Categories
мэдээ нийгэм

Архитекторуудын эвлэл шинэ ерөнхийлөгчөө сонгоно

Монголын архитекторуудын эвлэлийн 15 дугаар их хурал 10:00 цагт өөрийн байранд эхэллээ. МАЭ-ийн Удирдах зөвлөл 2019.01.17-ны өдөр хуралдаж зарим гишүүдээс ирүүлсэн шаардлагыг авч хэлэлцсэн юм байна. Энэ удаагийн хурлаар Монголын архитеторууд эвлэлийнхээ шинэ ерөнхийлөгчийг сонгох юм байна. Одоо тус байгууллагын ерөнхийлөгчөөр Э.Хүрэлбаатар ажилладаг юм.

Монголын архитеторуудын эвлэлийг анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 545 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд энэ жил 63 жилийн ой тохиож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход баримталж буй хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос АШУҮИС-тай хамтран эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн байдал, иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтооход баримталж буй эрх зүйн орчин, тогтолцоо, бодлого зохицуулалт, тулгамдаж буй асуудалд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэлэг санал, санаа дэвшүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгох, суурь судалгаатай болох зорилгоор зохион байгуулж байна.

СЭДЭВ:

1.“ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-Д ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХОДБАРИМТАЛЖ буй хууль, эрхзүйн орчин, тогтолцоо, нөлөөлөх хүчин зүйл, тулгамдаж буй асуудал”

2.“Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын цахим мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам”

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

а/ Агуулгын ерөнхий шаардлага

-Нийгмийн хамгаалал, хууль эрхзүй, менежментийн шинжлэх ухааны тодорхой арга зүйн үндэслэлтэй байх;

-Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргаж баталгаажуулах;

-Судалгаа шинжилгээний онол, арга хэрэгслүүдийг ашиглах;

-Ишлэл зүүлтийн заалт бичих;

-Ашигласан ном, судалгааны ажил, эх материалын жагсаалт бичих;

-Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал тусгасан байх;

-Хэрэгжиж болохуйц шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

б/ Илтгэл боловсруулахад тавигдах ерөнхий шаардлага

-Үсгийн фонд- Arial;

-Үсгийн хэмжээ-12;

-Мөр хоорондын зай -1.5;

-Хүрээ- Normal;

-Хуудасны тоо- 8-аас доошгүй;

Нүүр хуудсанд илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, зэрэг цол, сэдвийн нэрийг тэмдэглэх зэрэг шаардлагыг хангасан байна

Илтгэлийн хураангуйг Arial font-оор үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай Single, хүрээ-Normal, А4 хэмжээний 2-3 нүүр, 500-600 үгэнд багтаан бичих /Илтгэлийн болон зохиогчийн нэр, хаяг үгийн тоонд орохгүй/;

Илтгэлийн танилцуулгыг Power point-оор 15 минутын хугацаанд багтаан танилцуулахаар бэлтгэнэ.

ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Илтгэлийг хураангуйн хамт 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд Gansuh.ts@ndaatgal.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

ХОЛБОО БАРИХ:

НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК-ын 603 тоот өрөө, 11-32 93 97, 99175977

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:

-Судалгааны онол арга зүйн түвшин

-Судалгааны ажлын шинэлэг санаа

-Судалгааны арга аргачлал, боловсруулалт

-Судалгааны мэдээлэл үнэн бодит нотолгоонд суурилсан, баримтаар баталгаажсан байдал

-Практик ач холбогдол

-Илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэнэ.

ШАГНАЛЫН САН:

1.Тэргүүн байр- 1 /өргөмжлөл, 1000.000 төгрөг/

2.Дэд байр-1 /өргөмжлөл, 500.000 төгрөг/

3.Гуравдугаар байр-1 /өргөмжлөл, 300.000 төгрөг/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИСС

Categories
мэдээ нийгэм

Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна

Хүний биеийн бодисын солилцоонд витамины үүрэг янз бүр байдаг ажээ. Тухайлбал С витамин нь уургийн нийлүүлэлтийг сайжруулж бие организмын дархлааг дээшлүүлдэг. Харин витамин Е нь бэлгийн боловсролын процесст оролцдог. Витамин хэрэгтэй эсэх талаар зарим эрдэмтэд маргадаг. Гэвч аль нэг витамины дутагдал нь бие организмд зарим нэг өвчин, зовиур авчирдаг болох нь тогтоогджээ.

