Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 17-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа. Тэрбээр “2019 он уул уурхайн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ач холбогдолтой жил байх болно гэж бид тооцон ажиллаж байна. Уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалт нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа чухал салбар. Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал байгааг онцлон хэлмээр байна” гэлээ.

Салбарын сайд мөн Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил амжилттай явагдаж байгааг дурдаад, үйлдвэрийн бүтээн байгууүлалтыг 2019 оны есдүгээр сараас эхлүүлэхээр шуурхайлан ажиллаж байгааг хэллээ. Мөн Геологийн салбарт энэ онд гео мэдээллийн сан болон газрын ховор элементийн төслийг боловсруулж батлуулах, уул уурхайн салбарт эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгааг хэлсэн юм.

2018 онд УУХҮЯ-ны Засаг дарга нартай хамтран ажилласан гэрээний биелэлт 84.2 хувьтай гарчээ. Хамтран ажиллах гэрээний үнэлгээний дүгнэлтээс харахад Баянхонгор аймаг хамгийн өндөр буюу 92 хувийн үнэлгээтэй байгаа бол Дорнод аймаг хамгийн бага буюу 56.4 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Сайдын танилцуулгын дараа Засаг дарга нар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Улсын эдийн засгийг үүрч байгаа уул уурхайн салбарын үйл ажиллааг орон нутгийн удирдлагууд дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Гэхдээ эртнээс тахин шүтэж ирсэн тахилгатай газар, аялал жуулчлалын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй болохыг салбарын яамнаас мэдэгдсэн юм.

Ингээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 21 аймгийн онцлог тус бүрт зохицуулан бэлдсэн гэрээг Засаг дарга нартай байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Санхүү, төрийн сангийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Сангийн яамтай хамтран төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөж буй заавар журамд орох өөрчлөлтийн талаар сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.

“Нийслэл, дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүх ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж байна. 2018 оны санхүүгийн тайлан, гүйцэтгэл аудитаар орох хугацаа дөхсөн байгаа. Сургалтын гол зорилго нь 2018 оны тайлангаа ямар нэгэн алдаа, дутагдалгүй, үр дүнтэй танилцуулж тайлагнах, 2019 он эхэлж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалт, төсвийн тайлангаа оны эхнээс нэг журам, нэг төлөвлөлт, нэг хяналт дор явуулж байх гэсэн нэгдсэн чиглэл өгч байна” хэмээн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү ярилаа.

Сургалтын үеэр Сангийн яамны мэргэжилтнүүд Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журмын төсөлд оруулах өөрчлөлт, Хөрөнгө оруулалт, барьцаа, техник хяналтын зардлын талаар болон амлалт, үүргийн бүртгэлийг хэрэгжүүлэх нь болон тайлан гаргахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр танилцуулга хийлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Крилл, Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ

Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан крилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа.

“Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа монголын анхны тогтмол хэвлэл юм.

Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвхи санаачилга гарган ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байгаа.

Иймд тус сэтгүүл нь хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлэх юм.

Хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь монгол хүүхэд, залуусын унших дуртай тэдний оюуны хэрэгцээг хангасан оюунлаг, эрдэмлэг сэтгүүл болох зорилт тавьж байгаа ажээ. Хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээлэл сайтай, танин мэдэхүйн, мэргэжлийн түвшинд хийгдсэн сонин, сэтгүүл бага байгаа бөгөөд интернетийн хяналтгүй хэрэглээний улмаас хүүхдүүд, насанд хүрэгчдийн мэдээллийг уншиж, буруу үлгэр дууриал авах болсон. Ийм цаг үед хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байгаа юм.

1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгийн тухай, Хэл иргэншилийн дээд сургуулийн оюутан, Франц Улсын иргэн Стив Моррелийн: Монгол бичиг хүнд их энерги, эрч хүч өгдөг нэртэй ярилцлага, Уран бичээч Д.Батбаярын тухай “Тэнгэрийн бичиг амилуулагч” хөрөг нийтлэл, калиграфи буюу уран бичлэгийн тухай нийтлэжээ.

Мөн “Алтан сургаалийн дээжис” буланд оюуныг нээгч Оюунтүлхүүр, Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн “Гурамсан сүлжээ сургаал”-аас оруулсан нь хүүхэд залуучууд оюуны их ухаарал өгөх юм.

“Өв соёл” бубубуланд хуур урлаач Д.Дэмчиггаравын “Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш, өв соёлоо сэргээн амьдруулах гэсэн мөрөөдөл минь” ярилцлага, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн тухай “Өвгөн хуурч”-ийн нууц, “Говийн домог” киноны тухай олон сонирхолтой бүтээлүүд нийтлэгджээ.

