Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 10.00 цагт зарлагдлаа.
Month: January 2019
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.
Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг нийлүүлэн 45 ор нэмэлтээр дэлгэн 85 ортой амьсгалын эрхтний эмгэгийн үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нийт 85 орон дээр 77 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт шөнийн ээлжинд дотрын 3 эмч, мэс заслын 1 эмч, резидент 3 эмч нийт 7 эмч, 4 сувилагч ажиллуулж байна. Ингэснээр хүлээн авахын ачааллыг бууруулж, хүлээгдэл чирэгдэлгүй тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Нярайн эмгэг судлалын тасаг 45 орон дээр 93 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт нярайн 35 хувь нь ханиад гэсэн оноштой байна.
Өнөөдрийн байдлаар 17-21 цагийн байдлаар нийт 69 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлснээс 7 хүүхэд хэвтсэн, 53 хүүхэд зөвлөгөө авч буцсан, 11 хүүхдэд мэс заслын, 9 хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн байна.
Жижүүрийн эмч нар яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдийн тоо багассан боловч хэвтэж байгаа хүүхдийн тоо цөөрөөгүй. Өдөрт дунджаар 45-50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэв.
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай тусламж шаардлагатай үед тус төвтэй шууд холбогдох яаралтай тусламжийн утсыг сэхээний тасагт ажиллуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч өчигдөр цаг үеийн асуудлаар болон шударга бус зүйлсийн талаар санал, шаардлагаа прокуроруудад өгсөн. Энэ үеэр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой 179 хуудас баримт өгөөд шалгах нь зүйтэй хэмээсэн билээ. Мөн улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг ЖДҮХСангаас хоёр жил дараалан зээл авсныг шалгах ёстой хэмээн үзэж буйгаа прокуроруудад хэлсэн юм. Б.Амгаланбаатар нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан байна. Түүний “Цаст согоот” ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч “Хуулийг харахаар Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой. Хариуцлгатай, хууль ёсыг чандлан сахих ёстой хүн ЖДҮХСангаас хоёр жил дараалан зээл авсан байна. Энэ хүн шудрага ёс яриад сууж байвал итгэх хүн байх уу. Тиймээс Б.Амгаланбаатарын асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирнэ” гэсэн юм.
НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Нэг хороо, Нэг сар” аяныг эхлүүлж, урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.
Аяныг дүүргийн хамгийн их гал түймрийн дуудлага гардаг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Тус хороо нь 11 хэсэгтэй бөгөөд 3656 өрхийн 13700 гаруй хүн амтай.
Аяны хүрээнд тус хорооны айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Цагдаагийн гурван хэлтэс иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө ажилладаг. Дүүргийн Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсүүд нь өнгөрсөн онд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд багагүй амжилт үзүүлэн ажиллажээ. Тухайлбал Нийслэлийн цагдаагийн хэлтсийн нийт албан хаагчдаас ‘’Нийслэлийн шилдэг ажилтан’’-аар 5 албан хаагч шалгарсан бол Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын тэргүүний албан хаагчдаар 4 хүн тодорсон байна. Түүнчлэн дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь ‘’Нийслэлийн шилдэг хэлтэс’’ээр шалгарсан бол Хэрэг бүртгэх болон Мөрдөн байцаах албаны тэргүүний албан хаагчаар 3 хүн тус тус тодорчээ.
Дашрамд ‘’Илрүүлэлт-шийдвэрлэлт-оргодол’’ болон ‘’Галт зэвсэг’’ нэгдсэн арга хэмжээнүүдийг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж 90-92 хувийн гүйцэтгэлийн үр дүн үзүүлж бусад дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийг манлайлан оролцож, Нийслэлийн цагдаагийн газрын баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тул ‘’Талархал’’ илэрхийлсэн байна.
