Categories
мэдээ спорт

Олон улсын тэмцээнээс Э.Дэлгэрмаа тэргүүтэй дөрвөн тамирчин медаль хүртлээ

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр /01.17/ Красноярск хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 68 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Хуучин хонгилын хаалт уу? эсвэл шинэ хонгилын нээлт үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Дорлигжавыг АТГ-аас баривчилсан нь шинэ он эхлээд өрнөсөн шуугиантай үйл явдлын нэг болов. Энэ баривчилгааг хүмүүс хэд хэдэн янзаар тайлбарлаж, өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг сүр дуулиантай баривчилж, нэг сар хориод суллаад явуулсан шиг үйл явдал болно гэж хардах хүмүүс ч байна. Илт баримт нотолгоотой хэргийг ингэж чадахгүй гэж зарим нь үзэж байгаа. Ямартаа ч учир мэдэх хүмүүс “Шинэ хонгил нээгдлээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин хонгил хаалтаа хийж байна” гэж дүгнэж эхэлжээ. Үнэхээр Б.Дорлигжавын баривчилгаа нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэлээ. Яагаад гэдгийг нь харъя.

Б.Дорлигжав бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон хүн. Ерөнхийлөгчийн хүн гэчихэж ч болно. МоАХ угшилтай. Тэрбээр зарим ярилцлагандаа “Би Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлж байсан. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг хүн.

АТГ-аас түүнийг авлигын хэргээр баривчилсан. Дарга нь Х.Энхжаргал. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболд тавьсан гэсэн тэмцэл өрнөөд худалч хүнд Монголын төр бараг хагас жил таг зогслоо. Тэд Шударга бусын хонгилыг нураана гэж тэмцэж байгаа. Тэмцэгчдийн ярьж байгаагаар Шударга бусын хонгилын эзэд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Энхжаргал тэргүүтнүүд гэдэг. АТГ-ынхан Б.Дорлигжавыг баривчилж хорьсноор хуучин хонгилын эзэд Ерөнхийлөгчийг айлгах, түүнд ямар нэгэн дохио өгөх ажиллагаа явууллаа гэж уншигдахаар байна. Энэ хүртэл ингээд ойлгомжтой үйл явдал өрнөж байгаа юм. Гэтэл огт ойлгомжгүй, гайхмаар нэг юм гараад ирсэн нь “С1” телевиз. Б.Дорлигжавыг баривчилахаар гэрт нь нэгжлэг хийж байх яг тэр үеэр Ерөнхийлөгчийн гэгдэх С1 телевизээр “Алтан Дорнод”-ын Т.Ганболд ярилцлага өгөөд эхэлсэн. “Наадах чинь прокурор байхдаа ингэж шантаажилж, ингэж мөнгө дээрэмдэж авсан шүү” гээд бараг хуруугаараа өөр рүү нь чичлээд сууж байсан. Зохион байгуулалттай гэмээр энэ үйл явцыг харахаар, байдал өөр болжээ гэмээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ хонгил бий болжээ гэж ойлгогдож байна. Шинэ хонгилын нээлт сүр дуулиантай эхэллээ гэж харагдахаар байна.

Үйл явдлыг дээрх хоёроос өөрөөр тайлбарлах гаргалгаа ч бас байна. Хуулийнхан хэний ч заавраар биш, өөрсдөө бие дааж ийм үйл ажиллагаа явуулж байж бас болно. Эрх баригчид хоорондоо хэрэлдэж, хүч нь сулрахаар барим тавим ийм баримттай хэргийг хуулийнхан өөрсдөө бие дааж шийддэг. Үүний том жишээ бол Гаалийн Х.Баатар. Түүнийг баривчилж, шалгах, хорих, шийтгэх ажиллагааг хуулийнхан хэн нэгний даалгавраар биш өөрсдөө хийсэн. Улайм цайм идэж уугаад, илт давраад байхаар нь хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Үүн шиг үйл явдал болсон ч байж мэднэ. Орондоо орох завгүй олзлон байлдах гэдэг шиг эрх баригчид гэртээ харих завгүй хэрүүл зарга хийж, наагуур цаагуур уулзан гүйцгээж байна. Тэдний ийм завгүй тэмцлийн араар шуугиантай гэмт хэргийг нийгэмд ил гаргаад цацчихаар аль ч хонгилынхон өмөөрч чаддаггүй.

Б.Дорлигжавын баривчилгааг тойрсон үйл явдал ийм олон таамаг, гайхширал төрүүлж байна. Б.Дорлигжавыг баривчлаад цаашид үүнээс ч том баривчилгаа хөвөрнө гэх хардлага, таамаглал ч зэрэгцээд цацагдаж эхэллээ. Энэ бүхнийг алийг нь ч бодит, үнэн зөв гэж нэг талд нь гарах арга алга. Гэхдээ аль нь ч үнэн байлаа гэсэн маш харгис үйл ажиллагаа явагдаад өнгөрлөө гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад харгис гэхээр түүнийг баривчлах ажиллагаа хүн ёсны үүднээс харвал элэг эмтрэм, өр өвдөм дүр зураг бууж байна. Гэрт нь нэгжлэг хийж, байцааж байсан цаг хугацаа, үйл явдлыг хараад байхад Б.Дорлигжавын гэрт ийм үйл явдал өрнөж байсан болов уу гэж тааж байна. АТГ-ын хоёр комиссар Б.Дорлигжавын хоёр талд нь суугаад зурагт асаан C1 дээр сувгаа тааруулна. Бусад нь гэрийг нь онгичон нэгжиж байсан биз. С1 телевизээр шууд л Б.Дорлигжав руу хандан “Алтан Дорнод”-ын Т.Ганболд “Заяа чинь тэр дээ, ганц охиноороо сор залсан чинь. Миний мөнгө чамд гай болсон шүү” гэж чичилж эхлэх өр өвдөм дүр зураг харагдаад болдоггүй. Хүний мөн чанар ингэтлээ доошоо унаа юу гэмээр дүр зураг. Энд гэмт хэрэг, авлигал, дээрмийн асуудлыг ярьсангүй, өмөөрсөнгүй. Зүгээр л хүнийг яллахдаа хамгийн эмзэг, хамгийн ариун нандин үр хүүхэд рүү нь халдаж, тавлаж, үхэл хагацлаар нь даапаалж байгаа нь аймшигтай харгис харагдаж байна. Монголын сэтгүүл зүй Б.Дорлигжав гэж хүнтэй дайсан биш, анд нөхөд ч биш. Шүүмжлэхдээ шүүмжилж, дуугарахгүй гэсэн зүйлээ ч өнгөрөөж байсан. Ялангуяа охиныг нь өнгөрөхөд бид “Золгүй, харамсалтай явдал боллоо” гэж халаглаж байсан юм шүү.