Түүнчлэн монголын олон “Авъяаслаг хүүхдүүд” –талаар хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл онцолсон байна.бубу Эрдэмтэн, зохиолч Б.Ренчингийн “Монгол хэл” шүлэг, хүүхдийн яруу найргийн наадмын шагналтан авъяаслаг найрагч хүүхдүүдийн бүтээлээс сэтгүүл онцлон танилцуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нөлөөллийн ажилд түлхүү анхаарна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо.

Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг хэлэлцэн баталлаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн дарга Б.Баярсайхан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхахгүй байх тал дээр нийгэмд нөлөөлсөн нөлөөллийн ажилд энэ онд түлхүү анхаарах хэрэгтэй. БСШУСЯ 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Ёс зүйтэй харилцааны асуудалд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гадуурхахгүй байх асуудал багтаж байгаа. Бид олон зүйл дээр дөрвөн салбартаа төдийгүй, бусад яамаа манлайлан ажиллах болно. Багш нарт хэрхэн харилцах арга зүйг нь сургах үр дүнтэй сургалтууд зохион байгуулна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг” –ийг шалгаруулах тухайд олон нийтэд нөлөөлөх, хандлагыг өөрчлөхөд үр дүнтэй гэж үзэж байна” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн дарга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2019 онд анхаарах дараах ажлуудыг онцлон тэмдгэллээ.

  • 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс”-ийн бэлтгэл ажлыг хангаад байна.
  • Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
  • Дэлхийн Хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган, Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Зүүн хойд Азийн бүс нутгийн VIII хурал зэрэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх дэлхий болоод бүсийн чанартай хурал семинарийг зохион байгуулахад төрийн бус байгууллага, холбоодтойгоо манай яам хамтран ажилласныг энд дурдмаар байна.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд манай яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтсан сарын аян”-ыг зохион байгуулж олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний чуулган, аймаг, дүүргийн хүн амын, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбрын удирдлага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн удаагийн сургалтыг зохион байгууллаа.
  • Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил оролцоо, хамгааллын харилцааг зохицуулдаг гол хууль болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Салбар яам 2017-2018 оныг Багшийн хөгжлийн жил болгон зарласан бол 2018-2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” жил болгон зарласныг онцолж өнгөрөгч онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт авч хэрэгжүүлсэн бодлогын чанартай ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж, цалинг 8-36 хувиар нэмэгдүүлсэн, тусгай хэрэгцээт боловсролд чиглэсэн цогц бодлого явуулж эхэлсэн, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг шинээр оруулж эхэлсэн, боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглалтад оруулсан, ингэснээр салбарын үйл ажиллагаатай холбоотой бүх бүртгэл, тайлан мэдээ нэгдсэн системд цугларч, бодит тоо баримт бүхий мэдээллийн нэгдсэн сан бүрдсэн, ЭЕШ-ыг шууд засах технологийг анх удаа нэвтрүүлсэн, Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй олгож байх шийдвэрийг гаргасан, гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлэг олгох ажлыг нээлттэй, ил тод зохион байгуулдаг болсон, төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, судалгаанд суурилсан их сургуулийг хөжгүүлэх хөтөлбөр батлагдсан, соёлын биет бус өвийг хадгалан, хамгаалах, өвлүүлэх цогц бодлого хэрэгжиж зэрэг бодлогын чанартай томоохон ажлуудыг онцоллоо.

Түүнчлэн 2018 он боловсролын салбарын тухайд Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил байсныг онцоллоо. Улсын төсвөөр 320 төсөл, арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд,

  • Цэцэрлэгийн орны тоог 4180-аар нэмэгдүүлж, нийт 29 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан,
  • Сургуулийн суудлын тоог 8308 хүүхдээр нэмэгдүүлж, 14 сургуулийг шинээр ашиглалтад оруулсан бол
  • 2019 онд нийт 137 цэцэрлэг баригдаж, хүчин чадал 19640-ээр, ерөнхий боловсролын 57 сургууль баригдаж, хүчин чадал 21148-ээр нэмэгдэх төлөвлөгөө гарсныг танилцууллаа.

2019 оны салбарын төсөв, хөрөнгө оруулалт ихээхэн онцлогтой болж буй. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажил, төсөл арга хэмжээнүүдийг 100 хувь орон нутагт эрх шилжүүлж байгаагаас гадна,

  • Салбарын харьяа орон нутаг дахь байгууллагын байр ашиглалттай холбоотой зардал болох нийт 127.0тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүллээ. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулах, өмч эзэндээ ойртох алхам бүрдсэн төсвийн шинэ бодлого орон нутагт хэрэгжих нөхцөл бүрдлээ.
  • Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд нэмэлт орсны дагуу Соёл, урлаг болон Биеийн тамирын салбарын төсөв бүхэлдээ орон нутгийн төсөвт хуваарилагдлаа.
  • Хөрөнгө оруулалтын хувьд, ялангуяа нийслэлд нийт 17920 хүүхдийн хүчин чадалтай 29 сургуулийн барилгын ажил хэрэгжиж дуусахаар төсөв батлагдсан нь Улаанбаатар хотод 3 ээлжтэй сургуульгүй болох зорилтыг хангахад чухал алхам болно гэж үзэж байна.

