Categories
мэдээ нийгэм

“Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сэдэвт сургалт болж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн 21 аймаг дахь гишүүдэд зориулсан “Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сэдэвт чадавхижуулах сургалт 2019 оны нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд АТГ-ын Олон нийтийн төвд болж байна.

Төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийг төрийн бүх шатны байгууллагын дэргэд ажиллуулж байгаа билээ. Одоогийн байдлаар Иргэний хяналтын зөвлөлийн 152 гишүүн 21 аймаг, яам, агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд АТГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.

Орон нутаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын явцад авлигын эрсдэл ба аймгуудын шударга байдлын үнэлгээ, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт гарч байгаа нийтлэг зөрчил, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн шинэчлэлтийг танилцуулав. Мөн “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналт шалгалт, үр нөлөө”, “Нээлттэй мэдээллийг ашиглаж албан тушаалтанд хяналт тавих нь”, “Цахим худалдан авалтын үйл ажиллагаа: Хөндлөнгийн хяналт, арга зам”, “Төсвийн төлөвлөлт ба үр ашгийг хянах арга зүйд суралцах нь”, “Төсвийн үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх арга зам, туршлага”, “Худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт хийж, иргэний хяналтыг орон нутагт бэхжүүлэх чиглэлээр ажиллах иргэдэд тусгайлсан мэдлэг, мэдээлэл, арга зүйд сургаж байна.

Categories
мэдээ улс-төр

Түр хороонд ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн томилох хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн зээл олголттой холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолыг хэлэлцэж эхэллээ.

Уг тогтоолыг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа гишүүн санаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгах, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулснаа Н.Номтойбаяр гишүүн танилууллаа.

Тогтоолын төслийг боловсруулахдаа УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хорооноос санал аваагүй гэдгийг Ж.Ганбаатар гишүүн дурьдлаа. Мөн уг тогтоолын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай гэдгийг дурьдсан юм.

Харин төсөл санаачлагч Н.Номтойбаяр гишүүн, “ЖДҮХС-тай холбоотой асуудал яригдаад олон сар өнгөрч байхад дэд хороо тодорхой алхам хийсэнгүй. Энэ тогтоолоор байгуулагдсан түр хороо санхүүгийн шалгалт хийх тул зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн” гэсэн тайлбар өглөө.

Мөн үеэр Ж.Батзандан гишүүн тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Түр хороонд ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн томилох хэрэгтэй хэмээв.

Ийнхүү 13.00 цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойш буюу 15.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдийн талаар мэдээлэв

Төрийн ордны Иргэний танхимд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Асрамж халамжийн төвүүд асрамжинд байгаа хүүхдүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцлээ.

Хүүхдийн төв сувилал нь 0-3 настай асран хамгаалагчгүй хүүхдийг авч хэрхэн асрамжилдаг талаараа мэдээлэл хийж, 3-аас дээш настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цаашдын асрамжийн талаар саналаа хэлэв.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, асрамж халамжийн төвүүдийн удирдлагууд оролцов.

Categories
мэдээ спорт

Гүрж, Турк, Беларусийн чөлөөт бөхийн АШТ боллоо

Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Гүрж, Азербайжан, Беларусь улс өнгөрсөн болон энэ долоо хоногт УАШТ-ээ хийлээ. Гүржийн АШТ нэгдүгээр сарын 10-13-нд нийслэл Тбилисид, Туркийн АШТ Чорум хотод 12-14-нд, Беларусийн АШТ Лида 13-15-нд тус тус боллоо.

Гүржийн аваргад олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, хүрэл медальт Зураб Якобишвили нарын шилдгүүд зодоглоогүй. 92 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Давид Марсагишвили шигшээ барилдаанд Иракли Мцитурид бүдэрснийг эс тооцвол “архаг”-ууд жиндээ торолгүй түрүүлцгээв. 74, 79 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга ах дүү Автандил болон Ника Кенчадзе нар улсын аварга болцгоосон. Түүнчлэн ах дүү Ломтадзе нар “давхар” цохилт хийх боломжтой байсан ч дүү Лаша Ломтадзе 57 кг-ын финалд Отар Гогавад дийлджээ. Туркийн аваргад “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурав, Европын таван удаагийн аварга Таха Акгуль жиндээ тасархай түрүүлсэн. 86 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга Фатих Эрдин хагас шигшээд гол өрсөлдөгч олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшарыг илүүрхсэн ч шигшээд 2016 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай Осман Гокенд ялагдав. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Сонер Демирташ, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Сулейман Атли нарын шилдгүүд энэ удаа УАШТ-ээ өнжжээ.
Беларусийн аваргын 57, 61 кг-д якут легионерууд болох Владислав Андреев, Андрей Бекренов нар аваргалсан. Якут эрчүүд доод гурван жинд түрүүлэх боломжтой байсан бөгөөд 65 кг-ын шигшээ барилдаанд Ньургун Скрябин Георгий Колиевт 3:6-гаар ялагджээ.