Categories
мэдээ нийгэм

​Нэгдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамнаас Яаралтай түргэн тусламжийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060

09.00 цагт Мөрдөн байцаах албаны байранд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал болно. Утас:88096555, 99296364

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Утас: 70119921, 99268461

10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Монгол чулуу-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт БХБЯ-нд Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төслийн Удирдах хорооны анхдугаар хурал болно. Утас: 99089255

11.00 цагт Буянт-Ухаа спортын ордонд гэрээт харуул хамгаалалтын албадын технологийг олон нийтэд танилцуулах “SECURITY EXPO-2019” өдөрлөг зохион байгуулна. Утас: 99071339

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ. Утас: 99990528

“Монгол ньюс” мэдээллийн төвд

13.30 цагт Орхон аймгийн иргэдийн төлөөлөл улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээр боллоо. Цалин хөлсний нэмэгдэлд нийт хичнээн төгрөг төсөвт тусгасан бэ?

-Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг ард иргэддээ хүртээх нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Энэ жил эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр гарч, төсвийг орлого давж биелж байна. Эдийн засгийн энэ нааштай өөрчлөлтүүдийг авч үзээд цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд шаардлагатай байгаа эх үүсвэрийг тусгасан. нийтдээ 267 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа. нөгөө талаасаа Үйлдвэрчний эвлэл гэх зэрэг байгууллагуудтай уулзаж нэмэлт хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн үед нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ, цалин нэмэгдүүлэхэд шаардлагатай 266 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгана гэсэн амлалтыг авсан. уг гэрээнийхээ үүргийн дагуу эх үүсвэрээ тусгаад, цалин нэмэх шийдвэрээ гаргалаа. ер нь бол 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдэлгүй ирсэн. Тиймдээ ч цалин нэмэгдүүлэх шаардлага байсан гэдгийг иргэд маань мэдэж байгаа. өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс өөр цалин нэмэх арга хэмжээ авагдаагүй байсан гэсэн үг. Харин энэ удаад бүх буюу 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж найман хувиар нэмэгдүүлж байна.

-Төрийн албан хаагчдын цалинг харилцан адилгүй нэмсэн гэх гомдол байдаг. Энэ асуудал шийдэгдэх үү?

-Цалин нэмэхэд хоёр зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, инфляцийн түвшинд уялдуулж байгаа юм. хоёрдугаарт, өмнө нь найман хувиар цалин нэмэх үед нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. ажил, албан тушаалын цалингийн ялгаа, зөрүү үүссэн байсныг засаж байгаа гэж хэлж болно. Мөн 2014 онд цалинг нэмэгдүүлэхдээ багш, эмч нарын цалингийн хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн гэдэг асуудлыг боловсролын салбарынхан маань их ярьдаг. Энэ удаагийнхаар ч гэсэн уг зөрүүг арилгахаар тооцсон. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмж байгаа.

Төрийн үйлчилгээний тэр дундаа багш, эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээг давхар авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд судалгаа хийсэн. уг судалгааг үндэслэж ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаасаа хамаарч цалин авдаг байх тогтолцоог бүрдүүлье гэж бид зорьсон. ингээд хамгийн их ачаалал, ур чадвар шаарддаг бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ангилал, зэрэглэлийг шинэчилсэн. Энэ удаад ч гэсэн цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багш, эмч нарын ажлын байрны нөхцөлд хийсэн судалгааг үндэслэж ангилал зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээ авсан. Үүний хүрээнд багш, эмч нарын ангилал, зэрэглэл нэгээс хоёр шат нэмэгдэж байна. ингэснээр багш, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин хэд болж өсч байгаа вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянган төгрөг байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж нэмэгдсэн. Энэ удаагийн Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа боловч төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа нэмэгдүүллээ. хоёр удаагийн нэмэгдэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тооцоод үзвэл төрийн албан хаагчдын цалин хамгийн багадаа 16 хувиар, хамгийн өндөр нь буюу багш, эмч нарын цалин 29.6 хувиар тус тус нэмэгджээ. Мөн энэ удаад бүх төрийн албан хаагчдыг оролцуулж цалин нэмж байгаа нь онцлог юм.

-Тэтгэвэрийг хичнээн хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бол?

-Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Улсын төсөвт Нийгмийн даатгалын санд тэтгэвэр нэмэгдүүлэхэд олгох 119.5 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408.3 мянган хүн бий. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон. Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн олонх нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 280 мянган төгрөг авч байна. Тиймээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 270 мянгад хүргэх шийдвэр гаргалаа. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг мөн 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээний дүнд Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байна гэсэн тооцоо гарсан.

