Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс “Насны хишиг” хүртээж эхэлнэ

Жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар ахмадад “Насны хишиг” олгодог уламжлалтай. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгоно. Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Насны хишиг”-ийг 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно. “Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Энэтхэгийн Колката хотод зохион байгуулсан “International theatre 2019” олон улсын наадамд тэргүүлсэн байна. Тэрбээр, тус наадамд нэг хүний жүжгийн төрөлд оролцон ийнхүү тэргүүлжээ. Б.Одончимэг нь тайзны бүтээлд тоглохоос гадна “Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн байдаг юм.Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээЖүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөлөл оролцоно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг урьж байна.

Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлсэн байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журам, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль холбоосоос дэлгэрэнгүй танилцана уу.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссын гишүүдийн талаар санал дүгнэлт гарчээ

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа билээ. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан юм.

Энэ дагуу тус Байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг баталж, сонгон шалгаруулалт хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан билээ.

Уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Тус комисс өнөөдөр хуралдаж, төрийн албан хаагчдын төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн 15 иргэний материалтай танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд санал, дүгнэлтээ гаргажээ.

Санал дүгнэлтэд:

“…Нэг. Оролцогч Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Б.Лхагвасүрэн, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар урьдчилсан байдлаар бүртгэв.

Хоёр. Доор дурдсан оролцогчид нь дараах шаардлагыг хангахгүй байх тул сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх боломжгүй гэж үзлээ.

  1. Х.Болдмандал, Ж.Жамъянтив нар нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг;
  2. Х.Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсэг, журмын 5.2-т заасан Зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй гишүүдтэй нэг нутгийн (нэг аймаг, суманд төрсөн) оролцогчийг бүртгэхгүй гэж заасныг;
  3. Б.Нэргүй нь журмын 2.1.3-т заасан “төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг;
  4. Т.Сосорбарам нь журмын 2.1.2-т заасан “дөчин таван нас хүрсэн” байх шаардлагыг;

Гурав. Оролцогч Л.Цэдэвсүрэн нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг хангаж буй, эсэх талаар БСШУСЯ-наас нэмэлт тодруулга авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх, эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Дөрөв. Урьдчилсан бүртгэлд оролцсон оролцогчдоос мөн журмын 2.1.7-д заасан шаардлагатай холбогдуулан нэмэлт баримт бичгийг бүрдүүлж авахаар болов.

Тав. Урьдчилсан бүртгэлд орсон оролцогчид мөн журмын 2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан шаардлагыг хангаж буй, эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл авахаар шийдвэрлэлээ…” гэжээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 6 цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.
Тодруулбал “2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр “Гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш сар бүтэн хиртэнэ

Маргааш шөнө “цуст сар” буюу сар бүтэн хиртэнэ. Байршлаасаа шалтгаалаад зарим газар даваа гарагийн үүрээр сарны бүтэн хиртэлт ажиглагдах юм байна.

Мөн маргааш сар дэлхийд хамгийн их ойртох тул бага зэрэг том бас илүү гэрэлтэй харагдах ба энэ үзэгдлийг супер сар гэдэг аж. Сарны бүтэн хиртэлт ойролцоогоор нэг цагийн хугацаанд болно гэж эрдэмтэд мэдээлж байна. Хэрэв тэнгэр цэлмэг байвал сарны бүтэн хиртэлтийг Хойд, Өмнөд Америк тив, Грийнлэнд, Исланд, Ирланд, Их Британи, Норвеги, Швед, Португаль, Франц, Испанийн далайн эргээс харж болох бол Европын үлдсэн хэсэг, Африкт сарны хиртэлт тал харагдана. Харин Ази, Австрали тив болон Шинэ-Зеландад сарны хиртэлт харагдахгүй юм. Сар, дэлхий, нар гурав нэг шугамд орохыг сарны хиртэлт гэнэ. Энэ жилийн хувьд супер сар хоёрдугаар сарын 19-нд дахин гарах ба энэ үеэр сар дэлхийд 357 300 км ойртоно. 2021 оны тавдугаар сард сарны бүтэн хиртэлт болох аж. Сар бүтэн хиртэх үеэр сарны өнгө улайрч харагддаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нарны гэрэл сарнидагтай холбоотой аж. Тиймээс сарны бүтэн хиртэлтийг цуст сар гэж нэрлэх нь ч байдаг байна

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Цэрэг хүчний байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд болсон “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр нар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Амрыг эрье, эрхэм генерал, офицеруудаа

Монгол Улс 1990 онд нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш Батлан хамгаалах салбартаа хоёр дахь удаагийн эрх зүйн шинэчлэлийг хийж, үндсэндээ дуусах шатандаа орж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Монгол Улсын Төрийн цэргийн номлол”-ыг баталгаажуулсан билээ.

