж байна, эдийн засагт нь мөнгө нь цугларч эхэлсэн гэх мэт давуу тал бий. Гэхдээ бас сөрөг тал ч байгаа. Бодлогын хүү гэдэг чинь мөнгөний захад үйлчилдэг. Гэтэл нөгөө талд хөрөнгийн зах гэж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүү өсөхөөр үнэт цаас руу очих мөнгө багасчихдаг. Тийм учраас АНУын бүх биржүүдийн индекс уналттай яваа. Сүүлийн үед нэлээд унаж байгаа. Үүнээс болж дотооддоо маргаан яриа үүсгээд эхэлчихсэн.

-Бодлогын хүү өсгөх нэг талаар төгрөгөө хамгаалсан алхам байж болох ч нөгөө талд зээлийн хүү өсөх эрсдэл байгаа шүү дээ…?

-Зээлийн хүү өсөх эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Бодит эдийн засгийн секторт ачаалал нэмэгдэж эхэлнэ. Монголбанкны хувьд зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд хоёр хувиар буулгаж чадсан. Ингээд явж байтал нөхцөл байдал өөрчлөгдлөө. Хүүгийн бууралтыг зогсоохоос аргагүй шалтгаан гараад ирчихлээ л дээ.

-Сангийн яам төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн. Тэр утгаараа өнөө жил төсвийн алдагдал өндөр гарч мэдэх эрсдэл бий гэж эдийн засагчид хэлж байна. Төсөв боловсруулахад бодлогын нөлөөлөл үзүүлэх боломж Монголбанкинд байдаггүй юм уу?

-Байхгүй. Угаасаа тусдаа байгууллага.

-Гэхдээ бодлогоо холбож хослуулж, уялдуулж ажиллахаас аргагүй байгууллагууд биз дээ?

-Таны асуултад хариулахын тулд Валютын санг шүүмжлэхээс аргагүй нөхцөл үүсч байна л даа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны үзүүлэлт, Засгийн газар, төсвийн үзүүлэлтүүд ямар байх вэ гэдэг дээр тохироо хийгээд явж байна. Ингээд явж байтал төсөв 5.6 хувийн алдагдалтай, есөн их наядын орлого, 11 их наядын зардалтай гэх мэт бүх тоогоо валютын сантай тохирч байгаа. Ингэж тохироод орж ирж байгаа нөхцөлд нөлөөлөх боломж байхгүй. Төсөв тэлсэн ийм үед мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн сонголт л бидэнд үлдэж байна. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогыг нийцүүлж уялдуулж байна гэж ойлгож болно.

-Валютын сангийн хөтөлбөрийн хувьд асуух нэг зүйл байна. Бид тэднээс хүүтэй мөнгө авч байгаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр ядаж л төсвийн сахилга бат сайжирна гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Тэгэхээр хөтөлбөрийн өгөөж гэж ер нь байна уу?

-Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш төсвийн алдагдал буурсаар яваа. Энэ оны төсвийн зарлага ч буурсан дүнтэй байгаа.

-Цаасан дээр бичсэн тоогоор бол тийм л дээ, зарлага багассан харагдаж байгаа. Гэхдээ орлогоо өөдрөгөөр төсөөлчихсөн учраас зардал нь өсч таарна шүү дээ?

-Олон улсын шинжээчид “2008 онд болсон дэлхийн санхүүгийн хямралаас хойш арван жил болчихжээ, хямрал давтагдаж магадгүй” гээд байна л даа. Циклд хэр бэлдэж байгаа тухай яриа дэлхийн улс орнуудын түвшинд яригдаад эхэлчихсэн. Бид ч гэсэн 2019 оныг хүнд гэж хараад бэлтгэлээ хийж байгаа. Хэдийгээр хүндрэл, асуудал бий ч манай улсын эдийн засаг 6.3 хувь өсчихлөө. Эдийн засгийн өсөлт энэ онд долоон хувь руу ойртчих байх. Ийм төсөөллийг хангах ажил нь бидэнд ирж байна. Том төсөв байна гэж та сая хэллээ. Тэр утгаараа эдийн засгаа дэмжиж таарна. Гэхдээ цаашид хурдыг нь хэт нэмж савлуулахгүйгээр зогсоох, тогтворжуулах тал дээр нь ажиллах үүрэг төв банкинд байна.