2019 онд орон нутагт батлагдсан урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийг хангаж ажиллахдаа,

  • Батлагдсан төсвөөс хэмнэгдсэн зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрсний дагуу ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх, өр төлбөрийг барагдуулахад орон нутагтаа санаачилгатай ажиллах.
  • Газаргүй, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл болголоо.
Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат гишүүн “Богд” банктай холбоотой баримтыг дэлгэлээ

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж ” Засгийн газраас 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг Л.Болд гишүүнд олгосон гэх мэдээллийг Ж.Мөнхбат гишүүн удаа дараа хийсэн. Үүний тайлбарыг Засгийн газар албан ёсоор өгөх ёстой.Энэ засгийг авч үлдэх, хамгаалуулах зорилгоор Засгийн газар надад болон өөр гишүүдэд мөнгө өгсөн бол Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байгаа шиг хууль зөрчиж миний эзэмшлийн банкинд Засгийн газар 30 тэрбум төгрөг олгосон нь үнэн юм бол үүнийгээ нотол” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Л.Болдын мэдэгдэлтэй холбоотойгоор Ж.Мөнхбат мөн мэдээлэл хийж, баримт дэлгэлээ. Тэрээр “Хөгжлийн банкнаас 30,8 тэрбум төгрөгийг “Богд” банкны харилцах дансан дээрээ байршуулж байгаа мэдээллийг өмнө нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлж байсан. Энэ үнэн гэдгийг би баримтаар нотлоё. 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн банкнаас Богд банкинд найман сая ам.долларыг долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байршуулах гэрээ байгуулсан.8 сая доллар буюу өнөөгийн ханшаар 21 тэрбум төгрөгийг Богд банк харилцах дансан дээр байршуулж байгаа.Тэрчлэн 10-р сарын 24-нд мөн 12-р сард байгуулсан гэрээнүүдээр Богд банк нь өөрийн харилцах дансан дээр мөнгө байршуулж, 9.8 тэрбум төгрөгийнхөө барьцаа болгон Монголбанкинд байгаа үнэт цаасаа барьцаалсан нь баримтаар нотлогдож байна ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох байсан ч шүүгч өвчтэй гэх шалтгаанаар хойшиллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гаригт болохоор болсон бөгөөд өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Махбал, хохирогч талын хууль ёсны өмгөөлөгч З.Хүрэлсүх нар ирсэн юм. Харин хохирогчийн ар гэрийнхэн хохирогчийн аав нас барсан шалтгаанаар сэтгэл санааны байдлаас хамаарч шүүх хуралд ирсэнгүй. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренченхорол, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Д.Батбаяр, Н.Намжилцогт нар байлцав.

Одоогоор гэм буруутай нь тогтоогдсон Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хэргийг эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ.

  • 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг
  • 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол
  • Энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” хэмээсэн.

Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын гуравдугаар багийн нутагт өвөлжиж буй малчин Б.Баттөмөрийн хотонд 2018 оны аравдугаар сарын дундуур эхээсээ төөрсөн баавгайн бамбарууш ирсэн. Дархан цаазат, ховор амьтны талаарх мэдээллийг сумын удирдлагууд Аймгийн захиргаа болон БОАЖЯ-нд хүргэсний дагуу яам, аймгийн захиргаанаас албаны хүмүүс очиж танилцаад энэ жилдээ айлд нь өвөлжүүлэхээр болсон юм. Малчин айл бамбаруушийг мах, сүү, ногоогоор тэжээж байсан бөгөөд 10-аад хоногийн дараа бамбарууш уяагаа таслан зугтсан байсан гэж тус сумын ЗДТГ-ын ажилтан мэдээлжээ. Сумын төвөөс 30 гаруй км зайтай айлд бамбаруушийн сургаар нутгийн хүмүүс олноор очиж үзэж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Видео: Д.Дорлигжавыг авлигийн хэрэгт гүтгэж, ял оноох гэж байна гэв

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлыг “Монгол ньюс” мэдээллийн төвөөс шууд дамжуулж байна. Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “4 сая ам.доллар авлига биш. Харин бизнесийн байгууллагуудын зээлийн асуудалтай холбоотой өр, авлагын тооцоо байсан атал авлига гэж нийтэд илтэд худал мэдээлэл өгөөд, хүнийг санаатай гүтгэж ял өгөх зорилготой нөхцөл байдал бүрдүүлээд байна гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна” гэв. Харин өмгөөлөгч Э.Амархүү “Д.Дорлигжав, Т.Ганболд нарын хэн нь шударга үнэний төлөө явж байгааг тунгаан бодох хэрэгтэй” гэлээ.