Витамин дутагдахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?

– Түргэн ядрах, бие сульдах, хүч тэнхээ алдагдах.
– Уур уцаартай болох.
– Гуниг гутралд автах, стресст орох.
– Анхаарал, ой санамж буурах, сулрах.
– Нойргүйдэх
– Ойр ойрхон ханиад хүрэх.
– Арьс хуурайших, загатнах, эрт хөгшрөлтийн шинж тэмдэг илрэх.
– Ойр ойрхон өвдөг, хатиг гарах.
– Ойрын хараа муудах.
– Буйлнаас цус гарах,
– Яс сийрэгжих,
– Ураг зулбах хандлагатай болох.

Ямар хүмүүст витамин илүүтэй шаардагддаг вэ?

Зарим тохиолдолд витамины хэрэгцээ илүүтэй шаардагддаг бүлэг хүмүүс ч бий.

Үүнд:

– Нярай хүүхэд,
– Хөгжлийн шатандаа яваа өсвөр насныхан,
– Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд,
– Жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол,
– Ахимаг насныхан,
– Өдөрт 5-аас илүү тамхи татдаг хүмүүс,
– Архийг хэтрүүлэн уудаг хүмүүс,
– Антибиотикийг урт удаан хугацаагаар зайлшгүй хэрэглэх шаардлагад орсон хүмүүс,
– Архаг өвчтэй эсвэл өвчнөө илааршуулсан,
– Мэс засал хийлгэсний дараах үе шатанд
– Оюуны хэт ачаалалтай ажиллах үед,
– Цагаан хоолтонгууд,

Зєн совингоо мэдэрч сурах хэрэгтэй

Аливаа витаминыг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь ямар ч аюулгүй байдаг. Бие организмаа сонсож, зөн совингоо мэдэрч сурах хэрэгтэй. Хэрэв өөрт чинь гэнэт,

– Давсархаг,
– Исгэлэн,
– Гашуун,
– Ямар нэгэн этгээд амттай зүйл,
– Хэт амттай хоол хүнс зэргийг идмээр санагдвал үүнийг нь заавал биелүүлэх хэрэгтэй. Энэ нь таны биед ямар нэгэн био идэвхт бодис, тэр дундаа витамин хэрэгцээтэй байгаагийн дохио ч байж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Инээмсэглэн угтах’’ жил болгов

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас энэ оныг ‘’Инээмсэглэн угтах’’ жил болгон зарлалаа. Төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлж иргэд, олон нийттэй зүй зохистой харилцах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ инээмсэглэл, сэтгэл хангамжийг өгөх зорилгоор энэ оныг ‘’Инээмсэглэл’’-ийн жил болгосон байна.

Жилийн хүрээнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс албан хаагчдад шат дараатай сургалт хийхээс гадна төрийн албанд хэрэгжиж буй тогтоол шийдвэр, хуулийн нэмэлт өөрчлөлтүүд болон өргөдөл, гомдол, албан бичиг шийдвэрлэлтийн явцын мэдээллийг тогтмол өгч ‘’Олон нийттэй харилцах харилцааны журам’’-д хяналт тавих юм.

‘’Инээмсэглэн угтах’’ жил болгов

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноосАгаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг урьж байна.

Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлсэн байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журам, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль холбоосоос дэлгэрэнгүй танилцана уу.

Categories
мэдээ спорт

Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо

Токио хотод болж буй мэргэжлийн сумо бөхийн Хацү башёг аварга Какүрюү М.Ананд орхилоо. Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм. Өнөөдөр Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг гаргажээ. Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байна. Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо. Мөн Гүржийн бөх, озэки /арслан/ Точиношин мөн л тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Одоо аваргуудаас ганцхан их аварга Хакүхо М.Даваажаргал үлдсэн. Хакүхогийн хувьд таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын төлөөлөлтэй уулзаж гэрэлтүүлэг доголдолтой байгаа газруудын учир шалтгааны тодруулж, яаралтай хэвийн үйл ажиллагаатай болгохыг үүрэг болголоо.

“Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ээс хойш “Гэрэлтэй хот” аяныг өрнүүлж хотын гудамжинд асахгүй байгаа гудамж зам талбайн гэрэлтүүлгийг засварлах ажлыг өрнүүлж Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлээд байгаа.

Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, Багшийн дээд болон бусад барилгуудын гадна фасадыг гэрэлтүүлж шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11310005 дугаараар 24 цагийн турш иргэдээс гомдол саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллаж байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталж, дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулсан.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох гэсэн саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжсэн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувийн саналаар хуулийг бүхэлд нь баталлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг холбогдох хэсэгт тусгаснаас гадна агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсний дараа хуулийг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Хуулийн төсөл санаачлагчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан томилж, чөлөөлдөг байх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг нар боловсролын салбарын удирдах ажилтны томилгоо нь улс төрөөс ангид, мэргэжлийн боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл, боломжоор хангагдсан байх ёстой гэсэн санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуулийг анх 2012 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2012-2016 онд 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулж байгаа харилцааг өмнө нь Инновацийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан бусад хууль тогтоомжоор зохицуулж байсан хэдий ч зарим хууль тогтоомж шинэчлэгдсэний улмаас Инновацийн тухай хуулийн нилээд олон заалтыг хассан, өөрчилсөн, хүчингүй болгосон тул Төрөөс инновацийн талаар төрөөс баримтлах бодлого болон бусад холбогдох бодлогын баримт бичгийн агуулга, зарчмын хүрээнд Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон аж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжрах, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын 20 гаруй орны туршлага, судалгаа, шинжилгээний тайлан материалд үндэслэн харьцуулан судалсан бөгөөд судалгааны дүгнэлтэд дурдсан инновацийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инноваци, гарааны компани, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ шаардлагыг нийцүүлсэн гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Шуудангийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлтийг хийж чадах шууданг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь шуудангийн сүлжээгээр дамжуулан цахим худалдааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тусгай зөьшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжжэнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Учрал, Б.Баттөмөр нар асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийл хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологи эзэмших боломжийг бүрдүүлэх, худалдаан дахь саад тотгор, техникийн хүндрэл бэрхшээлийг багасгах, ингэснээр эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, гадны хэмжил зүйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулж нутагшуулах, хэмжил зүйн талаарх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжилд онцгойлон анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх мэдээлэл сонсов

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийнүдээс хойших хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд мал аж ахуйн салбарын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудыг тодорхойлон гаргасан. Эдгээр бодлогын зорилтыг Монгол Улсын Засгийн газар жил жилийн улсын төсөв, үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж байгаа гэлээ.

Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч, 2017 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгджээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 580.0 сая ам.долларт хүрч, өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллар буюу 1.8 дахин өссөн байна. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30.0 хувь ажиллаж, манай улсын нийт өрхийн 25.9 хувь нь малтай байна. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх 59.2 мянга байгаа аж.

Малчин өрхийн тоо 2018 онд 230.9 мянгад хүрч өмнөх оноос 1.9 мянган өрхөөр нэмэгджээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянга болж, 16 хүртэлх насны малчид 0.3 хувь, 16-34 насны малчид 33.0 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувь, тэтгэврийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав.

2018 оны мал тооллогын дүнгээр мал сүргийн тоо толгой 66.5 сая толгойд хүрч, 2017 оноос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн байна. Малын тоо өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа боловч нөгөө талаар хүрээлэн буй орчин, байгаль экологид сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг олон талын судалгааны үр дүнгээс харж болох юм байна.

Мал аж ахуйн салбарт малын тооны өсөлтөөс гадна малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч байна. Олон жилийн дунджаар нийт мал сүргийн бүтцийн 21.7 хувийг бод мал, 78.3 хувийг бог мал эзэлж байсан бол өнөөгийн байдлаар бод малын эзлэх хувь буурч 13.2 хувь, бог малын эзлэх хувь өсч 86.8 хувьд хүрчээ. Хэрэглээнд зарцуулсан малын 90.8 хувийг бог мал, 9.2 хувийг бод мал эзэлж байна. Малын хэрэглээний зарлага 2017 онд өмнөх оноос 1.4 сая толгой буюу 11.1 хувиар өсч, нийт малын 22.9 хувь буюу 14.1 сая толгой малыг хүнсний хэрэглээнд ашигласан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр мах, махан бүтээгдэхүүний экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав. 2018 оны жилийн эцсийн мэдээгээр мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 54.7 мянган тоннд хүрч, махны экспортын хэмжээ өмнөх оны түвшнээс даруй 1.9 дахин нэмэгджээ. Махны экспортын орлого 146.5 сая ам.долларт хүрч өсчээ.

Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэв. Мал сүрэг хэдийгээр өсч байгаа ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар муудсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал зэрэг асуудлууд тулгамдаад байгааг мэдээллийн үеэр дурдав.

Иймд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд УИХ-аас Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, өнгөрсөн оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгааг хэллээ. “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 21 нэр төрлийн вакцин, 7 нэр, төрлийн өвчний оношийг илрүүлэхэд шаардагдах 23 төрлийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж ашиглахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар чуулганы нэгдсэн хуралдаанд товч танилцуулсан. 2017 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын халдварт өвчний гаралт, өвчлөл бүртгэгдэж, нийт 20 нэрийн халдварт өвчин гарсан байна. Мал эмнэлгийн ерөнхий газрыг 2018 оны 6 дугаар сард шинэчлэн байгуулах үед шүлхий өвчний гаралт 13 аймаг, нийслэлийн 45 сум, дүүрэгт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм нэг аймгийн 5 суманд хэрэгжин, вакцины нөөц дуусаад байгаа аж. 2018 оны 10 дугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдсан, шинээр бүртэгдсэн тохиолдолгүй, гоц халдварт шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж байгаа юм байна.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан бол 2018 онд давхардсан тоогоор 20 аймгийн 160 сумын 10.3 сая толгой мал сүргийг хамруулжээ. Мөн зүүн болон төвийн бүсийн эрсдэл бүхий аймгуудад 2.5 сая толгой малыг вакцин дархлаажуулалтад хамруулах ажлыг гүйцэтгэсэн байна. Одоогоор нөөцөд 258.0 мянган тун вакцин хадгалагдаж байна. Өвчний эрсдэл бүхий баруун бүсийн аймгуудын мал сүргийг дархлаажуулалтад хамруулахаар 7.0 сая тун вакциныг 2018 оны 10 дугаар сард хүлээн авч, 5 аймгийн 65 сумын 5.8 сая толгой мэдрэмтгий мал сүргийг вакцинжуулжээ.

Малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулаад байгаа аж. Мал, амьтны архаг халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх боом, бруцеллёз, галзуу гэх мэт 20 нэрийн вакцинжуулалтын арга хэмжээнд давхардсан тоогоор 32.2 сая толгой малыг хамруулжээ.

Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 22 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албадын ирүүлсэн мэдээгээр давхардсан тоогоор 574 суманд 980 удаагийн өвчний гаралт бүртгэгдэж, нийт 20 төрлийн халдварт өвчнөөр 8.6 мянган толгой мал өвчилсний 27 хувь буюу 2.3 мянган толгой мал хорогдсон байна. Халдварт өвчний гаралт, өвчлөлийг өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулан авч үзвэл халдварт өвчний гаралт 160, өвчлөл 1.4 мянга, хорогдол 315 тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Сүүлийн өдрүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд Төв, Булган, Орхон аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гахайн аж ахуйд гахайн мялзан өвчний хэд хэдэн тохиолдол илрээд байгааг мөн дурдав. Улсын Онцгой комисс энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шуурхай хуралдаан зохион байгуулж, үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд импортоор оруулах гахайн махан бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тогтоох, өвчин илэрсэн гахайн фермүүдэд устгал болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх, шуурхай мэдээлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ дурдав.

Малын шимэгчтэх өвчнөөс сэргийлэх ажлыг орон даяар хэрэгжүүлж нийт мал сүргийн 30.0 хувийг угаалгад хамруулахаар ажиллаж, 96.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж дуусчээ. Энэ чиглэлийн ажил үйлчилгээнд ашиглах мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж 220 ширхэг, ариутгал халдваргүйжилтийн тусгай зориулалтын 8 автомашиныг аймгуудад олгож, 4 бүсэд нян судлалын иж бүрэн лабораторийг байгуулах боломжийг бүрдүүлжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар товч танилцууллаа. Энэ жилийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, харин нутгийн 40 шахам хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байгаа аж. Малын өвөлжилт, хаваржилттай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 21 аймагт 900.0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон байна. Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулсан гэлээ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс оны эхэнд боловсруулан гаргасан цасан бүрхэвчийн зураглалаас үзвэл Увс, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутгаар цасны зузаан 15-20 сантиметр, Баян-Өлгий, Завхан, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар цасан бүрхэвч 1-15 хүртэл сантиметр хүрч байгаа бол бусад нутгаар харьцангуй цас багатай өвөлжиж байгаа аж. Тус хүрээлэнгээс боловсруулан гаргасан дунд хугацааны цаг агаарын таамаглалаас үзвэл өвлийн сүүл сар болон хаврын эхэн сард хүйтний эрч харьцангуй сул, олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгааг дурдсан.