-Төв банкнаас хамаарахгүй эрсдэл байна уу, энэ онд?

-Жишээ нь, нефтийн зах зээл биднээс хамаарахгүй. Ганц газраас авдаг гэсэн сул тал бий. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин. Улс төр тогтворгүй байвал байдал хэцүүдэх эрсдэлтэй. Гурав дахь эрсдэл бол экспорт. Уул уурхай гол хувийг эзэлдэг. Уул уурхайн экспорт нь ганцхан зах зээлээс хамааралтай. Өнгөрсөн жилийн нүүрсний зах зээл шиг хил боомтон дээр гацаа гарвал хэцүү.

-Энэ онд түүхий эдийн үнэ ямаршуу байх нь вэ?

-Дажгүй. Нүүрс өнөөдрийн үнэ дээрээ тогтвортой байна гэсэн таамаг гарсан. Зэсийн үнэ өснө гэж байна. 2021, 2022 оноос эрэлт нь нийлүүлэлтээсээ давна гэсэн өөдрөг таамаг энэ зах зээлд бий. Тэгэхээр зэсийн зах зээл маш эерэг байгаа. Алт ханшаа алдахгүй, өснө. Дэлхийн худалдааны дайн гэх мэт бие биедээ үл итгэсэн байдал нь мөнгөн дээр үл итгэл бий болгочихсон. Доллар, юань, еврод итгэхгүй нөхцөлд ганцхан алтанд итгэдэг. Оросын төв банк гэхэд л нөөцийнхөө дийлэнх хэсгийг алтаар байршуулна гэсэн шийдвэр гаргачихлаа. Монголбанкны хувьд алтныхаа тодорхой хэсгийг шууд доллар болгохгүй барих хэрэгтэй гэж харж байгаа.

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь хэр зөв бодлого вэ?

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь зөв бодлого. Ипотекийн зээл өмнөхөөсөө багасаад ирэхээр хүмүүс цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, машин гэх мэт хэрэглээний зээл рүү ханддаг юм байна. Манай импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүн эзэлж байна. Хэрэглээний зээлийн өсөлт нэг талдаа импортыг өдөөгөөд байна л даа. Импортын зээлийн тухайд хуучин хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан. Гэтэл одоо дөрвөн тэрбум ам.доллар болоод өсчихсөн. Өөрөөр хэлбэл замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирсэн юм. Хоёрдугаарт, зөв хэрэглээг дэмжих шаардлага бий. 2018 оны шинэ зээлийн тал нь хэрэглээний, тал нь үйлдвэрийн зээл гэж гарсан. Зургадугаар сард авсан арга хэмжээний үр дүнд ингэж өөрчлөгдсөн л дөө. Түүнээс өмнө буюу 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлт огт өөр байсан. 80 хувь нь хэрэглээний, 20 хувь нь үйлдвэрлэлийнх байсан юм.

-Нөгөө талаас нь харвал хэрэглээний зээл авах хүсэлтэй хүмүүс банк татгалзвал ломбард, банк бус санхүүгийн байгууллага руу явж таарна. Хэрэглээний зээл хүсдэг ихэнх хүмүүсийн хувьд тансаглах гэхээс илүү зайлшгүй шаардлагаар авдаг гэж анзаарагддаг. Тэгэхээр иргэддээ ачаа нэмсэн шийдвэр биш үү?

-Таны хэлж байгаа шиг банкнаас банк бус руу явбал банк бусын зах зээл хөгжинө. Тухайн зах зээл дээр өрсөлдөөн бий болно, өрсөлдөөн үүсэхээр хүү нь буурах, үйлчилгээ нь сайжрах гэх мэт давуу тал бий.

-Таны ярьж байгаа шиг эерэг хандлага анзаарагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хол сонсогдож байна. Долларын ханш өссөн ийм үед иргэддээ дарамт нэмэх хэрэг байна уу гэсэн утгаар асуугаад байна л даа. Ойрхон юм ярья.

-Финтекийн зах зээл хөгжөөд эхэллээ шүү дээ. Лэнд.мний зах зах зээл гэхэд ХААН банктай зэрэгцээд очиж байна. Өөрөөр хэлбэл тэнд өрсөлдөөн үүсчихсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж зээл авснаас утсаараа авах нь хялбар болчихлоо. Хүмүүс оноогоороо зээл авдаг болж байна гэдэг бол давуу тал. Оноо нь ихсэх тусам хүү нь багасдаг. Та ойрхоны, өнөөдрийн юм ярья гэж байна. Монголбанкны хувьд гэрэл унтраагаад асаадаг шиг ойрхон хугацаанд шууд өөрчлөлт хийх боломж алга л даа.