БЕЛАРУСИЙН АВАРГУУД:
57 кг: Владислав Андреев, 61 кг: Андрей Бекренов, 65 кг: Георгий Колиев, 70 кг: Александр Павлюченко, 74 кг: Азамат Нуриков, 79 кг: Владислав Елисеев, 86 кг: Роман Читадзе, 92 кг: Гаджи Раджабов, 97 кг: Александр Гуштын, 125 кг: Виталий Песняк

ТУРКИЙН АВАРГУУД:
57 кг: Ахмет Думан, 61 кг: Режеп Топал, 65 кг: Мехмет Эмин Огут, 70 кг: Мустафа Кайя, 74 кг: Якуп Гор, 79 кг: Мухаммед Котаноглу, 86 кг: Осман Гокен, 92 кг: Ибрахим Болукбаши, 97 кг: Фатих Яшарли, 125 кг: Таха Ахгуль

ГҮРЖИЙН АВАРГУУД
57 кг: Отар Гогава, 61 кг: Бека Ломтадзе, 65 кг: Эдеми Болквадзе, 70 кг: Мирза Схулухия, 74 кг: Автандил Кенчадзе, 79 кг: Ника Кенчадзе, 86 кг: Сандро Аминашвили, 92 кг: Иракли Мцитури, 97 кг: Элизбар Одикадзе, 125 кг: Гено Петриашвили

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол нь төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, хүчингүй болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д уламжилсан юм. Тиймээс дээрх тогтоолтой холбогдож буй Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх үүднээс өөрчлөлт оруулж буй юм. Тодруулбал, уг хуульд, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн болон дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайхан гишүүн, “Сонгуульд нэр дэвшигч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн тохиолдолд заавал чөлөөлөхөөр хуульчлах хэрэгтэй. Өмнө нь сонгуульд өрсөлдөх гээд өргөдөл өгөхөд удирдлагууд нь чөлөөлөөгүй тохиолдол бүртгэгдэж байсан” гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Энхболд: Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь энэ Нямдоржийн авгай хэдэн жил олгосон

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр М.Энхболд дарга үг хэллээ. Тэрбээр “Бид хууль эрхзүйт орон. Сүүлийн үед хууль хэрэггүй гэдэг үгийг ярьдаг болж. Энэ бол буруу шүү. Монгол Улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа шүү. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс хууль хамаагүй гэж ярьж болохгүй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Ер нь намайг миний гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг эмэгтэй жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрд ажилласан хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа олонх нь мэднэ.

Миний эхнэрийг М.Энхболдыг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан хүн нь Туяацэцэг гэж сүүлийн гурван хоног сошиалд ярьж байна. Шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаанд ордог байсан байх. Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь энэ Нямдоржийн авгай хэдэн жил олгосон. Андуураад байгаа юм уу, зориуд гүтгээд байгаа юм уу. Энэ олон түмэнд өгч байгаа мэдээллээ үндэстэй болгооч ээ.

Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр хамгийн түрүүнд алга болдог хүн шүү. Жижиг, дунд үйлдвэрийн тухай асуудлыг ярья гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7-8 хүн бүгдээрээ байж байгаад наануу цаануу болоход цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Ж.Батзандан гарч байгаа.

Манай намын байрыг шатаахад оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим залуучуудтай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай яриад намынхаа эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Тийм учраас манай намын гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй.

60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг олонхоороо жижиг дунд үйлдвэртэй холбогдсон гишүүдээ аваад үлдэе гэдэг шийдвэр гаргасан. Тэгчихээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйтэй байх юм бол бүгд ёс зүйтэй байх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Чимэдбалдирын Жадамба томилогджээ. Ч.Жадамба нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр тав дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Тэрээр 2012 онд Шихихутуг их сургуулийг Бизнесийн эрх зүйч мэргэжлээр, 2015 онд МУИС-ийн ХЗС-д магистр, 2018 онд докторант дүүргэсэн байна. 2018 онд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, гэр бүлийн эрх зүй, өмчлөх эрх, газрын эрх зүйн чиглэлээр нийт арван удаа илтгэл тавьж оролцсон байна. Түүнчлэн

-УИХ-аас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/,

-Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль,

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хууль тогтоомжууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх мэдээллүүдийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж, амжилттай шийдвэрлүүлж байжээ.

