“TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээллээ. Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ. Тэрбээр “Юуны өмнө Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын нэрийг өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж, цохивороор шагнуулснаас гадна зочид буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” хэмээсэн юм. Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь ажиллаж байжээ.
Month: January 2019
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг нэгдүгээр сарын 20-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна. Тиймээс иргэд 2018 оны 12-р сарын 1-31-нд худалдаа хийсэн баримтуудаа энэ сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө буюу өнөөдөр Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой. Сугалааны тохирлыг сүүлийн орноос эхлэн тодруулж, иргэн таны баримтын сүүлийн найман орон тохирсон бол 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирвол 50 мянган төгрөг хожих юм. Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 225 сая төгрөг хожих боломжтой болсон байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг цагдаад өгчээ. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн албан ёсны твиттер хуудаснаа жиргэжээ.
Тэрбээр “Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гуйчихаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ” хэмээсэн байна.
Нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж. Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна. Тиймээс иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол 1 сая төгрөгөөр торгох заалттай аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа найман аймгийн ерөнхий боловсролын /ЕБС/ сургуулийн сурагчдыг амралтыг сунгах тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан байна. Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Уг тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ.
Монгол болон Солонгосын хооронд агаарын тээврийн үйлчилгээг 28 жилийн турш Монголын талаас МИАТ, БНСУ-ын талаас “Кореан эйр” гэсэн хоёрхон компани үзүүлж ирсэн. Тэгвэл 1991 оноос хойш үргэлжилсэн хоёр компанийн монопольчлол дуусч, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг өөр компаниудыг оруулахаар болжээ. БНСУ-ын Газрын баялаг, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Агаарын тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөгчид энэ сарын 16, 17-нд Сөүл хотноо уулзалт хэлэлцээ хийсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэхийг БНСУ-ын тал зөвшөөрсөн байна. Ингэснээр нислэгийн тоо 50 хувиар нэмэгдэж, өмнө нь долоо хоногт зургаан удаа нисдэг байсан бол есөн удаа нисдэг болох боломж бүрджээ. Ингэснээр хоёр улсын хооронд зорчих зорчигчийн суудлын тоо 1448-аар нэмэгдэх аж. Хэлэлцээрийн хамгийн гол үр дүн нь хоёр талаас МИАТ, “Кореан эйр” гэсэн хоёрхон компани нислэг үйлддэг байсныг болиулж, өөр хоёр авиа компанийг оруулж ирэхээр тохиролцсон явдал байв.
БНСУ-ын тал нэмэлт нислэг үйлдэх бэлтгэлийг ирэх сараас хангаж, зуны нислэгийн хуваарьт шилжих гуравдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, NEST ETT ХХК-тай хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг нь бууруулахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачлагыг дэмжих, техник, технологийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор “SECURITY EXPO-2019” өдөрлөгийг өчигдөр Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил, гэрээт харуул хамгаалалтын ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчлах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах олон арга хэмжээ зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулав.
Үзэсгэлэнд:
• Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага
• IT, Программ хангамж
• Дохиолол хамгаалалт, камержуулалт
• Бие хамгаалах урлаг болон бялдаржуулах төвүүд оролцон өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр ашгийг тодорхойлж, зохион байгуулах хорооны нэрэмжит салбарын шилдгүүдийг тодрууллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах гэж байна. Иймээс сонирхол бүхий хуулийн этгээд саналаа ирүүлэхийг урьжээ. Үүнд:
- Хүндэтгэлийн концерт -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа соёлын төв өргөөнд зохион байгуулагдах;
- Баяр наадмын нээлтийн үдшийн цэнгүүн -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үдэш цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах;
- Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний соёл урлагийн тоглолт -2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах;
Саналаа ирүүлж буй төслийн баг уг арга хэмжээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлэх бөгөөд төслийн бичиг баримт болон нэмэлт мэдээллийг ЗГХА, Соёл, урлагийн газрын 51-264946 утас болон www.culture.gov.mn сайтаас лавлах боломжтой.
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зар ихээр гарах болсон. Тэгвэл энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэж, нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгааг Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтсээс мэдэгдэж байна. Тиймээс иргэдийг олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа.
МХБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 07-18-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд хөвгүүдийн 10 насны ангилалд нийт 19 багийн 266 тамирчид , Хөвгүүдийн 14 насны ангилалд нийт 25 багийн 355 тоглогчид , Охидын 14 насны ангилалд нийт 11 багийн 100 гаруй тоглогчид буюу нийт 700 гаруй тоглогчид өрсөлдсөн байна.
Хаалтын үйл ажиллагаанаас өмнө тэмцээний шилдгүүдийг тодруулахад:
Хөвгүүдийн 10 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: Б.Тэмүүнсайхан Эрчим-1
Шилдэг тэгш тоглогч: Б.Эрдэнэдалай Хоромхон
Шилдэг довтлогч: Г.Чилүүгэн
Хөвгүүдийн 14 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: И.Мөнхбаяр Хараацай
Шилдэг тэгш тоглогч: У.Өсөхбаяр Эрхэс
Шилдэг довтлогч: Г.Төгөлдөр
Охидын 14 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: Б.Энхтунгалаг Шинэ Яармаг
Шилдэг тэгш тоглогч: М.Эрдэнэчимэг Сэлэнгэпресс
Шилдэг довтлогч: Э.Насантогтох Дэрэн нар тус тус шалгарлаа.
Өсөх ирээдүйтэй өсвөрийн хөлбөмбөгчдөө манлайлан медаль авсан багуудыг танилцуулбал:
Хөвгүүдийн 10 хүртэлх нас:
Алтан медаль: Эрчим-1
Мөнгөн медаль: Хоромхон
Хүрэл медаль: Чингэлтэй ДМЮ-1
4-р байр: Эрчим-2
Хөвгүүдийн 14 хүртэлх нас:
Алтан медаль: Хараацай
Мөнгөн медаль: Дэрэн
Хүрэл медаль: Эрхэс
4-р байр: Эрчим
Охидын 14 хүртэлх нас:
Алтан медаль: Дэрэн
Мөнгөн медаль: Сэлэнгэпресс
Хүрэл медаль: Шинэ Яармаг
4-р байр: Арвис клуб тус тус шалгарлаа.
Өсвөрийн футзалын УАШТ хараахан дуусаагүй бөгөөд өнөөдөр/01.19/ хөвгүүдийн 16 хүртэлх нас, ирэх даваа гарагт/01.21/ хөвгүүдийн 12 хүртэлх насны ангиллын тоглолтууд эхэлнэ.