-ЗУРГАДУГААР САРД БОЛОХ ИХ ХОРИЙН УУЛЗАЛТААС НААНА ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОГЦОМ САВЛАГАА ҮҮСЭХГҮЙ-
Зах зээлийн зарчмаараа шатахууны үнэ өчигдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурлаа. Цаашдаа газрын тосны үнэ буурвал шатахууны ханш дагаад буурна гэж эдийн засагчид, импортлогчид онцолж байна.Шатахууны үнийн тухайд ЗГХЭГ-ын даргын өчигдрийн хэлсэн шиг Засгийн газар, Уул уурхайн яамнаас чиг өгөнгүүт буурчихдаг зүйл биш л дээ. Мань эр өмнө нь бас ингэж мэдэгдэж байсан удаатай. Цаашдаа хэдэн удаа, ямар хэмжээгээр буухыг зохицуулдаг ганц зүйл бол дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн өнгө. Тэгэхээр засаг, төрөөс энэ зах зээлд нэг их оролцохгүй бол зах зээлийн жамаараа дэлхийд үнэ буух тусам АИ-92-ын үнэ буугаад явчих боломжтой гэсэн үг. Засгийн хэвлэлийн мэдээнд онцолсончлон дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурсан учраас шатахууны үнэ буусныг онцолъё. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасны маргааш шууд үнээ буулгах арга байдаггүй гэсэн онцлог манай улсад бий. Хойд хөршөөс өндөр үнээр авсан шатахуунаа зарж дууссаны дараа хямд үнээр авсан шатахуунаа зах зээлд гаргадаг, тэгж гаргах үедээ тонн тутамд буусан үнийн хэмжээгээр өргөн хэрэглээний шатахууныхаа үнийг буулгадаг онцлогтой зах зээл. Тэгэхээр шатахуун импортлогчдын хувьд яг энэ дагуу үнээ буулгасаар өнөөдрийг хүрсэн гэсэн үг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас хойш гурав дахь удаагаа буураад байгаа нь энэ. Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92-оор жишээлье. Эхний удаа 1990 –ээс 1890 болж буурч байв. Дараа нь тавин төгрөгөөр буурч 1840 руу очсон юм. Тухайн үед шатахуунаа 1800 хүртэл буулгасан шатахуун түгээх станцууд ч байсан. Гурав дахь удаадаа үнэ буусны дараа иргэд АИ-92-ыг 1765 төгрөгөөр худалдаж авч байна.
Энэ онд түүхий эдийн зах зээлд газрын тосны үнэ ханш өсөх үү, буурах уу гэдгээс иргэд ирэх саруудад хэдэн төгрөгөөр шатахуунаа худалдаж авах вэ гэсэн асуултын хариу тодорхой болно. ОХУ, ОПЕК хоёр үйлдвэрлэлээ хасч, нийлүүлэлтээ багасгая гэж тохироод газрын тосны үнэ цойлсон ч нөгөө талд занарын технологийг атгасан АНУ-ын тоглолт хар алтны үнийг 60 ам.доллар хүртэл буулгасан юм. Ийм шалтгаанаар 100 ам.доллар хүрнэ гэсэн өөдрөг таамаг ноёлж байсан газрын тосны зах зээл огцом өөрчлөгдсөн. Цаашдаа үнэ өгсөх, уруудахыг Трампын ааш мэднэ гэж хэлэх шинжээч олон байна. Газрын тосны өнөөгийн үнэ 60 ам.долларт хэлбэлзэж буй. Энэ хэмжээ ирэх саруудад, өнөө жилийн хагас хүртэл тогтворжино гэсэн таамаг зах зээлд голлож байна.
ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал А.Громов газрын тосны үнэ хэрхэх нь гурван зүйлээс хамааралтай гэж дуугараад буй. Тэрээр Ираны хориг болон энэ бүс нутгийн геополитикийн асуудал хэрхэн өрнөх, АНУ-ын занарын хийн олборлолтын хэмжээ яаж өөрчлөгдөх, ОПЕК-ын гишүүн орнуудын шийдвэр, гаргасан шийдвэрээ гишүүн орнууд хэрхэн дагаж мөрдөхөөс газрын тосны үнэ хамаарна гэсэн үг унагаад байна. АНУ, Хятадын худалдааны маргаан хэзээ шийдэгдэхээс хамаарна гэх таамаг ч дуулдаж байгаа. Асуудал Трампын зарлаад буй гуравдугаар сарын 1-нээс өмнө амжиж шийдэгдвэл байдал өөрчлөгдөнө гэх таамгийн зэрэгцээ ирэх дөрөвдүгээр сард эхлэх брикситын асуудал төлөвлөсөн ёсоор хэрэгжих үү гэсэн асуулт бас бий. Хятадын эдийн засгийн сааралт энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэх асуудлыг ч шинжээчид сөхөж байна. Мэдээж ОПЕК-ийн нөлөө бүхий орнууд болох Саудын Араб, Иран, ОХУ-ын баримтлах бодлого ч нөлөөгөө үзүүлнэ. Саудын Арабын газрын тосны сайд брэнтийн үнэ 60-70 ам.доллар байхад нэг их асуудал үүсэхгүй, энэ хэмжээнээс өгсвөл гарцаа хязгаарлах асуудал яригдах магадлалтай гэж саявтар дуугарсан. Товчхондоо ирэх зургадугаар сард Японд болох Их хорийн уулзалтаас наана нэг их савлагаа үүсэхгүй гэсэн таамаг байна. Аажмаар 65-70 руу зөөлөн өгсөх болов уу гэх таамаг ч дуулдаж эхэллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой, Нийслэлийн аврах анги-105 үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Аврах ажиллагааны дадлага сургууль” номыг гаргаад байна.