-Гадны банк орж ирнэ, ирэхгүй гэж олон жил ярилаа. Ирэх онд гадны банкны тал дээр ямар нэг өөрчлөлт гарах уу?

-Хууль батлагдахыг хүлээж байна. УИХ дээр намрын чуулганаар батална гэж ярьж байсан. Гэтэл өнөөг хүртэл баталсангүй. Хуульгүй учраас гадны банк орж ирэх асуудал хойшлогдоод байна.

-Хууль нь батлагдчихвал гадны банк орж ирэх үү?

-Орж ирэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр манай улсад гадны зургаан банкны төлөөлөгчийн газар ажилладаг. Тэд хууль хүлээж байгаа. Хоёрдугаарт хууль нь хэр зөв гарах вэ гэдэг асуудал бий. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийн тухайд анхаарах хэдэн заалт бий. Жишээ нь, дүрмийн сангийн хэмжээ нь 500 тэрбум төгрөг байх гэсэн заалт бий. 500 тэрбум төгрөг гэдэг бол 200 гаруй сая ам.доллар. Хэчнээн том банк ч гэлээ улс бүрд салбар нээгээд 200 сая ам.доллар байршуулаад байна гэдэг амар биш. Шалгуурын хувьд өндөр. Хоёрдугаарт, нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг гээд тусгачихсан. 100 тэрбум төгрөгөөр зээл авдаг аж ахуйн нэгж Монголд хэд байгаа билээ. Энэ мэт анхаарах зүйлс бий.

-Төгрөг, рублийн своп руу шилжчихвэл зөв гарц болно гэж ярьдаг. Энэ чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа юу?

-Монголбанкнаас Оросын төв банк руу төгрөг, рублийн своп хийе, импортолдог шатахуунаа рублээр авчихаж байя гэсэн хүсэлт тавьсан. Нөгөө талаас татгалзсан маягтай байгаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ цаашдаа хэр өсөх вэ?

-Монголбанк мөнгө гаргаад ипотекийн зээл өгнө гэдэг стандарт бус шийдэл. Арилжааны банкаар дамжих ёстой. Бага зэргийн хөнгөлөлт байх ёстой бол төсвөөс шийдэх учиртай. Валютын сан Засгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ энэ онд шилжүүлэх боломжгүй болсон. Учир нь Засгийн газар төсөвтөө тусгасангүй. Монголбанкнаас ирээдүйд энэ зээлийг зөв гольдрилд нь орох суурийг тавьж өгье гэж зорьж байна. Ипотекийн эх үүсвэрийн ард МИКийн бонд бий. Энэ бондын 90 хувийг төв банк, 10 хувийг банкууд авч байгаа. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн 90 хувь төрөөс, 10 хувь банкуудаас гарч байгаа гэсэн үг. Энэ харьцааг 50:50 болгох нь зөв. Тодруулж хэлбэл энэ онд ипотекийн зээлийн 50 хувийг арилжааны банкнаас гаргах гээд ажиллаж байна. Монголбанк, Засгийн газар нийлээд 300 тэрбумыг гаргаж байгаа. Банкууд 300 тэрбумыг гаргавал ипотекийн зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өснө гэсэн үг.

-Арваад хувиар авсан хадгаламжаа буцаагаад зээл болгож гаргадаг банкуудад найман хувиар орон сууцны зээл олгох эх үүсвэр олдох уу?

-Эх үүсвэрийн хүүг бууруулах боломж юу вэ, бодлогын хувьд яаж дэмжиж болох вэ гэдгийг судалж байна. Эхний боломж нь арилжааны банкууд МИКийн бондын 50 хувийг авах. Тэр бондоо барьцаалаад төв банкнаас зээл авч болох, олон улсын зах дээр гаргах тал дээр Монголбанкнаас дэмжье гэж байна. Олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татаж чадвал ипотекийн зээлд эерэгээр нөлөөлнө. Ийм зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтарч уулзсан. Засгийн газар дөрвөн хувиар өгдөг эх үүсвэрээ нэг хувь болгоё гэж байна. Монголбанк ч дөрвөн хувийн эх үүсвэрээ ингэж бууруулах тухай ярьж байгаа.