-Халамжийн тэтгэвэр ч нэмэгдэж байгаа гэж ойлгосон. Хэдэн төгрөгөөр нэмэх вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. “Төрөөс зайлшгүй халамж үзүүлэх, анхаарал тавих ёстой иргэдэд олгож буй халамжийн тэтгэвэр бага байна. Тиймээс зайлшгүй нэмэгдүүлэх ёстой” гэсэн чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс баримталж байгаа. Ялангуяа амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд амьдралаа хэвийн авч явах боломж бүрдүүлэхэд уг тэтгэвэр хүрэлцэхгүй байна гэсэн шахалт шаардлагыг тавьдаг. Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу энэ жил халамжийн тэтгэврийн нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулна гэж үзээгүй. Харин амьжиргааны доод түвшинд хүргэх ёстой гэсэн чиглэлээр Засгийн газар ажилласан. Ямартаа ч халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай 21 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Үүний дагуу халамжийн тэтгэврийг ирэх сарын нэгнээс нэмнэ. Амьжиргааны түвшний зүүн бүсийн доод түвшинд хүргэж нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр халамжийн тэтгэвэр 155 мянгаас 174 мянган төгрөг болох юм.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гаргасан. Засгийн газраас залуучуудыг их, дээд сургуульд сургая гэхээс илүү өөртөө ур чадвар бий болгох мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх нь ажилгүйдлийг бууруулах үндсэн арга гэж үзэж байгаа. Тиймдээ ч МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад нэгдүгээр сарын нэгнээс сар тутам 100 мянган төгрөгийг олгож байхаар шийдвэрлэсэн. Өмнө нь бид 45-70 мянган төгрөг олгож байсан бол 100 мянган төгрөг болж нэмэгдүүллээ. Дадлагын болон танхимын ирц 75 хувиас дээш байгаа тохиолдолд 100 хувь олгох болно. Мөн өмнө нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24 хүртэлх насны залуучуудад уг тэтгэлгийг олгодог байв. Энэ удаад бол насаар нь хязгаарлахгүй. Учир нь Үндсэн хууль зөрчсөн явдал гэж харсан. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 24-өөс дээш насныхан ирж суралцан мэргэжил эзэмших нь олонтаа. Насны хязгаарлалтыг өөрчилснөөр тэдгээр суралцагчдыг ч дэмжиж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм. Хэрвээ насаар хязгаарлавал 26 мянга орчим залуус тэтгэлэг авна. Саяын шийдвэр гарснаар Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг 38 мянган оюутан сар бүр 100 мянган төгрөг авна.

Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш нарт үр дүнгийн сарын урамшуулал нь таван хувь байсныг 10 болгож өөрчилсөн. Энэ нь тус байгууллагад ажиллаж байгаа багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна. Энэ жил Багшийн хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Манай яамны зүгээс ч тэр мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж байгаа багш нарын хөгжлийг дэмжих жил болгосон. Манай салбарт 1200 орчим багш бий. Эдгээр багш нарыг энэ ондоо багтааж техник хэрэгсэл, иж бүрэн компьютерээр хангах арга хэмжээ авч байгаа. Үүний хүрээнд багш нарын нийгмийн баталгаа нь сайжрах, суралцагчдын болон ажиллах багш нарын тоо нэмэгдэх, мөн улс орныхоо ажиллах хүчийг дотоодын нөөцөөрөө бүрэн хангах боломж бололцоо нь бүрдэнэ гэж үзэж байна.

-Цалин, тэтгэврийг нэмсээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий, инфляци өсөх вий гэсэн болгоомжлол байдаг. Засгийн газрын зүгээс инфляцитай уялдуулж цалин, тэтгэврийг нэмж байгаа гэж байна. Тэгэхээр инфляци өсөх эрсдэл төдий чинээ бага байна гэж ойлгож болох уу?

-Одоогийн байдлаар инфляцийн түвшин 8.1 хувьтай байна. Засгийн газрын зүгээс инфляцийн түвшнөөс ихгүйгээр цалин, тэтгэврийг нэмсэн. Тиймдээ ч инфляцийн түвшинг хөөрөгдөх сөрөг нөлөө нь бага гэж харж байна. Нөгөө талаас Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд бензин, шатах тос материалын үнэ зохих хэмжээгээр буурч байна. Энэ арга хэмжээний үр дүнд цалин, тэтгэвэр нэмлээ ч инфляцийн үнэ хөөрөгдөхгүй байх гэж бодож байгаа. Энэ жилийн төсөв, мөнгөний бодлого ч тэр инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барина гэсэн зорилт дэвшүүлсэн. Тиймээс инфляци энэ түвшиндээ л хадгалагдах байх гэж бодож байна.

-Эрх баригч намын дотоод зодоон эцэс болж төрийн үйл ажиллагаа гацаанаас гарахыг хэн хүнгүй хүсч байгаа. Одоогоор зарим байнгын хороодын хурал хэвийн хуралдаад эхэлж байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилж чадах уу. Хоёр тал зөвшилцөж эв зүйгээ олсон уу?

-Нэг үеэ бодоход өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодын хуралдаанд гишүүд ороод эхэлсэн. Чуулганы хуралдаан хоёр ч удаа хуралдлаа. Энэ долоо хоногт ч байнгын хороод, чуулганы хуралдааны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг байнгын хороод чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихлээ. Энэ хуулийн асуудал шийдэгдчих юм бол парламентын гацаа арилж, төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломж нь бүрдэх болов уу гэж бодож байна. Гишүүд гадна, дотнох улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж, цэгнээд гацааг арилгая, өргөн барьсан хуулийн асуудлыг шийдээд төрийн ажлыг жигдрүүлье гэсэн ойлголцол нэлээд ойртоод явж байна. Ийм нөхцөл боломж багагүй нээгдэж байгаа юм болов уу гэж харж байна.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан До.Ганхуяг: 17 настай хүү Хадаа аваргыг хаячихаад гүйж явлаа

Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.