Гамшгаас хамгаалах чиглэлээр суралцаж буй ХСИС-ийн сонсогч, магистрант, докторантуудад болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад зориулсан гаргасан энэхүү ном нь эрэн хайх, аврах дадлага сургууль, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, уулнаас аврах ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг ард иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах судлалын ухааныг хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой тус ном цаашид цувралаар хэвлэгдэн гарах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан https://eservice.ulaanbaatar.mn/ системийг ашиглах, цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх тухай ажлын байран дахь сургалтыг 2018 оны нэгдүгээр сарын 04-09-ний өдрүүдэд оролцогч талууд болох зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, зургаан дүүргийн Цагдаагийн хэлтэс, зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хог тээвэрлэлтийн компани зэргийн нийт 110 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Ийнхүү нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбар дахь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газрын албан хаагчдад хурууны хээ уншигч болон Төрийн банкны ПОС машин суурилуулан Монголбанкны Төлбөр тооцооны газрын Үндэсний цахим гүйлгээний онлайн төлбөрийн системтэй холбогдсон https://eservice.ulaanbaatar.mn/ ашиглан үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авч эхэллээ.
Дээрх ажлыг Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжийн хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
Өнөөдөр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт энэ сарын эхний долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.6 хувиар бага байгаа юм. Гэсэн ч А хүрээний H1N1 вирус халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өндөр байгаа юм байна. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 хувийг А хүрээний H1N1 вирус эзэлж байгаа гэнэ. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөж хүндрэх гол шалтгаан болж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна. Энэ сарын 14-ний байдлаар хүүхдийн эмнэлгийн нийт 977 ор дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд буйг харуулж байна. Эдгээр хүүхдүүдийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байгаа талаар эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 500-700 ор нэмэлтээр шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байв. Эрүүл мэндийн яамнаас хувийн эмнэлгүүдэд ханиад томуугаар өвдсөн хүүхэд хүлээж авах хүсэлтийг хүргүүлжээ. Хувийн эмнэлэгт хүүхэд хэвтсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар дамжуулж улсаас санхүүжүүлэх чиглэл гараад явж байгаа аж. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлэг томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээж авч байгаа юм байна.
Бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар очлоо. Нялх хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн хөлд эмнэлэг дарагджээ. Хаа сайгүй л ханиаж найтаалгасан, уйлагнаж нус нь гоожсон хүүхдүүд. Эмнэлгийн хүүхдийн тасгийн орны ачаалал хэтэрсэн учраас коридортоо нэмэлтээр хэд хэдэн ор гаргачихаж. Дусал залгуулсан, тарианы цагаан хөвөн гартаа наасан хүүхдүүд хэвтэж байгаа харагдлаа. Үүдэнд нь хоёр настай юм уу гэмээр хүүхэд дагуулсан эмэгтэй уцаартайгаар гарч байгаатай таарсан юм. “Охин маань өндөр халуурч, зарим тохиолдолд таталт өгч байна.
Дүүргийн эмнэлэгт хандахад ачаалал нь хэтэрчихэж. одоо хувийн эмнэлгүүдэд л хандаж эмчлүүлэхээс өөр арга алга. Хатгаа тусаад хүндэрчихвэл амь насанд нь хүртэл аюултай” гэж байлаа. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн багахан хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. 0-6 сартай хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийх хориотой байдаг учраас дархлааг нь дэмжиж л энэ төрлийн вирусээс хамгаалах боломжтой аж. нялх хүүхэд багахан даарахад л дархлаа нь суларч томуу, томуу төст өвчнөөр өвдөх магадлал өндөртэй байдаг талаар эмч нар нь ярьж байлаа. Өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол хүндрэх эрсдэлтэй байдаг юм байна.
Сүхбаатар дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлгээр ороход өмнөхтэй ижил зураглалтай таарлаа. Саяхан нэг давхартаа том өрөөг суллаж хүүхдийн орнуудыг байрлуулж өгчээ. Харин коридорт нь нэмэлтээр тавьсан ор харагдсангүй. Хүүхдээ сахиж буй ээж эргэлтээр ирсэн нөхөртөө “Хүү найман цагийн зайтай дусал залгуулж байна, дээрээс нь цагийн тариатай. Анх ирсэнээ санахад ханиалгах нь арай л дээрдэж байна. Гэхдээ санасанд хүртэл эдгэхгүй байна” гэж хэлж байлаа. Энэ эмэгтэй эмнэлэгт хүүхдээ сахиад долоо хонож байгаа ажээ.