-Ам.долларын ханш өсөх нь бодит эрсдэл болчихоод байна. Долларын ханш өсөх хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа. Ингээд харахаар төв банк тодорхой хэмжээнд үнэ тогтворжуулах чигийн арга хэмжээ авах ёстой ч юм шиг.

-Хуулиараа хориотой.

-Хуулиар хориотой гээд үнийн өсөлтийг зүгээр хараад сууна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Инфляци найман хувь болчихлоо. Улаан шугам дээр ирчихсэн гэсэн үг. Найман хувь болсон инфляцийн 50 хувь нь мах, шатахуун, нүүрс гэх мэт улирлын чанартай дөрөвхөн бүтээгдэхүүн.

-Гэхдээ импортын бараг 100 хувийн хамааралтай улсын хувьд үнийн дарамт яалт ч үгүй нөлөөлнө шүү дээ?

-Бид үнэ тогтворжуулах гэх мэт зөв биш арга хэрэглэж байгаад ОУВСгийн хөтөлбөрт орчихсон улс гэдгээ мартаж болохгүй.

-Улстөржсөн мэдэгдэл хийж, өөрсдөө хямрал зохиогоод валютын сангийн хөтөлбөрт орчихсон гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг би эхнээсээ дэмждэггүй байсан. Гурил үйлдвэрлэгч бүх хүн ижил нөхцөлөөс өрсөлдөх нь шударга. Ялгаатай нөхцөлтэй санхүүжилт аваад байж болохгүй л дээ.

-Төв банк дундаж давхарга руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Дундаж давхаргыг дэмжих ёстой гэдэг утгаар нь бид өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Зээлийн дундаж хүү хоёр хувиар буурсан нь дундаж давхаргад эерэгээр нөлөөлнө. Монголбанкны хийж чадах юм ганцхан энэ шүү дээ. Зээлийн хүүг дахиад 23 пунктээр буулгана гэж төлөвлөөд ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Бэгзийн Ганбаатар: Амьдралд тохиолдсон бэрхшээлийг няцалгүй давж гарах тэвчээрийг спортоос олж авсан

Баруун гар талаас эхнийх нь Б.Ганбаатар. 2004 он Афины олимпийн дараа

Монголын бүстэй бөхийн холбоо, Монголын кураш бөхийн холбооны шигшээ багуудын ахлах дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Бэгзийн Ганбаатартай ярилцлаа.


Хүй мандал гэж олон шилдэг тамирчид төрж гарсан дэвжээг та үүсгэн байгуулж багш дасгалжуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Жүдогийн шигшээ баг тарчихсан үед байгуулсан гэж сонссон?

-Тийм. Улсын арслан П.Дагвсүрэн багшийнхаа захиасаар “Хүй мандал” клубийг байгуулж байлаа. Эдийн засаг хүнд үед үйл ажиллагаагаа эхлүүлж улсын начин Б.Одхүү, гавьяат тамирчин Ц.Дамдины хүү Сүлдбаяр тэргүүтэй хэдэн залууг цуглуулаад хамт бэлтгэл хийж байсан. Шигшээ баг тарчихсан жүдо бөх Монголд ирээдүйгүй гэж үзэж байхад, үнэн сэтгэлтэй улс бэлтгэл хийж хөлсөө урсгаж байсан шүү.

-Таны, танай дэвжээний залуусын хөлс хөдөлмөр талаар өнгөрөөгүй шүү дээ. Хүй мандал-аас олимпийн медальтан төрсөн?

-Хүний хөлс хөдөлмөрийг заавал хувь заяа нь үнэлдэг байхгүй юу. Хашбаатарын Цагаанбаатар гэж жаахан хүү Дарханаас над дээр ирж бэлтгэл хийгээд залуучуудын улсын аваргад түрүүлж байлаа. Тэр олимпийн цикльд Цагаанаа бид хоёр одтой наадаж 19-хөн насандаа Афинаас медаль зүүж монгол түмнээ баясгаж байлаа. Бэлдсэн шавь маань энэ гаригийн хамгийн том наадмаас медаль зүүгээд зогсож байхад мөн ч олон юм бодогддог юм билээ. Энэ нь Цагаанбаатар гэж аваргын амжилтын эхлэл байсан. Хожим Ротердамын татамид гялалзаж монголчуудаас дэлхийн аваргын анхны алтан медаль зүүгээд зогсож байхад нь уйлаад л сууж байлаа.