-Ганхуяг арслан хаана өссөн билээ?

-Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооллын таван давхар саарал байрнуудын дунд миний хүүхэд нас өнгөрсөн дөө. Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат хүн. Иймээс энэ нутгаар овоглож зодоглодог юм. Хүүхэд байхдаа зун болгон л аавтайгаа нутаг явна. Усны тунгалаг, ургамлын сор цогцолсон сайхан газар даа.

-15,16-тай байх үеэсээ л заалны барилдаануудад том бөхчүүдийн аманд гарч зодоглож эхэлсэн үү?

-Аав бөхөд их дуртай. Би ч жаахан хүүхэд байхдаа тэнэж яваад л бөхийн барилдаан үзнэ. Засуул цэцүүд бөхийн тоо гүйцэхгүй болохоор нь цэргийн бакаль олж өмсүүлээд, бүс бүслүүлээд л аманд гаргачихна. Өсгөлүүн биетэй болохоор хэрдээ л ноцолдож байгаад унана. Бөх болох дүрээ ингэж л олсон түүхтэй. 16 хүрээд л зодог шуудаг өмсөөд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Би чинь гурван ахтай. Гэр бүлээрээ спортод дуртай. ОРТ телевизээр гарсан бүх тэмцээнийг алгасалгүй үзнэ, бид хэд.

-Улсын цолтой ямар бөхтэй анх барилдаж байв. Бөх болох сэтгэл орсон нь хэдийд бол?

-Жаахан хүүхэд байсан болохоор бөх ч таньдаггүй байлаа. Том том ах нартай ноцолдож байгаад л унана. Нэрийг нь ч тогтоодоггүй байж. 1993 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Д.Хадбаатар аваргыг даваад баярлаад гүйж байлаа. Аварга бид хоёр давалцалгүй хамгийн сүүлд үлдээд, аварга элэг бүсээ тайлаад яваад өгсөн. Харих тийшээгээ хандаж байсан ч 17 настай хүүд нүсэр том биетэй л санагдаж байсан нь санаанаас гардаггүй юм. Гурвын даваанд улсын манлай заан Д.Долгорсүрэнг өвдөг шороодуулж мөн ч их урам зориг авсан даа. Томчуудын барилдаанд анх удаагаа өөдтэй барилдсан минь тэр. Өмнө нь зааланд гараад Ерөнхийлөгчийн бөх улсын начин Ж.Чулуун ахад мөн ч олон унаж байлаа.

-Та бөхийн удамтай бил үү?

-Бөхийн удам бий. Ээжийн талд Махбалхиа гэж даншгийн заан цолтой бөх бий. Тэрнээс хойш 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлсэн Аюушжав гэж бөх байдаг.

-19-тэй жаахан хүүхэд Өвөрхангайн наадамд түрүүлж байснаа эргээд дурсвал?

-Аавыгаа дагаад наадамд явж барилддаг байлаа. Харин 1995 онд арслан болдог жил аавын ажил амждаггүй ганцаараа Өвөрхангайн наадмыг зорьсон доо. Аав минь “Миний хүү аймгийн начин болоод ирээрэй гээд л үнсээд үлдсэн”. Олон дэвжээ үзээгүй жаахан хүүхэд цол бодож нервитэхгүй. Санасан бодсоноо хийгээд тачигнатал үзээд л түрүүлсэн. Сүүлийн даваанд Хужиртын К.Батболд гэж залууг өвдөг шороодуулсан.

-Аймгийн цолтой удаан барилдалгүй улсын цолны босгоор алхсан санагдаж байна?

-Аймгийн арслан цолтой таван жил барилдаад л улсын цол хүртсэн дээ. Арслан болчихоод заал танхимын барилдаан бараг л алгасдаггүй байлаа.

-2001 оны наадмын талаар ярилцъя л даа. Та тавын даваанд багын найз А.Эрхэмбаярыгаа амласан. Хамт бэлтгэл базаадаг нутгийн залуу Б.Сайнбаяр мөн л дөрөв давчихаад цолны даваанд гарах гээд хүлээж байсан шүү дээ. Сонголт хийхэд хүнд байсан уу?

-Би Завханы Ш.Уламбаяр, Сэлэнгийн Ш.Зоригт, Хэнтийн Б.Одхүү, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Увсын А.Эрхэмбаяр нараас ам авсан. Багын найз Авирмэдийн Эрхэмбаярыг амласан л даа. 16 настайгаасаа л нөхөрлөж хамт бэлтгэлээ хийж бөхийн хатуу бартаатай замаар цуг алхсан. Би олгойны хагалгаа хийлгээд гурван сар амраад ирэхэд нэг шар залуу “Хөдөлмөр” нийгэмлэгийн залуучуудыг захаас нь авахуулаад бүгдийг нь сэгсрээд байна шүү. Багшаас асуусан чинь “Увсаас ирсэн Эрхэмбаяр гэж хүүхэд сайн бөх болно л гэж байна”. Ингэж найзтайгаа танилцсан түүхтэй.

-Тэр жил өөрөө барилдсан бол цол ахих боломж байсан уу?

-Зургаа бол давчих байсан. Зургаагийн давааны төгсгөлд М.Баяржавхлан, Г.Батбаяр, Б.Батбаяр нар үлдсэн шүү дээ. Нэгийг нь амлаад барилдахад хаях магадлал өндөр.