Төрийн цэргийн номлол баримт бичигт Монгол Улсын өөрийгөө хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг тодорхойлж, тайван цагт болон дайны байдлын үед зэвсэгт хүчнийг ашиглахтай холбогдсон олон асуудлыг тусгасан. Уг баримт бичгийн зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүн та бүгдийн гар нийлэмжтэй хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Энэхүү номлолын үзэл санаатай нийцүүлэн “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч”-д тодотгол хийж, зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэх болон шинээр боловсруулах томоохон ажлууд ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудад хийгдэж эхэлсэн тул Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагыг шаардлагатай үед ашиглах, удирдлага, харилцан ажиллагааныхаа нийцлийг хангах тал дээр Та бүхний хамтын ажиллагаа чухал болохыг зориуд тэмдэглэн хэлмээр байна.

Бид аливаа салбарын хөгжлийг амдаж, зэрэгцэн алхах гэсэн том зорилготой байх ёстой. Тийм учраас гадаад улсын төдийгүй өөрийн орны шинжлэх ухааны салбарын ололт, амжилтаас суралцах, тэднийг дэмжих, хамтран ажиллахыг чухалчлан анхаарч ажиллаарай гэж та бүхэнд хэлье.

Өнөөдөр Жанжин штаб зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтыг “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” гэсэн сэдвээр зохион байгуулж байгаа нь шинээр томьёолсон батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх, түүнийг ашиглах талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор бие бүрэлдэхүүнээ сургаж бэлтгэх замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үнэлэлт дүгнэлтээ үндэслэсэн чухал ач холбогдолтой асуудлыг хэлэлцэж байна гэж Ерөнхий командлагчийн хувьд үзэж, ойлгож байгаа.

Монгол Улсын аюулгүй байдлын нэг тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд бөгөөд төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амар амгаланг баталгаажуулахад Та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл ихээхэн чухал гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.

Төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг баталдаг. Зохион байгуулалтын бүдүүвчид Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагын нэгтгэл, анги, салбарууд багтсан байгаа бөгөөд дотоодын цэргийн анги, салбаруудыг нэмж оруулах шаардлага байгаа. Үүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ гэдгээ надад илтгэсэн.

Цаашид Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах үүднээс төрийн цэргийн байгууллагуудын дарга нар өөрийн салбарын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулахын өмнө энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч миний биетэй харилцан зөвшилцөж байхыг үүрэг болгож байна.

Монгол Улсын төрийн цэргийн байгууллыг бүрдүүлж буй Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд нь тайван цагт цэргийн байгууллагуудынхаа хувьд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж, цэргийн албаны эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, харилцан ажиллах байдлаараа нэгдмэл байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн алба хаагчдын зарим төрлийн цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт өөрчлөлт оруулсныг Та бүхэн мэдэж байгаа. Цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой, өнгө үзэмж сайтай хувцас хэрэглэлтэй байх шаардлагын үүднээс цаашид нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр өөрчлөлт, шинэчлэл хийх саналаа танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байгаа.

Улс орнууд уламжлалт болон уламжлалт бус аюул заналаас урьдчилан сэргийлэх, сөрөн зогсох чадавхаа нэмэгдүүлэх, түүний дотор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, оршин тогтнох язгуур эрх ашгаа сахин хамгаалах зорилгоор өөрийн улсын онцлогт тохирсон батлан хамгаалах бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд энхийг дэмжих ажиллагаа, цэргийн хамтарсан сургалт дадлага ихээхэн ач холбогдолтой. Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн Та бүгдийн үүрэг, оролцоо туйлын чухал юм.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөрш орнуудтай байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, улс орныхоо цэргийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд талархан дэмждэгээ энд хэлэхийг хүсч байна.

Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлсэн аэродромын газрын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авч ашиглаж байгаа нь агаарын цэргийн үүрэг гүйцэтгэлтэд ахиц гарсан гэж үзэж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас жил бүр явуулдаг олон улсын цэргийн наадамд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн мэргэн буудагч, танкийн биатлон, хээрийн гал тогоо зэрэг төрлүүдэд амжилтаа ахиулан оролцож байгаа тухай Жанжин штабын удирдлагууд надад илтгэсэн.