-Шавь нараас тань олон дэлхийн аварга төрсөн байх шүү. Мөнхбатын Уранцэцэг гавьяат таны гараас дэлхийн аварга болсон гэдэг?

-Самбо, Кураш барилдааны төрлөөр олон дэлхийн аварга төрсөн байдаг. Зөвхөн кураш барилдаанаар л гэхэд 31 тамирчин бэлтгэж дэлхийн аварга болгосон. Дэлхийн аваргаас 120 орчим медаль авсан юм билээ. Таван удаа багаараа түрүүлсэн. Өнөөдрийн жүдогийн одод ч надтай бэлтгэж хийж их спортын замналаа эхлүүлсэн түүхтэй. Мөнхбатын Уранцэцэг гэж 17-хон настай охин миний гараас анх дэлхийн аварга болж байлаа. Сая дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Өлзийбаярын Дүүрэнбаярыг бэлтгэж Энэтхэгт болсон Курашийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулж байлаа. Итгэлийг маань ч алдалгүй сайн барилдаж хүрэл медаль зүүж байсан даа. Энэ амжилтууд олон айлд, олон аав ээжид баяр баясгалан бэлэглэдэг болохоор би дотроо баярлаж явдаг юм. Миний амьдралын утга учир тэр юм даа.

-Шавь бэлтгэх арга барил онцлогийнхоо талаар ярихгүй юу?

-Би судалгаанд тулгуурлаж сургалтаа явуулдаг. Сайн дасгалжуулагч байхын тулд судалгаа их хийх хэрэгтэй. Орос, англи хэл дээр хэвлэгдсэн гарын авлагуудыг уншина. Багш хүн гэдэг ур чадвартай, заах арга зүй сайтай байх хэрэгтэй. Дээрээс нь туршлага чухал. Туршлагыг тэмцээн уралдаанаас л олж авна. Энэ бүгд тамирчны хичээл зүтгэлтэй хавсарч сая нэг амжилт ирнэ шүү дээ.

-Таны хувьд 2006 онд Кураш барилдаанаар дэлхийн аварга цол хүртэж байсан байх. Монголоос төрсөн анхны Дэлхийн аварга бил үү?

-Би самбо, жүдо, кураш бөхийн төрлөөр барилдаж байлаа. 2006 онд миний спортын замнал өндөрлөх тал руугаа хандаж байсан үе. Кураш барилдааныг Монголд хөгжүүлж өөрөө тамирчин дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн юм. Шигшээ багаа бэлдэж байгаад Узбекистанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаад түрүүлж байсан даа. Аваргын төлөө эзэн орны Абдулаев гэж залууг ялаад ордонг чимээгүй болгож байсан. Өнөөх залуу маань хожим нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлсэн байдаг.

-2007 онд Кураш барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаа-тарт зохион байгуулагдаж байсан бил үү. Манайхан багаараа өндөр амжилт үзүүлж байсан санагдаж байна. Тэмцээний зохион байгуулалтад таны бие оролцож байсан шүү дээ?

-Анх удаа Улаанбаатарт Дэлхийн таван тивийн 48 орны 340 орчим тамирчид хуран чуулж байлаа. Тухайн үед дайн байлдаантай байсан Афганистанаас хүртэл тамирчид ирж оролцож байсан. Материаллаг бааз, заал танхимын тухайд хүндрэлтэй асуудлууд гарч байсан ч хойш суулгүй өндөр хэмжээнд зохион байгуулсан. Тамирчид маань ч өндөр амжилт үзүүлсэн. Одоо энэ гавьяат тамичрин М.Уранцэцэг чинь тус тэмцээнээс алтан медаль хүртэж энэ их амжилтын замналаа эхлүүлж байсан түүхтэй.

-Спортоос та амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авав?

-Амьдралд тохиолдсон бэрхшээлийг няцалгүй, давж гарах тэсвэр тэвчээрийг би спортоос олж авсан. Дээрээс нь спортын хүмүүжил гэж аугаа зүйл бий. Энэ хүмүүжлээр хань ижил, үр хүүхдээ хайрлаж халамжилж өсгөсөн. Монгол хүүхэд болгоныг барилдаасай гэж хүсдэг юм. Спортоос өөрийгөө ялах чадварыг олж авах болно. Өөрийгөө ялж чадсан хүн хэр баргийн бэрхшээлийг даваад гарах хатуужилтай болдог. Миний хамгийн том өрсөлдөгч миний дотоод хүн.