-Та МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн бил үү. Олимп дэлхийн медальтай мундаг дасгалжуулагч нараар бөхийн эрдэм заалгасан байх?

-Миний оюутан болдог жил МУБИС-д үндэсний бөхийн дасгалжуулагчийн ангийг шинээр нээж байлаа. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шалгаруулж авч байсан. Үндэсний бөхийг Ардын багш Д.Сэрээтэр, Жамцын Даваажав нар заана. Жүдогийн хичээлийг олимпийн мөнгөн медальт Цэндийн Дамдин, чөлөөт бөхийн хичээлийг гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар заана. Олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн шилдэг багш нарын гараас сайн шавь нар төрсөн шүү. Их ачаалалтай бэлтгэлийн үр шим нь юм даа.

-Өдөрт гурав, дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг байсан гэнэ лээ. Өнөөдрийнх шиг нэмэлт тэжээл хомс үед их ачааллыг яаж дааж байсан юм бол?

-Спортод их сонирхолтой байсан болохоор спортын төрөл бүрээр л оролдоно. МУБИС-д ороход Б.Дамба багшаас сагсны багт тоглох урилга авч байсан. Өдөрт гурваас дөрвөн спортын бэлтгэл хийнэ. Өглөө хөлбөмбөгийн хичээл орно. Шигшээ багийн тамирчдын хийдэг ачаалалтай бэлтгэлийг бүтэн цаг амралгүй хийнэ шүү дээ. Залгуулаад онолын хичээлд сууна. Спортын ур чадвар дээшлүүлэх цагтай. Чөлөөт бөх юм уу, үндэсний бөхийн бэлтгэл хийнэ. Шууд сагсны бэлтгэлээ хийнэ , үгүй бол лигийн тоглолтондоо ордог. Оюутан цагийн нэг өдөр ингэж л өнгөрдөг байлаа. Тэр үед нэмэлт тэжээл уураг хэрэглэж үзээгүй. Миний хувьд хөдөөний оюутнуудыг бодвол гэртээ байсан учраас өлсөж үзээгүй.

-Улсын наадмын зургаагийн даваанд их олон унасан. Шантрах үе гарч байв уу?

-Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Азжаргал гээд улсын наадамд түрүүлсэн аварга арслангуудад өвдөг шороодчихоод байсан. Заал танхимын барилдаануудад гайгүй сайн барилдчихаад наадмаар л нэг болж өгдөггүй. Хэд хэд өвдөг шороодоод ирэхээр их неревтдэг юм билээ. Сүүлд тав даваад туг тойрч байхад тайлбарлагч “тав дахь удаагаа тав давлаа” гээд л зарлахыг нь сонсоод юм юм бодогдсон шүү. “Арай ч дээ энэ жил үзнэ дээ” гэж дотоод хүндээ хэлсэн. Тэгж л өөрийгөө ирлэсэн.

-Бат-Эрдэнэ аваргад халтирч уначихаад мөн ч их харамсаж байгаа харагдсан?

-Тэр жил бэлтгэл гайгүй сайн байсан. Зургаагийн давааны өмнө хүйтэн бороо ороод би сэргэчихгүй юу. Хамаагүй огцом хөдлөөд дор нь орчихсон. Туршлага нимгэн нөхөр сэргэчихээд зүлэгний халтигааг тооцоолоогүй гараад буруудчихгүй юу.

-Зурагтаар шагнуулж байсан барилдааныхаа тухай ярихгүй юу?

-1996 онд юм даа. Оюутны дадлагад гарчихсан байсан юм. Чөлөө авч Монгол телевизийн ойн барилдаанд Д.Мөнх-Эрдэнэ арсланд унаж үзүүрлэж байлаа. Сүхбат аваргыг хөлд ороход нь давхар ачиж хаяад 21 инчийн өнгөт телевизээр шагнуулсан ханагар амьтан гэртээ харьж байсан шүү.

-Зургаан залуу заантай нэг үед өрсөлдөж байсан шүү дээ. Тэдний дундаас тодорно гэдэг амаргүй биз?

-Зургаан заантай эн тэнцүүхэн сайхан өрсөлдөж байсан шүү. Бие биенээ хурцлаад л. Г.Өсөхбаяртай нь наадмын түрүү ч булаацалдаж л байлаа. Дан ганц үндэсний бөхөөр ч биш, чөлөөтийн дэвжээнд өрсөлдөж байсан удаатай.

-2008 оны түрүүлдэг наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зургаа, долоогийн даваанд залуухан бөхчүүдтэй барилдсан шүү дээ?

-Заан цолны даваанд Ө.Даваабаатартай барилдсан. Наадмын өмнөхөн сорилго барилдаанд хавируулаад уначихсан байсан л даа. Хөдөлгөөнийг нь хүлээж байгаад л дараад авсан. Дараа нь Б.Соронзонболдтой заан цолны төлөө барилдсан. Өмнө нь түүнд мөн л өвдөг шороодож байлаа. Дархан хутгааг нь хүлээж байгаад л мушгичихсан. Тэр жил бэлтгэл ханасан, сэтгэл зүй тогтвортой, янз бүрийн юм бодоод байхгүй, тайван байсан даа. Гарах болгондоо багш нартайгаа зөвлөж хэнтэй ямар барилдаан хийхээ сайн тооцоолсон.

-Нямдоржийн Ганбаатар гарьдтай барилдахад таны засуулаар Д.Цогзол засуул ажилласан бил үү. Чухал барилдааны өмнө засуулын нөмөр нөөлөг хэрэгтэй биз?