Categories
мэдээ спорт

Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ

Перуд болж буй авто спортын “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд ганцхан өдрийн гараа үлдлээ. Өнөө шөнө 10 дахь гараа болсноор энэ жилийн уралдааны ялагчид тодорно. Авто машины SxS ангиллын дөрвөн дугуйтад өрсөлдөж байгаа Монголын баг өчигдөр болсон ес дэх гарааг амжилттай дуусгаж, 31-р байрт барианд оржээ. Одоогоор ах, дүү Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар нийлбэр дүнгээр 32-р байрт бичигдэж байна. Мөн UTV open ангилалдаа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ. Өнөө шөнө сүүлийн 10 дахь гараа болж, тамирчдын эцсийн дүн гарна.

“Дакар ралли” өндөрлөх дөхөх тусам замын дундаас техникийн болон бусад шалтгаанаар тамирчид гарсаар байна. Мотоциклийн ангилалд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Yamaha” багийн тамирчин Ван Вэверэн харамсалтайгаар замаасаа гарчээ. Түүний мотоциклийн хөдөлгүүрт асуудал гарсан учраас цааш уралдах боломжгүй болсон байна. Мөн авто машины ангилалд өрсөлдөж байгаа хэд хэдэн оролцогчид техникийн саатлын улмаас байр ухарсан байна.

Энэ жилийн Дакар раллид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа “Dakar 2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлийн уралдаанаа хийснээр Монголын багийн түүхэн амжилтыг үзүүлэх юм. Хэдийгээр мотоциклийн төрөлд оролцсон Н.Лхамаа зургаа дахь гараанаас цааш уралдах боломжгүй болсон ч ах, дүү мастерууд уралдаанаа амжилттай үргэлжлүүлж байна. 41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр оролцож байгаагаас дүнгээ гаргахад ганцхан өдрийн гараа үлдлээ. Перугийн Лима хотод 10 хоногийн өмнө нээлтээ хийсэн авто мастеруудын уралдааны ялагчид тодроход хэдхэн цаг үлдлээ.

Categories
мэдээ улс-төр

НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы салбар хуралдаанд үг хэлэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо чуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 27 чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаануудад оролцов.

Хуралдаанд оролцогчид тус бүсэд болсон хоёр Солонгосын болон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалтууд нь Ази төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсныг дурдаад, Ази, Номхон далайн бүсийн дэлхийн эдийн засагт дарах жин ч мөн жил ирэх тутам нэмэгдсэн хэвээр байгааг онцолсон.

Эерэг үр дүнгийн хажуугаар зөрчил, мөргөлдөөн, терроризм, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах болон үндэстэн дамнасан гэмт хэргүүдээс үүдсэн аюул заналхийлэл ч мөн оршсоор байгааг, эдгээрт даяаршил, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тархалт ихээхэн нөлөөлж байгааг анхааруулав. Асуудлыг шийдвэрлэхэд парламентууд салбар хоорондын уялдааг хангасан нэгдсэн, цогц бүсийн хэмжээний төсөл, хөтөлбөр баталж, хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх дээр талууд санал нэгдсэн.

Орон нутагт ажлын байр нэмэгдэж, гадаадад цагаачлах явдал буурахад эерэг нөлөөтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх асуудалд парламентууд онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг сайжруулахыг мөн зөвлөмжилсөн.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанаар хөндсөн цахим аюулгүй байдлын асуудлаар үг хэлсэн. Тэрбээр үгэндээ цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлого, шинэчлэгдсэн хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал парламентад байгуулагдсан Цахим бодлогын түр хороо, цахим орчны зүй зохистой агуулгыг дэмжих, цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох зорилгоор Фэйсбүүк компанитай байгуулсан гэрээ гэх мэтийн талаар онцолж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаас мөн танилцуулав.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргыг гишүүдийн 66 хувийн саналаар чөлөөлөх заалтыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 11-нд хэлэлцсэн гэдгийг Ж.Батзандан гишүүн чуулганд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Ж.Эрдэнэбат гишүүн асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд уг хуулийн төслийг баталснаар УИХ-ын дархлаа сулрах магадлалтай гэдгийг гишүүд дурьдлаа. Мөн УИХ-ын даргыг огцруулсны дараа энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй хэмээсэн юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөгийн УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан бол Ерөнхийлөгчид хууль санаачлах шаардлагагүй байсан гэлээ.

Мөн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүний гаргасан “УИХ-ын даргыг нийт гишүүдийн 66 хувь буюу 3/2-ийн саналаар чөлөөлнө” гэсэн заалт оруулах саналыг олонх дэмжсэнгүй.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.