-Кураш, Казах кураш зэрэг бүстэй барилдааны үүсэл хөгжлийн талаар ярихгүй юу?

-Дэлхийд ардчилал бий болсноос хойш хүн болгоны үндэсний үзэл сэргэж өөр өөрийн үндэстнээ сурталчлах, үндэстний орон зайг бий болгох зорилгоор барилдаанууд нь сэргэж ирсэн. 1997 оны есдүгээр сарын 2-нд Ташкентад болсон анхны уулзалтаар Кураш бөхийн дэлхийн нэгдсэн холбоог байгуулсан. Манайх анх удаагаа ажиглагчаар оролцож байлаа. Удалгүй бусад орнууд өөр өөрсдийнхөө бөхийг хөгжүүлж эхэлсэн л дээ. Дэлхийн нийтэд 216 төрлийн бүстэй барилдаан байдаг юм байна. Хүний нийгэм үүссэнээс хойш буюу чулуун зэвсгийн үеэс энэ бүхний суурь тавигдсан гэж үздэг. Газар нутгийн байршлаас шалтгаалаад үндэстэн болгонд өөр өөрийн барилдаан байсан гэж үздэг юм билээ.

-Сүүлийн үед бүстэй барилдааны үүслийг манайхтай холбож ярих болсон. Та ч судалгааны ажилдаа энэ талаар дурдсан байсан шүү дээ?

-Дээр дурдсан кураш ба киргиз кураш, казах кураш бөхийн үндэс нь Чингисийн үеийн байлдааны бие хамгаалах урлаг байсан талаар би судалгааны ажилдаа дурдсан. Ингээд үзэхэд энэ олон үндэстний барилдааны үндэс нь манай үндэсний бөхтэй холбогдож байна. Мөн хамгийн анхны олимпийг 1896 онд Афинд зохион байгуулсан гэж үздэг. Түүхийн хуудсыг эргүүлэхэд Чингис Хархоринд бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваж байсан. Энэ том тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шахуу хүчтэй бяртай эрс цуглаж байсан талаар түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. Энэ нь олон улсын олимпийн наадмийн эх үүсвэр нь байсан гэж үзэж болно. Түүхээ судлаад үзэхэд бид олон зүйлийн анхдагч байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан нүүдэлчдийн их наадамд 10 үндэстний барилдаанууд болоход манайх дөрвөн төрөлд нь алтан медаль хүртсэн. Манайхаас үүсэлтэйг баталж буй нэг хэлбэр шүү дээ. Бүх үндсэн барилдаануудын суурь, үндсэн хөдөлгөөн нь манай үндэсний бөхтэй их ойрхон байсан. Бид өөрсдөө хуучин техник дээрээ жүдо, самбынхыг холиод өгөхөд дэлхийд шинэ сургалт гаргаж ирэх боломжтой.

-Бүстэй барилдааныг дэлхийн бөхийн нэгдсэн холбоо албан ёсоор бүртгэж авсан уу. Олимпийн хөтөлбөрт багтах боломж хэр байдаг вэ?

-2018 оны есдүгээр сард Унгарын Будапешт хотод болсон дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хурлаас бүстэй барилдааны бөхийн нэгдсэн холбоог нэгдсэн бөхийн холбооны албан ёсны гишүүнчлэлтэй болгосон. Гишүүнчлэлтэй болсноос хойших бүстэй барилдааны дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 2019 оны есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулагдахаар болсон. Удахгүй бүстэй барилдаан олимпийн хөтөлбөрт багтах боломжтой. Хэрэв багтвал Монголоос хэд хэ-дэн олимпийн аварга төрөх боломжтой. Энэ дээр улсаас дэмжиж зөв бодлого боловсруулж, сургалтын арга барилаа шинэчилж гаргаж хөгжүүлбэл аваргууд хэд хэдээрэй төрөх боломж бий. Бүстэй барилдаанууд ирэх Азийн олимпийн хөтөлбөрт 15 жингийн ангиллаар багтсан байгаа.

-Монголын спортын хөгжлийн ирээдүйг та өнөөдөр яаж харж байна?