-Байлгүй яах вэ. Цогзол гуай шиг олон жил ажилласан туршлагатай хүн бөхөө гарч ирж байхад нь шинждэг юм билээ. Тэр үедээ залуу байсан, наадмын үзүүрт үлдчихсэн шуугиад л гараад ирж байгаа юм чинь. Зөвлөгөөгөөр нь барилдаад л түрүүлсэн дээ. Олон жилийн хөлс хөдөлмөр шингэсэн болхоор ч тэр үү сэтгэл их хөдөлсөн.

-Дараа жил нь аварга цолны төлөө Г.Өсөхбаяртай хүч үзсэн. Аргалчихсан бол аварга болох байсан?

-Тэр жил бэлтгэл аятайхан байлаа. Би давбал аварга, Г.Өсөхбаяр давбал тухайн үеийн дүрмээр даян аварга цол хүртэх хариуцлагатай ач холбогдолтой барилдаан байсан. Би эхний барьц сонгоог нь тавиулчихаад “ингээд аргалчихлаа” гэж тайвширсан тал байгаа. Эргээд бодоход арай түргэдчихсэн юм болов уу гэж дүгнэдэг юм.

-Жүдо, самбо, чөлөөт, сумо гээд олон спортоор олон улсын дэвжээнд амжилт үзүүлж байсныг тань мэдэх юм. Дэлхийн дэвжээнд хэдэн оноос зодоглож эхлэв?

-Би чөлөөт бөхийн бэлтгэлээ Хангайн Намшир багшийн удирдлагад хийдэг байлаа. Үр дүнд нь 1996 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны томоохон амжилт юм даа. Өмнө нь Улаан-Үд, Красноярскийн тэмцээнүүдэд оролцоод медаль зүүгээд явж байсан. Сүүлд жүдо руу орсон. Манай үндэсний бөх чинь аль алинтай нь төстэй спорт юм даа. Үндэсний бөхөөр барилдаж байсан учраас аль алинаар хичээллэхэд дөхөм байсан л даа.

-2009 оны жүдогийн дэлхийн аваргаас медаль зүүчих боломж байсан гэж үзэх хүмүүс олон байдаг юм билээ. Тэр дэлхийн аваргын талаар ярихгүй юу?

-Тэр жил жүдогийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж дэлхийн аваргад оролцох эрхээ авч байлаа. Очоод аварга болно гэж тооцоолж байсан Японы бөхийг хожоод шөвгийн наймд шалгарсан. Хагас шигшээд үлдэхийн төлөө Кубийн Оскар гэж нөхөрт хожигдчихсон. Олон улсын тэмцээний туршлага аргагүй дутсан л даа. Торгуулийн тойрогт Бразилийн бөхөд ялагдаад л тэмцээнээ өндөрлүүлсэн.

-Монголын Рагбийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж хэд хэдэн тэмцээнд оролцож байсан санагдаж байна?

-Рагбийн спорт анх Монголд орж ирэхэд л сонирхоод очиж шигшээ багт нь орж байлаа. Өндөр мэдрэмж шаардана шүү дээ. Жинхэнэ эрчүүдийн шандас шалгадаг тулаан даа.

-Сүүлийн үед жудаг гэж хүмүүс ярих болж. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?

-Ёс зүйтэй, зөв хандлагатай байхыг л жудагт хамруулж ойлгож байна. Монгол өв уламжлалаа тээж үлдэж буй спорт нь эрийн гурван наадам юм даа. Цааш нь үргэлжлүүлээд түүчээлж яваа бөхчүүдийн хувьд жудагтай байх хэрэгтэй. Залуу бөхчүүд бөхийн хөгжлийн төлөө бэлтгэл сургуулилтаа чамбайруулж хийх ёстой гэж боддог юм. Дөрвөн улирлын турш бэлтгэл хийж байж л наадмаар цолоо ахиулна. Хичээл, зүтгэлтэй, жудагтай залууг бөхийн ногоон дэвжээ ивээдэг юм аа. Хүний жудаг гэдэг хувь зохиолтойгоо холбоотой байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлэгч ангийнхан

Энэ удаагийн “Нэг анги” буландаа 1997-2001 онд Цагдаагийн дээд сургуулийн (Цагдаагийн академи) 4ё бүлгийг төгссөн ангийг онцолж байна. Тус ангийнхныг анх элсэн орж байх үед каринтинд авч явж, нэг сар цэргийн бэлтгэл хийлгэж байжээ. Бэлтгэлээ дуусаад Батсүмбэрийн сангийн аж ахуйн “Үдлэгийн гэгээ” гэх компанид ажил хийж байгаад есдүгээр сарын 1-нд сургуульдаа орж байсан. Анх 28 оюутан элсэн орж, бүгд төгсчээ. Эдний ангийн хүүхдүүдийн тал орчим нь цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Бусад нь өөр салбарт, төрийн байгууллагад болон бизнес салбарт амжилттай ажилладаг буй талаараа дурслаа. Цагдаагийн байгууллагад ангиас хамгийн түрүүнд хурандаа цолыг М.Батсайхан хүртжээ. Тэрээр одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байж. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир 4ё-гийнх. Мөн Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Отгон, тус албаны байгаль орчны хэлтэст дэд хурандаа Г.Одхүү, тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Хайдав нар одоо амжилттай ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах мөрдөгч, хошууч Батзаяа, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Батхуяг, тус хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр хошууч Д.Өлзийхүү, Замын цагдаагийн албаны ахлах мөрдөгч, дэд хурандаа Б.Алтансүх нар эдний ангийн сэргэлэн хөвгүүд аж.