Бэлчээр ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулахдаа, Монгол орны бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 2017 онд 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га боллоо. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн гэв. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо 1961 онд 32 байсан бол 2017 оны байдлаар 99 болж, бэлчээрийн ачаалал 3.1 дахин нэмэгджээ. 2016 онд бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаа, шинжилгээгээр Монгол орны нийт бэлчээрийн 57 хувь унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.0 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон аж. Доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 2014 оны суурь мэдээлэлтэй харьцуулахад 2016 онд 65.0 хувиас 57.0 хувь болж буурсан боловч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээрийн хэмжээ 3.3 хувиар нэмэгджээ.

Сүүлийн 5 жилд хадлан бэлчээрийн талбай 0.1-0.6 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 8.0-36.1 сая толгойгоор өссөн байна. Үүнтэй холбогдон 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.5 дахин нэмэгдсэн байна. Бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, нийт нутаг дэвсгэрийн 73.3 хувийг эзэлж байгаа бэлчээрийн газрын харилцааны зарим эрх зүйн харилцааг илүү нарийвлан зохицуулах, бэлчээрийн төлбөрийг бүс нутгийн онцлогтой уялдуулан бий болгох, бэлчээрт хариуцлагын механизм бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, Бэлчээрийн тухай хуулийг батлан гаргах шаардлагатай гэж эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагууд үзэж байгааг мэдээлэлд танилцууллаа. Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 174 худгийг шинээр гаргах ажлыг зохион байгуулсан байна. 2017 оны статистикийн мэдээгээр манай улс хөдөөгийн хүн ам, малыг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай, үүний 28.3 хувь нь инженерийн хийцтэй, 71.7 хувь нь гар ажиллагаа бүхий худаг байгаа аж. Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргажээ. Мөн ган, зуд, цаг агаарын бэрхшээл тохиолдсон үед нийт малынхаа 10 хувь буюу 5.0-6.0 сая малыг отрын бүс нутагт өвөлжүүлэх, хаваржуулах боломжтой аймаг дундын отрын нөөц нутаг бий болгох бодлогын зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар асуулт асуусан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад махны 52 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 онд 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Дээрх тооны үйлдвэр нь жилд 4.3 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүчин чадалтай, өнөөдрийн байдлаар 18 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байгаа. 4.3 сая толгой малаас бусад 13.7 сая толгой малыг гар аргаар буюу хээрийн бойгоор тухайн орон нутгийн Засаг даргын хяналт дор боловсруулах ажил хийгдсэн. Махны үйлдвэрүүд жилд 180 хоногийн хугацаанд ажилладаг. Одоо мах бэлтгэлийн ажил дууссан учир цөөн тооны үйлдвэр ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгээс мэдээлэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл О.Баасанхүү гишүүний тодруулсны дагуу вакцинжуулалтын нөхцөл байдал, малын эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. 2018 онд 32 сая толгой малыг вакцинжуулсан бол энэ онд 46 сая толгой малыг вакцинжуулахаар хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна. Вакцин худалдан авах ажиллагаа холбогдох журам, зохицуулалтын дагуу явагдаж олон улсын чанар, стандарт хангасан бүтээгдэхүүн худалдан авахад анхаарч байгаа гэв. Дотооддоо 20 нэр төрлийн вакцин үйлдвэрлэж, шаардлагатай бусад төрлийг ОХУ-аас импортолж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн мал эмнэлгийн лабораторийн нөхцөл, үйл ажиллагаа, махны экспортын бодлогын талаар, экспортыг дэмжих чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өндөрлөсөн бөгөөд төсгөлд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019″ ирэх сарын 16-17-нд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, биеийн тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.