-Гэрэлтэйгээр төсөөлж байгаа шүү. Монголд анх удаа Азийн хүүхдийн спор-тын наадмыг 2020 онд зохион байгуулахаар болсон юм билээ. Урд хойд хоёр хөрш маань өвөл зуны олимпийн наадмыг ээлжилж зохион байгуулаад байдаг. Бид нар үзээд л байдаг. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бид том спортын баазтай болж байна. Монгол Улс томоохон тэмцээн хүлээж авахад бэлэн болж байна.Нисэхэд барьж буй спортын ордны барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай явж байгаа. Азийн хүүхдийн спортын наадам зохион байгуулснаар өсвөр насны хүүхдүүдийг спортод татах ач холбогдолтой. Спортоор хичээллэсэн хүүхэд зөв иргэн болж төлөвшинө. Зөв иргэн болж төлөвшинө гэдэг улс орны хөгжилд оруулж буй том хувь нэмэр шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, хөх бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 11, Чөлөөт эх одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8:33 цагт мандан, 17:30 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Түүх зохиогдсон түүх” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Түүх зохиогдсон түүх” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрсэн зам – бодит түүх – (1989/12/31 – 1990/01/04-ний өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Ерөнхийлөгч Х.Баттулга Таван толгойн орд газартай холбоотой баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгөв” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

“.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу?” хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“С.Мөнхчулуун Хотын захирагчид нэрээ дэвшүүлж, олонхын санал авлаа” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ” гэж “Улс төр” нүүрт бичив.

С.Чинзориг: Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Гишүүн Н.Номтойбаярын мэдэгдсэн 500 сая төгрөгийн хэрэг юу болов” гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбат: Шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд хуурамч, худлаа гарна гэж байхгүй гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Динамик” фитнессийн захиарал Б.Батням: Бодибилдинг, фитнессээр анхлан хичээллэгсдэд уураг, нэмэлт тэжээл шаардлагагүй хэмээн “Спорт” нүүрт ярьсан байна.

“Их Британийн ерөнхий сайд Т.Мэйд итгэл үзүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

БСШУСЯ-ны лаборатори “Эрдмийн өргөө ”цогцолбор сургуулийн бага ангийн багш Х.Амарцэцэг: Бага ангийн багш хүүхдэд хайртай хүн байх хэрэгтэй гэж “Багш” нүүрт ярилаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Цэдэндоржийн Төвшинтөгс: Дуулаачид дэлхийн тайзнаа гайхагдаж байгаа нь монгол дэг сургуулийн гайхамшиг хэмээн “Сонгодог урлаг” нүүрт ярьжээ.

“Манайхаас өөр оронд хөгшид нь тэтгэвэрт гараад баяжчихдаг” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Такси үйлчилгээний үнэ 1500 төгрөг байхаар өөрчлөн тогтоолоо

Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн 1 км тутамд 1000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоосныг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ. Үнийн энэ өөрчлөлт зөвхөн албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн таксинд хамаарах юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

НИТХ: Хотын шинэ даргад С.Мөнхчулууныг дэмжлээ

Image result for С.Мөнхчулуун

Санал хураалтын дүн гарч С.Мөнхчулуун хотыг удирдахаар боллоо. Санал хураалтад нийт 43 төлөөлөгч оролцсоноос 24 нь буюу 55.8 хувийн санал С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлсэн байв. НИТХ-д оролцсон төлөөлөгчид Ерөнхий сайдад танилцуулах тогтоолыг дэмжлээ. Уг тогтоол нь НИТХ-наас олонхийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон тухай тогтоол бөгөөд НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад танилцуулж түүнийг Засаг даргаар батламжлуулна. Ерөнхий сайд батламжилснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсонд тооцох юм.

С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академийн Төрийн удирдлагын докторант.

  • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр,
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр тус тус сонгогдсон
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээсзам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тодруулбал, дүүргийн Гачуурт, Дарь-Эх, Шар хадны замд тус хэлтсээс Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Ялангуяа ойрын өдрүүдэд тээврийн хэрэгслийн болон мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд ихээр гарч, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн эд зүйл, мал, махыг зөөж тээвэрлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тул тээврийн хэрэгслүүдийг шалгаж байгаа юм.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн гарал үүслийн гэрчилгээтэй мал, махыг тээвэрлэж,тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу хэмээн Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.