Ангийн хөвгүүн Б.Эрдэнэтулга “Манай ангиас анх цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байсан хүмүүс бол дэд хурандаа Н.Хайдав, Г.Одхүү нар юм. Хурандаа М.Батсайхан алтан гадас одонгоор шагнуулсан. Одоогоор ангийнхан маань ажилласан салбар бүртээ амжилт бүтээлээр дүүрэн явна. Цаашид ч хийж бүтээх амжилт бүтээл ундаршгүй юм. Хөдөө орон нутагт цагдаагийн байгууллагад ажиллаж буй хүмүүс гэвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа С.Батжаргал, Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, ахмад Б.Батбаатар, Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн хэсгийн дарга, хошууч Гантөр нар юм. Дорноговь аймгийн Айраг сум дахь цагдаагийн газарт хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Батсайхан долоо хоногийн өмнө цэргийн байнгын тэтгэвэрт гарсан даа. Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хошууч М.Цэрэнноров ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баривчлах төвд ээлжийн дарга, дэслэгч Тэмүүлэн ажилладаг. Тус газрын харьяа 409 дүгээр хорих ангид хошууч Х.Баяраа ажиллаж байна. Орхон аймгийн Захиргааны хэргийн ерөнхий шүүгч Б.Баттөр ажиллаж байна. Ингэж л сургуулиа төгсөөд ихэнх нь цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ч шижигнэж явна даа” гэж ярилаа. Эдний ангийн Мэндбаяр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатич, Баярхүү Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ахлах мэргэжилтэн, Лехсо Иргэний бүртгэлийн төвд хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гэнэ. Лехсогийн аав нь Улсын начин Дашжамц гэж хүн байсан ажээ. Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь хэлтэст, ерөнхий жижүүр Хаянхярваа 4ё-гийнх. Түүний аав нь Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу юм байна. Ангийн дэд хурандаа Б.Чулуунтамир даалгаж өгсөн ажлыг ягштал биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн ажилладаг нэгэн юм байна.

Дорноговь аймагт өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хангамжийн хэлтсийн төслийн дарга Д.Мөнхбаатар, “Оюу толгой” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Дэлгэрхүү, хувиараа бизнес эрхлэгч Э.Эрдэнэбаяр, Ж.Хишигсүрэн Булган аймагт газар тариалан эрхэлдэг гэдгийг ангийнхан нь хэллээ. Б.Эрдэнэтулга, С.Бямбадорж нар өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Ангиас Авлигатай тэмцэх газрын дүн шинжилгээ, үнэлгээний хэлтэст ахлах мэргэжилтэнгээр Ч.Анхбаяр ажилладаг байна. 4ё-гийнхан хот, хөдөө орон нутгаас цуглаж байжээ. Цагдаагийн дээд сургуульд орж, нэгдүгээр курстээ дотуур байранд байсан. Тиймээс ангиараа хичээлээ хийдэг байж. Эдний анги мөрдөн байцаагчийн анги аж. Багш нар нь гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, шударга байх гэсэн зарчмуудыг сайтар мөрдөж, байхыг сануулдаг байж. Тухайн үед цэргийн дектатур гэдэг зарчмаар хичээллэж төгсчээ. Одоо ч тэрхүү арга барилаараа ажиллаж, шударга тууштай занг эрхэмлэсэн хэвээрээ байгаа гэнэ. 4ё-гийнхан хичээлийн бус цагаар ч гэсэн цэргийн зохион байгуулалттай өнгөрөөдөг байсан хэмээн сонирхууллаа. Хоол идэж, унтаж, босохдоо ч нэг командаар хөдөлнө. Эдний ангийнхан тэргүүлэгч анги байжээ. Аст, спорт, урлаг соёл, нийгмийн ажил, сурлагаараа тэргүүлэгч байж. МУИС, Отгонтэнгэр дээд сургуулийнхантай өрсөлдөж, ур чадвараа сорьдог байж. Мэргэжлийнхээ хичээлээр манлайлж, сурлагаар толгой цохидог оюутнууд байсан ажээ. АНУ-д Үл хөдлөх зуучлалд ангийн Цогтбаатар ажилладаг байна. Гурван залуу Англид арав гаруй ажил амьдарсан гэнэ. Одоо тэд хувиараа бизнес эрхэлдэг. Ангийнхан салбарынхаа чиглэлээрээ бүгд магистр хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэн суралцсан байна.

Ангийн Отгон “Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Хайдав, Б.Чулуунтамир нар цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаасан. Алтан гадас одонгоор Батсайхан, цагаан морь тэмдгээр Г.Одхүү, Батхуяг нар шагнуулсан. Эдгээр хүмүүс олон жил тууштай ажилласан, холбогдох гэмт хэргийг шуурхай илрүүлсэн зэрэг арга барилыг сайн хэрэгжүүлж, хөдөлмөрлөж ажилласны үндсэн дээр шагнал авсан юм” гэв. Хөдөлмөрийн хүндэт медаль С.Бямбадорж, Б.Эрдэнэтулга нар хүртсэн. Хууль зүйн тэргүүний ажилтнаар Г.Одхүү, Батхуяг, Отгон, Батсайхан, Эрдэнэтулга нар шалгарчээ. Хууль зүйн яамны цагдаагийн алдар тэмдгийг Отгон, Батхуяг, Батжаргал, Ц.Батсайхан нар хүртжээ. Цагдаагийн гавьяа эдний ангийнхний ихэнх нь хүртсэн байна.

Ангийн багш нь Мэдээлэл технологий багш Батцэрэн гэж хүн байж. Ангийнхныг өдийг хүртэл амжилт бүтээлтэй явах замыг нээж өгсөн хүн бол яах аргагүй “Багш минь” хэмээн тэд бахархаж байв. Эдний ангийнхан ойр ойрхон уулзалт зохион байгуулж, нийтэч, эв нэгдэлтэй, бие биенийхээ жаргал зовлон хуваалцдаг гэдгээ дурслаа.