Эмнэлэгт хүүхдээ сахиж буй эхчүүд үүргээ хариуцлагатай биелүүлж, хүүхдийнхээ эмийг нь цагийн хуваарийн дагуу уулгах шаардлагатай байгаа талаар эмч нар нь хэлж байлаа. сахих хугацаандаа утсаа оролдоод, нэг бол гарч тамхи татаад явчихдаг аж. Эмнэлгийн горим зөрчиж гарч яваад өөр төрлийн вирусийн халдвар тараагаад яваад байдаг гэнэ. Энэ нь ачаалалтай ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулдаг юм байна. Эргэлтээр ирж буй хүмүүст амны хаалт, улавч зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлага тавьдаг байна.
Томуугийн А,в хүрээний таваас зургаан төрлийн вирус өнөөдөр манайд дэгдээд байгаа. Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн А хүрээний Н1N1-ийн халдвар тусаад байгаа аж. Энэ нь томуугийн хүрээний бусад халдваруудаас хамгийн эрсдэлтэйд тооцогддог юм. Гол төлөв хүүхэд энэ төрлийн вирусээр өвддөг юм байна.
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ТАМИФЛЮГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Томуугаас сэргийлэх дэлхийн нийтийн сонгомол арга нь вакцин байдаг аж. Томуугийн вирус 200-гаад төрөл байдаг учраас вакцин жил бүр өөр өөр омгоор үүсдэг гэнэ. Манайх сүүлийн үед Засгийн газрын хөрөнгөөр авах вакцины тоог 120-140 мянган хүн хэрэглэх тун, Даян Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас 50-150 мянган хүн тун вакциныг авч үнэ төлбөргүй тарьдаг гэнэ. нүб-ын хүүхдийн сангаас захиалж байгаа учраас 4.5 ам.доллараар авдаг юм байна. Харин хувийн эмнэлгүүд томуугийн вакциныг төлбөртэйгөөр хийдэг гэнэ.
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн эсрэг тамифлю гэх эмийг санал болгож байгаа ажээ. 2009 онд H1N1 дэгдсэнээс хойш энэ бэлдмэлийг л хэрэглэнэ, өөр орлуулж хэрэглэх ямар нэгэн бэлдмэл байхгүй” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмид хэлсэн юм.
Олон улсын жишигт барааны эрэлт ихсэхэд үнэ нь буурдаг. Харин манайд тамифлю гэх бэлдмэлийн эрэлт нь ихсэхэд үнэ нь дагаад өсчихжээ. Хэд хэдэн эмийн сангаар сурагласан ч эмийн санчид “Тамифлю одоогоор тасарсан байгаа” гэсэн хариулт хэлж байлаа. Тус бэлдмэл 45 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин курс эмчилгээ буюу 10 ширхгийг авахад 100 мянган төгрөг болдог гэнэ. Ийм үнэ өртгөөр эм худалдаж аваад уугаад байх өрх манайд цөөхөн.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга нь дархлаагаа дэмжих гэнэ. Гол төлөв бага насны хүүхэд өвддөг тул гурван цаг тутам хооллож байх хэрэгтэй ажээ. Мөн хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж амраах шаардлагатай талаар эмч нар зөвлөж байна. Энэ цагт унтсан хүүхэд хангалттай амарч, маргаашийнхаа эрч хүчийг авдаг юм байна. Орой унтсан хүүхэд дархлаа нь суларч ханиад хүрэх гол хүчин зүйл болдог гэнэ.
Шинэ жилийн дараагаас томуугаар өвчилсөн иргэдийн тоо эрс нэмэгджээ. Иргэд баяраар бага насны хүүхдээ дагуулж олны хөлийн газраар явдаг, бие биенийхээрээ хэсдэгтэй холбож тайлбарлаж байв. Энэ байдлыг ажиглахад уламжлалт цагаан сарын баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт бүс нутгийн хэмжээнд бус улсын хэмжээнд дэгдэх магадлалтай талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Амьсгалын замын гоц халдварт өвчний улмаас Дорнод болон Сүхбаатар аймагт бага насны хоёр хүүхэд эндсэн байна. Харин хэд хэдэн хүүхэд H1N1-ийн улмаас амь эрсэдсэн нь ташаа мэдээлэл хэмээн мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.
Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, эмийн сангийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлжээ. Уг албан бичигт дурдсанаар даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ даатгуулагч мөн эсэхийг нь заавал шалгаж, тодорхойлж байхыг чиглэл болгожээ. Ийн тодорхойлохдоо www.health.gov.mn сайтаас регистрийн дугаараар нь шалгаж, даатгуулагч мөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлж байх юм байна.
Харин дээрх сайтаас шалгахад үйлчлүүлэгчийн мэдээлэл бүртгэлгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг нотлох холбогдох баримтыг шаардах аж.