“Армийн тоглолт” цэргийн наадмын хүрээнд өөрийн нутагт анх удаа “Аравт” морин цэргийн уралдааныг явуулахаар болсныг Ерөнхий командлагчийн хувьд талархалтай хүлээн авч байна. Энэхүү уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, цаашид уламжлал болгон өргөн хүрээтэй явуулахын төлөө хичээн ажиллах ёстой юм.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж буй бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг хэн бүхэн, тэр дундаа та бүхэн ойлгож байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2018 оны нэгдүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах журам”-ыг баталсан байгаа. Энэ журмын дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын барилгын ажлыг зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж, улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд цаашид үр бүтээлтэй оролцох ажлын гарааг саяхан эхлүүллээ.

Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцсоноор улсын хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Бусад улсууд ч бүтээн байгуулалтын ажилд цэргийн хүчээ ашиглаж байгаа нь цэргийн алба хаагчид энгийн хүнээс илүү зохион байгуулалттай, тэсвэр тэвчээртэй байдагтай холбоотой төдийгүй зэвсэгт хүчиндээ хөрөнгө оруулалт хийх ач холбогдолтой юм.

ЗХЖШ-ын бүтцэд бүтээн байгуулалтын ажлыг шууд хариуцах чиг үүрэгтэй нэгж бий болгохыг миний бие ЗХЖШ-ын удирдлагад үүрэг болгосон бөгөөд нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, бүтээн байгуулалтын ажилд оролцох анги, салбарын боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг мөн үүгээр дамжуулж, удирдлагуудад үүрэг болгож байна.

Мөн энэ онд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиох бөгөөд энэ түүхэн үйл явдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа харийн түрэмгийлчдээс хамгаасан төдийгүй Зөвлөлтийн цэрэгтэй хамтран бүс нутгийн тогтворгүй байдлыг намжаахад Монголын ард түмэн, Монголын ардын хувьсгалт цэргийн оруулсан хувь нэмрийг алдаршуулах, хойч үедээ мэдүүлэн таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ байх болно.

тус ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халхгол сумын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд иж бүрнээр шинээр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахаар тооцож байгаа бөгөөд богино хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлага тавигдаж байгаа.

Би үгийнхээ төгсгөлд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байгаа юм. “Төрийн албаны тухай” хуульд “…төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан. Төрийн тусгай алба, түүний дотор төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын томилгоо, ажил үүргийн хуваарилалт шударга зарчмаар явагдах ёстой. Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстойг анхааруулъя.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Та бүхэнд уриалж, шинэ ондоо улам их амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.

Та бүхэнд амжилт хүсье. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 71.2 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг бөгөөд бүртгэлийг ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна. Тиймээс иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хавдар болон бусад төрлийн өвчнийг анагаах нөлөөтэй жүүсийг өөрөө бэлтгэж уугаарай

Лууван, төмс, алим

Энэхүү гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биенд хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

Үүнийг бэлдэхэд тун амархан:

Нэг ширхэг лууван, нэг ширхэг цагаан гаа, нэг ширхэг алим орно. Эдгээрийг хольж жүүс гаргаж авна.

Лууван, цагаан гаа, алимаа сайтар угааж, хэрчим болгон зүсэж, бутлагч буюу жүүс шахагч машинд хийгээд хутгана. Жүүсээ шахасны дараа тэр даруй уух хэрэгтэй. Энэ жүүсээ хүчиллэг, шинэлэг амттай болгохыг хүсвэл лемон нэмээрэй.

Энэ жүүс олон өвчнийг анагаах тустай:

1.Хавдрын эсүүдийг үүсэх, тархахаас урьдчилан сэргийлэх.

2.Элэг, бөөр, дэлүүг өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна, шархлааг анагаадаг.

3.Уушгины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны даралтыг бууруулах нөлөөтэй.

4.Дархлааны системийг сайжруулна.

5.Энэ жүүс нь хараанд сайн нөлөөтэй бөгөөд улайж, хуурайшиж, ядарсан нүдийг сэргээж өгдөг.

6.Биеийн тамирын дасгалын дараа булчингийн өвдөлтийгнамдаадаг.

7.Гэдэсний ажиллагааг сайжруулж, хоргүйжүүлэн, арьсыг эрүүл, сайхан харагдуулна.

8.Мөн энэ жүүс нь батгыг арилгахад ч нөлөөлнө.

9.Хоол боловсруулалт, хоолой, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

10.Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.

Энэхүү шидэт жүүсийг хэзээ уух вэ?

Энэ жүүсийг өглөө өлөн ходоодон дээрээ уух нь зөв. Энэ жүүсийг уугаад нэг цагийн дараа өглөөний цайгаа ууна. Хурдан үр дүнд хүрэхийн тулд өглөө нэг удаа, орой 5 цагаас өмнө нэг удаа, өдөрт хоёр удаа ууж болно.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.

Нэгдүгээр сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонсох /үргэлжилнэ/.