4ё-гийнхнийг Цагдаагийн дээд сургуульд байхад түрүүч цолтой, ангийн орлогчоор Алтансүх байжээ. Ангийн дарга гэсэн үг. Тэрээр анги хамт олноо атгасан гар шиг нэгтгэж, удирдаж байсан гэдгийг ангийхан нь ярьсан юм. Мөн сурлага, хөдөлмөр, урлаг спортын тэмцээн уралдаанд зохион байгуулалт сайтай бэлтгэл хийлгэдэг байсан гэнэ. Харин тэд төгссөнийхөө дараа ангийн даргаар Бямбадоржийг сонгожээ. Тэрээр анги хамт олноо нэгдмэл болгож, нэг нэгэндээ тусалж, дэмжих, жаргал зовлонгоо хуваалцах агшин бүрийг алгасахгүй зохион явуулж, дэвшилттэй удирдаж байгаа гэдгийг ангийнхан нь хэлэв. Ангийнхан дээд сургуулиа төгсөж, хөдөө орон нутаг, аймгийн төв, сумдад томилолтоор явж, эрүүгийн мөрдөгч төлөөлөгчөөр их ажиллаж байсан гэнэ. Ихэнх нь хөдөө, суманд хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, өдийг хүртэл эх орныхоо аюулгүй байдлын төлөө амжилт, мэргэжлээ ахиулан, цагдаагийн байгууллагыг өнгөлж, тууштай зүтгэж яваа гэдэг нь тодорхой харагдсан юм.

Ангийн Б.Чулуунтамир “1997 онд 28-уулаа элсэн орсон сонсогчоос сонгогдсон манай ангийн залуу, хонх цохихоор болов. Тэрбээр Таванцэцэг, эмэгтэй нэртэй юм л даа (инээв). Таванцэцэг маань тэр жилийн хичээлийн анхны хичээлийн хонхыг нийт сургуулийн бие бүрэлдэхүүний өмнө цохиж байсан. Тухайн үед түүнийг гарч ирэхэд сургууль даяараа инээлдэж байсан түүхтэй. Учир нь Таванцэцэг гэж хэлчихээд нэг цэрэг хувцастай банди хонх цохиж байсан болохоор бүгд инээлдсэн. Ийнхүү манай анги анхны хонхоо маш сайн эгшиглүүлсэн болохоор өнөөдрийг хүртэл ангийн хамт олон маань аливаа зүйлсийн анхдагч нар болсон юм. Бүхий л салбарт ур чадвараа сорьж, амжилттай ажиллаж хөдөлмөрлөж явна” гэж ярилаа.

4ё-гийнхан нэгдүгээр курстээ сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар курсийн багийг хожиж байжээ. Тухайн үед сургуулийн хамт олноо гайхшируулж, дуулиан болж байсан гэнэ.

Ангийн дарга Бямбадорж “Сүүлийн таван жилийн турш ангиараа Амарбаясгалан хийдрүү очдог болсон. Тэнд очиж, мөргөж сүсэглэнэ. Зарим нь амарч, байгалийн сайхныг үзнэ. Манай ангийнхан идэвхтэй оролцоно. Сэлэнгэ аймагт байдаг Батхуяг, Сэлэнгийн мөрдөн байцаах тасгийн дарга Батжаргал, Өлзийхүү нар зохион байгуулдаг. Тэнд 2017 онд цагдаагийн байгууллагад амжиллтай ажиллаж, шагнал авсан хүмүүстээ бид хүндэтгэл үзүүлсэн. Дурсгалын зүйл гардуулсан. Энэ үйл ажиллагаагаа бид үргэлжлүүлж, бие биенийхээ хөдөлмөрийг урамшуулж, сэтгэлд нь хоногшсон баярт мөчүүдийг үлдээдэг. Цаашид ангийнхныгаа жаргал зовлон хуваалцаж, үргэлж хамтдаа байна” хэмээн онцоллоо.


Categories
мэдээ нийгэм

Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 18, Сугар гариг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8:33 цагт мандан, 17:31 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох нь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох нь” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал нь төрийн дээр нам гарсны бодит илрэл хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Цаг үе” нүүрт Аж үйлдвэрлэл өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр өсчээ гэв.

Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо: “Алтан Дорнод Монгол”-ын гэрээтэй холбоотойгоор Голомт банк, Т.Ганболд нар АТГ-т дуудагдана хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Гишүүдийн олонхын саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу хэмээв.

Японоос 19 жилийн дараа төрсөн Ёкозунагийн замнал бүтэлгүйтлээр өндөрлөлөө хэмээн “Спорт” нүүрт бичжээ.

Европоос татгалзах Английн сонирхол хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүллээ.

“Эдийн засаг” нүүрт Жижиг, дунд үйлдвэрийн зээл бүрэн зогсчээ гэв.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Соёл урлаг” нүүрт Үхлээс уяатай хайр хэмээн бичлээ.

Төрийн хамаг дээд шагналыг хамсан математикийн ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлэв.

“Энэ тухай” нүүрт Сүхбаатар дүүргийн газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТББХ:Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ

Өнөөдрийн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтоов. Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлүүлэхээр болов. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батлахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол 8.2 хувийг эзэлж, хүүхдийн 232 орыг нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 84.668 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар тус, тус нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн 33.6 хувийг 0-1 нас, 27 хувийг 2-4, 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 232 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 1209 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цагт ажиллаж байна. Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.